Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 36

 

          

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн дарга: Н.Бат-Эрдэнэ

Улсын яллагч: Т.Төмөртулга

Шүүгдэгч: Д.Отгонбаяр нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.Отгонбаярт холбогдох 1712000000002 тоот хэргийг 2017 оны 8  сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 1985.12.16-нд төрсөн, эр, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, хувиараа авто засвар эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт одоо Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р баг Худалдааны 2-1 тоот, Өмнөговь аймаг Даланзадгад сум 2-р баг Хан-Уулын 4-4 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:КЮ85121614/ Ламзав овогт Долгорсүрэнгийн Отгонбаяр нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн 11.6 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр талуудын хүсэлтээр нотлох баримт шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Прокурор яллах дүгнэлтдээ “яллагдагч Д.Отгонбаяр нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар баг Худалдааны 2 дугаар байранд 2017 оны 7 сарын 2-ны өдөр өөрийн эхнэр болох С.Отгонпүрэвтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар өөрсдийн хүүхэд болох О.Золбаярыг газар унагаан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэхээр тогтоож” , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргаж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна. /хх-47, 48/

            Шүүгдэгч Д.Отгонбаяр нь 2017 оны 7 сарын 2-ноос 3-нд шилжих шөнө 22 цагийн орчимд  хамтран амьдрагч С.Отгонпүрэвтэй  хэрүүл маргаан үүсгэсэн, С.Отгонпүрэвтэй маргалдаж байх явцдаа 17 хоногтой О.Золбаярыг унагаж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь дараахь баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

  • Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Отгонпүрэвийн “хүүхэдтэй болсон гээд баярласан юм уу шөнө 22 цагийн үед Цоглог дэлргүүрт галч ажилтай Эрдэнэхүү ахтай хамт халамцуу орж ирээд 2 шил архи хувааж уугаад Эрдэнэхүү ах унтаад өгсөн. Намайг унтаж байтал миний унтаж байсан өрөөнд орж ирээд Дундговийнхон юм үзээгүй, мөн миний өмнө сууж байсан нөхөр Улаанаа гэх залуутай хардаад загнаад байсан. Тэгээд би унтах гэхээр унтуулахгүй татаж босгоод загнаад байхаар нь би аргадаж байгаад унтаад өгсөн. Өглөө 5 цагийн орчимд цай уух гээд бостол унтаж байсан 17 хоногтой нярай хүүхэд угз татаж аваад гарах гээд байхаар нь би хүүхдээ авч үлдэх гээд маргалдаж байтал хүүхдийг газар толгойгоор нь унагасан. Би маш хурдан авсан. Тэгж байтал манай ээж Чимгээ гаднаас орж ирээд боль гээд загнасан чинь манай нөхөр зүгээр болсон” гэх мэдүүлэг /хх-17/
  • С.Отгонпүрэвийн “Орой 20 цаг өнгөрч байхад согтуу ирээд хоол идчихээд 21 цаг өнгөрч байхад гараад явсан. 22 цаг өнгөрч байхад архи нэмээд уучихсан бололтой орж ирээд Цоглогт ажилладаг Эрдэнэхүү гэх хүнтэй гэрт 2 шил архи ууцгаасан. Тэгээд Эрдэнэхүү ах унтаад өгсөн ба манай нөхөр Отгонбаяр миний унтаж байсан өрөөнд орж ирээд намайг загнаж танай Дундговийнхон гэж харааж зүхэж манай хуучин нөхөртэй хардаж янхан пизда гэх зэргээр агсам тавьж унтуулахгүй шөнөжин загнасан. Би тэр хугацаанд Отгонбаярыг аргадаж араас нь тэвэрч одоо унт, эрүүлдээ ярь гэсэн боловч гар авч шидээд агсам тавиад үглээд байсан. Намайг унтах гэхээр л татаж чангааж унтуулахгүй байсан. Өглөө 5 цагийн орчимд цай уух гээд бостол орон дээр нимгэн хувцастай байсан 17 хоногтой хүүгээ угз татаж авч гарах гээд нэг гараараа барьчихаад өмд хувцсаа өмсөөд намайг авах гэхээр цээж рүү тийрээд өгөхгүй хүүхэд орилуулаад байсан. Хүүхэд орилоод байхад өгөхгүй үүд рүү явахаар нь би хүүгээ өгчих гээд араас нь хүүхдээ татсан ба тэр үед Отгонбаяр хүүхэд тавиад шалан дээр унагачихсан. Би маш хурдан шүүрч авахад хүүхэд маань толгойгоороо газар бараг унасан ” гэх тайлбар /хх-10/
  • Шинжээчийн 2017.07.03-ны өдрийн 170200202 тоот дүгнэлтэд “О.Золбаярын биед тархи доргилт, баруун нүдний эвэрлэгт цус харвасан гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ. Унагасан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх-19/
  • Яллагдагч мэдүүлэгтээ “Би 2017 оны 7 сарын 3-ны өдөр ажлаа тараад гэртээ 20 цагийн үед ирсэн. Тэгээд гэртээ байж байтал манай эхнэр Отгонпүрэв намайг архи уулаа гээд уурласан. Тэгээд би эхнэртэйгээ маргалдаж байгаад би явлаа, явахдаа хүү Золбаярыг аваад явна гэсэн. Тэгэхэд манай эхнэр өгөхгүй гээд тэвэрсэн, тэгэхээр нь би зөөлхөн татахад манай хүүхэд газарт ойчсон юм” гэжээ /хх-27/

Дээрх баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн тул шүүх нотлох баримтаар үнэлэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч Д.Отгонбаяр нь хамтран амьдрагч С.Отгонпүрэвтэй маргалдаж байх явцдаа 17 хоногтой хүү Золбаярыг тэвэрч байгаад эх С.Отгонпүрэвийг хүүхдийг авах гэж татахад нь унагаж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Эхнэртэйгээ маргалдаж байгаад хүүгээ авч явна гээд тэврээд байж байтал хүүгийн гарнаас хүчтэй татаад байхаар нь гарыг нь эвгүй болгочих байх гээд би барьж байгаад тавьсан. Манай эхнэр тэр үед бас татахаа болиод зэрэг тавиад унагачихсан” гэх мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн “Хүүхэд орилоод байхад өгөхгүй үүд рүү явахаар нь би хүүгээ өгчих гээд араас нь хүүхдээ татсан ба тэр үед Отгонбаяр хүүхэд тавиад шалан дээр унагачихсан. Би маш хурдан шүүрч авахад хүүхэд маань толгойгоороо газар бараг унасан” гэх тайлбар /хх-10/, мэдүүлэг /хх-17/ зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Отгонбаяр нь 17 хоногтой хүү О.Золбаярт санаатайгаар гэмтэл учруулах сэдэлт, санаа зорилго байсан эсэх, уг үйлдлийг хүсч хийсэн эсэх  нь хэрэгт байгаа баримтаар тогтоогдохгүй, прокурор гэм буруугийн хэлбэрийг тодорхойлолгүйгээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн /хх48-49/, мөн улсын яллагч шүүх хуралдаанд дүгнэлт гаргахдаа гэм буруугийн хэлбэрийг тодорхойлолгүйгээр Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар торгох ял оногдуулах санал гаргалаа.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-д “Анхан шатны шүүх хуралдаанаар тухайн шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх, гэм буруутай бол түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг хянан шийдвэрлэнэ” гэж эрх олгосны дагуу шүүх шүүгдэгч Д.Отгонбаярын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн хэлбэрийг тодорхойлж байж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна.

 Шүүх шүүгдэгч Д.Отгонбаярыг С.Отгонпүрэвтэй маргалдаж өмнө дурьдсанчлан биеэ хамгаалах чадваргүй нярай хүүхдийг булаацалдах явцад гэмтэж, бэртэх боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй унагаж, улмаар О.Золбаярын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан буюу Д.Отгонбаяр нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол болгоомжгүйгээр учруулсан гэм буруутай байна гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Отгонбаярыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийг хэрэглэж, ял оногдуулахад эргэлзээтэй дараахь нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд: 

  1. Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 1-д “гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно” гэж, мөн зүйлийн 2-т “Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” гэж заасан хууль ёсны зарчмыг зөвхөн Эрүүгийн хуулиар тодорхойлсон гэмт хэргийг гэмт хэрэгт тооцно, Эрүүгийн хуулиар тодорхойлоогүй бол гэмт хэрэгт тооцохгүй гэж ойлгож хэрэглэдэг.

                 Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана” гэж, мөн зүйлийн 2-т “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно” гэж тус тус заажээ. Хуулийн эдгээр заалтыг үгчилбэл “тусгайлан заана” гэдэг нь болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйг үгээр буюу “болгоомжгүйгээр” гэж заасан байхыг шаардаж  байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийг шүүж үзэхэд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол болгоомжгүйгээр учруулах үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заагаагүй, түүнчлэн  Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн талаар заасан боловч гэм буруугийн хэлбэрийг тусгайлан заагаагүй байна.

  1. “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт зааж зохицуулсан бөгөөд санаатай үйлдэл, эс үйлдэхүйн гэм буруугийн хэлбэрийг “санаатай” гэж тусгайлан заагаагүй хирнээ болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн гэм буруугийн хэлбэрийг хуулийн 11.3 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах”, 11.5 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах” гэж заасантай харьцуулан үзэхэд мөн хуулийн 11.6 дугаар зүйл буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн гэм буруугийн хэлбэр нь “санаатай” байна гэж ойлгохоор байна.
  2. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол буюу бусдын бие махбодид хөнгөн гэмтэл болгоомжгүйгээр учруулах үйлдлийг урьд өмнө гэмт хэрэгт тооцож байсан эсэхийг сүүлд үйлчилж байсан хоёр Эрүүгийн хуулийг судалж  үзэхэд дараахь нөхцөл байдал тогтоогдлоо. Үүнд:

а/ 1986 оны 12 дугаар сарын 5-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийн хоёрдугаар бүлэгт “Хүний амь бие, эрүүл мэнд, эрх чөлөө, нэр алдрын эсрэг гэмт хэрэг”-ийг хуульчилсан байх ба уг бүлэгт 86-122 дугаар зүйл хамаарч байна. Хуулийн 98 дугаар зүйлд “бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэргийг гэмт хэрэгт тооцож, гэм буруугийн хэлбэрийг тодорхой заасан байх ба бусдын бие махбодид хөнгөн гэмтэл болгоомжгүйгээр учруулах үйлдлийг гэмт хэрэгт тооцдоггүй байжээ. Мөн хуульд хүний бие махбодид гэмтэл учруулах гэмт хэрэгт гэм буруугийн хэлбэрийг тодорхой заажээ. Тухайлбал:  Эрүүгийн хуулийн 90 дүгээр зүйл “Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах”, 92 дугаар зүйл “Бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулах”, 94 дүгээр зүйл “бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах”, 96 дугаар зүйл “бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл болгоомжгүй учруулах” г.м

б/ 2002 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийн арван тавдугаар бүлэгт “Хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг” гэмт хэргийг хуульчилсан байх ба уг бүлэгт 91-107 дугаар зүйл хамаарч байна. Хуулийн 99 дүгээр зүйлд “бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэргийг гэмт хэрэгт тооцож, гэм буруугийн хэлбэрийг тодорхой заасан, бусдын бие махбодид хөнгөн гэмтэл болгоомжгүйгээр учруулах үйлдлийг гэмт хэрэгт тооцдоггүй байсан нь,  мөн хүний бие махбодид гэмтэл учруулах гэмт хэрэгт гэм буруугийн хэлбэрийг тодорхой зааж байсан нь 1986 оны Эрүүгийн хуультай төстэй байна. Харин “Бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл болгоомжгүй учруулах”-ыг гэмт хэрэгт тооцохгүй болсон, мөн “Бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулах” гэмт хэрэгт оногдуулах ял нь “Бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт оногдуулах ялаас хөнгөн байхаар зааснаараа ялгаатай байна.

Дээрх 2 Эрүүгийн хуульд заасан бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байсан ба тухайн гэмт хэрэгт хүлээлгэх хариуцлага нь хорих ялгүй, бусад төрлийн ял нь хуульд тодорхойлсон хамгийн доод хэмжээгээр байхаар заажээ.

  1. Эрүүгийн эрх зүйн онолоор гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хүлээлгэх хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм буруу, гэм буруугийн хэлбэр, гэм буруутай этгээдийн хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлөх болон хүндрүүлэх нөхцөл байдлын шинж чанарт тохирсон, шударга байх ёстой, гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-г гэмт хэрэгт тооцохоор эрүүгийн хуульд заасан байх, эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага гарцаагүй хүлээлгэх зарчимтай.

          Судлаач Г.Гантөмөр: Гэм буруу нь гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектив талын заавал байх үндсэн шинж болох ба гэм буруугүйгээр ямар ч гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектив тал үгүйсгэгдэнэ. Гэм буруугийн тухай асуудал нь гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдлийн нийгмийн хор аюулыг ойлгон ухамсарлах, удирдан жолоодох чадвартай байхыг шаардах ба ийм чадвар зөвхөн хэрэг хариуцах чадвартай этгээдэд байдаг.[1]

          Шинжлэх ухааны доктор, профессор С.Жанцан: Гэм буруугийн зарчим бол эрүүгийн эрх зүйн нэг гол тулгуур зарчим бөгөөд Монгол Улсын Эрүүгийн эрх зүйгээр зөвхөн гэм буруутай үйлдлийн төлөө эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хуулийн 4-ийн 1-д “…гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь шүүхээр нотлогдсон этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.”, харин гэм буруугүйгээр эрүүгийн хуульд заасан хор уршиг учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй. [2] Гэм буруутай байх нь гэмт хэргийн нэг гол шинж болдог. Тодорхой тохиолдолд бол Эрүүгийн хуульд заасан гэм буруугийн тэр хэлбэрийг тогтоох шаардлагатай. Жишээ нь: Одоогийн үйлчилж буй эрүүгийн хуулиар бусдын бие махбодид хөнгөн гэмтэл болгоомжгүй учруулбал гэмт хэрэг биш юм. Субъектын хийсэн үйлдэл /эс үйлдэхүй/ нь нийгэмд аюултай, түүний хор уршиг хүнд байлаа ч гэм буруугүй бол гэмт хэрэг болохгүй, ийм учраас гэм буруугүйгээр хор уршиг учруулсан үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй гэж тайлбарлажээ. [3]

                  Түүнчлэн гэм буруу бол гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүй түүний улмаас бий болох хор уршигт хандах сэтгэхүйн харилцаа бөгөөд гэм буруугийн санаатай хэлбэр нь оюун санааны хувьд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн хор аюулыг ухамсарласан, учирч болох хор уршгийг урьдчилан мэдсэн боловч уг хор уршгийг зориуд хүсэж үйлдсэн байдаг.

                  Харин гэм буруугийн болгоомжгүй хэлбэр нь гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан байдгаараа ялгагдана. Иймд санаатай үйлдэлд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь учирсан хохирол, хор уршгийн хувьд адилхан болгоомжгүй үйлдэлд хүлээлгэх эрүүгийн хариуцлагаас ямагт хүнд байдаг.

                  Гэтэл гэм буруугийн хэлбэрийг үл харгалзан нэг зүйл хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь ”эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм бурууд тохирсон, шудрага байх” зарчимд харшилж байна.    

             Дээрх нөхцөл байдлыг дүгнэж үзэхэд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэргийг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуульд /2015 оны/ тусгайлан заагаагүй, мөн Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 3-т “Энэ хуулийн тусгай ангид заагаагүй үйлдэл, эс үйлдэхүй, хохирол, хор уршиг, гэм буруугийн шинжийг төсөөтэй хэрэглэж гэмт хэрэгт тооцохгүй” гэж хориглосон, урьд өмнө нь тухайн гэмт хэргийг гэмт хэрэгт тооцдоггүй байсан нь 1986 он, 2002 оны Эрүүгийн хуулиар тогтоогдож байгаа, шүүгдэгч Д.Отгонбаярын үйлдлийн улмаас 17 хоногтой О.Золбаярын бие махбодид хөнгөн гэмтэл учирсан нь баримтаар тогтоогдож байгаа ч гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийг эрүүгийн хуульд тусгайлан заагаагүй байхад эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь эрүүгийн эрх зүйн онолын суурь зарчмыг зөрчиж байна.

Иймд Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно” гэж, мөн зүйлийн 2-т “Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” гэж заасан хууль ёсны зарчмыг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч … шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль…-ийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг … шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан гэм буруугүйд тооцох зарчмыг  удирдлага болгон энэ асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Тодруулбал: Эрүүгийн хуулийн тусгай ангид хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэргийн талаар тусгайлан заагаагүй байхад Д.Отгонбаярын үйлдлээс  бусдад учирсан хохирлын хэр хэмжээний  шинжээр нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтыг төсөөтэй хэрэглэж,  уг зүйл хэсэгт зааснаар Д.Отгонбаярын болгоомжгүй үйлдэлд ял оногдуулах боломжгүй, Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулаагүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгахаар шийдвэрлэлээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Отгонпүрэв шүүгдэгч Д.Отгонбаяраас төлбөр нэхэмжлээгүй, “бид эвлэрсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, гомдолгүй” гэсэн хүсэлт гаргасан /хх-41/ тул шүүгдэгч Д.Отгонбаяр нь бусдад төлөх төлбөргүй байна.

Шүүхээс Д.Отгонбаярын үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй, цагаатгахаар шийдвэрлэсэн нь түүний үйлдлийг зөвтгөж, улмаар түүний үйлдлийн улмаас бусдад учирсан хохирлыг үгүйсгэж байгаа асуудал биш тул энэхүү цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болсны дараа Д.Отгонбаярын үйлдэл нь Зөрчлийн тухай хуульд заасан зөрчлийн бүрэлдэхүүнтэй эсэхийг хянан шалгаж, захиргааны хариуцлага хүлээлгэх эсэх асуудлыг шийдвэрлэхийг цагдаагийн байгууллагад даалгах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.9, 36.10 дахь хэсэг, 37.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 3-т заасныг журамлан мөн хуулийн 2.2 дугаар зүйлийн 1, 2-т заасныг баримтлан Д.Отгонбаяр нь 17 хоногтой О.Золбаярыг унагаж бие махбодид хөнгөн хохирол учруулсан үйлдэлд Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1722000000002 тоот эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Ламзав овогт Долгорсүрэнгийн Отгонбаярыг цагаатгасугай.

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Отгонпүрэв нь хохирол төлбөр нэхэмжлээгүй ба гомдол саналгүй гэсэн, энэ хэргийн улмаас Д.Отгонбаяр нь цагдан хоригдоогүй болохыг дурьдсугай.

3. Шүүгдэгч Д.Отгонбаяр нь энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсантай холбогдож өөртөө хохирол учирсан гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

4. Энэхүү цагаатгах тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоолыг эс зөвшөөрвөл цагаатгагдсан этгээд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

5. Энэхүү цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц Д.Отгонбаярын үйлдэлд зөрчил хянан шалгах ажиллагаа явуулахыг Дундговь аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

6. Цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Отгонбаярт урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                             

 

 

                         ДАРГАЛАГЧ                                    С.СЭРЖМЯДАГ

 


Г.Гантөмөр.Гэмт хэргийн бүрэлдэхүүний ерөнхий онол. 193-р тал. УБ.2003.

С.Жанцан. Монгол Улсын Эрүүгийн эрх зүйн онол. Гэмт хэргийн тухай сургаал. I боть, 473-р тал. УБ.2009 он

С.Жанцан Монгол Улсын Эрүүгийн эрх зүйн онол, Ялын тухай сургаал.II боть, 115-р тал УБ.. 2014 он