Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 53

 

 

 

 

 

 

 

                                   

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус  шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн  хуралдаанд

Нарийн бичгийн дарга Г.Нямаа

Улсын  яллагч Т.Төмөртулга

Хохирогч С.Должинсүрэн

Шүүгдэгч Г.Насан-Эрдэнэ нарыг оролцуулан  Дундговь  аймгийн  прокурорын  газрын  хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар мөрдөн байцаалт явуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Насан-Эрдэнэд холбогдох эрүүгийн 1722000000023 тоот  хэргийг  2017 оны  10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хэлэлцэв. 

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам  бүл ...., ........ хамт Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын 3-р баг ............... гэх  газар нутаглах, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Боржигон овгийн Готовын Насан-Эрдэнэ /РД: ЗН87090310/ гэв.

Шүүгдэгч Г.Насан-Эрдэнэ нь 2017 оны 9 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө 04 цагийн үед Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын 3-р баг “Сайн гашуун” гэх газар эхнэр болох С.Должинсүрэнтэй хувийн таарамжгүй харьцаанаас болж маргалдан улмаар зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн  хэлэлцүүлгээр  дараах  нотлох баримтуудыг  шинжлэн   судлав.  Үүнд:

1.Шүүгдэгч Н.Оргилсайхан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  “Би 2017 оны  6 сарын 18-нд аймгаас Өлзийт сум руу Б.Батжаргалтай хамт машинтай буцаж явсан. Замдаа айлаар ороод 2-3 шил архи ууж  халамцуу явсан. Б.Батжаргал машин барьж явахдаа  хурд хэтрүүлж давхиад байхаар нь зөөлөн яв, болгоомжтой гэсэн чинь үгэнд орохгүй агсам тавиад байсан. Тэсээд яваад байсан. Сүүлдээ зам бартаатай болох үед нь би машиных нь арааг салгаад түлхүүрийг нь авсан. Миний өөдөөс агсамнаад байхаар нь би  барьж аваад нэг цохьсон. Тэгтэл биднийг зам дээр  буулгаж хаяад яваад өгсөн. Тэгээд бид замын хажууд хүлээж байтал буцаад ирэхээр нь очсон чинь машины хаалгаа нээгээд агсам тавиад байсан. Тэгэхээр нь  би дахиад нэг цохьсон чинь хаяад явсан. Бид тэндээс алхаад явж байтал эргэж ирээд авахаар нь бид суугаад саахалт айлд очсон. Хохирогчид нийт 2300000 төгрөгийн хохирол төлсөн. Би гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч байна. ” гэв.

2. Хохирогч Б.Батжаргалын “... Манай саахалт айлын хүн Оргилсайхан 2017.06.17-ны орой Дундговь аймгийн  төв орж 4 тэмээ борлуулах гэсэн юм яваад өгөөч гээд намайг гуйсан. Би зөвшөөрөөд өөрийнхөө эзэмшлийн цагаан өнгийн  “Бонго пронтер” маркийн машинд Оргилсайханы 4 тэмээг ачаад Оргилсайхан, Оргилсайханы охин Энхжин, Давааням гэдэг залуу бид нар 2017.06.18-ны өглөө 09 цагийн үед Дундговь аймгийн төвд ирсэн.  Оргилсайхан махаа борлуулаад аймгийн төв дээр ажлаа амжуулаад орой 19 цагийн үед Давааням, Оргилсайхан, Энхжин бид нар аймгийн төвөөс гараад 20 гаруй километрт овоон дээр гараад нэг шил 0,5 литрийн Улаанбаатар нэртэй архи задлаад талыг нь хуваагаад уусан. Би машин жолоодож яваа гээд уугаагүй. Тэгээд цаашаа явж байгаад “Үйзэн” багийн дэргэд нүүдлийн айлд нэг  шил архи уусан. Өлзийт сумын 1-р багийн нутаг “Солгой” гэх газар нутагладаг Баярбаатар гэдэг айлд очиж 2 шил архи уусан.  Би энэ айлуудад очоод хол замд машин жолоодож яваа гээд архи уугаагүй, амсаад өгсөн. Давааням, Оргилсайхан хоёр тэр айлуудад архи уусан байсан. Баярбаатарынхаас хөдлөөд 2 орчим километр газар явж байхад Оргилсайхан хэрүүл өдөөд, агсам тавиад эхэлсэн. ...тэгээд Оргилсайхан миний нүүрлүү хоёр гурван  удаа гараараа цохиод намайг  машинаас татаад буулгахаар нь чамтай зодолдох, муудалцах шаардлага байхгүй гээд газар суутал Оргилсайхан миний толгой нүүрлүү гараараа хэд хэд цохиод миний баруун шанааруу нэг удаа өшиглөхөд нь миний толгой манараад ирсэн. Намайг сууж байхад миний нурууруу хэд хэд өшиглөсөн. Би Оргилсайханд чи зодож байгаа бол сайн  зод, би хэлдэг  газар нь хэлж, явдаг газар нь явна гээд суугаад байсан. Тэгсэн чинь намайг босоод ир гээд миний өмсөж явсан фудволкон дээрээс татаад урахаар нь би босоод өөдөөс нь зууралдсан. Тэгтэл Давааням машин  дотор унтаж байгаад сэрэнгүүтээ хараад бууж ирээд Оргилсайханыг хорьсон  чинь дийлдэхгүй байсан. Давааням жаал хорьж байгаад Оргилсайхан ах дийлдэхгүй юм байна гээд машинд ороод суучихсан. Оргилсайхан намайг боож аваад миний хоолойд хумсаа шигтгэж самардаад урсан. ...Оргилсайхан 2017.06.19-ний өдөр ирж уулзаад ёстой муухай юм болжээ, би арай ч хүнийг ингэж зоддоггүй юм, баларсан юм болж гэсэн. Би сумын цагдаа эмнэлэг  дуудсан гэсэн  чинь Оргиолсайхан сумын  эмнэлэг  цагдаагаар  яваад яах юм Улаанбаатар хотод очиж үзүүлье гэсэн. Тэгээд Оргилсайхан  намайг  аваад шууд Улаанбаатар хотод очоод 2017.06.20-ны үед ГССҮТ-д очиж үзүүлсэн. Компьютерт харуулсан  чинь миний баруун  шанааны суурь яс хугарсан, хамар муруйсан байна гэсэн.  Намайг “Сондороо” нүдний эмнэлэгт нүдээ үзүүл гэхээр нь үзүүлсэн. Миний баруун нүдний хүүхэн харааны гадна талын  гэрлэн  бүрхүүл хагарсан, хоёр судас тасарсан цус их хуралттай гэсэн. Намайг нүдээ сарын  дараа ирж үзүүл гэсэн. Би 2017.07.25-ны өдөр Сондороо эмнэлэгт очиж үзүүлсэн  чинь  цус хуралт нь гүйцэд арилаагүй байна нэг сарын дараа дахиж ирж үзүүл гэсэн. Би тухайн үед Оргилсайханд зодуулсныхаа маргааш  нь гар утсаар зургийг нь авч угаалгасан. Би Улаанбаатар хотод үзүүлж ирээд Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт 10 хоног хэвтэж эмчлүүлсэн. Миний хоёр нүд таглараад битүү хавдсан. Нүүр хавдаад, тархи толгой өвдөөд чихнээс цус гараад хүзүү энд тэндээ хавдаад , хоолой самардсан газраас цус гарсан, хамар муруйсан байсан. Одоо миний баруун нүд юм харахаар харж байгаа зүйлийн тал нь харагдахгүй, цус хуралт нь одоо болтол арилаагүй байгаа. Одоо миний нүд харж болохгүй байгаа. Би гомдолтой байна. Эмчилгээний зардлаа нэхэмжилж авна /хх14-15/, Н.Оргилсайхан намайг  хотруу дагуулж яваад 1100000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. Би эмчилгээний зардал гэж 1 сая төгрөг нэхэмжилж байна. Эмчилгээнд хэдэн төгрөг орох эсэхээ сайн мэдэхгүй л байна.Миний зүгээс гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг./хх16-18/   

3. Гэрч Ж.Даваанямын: “...тэгээд Оргилсайхан, Батжаргалын баруун шанаа хавьд нэг удаа гараараа цохиод машинаас бууж нөгөө талаар нь тойрч очоод машинынх нь хаалга, цонхыг балбаад хаалгаа нээ гээд байсан. Батжаргал машины хаалгаа нээнгүүт Оргилсайхан Батжаргалын нүүр хавьд хоёр удаа цохисон.Оргилсайхан  Батжаргалыг буугаад ир гэхэд нь Батжаргал машинаасаа буугаагүй. Би машинаас бууж очоод салгах гэсэн чинь Оргилсайхан Батжаргалын фудволкноос зуурч байгаад урчихсан. Оргилсайханыг салгангуут Батжаргал машинаа асаагаад яваад өгсөн. Тэгээд жаахан байж байгаад Батжаргал хүрээд ирсэн.  Оргилсайхан тэр хоёр дахиж муудалцаж зууралдаад Батжаргалын  зүүн нүдрүү нь нэг удаа цохихоор нь би салгасан. Би хэдүүлээ явъя гэж байтал Батжаргал машинаа асаагаад бид гурвыг орхиод яваад өгсөн. Бид хэд хөдөө жаал сууж байгаад зам дагаад алхаж байтал гэгээ орсон. Цаашаа 3-4 орчим километр явтал Батжаргал зам дээр зогсож байхаар нь очиж уулзаад учир зүйгээ олоод явцгаасан. Бид нар яваад Цэрэндаш гэж айлд очоод Оргилсайхан бид хоёр унтаад өгсөн. Батжаргал яваад өгсөн. Маргааш нь энэ хоёр уулзаад Оргилсайхан Батжаргалыг үзүүлнэ гээд 2017.06.20-ны өдөр Улаанбаатар хотруу авч яваад үзүүлсэн гэсэн. Бид нар бүгдээрээ л жаахан халцгаачихсан  байсан. Ухаангүй болтлоо согтсон хүн байгаагүй. Батжаргал архи уусан байсан. Оргилсайхан, Батжаргалыг гараараа цохисон. Энэ хоёр машинаа гадаа зууралдаж ноцолдоогүй. Оргилсайхан Батжаргалыг өшиглөөгүй” гэх мэдүүлэг /хх21-22/

4. Насанд хүрээгүй гэрч О.Энхжингийн: “ ...тэгээд манай аав Батжаргал ахыг  заамдаж аваад нэг цохихоор нь Давааням ах бид хоёр яах юм бэ гээд машинаас буусан.  Тэгсэн  чинь Батжаргал ах машинаа унаад давхиад явчихсан. Бид нар зам дагаад аав намайг  үүрээд алхаж байтал Батжаргал ах хүрээд ирэхээр нь аав болгоомжтой байгаарай согтуу машин бариад дайрчихвий гээд бид нар замаас гарсан. Батжаргал ахыг  ирээд зогсохоор нь бид машинд суух гэсэн чинь Батжаргал ах аавын  өөдөөс агсраад байхаар нь аав дахиад нэг цохихоор нь Давааням ах бид хоёр салгаад Давааням ах машинд суух гээд хөлөө тавьтал Батжаргал ах давхиад явчихсан.  Бид нар зам дагаад явж байтал гэгээ ороод цаашаа явж байтал Батжаргал ахын  машин  байхаар нь очоод чи яаж байгаа юм, нялх нойтон  хүүхэдтэй явж байхад миний охин  даарчихлаа гэсэн.  Батжаргал ах агсам тавих нь гайгүй болчихсон  байхаар нь бид нар машинд сууж яваад Цэрэндаш ахынд ороод унтаад өгсөн.  Манай аавыг  унтаж байхад Батжаргал ах аавыг  заагаад би энийг  борцолчихъё, өшиглөчихье,  дүүжилчихье гээд эхнэрээс нь хутга нэхээд байсан.  Тэгээд Цэрэндаш  ах за болно болно гэрт чинь хүргээд өгье гээд машиныг  нь жолоодоод Батжаргал ахыг  гэрт нь хүргэж өгөхөөр явсан.  Энэ хэд нээх согтуу байгаагүй, халамцуу л байсан” гэх мэдүүлэг /хх23/

5. Гэрч Ц.Цэрэндашийн: “... 2017 оны 6 дугаар сарын  18-наас 19-нд шилжих шөнө үүрээр ойролцоогоор 05 цагийн үед байх манай хөдөө гэрт Н.Оргилсайхан, Давааням, мөн Оргилсайханы охин,  Б.Батжаргал нар машинтай ирсэн.  Би гэртээ эхнэр хүүхэдтэйгээ унтаж байсан. Тэгээд ирэхээр нь би босоод манай гэрт Н.Оргилсайхан охинтойгоо мөн Давааням нар унтсан юм. Тэр хооронд Д.Батжаргал надад энэ муу Оргилсайхан зэвүүн пязда байгаа юм. Энийг борцлоод хаячихъя гэж хэлсэн. Б.Батжаргал нилээн согтуу байсан. Манай эхнэрээс хутга нэхэхээр нь манай эхнэр загнасан. Тэгтэл Батжаргал ах нь явлаа гэхээр нь би машиныг нь унаад Б.Батжаргалыг  хүргэж өгсөн юм. Манай гэрт Н.Оргилсайхан, Б.Батжаргал нар хоорондоо маргалдаагүй,  зодолдоогүй. Харин  Б.Батжаргалын  баруун  талын нүд жаахан хавдсан  байсан. Өөр гэмтэл гэхээр юм байгаагүй. Н.Оргилсайхан архи уусан  гэмээр үнэртэж байсан” гэх мэдүүлэг /хх25-26/

6. Шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 4-ний  өдрийн 170200234 дугаартай дүгнэлтэнд:

- Б.Батжаргалын биед баруун нүдний шар толбоны дор цус хурсан, хорион язарсан, баруун талын  хацар ясны нум хугарсан гэмтэл тогтоогдлоо.

-  Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрлээс хамаарна.

-  Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн  гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

-  Эмнэлгийн үзлэг шинжилгээгээр дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна.

- Дээрх гэмтлүүд нь бусдад зодуулсан гэх цаг  хугацаанд үүссэн байх боломжтой гэжээ. /хх28-29/

 7. Хэрэгт цугларсан бусад бичгийн  болон эд мөрийн баримт зэргийг  шинжлэн судлав.

 

Хэрэгт авагдсан  болон шүүхийн  хэлэлцүүлэгт судлагдсан  дээрхи баримтуудыг  мөрдөн байцаалтын  шатанд  Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан  үндэслэл журмын  дагуу цуглуулж  бэхжүүлж авсан байх  тул  шүүх нотлох баримтаар  үнэлж  шийдвэрлэлээ.

Шүүхийн  хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар шүүгдэгч Н.Оргилсайхан нь 2017 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг дэвсгэрт иргэн Б.Батжаргалыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь  тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Н.Оргилсайхан нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт  хэргийг  үйлдсэн гэм  буруутай байна  гэж үзлээ.

Шүүгдэгч Н.Оргилсайхан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас  анх удаа гэмт хэрэг  үйлдсэн,  гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн зэрэг нь  Эрүүгийн хуулийн  6.5 дугаар  зүйлийн  1.1, 1.2 дахь хэсэгт заасан  эрүүгийн  хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй  байна.

Дээр дурдсан  эрүүгийн  хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, прокурорын саналыг  харгалзан  шүүгдэгчид Эрүүгийн  хуулийн  11.4 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Н.Оргилсайханд торгох ял  оногдуулахдаа уг зүйл хэсэгт  заасан  торгох  ялын  доод хэмжээгээр оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн  хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хохирогч Б.Батжаргал нь “...гомдол саналгүй, нэхэмжлэх  зүйлгүй ...” гэснийг   тус тус дурдав.

Хохирогч Б.Батжаргал нь хохирлын талаархи баримт  ирүүлээгүй  боловч шүүгдэгч Н.Оргилсайхан нь хохирогч Б.Батжаргалын  эмчилгээний  зардалд 1.100.000 төгрөг зарцуулсан болох  нь шүүгдэгч, хохирогчийн  өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан  тайлбараар, 2017 оны 9 сарын  19-ний  өдөр хохирогч Б.Батжаргалын ХААн банкны 5459023962  тоот дансанд  1.200.000 төгрөг шилжүүлсэн  болох  нь  мөнгөн шилжүүлгийн  баримт /хх-ийн 71/ зэргээр тус тус  тогтоогдож  байх  тул хохирогчид  2.300.000 төгрөгийн хохирол  төлсөн болохыг  дурдаж  шийдвэрлэлээ.

Хохирогч Б.Батжаргал нь  цаашид  гарах эмчилгээний  зардлаа  нотлох  баримтаа  бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх журмаар шүүгдэгч Н.Оргилсайханаас  нэхэмжлэх  эрхтэй болохыг  заах нь зүйтэй байна.

Мөрдөн  байцаалтын  шатанд буюу 2017 оны 8  сарын 28-ны  өдөр энэ  хэрэгт “улаан, цагаан, саарал, хөх өнгийн  хөндлөн  судалтай фудволк ”-ийг  эд мөрийн баримтаар  хурааж  шүүхэд  ирүүлсэн  ба  шүүхийн  хэлэлцүүлэгт судалж  үзэхэд  цаашид ашиглах боломжгүй, урагдсан  байх  тул  шийтгэх  тогтоол  хүчин  төгөлдөр  болмогц устгуулахаар  шилжүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3 дугаар зүйлийн 1,  36.4, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

  1. Шүүгдэгч Мижид овгийн Насангийн Оргилсайханыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт  хэргийг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн  хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.Оргилсайханд дөрвөн зуун тавин  нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч Н.Оргилсайхан нь энэ хэргийн улмаас  цагдан  хоригдоогүй ба хэрэгт битүүмжлэн ирүүлсэн эд хөрөнгөгүй  болохыг дурдсугай.
  4. Хохирогч Б.Батжаргал нь хохирлын талаарх баримт ирүүлээгүй боловч шүүгдэгч Н.Оргилсайхан  нь хохирогчид 2300000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-т зааснаар  хохирогч Б.Батжаргал нь хойшид гарах эмчилгээний  зардлын талаархи нотлох баримтаа бүрдүүлэн  иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Н.Оргилсайханаас нэхэмжлэх эрхтэйг  заасугай.
  6. Эрүүгийн  хэрэг хянан  шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан цагаан саарал хөх өнгийн хөндлөн судалтай фудволкыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дундговь аймгийн шүүхийн Тамгын  хэлтэст шилжүүлсүгэй.
  7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Оргилсайханд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  8. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн  өмгөөлөгч гардуулснаас хойш 14 хоногийн  дотор давж заалдах гомдол гаргах, прокурор дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ                                        Г.МӨНХБАТ