Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2026 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 2026/ШЦТ/429

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

            Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Байгалмаа даргалж,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Даулетжан,

            улсын яллагч Ж.Энхжаргал /цахим/,

         шүүгдэгч С.Н нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

         Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Н-д холбогдох эрүүгийн 250504** дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

         Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1996 оны ** сарын **-ны өдөр *** аймгийн *** суманд төрсөн, 30 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 2, нөхрийн хамт амьдардаг, *** аймгийн *** сумын 2 дугаар баг *** тоотод оршин суух хаягтай боловч одоо *** дүүргийн **-р хороо, *** эцэст байрлах *** тоот нийтийн байранд амьдардаг, өмнө нь *** аймгийн *** сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны ** дугаар сарын ***-ний ** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон, *** аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны ** дүгээр сарын **-ны өдрийн ** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Т овгийн С-ын Н /РД:***/

          Холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/: Шүүгдэгч С.Н нь 2025 оны 09 сарын 01-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *** дүүргийн 11 дүгээр хороо *** тоот нийтийн байранд байхдаа Э.Б-г ямар нэгэн шалтгаангүйгээр зүүн гуя руу нь хутгаар хатгаж биед нь халдан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

        Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.Н нь 2025 оны 09 сарын 01-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *** дүүргийн 11 дүгээр хороо *** тоот нийтийн байранд байхдаа Э.Б-г ямар нэгэн шалтгаангүйгээр зүүн гуя руу нь хутгаар хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

      Дээрх үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Э.Б-н “2025 оны 08 дугаар сарын 31-ний өдөр найз С.Н-н гэрт нь очоод хоёр ширхэг пиво ууж эхэлсэн. 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр дахин пиво ууж байхад С.Н нь согтоод намайг гэрээсээ хөөгөөд байсан юм. Бид хоёр хоёулаа жаахан согтуу байсан. Би явах гээд дээл өмсөөд зогсож байхад С.Н нь босож ирээд ширээн дээр байсан ундааг аваад уух гэж байгаа юм байхдаа гэж бодсон чинь ширээн дээр байсан хутга аваад миний зүүн талын гуя руу шууд зоосон. Би тухайн үедээ бол хутга зоочихлоо гэж мэдээгүй байсан. Дээлээ өмсөж байгаад гуяны хэсэгт нойтон оргиод байхаар нь харсан чинь зүүн талын гуянаас маань цус гоожиж байсан. Би өөрийнхөө подволкоо ураад гуяа боогоод гараад явсан. Надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх 23 ху/, гэрч О.Л-ийн “Би 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр *** дүүргийн 11 дүгээр хороонд байрлах *** эцсийн тэнд өөрийн найз болох С.Н-н амьдардаг нийтийн байранд найз Ү Б, Э.Б, М.Э, С.Э нарын хамт архи ууж байсан. Нийт 2 литрийн шар айрагнаас 3 ширхэг, 0.75 литрийн хэмжээтэй Агар гэх нэртэй архи 1 шилийг ууж байсан. Тэгээд нэлээн халаад, согтоод байж байтал орой нэг мэдсэн чинь Э.Б андаа энийг хар даа гээд гуяа харуултал гуя нь цус болчихсон байсан. Тэгээд би нойлын цаасаар дарж өгсөн. Тэгээд эмнэлэг явъя гэтэл Э.Б би явахгүй ээ гэхээр нь бид хэд гадаа гарч үлдсэн архиа уусан. Тэр хооронд Э найз бас гуяа зүсүүлсэн гээд байж байсан. Тэгээд гадаа уух юмаа ууж байгаад орж унтаад сая сэрээд цагдаа дээр ирлээ” гэсэн мэдүүлэг /хх 30 ху/, хохирогчийн биед гуяны зүсэгдсэн гэмтэл бүхий хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон шинжээчийн ЕГ0725/11369 дугаартай дүгнэлт /хх 42-43 ху/, яллагдагч С.Н-н “*** дүүргийн 11 дүгээр хороонд байрлах *** тоот нийтийн байранд 2025 оны 09 дүгээр сарын 01-ний орой найз Э, Э, Э.Б, Б, Л нарын хамт цуглаж согтууруулах ундааны зүйл хэрэглэж эхэлсэн. Би нэг мэдсэн чинь тасарчихсан байсан. Нэг мэдсэн цагдаа нар ирсэн байсныг хараад ухаан орсон. Би цагдаа нар ирэхэд унтаж байсан. Манай гэрт Л, Б нар үлдсэн байсан. Бусад нь байхгүй болсон байсан. Цагдаа дээр очиход хохирогч Э.Б-н ээж нь чи миний хүүхдийг хутгалчихсан байна гэдгийг хэлсэн. Тэгээд өөрийгөө тийм зүйл хийснээ мэдсэн. Э.Б-с асуухад чи намайг гэрээсээ хөөгөөд гуя руу хутгалчихсан гээд хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх 52 ху/, шүүгдэгч С.Н-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөнХийсэн зүйлдээ гэмшиж байна. Цаашид дахиж ийм зүйл хийхгүй. Өнөөдрийн байдлаар 8 сартай жирэмсэн байгаа. Удахгүй аймагтаа очиж төрөхөөр төлөвлөж байна. Шүүхээс прокурорын шатанд тохиролцсон ялаар шийтгэж өгөхийг шүүхээс хүсэж байна” гэсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.

      Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгч С.Н-н хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

       Шүүгдэгч С.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирол төлбөргүй байдал нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч С.Н-д танилцуулсан зэрэг нь хуульд нийцсэн байна.

        Иймд шүүгдэгч С.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дах хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.

        Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.Б-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь “...Ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй. Сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй” /хх 85 ху/ гэсэн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

     Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдав.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

       1. Шүүгдэгч Т овгийн С.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

     2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

       3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

          4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

   5. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

         6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэ хуулийг зөвхөн ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.БАЙГАЛМАА