Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 123/ШШ2023/0020

 

 

                                                                                                                                                          

                           

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Зоригтбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Гомдол гаргагч: Япон улсын иргэн Ниномияа Рика (Ninomiya Rika)-гийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******,

Хариуцагч: Чингис хаан Олон Улсын нисэх буудал дахь Гаалийн газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны Гаалийн улсын байцаагч Н.*******,

Чингис хаан Олон Улсын нисэх буудал дахь Гаалийн газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны Гаалийн улсын байцаагч Н.*******ын үйлдсэн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 0012654 тоот шийтгэх хуудсыг хүчингүй болгуулах” тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Япон улсын иргэн Ниномияа Рика (Ninomiya Rika)-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, Чингис хаан Олон Улсын нисэх буудал дахь Гаалийн газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны Гаалийн улсын байцаагч Н.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Гомдлоор гаргасан нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Чингис хаан Олон Улсын нисэх буудал дахь Гаалийн газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны Гаалийн улсын байцаагч Н.*******ын үйлдсэн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 0012654 тоот шийтгэх хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлын нэхэмжлэл гаргажээ.

2. Хэргийн нөхцөл байдал, шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:

2.1. Чингис хаан Олон Улсын нисэх буудал дахь Гаалийн газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны Гаалийн улсын байцаагч Н.******* нь 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 0012654 дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч Япон улсын иргэн Ниномияа Рика (Ninomiya Rika)-д (цаашид Ниномияа Рика гэх) Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22.1 дэх хэсэгт заасныг үндэслэн 23.529.355 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, түүний эд зүйл болох 7 ширхэг 999.9 сорьц бүхий алт болон 19.326.469.48 төгрөгтэй тэнцэх валют, төгрөгийг хураан, улсын орлого болгож шийдвэрлэсэн байна.

Япон улсын иргэн Ниномияа Рикагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Гаалийн Ерөнхий газар, Чингис хаан олон улсын нисэх буудал гаалийн газрын дарга Г.Баасандоржид хандан гомдол гаргасан байна. 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 01/181 тоот “ ... (Гаалийн улсын байцаагчийн) эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гомдол гаргаж шийдвэрлүүлэхээр хуульчилсан байна...) гэх албан бичгийг хүлээн авч, 2023 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр шүүхэд хандсан байна.

Тодруулбал, Чингис хаан Олон Улсын нисэх буудал дахь Гаалийн газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны Гаалийн улсын байцаагч Н.******* нь 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 2203000092  дугаартай зөрчлийн хэрэг нээн, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулан, 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 0012646 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22.1 дэх хэсэгт заасныг үндэслэн холбогдогч Япон улсын иргэн Ниномияа Рикагийн 7 ширхэг 999.9 сорьц бүхий алт болон 29.326.483 төгрөгтэй тэнцэх валют, төгрөгийг хурааж, 23.520.355.07 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.

Япон улсын иргэн Ниномияа Рикагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 123/ШШ2022/0030 дугаартай шийдвэрт: ... Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1, 2.4 дүгээр зүйлийн 1.5, 4.14 дүгээр зүйлийн 2, 4.15 дугаар зүйлийн 1, 6, 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Чингис хаан Олон Улсын нисэх буудал дахь Гаалийн газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны Гаалийн улсын байцаагч Н.*******ын үйлдсэн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 0012646 дугаартай дугаартай шийтгэлийн хуудсыг дахин шинэ акт гаргах хүртэл 2 сарын хугацаагаар түдгэлзүүлэн шийдвэрлэсэн.

Япон улсын иргэн Ниномияа Рикагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* нь Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 123/ШШ2022/0030 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2022/0775 дугаартай магадлалд: ... анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Ниномияа Рикагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэсэн байна.

Чингис хаан Олон Улсын нисэх буудал дахь Гаалийн газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны Гаалийн улсын байцаагч Н.******* нь Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 123/ШШ2022/0030 дугаартай шийдвэрийн дагуу 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн зөрчилд 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 0012654 тоот шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22.1 дэх хэсэгт заасныг үндэслэн холбогдогч Япон улсын иргэн Ниномияа Рикагийн эд зүйл болох 7 ширхэг 999.9 сорьц бүхий алт болон 19.326.469.48 төгрөгтэй тэнцэх валют, төгрөгийг хурааж, 23.529.355.07 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.

3. Хэргийн оролцогчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1 Япон улсын иргэн Ниномияа Рика, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Гаалийн улсын байцаагч Н.*******ын зүгээс тухайн шийтгэх хуудсыг гаргах үндсэн шалтгаан нь зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22 дахь хэсгийн 22.1-т заасныг зөрчсөн гэж үндэслэлээ болгосон. Тус хуулийн 22.1-т үнэн зөв мэдүүлэг гаргахаас зайлсхийсэн гэж заасан. Гэтэл энэ асуудлыг шалгахдаа зөрчил байсан эсэх талаар хариулт хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа болон үйл баримтыг бодитоор зөв тогтоох ёстой. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад Ниномияа Рика гэх хүн улсын хил, гаалиар ямар нэгэн хориглосон бараа бүтээгдэхүүн, эд зүйл, эд хөрөнгийг санаатайгаар мэдүүлэхээс зайлсхийж, нууж, далд аргаар авч гарахыг завдсан эсэх талаар үйл баримтыг тогтоогоогүй. Улсын байцаагчийн зүгээс зөрчлийн хэрэгтэй холбогдуулан Ниномияа Рикагаас мэдүүлэг авсан. Ниномияа Рикагийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгт 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн үүрийн 05 цагт хамгийн анхны зорчигч би байсан. Миний бие очиж бүртгэл хийлгээд хяналтын бүс рүү очоод хамгаалалтын албанд надад гар тээшинд алт байгаа хэмээн хэлээд орсон. Өөрөөр хэлбэл, амаар мэдүүлгээ өгсөн. Тэгээд орсны дараа Гаалийн улсын байцаагч ирж дахин шалгахаас нь өмнө “Голд Голд” буюу англиар “Надад алт байгаа шүү“ гэдгээ илэрхийлсэн. Гаалийн улсын байцаагч таны гар цүнхийг шалгах шаардлагатай байна гэж хэлээд хяналтын камер байгаа хэсэг рүү оруулж, дараа нь гаалийн шалгалтын өрөө рүү оруулсан. Энэ үйл баримтыг Гаалийн улсын байцаагчийн зүгээс гаалиар хориглосон бараа бүтээгдэхүүн буюу бараа, мөнгөн хөрөнгийг мэдүүлэхээс зайлсхийсэн гэж үзсэн. Ниномияа Рикагийн тухайд 999 хувийн сорьцтой алт гэх зүйлийг мэдүүлэх шаардлагатай эсэхийг Чингис хаан Олон улсын нисэх буудалд ажиллаж байгаа болон Гаальд ажилладаг гэх хүмүүсээс нөхцөл байдлыг мэдүүлсэн. Гааль мэдүүлэх шаардлагагүй гэсэн учраас тухайн эд зүйлийг өөрийн гар тээшинд ил хэлбэрээр авч явсан. Ил хэлбэрээр, нуун дарагдуулаагүй, ямар нэгэн санаа зорилго байгаагүй талаар Гаалийн улсын байцаагч маргаагүй. Ач холбогдолгүй үйл баримт тогтоогдож байна. Гаалийн тухай хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-д амаар мэдүүлэх гэж заасан. Мөн хуулийн 242 дугаар зүйлд амаар мэдүүлэх гэж тусдаа заалт байгаа. 242.1-д Гаалийн албан тушаалтан гаалийн хяналтыг хэрэгжүүлэхдээ гаалийн харилцаанд оролцогчоос амаар мэдүүлэг авч болно гэж заасан. Ниномияа Рика амаар мэдүүлэг өгөх процессын ажиллагаа явагдсан. Гэтэл Гаалийн улсын байцаагч амаар мэдүүлсэн нөхцөл байдлыг шууд зөрчил гэж үзээд, акт гаргасан нь үндэслэлгүй байна. Яагаад Гаалийн тухай хуулийн 242 дугаар зүйлд амаар мэдүүлэх зарчмыг ашигласан юм бэ. Тухайн хөрөнгийг хурааж авах нь Гаалийн тухай хуулийг зөрчиж байна. Хоёрдугаарт, Гаалийн улсын байцаагчийн зүгээс Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхдээ процессын буюу Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Өөрөөр хэлбэл, зөрчлийн хэргийг танилцуулсан тэмдэглэл авагдсан. 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 12 цаг 02 минутад хийгдсэн тэмдэглэл. Тухайн үед өмгөөлөгчөөр оролцож байсан миний бие танилцаж, мөн Ниномияа Рика өөрөө танилцсан. Мөн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн мөрдөгчийн тогтоол байгаа. Үүнд зөрчлийн хэргийг прокурорт хүргүүлэх тухай гэсэн тогтоол байгаа. Яагаад зөрчлийн хэргийг танилцуулж, прокурорт хүргүүлж байгаа үйл баримт нэг өдөр хийгдэж байгаа эсэхэд ач холбогдол өгөх ёстой. Миний бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд байгаа. Тухайн өдрийн өглөө 08 цаг 30 минутад Ниномияа Рика болон орчуулагч, өмгөөлөгчийн хамт Чингис хаан Олон улсын нисэх буудалд очиж байцаагчтай уулзсан. Өөрөөр хэлбэл, хэргийн материалыг прокурор руу явуулах гэж байна гэж танилцсан. Гэтэл 08 цаг 30 минутад шийтгэх хуудсыг танилцуулсан. Тэгээд хүлээж бай гэж хэлээд, хүлээх зуурт дахиад 1 зөрчил бий болгосон. Өөрөөр хэлбэл, хэрэгт шинжээчээр ажилласан шинжээчээс мэдүүлэг авсан. Шинжээчээс мэдүүлэг авахаас гадна эрхгүй этгээдийг шинжээчээр томилсон. Яагаад эрхгүй этгээдийг шинжээчээр томилсон гэж үзэж байна вэ гэхээр тухайн Гаалийн улсын байцаагчийн хураан авсан эд зүйл буюу алт гэх зүйл, мөн мөнгөн хөрөнгө, гадаадын валют байсан. Эдгээрт үнэлгээ хийх шаардлага бий болсон. Үнэлгээ хийлгэхдээ шинжээч томилж, шинжээч томилох тухай тогтоол гаргаж, шинжээчид хууль сануулсан. Үүнд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.2-т заасныг танилцуулсан. Шинжээч томилж байгаа тохиолдолд тухайн шинжээч эрх бүхий этгээд байх ёстой. Шүүх шинжилгээний тухай хуульд заасны дагуу хууль сануулж байгаа тохиолдолд шинжээч нь эрх бүхий этгээд байх ёстой байсан. Гаалийн улсын байцаагч үнэлгээ хийх эрх бүхий этгээд биш. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.11 дүгээр зүйлийн 4-т “Тусгай мэдлэг, мэргэжил эзэмшсэн эрх бүхий албан тушаалтан өөрөө бие даан шинжилгээ хийж, өөрөө боломжгүй бол мэдлэг мэргэжилтэй хүнийг шинжээчээр томилж, үнэлгээ хийлгэнэ” гэж заасан. Н.******* байцаагч өөрөө шинжилгээ хийлгэх боломжгүй учраас шинжээч томилсон. Гэтэл шинжээч томилсон үйл баримт нь Зөрчлийн тухай хуулийн 4.11 дүгээр зүйлийг зөрчиж байна. Мөн Шүүх шинжилгээний тухай хуулийг зөрчиж байна. Шүүх шинжилгээний тухай хуульд шинжээч гэдгийг тусгай мэдлэг бүхий эрх авсан этгээд гэж заасан. Хоёрдугаарт, өнөөдрийн маргаж буй зөрчлийн шийтгэх хуудас үйл баримттай холбоотой дахин акт гарсан. Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль зөрчих”-ийг үндэслэсэн. Тус хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх заалт нь 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмэлт өөрчлөлт оруулсан заалт. Энэ заалт нь 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хүчинтэй байсан. 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчингүй болсон хуулийн заалт. Тухайн заалт нь богино хугацаанд хэрэгжих, дэлхий дахин үүсэж буй Украйн болон Оросын холбогдолтой дайн буюу зөрчлийн холбоотойгоор “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль зөрчих”-өөс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ заалт хүчингүй болсон. 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр шийтгэлийн хуудас гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Гуравдугаарт, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад Гаалийн улсын байцаагчийн зүгээс урьдчилан шийдвэрлэх ажиллагаа буюу тухайн гаалийн харилцаанд орж буй этгээдүүдэд танин мэдэх буюу тухайн зөрчилтэй бараа бүтээгдэхүүн 2022 оны 04 дүгээр сараас эхлэн хэрэгжиж буй танилцуулах материал тухайн гаалийн байгууллагад байгаагүй. Ниномияа Рика нь өөрөө Элчин сайдын яамны эрх бүхий этгээдүүд, Чингис хаан нисэх онгоцны буудалд ажилладаг өөрийн танил найз нөхдөөс асуусан гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл, мэдүүлэг ёстой эсэх талаар эрэлхийлсэн. Монгол Улсын хуульд нэмэлт өөрчлөлт орж буй өөрчлөлт нь бусдад заавал танилцуулагдах ёстой. Хууль мэдэхгүй хүн хариуцлага хүлээхээс чөлөөлөгдөхгүй. Гэхдээ Гаалийн байгууллага, Гаалийн улсын байцаагч нь нийтэд танилцуулж мэдээлэх ёстой. Үзлэгээр харах явцад, аюулгүй буюу онгоцонд юу авч явж болохгүй вэ гэх танилцуулга маш илэрхий харагдаж байгаа. Улсын хилээр нэвтрэхдээ юу авч явж болохгүй талаарх мэдээлэл 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр байгаагүй.  Гаалийн улсын байцаагчийн зүгээс телевизор буюу тухайн том дэлгэцээр байнга гардаг гэж хэлсэн. Хэргийн материалд гардаг талаар үйл баримт нотлох баримт байхгүй. Үүнийг Гаалийн байгууллагын зүгээс баталж чадахгүй байна. Ямар нэгэн санаа зорилго харагдаагүй. Дараагийн үндэслэл нь 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 0030 Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт захиргааны актыг буюу зөрчлийн шийтгэх хуудсаар 2 сарын хугацаанд дахин гаргах боломжийг шүүхээс Гаалийн улсын байцаагчид олгосон. Өөрөөр хэлбэл, процессын бүх зөрчилтэй асуудлыг цэгцлэх боломж олгосон. Зөрчил үйлдсэн асуудлаар тодорхойлох 2 сарын хугацаа олгосон. Энэ шийдвэр нь өнөөдөр хүчинтэй, хүчин төгөлдөр болсон гэж үзэж байна. Тухайн шийдвэрт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Давж заалдах журмаар гомдол гаргасан. 2022 оны 12 дугаар сарын 07-yы өдрийн 0775 дугаартай магадлалаар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Энэ шийдвэрт нэхэмжлэгч болон хариуцагчийн зүгээс хяналтын журмаар гомдол гаргаагүй. Өөрөөр хэлбэл, Давж заалдах журмаар магадлал гарснаар тухайн магадлалыг гардаж авснаар эсхүл хүргүүлснээр тухайн магадлал хүчин төгөлдөр болж магадлал буюу анхан шатны шүүхийн шийдвэрийн хүчинтэйд тооцогдох хугацаа тоологдож эхэлсэн. 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хугацаа нь дуусгавар болсон. Гэтэл шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж, улсын байцаагчийн гаргасан 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн шийтгэх хуудас хүчингүй болсон байхад дахин шинээр акт үйлдсэн. Хүчингүй  болсноос хойш даруй 8 хоногийн дараа буюу 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр дахин шийтгэх хуудас үйлдсэн. Үүнийг үндэслэлгүй, хууль бус акт гэж үзэж байна. Шүүхээс Гаалийн бүсэд үзлэг хийсэн. Үүнтэй холбоотой дахин нэг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл  ярина. Хариуцагчийн зүгээс Гаалийн хяналтын бүс гэж шинээр нотлох баримт гаргаж өгсөн. Гаалийн хяналтын бүсэд байсан учраас амаар мэдүүлнэ үү, нэвтэрсэн тохиолдолд л зөрчил гэж тайлбарлаж байна. Үзлэгийн явцад Чингис  хаан Олон улсын байгууллагын дарга болон Гаалийн улсын байцаагч өөрөө хэлсэн. Үзлэгийн явцад юу тогтоосон талаар харцгаасан. Гаалийн улсын байцаагчийн зүгээс гаалийн хяналтын бүсийн эхний цэг дээр буюу эхэлж байгаа цэг дээр Гаалийн улсын байцаагч байгаа юм уу эсхүл байхгүй юм уу гэдэг нь шууд тогтоогдсон. Чингис хаан Олон улсын нисэх буудлын ажилтан буюу билетийн кассын ажилтан билет байгаа эсэх талаар шалгаж оруулсан. Тусгай тоног төхөөрөмжийн тухайд Ниномияа Рикагийн хэлээд байсан хамгаалагчид түрүүлж хэлсэн гэх тухайн хамгаалагч байгаа. Өөрөөр хэлбэл, Гаалийн улсын байцаагчийн хэлсэн Гаалийн хилээр, гаалийн бүсээр Ниномияа Рика тухайн эд зүйлийг аваад гарсан зүйл байхгүй. Амаар мэдүүлж байгаа тохиолдолд тухайн этгээдэд та бичгээр мэдүүлэх ёстой гэх боломжийг олгох ёстой байсан. Иймд Гаалийн улсын байцаагчийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 0012654 дугаартай шийтгэх хуудсыг хүчингүй  болгож өгнө үү гэв.

 

            3.2 Хариуцагч Гаалийн улсын байцаагч Н.******* хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 7 ширхэг алтан гулдмай болон гадаад валют, Монгол төгрөгийг гаалийн мэдүүлэгт бичилгүй мэдүүлэхээс зайлсхийж гаалийн хилээр нэвтрүүлсэн зөрчил гаргасан асуудалд 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 2203000092 дугаартай зөрчлийн хэрэг нээн, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар: Холбогдогч Япон улсын иргэн Ниномия Рика нь 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Чингис Хаан Олон улсын Нисэх буудал дахь гаалийн хяналтын бүсэд улсын хилээр Улаанбаатар-Нарита чиглэлийн онгоцоор гарахдаа 7 ширхэг 999,9 сорьцтой 712.2 грамм бүхий 137,535,897.63 төгрөгийн үнэ бүхий алтан гулдмай болон сингапур доллар, японы иен, америк доллар, швейцар франк, паунд, монгол төгрөг/ 2022 оны 06 сарын 10-ны өдрийн Монгол банкны ханш/-аар 19,326,483 төгрөгтэй тэнцэх валютыг гаалийн байгууллагад мэдүүлээгүй, үнэн зөв мэдүүлэг гаргахаас зайлсхийж гаалийн хилээр нэвтрүүлсэн зөрчилд: Зөрчлийн хэрэг нээн холбогдогчийн эд зүйлд гаалийн үзлэг шалгалт хийх, зөрчлийн хэрэгт холбогдогчоос мэдүүлэг авах, гэрчүүдээс бичгээр тайлбар авах, зөрчлийн хэрэгт гэрчээр мэдүүлэг авах, зөрчилд холбогдсон барааг фото зургаар баталгаажуулах, зөрчилд холбогдсон барааны үнэ үнэлгээг тогтоолгох, зөрчилд холбогдсон барааг зөрчлийн хэрэгт хураан авах зэрэг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахад: Холбогдогч Япон улсын иргэн Ниномияа Рикагийн 7 ширхэг алтан гулдмай 999.9 сорьц бүхий нийт 712.2 грамм болон 19,326,469.48 төгрөгтэй тэнцэх хэмжээний гадаад валют нийт 156,862,367.11 төгрөгтэй тэнцэх хэмжээний гадаад валют болон валютын үнэт зүйлсийг гаалийн байгууллагад мэдүүлээгүй мэдүүлэхээс зайлсхийж нэвтрүүлсэн зөрчил гаргасан зөрчил гаргасан болох нь: 1. Холбогдогчийн мэдүүлэг, 2. Гэрчийн мэдүүлэг, 3. Гэрчийн бичгээр гаргасан тайлбар, 4. Зөрчилд холбогдсон бараа, 5. Холбогдогчийн гаргасан зөрчилд холбогдсон оруулсан болон худалдан авсан баримт, 6. Холбогдогчийн бичгээр гаргасан тайлбар, 7. Гаалийн хяналт шалгалт хийсэн тухай тэмдэглэл, 8. Зөрчилд холбогдогчийн гаалийн байгууллагад зорчигчийн барааны гаалийн мэдүүлгээр /Деклараци/ зөрчилд холбогдсон барааг мэдүүлээгүй байдал зэрэг нотлох баримтаар Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.29 дүгээр зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан зөрчил гаргасан болох нь тогтоогдсон. Холбогдогч зорчигч Япон улсын иргэн Ниномияа Рикад Зөрчлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 29 дэх хэсгийн 22.1-д "зөрчилтэй төлбөрийн хэрэгслийн, эсхүл валютын үнийн дүнтэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг хурааж хүн, хуулийн этгээдийг зөрчилтэй төлбөрийн хэрэгслийн, эсхүл валютын үнийн дүнгийн 15 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж зааснаар шийтгэл оногдуулахаар шийдвэрлэж 156,862,367.11 төгрөгийн үнийн дүн бүхий алтан гулдмай болон валютыг хурааж, хураагдсан барааны үнийн дүнгийн 15 хувь буюу 23,529,355.07 төгрөгөөр торгох шийтгэлийг 0012646 дугаарын шийтгэлийн хуудсаар оногдуулж шийдвэрлэсэн. Тухайн шийдвэрт Япон Улсын иргэн Ниномия Рика гомдол гаргасан байх бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 сарын 07-ний өдрийн 221/МА2022/0775 дугаартай магадлалаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д "шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гарах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх" гэж зааснаар гаалийн улсын байцаагч Н.*******ын 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 0012646 дугаартай шийтгэлийн хуудсыг хариуцагчаас дахин шинэ акт гартал 2 сарын хугацаатай түдгэлзүүлсэн байна" үүний дагуу гаалийн улсын байцаагч Н.******* 2023 оны 03 дугаар сарын 09 өдөр 0012654 дугаартай шийтгэлийн хуудас гаргасан бөгөөд шүүхийн шийдвэрийг биелүүлж ажилласан. Япон Улсын иргэн Ниномия Рикагийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна. Нэг. Гаалийн байцаагчийн хяналт шалгалт үндэслэлгүй байсан талаар Ниномияа Рикагийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг Төв аймгийн анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн байхад дахин гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Хоёр: Гаалийн улсын байцаагч Н.******* Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх хууль ноцтой зөрчсөн тухайд асуудлыг Төв аймгийн анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн шийдвэрийг биелүүлж алтан гулдмайг шинжээчийн дүгнэлтэд хамруулж ажилласан. Гурав. Шүүхийн шийдвэрийн дагуу тухайн алтан гулдмайд 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр шинжээчийн дүгнэлт гаргуулж, 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 0012054 дугаар шийтгэлийн хуудсыг бичиж өмгөөлөгчид гардуулсан байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.1.2 зааснаар давж заалдах гомдол гаргасан бөгөөд давж заалдах журмаар гомдлыг хянан хэлэлцээд энэ хуулийн 119.2-т заасны дагуу гаргасан магадлалд хяналтын журмаар гомдол гаргаагүй, эсхүл гомдол гаргасан боловч гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзах тогтоол гарснаар Шүүхийн шийдвэр хуулийн хучин төгөлдөр болно гэж заасан хугацаанд захиргааны актыг гаргаж холбогдогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид гардуулсан байна. Жич: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйл 119.4 зааснаар Магадлал хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна. Магадлалыг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108.4-т заасны дагуу гардан авах, эсхүл шүүх энэ хуулийн 108.6-д заасны дагуу хүргүүлнэ гэж заасан боловч захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нь 45 хоногийг дараа шүүхийн магадлалыг гардуулж өгсөн ... гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Япон улсын иргэн Ниномияа Рика, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******ийн гомдлоор гаргасан нэхэмжлэлтэй, Чингис хаан Олон Улсын нисэх буудал дахь Гаалийн газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны Гаалийн улсын байцаагч Н.*******т холбогдох захиргааны хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, зөрчлийн хэрэг, хэргийн оролцогчдын тайлбар, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлээд дараах дүгнэлтийг хийн Япон улсын иргэн Ниномияа Рика, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******ийн гаргасан гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            2Хэргийн оролцогчид нь дараах үндэслэлээр маргаж байна. Үүнд:

2.1.  Гомдол гаргагчаас Чингис хаан Олон Улсын нисэх буудал дахь Гаалийн газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны Гаалийн улсын байцаагч Н.*******ын үйлдсэн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 0012654 тоот шийтгэх хуудсыг хүчингүй болгуулах:

- Гаалийн байцаагч Н.*******ын зөрчил шалган шийдвэрлэх үйл ажиллагаа үндэслэлгүй байсан, ... Өөрөөр хэлбэл Ниномияа Рика нь Гаалийн байгууллагад амаар өөрт алт байгаа гэдгээ мэдүүлсэн буюу  Гаалийн тухай хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1, 240.1.2 “ амаар мэдүүлэх” гэсний дагуу мэдүүлгээ гаргасан,

- Хэргээ прокурорт танилцуулна, эцсийн шийдвэр гараагүй байна гэх тайлбарыг бидэнд удаа дараа өгч байсан хэр нь гэнэт 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 0012646 дугаар шийтгэлийн хуудсыг танилцуулсан, прокурорт хэргээ хянуулаагүй,

- Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 123/ШШ2022/0030 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн Давж заадах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2022/0775 дугаартай магадлал хүчин төгөлдөр болж 2 сарын дотор гаалийн байцаагч дахин шинэ акт гаргах үүрэгтэй байсан, энэ хугацаа хэтэрсэн хойно акт гаргасан гэж шалгалтын ажиллагааг явуулж торгуулийн арга хэмжээ авсныг эс зөвшөөрч гомдлыг гаргаж байна гэж,

 

2.2.  Хариуцагч талаас 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 7 ширхэг алтан гулдмай болон гадаад валют, монгол төгрөгийг гаалийн мэдүүлэгт бичилгүй гаалийн хилээр мэдүүлэхээс зайлсхийж нэвтрүүлсэн зөрчил илрүүлж, 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 0012654 дугаартай Шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар шийтгэл оногдуулсан.Үүнд: Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахад

- Холбогдогч Япон улсын иргэн Ниномияа Рикагийн мэдүүлэг,

- Гэрч Б.Оюунбилэгийн мэдүүлэг,

- Гэрч Б.Оюунбилэгийн бичгээр гаргасан тайлбар,

- Зөрчилд холбогдсон бараа,

- Холбогдогчийн гаргасан зөрчилд холбогдсон барааны улсын хилээр оруулсан болон худалдан авсан баримт

- Холбогдогч Япон улсын иргэн Ниномияа Рикагийн бичгээр гаргасан тайлбар,

- Гаалийн хяналт шалгалт хийсэн тухай тэмдэглэл,

- Зөрчилд холбогдогчийн гаалийн байгууллагад зорчигчийн барааны гаалийн мэдүүлгээр /деклараци/ зөрчилд холбогдсон барааг мэдүүлээгүй байдал зэрэг нотлох баримтаар зөрчил гаргасан болох нь тогтоогдсон,

 

3. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд:

-  2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 0012654 дугаартай Шийтгэлийн хуудас,                                                                                                                                                  

- Гаалийн ерөнхий газар Чингис хаан Олон улсын Нисэх буудал Гаалийн газрын 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 01/181 дугаартай “Хариу хүргүүлэх” тухай,

- Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 123/ШШ2022/0030 дугаартай шийдвэр, тус шийдвэрийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 123/ТМ2022/0159 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл,

- Хэргийн дугаар 2234000630 дугаартай Зөрчлийн хэрэг, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хийсэнтэй холбогдох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нэхэмжлэгч тал Япон улсын иргэн Ниномияа Рикаг Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар 23.529.355.07 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, түүний эд зүйл болох 7 ширхэг 999.9 сорьц бүхий алт болон 19.326.483 төгрөгтэй тэнцэх валют, төгрөгийг хураан шийдвэрлэснийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч талаас “... Гаалийн байгууллагад амаар өөрт алт байгаа гэдгээ мэдүүлсэн буюу Гаалийн тухай хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1дэх хэсгийн 240.1.2-т зааснаар “амаар мэдүүлэх” гэсний дагуу мэдүүлгээ гаргасан... Хуульд заасны дагуу амаар мэдүүлчхээд байхад түүнийг хууль зөрчсөн гэж үзэж байгааг ойлгохгүй байна...” гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд холбогдуулан үзэхэд,

гэрчээр Н.Оюунбилэг шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “... Тухайн үед буюу 06 дугаар сарын 10-ны өдөр гаалийн улсын ахлах байцаагчийн хуваарилсан хуваарийн дагуу явах зоригчийн гар тээшийг рентген аппаратаар шалгах хуваарийн дагуу ажиллаж байсан. Өглөө 5 цаг 30 минутын үед Улаанбаатар хотоос Нарита чиглэлийн онгоцны зорчигчийг шалгаж байхад нягтлан шалгах шаардлагатай ачаа харагдсан. Тэгээд зорчигчийг байлцуулж байгаад гар тээшийг хамт шалгасан. Тэгэхэд гулдмай хэлбэрийн алт гарсан. ... Тухайн иргэн Монгол хэл мэдэхгүй, голд голд гэж хариулж байсан. Тэгэхээр нь ахлах байцаагчдаа мэдэгдээд хамтарч шалгалт хийсэн. ... холбогдогч нь мэдүүлэх үүргээ Би сайн мэдэхгүй байна. Японы элчин сайдын яам дээр ийм мэдээлэл байгаагүй. Найз нараасаа асуусан чинь мэдүүлдэг гэж хэлээгүй ... гэх,                                                                              

Япон улсын иргэн Ниномияа Рикагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******ийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ... надад байгаа мэдээллээр танилаасаа асуусан... гэх мэдүүлэг,

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл: ... зорчигч нар бүх авч яваа зүйлсээ гаргадаг. ... гар цүнхээ рентген аппаратад шалгуулах хэсэгт нэгэнт нэвтэрсэн нь тогтоогдож байна,  

Холбогдогчоор Япон улсын иргэн Ниномияа Рика мэдүүлэхдээ: ... гаальд мэдүүлээгүй, Би олон улсад явж байхдаа, Швецар, Сингапурт явж байхдаа мэдүүлж байгаагүй. Монголд адил гэж бодсон, Элчин сайдын яамны вэб сайт болон нисэхэд ажилладаг найз нараасаа тодруулахад мэдүүлэх шаардлагагүй гэсэн тул бусад улстай ижил гэж бодсон ... гэх

Дээрх мэдүүлгээр гомдол гаргагчийг гадаад улсын иргэн, Монгол улсын хууль, дүрэм журам мэдэхгүй, гэхдээ бусдаас тодруулж асуусан гэх үйлдлээр зөрчил гаргаагүй гэж нэхэмжлэгчийг зөвтгөх үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй байна. Өөрөөр хэлбэл гомдол гаргагч нь Чингис хаан Олон улсын Нисэх буудлын аюулгүй байдал, хяналт шалгалтын хэсэгт маргаж буй үнэт эд зүйлийг гар тээшиндээ аваад орсон, нэгэнт алт болон валютыг тус тус мэдүүлээгүй, харин гар тээшийг рентген аппаратаар уншуулахад гаалийн байцаагчийн ажил үүргийн дагуу нягтлан шалгах шаардлагатай зүйл бүхий байсан учир ахлах байцаагчаа дуудаж ажил үүргээ гүйцэтгэж зөрчлийг илрүүлж байгаа нь хууль зөрчөөгүй байна.

Хэдий гомдол гаргагч нь Гаалийн тухай хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1, 240.1.2 дахь хэсэгт зааснаар “амаар мэдүүлсэн” буюу алт бүхий үнэт зүйл байгаа гар тээшийг рентген зурагт уншуулж тухайн ажил үүргээ гүйцэтгэж байсан гаалийн байцаагчаас шалгах үйл явцад “голд голд” мэдүүлж байгааг амаар мэдүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Нэгэнт 7 ширхэг алтан гулдмай болон 19.326.469 төгрөгтэй тэнцэх валютыг тус тус мэдүүлэх зоригчийн үүргээ биелүүлээгүй, мэдүүлээгүй нь Монгол улсын хил нэвтэрхийг завдсан, үнэн зөв мэдүүлэг өгөхөөс зайлсхийсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Тодруулбал хавтаст хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд уг зөрчлийг илрүүлсэн гэх хэсэг нь гаалийн хилээр нэвтрэх үзлэг хяналтын хэсэгт байх тул тухайн үед илэрсэн зүйлийг Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22.1 дэх хэсэгт “үнэн зөв мэдүүлэг гаргахаас зайлсхийсэн”, 22.3 дахь хэсэгт “худал мэдүүлсэн бол зөрчилтэй төлбөрийн хэрэгслийн, эсхүл валютын үнийн дүнтэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг хурааж хүн, хуулийн этгээдийг зөрчилтэй төлбөрийн хэрэгслийн, эсхүл валютын үнийн дүнгийн 15 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу зөрчилд холбогдсон барааг тус тус мэдүүлээгүй бөгөөд 156.862.367.11 төгрөгийн үнэ бүхий алтан гулдмай болон валютыг хурааж, хураагдсан барааны үнийн дүнгийн 15 хувь буюу 23.529.355.07 төгрөгөөр торгон шийдвэрлэжээ. Харин үнэлгээний мөнгөн дүнд талууд маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Үүнд: Нэхэмжлэгч тал Япон улсын иргэн Ниномияа Рика нь Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22.1 дэх хэсгийг зөрчсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтаар тогтоогдож байна.

Мөн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 2203000092 дугаартай зөрчлийн хэргийг прокурорт хянуулаагүй, шүүхийн шийдвэрийн 2 сарын хугацаа өнгөрсөн хойно акт гаргасан, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх заалтад, энэ хэсгийг 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд дагаж мөрдөхөөр зохицуулсан байхад энэхүү заалтыг үндэслэж шийтгэх оногдуулсан нь үндэслэлгүй, тус заалт хүчингүй болсон гэх үндэслэлүүдэд холбогдуулан үзвэл, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн даруй прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлнэ” гэж зааснаар прокурорт бүртгүүлсний үндсэн дээр хялбаршуулсан журмаар зөрчлийг шалган шийдвэрлэсэн байх тул үүнийг буруутгах үндэслэлгүй.

Түүнчлэн маргаж буй актын үндэслэл болсон Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт “Монгол Улсын болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн 20 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй тэнцэх хэмжээний биет үнэт металл, бэлэн гадаад валютыг Монгол Улсын хилээр гаргахыг хориглоно” заасныг үндэслэл болгон Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан зөрчилд холбогдуулан зөрчил хянан шалгах ажиллагааг явуулан, шийтгэл оногдуулсан хуульд нийцсэн байна.

Өөрөөр хэлбэл Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт заасан заалт нь тухайн зөрчил гарсан цаг хугацаанд хүчин төгөлдөр нийтээр дагаж мөрдөж байсан тул үйл баримтад холбогдуулахад 2023 оны 01 сарын 01-ний өдөр хүчингүй болсон хуулийн заалтыг үндэслэсэн байна гээд дээрх зөрчлийг үйлдээгүй гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2022/0775 дугаартай магадлалыг хариуцагч Н.Отгонбаатар нь 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр гардан авч, үүнээс хойш 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр маргаан бүхий актыг гаргасан байх тул хариуцагчийн акт хуулийн хугацаанд гарсан байна.

Иймд Чингис хаан Олон Улсын нисэх буудал дахь Гаалийн газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны Гаалийн улсын байцаагч Н.*******ын үйлдсэн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 0012654 тоот шийтгэх хуудсыг хүчингүй болгох үндэслэлгүй гэж дүгнэв.

Мөн шийтгэлийн хуудас нь тухайн зөрчилдөө нийцсэн, үр дүнд хүрсэн, зөрчилдөө тохирсон арга хэмжээ авсан буюу хуульд нийцсэн нь тогтоогдож, нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй, улмаар гомдол гаргагчийн гомдлоор тус шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлгүй байх тул Япон улсын иргэн Ниномияа Рика, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******ийн гомдлоор гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 113 дугаар зүйлийн 113.1 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гаалийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22.1 дэх хэсэгт заасныг баримтлан Япон улсын иргэн Ниномияа Рикагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******ийн Чингис хаан Олон Улсын нисэх буудал дахь Гаалийн газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны Гаалийн улсын байцаагч Н.*******ын үйлдсэн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 0012654 тоот шийтгэх хуудсыг хүчингүй болгуулахаар гомдлоор гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар гомдол гаргагч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

   

                  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.ЗОРИГТБААТАР