Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 58

 

 

 

 

 

 

 

                                   

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус  шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн  хуралдаанд

Нарийн бичгийн дарга Г.Нямаа

Улсын  яллагч Г.Хаш-Эрдэнэ

Шүүгдэгч Г.Гантөмөр нарыг оролцуулан  Дундговь  аймгийн  прокурорын  газрын  хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар мөрдөн байцаалт явуулан яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн Г.Гантөмөрт холбогдох эрүүгийн 1722000510019 тоот  хэргийг  2017 оны  10 сарын 02-ны  өдөр  хүлээн  авч  хэлэлцэв. 

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1968 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Дундговь аймгийн Адаацаг суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Дундговь аймгийн Адаацаг сумын 2-р баг “Замын булаг” гэх газарт оршин суудаг, урд ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, Боржигон овогт Гаваагийн Гантөмөр гэв.

 

Шүүгдэгч Г.Гантөмөр нь 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Дундговь аймгийн Адаацаг сумын 1-р баг “Өвөр-Урт” гэх газар иргэн Р.Нэргүйн  нуруун тус газар хутгалж, биед нь  хөнгөн  хохирол  учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн  хэлэлцүүлгээр  дараах  нотлох баримтуудыг  шинжлэн   судлав.  Үүнд:

1. Шүүгдэгч Г.Гантөмөр шүүхийн  хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Намайг 2017 оны 9 сарын 1-ний өглөө унтаж байхад Р.Нэргүй гэрт орж ирээд жаахан дарамтлаад нүүрэнд минь цохисон. Би чамтай ярихгүй гэж хэлээд буруу хараад хэвтсэн. Гэтэл цаад хүмүүс  нь аваад гарсан. Тэгтэл эргэж гэрт орж ирээд  миний хөнжлийг хуу татаад цус гараагүй байна гээд дахиад цохисон. Би орноосоо босоод хувцас өмсөх гэж байтал дэргэд хутга байсан. Яаснаа мэдэхгүй, нэг мэдсэн хутга бариад зогсож байсан. Хүмүүс намайг чи яаж байгаа юм бэ гэж байсан. Уурын мунхагаас болоод хүнд гэмтэл учруулсандаа гэмшиж байна. Би дахин ийм зүйл гаргахгүй. Өөр хэлэх зүйл байхгүй гэв.

2. Хохирогч Р.Нэргүйн “...Би Адаацаг сумын 3-р багт “Өвөр-Урт” гэдэг газар амьдардаг. Би  гэрээсээ 2017 оны 09 сарын 01-ний өдөр 08 цагийн орчим гараад саахалт айлын  Баатарцогт ахын гэрт очоод Баатарцогт ахыг унага уялцаад өг гэж хэлсэн. Баатарцогт ахынд Баатарцогт ахын эхнэр Болормаа, Гантөмөр, Гантөмөрийн эхнэр нар унтаж байсан. Баатарцогт ах сэрээд унага барилцъя гээд боссон чинь Гантөмөр унтаж байхад амгалан тайван байдал алдагдууллаа гээд уурлаад босоод ирсэн . Бид хоёр энэ асуудлаас болоод маргалдаж байтал Гантөмөр над руу хутгалсан. Тэгээд Баатарцогт ахынхаас эмнэлэг дуудаад эмнэлэг дээр ирсэн....” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10/

3. Гэрч С.Оюунзүмийн “.....Би 2017 оны  09 сарын 01-ний өдөр Баатарцогтын гэрт унтаж байхад 08 цагийн орчим  Нэргүй орж ирээд  манай нөхөртэй муудалцаад байсан.  Тэгээд муудалцаж байгаад манай нөхөр Гантөмөр чанасан махан дээр байсан хутгыг аваад зүүн далны орчим  хутгалсан. Тэгээд эмнэлэг дуудаад сумын эмнэлэг рүү явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12/

4. Гэрч Д.Баатарцогтын “....  Би 2017 оны  09 сарын 01-ний өдөр гэртээ унтаж байсан чинь Нэргүй гэрт орж ирээд намайг унага таталцъя гээд дуудсан. Тэр хооронд Нэргүй, Гантөмөр 2 хоорондоо маргалдаад байх шиг байсан. Би ч юу болсныг нь нээх тоохгүй байж байхад Гантөмөр Нэргүйг чанасан махан дээр тавьсан байсан хутгыг аваад  зүүн дал орчимд хутгалчихсан. Тэгээд сумын эмнэлэг дуудаад эмнэлэгт Нэргүйг авчирсан.  Би Гантөмөр Нэргүй 2 хоорондоо яагаад муудалцсаныг нь мэдээгүй. Унтаж байгаа хүнийг сэрээснээс болсон байх гэж бодож байна. Гантөмөр, Нэргүй 2 урьд муудалцаж байсан асуудал байхгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 13/

5. Гэрч Д.Амгалан –Энхийн “....Би 2017 оны  09 сарын 01-ний өдөр 08:16 цагт   Адаацаг сумын 3-р баг, Өвөр уртад хүн хутгуулчихлаа гэх дуудлага аваад уг газарт  09 цаг 20 минутанд очиход өвчтөний биеийн байдал дунд зэргийн ухаан саруул байсан.  Өвчин намдаах тариа хийгээд үзлэгийг хийхэд  биеийн зүүн тал далны орчимд зүсэгдсэн шархны амсар дээр цус нь өтгөрсөн буюу  эрхтэн  систем хэвийн байсан. Уг шарх нь 7 см урттай, 1см-ийн гүнтэй байсан. Шархыг цэвэрлээд эмнэлэг дээр авчирахдаа  даралттай боолт хийж өвчтөнийг тээвэрлэж ирсэн. Тээвэрлэх явцад хүндрэл гараагүй, дахин цус алдаагүй.....” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/

6. Гэрч Х.Болормаагийн “...Би 2017 оны  09 сарын 01-ний өдөр гэртээ цай чанаад байж байхад 08 цагийн орчим Нэргүй орж ирээд Гантөмөрийг унтаж байхад нь Нэргүй хөнжлийг нь хуу татаад  бос гээд байсан. Гантөмөр хүний амгалан тайван байдал алдагдууллаа гээд Нэргүйд уурласан. Нэргүй Гантөмөр хоёр энэ асуудлаас болоод  муудалцаж байгаад  Гантөмөр уурандаа чанасан махан дээр байсан хутгыг аваад Нэргүйн зүүн далны орчим нь хутгалсан. Тэгээд эмнэлэг дуудаад сумын эмнэлэг рүү явсан. Би эмнэлэг явсных нь дараа гэрт цус гоожсон байхаар нь гэрээ цэвэрлэсэн ....” гэх мэдүүлэг /хх-ийн 16/

7. Гэрч А.Должинсүрэнгийн “.... Манай дүү Гантөмөр нь багадаа ээжийн төрсөн ах Гаваа гэдэг хүнд өргүүлсэн юм. Дүү маань их томоотой, үг дуу цөөнтэй , юманд их хүлээцтэй ханддаг олны дунд биеэ зөв авч явдаг....” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/

8.2017 оны  09 сарын 05-ны өдрийн 170200266 дугаартай шинжээчийн дүгнэлт:

  • Р.Нэргүйн биед цээжний зүүн талын суганы арын  шугамаар 4-5-р хавирганы түвшинд цээжний хөндий рүү нэвтрээгүй зүсэгдэж хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо.
  • Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар саринуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  • Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  • Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 20/

9.Хэрэгт авагдсан  бусад бичгийн баримт зэргийг  шинжлэн судлав.

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудыг  мөрдөн байцаалтын  шатанд  Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан  үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж  шийдвэрлэлээ.

Шүүхийн  хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар шүүгдэгч Г.Гантөмөр нь 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Дундговь аймгийн Адаацаг сумын 1-р баг “Өвөр-Урт” гэх газар Р.Нэргүйн нуруун тус газар хутгалж, биед нь  хөнгөн хохирол учруулсан болох нь  тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Г.Гантөмөрийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт  хэргийг  үйлдсэн гэм  буруутайд тооцлоо.

Шүүгдэгч Г.Гантөмөр нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас  анх удаа гэмт хэрэг  үйлдсэн,  гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн зэрэг нь  Эрүүгийн хуулийн  6.5 дугаар  зүйлийн  1.1, 1.2 дахь хэсэгт заасан  эрүүгийн  хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй  байна.

Дээр дурдсан  эрүүгийн  хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, прокурорын саналыг  харгалзан  шүүгдэгч Г.Гантөмөрт  Эрүүгийн  хуулийн  11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон ял оногдуулахаар шийдвэрлэлээ. Шүүгдэгч Г.Гантөмөрт торгох ял  оногдуулахдаа уг зүйл хэсэгт  заасан  торгох  ялын  доод хэмжээгээр оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Энэ хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан цэнхэр алаг  өнгийн иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газарт шилжүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн  хөрөнгөгүй, шүүгдэгч  нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хохирогч Р.Нэргүйд 130000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Боржигон овогт Гаваагийн Гантөмөрийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай  учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Шүүгдэгч Боржигон овгийн Гаваагийн  Гантөмөрт 450 нэгж буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч Г.Гантөмөр нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж,  шүүгдэгч Г.Гантөмөр нь хохирогч Р.Нэргүйд 130000 төгрөг төлсөн ба хохирогч Р.Нэргүй нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг дурдсугай.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цэнхэр цагаан алаг өнгийн  иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газарт шилжүүлсүгэй.
  5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Гантөмөрт урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ                                        Г.МӨНХБАТ