Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 1919

 

 

Т.Ш-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2019/02477 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Т.Ш-ын хариуцагч Б.Б-д холбогдуулан гаргасан хууль бус эзэмшлээс автомашин гаргуулах тухай үндсэн, автомашинд учирсан хохиролд 11 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т, хариуцагчийн өмгөөлөгч С.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч Т.Ш шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Т.Ш нь иргэн Б.Т-ын хамт 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Ховд аймгаас Улаанбаатар руу ирж явахдаа Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах эмээлтийн зам дээр осол гаргасан. Осол гарах үед Т.Ш-ын эзэмшлийн “Ланд круйзер 80” /Land cruiser 80/ маркийн 39-99 ХОА улсын дугаартай автомашиныг Б.Туяабадрах жолоодож явсан ба хариуцагч Б.Б-ийн “Ланд круйзер 200” /Land cruiser 200/ маркийн 72-72 УНД улсын дугаартай автомашинтай мөргөлдөж зам тээврийн осол гаргасан. Осол болоход “Ланд круйзер 200” /Land cruiser 200/ маркийн автомашиныг Б.Б-ийн хадам аав нь унаж явсан бөгөөд Б.Б өөрөө ослын газар ирсэн. Ингээд Б.Б нь эмээлтийн замын хажууханд байх өөрийн обьектдоо нэхэмжлэгчийн “Ланд круйзер 80” /Land cruiser 80/ маркийн автомашиныг авч үлдээд маргааш нь уулзаж хохирол гомдлоо тохирцгооё гээд салсан. Гэтэл хариуцагч өөрийн автомашины засварын хөлс гэж хэт их хэмжээний буюу 12 682 000 төгрөгийг нэхэмжилсэн. Бид хохирлын үнэлгээн дээр маргасан учир хариуцагч нь шүүхэд хандсан. Гэвч нэхэмжлэгчийн зүгээс Сонгинохайрхан дүүргийн замын цагдаагийн хэлтэст өргөдөл гаргаж зам тээврийн ослын буруутай жолоочийг тогтоож өгөхийг хүссэн боловч осол гарахад аль жолоочийн буруутай гэдгийг тогтоох боломжгүй гээд өргөдлийг хүлээн авахаас татгалзсан ба өөрийнхөө автомашиныг чөлөөлүүлэх асуудлаар Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст ханд гэсэн. Талууд цагдаа болон прокурорын байгууллагаар маргаанаа шийдвэрлүүлэхээр хөөцөлдсөн боловч эцэстээ Зөрчлийн хэрэг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол гарснаар уг гарсан зам тээврийн осолд хэн буруутайг цагдаагийн байгууллага тогтоож чадаагүй. Нэгэнт цагдаа, прокурорын байгууллагаас ослын буруутай этгээдийг тогтоохгүй, хэргийг хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгч Т.Шнь өөрийн өмчлөлийн “Ланд круйзер 80” /Land cruiser 80/ маркийн 39-99 ХОА улсын дугаартай автомашиныг хариуцагч Б.Б-ийн хууль бус эзэмшлээс гаргаж өгнө үү. Хариуцагч анх өөрийн автомашинд учирсан хохиролд 12 682 000 төгрөг нэхэмжилж, шүүх хуралдаанд 11 000 000 төгрөг болгон багасгасан байна. Нэхэмжлэгчийн зүгээс сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Учир нь нэхэмжлэлийг хуульд заасны дагуу нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гаргасан. Хэрэгт авагдсан лавлагаанаас үзэхэд “Ланд круйзер 200” /Land cruiser 200/ маркийн автомашины өмчлөгч нь Б.Б биш, өөр хүн байна. Зам тээврийн осол хэний буруугаас болж гарсныг хуулийн байгууллага албан ёсоор тогтоогоогүй, тогтоосон бичиг баримт байхгүй. Мөн Т.Ш-ын автомашиныг Б.Т жолоодож яваад осол гаргасан. Тийм учраас Б.Б нь буруу хүнээсээ хохирлоо нэхэмжилж байна. Иймд үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 19 цагт миний эзэмшлийн “Ланд круйзер 200” маркийн 72-72 УНД улсын дугаартай автомашиныг миний хадам аав болох Б.М жолоодож явахад нэхэмжлэгчийн “Ланд круйзер 80” маркийн 39-99 ХОА улсын дугаартай машин жолоочийн эсрэг талаас хурдтай орж ирээд мөргөсөн. Ослын улмаас машины хоёр хаалга, урд купер, хойд бөгсний гэрэл, хойд хонго, гишгүүр, урд их гэрэл, доод цап зэрэг эд ангиуд эвдэрч, гэмтэн тэнхлэг тохиргоо алдагдсан. Эдгээр эд ангиудыг “Х” ХХК болон “Т” ХХК-д оношлогоо хийлгэн засуулахад нийтдээ 12 682 000 төгрөг зарцуулсан. Осол болсны дараа манай хадам аав над руу утсаар ярьсан учир би ослын газар шууд өөрөө биеэр очсон. Намайг очиход “Ланд круйзер 80” маркийн 39-99 ХОА улсын дугаартай автомашины эзэн Т.Ш, түүнтэй хамт явсан Б.Т нар хоёулаа “би барьж явсан, би барьж явсан” гээд байсан. Тухайн үедээ тэр хоёр хоёулаа согтуу байсан бөгөөд бид хоёр хохирол төлбөрийг чинь маргааш төлнө. Цагдаа битгий дууд, эрх хасчихна, ах нар нь хүний гавьяат эмч хүмүүс учир чамайг ямар ч байсан хохироохгүй гэж хэлж, амалж байсан нь бичлэгт хийсэн үзлэгийн тэмдэглэлээр нотлогдож байгаа. Түүнчлэн Т.Ш нь өөрөө бичгээр би хохирлыг төлнө гэж бичиж өгсөн баримтуудыг хэрэгт өгсөн байгаа. Нэгэнт зам тээврийн осол Т.Ш-ын буруутай үйлдлээс болж гарсан учир би өөрийн автомашиныг засварлуулахад гарсан зардлыг түүнээс нэхэмжилж сөрөг нэхэмжлэл гаргасан. Анх 12 682 000 төгрөгийг нэхэмжилж байсан. Гэвч нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхээс томилогдон ажилласан шинжээч 11 000 000 төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэсэн учир би өөрийн шаардлагаа 11 000 000 төгрөг болгон багасгаж байна. Иймд 11 000 000 төгрөгийг нэхэмжлэгч Т.Ш-аас гаргуулж өгнө үү. Нэхэмжлэгч тал машиныг Б.Т барьж явсан, тэр хүн хариуцна гэж байгаа ч энэ талаар ямар ч баримт байхгүй. Тэгээд ч Т.Ш өөрөө би хохирлыг төлнө гэж бичиг хийсэн тул тэрээр миний автомашинд учирсан хохирлыг хариуцах үүрэгтэй. Үндсэн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. “Тоёото ланд круйзер 80” маркийн 39-99 ХОА улсын дугаартай автомашиныг Т.Шөөрөө сайн дураараа барьцаа болгож хариуцагчийн эзэмшилд шилжүүлэн өгсөн. Тэгээд ч уг автомашин ослын улмаас явж болохгүй болсон, одоо хариуцагчийн гараашид байж байгаа. Нөгөөтэйгүүр осол болсны дараа Б.Б нь уг автомашиныг Иргэний хуульд заасны дагуу өөртөө тусалж барьцаалан авсан ч гэж үзэх үндэслэлтэй байгаа. Харин Т.Ш хариуцагчийн автомашинд учруулсан хохирлоо бүрэн төлчих юм бол буцаагаад өгчих бололцоотой гэжээ. 

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан 39-99 ХОА улсын дугаартай, “Тоёота ланд круйзер 80” /Toyota land cruiser 80/ автомашиныг хариуцагч Б.Б-ийн хууль бус эзэмшлээс гаргуулж нэхэмжлэгч Т.Ш-т олгож, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Ш-аас 11 000 000 төгрөгийг гаргуулан хариуцагч Б.Б-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282 950 төгрөг, хариуцагчаас төлсөн 217 862 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-оос 282 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгч Т.Ш-аас 190 950 төгрөгийг гаргуулан хариуцагчид тус тус олгож шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т давж заалдах гомдолдоо:

…Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх “…2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр зам тээврийн осол гарахад 39-99 ХОА улсын дугаартай. “Тоёота ланд круйзер 80” автомашиныг Т.Ш жолоодож явсан, мөн осол түүний буруутай үйлдлээс шалтгаалан гарсан гэж дүгнэхээр байна" гэж дүгнэснийг огтхон ч хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь зам тээврийн осолд яг хэн нь буруутай гэдгийг хуулийн байгууллага албан ёсоор тогтоогоогүй. Өөрөөр хэлбэл зам тээврийн ослын талаар замын цагдаагийн албанаас зохих ажиллагаа хийгдэж, улмаар прокурорын байгууллагаас уг зам тээврийн ослын буруутай этгээдийг тогтоож эрүүгийн шүүх гэм бурууг эцэслэн шийдвэрлээгүй атал иргэний шүүх зам тээврийн ослын дүгнэлтийг хийж улмаар Т.Ш-ыг гэм буруутай гэж тогтоож, цаашлаад хохирлыг Т.Ш-аас гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.

Мөн шүүхээс уг дүгнэлтээ зөвтгөх үүднээс "Нөгөөтэйгүүр тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэйг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт заасан байдаг нэхэмжлэгч Т.Ш хариуцлагаас чөлөөлөгдөхгүй” гэж дүгнэж байгаа нь таамагт үндэслэж, арга ядсан дүгнэлт хийж байна гэж үзэхээр байна. Хэрвээ тээврийн хэрэгслийн жолоо шилжүүлсэн үйлдэл нь тогтоогдож байвал тухайн үйлдэлдээ л хариуцлага хүлээхээс биш уг тээврийн хэрэгслийн жолоодож явсан хүний буюу Б.Т-ын өмнөөс хариуцлага хүлээх хууль зүйн үндэслэлгүй юм. Түүнчлэн 72-72 УНД улсын дугаартай, Тоёота ланд круйзер 200 маркийн автомашины өмчлөгч нь Б.Б биш учир сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхгүй гэж үзэж байна.

Иймд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

            Нэхэмжлэгч Т.Ш нь хариуцагч Б.Б-д холбогдуулан хууль бус эзэмшлээс автомашин гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, автомашинд учирсан хохиролд 11 000 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

            “Ланд круйзер 80” маркийн 39-99 ХОА улсын дугаартай автомашины эзэмшигч нь Т.Шболох талаарх баримт хэрэгт авагдсан, уг автомашин хариуцагчийн эзэмшилд байгаа нь тогтоогджээ.

 

            Хариуцагч нь нэхэмжлэгчийг сайн дураараа автомашинаа үлдээсэн гэх боловч хохирлоо төлбөл автомашиныг нь өгөхөд татгалзахгүй гэж тайлбар гаргажээ. Нэхэмжлэгч нь автомашинаа сайн дураар үлдээсэн гэх баримт хэрэгт авагдаагүйгээс гадна хохирлоо шаардалгүйгээр автомашиныг өөрийн эзэмшилд байлгаж байгаа нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт нийцэхгүй тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар шүүх хариуцагчийн хууль бус эзэмшлээс автомашиныг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

            Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн тухайд 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Эмээлтийн замд зам тээврийн осол гарсан үйл баримтын талаар талууд маргаагүй, харин хэний буруутай үйлдлийн улмаас учирсан хохирлыг хэн хариуцах талаар зохигчид маргаж байна.

 

            Осол гарсан өдөр буюу 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэгч Т.Ш нь “... энэ машины эвдрэлийг бүрэн барагдуулна. Энэ хугацаанд ямар нэгэн асуудал гаргахгүй зохицно” гэж гараар бичсэн бичгийн баримт хэрэгт авагджээ. Мөн осол гарсан даруйд Замын цагдаагийн газарт дуудлага өгсөн боловч Т.Ш, Б.Т нар нь дуудлагыг буцаахыг хүсч, хохирол төлбөрийг барагдуулахаа илэрхийлснийг баримтжуулсныг шүүхийн үзлэгийн тэмдэглэлээр баталгаажуулсан байна. /хх97-98/

 

Хэргийн газарт эрх бүхий этгээдээр ослын акт үйлдүүлж, буруутан этгээдийг тогтоолгохоос нэхэмжлэгч өөрөө татгалзан, автомашинд учирсан хохирлыг төлөхийг зөвшөөрсөн байна. Иймд буруутай этгээд тогтоогдоогүй байхад хохирол төлүүлсэн гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасныг хангах боломжгүй.

 

2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 03/23/19 тоот шинжээчийн дүгнэлтээр тогтоосон хохирлын үнэлгээгээр 72-72 УНД улсын дугаартай “Ланд круйзер 200” маркийн автомашин 11 000 000 төгрөгийн эвдрэлтэй болох нь тогтоогдсон байна. /хх67-71/

 

            Хэрэгт Авто тээврийн үндэсний төвөөс шүүхэд ирүүлсэн тээврийн хэрэгслийн лавлагаагаар 72-72 УНД улсын дугаартай “Ланд круйзер 200” маркийн автомашины өмчлөгч нь Б.Б болох нь нотлогдсон /хх107-108/ тул нэхэмжлэгч Т.Ш нь хариуцагч Б.Б-ийн автомашинд учирсан хохирлыг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт заасны дагуу нөхөн төлөх үндэслэлтэй, шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь зөв.

 

            Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2019/02477 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                      ШҮҮГЧИД                                     Ч.ЦЭНД

 

А.ОТГОНЦЭЦЭГ