Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 123/ШШ2023/0024

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “” ХХК,

Хариуцагч: ******* аймгийн ******* сумын Засаг дарга нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, гэрч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага: Нэхэмжлэгч “******* интернэшнл” ХХК-иас ******* аймгийн ******* сумын Засаг даргад холбогдуулан “******* сумын Засаг даргын А/1118 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн  шаардлага гаргасан.

Хоёр. Маргааны үйл баримтууд: 

1. Нэхэмжлэгч “******* интернэшнл” ХХК******* аймгийн ******* сумын Засаг даргын 2008 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 186 дугаартай захирамжаар тус сумын 4-р багийн “Юмтын ам” нэртэй газарт “гольфын талбай”-н зориулалтаар 14 га газрыг 40 жилийн хугацаагаар эзэмшүүлж, 2009 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Газрын кадастрын мэдээллийн санд нэгж талбарын 18639285852603 дугаарт бүртгэж, 04 дүгээр сарын 07-ны өдөр 0246081 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгожээ.

2. Нэхэмжлэгчийн маргаж буй “******* сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/1118 дугаар захирамжаар “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6 дахь хэсэгт заасныг үндэслэн Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, төсөл сонгон шалгаруулалтаар газар эзэмшиж, тухайн төслөө хэрэгжүүлээгүй” гэх үндэслэлээр "******* Интернешнл" ХХК-ийн “Юмтын аманд байрлалтай 14 га газрын эзэмших эрхийн 0208298 тоот гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

3. Нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны акт болох ******* сумын Засаг даргын 2022 оны А/1118 дугаар захирамжтай холбогдуулан Засгийн газрын  хэрэг эрхлэх газрын даргад 2022 оны 10 дугаар сарын 11, 2013 оны 01 дүгээр сарын 05-ны өдрүүдэд тус тус хүсэлт гаргасан. Засгийн газрын  хэрэг эрхлэх газрын 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн ХЭГ/235 тоот албан бичгээр хүсэлтийг харьяаллын дагуу ******* аймгийн Засаг даргад хүргүүлснээр ******* аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 07/1206 тоот “...2014 оноос хойш гэрээ дүгнүүлээгүй, үйл ажиллагаа явуулсан талаар тайлан мэдээ өгөөгүй тул ******* сумын Засаг даргын 2022 оны А/1118 дугаар захирамжийг цуцлах боломжгүй” гэсэн хариуг 2023 оны 01 дүгээр сарын 20, 25-ны өдрүүдэд хүлээн авсан байна.

 

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын нэхэмжлэлийн шаардлага, хариу тайлбар, түүний үндэслэлүүдийн талаар:

3.1. Нэхэмжлэгч "******* Интернешнл" ХХК-ийн захирал ******* тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Манай "******* интернэшнл" ХХК нь 2004 оноос ******* аймгийн ******* сумын нутаг Юмтын шанд гэдэг газар ******* Мон жуулчны бааз байгуулж үйл ажиллагаагаа явуулаад 20-иод жил болж байгаа. Гэвч 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр ******* сумын Газрын даамал Б.Халиун газрыг чинь цуцална гэсэн. Бид нартай уулзаж учир шалтгааныг тайлбарлаж өгөөгүйгээр үл барам илт хууль бус дүгнэлтээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох Засаг даргын захирамж гаргуулсан байна. Манай компани Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгаланд 2022 оны 10 дугаар сарын 11 болон 2023 оны 01 дүгээр сарын 5 тус тус хүсэлт гаргаж байсан. Хүсэлтийн хариуг 2023 оны 1 дүгээр сарын 20 болон 2023 оны 1 дүгээр сарын 25-нд тус тус хүлээж авсан. Дээрх албан бичигт Гольфын талбайн газар эзэмших эрхийн гэрчилгээг 2 үндэслэлээр цуцалсан. 1 дэх үндэслэлд гэрээнд зааснаар 2 жил дараалан ашиглаагүй гэсэн. Дэлхий даяараа ковидын 2 жилд аялал жуулчлалын үйл ажиллагаа зогссон үе. Харин 3 дахь жилдээ бид гэр барьж жуулчдыг хүлээн авахад бэлдсэн боловч гэрээт Тур компаниас жуулчин өгөх санал ирээгүй учир гэр болон рестораны байшингаа засч, ирэх 2023 оны жуулчны улиралд маш сайн бэлдсэн. 2 дахь үндэслэлд: Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8-д заасныг үндэслэн жил бүр гэрээг дүгнэнэ гээд 2014 оноос хойш гэрээгээ дүгнүүлээгүй. Тайлан мэдээг өгөөгүй тул газрын эрхийг цуцлах үндэслэл болов гэжээ. Бодит байдал: Манай компани нь 2004 оноос 2020 оныг дуустал жил бүр гэрээ хийж, газрын төлбөрөө төлсөн. Гэрээг жил бүр хийхдээ ******* сумын газрын албанаас зарласан өдөр нь сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа  аж ахуй нэгж, хүмүүс очиж гэрээ хийдэг тогтсон уламжлалтай, бүх хүмүүстэй уулзаж гэрээ дүгнүүлж сурсныг  Б.Халиун даамал мэддэггүй юм байна. Цуцлах болсон 2 дахь үндэслэл хууль бус гэдгийг албан гэрээ нь ил тод харуулав. Захирамжид буй 2 үндэслэл нь хоёул  хий хоосон гүтгэлгийг үндэслэсэн. Хөшгийн хөндийд баригдах төмөр зам, авто зам, барилгажилтийн трасс-д манай жуулчны бааз ороогүй бөгөөд Засгийн газраас баталсан бүсчилж хөгжүүлэхэд зориулсан аялал жуулчлалын 455 га-д манайх болон Өндөр дов жуулчны баазуудыг хамруулж өгсөнд бид урамтай байсан. 2021 оны 8-р сард Б.Халиун газрын даамалтай уулзахад танай баазын газрыг цуцлана, танайх юу ч хийхгүй байна. Танай баазын дэргэд барьж байгаа амралтын газрын эзэн М.Бүрэндүүрэн гэх хүнд шилжүүлнэ, тэнд барилга барина гэж ярьсан. 2022 оны 10 дугаар сард санаагаа гүйцэлдүүлжээ. Уг нь газрыг цуцлахдаа маш сайн баталгаатай хуулийн үндэслэлтэй мөн бидэнтэй дахин уулзаж шийдвэрийг гаргах ёстой байсан боловч 2008 онд гаргасан төрийн шийдвэрийг Б.Халиун нь хувийн сонирхлоор хандан дүгнэлт гаргасан. ******* сумын Засаг дарга уг илт хууль бус дүгнэлтийг үндэслэн шийдвэр гаргасан гэж манай компани үзэж байгаа тул энэ хууль бус А/1118 дугаартай захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч "******* Интернешнл" ХХК-ийн захирал ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2002 онд анх өргөдөл өгч, газар эзэмших эрхийг авдаг байсан. Тухайн үед 1 га газрын зөвшөөрлийг авч, 2003, 2004 онд жуулчны баазаа стандартын дагуу чанартай барьсан, баазын ерөнхий зураглалыг гаргаж, рестораны байшин, гэр хоорондын зай зэргийг тусгасан. 2005 онд Граунд гольфийн холбоо байгуулагдаж, манай гишүүн хөрөнгө оруулагч н.Баярсайхан гэх хүнийг Граунд гольфийн холбооны ерөнхийлөгчөөр сонгосон. Япон улсаас граунд гольфийн 2 хэрэгсэл өгсөн учраас граунд гольфийг өргөжүүлэхээр болсон. Тухайн үед би 800 жилийн ой болж байна гээд бүргэдийн баяр, тэмээний баяр, айргийн баяр нэртэй граунд гольфийн ивент гаргасан. Монголд Граунд гольфийн төсөл хэрэгжүүлэхээр болж ******* аймгийн ******* сумын Засаг даргад танилцуулж 35 га газрын хүсэлт өгсөн боловч 5 га газрын зөвшөөрөл өгсөн. 2008 онд үлдсэн газраа авъя гэхэд 14 га газрыг өгөхөөр болсон. Гольф бол мэргэжлийн спортын тамирчид тоглодог. Граунд гольф бол хүүхэд болон томчуудад зориулагдсан хөрөнгө бага зарцуулдаг спорт. Газар дээр айлын намаржаа байсан үер буусан газрыг цэвэрлэж, шүүхийн үзлэгээр тухайн газарт очиж үзсэн. 2010 оноос хойш аялал жуулчлалын үйл ажиллагаа хямралд орж, жуулчдын тоо багассан. Тухайн оргил үед 120 мянган жуулчин ирдэг, 70-80 хувь нь Япончууд байсан. Жуулчны тоо багассаар Япончуудын тоо 10 мянга болтлоо багассан. 2020 онд граунд гольфийн шинэ цохиур авсан. Гэтэл өвчин гарсан тул хойшилсон. 2021 онд нисэх буудалтай холбоотой ******* сум, Алтанбулаг сумын нутагт газрыг улсын тусгай хэрэгцээнд авч Засгийн газрын 307 дугаар тогтоол гарсан. Энэ тогтоолтой холбоотой ******* сумын Газрын албатай хамтран 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 15-ны өдрийг хүртэлх хугацаанд ******* сумын үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, хувь хүмүүстэй уулзаж, гэрээний дагуу арга хэмжээ авч, заримыг нь чөлөөлөх, заримыг нь үргэлжлүүлж шийдвэрлэх талаар мэдэгдсэн. 307 дугаар тогтоолд байгаа төвийн бүсийн Зуунмод, Майдар хот, Хөшигийн хөндий орчим эдийн засгийн бүсийн хөгжил гэсэн зургийн дагуу Засгийн газрын тогтоол гарсан. Газрыг 3 ангилсан, 1-рт Төмөр зам, Хөшигийн хөндий дагуу байгаа газруудын газрыг чөлөөлнө, нөхөн олговортой гэсэн. Хоёрдугаарт, тусгай дэд бүтэц, шугам, траст орсон хамаарч байгаа тус хуулийн 42 дугаар зүйлийн 3-т зааснаар эрх бүхий албан тушаалтны шийдвэрт үндэслэн өөр байдлаар газар солих, гуравдугаарт, дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажил эхлэх үед инженерийн дэд бүтэц, инженерийн тоног төхөөрөмж, траст ороогүй, батлагдсан төлөвлөлтийн бүсэд хамаарч байгаа тохиолдолд газар эзэмших эрхийг хэсэгчилсэн төлөвөөр тусгасан зориулалтын дагуу газар ашиглах эрх болгон өөрчилнө гэж заасан. Бид нарт гарын үсэг зуруулах ёстой байсан. 08 дугаар сарын 05-ны өдөр ******* аймгийн газар зохион байгуулалтын зааланд очсон. Тухайн үед *******гэх газрын даамал ганцаараа сууж байсан. Тухайн үед тусгай хэрэгцээнд авах талаар сайн ойлгоогүй. *******надад таны газарт юу ч хийгдээгүй учир газрыг хурааж авч байна. Танай газрыг н.Бүрэндүүрэн гэх хүнд өгнө. Н.Бүрэндүүрэн гэх хүн хаус хороолол барихаар болсон. Улаанбаатар хот руу барилгын зөвшөөрөл авна гэж хэлсэн. Тэгээд би Газрын албаны дарга н.Насанжаргал гэх хүнтэй уулзсан. Гэтэл н.Насанжаргал гэх хүн Б.Халиунааг чи хүнд буруу тайлбарлаж байна, гар гээд өрөөнөөсөө гаргасан. Тэгээд намайг гольфийн талбайныхаа талыг надад өгчих, тэгвэл газрыг ямар ч асуудалгүй янзлаад өгье гэж хэлсэн. Би хууль зөрчсөн зүйл байхгүй, жил бүр газрын төлбөрөө төлдөг. Гэрээг ******* сумын Тамгын газар болон Улаанбаатар хот, ресторан, оффис зэрэгт хийдэг байсан. 2020 оны гэрээний 6 дугаар зүйлд давагдашгүй хүчин зүйлийн талаар тусгасан. 09 дүгээр сарын 19-ний өдөр утас дуугарч ******* сумын Газрын албанаас ярьж байна, газрыг хүчингүй болгосон гэж ярьсан. Зун тэр хавиар явж байтал танай газарт ямар нэгэн зүйл хийгдээгүй байсан гэж хэлсэн. Тэгээд би морь унуулах нөхцөл одоогоор байхгүй гэж тайлбарлаж хэлсэн. Тэр өдөр над руу 3-4 удаа залгахад нь би аваагүй. Сүүлд газар хураах шийдвэр гарсан гэж хэлсэн. Түүнээс ямар нэгэн уулзалт болоогүй. 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ******* аймгийн Газрын орлогч н.Байгаль гэх хүн надад мэдэгдэл, цуцалсан тооцсон гэх бичиг, захирамж ирсэн. 2 дахь хүсэлтээ Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт дахин өгсөн. Гэтэл тус газраас анхан шатны шүүхээр шийдэгдэнэ гэж хэлсэн. Би н.Мөнхбаатар даргад дахин 2 дугаар сард өргөдөл гомдлыг өгсөн. Би Засгийн газрын 307 дугаар тогтоолыг дэмжиж байгаа. *******анх улсын тусгай хэрэгцээнд газар орсон гэж огт хэлээгүй. 307 дугаар тогтоолын дагуу гээд хүчингүй болгосон. Би гар утсандаа зургийг нь даръя гэхэд улсын нууц гээд даруулаагүй. Ковидын 2 жил дараалан ажиллаагүй гэж ярьж байна. Газрын тухай хуульд газрын эрх авчхаад эхний 2 жил ашиллаагүй тохиолдолд эрхийг нь цуцалдаг гэж ойлгосон. Надтай огт хууль яриагүй. 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 11 цагийн орчимд *******надтай маш их ууртай утсаар та хүнийг гүтгэж олон газарт  хандсан байна гэж ярьсан. Би гүтгээгүй. Би өргөдөл  гаргасан. Хоёр гольфийн талбайн нэгийг цуцалсан. Хууль зөрчсөн тохиолдолд бодит байдалд хоёуланг нь цуцлах ёстой.  Гэтэл тухайн даргатай нь ярьж байснаар хийсэн байсан. Аялал жуулчлалын бүсэд орсон талаар нэг ч хүнээс сонсоогүй. Засгийн газар ард иргэдийнхээ өмчийг хамгаалах үүрэгтэй. Би эхнэртэйгээ ажилладаг. Бид нар бизнесийн хүнд байдалд орж, 3 жил хаагдсан. Гэтэл энэ үеэр сэтгэл зүйн дайралт хийж, хурааж авна гэж хэлсэн.

Сумын Засаг даргын захирамж 2 үндэслэлээр хийгдсэн. Нэг нь дараалан 2 жил үйл ажиллагаа явуулаагүй. Нөгөө үндэслэл нь 2014 оноос ямар нэгэн уулзалт оролцоогүй, мөнгө төгрөг төлөөгүй гэж байна. 2021 оны уулзалттай уялдуулан бодсон. Би 2-3 газартай. 14 га газрыг харсан байх. Маш тохиромжтой газар байсан. Гэтэл 14 га газрыг цуцалсан. 5 га газрыг цуцлаагүй. Барилга хот байгуулалтын газраас цаанаасаа нэр дурдаж цуцалсан гэж ярьж байна. Төрийн алба хариуцлагатай ажиллах ёстой. Гэтэл бие бие рүүгээ нэр заагаад байна. ...14 га газарт Байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй байсан, нөхөж хийлгэнэ. Жуулчны баазад ирсэн зарим хүмүүс нь бүтэн өдөржин байхаар уйддаг. Тэр үед граунд гольф, хөл бөмбөгийн нэмэлт талбай байдаг. 2 том хаалгатай, тэнд тоглуулдаг, анх мөнгө тавихад тоглоогүй. 1 жуулчин хоновол 1 цаг үнэгүй тоглуулдаг. Граунд гольфыг жуулчны баазаа түшиглэж явуулдаг. 2021 онд тайлан бичсэн.Би хууль зөрчөөгүй. Манай газар улсын тусгай хэрэгцээнд орсон. Та нар аялал жуулчлалыг бүсд орсон гэж хэлээгүй. Захирамжийг н.Төмөрчөдөр гаргана. Гаргах нөхцөлийг газрын даамал бүрдүүлэх ёстой. Миний хувьд маш их гомдолтой байна. Сүүлийн 3 жилд аялал жуулчлал зогссон. Ноднин бид нар байшин элэгдсэн байхаар нь засаж янзалсан. Гэтэл 1 ч шон босгоогүй гэж ярьж байна. Самбар босгосон. 2022 онд Гольфийн аварга шалгаруулах Олон улсын тэмцээн болоход 450 гаруй хүн цугласан, 150 гадаадын иргэн байсан. 150 иргэн Монголын жуулчны баазад 7 хоносон. 800-900 жуулчин авахад манай баазын 2 жилийн ажил. Гэхдээ энэ ажил удаан хугацаанд бий болно. 10-15 жилийн хугацаанд аялал жуулчлал тогтоно гэж үздэг. Манайх Нисэх онгоцны буудлын ойролцоо, ашигтай байрлалд маш сайхан газар 2002 онд 20 гаруй жилийн өмнө авсан. Эцсийн мөч хүртэл явна. Манай газрын үндэслэлийг харж, хуулийн дагуу шийдэж өгөхийг хүсч байна. Зүгээр л 2 жил дараалан ашиглаагүй гэж заасан.  Хууль бус шийдвэрийг цуцалж өгөхийг хүсч байна гэв.

3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/1118 дугаартай ******* сумын Засаг даргын захирамж нэгдүгээрт, хэлбэрийн шаардлага буюу Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагаа, зарчим, процессыг зөрчсөн.  Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т  Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэж заасан. Энэ сонсох ажиллагаа гэдгийг эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээдэд мэдэгдэнэ, захиргааны акт гаргаж болох, эсхүл болохгүй талаар саналыг авч, нотлох баримтуудыг гаргаж авдаг. Сонсох ажиллагаа огт явагдаагүй. *******гэх хүн таны 14 га газрыг хүчингүй болгох гэж хэлсэн байна. Та тайлбар саналаа гаргаж, нотлох баримтаа аваад ирээч гээд сонсох ажиллагаа явуулсан үйл баримт байхгүй. Нэхэмжлэгч сая өөрөө 2023 оны 01 сар хүртэл 5 га газар, 14 га газрыг хоёуланг нь цуцлагдсан гэж бодож явсан гэж хэлж байна. 09 сараас хойш газраа цуцлагдсан гэж бодож явсан. Хавтаст хэрэгтэй танилцахад шүүхийн журмаар хариуцагчаас татаж авснаас өөрөөр ямар нэгэн байдлаар хариуцагч талаас гаргаж өгсөн баримтууд байхгүй. Дандаа нэхэмжлэгч талын баримтууд байсан. Хариуцагч хариу тайлбар өгөхдөө цахимаар сонсох ажиллагааны мэдэгдлийг явуулсан гэж ярьсан. Маргаан бүхий актыг 10 дугаар сарын 14-ний өдөр цахимаар явуулсан гэж мейл хаягаар нотлох баримтын шаардлага хангаагүй баримт явуулсан байсан. Энэ мэдэгдлийг Tamir@8872 гэх мейл хаягаар явуулсан. Ийм хаягтай хүн ******* интернэшнл ХХК-ний ямар ч бүртгэлд байхгүй. Хамгийн анх 2023 оны 01 сарын 18-ны өдөр Засаг даргын Тамгын газрын *******д хаягласан шуудан байгаа. Ингэж захиргааны актыг хүргүүлсэн. Өөр сонсох ажиллагаа явуулсан баримт байхгүй. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд захиргааны актын талаар тодорхой хуульчилсан. Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн. Маргаж байгаа захиргааны акт нь Газрын тухай хуулийн 40.1.1, 40.1.6-т заасныг баримтлан гарсан. 40.1.1-т газар эзэмших гэрээний нөхцөл болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэсэн. Үүнтэй холбоотой албан ёсны хууль хэрэглээний тайлбар байдаг. Удаа дараа ноцтой зөрчсөн тохиолдолд өгч байсан мэдэгдлүүд байхгүй, хэдэн удаа ямар зөрчил гаргасан нь няцаагдаж байгаа. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил ашиглаагүй гэсэн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан. Энэ заалтын дагуу 2020 оны 02 сарын сарын 12-ны Засгийн газрын 62 дугаар тогтоолоор Монгол Улс Ковид өвчний өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, хилийг хаасан. Засгийн газрын тогтоолоор 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр буюу 2 жилийн дараа өндөржүүлсэн бэлэн байдлыг цуцалсан. 2021 оны 04 сард хилийг хязгаартайгаар нээхдээ шаардлагатай зүйлийг л оруулах болсон. Энэ нөхцөл байдал нь хүндэтгэн үзэх буюу нийтэд илэрхий үйл баримт байгаа. Аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах ******* интернэшнл компани граунд гольфийн төслөө гаднын жуулчин авч ирж хэрэгжүүлэхээр бичсэн. Гэтэл өндөржүүлсэн бэлэн байдлын улмаас Монгол улсад ямар ч жуулчин орж ирээгүй. Төсөл сонгон шалгаруулахтай холбоотой н.Ууганцэцэг гэх хүн гэрчээр мэдүүлэг өгсөн. Миний үйлчлүүлэгч төсөл, өргөдөл бичиж газар авсан гэж ярьж байсан. Түүнээс сонгон шалгаруулалт болоогүй. Газрын хувийн хэрэгт ч харагдаж байгаа. Төсөл хэрэгжүүлээгүй гэж ярьж байна, энэ талаар нэг ч баримт байхгүй. Төсөлтэй ч танилцаагүй байна. 2022 оны 12 дугаар сард Засаг даргын Тамгын газраас гомдолд хариу өгсөн. Маргаж байгаа актад тусгаагүй өөр үндэслэл гаргаж, гомдлыг хүлээн авахаас татгалзсан. Үүнд 2014 оноос гэрээ дүгнүүлээгүй, тайлан мэдээ өгөөгүй гэж ярьж байсан. 2014 онд гэрээг дүгнэж, төсөл хэрэгжиж байгаа талаар н.Ууганцэцэгийн цаашид үргэлжлүүлэх боломжтой гэх акт байдаг. Газрын тухай хуулийн  34 дүгээр зүйлийн 34.8-т талууд жил бүр гэрээг дүгнүүлэх гэх заалт байгаа. Газар эзэмшигч өөрөө гэрээг дүгнүүлэх үүрэгтэй. Газар эзэмшүүлэгч нь газрыг зориулалтын дагуу ашиглаж байгаа талаар хяналт тавих үүрэгтэй. Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ гэж заасан. Гэрээгээ дүгнүүлээгүй гэдэг нь ямар ч үндэслэлгүй. Нэг ч удаа гэрээ дүгнүүлэх талаар албан бичиг явуулж байсан талаар нотлох баримтаа ирүүлээгүй. Гэтэл 2021 он хүртэл гэрээг сунгаж байгуулж байгаа үйл баримтаар гэрээг дүгнэж байгаа атлаа үндэслэлгүй тайлбар гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. Төсөл хэрэгжсэн талаар тайлангаа хавтаст хэрэгт өгсөн. Иймд хууль зүйн хувьд хэлбэр болон агуулгаараа захиргааны акт нь эрх зүйн зөрчилтэй буюу хууль бус байх тул хүчингүй болгож өгнө үү гэжээ.

3.3. Хариуцагч, ******* сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч “******* Интернэшнл” ХХК-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй. “******* Интернэшнл” ХХК нь 2006 оны 10 сарын 24-ний өдрийн А/113 дугаартай захирамжаар 5 га газар, 2008 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 186 дугаар захирамжаар 14 га газрыг 4-р баг Юмтын ам гэх газарт тус тус гольфийн талбайн зориулалтаар эзэмшиж авсан. Газрын тухай хуулийн 40.1.6-д "Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэж 61 дүгээр зүйлийн 61.1-д "Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэлээр газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно" гэж тус тус заасны дагуу газар эзэмшиж эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн. “******* Интернэшнл” ХХК нь 2006 оноос хойш одоог хүртэл газар дээрээ зориулалтын дагуу нь үйл ажиллагаа эрхэлсэн тайлан ирүүлж байгаагүй, зориулалтын дагуу ашиглаагүй үйлдэл нь гэрээг илтэд зөрчиж байгаа үйлдэл гэж үзэж байна. Газар дээр хашаа бариагүй, ганц гадас ч хатгаагүй. Мөн “******* Интернэшнл” ХХК-д Сумын засаг даргын 2022 оны 09 сарын 13-ны өдрийн 02/307 дугаар албан тоотоор Газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцлах тухай мэдэгдэлийг хүргүүлж Захиргааний ерөнхий хуулийн дагуу тайлбар санал нотлох баримтын хамт ирүүлхийг мэдэгдсэн боловч хариу ирүүлээгүй. “Говь Интернэшнл ХХК-ийн эзэмшлийн 14 га газрыг ******* сумын 2022 оны А/1118 дугаартай захирамжаар 2 үндэслэлээр хүчингүй болгосон. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Тус газраа 2 жил дараалан ашиглаагүй. 14 га газарт хийсэн шүүхийн үзлэгээр ямар нэгэн зүйл хийгээгүй гэдэг нь, зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй нь тогтоогдсон. ******* Интернэшнл ХХК-ийн газрын гэрчилгээний зориулалт нь гольфийн талбайн зориулалттай. 2014 оноос хойш гэрээ дүгнүүлээгүй. Гэрээний үүргийг биелүүлээгүй. 2014 онд н.Ууганцэцэг гэх хүнээр дүгнүүлсэн боловч байгуулсан гэрээний үр дагаврыг мэдээгүй. Өөрөөр хэлбэл, 2 жил дараалан ашиглаагүй тохиолдолд, мөн гэрээг дүгнүүлэхгүй тохиолдолд гэрээг дүгнүүлэхдээ ямар тайлан гаргах талаар эдгээр үүргийг биелүүлээгүй. Иймд тус захирамж хууль зүйн үндэслэлтэй гэв.

3.4. Гэрч *******шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2022 онд Жавзандолгор даамал бид 2 хоёулаа газраа ашиглахгүй байгаа газруудаар явж, судалгаа хийсэн, очиход хүүхдүүд нь байсан. ******* захирал байгаагүй. Засгийн газрын 2021 оны 307 тогтоолоор 19.000 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан. Үүнээс ******* сумаас нийт 1200 иргэн, аж ахуйн нэгж нөлөөлөлд өртсөн. 118 нэгж талбар газартаа үйл ажиллагаа явуулдаг объекттой тул нөхөн олговор олгоно гэдэг утгаар нь үнэлгээ хийх ёстой гэж бодоод үнэлгээний компанитай Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар гэрээ байгуулж үүний дагуу үнэлгээ хийгдсэн. Газрын албанд тайлан байгаа. ..онсох ажиллагааны үед телевизор, радио, хэвлэл мэдээллийн хэрэгслээр улс орон даяар цацсан. Н.Бүрэндүүрэн гэх хүнийг огт танихгүй. Гэтэл намайг яагаад ингэж гүтгэж байгааг ойлгохгүй байна. Тусгай хэрэгцээний газрыг захиран зарцуулах эрх бид нарт байхгүй. Барилга хот байгуулалтын газраас шат дараалсан төлөвлөлтийн дагуу олголт хийгдэнэ гэж хэлсэн. Тогтоолыг бүх хүмүүст нээлттэй танилцуулсан. Уулзалтад ирсэн хүмүүс үүнийг нотолно. Бид хоёрт тухайн материалуудыг Засаг дарга хувааж өгч, ******* Интернэшнл ХХК-ийн мэдэгдлийг Р.Жавзандолгор өгсөн гэдгийг сүүлд нь мэдсэн. Тухайн үед хамаарал бүхий бүх аж ахуйн нэгж, хувь хүний нэрийг жагсааж байгаад Өнөөдөр сонинд зарлуулсан. Байгууламж бариагүй газруудад үнэлгээ хийхгүй, нөхөн олговор олгохгүй, хүчингүй болгохоор чиглэл ирсэн, Барилга хот байгуулалтын яам, ******* аймгийн Засаг дарга нар 2 жил болон түүнээс дээш ашиглаагүй иргэн, аж ахуйн нэгжүүдийг ажлын хэсэг байгуулан Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасныг үндэслэн хүчингүй болгуулах албан тоот ирсэн. 2021 онд би Газрын даамлаар ажилд орсон. ******* интернэшнл ХХК-г би сайн мэдэхгүй. Тухайн үед иргэдийг ирэхэд нь хэлтсийн даргын өрөөнд том зургийг харуулж байсан. Санал хүсэлтийг нь авах зорилгоор сонсох ажиллагаа хийгдсэн гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэг. Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбар зэргийг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн “******* сумын Засаг даргын А/1118 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

 

Хоёр. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт “Үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах зориулалтаар газар эзэмших эрх авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь 90 хоногт багтаан байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэсний дараа тэдгээртэй газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ.” гэж заасан.

Мөн, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт “Газар эзэмшигч дараахь эрхтэй: 35.1.1.гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах, 35.3 дахь хэсэгт “Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ: 35.3.1.газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх, 35.3.2.газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх үүрэгтэй” гэж  заасан.

Мөн, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно: 40.1.1.эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн”, 40.1.6 дах хэсэгт “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж тус тус заажээ.

 

Гурав. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар:

3.1. ******* сумын Засаг даргын 2008 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 186 дугаартай захирамжаар тус сумын 4-р багийн “Юмтын ам” нэртэй газарт байршилтай 14 га газрыг ******* Интернэшл” ХХК-д “гольфын талбай”-н зориулалтаар 40 жилийн хугацаагаар эзэмшүүлж, уг захирамжаар “******* Интернешнл" ХХК-ны захирал Д. Түмэн-ӨлзийдБайгаль орчны нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээг 90 хоногт багтаан хийлгүүлж, сумын Засаг даргын тамгын газарт 1 хувийг хүргүүлэх-ийг үүрэг болгосон,

3.2. маргаан бүхий газрыг 2009 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Газрын кадастрын мэдээллийн санд нэгж талбарын 18639285852603 дугаарт бүртгэж, 04 дүгээр сарын 07-ны өдөр 0246081 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон, мөн газрын кадастрын мэдээллийн шинэ санд нэгж талбарын 4109042586 дугаарт бүртгэсэн,

3.2. Нэхэмжлэгч нь ******* сумын газрын даамал М.Аззаяатай 2017 оны 03 дугаар сарын 24, 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрүүдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээнд газар эзэмшигч жил бүрийн 06 дугаар сарын 25-ны өдрийн дотор тайлагнаж, газар эзэмшүүлэгч 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор гэрээг дүгнэнэ” хэмээн заасан,

3.3. Нэхэмжлэгчээс анх газар эзэмшихдээ хариуцагчид хүргүүлсэн “Граунд гольфын талбайн төсөл”-д “******* Мон” жуулчны бааз болон Граунд гольфын талаарх танилцуулгыг бичиж, “граунф гольфыг хаана ч тоглох боломжтой, тусгайлан талбай засах, нүх ухаж бэлтгэх шаардлагагүй бөгөөд дарцаг бүхий үүргийг тоглох газартаа байрлуулна, тоглогч бүр өөрийн бөмбөгөөр тоглоно” гэж тайлбарлан бичиж, талбайд 6-8 хүн тоглоход үүрийг байрлуулах дараалал, мөн уг талбайд мод зүлэг байхаар төлөвлөсөн фото зургийг хавсаргасан, харин уг төслийг хэдэн жилийн хугацаанд ямар байдлаар хэрэгжүүлэх, ямар үр дүнд хүрэх талаар тодорхойлон бичээгүй, уг төсөлд “зөвхөн гадаадын жуулчдад зориулж үйл ажиллагаа явуулна” гэх төлөвлөгөөг тусгаагүй,

3.4. ******* аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2004 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн “Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний дүгнэлт”-д  “Төслийн нэр: Аялал жуулчлалын зориулалтаар амралтын газар байгуулж үйл ажиллагаа эрхлэх төсөл, 1 га газарт барилга байгууламж барьж, 1 ээлжинд 50 хүн хүлээн авч үйлчлэх...төсөл нь БОНБҮнэлгээний тухай хуулийн дагуу нарийвчилсан үнэлгээ хийлгэхгүйгээр төслийг хэрэгжүүлэх боломжтой. Ерөнхий үнэлгээ хийсэн И.Даваанямбуу” гэснээр уг нөлөөллийн үнэлгээг маргаан бүхий 14 га газарт бус, харин нэхэмжлэгчийн аялал жуулчлалын зориулалтаар эзэмшиж буй 5 га газар дээр “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ” хийсэн бөгөөд маргаан бүхий талбайд уг үнэлгээг хийлгээгүй,

3.5. ******* сумын газрын даамлаар ажиллаж байсан Б.Ууганцэцэг гэрчээр шүүхэд өгсөн мэдүүлэгтээ “******* Интернэшл” компанийн 5 га газар дээр үндсэн барилга байгууламж байдаг, газрын гэрээг дүгнэхдээ 5 га газар дээр хийсэн ажлыг Түмэн-Өлзий захиралын хэлсэн тайлбарыг нь үндэслэн дүгнэсэн. 14 га газрын хувьд гольфийн талбайн зургийг нь үндэслэж дүгнэсэн, газар дээр очиж үзээгүй, зөөврийн гольфийн хэрэгсэл ашигладаг гэж тайлбарлаж байсан” гэсэн,

3.6. Тус шүүхээс маргаан бүхий газарт 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэлд: ... энэ газарт хашаа, гэр, үл хөдлөх хөрөнгө бариагүй байна...” гэсэн, мөн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэлд: “нэхэмжлэгч маргаж буй газрын чулууг түүж, гольф тоглоход бэлтгэсэн, 2014 онд газрын даамал Ууганцэцэг “Гольфын төслийн талбайн төсөл” гэж самбар хүлээлгэж өгсөн байв, зургаар баталгаажуулав, түүсэн чулуугаар 4 ширхэг овоо хийсэн... гэсэн,

3.7. ******* сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр, 10 дугаар сарын 04-ний өдрийн хурлын тэмдэглэлд “...2022 онд 06-р сарын 27-ны өдөр ажлын хэсэг газар дээр нь хяналт шалгалтаар явж, үйл ажиллагаа явуулаагүй 64 иргэн аж ахуй байгууллагын зөрчлийг газар дээр үзэж нягталсан үүнээс 5 иргэн, аж ахуй нэгж байгуулага газар дээрээ хашаа хайс барьсан байдалтай, бусад 59 иргэн, аж ахуй нэгж байгууллага газар дээрээ ямар ч үйл ажиллагаа явуулалгүй байсан. Тусгай хэрэгцээнээс өмнө газраа ашиглах боломж байсан...Шийдвэрлэсэн нь: Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дэх заалт, 59 иргэн, аж ахуй нэгж байгууллагын газар эзэмших эрхийг хүчингүй болгох нь зүйтэй… гэсэн,

3.8. ******* аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 07/447 тоот албан бичигт “*******-Интернэшнл ХХК-ийн эзэмшлийн газрыг Газрын кадастрын мэдээллийн системд давхцуулж үзэхэд хуучин мэдээллийн сангийн 18635285852603 нэгж талбарын дугаартай газар нь Газрын кадастрын мэдээллийн системд 4109042586 нэгж талбарын дугаараар 139891м.кв /14 га/ газар бүртгэгдсэн. Уг газрын 138745 м.кв газар нь Засгийн газрын 2021 оны 307 дугаар тогтоолоор тусгай хэрэгцээнд авсан 19390 га газартай давхцалтай байна. Мөн хуучин мэдээллийн сангийн 18639285776302 нэгж талбарын дугаартай газар нь Газрын кадастрын мэдээллийн системд 4109042585 нэгж талбарын дугаараар 50217 м.кв /5 га/ газар бүртгэгдсэн, уг газрын 49142 м.кв газар нь Засгийн газрын 2021 оны 307 дугаар тогтоолоор тусгай хэрэгцээнд авсан 19390 га газартай давхцалтай байна. Хуучин мэдээллийн сангийн 18640285201029 нэгж талбарын дугаартай газар нь Газрын кадастрын мэдээллийн системд 4109042388 нэгж талбарын дугаараар 10599 м.кв /1 га/ газар бүртгэгдсэн, уг газар нь Засгийн газрын 2021 оны 307 дугаар тогтоолоор тусгай хэрэгцээнд авсан 19390 га газартай бүрэн давхцалтай байна” гэсэн,

3.9. "******* Интернешнл" ХХК-ийн захирал *******н шүүх хуралдаанд гаргасан “14 га газар дээр Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй, граунд гольф тоглоход тусгай талбай хэрэгсэл бэлтгэх шаардлагагүй тул газар дээр хашаа бариагүй, самбар босгосон, чулуу, хогийг ачиж талбайг цэвэрлэж бэлтгэсэн... гэсэн тайлбар зэргээр

газар эзэмшүүлэгчээс "******* Интернешнл" ХХК-д “гольфын талбай”-н зориулалтаар эзэмшүүлсэн нэгж талбарын 18639285852603 дугаар бүхий 14 га газарт 90 хоногийн дотор “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ” хийлгэхийг үүрэг болгосон байхад нэхэмжлэгч нь 2008-2022 онуудад 1 ч удаа тухайн газарт уг үнэлгээг хийлгээгүй бөгөөд анх газар эзэмшүүлсэн хугацаанаас хойш, мөн хамгийн сүүлд буюу газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сар хүртэлх 2 жилийн хугацаанд ч маргаан бүхий газар дээр ямар ч үйл ажиллагаа явуулаагүй, газрыг зориулалтын дагуу ашиглаагүй нь тогтоогдож байна.

 

Түүнчлэн, ******* аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 07/447 дугаар алтан бичгээр нэхэмжлэгчийн эзэмшлийн 14 га газрыг Монгол улсын Засгийн газрын 2021 оны 307 дугаар тогтоолоор улсын тусгай хэрэгцээнд авсан болох нь тогтоогдож байх боловч нэхэмжлэгч талаас “сумын газрын даамал *******анх улсын тусгай хэрэгцээнд орсон гэж огт хэлээгүй” хэмээн тайлбарласнаас үзвэл Засгийн газрын 2021 оны 307 дугаар тогтоолоор маргаан бүхий газрыг улсын тусгай хэрэгцээнд авснаас шалтгаалан тухайн газрыг нэхэмжлэгч ашиглах боломжгүй байсан гэх, мөн төр захиргааны байгууллагаас нэхэмжлэгчийг үйл ажиллагаа явуулахыг хориглосон, нэхэмжлэгчид тухайн газарт үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр эзэмшлийн газраа 2 жил дараалан зориулалтын дагуу ашиглаагүй гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчээс “Засгийн газрын 307 дугаар тогтоолоор Хөшигийн хөндийн газартай холбоотой албан журмаар уулзана гэж ******* аймгийн газар зохион байгуулалтын зааланд очсон. Бид нарт гарын үсэг зуруулах ёстой байсан. 08 дугаар сарын 05-ны өдөр *******гэх газрын даамал ганцаараа сууж байсан. *******танай 1 газрыг үлдээж, таны газарт юу ч хийгдээгүй учир бусад газрыг хурааж авч байна. Танай газрыг н.Бүрэндүүрэн гэх хүнд өгнө, Н.Бүрэндүүрэн гэх хүн хаус хороолол барихаар болсон. Улаанбаатар хот руу барилгын зөвшөөрөл авна гэж хэлсэн...би өргөдөл гаргасан” хэмээн тайлбарлан маргасан ч Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох шийдвэр гаргах эрх бүхий этгээд нь тухайн сумын Засаг дарга байх бөгөөд нэхэмжлэгчийн тайлбарласнаар “*******танай газрыг хураана” гэж хэлсэн гэх 2021 оны 8 дугаар сараас 1 жил 2 сарын дараа буюу 2022 оны 10 дугаар сард маргаан бүхий захиргааны актыг батлан гаргасан, мөн тухайн захиргааны актыг гаргахаас өмнө сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг маргаан бүхий газарт хяналт шалгалтаар ажилласан талаарх хурлын тэмдэглэлийг тус шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн, мөн нэхэмжлэгчээс газрын даамал Б.Халиунаагийн үйлдэлтэй холбогдуулан өргөдөл гаргасан гэсэн тайлбар гаргасан байх тул нэхэмжлэгчийн “Б.Халиун нь хувийн сонирхлоор хандан дүгнэлт гаргасан. ******* сумын Засаг дарга уг илт хууль бус дүгнэлтийг үндэслэн шийдвэр гаргасан” гэх тайлбарыг шүүх хүлээн авах, дүгнэлт өгөх шаардлагагүй байна.

Үүнээс гадна, нэхэмжлэгч талаас “******* Интернэшнл компани Граунд гольфийн төслөө гаднын жуулчин авч ирж хэрэгжүүлэхээр бичсэн. Гэтэл өндөржүүлсэн бэлэн байдлын улмаас Монгол улсад ямар ч жуулчин орж ирээгүй, Засгийн газрын 2020 оны 02 сарын сарын 12-ны 62 дугаар тогтоолоор  Монгол Улс ковид өвчний өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, хилийг хаасан. Засгийн газрын тогтоолоор 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр буюу 2 жилийн дараа өндөржүүлсэн бэлэн байдлыг цуцалсан. 2021 оны 04 сард хилийг хязгаартайгаар нээсэн, сүүлийн 3 жилд аялал жуулчлал зогссон энэ нөхцөл байдал нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан” хэмээн тайлбарласан ч Монгол улсын Засгийн газраас 2020-2022 онуудад өндөржүүлсэн бэлэн байдлыг тодорхой хугацаагаар тогтоож байсан.

Мөн, нэхэмжлэгчийн “Граунд гольфын талбайн төсөл”-д уг гольфыг зөвхөн гадаадын аялагч жуулчлад зориулан хэрэгжүүлэх талаар тусгайлан заагаагүй, харин ч “хэн ч тоглох боломжтой” хэмээн тодорхойлсон байх тул, нэхэмжлэгчийн дээрх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй болно.

Нэхэмжлэгчээс “******* мон” жуулчны баазаа түшиглэж граунд гольф тоглуулах үйл ажиллагаа явуулсан, 1 жуулчин хоновол 1 цаг үнэгүй. Японоос ирсэн жуулчин 16 хоносон. Тэр хүн 2 өдөр үнэгүй байсан, Ангийн хамт олны уулзалтаар тоглодог” байсан хэмээн тайлбарлаж “Граунд гольф” тоглуулсан байдлыг нотлох фото зураг, дүрс бичлэг зэргийг хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн ч уг граунд гольф тоглож буй гэх фото зураг, дүрс бичлэг нь нэхэмжлэгчийн эзэмшлийн 5 га газар дээр байршилтай “******* мон” жуулчны баазын хашаанд гольф тоглож буй байдлын фото зураг, бичлэг байх бөгөөд нэхэмжлэгчээс “жуулчны баазын хашаанд авсан, дүрс бичлэг” зураг хэмээн тайлбарласан тул уг фото зураг, бичлэг зэргийг маргаан бүхий газарт үйл ажиллагаа явуулсныг нотлох баримт гэж үнэлэх боломжгүй байна.

Дээр дурдсан нотлох баримт, нөхцөл байдлуудаар нэхэмжлэгч нь маргаан бүхий 14 га газарт үйл ажиллагаа явуулаагүй, тухайн газрыг гэрээнд заасан зориулалтын дагуу 2020 оны 08  дугаар сараас 2022 оны 10 дугаар сар хүртэлх 2 жилийн хугацаанд ашиглаагүй бөгөөд захиргааны байгууллагаас ажлын хэсэг байгуулан маргаан бүхий газарт хяналт шалгалт хийж, шалгалтын дүнг хурлаар хэлэлцэж шийдвэр гаргасан болох нь тогтоогдож байх тул ******* сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/1118 дугаар захирамжаар “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасныг үндэслэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, тухайн төслөө хэрэгжүүлээгүй” гэх үндэслэлээр "******* Интернешнл" ХХК-ийн “Юмтын аманд байрлалтай 14 га газрын эзэмших эрхийн 0208298 тоот гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэснийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасанд болон Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэгт заасан “захиргааны үйл ажиллагаанд баримтлах зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” тусгай зарчимд тус тус нийцсэн байна гэж дүгнэлээ.

 

Иймд Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газартай холбогдон үүссэн маргааны талаар энэ хуулийн  60.1.1, 60.1.2, 60.1.З-т заасан байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг маргааныг ...эсхүл шүүхээр шийдвэрлүүлнэ.” гэж зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

3.10. Хариуцагчаас маргаан бүхий захиргааны актад Газрын тухай тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийг “Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл болзлыг  удаа дараа буюу ноцтой зөрчсөн” хэмээн буруутгасан ч Газрын тухай хуулийг ямар байдлаар ноцтой зөрчсөн болох, мөн ямар зөрчлийг “ноцтой зөрчил”-д тооцох талаар газар эзэмшүүлэх гэрээнд заагаагүй байх тул нэхэмжлэгчийг Газрын тухай хууль, газар эзэмших гэрээний нөхцөл болзлыг  удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

3.11. Хариуцагчаас шийдвэр гаргахаас урьд Захиргааны ерөнхий хуульд заасан журмаар сонсох ажиллагаа явуулаагүй, маргаан бүхий газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох талаар нэхэмжлэгчид урьдчилан мэдэгдсэн гэх байдлыг нотлох баримтаар нотлоогүй ч нэхэмжлэгч нь маргаан бүхий 14 га газрыг хуульд заасан журмын дагуу зориулалтын дагуу  ашиглаагүй бөгөөд захиргааны акт зорилгодоо нийцсэн болох нь тогтоогдсон тул  “Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн” гэх үндэслэлээр уг маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлгүй гэж дүгнэлээ.

 

3.12.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт “Улсын тэмдэгтийн хураамжийг хэргийн оролцогчид хуваарилах асуудлыг энэ хуулийн 47 дугаар зүйлд заасны дагуу зохицуулнагэж, хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д... нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 35 дугаар зүйлийн 35.3.2, 40 дүгээр зүйлийн 40.1.6, 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “******* Интернэшнл” ХХК-ийн “******* аймгийн ******* сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/1118 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ч.ОДСҮРЭН