| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жанчивсүрэнгийн Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 2111008220738 |
| Дугаар | 2022/ДШМ/34 |
| Огноо | 2022-01-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Р.Энх-Оюун |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 2022/ДШМ/34
2022 01 04 2022/ДШМ/34
Б.Ст холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч М.Алдар, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Р.Энх-Оюун,
шүүгдэгч Б.С,
нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/575 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Сийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2111008220738 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Ч овгийн Б-ийн С, 2001 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “***” ХХК-д түгээлт угсралтын ажилтай, ам бүл 5, өвөг эцэг, эмэг эх, эгч, дүү нарын хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сум, *** дүгээр баг, *** дугаар гудамжны *** тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн *** дүгээр хороо, *** ХХК-ийн байрны *** тоотод оршин суух, /РД:/,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, 2020 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 159 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан;
Шүүгдэгч Б.С нь 2021 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, “Макс таур” барилгын хойно барилга угсралтын ажил хийж байхдаа хог цэвэрлэж ачихаас болж маргалдан улмаар иргэн У.Мийг зодож, эрүүл мэндэд нь “тархины баруун тал бөмбөлгийн духны дэлбэнгийн кортикал давхаргад цэгчилсэн цус хуралт, хүзүү мөрөнд зулгаралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Б.Сийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Чонод овгийн Батхишигийн Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ст 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар Б.Сээс нийт 304,130 төгрөгийг гаргуулан хохирогч Баянзүрх дүүргийн 23-р хороо, Баатархайрханы 2-223 тоотод оршин суух Мөнх овогт Уранзулын М /УК01291331/-д олгож, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.С давж заалдах гомдолдоо болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би Хөвсгөл аймгийн Мөрөн суманд оршин суух бүртгэлтэй боловч Улаанбаатар хотод оршин сууж, “Жи Энд Эм Стар” ХХК-д түгээлт угсралтын ажлыг хийж гүйцэтгэж, ар гэрээ тэжээн тэтгэдэг. Мөн банк санхүүгийн өндөр зээлтэй, 7 хоногийн 6 өдөр 9 цагаар ажил хөдөлмөр эрхэлдэг. Оногдуулсан ялыг биелүүлэхэд одоо ажиллаж буй байгууллагаас чөлөө өгөх боломжгүй болж, би цаашид тус газар хөдөлмөр эрхлэх боломжгүй нөхцөл байдал үүсч байгаа тул хувийн байдлыг харгалзан үзэж торгох ял оногдуулж өгнө үү” гэв.
Прокурор Р.Энх-Оюун тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.Сийн үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримт болон гэм буруугийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад нотлогдож тогтоогдсон. Улсын яллагчийн зүгээс шүүх хуралдааны явцад торгуулийн ял оногдуулах санал гаргасан. Гэтэл Б.С нь торгуулийн ялыг төлөх боломжгүй гэдгээ илэрхийлсэн. Тиймээс шүүх түүний хохирол нөхөн төлөөгүй байдал торгуулийн ялыг төлөх боломжгүй гэсэн санал зэргийг үндэслэж түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 575 дугаартай шийтгэх тогтоолыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа тул хэвээр үлдээх саналтай байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.С нь 2021 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, “Макс таур” барилгын хойно барилга угсралтын ажил хийж байхдаа хог цэвэрлэж ачихаас болж маргалдан улмаар иргэн У.Мийг зодож, эрүүл мэндэд нь “тархины баруун тал бөмбөлгийн духны дэлбэнгийн кортикал давхаргад цэгчилсэн цус хуралт, хүзүү мөрөнд зулгаралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч У.Мийн “...2021 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо Макс Таур барилгын хойно байрлах барилга угсралтын ажил дээрээ байж байтал манай байгууллагад ажилладаг С, Цолмон 2 ирээд бид хоёрыг 3,4 дүгээр хороололд ажилд авч явна гээд ирсэн ба хороолол хурдан явахын тулд бид 2-н хогийг цэвэрлэлцсэн юм. Тухайн үедээ Сумъяа нэг давхарын цонхоор хогоо эмх замбараагүй шидчихээд намайг уг цонхоор шидсэн хогнуудаа машинд аччих гэхээр нь би “чи өөрөө аччих” гэж хэлтэл над руу уурлаад “яасан гэнээ” гээд цонхоор үсрээд буугаад ирэхээр нь би ч гэсэн “чи өөрөө яасан гэнээ” гээд хэлтэл “чиний эгч чинь энэ байгууллагад ажилладаг байх чинь надад хамаагүй шүү” гээд миний хүзүүг гараараа хумсаа шигтгэж базаж байгаад түнх базахаар нь би түүнийг болиулах гээд гар луу нь цохисон чинь Сумъяа зөрүүлээд миний нүүр лүү гараараа хэдэн удаа гэдгийг нь сайн санахгүй байна хэд, хэдэн удаа цохих шиг болсон ба тэр үед нь би ч гэсэн түүнийг зөрүүлээд хэд, хэдэн удаа цохисон юм. Тэгээд барьцалдаж байж байгаад би түүний доор нь ороод уначихсан ба Сумъяа миний дээр гараад хөлөөрөө толгой руу 1 удаа жийгээд, толгой руу хэд, хэдэн удаа алгадахаар нь Одко ах боль гэж хэлээд салгасан юм...” /хх 5-8/,
гэрч Э.Оийн “...2021 оны 7 дугаар сарын 5-ны өдөр М бид хоёр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо “Макс таурын” хойно байрлах “Номын дэлгүүр” нэртэй дэлгүүрт сандал угсралтын ажил хийгээд 18 цагийн үед ажпаа дуусаж байтал гаднаас миний ажиллаж байсан газрын үндсэн 2 ажилтан болох Сумъяа, Цолмон нар ирсэн юм. Бид 4 хог ачиж байхад Сумъяа Мийг гадаа байгаа хогийг аччих гээд хэлсэн чинь М өөрөө хий гэж хэлсэн чинь тэр 2 барьцалдаж аваад М эхлээд Сумъяагийн нүүр лүү нь нэг удаа цохиж эхэлсэн ба тэр үед Сумъяа хариу үйлдэл үзүүлэлгүй зүгээр Мийн хүзүүг нь боохоор нь би дундуур нь ороод салгасан чинь миний 2 талд зогсчихоод хэрэлдэж байгаад дахин зодолдож эхлэхээр нь Цолмон бид 2 дахиад салгатал дахин бие бие рүүгээ дайрч байгаад зодолдсон ба тэр үед Сумъяа Мийг өргөж нуруугаар нь газар унагаагаад нүүр лүү нь хэд, хэдэн удаа алгадахаар нь бид 2 салгасан юм...” /хх 19/,
шинжээч эмч Ц.Нийн “тухайн шинжлүүлэгч У.Мийн биед 2021 оны 7 дугаар сарын 6-ны болон 9-ний комьпютер томографийн шинжилгээнд хамар ясны хуучин хугаралтай гэж дүгнэснийг үндэслэн хамар ясанд гэмтэлгүй тул дүгнэлтэд тусгахгүй. Хэрэв хуучин хугаралтай байгаад дээр нь шинэ хугарал үүссэн бол шинэ, хуучин хугарал хавсарсан гэж дүгнэлтэд тусгах ёстой. Тиймээс хамар ясанд гэмтэл учраагүй.” /хх 29/ гэх мэдүүлгүүд,
“У.Мийн биед тархины баруун тал бөмбөлгийн духны дэлбэнгийн кортикал давхаргад цэгчилсэн цус хуралт, хүзүү мөрөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 6130 дугаартай дүгнэлт /хх 23-25/,
хохирлын баримт /хх 45-47/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Б.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүх, шүүгдэгч Б.Сийг У.Мийг зодож, эрүүл мэндэд нь “тархины баруун тал бөмбөлгийн духны дэлбэнгийн кортикал давхаргад цэгчилсэн цус хуралт, хүзүү мөрөнд зулгаралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Анхан шатны шүүх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ст 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тус тус тохирсон байна.
Шүүгдэгч Б.Сийн “...хувийн байдлыг харгалзан үзэж торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заажээ.
Шүүгдэгч Б.С нь анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирол төлбөр болон торгуулийн ялыг санхүүгийн боломжгүй байдлаас шалтгаалж төлж барагдуулах боломжгүй” гэж мэдүүлсэн байх бөгөөд шүүх дээрх шүүгдэгч Б.Сийн мэдүүлэг болон түүний хувийн байдлыг харгалзан үзэж нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэснийг ял хүндэдсэн гэж үзэхгүй бөгөөд давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт дээрх нөхцөл байдал арилаагүй байх тул торгох ял оногдуулах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.
Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Сийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/575 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Сийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ