Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 2022/ДШМ/116

 

 

 

 

 

 

 

2022           02             01                                          2022/ДШМ/116

                                               

Д.Эд холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Ц.Оч, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Бүжинлхам,

хохирогч Д.Э, түүний өмгөөлөгч Ш.Жаргалсайхан,

шүүгдэгч Д.Э, түүний өмгөөлөгч О.Баясгалан, Э.Мягмардорж, Ш.Төгсгэрэл,

иргэний хариуцагч Б.А,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/657 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Бүжинлхамын бичсэн 2021 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 61 дугаартай эсэргүүцэл, шүүгдэгч Д.Эын өмгөөлөгч О.Баясгалан, Э.Мягмардорж, иргэний хариуцагч С.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Д.Эд холбогдох  дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Х овгийн Д-ийн Э, 1969 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эмэгтэй, дээд боловсролтой, химич мэргэжилтэй, Шинжлэх ухаан, технологийн сангийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Ард аюуш гудамж, *** байрны *** тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:/;

 

Шүүгдэгч Д.Э нь Нийтийн албан тушаалтан буюу Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/12 дугаартай тушаалаар Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Шинжлэх ухаан, технологийн сангийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдон ажиллах хугацаандаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйл /Засгийн газрын гишүүний бүрэн эрх/-ийн 1 дэх хэсгийн 4-т/ “Хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төрийн байгууллага, албан газрын бүтэц, дүрмийг баталж, дарга /эрхлэгч, захирал/-ыг томилж, чөлөөлнө”/ гэж заасныг,

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2017 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн А/35 дугаартай “Бүтэц шинэчлэн батлан тухай” тушаалыг тус тус зөрчиж, 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн “Бүтэц шинэчлэн батлах тухай” Шинжлэх ухаан, технологийн сангийн захирлын тушаалаар “орон тооны бус зөвлөл” гэх бүтцийг шинэчлэн /нэмж/ баталж, улмаар 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 58 дугаартай “орон тооны бус зөвлөлийн гишүүд, гэрээт ажилтныг томилох тухай” Шинжлэх ухаан технологийн сангийн захирлын тушаал гаргаж бусдад буюу Б.А, С.Б, Г.Д, Б.Б, П.П нарт эдийн засгийн давуу байдал бий болгож 2017 оны 7 дугаар сараас 2017 оны 12 дугаар сарын хооронд нийт 7.598.525 төгрөгийн цалин, урамшууллыг ямар ажил үүрэг гүйцэтгүүлсэн нь тодорхойгүй, хийж хэрэгжүүлсэн ажлын гүйцэтгэл, тодорхойлолтгүйгээр олгосон,

мөн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2017 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн А/35 дугаартай “Бүтэц шинэчлэн батлах тухай” тушаалыг зөрчиж М.Быг 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 39 дугаартай тушаалаар, 2017 оны 4 дүгээр сарын 17-ноос, 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүртэл,

А.Мыг 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 81 дугаартай тушаалаар, 2017 оны 12 дугаар сарын 01-нээс, 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл техникчийн орон тоон дээр тус тус давхардуулан томилж, тодорхой ажил үүрэг гүйцэтгээгүй байхад нийт 5.981.874 төгрөгийн цалин,

Түүнчлэн Нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасныг зөрчин өөрийн төрсөн дүү Дамдины Аийг Дамирангийн А нэрээр 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 52 дугаартай тушаалаар Хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтнээр томилж, 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүртэл 1.624.145 төгрөгийн цалин тус тус олгож, 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл үргэлжилсэн үйлдлээр бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосны улмаас Шинжлэх ухаан технологийн санд нийт 15.204.544 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: Д.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Сүхбаатар дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс шүүгдэгч Д.Э нь “М.Б, А.М нарыг техникчийн орон тоон дээр тус тус давхардуулан томилж, тодорхой ажил үүрэг гүйцэтгээгүй байхад нийт 5.981.874 төгрөгийн цалин өгсөн” гэсэн үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгож, Хар бүргэд овгийн Дамдингийн Эыг нийтийн албан тушаалтнаар ажиллахдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар Д.Эыг нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 13.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 13.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Эд оногдуулсан 13.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 13.000.000 төгрөгөөр торгох ялыг 1 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар Д.Эаас 1.624.145 төгрөгийг гаргуулж Шинжлэх ухаан, технологийн санд олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тайлбарлаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.Эд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг тус шүүхийн шийтгэх тогтоолоор ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.     

Прокурор Б.Бүжинлхам бичсэн эсэргүүцэлдээ: “Мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтуудаар яллагдагч Дамдины Э нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/12 дугаартай тушаалаар Шинжлэх ухаан, технологийн сангийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2017 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн А/35 дугаартай “Бүтэц шинэчлэн батлах тухай” тушаалыг зөрчиж М.Быг 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 39 дугаартай тушаалаар, 2017 оны 4 дүгээр сарын 17-ноос, 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, А.Мыг 2017 оны өдрийн 12 дугаар сарын 19-ний өдрийн 81 дугаартай тушаалаар, 2017 оны 12 дугаар саын 1-нээс, 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл техникчийн орон тоон дээр тус тус давхардуулан томилж, тодорхой ажил үүрэг гүйцэтгээгүй байхад нийт 5.981.874 төгрөгийн цалин олгосон болох нь тухайн үед Шинжлэх ухаан технологийн санд ажиллаж байсан ажилчид гэрч Ж.Эрдэнэцэцэг, Л.Батдэлгэр, Б.Эрдэнэчимэг, Ж.Мягмарсүрэн нарын “...М.Б, А.М,...нарыг танихгүй, анх удаа сонсож байна. Ийм нэртэй хүмүүс тус санд ажиллаж байгаагүй...” гэсэн мэдүүлэг, иргэний хариуцагч А.Мын “...Би өр төлбөртэй хүмүүстэй уулзаж хөөцөлдөх ажил хийж байсан, яг тодорхой ийм ажил хийсэн гэж тодорхой хэлэх зүйл надад алга...” гэсэн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдсон. Гэтэл шийтгэх тогтоолд дээрх яллах үндэслэл болгосон нотлох баримт, улсын яллагчийн дүгнэлтийг хэрхэн няцаан үгүйсгэсэн талаар тодорхой дурдаагүй төдийгүй “Д.Эыг М.Б, А.М нарыг техникчийн орон тоон дээр тус тус давхардуулан томилж, тодорхой ажил үүрэг гүйцэтгээгүй байхад нийт 5.981.874 төгрөгийн цалин олгосон үйлдэлд гэмт хэргийн шинжгүй. Хуульд заасан эрх хэмжээний хүрээнд батлагдсан бүтэц, орон тооны хүрээнээс халихгүйгээр ажиллуулсан байх ба тийнхүү давхардуулан ажиллуулсныг эрүүгийн гэмт хэргийн шинжтэй гэж үзэх нь үндэслэл муутай” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзнэ. Д.Эын албаны үүргээ урвуулан ашиглаж, тодорхой ажил гүйцэтгээгүй этгээдүүдэд давуу байдал олгосон буюу цалин олгосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэж байна. Д.Эын гэмт хэргээс үүссэн хохирлыг товчоор дүгнэвэл төрөөс хууль бусаар мөнгө авч бусдад өгсөн, нийгмийн даатгалд тухайн хүмүүс ажилласнаар тооцогдсоноор нийгмийн даатгалаас хожим хүртэх, ажилласан жил нэмэгдэх боломжуудыг олгосон зэргээр төрийн үйл ажиллагаанд хохирол, хор уршиг учруулсан гэмт үйлдэл тул ийнхүү хэрэгсэхгүй болгосныг нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү” гэжээ.

 

Прокурор Б.Бүжинлхам тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 657 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурорын эсэргүүцэл бичсэн. Шүүгдэгч Д.Эд холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзсэн. Мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар А.М, М.Б нар нь Шинжлэх ухаан технологийн санд ажил үүрэг гүйцэтгээгүйгээр цалин авсан нь нотлох баримтаар хангалттай нотлогдож тогтоогдсон. Иргэний хариуцагчаар өгсөн А.Мын мэдүүлэг болон гэрчүүдийн мэдүүлгээр давхар нотлогддог. Гэтэл шийтгэх тогтоолд дээрх яллах үндэслэл болгосон нотлох баримт, улсын яллагчийн дүгнэлтийг хэрхэн няцаан үгүйсгэсэн талаар тодорхой дурдаагүй төдийгүй “Д.Эыг М.Б, А.М нарыг техникчийн орон тоон дээр тус тус давхардуулан томилж, тодорхой ажил үүрэг гүйцэтгээгүй байхад нийт 5.981.874 төгрөгийн цалин олгосон үйлдэлд гэмт хэргийн шинжгүй. Хуульд заасан эрх хэмжээний хүрээнд батлагдсан бүтэц, орон тооны хүрээнээс халихгүйгээр ажиллуулсан байх ба тийнхүү давхардуулан ажиллуулсныг эрүүгийн гэмт хэргийн шинжтэй гэж үзэх нь үндэслэл муутай” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзнэ. Д.Эын албаны үүргээ урвуулан ашиглаж, тодорхой ажил гүйцэтгээгүй этгээдүүдэд давуу байдал олгосон буюу цалин олгосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэж байна. Д.Эын гэмт хэргээс үүссэн хохирлыг товчоор дүгнэвэл төрөөс хууль бусаар мөнгө авч бусдад өгсөн, нийгмийн даатгалд тухайн хүмүүс ажилласнаар тооцогдсоноор нийгмийн даатгалаас хожим хүртэх, ажилласан жил нэмэгдэх боломжуудыг олгосон зэргээр төрийн үйл ажиллагаанд хохирол, хор уршиг учруулсан гэмт үйлдэл тул ийнхүү хэрэгсэхгүй болгосныг нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч Д.Эын өмгөөлөгч О.Баясгалан гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүх тухайн хэргийг хянан шийдвэрлэхдээ эрх зүйн онол, сэтгэлгээ болон үйл баримтыг буруу дүгнэж илт хууль бус шийдвэр гаргасан байна.

Гомдлын үндэслэл нь:

1. Хууль ёсны зарчмыг зөрчсөн тухай.

Шүүгдэгч Д.Э нь нийтийн албан тушаалтан буюу хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд оролцогч бол ажил олгогч нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам юм. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам нь Д.Эыг Шинжлэх ухаан, технологийн сангийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байхдаа Хөдөлмөрийн тухай хуульд заасан зөрчил гаргасан гэж үзэж ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан байдаг. Өөрөөр хэлбэл төр буюу Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам нь түүний үйлдлийг гэмт хэрэг гэж үзээгүй бөгөөд хөдөлмөрийн эрх зүйн харилцааны зөрчил гаргасан гэж үзсэн. Төрийн гаргаж буй шийдвэр нь ажилтны эрхийг зөрчсөн буруу шийдвэр гэж шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан. Төр нь ажилтны эрхийг зөрчиж буруу шийдвэр гаргасан гэж үзэж анхан, давж заалдах, Улсын дээд шүүх тухайн асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн. Үндсэн хуулийн тавьдугаар зүйлийн 2-т “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ” гэж заасан билээ. Энэ нь ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1-д “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж заасан билээ. Өөрөөр хэлбэл төрийн гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагаас гаргасан шийдвэрийг Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу Улсын дээд шүүх эцэслэн шийдвэрлэсэн байтал дахин шүүхийн шийдвэр гаргаж Улсын дээд шүүхийг үгүйсгэсэн байна.

2. Тухайн хэрэгт иргэний хариуцагчаар Д.П, С.Б, Б.Б, Б.А, Г.Д, Д.А нарыг татсан байх, энэ нь хууль ёсны эсэх, тэднийг шүүх хуралд оролцуулах эсэх, иргэний хариуцагчаар татсан нь зөв буруу эсэх асуудлаар шүүхээс ямар ч дүгнэлт хийсэнгүй. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6-д заасан иргэний хариуцагч оролцоогүй бөгөөд энэ нь шүүхээс тэдэнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 3.3-т “энэ хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.4, 1.5, 1.6, 1.7. 1.8. 1.10. 1.11. 1.12-т заасан эрхийг эдлүүлэх” талаар ямар ч ажиллагаа хийсэнгүй. Энэ нь Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14-т “...шударга шүүхээр шүүлгэх...” эрхийг зөрчсөн байна.

3. Мөн шүүхийн шийдвэрт “2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн бүтэц батлах тушаал, Шинжлэх ухаан, технологийн сангийн захирлын тушаалаар “орон тооны бус зөвлөл” гэх бүтцийг шинэчлэн баталж... гэсэн байх бөгөөд энэ нь Д.Эд Шинжлэх ухаан, технологийн сангийн дүрэм болон ажлын байрны тодорхойлолтод заасан эрхэд хамаарч байхад буруутган нотлох баримтыг буруу үнэлжээ.

4. Мөн шүүх Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн гэж дүгнэж. Нийтийн алба буюу хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд энэ зүйл заалт хамаарахгүй болохыг улсын яллагч болон шүүх анхаарсангүй. Өөрөөр хэлбэл ажилд авах тушаалыг “ашиг сонирхлыг хөндсөн” гэж үздэг эрх зүйн онол аль ч улсын эрх зүйд байхгүй бөгөөд энэ заалтад ч ийм үг үсэг ороогүй болохыг шүүх анхаарсангүй.

5. Мөн шүүхийн шийдвэрт Д.П, С.Б, Б.Б, Б.А, Г.Д, Д.А нарт цалин хөлс олгосон гэж буруутган дүгнэлт хийсэн байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар цалин хөлс гэдэг бол ажилтанд ажил үүрэг гүйцэтгэсний төлөө заавал олгох төлбөр бөгөөд хүнийг бусдад цалин хөлс олгосон гэж буруутгах нь өөрөө хууль бус дүгнэлт юм. Учир нь, хавтаст хэрэгт авагдсан аудитын дүгнэлтээр шүүгдэгч Д.Эд төрд хохирол учруулсан гэж төлбөр ногдуулаагүй болохыг шүүх анхаарсангүй. Мөн шүүх “ийнхүү шүүгдэгчээс албан үүргийн хүрээнээс хэтрүүлж, хийх ёсгүй үйлдэл хийж, эрх мэдлээ хэтрүүлсэн үйлдэл нь эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэргийн шинжийг агуулжээ” гэсэн дүгнэлт хийсэн байх бөгөөд энэ дүгнэлт ба хавтаст хэрэгт авагдсан ямар ч баримтаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн “өөртөө, бусдад давуу байдал бий болгосон” гэсэн баримт үйл явдал тогтоогдоогүй тул мөн хуулийн 2.1 зүйлийн 3-т “Энэ хуулийн тусгай ангид заагаагүй үйлдэл, эс үйлдэхүй, хохирол, хор уршиг, гэм буруугийн шинжийг төсөөтэй хэрэглэж гэмт хэрэгт тооцохгүй” гэсэн заалтыг шүүгч анхаараагүй байна. Шүүгдэгч Д.Э нь өөрт эсвэл хэн нэгэнд эдийн засгийн давуу байдлыг бий болгосон гэж үзэж буйгаа шийдвэрт заагаагүй байна.

6. Шүүхээс Д.А гэх хүнд цалин олгосон 2016 оны 12 дугаар сарын 13-наас 2017 оны 3 дугаар сарын 29-ны өдрийн хооронд 1.624.145 төгрөгийн цалин олгосонг төлүүлэхээр шийдвэр гаргасан гэж үзэхээр байх бөгөөд энэ цаг хугацаанд 2005 оны Эрүүгийн хууль үйлчилж байсан тул 2017 оны 7 дугаар сараас үйлчилсэн Эрүүгийн хууль үйлчлэх ёсгүй болохыг шүүх анхаарсангүй. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйл. 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцохгүй болсон, 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө үйлдсэн, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд байгаа эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хэрэгсэхгүй болгоно гэж заасныг шүүх анхаарсангүй. Мөн яллах дүгнэлт ба шүүхийн шийдвэрийг Хууль тогтоомжийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд хэрэглэсэн нэр томьёог хэрэглэх” гэсэн шаардлага хангахгүй байна. Иймд Д.Эд холбогдох гэх энэ хүнд хилсээр ял оноосон анхан шатны шийтгэх тогтоолыг хүчингүй болгож цагаатгаж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч Д.Эын өмгөөлөгч Э.Мягмардорж гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “1. Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй үндэслэлийн тухайд,

1.1 Шүүх Д.Эыг гэм буруутайд тооцсон үндэслэлдээ:

Шүүхийн үндэслэл болгоод байгаа Засгийн газрын тухай хууль, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Шинжлэх ухаан, технологийн сангийн дүрмээр сангийн бүтэц, орон тоог тогтоох асуудлыг гурван өөрөөр зохицуулсан байхад буюу Засгийн газрын тухай хуулиар хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төрийн байгууллага, албан газрын бүтэц орон тоог батлахаар заасан, Шинжлэх ухаан технологийн санг Засгийн газрын тусгай сангийн хувьд Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар зохицуулж 26 дугаар зүйлийн 26.3-т тусгай сангийн зохион байгуулалт орон тооны хязгаарыг Засгийн газар тогтоохоор, харин “Шинжлэх ухаан, технологийн сангийн дүрэм”-ийн 2-ын 7-д Сангийн захиргааны орон тоо, ажиллах журам, төсөл санхүүжүүлэх зарчмыг Шинжлэх ухаан, боловсролын сайд, сангийн сайд нар хамтран тогтооно гэж хуульд өөрөөр заасан байхад яг аль заалтыг үндэслэсэн болон үгүйсгэсэн тухай үндэслэлээ тодорхойлж чадаагүй байна. Иймд шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3-т заасныг хангаж байгаа тул хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна.

/Жич: Шүүх Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийг ишлэхдээ огт байхгүй агуулгыг ишилсэн. Бодит заалт нь: 26.3. Энэ хуулийн 6.4-т заасан тусгай сангийн хөрөнгийг захиран зарцуулах шийдвэрийг тухайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гаргах бөгөөд энэ хуулийн 6.4.4, 6.4.6, 6.4.10, 6.5.3-т зааснаас бусад тусгай санд зориулан ажлын алба байгуулж, санхүүжүүлэхийг хориглоно гэжээ/

1.2 Шүүхийн тоггоолд үндэслэсэн гэрч Э.Эрдэнэцэцэг, Л.Батдэлгэр, Б.Эрдэнэчимэг, Ж.Мягмарсүрэн, Б.Гэрэлмаа, Б.Отгонжаргал нарын мэдүүлгүүдэд шүүгдэгч Д.Эыг буруутгаад байгаа Шинжлэх ухаан технологийн сангийн захирлын 26, 58 дугаартай тушаалуудын талаар огт мэдүүлээгүй байхад буюу зөрүүтэй, нотлогдохгүй байхад нотлох баримтаар үнэлж гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг хангаж байна гэж үзэж байгаа юм. Харин эдгээр гэрчүүд Д.Аийг ажил үүрэг гүйцэтгэж байсныг нотолж мэдүүлдэг.

1.3 Шүүх дүгнэлтдээ өмгөөлөгч нарын үндэслэл болгоод байгаа Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 181/ШШ2019/02176 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 332 тоот магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 001/ХТ2020/00805 тоот тогтоолын талаар огт дурдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2 буюу “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан” гэснийг хангаж байна гэж үзэж байна.

Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн Хяналтын шатны шүүх тогтоолдоо дүгнэхдээ “ ....2. Сөрөг нэхэмжлэлийн талаар:

Хариуцагч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам нэхэмжлэгч Д.Эыг ажил үүргээ гүйцэтгэж байхдаа төсвийн зардлыг үр ашиггүй зарцуулж 7.414.825 төгрөгийн үргүй зардал гаргасан, техникчийн орон тоон дээр давхардуулан томилж огт ажиллаагүй хүнд 3.816.300 төгрөгийн цалинг төсвөөс олгож, нийт 11.414.825 төгрөгийн хохирол учруулсан тул гэм хорын хохиролд дээрх төлбөрийг гаргуулахаар нэхэмжилжээ. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь 2017 оны төлөвлөгөөний 1.2-т заасан ”Хамтын ажиллагааг уялдуулан өргөжүүлэх, сайжруулах үйлчилгээ”-ний хүрээнд 2017 оны 07-12 сарын хооронд Б.А, С.Б, Б.Б, Г.Д, Д.Пүрэвдаавуу нарын 5 хүний бүрэлдэхүүнтэй орон тооны бус зөвлөл ажиллуулж, гэрээт ажилтнуудад нийт 7.598.525 төгрөгийн урамшуулал олгосон, байгууллагын санхүү төлөвлөлтийн хэлтсийн даргын танилцуулснаар, тус хэлтсийн чиг үүргийн хүрээнд байгууллагын өр авлагыг барагдуулахаар батлагдсан цалингийн хязгаарт багтааж А.Мыг ажиллуулж, цалин хөлсийг нь олгосон нь тогтоогджээ. Ажил олгогчийн дээрх шийдвэр, гаргасан зардал Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.9, 16.5.3, Шинжлэх ухаан технологийн сангийн Хөдөлмөрийн дотоод журмын 11.1.2 дахь заалтын хүрээнд хэрэгжсэн тул үргүй зардал гаргаж, улсын төсөвт хохирол учруулсан гэх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг үндэслэлгүй талаар хоёр шатны шүүхийн дүгнэлт хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн боловч анхан шатны шүүхийн шийдвэрт шийдвэрлэгдээгүй орхигдуулсныг давж заалдах шатны шүүх магадлалын үндэслэлд дүгнэсэн боловч шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2- т заасан шаардлагад нийцээгүй гэж үзнэ. Иймд хяналтын шатны шүүхээс анхан болон давж заалдах шатны шүүхийн алдааг засч нэхэмжлэгчид Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-д заасан хариуцлага хүлээлгэх үндэслэл тогтоогдоогүй гэх үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ” гэж дүгнээд тогтоолын сөрөг нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх анхаарч үзээгүй байна. Өөрөөр хэлбэл Д.Эыг гэм буруутайд тооцоод байгаа хэргийн талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байсаар атал үүнийг анхаарч үзэлгүй гэм буруутайд тооцож ял шийтгэсэн нь илт хууль бус байна гэж үзэж байна.

1.4.Шүүх дүгнэлтдээ Б.А, С.Б, Г.Д, Б.Б, Д.Пүрэвдаавуу нарт эдийн засгийн давуу байдал бий болгож 7.598.525 төгрөгийн цалин, урамшууллыг ямар ч ажил үүрэг гүйцэтгэсэн нь тодорхойгүй, хийж хэрэгжүүлсэн ажлын гүйцэтгэл, тодорхойлолтгүйгээр олгосон гэж бодит байдалд нийцээгүй худал дүгнэлт хийж Д.Эыг гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хууль бус юм. Эдгээр хүмүүсийг орон тооны бус зөвлөлийн гишүүнээр томилсон тушаалын хавсралтад хэн нь ямар чиг үүрэг гүйцэтгэх талаар тодорхой тусгасан төдийгүй /1хх 63-64, 200-201/, эдгээр хүмүүсийн хийсэн ажлын тайлан хавтаст хэрэгт хавсаргагдсан, гэрчийн мэдүүлэгтээ ч ямар ажил үүрэг гүйцэтгэсэн талаар тодорхой ярьсан байдаг. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3-т заасан нөхцөлийг хангаж байгаа учир шүүхийн тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй юм.

1.5. Д.Э нь Төсвийн тухай хуулийн 1.38-д заасны дагуу төсвийн шууд захирагч мөн. Үүнийг ч Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн хяналтын шатны шүүх тогтоолдоо мөн дүгнэсэн байдаг. Хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлсэн ажлыг хууль зөрчсөн буруутай гэж үзэж эрүүгийн хариуцлага оногдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2-т заасан “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан” гэх нөхцөлийг бий болгож байна. Өөрөөр хэлбэл Боловсрол, шинжлэх ухаан, спортын сайдын баталсан орон тооноос хэтрүүлээгүйгээр орон тооны бус зөвлөлийн 5 хүнийг өөрийн бүрэн эрхийн хүрээнд ажиллуулж урамшуулал олгосон байдаг. Эдгээр хүмүүст олгосон мөнгийг цалин гэж үзэх боломжгүй. Учир нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд ч хүрэхгүй байгаа юм.

2. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тухайд

2.1 Албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэн бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосны улмаас Шинжлэх ухаан, технологийн санд нийт 9.222.670 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт буруутгасныг үл зөвшөөрч байна. Авлигын эсрэг Нэгдсэн Үндэстний байгууллагын конвенцийн 15 дугаар зүйлийн (а)-д “...нийтийн албан тушаалтныг албан үүргээ гүйцэтгэх явцдаа аливаа үйлдэл, эсхүл эс үйлдлийг хийлгэх зорилгоор түүнд өөрт нь эсхүл өөр хувь хүн, хуулийн этгээдэд зүй бус буюу давуу байдал олгохыг шууд буюу шууд бусаар тухайн албан тушаалтанд амлах санал болгох эсхүл ийм давуу байдлыг олгох...”-ыг гэмт хэрэг гэж тодорхойлжээ. Конвенцийн энэхүү заалтаас үзэхэд, шүүхийн тогтоолд “албан үүргийн хүрээнээс хэтрүүлж, хийх ёсгүй үйлдэл хийж эрх мэдлээ хэтрүүлсэн үйлдэл нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэргийн шинжийг агуулжээ” гэж дүгнэсэн нь илт хууль бус дүгнэлт болжээ. Өөрөөр хэлбэл Авлигын эсрэг конвенцийн дээрх тодорхойлолтын агуулгаас үзэж дүгнэлт хийхэд:

“үйлдэл эсхүл эс үйлдлийг хийлгэх зорилгоор” гэж заасан нөхцөлд тухайн үйлдлийг урьдчилж хийлгэхийн тулд өөрт нь эсхүл өөр хувь хүн, хуулийн этгээдэд зүй бус буюу давуу байдал олгохыг шаардсантай Д.Эыг буруутгасан үйлдэл огт хамаарахгүй байна. Албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэх гэдэгт ажил үүргийн хувьд гүйцэтгэх ёстой чиг үүргээ өөрт ямар нэг ашигтай нөхцөл байдал үүсгэх санаа зорилготой байхыг шаардаж байна. Түүнчлэн Авилгын эсрэг конвенцийн албан ёсны орчуулгад “15 дугаар зүйл Үндэсний төрийн албан тушаалтныг хахуульдах оролцогч улс бүр санаатайгаар үйлдсэн дараахь үйлдлийг гэмт хэрэг гэж тогтооход шаардлагатай байж болох хууль тогтоох болон бусад арга хэмжээг авна:

1. “Төрийн албан тушаалтныг албан үүргээ хэрэгжүүлэх явцад нь аливаа үйлдэл хийлгэх эсхүл хийлгэхгүйн тулд тухайн албан тушаалтанд өөрт нь эсхүл өөр этгээд буюу байгууллагад шууд буюу шууд бусаар хууль бус давуу тал олгохыг амлах, санал болгох эсхүл олгох;” гэж томъёолсноос үзэхэд тухайн албан тушаалтныг албан үүргээ хэрэгжүүлэх явцад нь амлах, санал болгохыг шаардсан байна. Д.Эыг гэм буруутайд тооцоод байгаа Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болон Авилгын эсрэг конвенцийн 15 дугаар зүйлд заасан зорилгод нийцээгүй, өөрт болон бусдад хууль бусаар давуу байдал бий болгох субъектив санаа зорилготой байх нөхцөлтэй нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар гэм буруутайд тооцсоноороо шүүх Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Нэр бүхий 5 хүнийг ажил үүрэг гүйцэтгүүлж, хөлс төлсөн нь Д.Эд ямар давуу байдал, ашиг хонжоо бий болгосон гэх нөхцөл байдал нотлогдоогүй байхад албан тушаалын эрх мэдлээ ашиглан бусдад давуу байдал бий болгосон гэж үзэж эрүүгийн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон нь шүүхийн шийдвэрийн хууль ёсны ба үндэслэлтэй байх хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэж үзэж байгаа юм. Шүүх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамласан нь үндэслэлгүй хууль бус юм. Учир нь нэр бүхий 5 хүнийг орон тооны бус зөвлөлийн гишүүнээр томилж урамшуулал олгох тушаал гаргасан нь Төсвийн тухай хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд хийгдсэн тул үргэлжилсэн үйлдэл гэж үзэх хууль зүйн боломж байхгүй юм.

2.2 Д.Аийг ажиллуулж цалин олгосон гэсэн үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх ёстой учир Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа юм. Учир нь Д.Аийг 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр “Шинжлэх ухааны паркийн захиргаанд хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтнээр томилж 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн тушаалаар чөлөөлсөн нь 2015 оны Эрүүгийн хуулийн үйлчлэлээс өмнө болсон асуудал тул 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх ёстой. Ер нь бол Аийг ажилд авч ашиг хонжоо олох санаа зорилго ч байгаагүй, мэргэжлийн өндөр ур чадвар шаардсан ажилд туслах гэсэн зорилготой байсан, хөдөлмөрийн мөлжлөг хийхгүйн тулд багахан хэмжээний цалин өгсөн байдаг. Үүнийг ч шүүх анхаарч үзээгүй орхигдуулсан байдаг. Тийм учраас прокурор Э.Бадралын 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 10 тоот прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгосон нь илүү бодитой хууль зүйн дагуу гаргасан шийдвэр юм.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн тухайд:

Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх”, 1.15 дугаар зүйлд заасан “гэм буруугүйд тооцох тухай” заалтуудыг зөрчсөн нь шүүхийн тогтоолын хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байхад сөргөөр нөлөөлсөн гэж үзэж байна. Гэрч нарын мэдүүлэгт эргэлзээтэй зөрүүтэй байдал бий болсон байхад шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөнөөс шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байгаа юм. Үүнд:

Д.Аийг төрсөн эгчийнх нь эсрэг мэдүүлэг авснаар Үндсэн хуулийн зарчим, заалт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн асуудал болсон. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлд хэргийг хэрэгсэхгүй болгох тухай заасан байхад иргэний шүүхийн шйидвэрийг үнэлэхгүйгээр гэм буруутайд тооцож ял оногдуулсан нь илт хууль бус байна. Түүнчлэн Д.Аэд цалин олгосон асуудал нь гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан нь, түүнчлэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох хангалттай үндэслэл байхад хэрэгсэхгүй болгоогүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил гэж үзнэ. Шүүхийн хэрэгт хамааралтай, хууль ёсны ач холбогдолтой үнэн зөв гэж үзсэн шийтгэх тогтоолын үндэслэл болгосон нотлох баримтыг өмгөөлөгч бид нотлох баримт бүрээр нэг бүрчлэн нэрлэн, хэрэгт ач холбогдолгүй, хамааралгүй буюу буруутгах нотолгоо буюу нотлох баримт биш талаарх тайлбар үндэслэлээ гарган шийтгэх тогтоолд үндэслэсэн нотлох баримт бүрийг нэг бүрчлэн үгүйсгэж байна.

Нэр бүхий 5 эрдэмтэд болон Шинжлэх ухаан технологийн сангийн ажилтнуудыг нэр цохож дуудсан тухайн үед ажиллаж байсан бүх ажилтнуудаас мэдүүлэг аваагүй ялгавартай мэдүүлгүүд зэрэг баримтыг шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгон шийдвэрлэсэн шийтгэх тогтоол хуульд үл нийцсэн Үндсэн хуульд заасан “хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг төр иргэнийхээ өмнө хариуцна” гэсэн заалт, түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, ... хүний ... зөрчигдсөн эрхийг сэргээх...” зорилтод бүрэн нийцсэн гэж үзэхгүй байна. Яллагдагч, шүүгдэгч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй яллагдагч шүүгдэгчийн мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй ба өөрийн гэм бурууг хүлээсэн байсан ч заавал өөр нотлох баримтаар л нотлох ёстой ба ийнхүү нотлох баримтаар батлагдвал яллах үндэслэл болдог.

II. Гэрчүүдийн мэдүүлэг

Шүүхийн дүгнэлт нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо үндэслэл болсон нотлох баримтын талаар эрс зөрүүтэй дүгнэлт хийсэн төдийгүй “хэргийн бодит байдлыг нотлохын тулд шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтыг үнэлэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл заалт, зарчмууд, тэдгээрийн агуулгад заавал нийцсэн байх шаардлагыг шүүхийн шийтгэх тогтоол, магадлал хангаагүй.

Шийтгэх тогтоолд хамааралтай хууль ёсны үнэн зөв гэж үнэлсэн бусад баримт:

Төрөөс хамгаалагдсан эрх ашгийн эсрэг хориглолт хязгаарлалт тогтоосон хүн, төр, нийгэмд аюултай нэрлэн заасан үйлдэл, эс үйлдэхүйг Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтийн эрх зүйн харилцааны салбар эрүүгийн эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулагдах гэмт хэрэг үү, эсхүл хувийн эрх зүйн харилцааны ангилалд багтах хориглосноос бусдыг нь зөвшөөрөгдөх талуудын эрх тэгш иргэд хоорондын эрх зүйн хэм хэмжээ үйлчлэх иргэд хоорондын зээл үү гэдгийг ялгаж салгалгүй албан тушаалтан буюу хээл хахууль авах гэмт хэргийн субьект нь нийтийн албан тушаалтан төрийн тусгай албан хаагч гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй байна. Гэмт хэрэг буюу эрүүгийн эрх зүйн харилцаа буюу Авлига албан тушаалын гэмт хэрэгт хэрэг байх эрх зүйн зөрчил нь албан тушаалтны албан үүргээ хэрэгжүүлэхэд хэм хэмжээгээр журамлан зохицуулан эрх зүйн шаардлага хэрэгжих хэлбэрийг зөрчсөн эрх зүйн зөрчил байдаг. Албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх нь зүй ёсны боловч хар цагааныг ялгалгүй хэт ерөнхий байдлаар бусдын нөлөөнд автан шүүх хуульд захирагдахгүй байж болохгүй. Хэрвээ шүүх ийнхүү хуульд захирагдахгүй юм бол төр, хууль ёс, шүүх байх ч хэрэггүй. Хэргийн бодит байдал, нотлох баримт, хуулийн хэрэглээ зэргийг үндэслэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож цагаатгаж өгнө үү. Нэр бүхий 5 эрдэмтнийг прокурор иргэний хариуцагчаар татаж тогтоол үйлдсэн хэрнээ Д.Эын гэмт хэргийн хохирлыг төлүүлэхгүйгээр шийдвэрлэсэн, мөн иргэний хариуцагч нарт хуулиар олгосон эрхийг эдлүүлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл мөн гэж үзнэ” гэв.

 

Шүүгдэгч Д.Эын өмгөөлөгч Ш.Төгсгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ажлаас халж Д.Эыг хэлмэгдүүлчихээд дараа нь энэ асуудлыг нь давхардуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн нь хууль зөрчсөн байна. Энэ хэргийн талаар эцэслэн шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн тогтоолд тодорхой дурдсан байгаа. Эрүүгийн хэрэгт материаллаг хохирол шаарддаг. Гэтэл хохирол байхгүй гэж миний хувьд харж байна. Энэ хэрэгт Д.Эыг яллах үндэслэлгүй байна. Ямар сэдэлт, санаа зорилгоор үйлдсэн гэдгийг тогтоогоогүй. Д.Э давуу байдлыг өөрөө хүсэж бий болгохгүй. Ямар нэгэн байдлаар авлига авсан эсвэл ямар нэгэн байдлаар нөлөөт байдалд орсон байхыг шаарддаг. Бусдын эрх ашгийн төлөө хийдэг байгаа. Гэтэл Д.Э ажиллаа явуулахын тулд энэхүү төслийг хэрэгжүүлж 5 эрдэмтнийг авдаг. Д.Пүрэвдаавуу, С.Б нар нь Орос улстай холбогддог. Б.Б нь Европын холбооны улстай холбогддог. Б.А нь ази тивийн орнууд буюу Япон улстай холбож өгсөн. Г.Д нь Хятад улстай холбогдож олон төсөл хэрэгжүүлсэн байдаг. Тэгэхээр энэхүү эрдэмтдийг 6 сар ажиллуулан 1.500.000 төгрөгийн цалин олгосныг давуу байдал бий болгосон гэж үзэх боломжгүй байна. Эдгээр хүмүүс нь хийсэн ажилтай, хэлэх үгтэй гэж үзэж байна. Мөн орон тоо, цалингийн төсөв хэтрээгүй байхад буруутгаж байгаа нь үндэслэлгүй байна. Д.Аийн хувьд туршилтын 3 сарын хугацаанд ажилласан байдаг. Прокурор яллах дүгнэлтийг гардуулж өгөөд дараа нь шүүхэд хэргээ шилжүүлэх ёстой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасны ноцтой зөрчсөн. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг зөрчсөн байгаа. Иймд давж заалдах шатны шүүхээс дээрх байдлуудыг хянан үзэж шүүгдэгч Д.Эд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. Прокурорын бичсэн эсэргүүцэл үндэслэлгүй байгаа. Эсэргүүцлээ нотолж чадахгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зохих зүйл заалтуудыг зөрчсөн учраас прокурорын эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлгүй байна. Авлигатай тэмцэх газраас шүүгдэгч Д.Эыг цагдан хорино гэж айлгаж сүрдүүлэн 7.598.525 төгрөгийг төлүүлсөн. Иргэний хариуцагч нар байхад шүүгдэгч Д.Эаас төлүүлсэн нь үндэслэлгүй байна. Д.Эд 7.598.525 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү” гэв.

 

Иргэний хариуцагч Б.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ажил хийсэн. Япон улстай холбож өгсөн баримтууд хавтаст хэрэгт байгаа. Өөр хэлэх тайлбаргүй” гэв.

 

Иргэний хариуцагч С.Б гаргасан давж заалдах гомдолдоо: “Шүүх тухайн хэргийг хянан шийдвэрлэхдээ гэм бурууг нягталж, үнэнийг тогтоолгүй, дүгнэж илт хууль бус шийдвэр гаргаж нэр хүндэд халдсан байна. Гомдлын үндэслэл нь:

1.         Намайг тухайн хэрэгт иргэний хариуцагчаар татсан нь үндэслэлгүй,

2.         Иргэний хариуцагчаар татсан шүүх хурлын тов хэлээгүй,

3.         Шүүх хуралд оруулаагүй, оролцох боломжоор хангаагүй,

4.         Хийсэн ажлын тайлангаа өөрийн биеэр өгөөд, хөдөлмөр хийсэн хөлс (235000 төгрөг/ 3-4 сар) авсан дансны хуулгыг татаж өгсөн байтал юу ч хийгээгүй байхад нь олгосон гэж гүтгэж, эрдэмтэн хүний нэр хүндийг гутаан доромжилж шийдвэрлэсэн байна. Иймд надад холбогдох хилсээр оноосон иргэний хариуцагчаар татсан хууль бус асуудлыг хүчингүй болгож цагаатгаж өгнө үү.” гэжээ.

 

Шүүгдэгч Д.Э давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Дээд шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 001/ХТ2020/00805 тоот тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрт сөрөг нэхэмжлэлийн заалтад өөрчлөлт орж ... батлагдсан. Энэ өөрчлөлт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны сөрөг нэхэмжлэлийн 11.414.825 төгрөгийг надаас гаргуулах гэснийг Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэсэн.

Ийм учраас би өөрийгөө төлбөр төлөх учиргүй гэж үзэж байтал Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2020 оны 3 дугаар сарын 16-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шалгаж улмаар Нийслэлийн прокурорын газраас 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр 26 тоот яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэж 2021/ШЦТ/657 тоот шийтгэх тогтоолоор нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилээр хасаж 13.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ М.Б, А.М нарт олгосон цалингийн 5.981.874 төгрөгийн гэх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 -т зааснаар хэрэгсэхгүй болгосон. Энэ нь иргэний хэргийн сөрөг нэхэмжлэлд 3.816.300 төгрөг байсан боловч эрүүгийн хэрэгт 5.981.874 төгрөг болж яагаад нэмэгдсэн нь ойлгомжгүй байна. Мөн ... нарын 5 докторт олгосон цалин урамшууллын 7.598.525 төгрөгийн асуудал  мөн дээрх хэрэгсэхгүй болгосон үйлдэлтэй яг адилхан болохыг шүүх анхаарч үзээгүйд гайхаж байна. Мөн Д.А бас ажиллаж цалин авсан бөгөөд хэрэгсэхгүй болгосон үйлдэлтэй бас адилхан асуудал юм. Би батлагдсан орон тоо, цалингийн фондыг хэтрүүлж хууль зөрчиж бусдад давуу байдал олгоогүй гэж үзэж байна. Мөн улсын яллагчийн эсэргүүцлийг ч хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. Иймд давж заалдах шатны шүүх хэргийг шударгаар хуулийн заалтыг үндэслэн хянан үзэж нэг асуудлыг эхлээд иргэний хэрэг улмаар дахин давхардуулж шалгаж эрүүгийн хэрэг болгож эрүүгийн хуулиар ял шийтгэл оногдуулж хуулиар хүний эрхийг ноцтой зөрчиж хохироосон гэж үзэж давж заалдах гомдол гаргаж байна. Би шинжлэх ухааны байгууллагад 27 жил тасралтгүй ажилласан. Өнөөдрийн шүүх хуралдаанд иргэний хариуцагчаар оролцох 5 байсан. П.П ковид-19 өвчний улмаас нас барсан. С.Б нь халтирч унаад хавиргаа хугалсан. Г.Дтай холбогдож чадаагүй гэсэн. Б.А нь шүүх хуралдаанд оролцож байна. Эдгээр 5 хүнийг яагаад ажиллуулсан бэ гэхлээр Шинжлэх ухаан технологийн сан дэлхийн бусад ижил төстэй орнуудтай хамтарч төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх ёстой гэсэн Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын надад өгсөн үүрэг, хөдөлмөрийн гэрээний үр дүнгийн дагуу энэ ажлыг хэрэгжүүлэхийн тулд дээрх 5 хүнийг авч ажиллуулсан. Дэлхийн орнуудыг 5 бүсэд хувааж, энэхүү эрдэмтдийг тодорхой хугацаанд ажиллуулсан байгаа. Прокуророос 5 эрдэмтдийг юу ч хийгээгүй байхад давуу байдал олгож цалин, урамшуулал гэж тайлбар хэлсэн. Эдгээр хүмүүсийн хийсэн тайлан Шинжлэх ухаан технологийн санд байгаа. Би Шинжлэх ухаан технологийн сангийн ажлыг өгөөд удсан байсан. 3 жил гаруй болж байна. Шинжлэх ухаан технологийн сангаас тайлан гаргуулах авах эрх надад байхгүй. Би өөрөө хувиасаа гаргасан тайлан надад байхгүй. Намайг гүтгэсэн гэж үзэж байна. Намайг бусдад давуу байдал олгосон гэж байна. Цэгц ажлын зээл нь намайг ажилд авахаас өмнө буюу 10 жилийн өмнө эрдэмтэд зээл олгосон байгаа. Тэр хүмүүс одоо болтол мөнгөө төлөхгүй алга болсон байгаа. Шинжлэх ухааны санд жил болгоны аудитаар авлагаа барагдуул гэсэн акт тавигддаг. Цэгц ажлын зээл нь эргэн төлөгдөх нөхцөлтэй байсан. Бусад төслүүд эргэн төлөгдөх нөхцөлгүй байдаг. Шинжлэх ухааны сан болвол зөвхөн санхүүжилт олгохоос гадна, санхүүжүүлсэн төсөл хөтөлбөртөө мониторинг хийх ёстой. Ямар үр дүн гарсан талаарх ажлыг мөн хийдэг. Төслийн үр дүн гараагүй төслүүдийн санхүүжилтийг зогсоодог. Шинжлэх ухаан технологийн санд хуулийн мэргэжилтэй хүн байхгүй. Тийм учраас зээл аваад алга болсон хүмүүсээс авлагаа авахын тулд хуульч хэрэгтэй болсон. Эдгээр хүмүүсийг хуулийн хүрээнд ажиллуулахын тулд тодорхой хэмжээний хөлсөөр, төсвийн хүрээнд ажиллуулсан. Техникчийн орон тоон дээр давхардуулан ажиллуулсан гэж байна. Техникчийн орон тоо гэдэг нь жолооч байгаа. Шинжлэх ухаан технологийн санд 5 эрдэмтний ажиллуулахгүй бол уг санд ганцхан доктор хүн байсан. Тэр нь ганц доктор нь би байсан. Дэлхийн бусад орнуудтай харилцах гэхээр хэлний мэдлэгтэй хүн байхгүй. Дэлхийн шилдэгт үнэлэгдэх 5 эрдэмтнийг 245.000 төгрөгөөр цалинжуулан энэ хугацаанд ажиллуулсан. Хятад улсын суурь судалгааны сангаас 8.000.000.000 төгрөгийн төсөл орж ирээд Баатарбилэг сайдын гарын үсэгтэй төсөл хэрэгжээд явж байгаа. Япон улсын шинжлэх ухааны агентлагтай холбогдоод залуу эрдэмтнийг Япон улс руу явуулах гэж байсан. Одоо энэ ажил бүр зогсчихсон. Б.А доктор нь Япон улсын эзэн хаанаас шагнал авсан ганц хүн байгаа. Шинжлэх ухаан технологийн сангийн өөрийнх ажил үүргийг сайн судлаасай гэж хүсэж байна. Шинжлэх ухаан технологийн сан нь 53 хүрээлэнгийн хүмүүстэй харилцаж тэдний гаргасан бүтээлүүдийг түгээн дэлгэрүүлэх үүрэгтэй. Шүүхээс үнэн зөвийг олж өгөхийг хүсэж байна” гэв.

Хохирогч Д.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэлэх тайлбар байхгүй” гэв.

Хохирогч Д.Эын өмгөөлөгч Ш.Жаргалсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байгаа ч энэхүү үйлдэл нь шүүгдэгч Д.Эд оногдуулсан ялын бодлогод нөлөөлөхгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй гарсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг өөрчлөх, хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. Төрийн албан хаагч хэн ч байсан тухай байгууллагад ажиллаж байвал шүүх, цагдаагийн байгууллага, Авлигатай тэмцэх газарт заавал гаргаж өгөх үүрэгтэй. Байгууллагын архивт нь тухайн хүмүүс ажиллаж байсан талаарх баримтууд байхгүй байдаг. А.Мыг авч ажилуулж өр барагдуулсан гэж давж заалдах гомдолд дурдсан. Шинжлэх ухаан технологийн сан төсөл хөтөлбөрийг урьдчилан санхүүжүүлдэг. Тэр нь дараа нь буцаан төлөгддөг зарчимтай байгаа. Энэ журмаар төлбөр төлөгдсөн мөнгө болохоос биш А.М ажиллаж өр төлбөрийг барагдуулсан асуудал байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын бичсэн эсэргүүцэл болон давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Нийслэлийн прокурорын газраас Д.Эыг Нийтийн албан тушаалтан буюу Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/12 дугаартай тушаалаар Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Шинжлэх ухаан, технологийн сангийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдон ажиллах хугацаандаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйл /Засгийн газрын гишүүний бүрэн эрх/-ийн 1 дэх хэсгийн 4-т/ “Хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төрийн байгууллага, албан газрын бүтэц, дүрмийг баталж, дарга /эрхлэгч, захирал/-ыг томилж, чөлөөлнө”/ гэж заасныг,

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2017 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн А/35 дугаартай “Бүтэц шинэчлэн батлан тухай” тушаалыг тус тус зөрчиж, 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн “Бүтэц шинэчлэн батлах тухай” Шинжлэх ухаан, технологийн сангийн захирлын тушаалаар “орон тооны бус зөвлөл” гэх бүтцийг шинэчлэн /нэмж/ баталж, улмаар 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 58 дугаартай “орон тооны бус зөвлөлийн гишүүд, гэрээт ажилтныг томилох тухай” Шинжлэх ухаан технологийн сангийн захирлын тушаал гаргаж бусдад буюу Б.А, С.Б, Г.Д, Б.Б, П.П нарт эдийн засгийн давуу байдал бий болгож 2017 оны 7 дугаар сараас 2017 оны 12 дугаар сарын хооронд нийт 7.598.525 төгрөгийн цалин, урамшууллыг ямар ажил үүрэг гүйцэтгүүлсэн нь тодорхойгүй, хийж хэрэгжүүлсэн ажлын гүйцэтгэл, тодорхойлолтгүйгээр олгосон,

мөн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2017 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн А/35 дугаартай “Бүтэц шинэчлэн батлах тухай” тушаалыг зөрчиж М.Быг 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 39 дугаартай тушаалаар, 2017 оны 4 дүгээр сарын 17-ноос, 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүртэл,

А.Мыг 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 81 дугаартай тушаалаар, 2017 оны 12 дугаар сарын 01-нээс, 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл техникчийн орон тоон дээр тус тус давхардуулан томилж, тодорхой ажил үүрэг гүйцэтгээгүй байхад нийт 5.981.874 төгрөгийн цалин,

Түүнчлэн Нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасныг зөрчин өөрийн төрсөн дүү Дамдины Аийг Дамирангийн А нэрээр 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 52 дугаартай тушаалаар Хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтнээр томилж, 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүртэл 1.624.145 төгрөгийн цалин тус тус олгож, 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл үргэлжилсэн үйлдлээр бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосны улмаас Шинжлэх ухаан технологийн санд нийт 15.204.544 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх, Д.Эд холбогдох хэргийн нөхцөл байдал болон түүний гэм буруу, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарт бодитой, үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр прокуророос яллах дүгнэлт үйлдсэн буюу “М.Б, А.М нарыг техникчийн орон тоон дээр тус тус давхардуулан томилж, тодорхой ажил үүрэг гүйцэтгээгүй байхад нийт 5.981.874 төгрөгийн цалин өгсөн” гэсэн үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн шинжгүй гэж үзэж, үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь,

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, Шинжлэх ухаан, технологийн сангийн захирлын 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 26 дугаартай “Бүтэц шинэчлэн батлах тухай” тушаалын хавсралтаар Шинжлэх ухаан, технологийн сангийн үйл ажиллагааны бүтэцийн Захиргаа, хяналт шинжилээний хэлтэст 1 /нэг/ техникчийн орон тоог баталжээ. Тухайн техникчийн орон тоон дээр Н.Сайнбилэгийг 2013 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс томилон ажиллуулсан байна /1хх 227/.

Харин Н.Сайнбилэгийг техникчийн орон тоон дээр ажиллаж байх хугацаанд буюу Шинжлэх ухаан, технологийн сангийн захирлын 2017 оны 4 дүгээр сарын  28-ны өдрийн 39 дугаартай тушаалаар /1хх 54/ М.Быг Захиргаа, хяналт шинжилгээний хэлтэст техникчээр томилон ажиллуулж, 2017 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 53 дугаартай тушаалаар М.Быг техникчийн ажлаас /1хх 55/,

Мөн Шинжлэх ухаан, технологийн сангийн захирлын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 81 дугаартай тушаалаар /1хх 51/ А.Мыг Захиргаа, хяналт шинжилгээний хэлтэст техникчээр томилон ажиллуулж, 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 34 дугаартай тушаалаар А.Мыг техникчийн ажлаас тус тус чөлөөлсөн  /1хх 53/ байх бөгөөд техникчийн орон тоон дээр Н.Сайнбилэгийг ажиллаж байхад  М.Б, А.М нарыг давхардуулан ажиллуулсан нөхцөл байдал тогтоогдож байна. Түүнчлэн хэрэгт М.Б, А.М нарын цагийн бүртгэл  /3хх 42-59/, А.Мын техникчээр ажиллаж байхдаа авсан цалингийн зээлийн баримт /3хх 41/, цалингийн мэдээлэл /3хх 105/ зэрэг бичгийн баримтууд цугларсан байгааг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “шүүхийн хэлэлцүүлэг, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдаанд оролцох” гэж, 8.6 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад иргэний хариуцагч энэ хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.4, 1.5, 1.6, 1.7, 1.8, 1.10, 1.11, 1.12-т заасан эрхийг эдлэнэ гэж тус тус заажээ.  

Анхан шатны шүүх хуралдаан 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр болсон байх бөгөөд шүүх хуралдааны товыг иргэний хариуцагч С.Бд мэдэгдээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх ба шүүх хуралдааны товыг 3-аас доошгүй хоногийн өмнө талуудад мэдэгдэнэ.” гэж заасныг зөрчсөн байна.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурор Б.Бүжинлхамын бичсэн 2021 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 61 дугаартай эсэргүүцэл болон иргэний хариуцагч С.Бын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хүлээн авч Д.Эд холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул шүүгдэгч Д.Эын өмгөөлөгч О.Баясгалан, Э.Мягмардорж нарын гаргасан давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/657 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Эд холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.   

   2. Хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцэх хүртэл шүүгдэгч Д.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.АРИУНХИШИГ

 

 

                                 ШҮҮГЧ                                                               Ц.ОЧ

 

 

                                 ШҮҮГЧ                                                               Ж.ЭРДЭНЭЧИМЭГ