Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 62

 

 

 

 

 

 

 

                                   

 

 

 

 

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус  шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн  хуралдаанд

Нарийн бичгийн дарга Г.Нямаа

Улсын  яллагч Т.Төмөртулга

Хохирогч С.Должинсүрэн

Шүүгдэгч Г.Насан-Эрдэнэ нарыг оролцуулан  Дундговь  аймгийн  прокурорын  газрын  хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар мөрдөн байцаалт явуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Насан-Эрдэнэд холбогдох эрүүгийн 1722000000023 тоот  хэргийг  2017 оны  10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хэлэлцэв. 

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын 3-р баг “Сайн гашуун” гэх газар нутаглах, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Боржигон овгийн Готовын Насан-Эрдэнэ /РД:ЗН87090310/

Шүүгдэгч Г.Насан-Эрдэнэ нь 2017 оны 9 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө 04 цагийн үед Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын 3-р баг “Сайн гашуун” гэх газар эхнэр болох С.Должинсүрэнтэй хувийн таарамжгүй харьцаанаас болж маргалдан улмаар зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн  хэлэлцүүлгээр  дараах  нотлох баримтуудыг  шинжлэн   судлав.  Үүнд:

  1. Шүүгдэгч Г.Насан-Эрдэнэ  шүүхийн  хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй  гэв.

2. Яллагдагч Г.Насан-Эрдэнийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би Цагаандэлгэр сумын 3-р багийн нутаг “Сайн гашуун” нэртэй газар гэртээ 2017.09.13-наас 2017.09.14-нд шилжих шөнө 04 цагийн орчимд эхнэр болох Должинсүрэнтэй хоорондоо маргалдаад тэгээд би эхнэрээ толгойн зүүн хэсэгт нь гараараа 2 удаа цохиж зодсон. Дараа нь баруун талын гуя руу нь хөлөөрөө нэг удаа өшиглөж зодсон юм. Тэгээд манай эхнэрийн ээж  болох хадам Алтанцэцэг гомдол гаргасан байсан. Би эхнэрээ зодсондоо гэмшиж байна. Дахиж ийм асуудал гаргахгүй. Тухайн үед манай гэрт гаднаас хүн байгаагүй яваад өгсөн хойно нь ийм асуудал болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22/

3. Хохирогч С.Должинсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдөр манайд Ганбаяр, Мөнхзул, Цэрнээ гэсэн гурван хүн 2 пиво, нэг шил архитай ирж бид 5-уул уусан. Тэгээд би архи уухгүй гэсэн чинь манай хүн архи уусангүй, асгалаа гэхээр нь би гараад явчихсан. Гэрээсээ зүүн  урагш  гарч  хөдөө хэвтэж байгаад жоол унтаж байгаад өглөөгүүр даараад байхаар нь гэртээ ирсэн чинь Мөнхзул Ганбаяр хоёр явчихсан. Цэрнээ байж байсан. Тэгтэл нөхөр өөдөөс хүрч ирээд л намайг цохиод авсан.  Тэр улсуудтай хардаж зодсон  байх гэж бодож байна. Миний толгойны зүүн талруу 2 дахиж гараараа цохиод баруун гуяруу өшиглөсөн.  Өмнө нь нэг алгадаж байсан.  Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэв.

4. Гэрч Р.Алтанцэцэгийн “....Манай отгон охин С.Должинсүрэн нь Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын 3-р баг Их Залаагийн уулын зүүн талд хөдөө гэртээ  2017 оны 09 сарын 13-ны өдөр гэр бүлийн гишүүн болох хамтран  амьдрагч  Г.Насан-Эрдэнэд зодуулсан байсныг би 2017 оны  09 сарын 15-ны орой утсаар мэдээд 2017 оны 09 сарын 16-ны орой Должинсүрэн, Насан-Эрдэнэ нарыг Говьсүмбэр аймагт авчирсан. Тэгээд 2017 оны 09 сарын 17-ны өглөө цагдаад хандаж байгаа юм.  Миний хувьд хайрлаж өсгөсөн отгон охин С.Должинсүрэнг зодуулсанд гомдолтой байсан боловч , охин маань өөрөө Г.Насан-Эрдэнэ гэж хүнд хайртай, Насан-Эрдэнэ нь охиныг ахиж зодохгүй гэж байгаа бөгөөд энэ хоёр хамтран амьдрах хүсэлтэй байх шиг байна. Тийм учраас би энэ удаа гомдлоо буцааж байна..... ” гэх мэдүүлэг /хх-ийн 11/

5.2017 оны 09 сарын 18-ны өдөр 337 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

- С.Должинсүрэнгийн биед тархи доргилт, зүүн нүдний зовхи, зүүн, баруун бугалганд  цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

- Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн  гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 13/

5. Хэрэгт цугларсан бусад бичгийн болон эд мөрийн баримтуудыг шинжлэн судлав.

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудыг  мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын  дагуу цуглуулж  бэхжүүлж авсан байх  тул  шүүх нотлох баримтаар  үнэлж  шийдвэрлэлээ.

Шүүхийн  хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар шүүгдэгч Г.Насан-Эрдэнэ нь 2017 оны 9 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө 04 цагийн үед Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын 3-р баг “Сайн гашуун” гэх газар эхнэр болох С.Должинсүрэнтэй хувийн таарамжгүй харьцаанаас болж маргалдан улмаар зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь  тогтоогдож байна.  

Иймд шүүгдэгч Г.Насан-Эрдэнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт  хэргийг  үйлдсэн гэм  буруутай байна  гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Насан-Эрдэнэ нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас  анх удаа гэмт хэрэг  үйлдсэн нь  Эрүүгийн хуулийн  6.5 дугаар  зүйлийн  1.1 дэх хэсэгт заасан  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй  байна.

Дээр дурдсан  эрүүгийн  хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, прокурорын саналыг  харгалзан  шүүгдэгчид Эрүүгийн  хуулийн  11.6 дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох ялыг сонгон ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Г.Насан-Эрдэнэд торгох ял  оногдуулахдаа уг зүйл хэсэгт  заасан  торгох  ялын  доод хэмжээгээр оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн  хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй,  хохирогч С.Должинсүрэн нь “...гомдол саналгүй, нэхэмжлэх  зүйлгүй ...” гэснийг   тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3 дугаар зүйлийн 1,  36.4, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

  1. Шүүгдэгч Боржигон овгийн Готовын Насан-Эрдэнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон  овгийн Готовын Насан-Эрдэнэд дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч Г.Насан-Эрдэнэ нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч С.Должинсүрэн хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
  4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Насан-Эрдэнэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  5. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн  өмгөөлөгч гардуулснаас хойш 14 хоногийн  дотор давж заалдах гомдол гаргах, прокурор дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ                                        Г.МӨНХБАТ