| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Золбоо |
| Хэргийн индекс | 106/2024/0536/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/1172 |
| Огноо | 2026-04-28 |
| Зүйл хэсэг | 15.1.3., |
| Улсын яллагч | Б.Э |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2026 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 2026/ШЦТ/1172
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Золбоо даргалж,
хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Сосорбурам хөтөлж,
улсын яллагч Б.Энхбат,
гэрч Г.Б,
шинжээч Т.У,
иргэний хариуцагч **** хууль ёсны төлөөлөгч Д.Ө,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Э, түүний өмгөөлөгч М.Билгүтэй, Р.Булгамаа,
шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч А.Ариунтуул, С.Батнасан,
шүүгдэгч Ё.Б, түүний өмгөөлөгч Б.Батсүх нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ш*** овогт Ё.Б, Ш*** овогт Х.Б нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2305005670114 дугаартай хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ш*** овогт Ё.Б (РД:********),
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ш*** овогт Х.Б (РД:********).
Холбогдсон хэргийн талаар: (Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
Шүүгдэгч Х.Б нь Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн харьяа Хүүхдийн салбар эмнэлгийн их эмчээр ажиллаж байхдаа буюу тухайн эмнэлгийн хүлээн авах яаралтай тусламжийн тасагт жижүүр эмчээр ажиллах явцдаа өвчтөнд Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад хамаарах үүргээ биелүүлээгүй ба Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн Эмнэлгийн мэргэжилтний эрх, үүрэг хэсгийн 28.4.3 дахь хэсэгт эмнэлгийн мэргэжилтэн, үйл ажиллагаандаа эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллах гэж заасан, Эрүүл мэндийн сайдын 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Хүүхдэд үзүүлэх яаралтай тусламжийн эмнэл зүйн заавар батлах тухай” А/489 тоот тушаалын нэгдүгээр хавсралт, Хүүхдийн өвчний цогц менежмент, Эрүүл мэндийн технологи.Хүүхдэд зонхилон тохиолдох өвчний оношилгоо, эмчилгээний MNS 5836:2008 стандартын 20 дугаар хэсэг Хүүхдийн уушгины цочмог үрэвсэл өвчний оношилгоо эмчилгээ, Нэгдсэн эмнэлгийн бүтэц үйл ажиллагаа 5095:2017 стандартад зааснаар тус стандартын 12 дугаар хэсгийн 12.1.5 дахь хэсэг “Үзлэг оношилгоо, шинжилгээ, эмчилгээ хийх бүрд холбогдох анхан шатны бүртгэл, маягт, хяналтын хуудсыг бүрэн хөтөлнө”, стандартын 12 дугаар хэсгийн 12.1.8 дахь хэсэг “Эмнэлгийн жижүүр эмч нь үйлчлүүлэгчийн оношилгоо, эмчилгээг ажлын бус цагаар бүрэн хариуцна”, стандартын 12 дугаар хэсгийн 12.1.9 дэх хэсэг “Үйлчлүүлэгчийн үзлэг, оношилгоо, шинжилгээ, эмчилгээг өвчний түүх, иргэний эрүүл мэндийн дэвтэрт стандартын дагуу тодорхой тэмдэглэж, бүрэн хөтөлнө” гэж заасныг тус тус зөрчиж, уг стандарт, журам, тушаалыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллаагүй, мөн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу үйл ажиллагааны алдаа гаргасны улмаас тухайн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээр 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр ирсэн байсан өвчтөн 3 настай, эмэгтэй, Э.Э яаралтай тусламжийн тасагт хүлээн авч, үйлчилгээ үзүүлж ажиллахдаа, өвчтөний биеийн байдалд үзлэг, хяналтыг зохих журмын дагуу хийгээгүй, биеийн байдлыг зөв эрэмбэлж, түүний өвчнийг ялган оношлоогүй, эмчлэгч эмчид зохих ёсоор хүлээлгэж өгөөгүйгээс уушгины хатгалгаа оношлогдохгүй хүндэрч, үжлийн байдалд орсны улмаас эмчилгээ оройтож, улмаар өвчтөн Э.Э нас барсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Бадамсүрэн мэдүүлэхдээ: “Миний бие 2023 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 9 цагаас, 2023 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 9 цаг хүртэл жижүүр эмчийн үүргийг 24 цагийн хугацаанд биелүүлсэн. Баянгол дүүргийн хүлээн авах яаралтай тусламжийн тасагт өвчтөнийг хүлээн авах, хэвтүүлэх гэсэн хоёр процесс явагдсан байгаа. Амь хохирогч Э нь 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 14 цаг 26 минутад эмнэлэгт ирснийг хүлээн авч бүртгэл хийсэн. Эмч, сувилагч нар анхны үзлэгийг хийгээд хэвтүүлэх шаардлагатай гэсэн шийдвэрийг гаргасан. Тус хэвтүүлэх шийдвэрийг гаргаснаас хойш сувилагчаар дамжуулан 3 дугаар тасагт шилжүүлснээр хүлээн авах яаралтай тусламжийн тасгийн эмчийн ажил дуусгавар болсон. Эрүүл мэндийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/611дүгээр тушаалын 11 дүгээр хавсралтын хүүхдийн яаралтай тусламжийн хуудас 1 дүгээр хавтаст хэргийн 134 дүгээр хуудсанд авагдсан. Тус яаралтай түргэн тусламжийн тасгийн сувилагч үзэхэд амин үзүүлэлтүүд нь амьсгалын тоо 30, зүрхний цохилтын тоо 134, захын цусанд эргэлдэх хүчил төрөгчийн эзлэх хувь, артерийн даралт баруунд 90\60, зүүнд 88\60 халуун 36,3 хэм, захын хялгасан судас, амин үзүүлэлтүүд хэвийн, биеийн байдал хүндэвтэр шар эрэмбээр ангилж хэвтэн эмчлүүлэхээр шилжүүлсэн. Хүлээн авах яаралтай тусламжийн тасагт ажилласан жижүүр эмчийн тэмдэглэл байгаа. Эмчийн тэмдэглэл хэсэгт эмчийн үзлэг, шинжилгээнүүд төлөвлөсөн байдал болон өвчтөн яаралтай тусламжийн тасагт ирсэн цаг хугацаа 1 дүгээр хавтаст хэргийн 135 дугаар хуудсанд авагдсан. Хүлээн авах яаралтай тусламжийн тасаг үзэж хэвтүүлэх шийдвэрийг гаргаж шараар эрэмбэлээд өвчний түүхийг хүлээн авах яаралтай тусламжийн жижүүр сувилагчаар ажиллаж байсан Э сувилагчид 3 дугаар давхарт шилжүүлж, өвчтөний түүхийн хамт хариуцуулж өгсөн байдаг. Өвчтөний түүх нь 1 дүгээр хавтаст хэргийн 149 дүгээр хуудсанд авагдсан. Би e-health программд нэвтэрч өвчний түүх хэсэгт хүлээн авсан эмчийн үзлэгийн тэмдэглэл бичсэн. Тухайн үед хүлээн авах яаралтай тусламжийн хэлтэст анх үзэхэд амин үзүүлэлтүүд, амьсгалын тоо 24, зүрхний цохилтын тоо 109, захын хүчилтөрөгчийн эзлэх хувь 96-тай 0.2%, халуун 36,8 хэм, хялгасан судасны эргэн тойролт 2 секундэд дайралдсан байна. Амин үзүүлэлтүүд хэвийн гэж бичигдсэн. Өвчтөн ирэх үед 01 дүгээр сарын 05, 07-ны өдрүүдэд олон улсын өвчний ангиллаараа К52 гэдэг онош тавигдсан байгаа. Тус баримт нь 1 дүгээр хавтасны 154 дүгээр хуудсанд авагдсан. Хүлээн авах яаралтай тусламжийн тасгийн жижүүр эмч үзлэгийн тэмдэглэл оруулсны дараа эмчилгээний хуудсанд гараар бичсэн эмчилгээг e-health программд шивж оруулсан. Тус баримт нь 1 дүгээр хавтаст хэргийн 155 дугаар хуудсанд авагдсан. Эмчлүүлэгчийн амин үзүүлэлтийг хянах хуудсыг 3 дугаар давхарт батлагдсан хуваарийн дагуу жижүүр сувилагчаар ажиллаж байсан М сувилагчид амин үзүүлэлтүүдийг хянаж, судалгааны тэмдэглэлийг бичсэн баримт авагдсан. 1 дүгээр сарын 07-ны өдрийн шингэний баланс, амьсгалын тоо, халуун хэвийн эсэх нь хүлээн авах яаралтай тусламжийн анх үзсэн эмч, сувилагчийн амин үзүүлэлттэй тохирсон байдаг. Өвчтөнийг 3 давхарт шилжүүлснээс хойш эмчийн ёс зүйн хувьд мэргэжлийн үйлчилгээнд оролцох эрхгүй тул оролцоогүй болно. Е-health программын судалгааны тэмдэглэлд М сувилагчийн судалгааны тэмдэглэл, эмчилгээ хийсэн судалгааны төлөвлөгөө, гаргасан баримтууд 1 дүгээр хавтаст хэргийн 166 дугаар хуудсанд авагдсан. Хүлээн авах яаралтай тусламжийн тасагт 24 цагаар ажилласан жижүүрийн мэдээнд нийт 127 хүүхэд үйлчлүүлснээс 22 хүүхэд хэвтэн эмчлүүлсэн, 106 хүүхэд гэрээр эмчилгээ, зөвлөгөө авсан. Нэг эмч 1 хүүхдэд үзлэг зөвлөгөө хийхэд дунджаар 20 минутыг зарцуулдаг. Тухайн үед 24 цагийн хугацаанд 127 хүүхдийг үзэж зөвлөгөө өгсөн, тасралтгүй хүүхэд ирж үзлэг, зөвлөгөө хийж, ачаалалтай ажиллаж байсан. Тус эмнэлэгт хэвтсэн 22 хүүхдийг хэвтэн эмчлүүлэх тасагт шилжүүлэхийг батлагдсан хуваарийн дагуу сувилагч М хариуцуулсан. Амь хохирогчийг 3 дугаар давхрын тасагт шилжүүлснээс хойш жижүүр эмч үйлчлүүлэгчийг хариуцна. Батлагдсан хуваарийн дагуу e-health программаас мэдээллийг авахаас гадна, жижүүр эмч батлагдсан үүргийнхээ дагуу эмч нарын окопатыг 3-аас доошгүй удаа үзэж, нийт эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүүхдийн биеийн байдлыг нэг бүрчлэн хянах, дараагийн ээлжийн жижүүр эмчид нэг бүрчлэн хүлээлгэн өгөх үүрэгтэй ажилладаг. Тасгийн жижүүр эмчийн хувьд нэг хүүхдийг хэдэн ч удаа үзэх боломжтой ажилладаг. 1 дүгээр сарын 09-ний өдрийн Ё.Б эмчийн эмнэл зүйн урьдчилсан оношны үндэслэл, тэмдэглэл 1 дүгээр хавтаст хэргийн 153 дугаар хуудсанд авагдсан. Үүнээс үзэхэд хүүхдийн биеийн байдлыг хүндэвтэр гэж үнэлсэн нь 1 дүгээр сарын 07-ны өдрийн эмчийн үзлэгтэй тохирч байна. Мөн 1 дүгээр сарын 08-ны өдрийн шинжилгээний хариуг үндэслэж, клиник урьдчилсан онош хоёр уушгины хатгалгаа гэсэн онош тавигдсан байна. Мөн дагалдах онош нь 1 дүгээр сарын 05, 07-ны өдрийн үеийн эмчийн оноштой тохирсон байна. Тус баримт нь 1 дүгээр хавтаст хэргийн 45 дугаар хуудсанд авагдсан. Халиун эмчийн мэдүүлэгт 1 дүгээр сарын 07-ны өдөр танай эмнэлгийн хүлээн авах яаралтай тусламжийн тасагт хэвтсэн үед хэн эмч хариуцах вэ гэсэн асуултад хүлээн авахын эмч Б үзлэг хийж, өвчний түүхийг бичиж, хийгдэх эмчилгээг шийдвэрлэж, хүлээн авах яаралтай тусламжийн тасгийн сувилагчаар дамжуулан, тасгийн сувилагчид хүлээлгэж өгөөд Х эмч бид хоёр хариуцна гэж мэдүүлсэн байдаг. Мөн 3 дугаар хавтаст хэргийн 221-222 дугаар хуудсанд авагдсан баримтаас үзэхэд Х эмч нь 1 дүгээр сарын 07-ны өдрийн 19-20 цагийн хооронд үзлэг хийх явцад амин үзүүлэлтүүд хэвийн, биеийн байдал дээрдэж байгаа гэж мэдүүлсэн байна. Мөн 3 дугаар хавтаст хэргийн 249 дүгээр хуудсанд Нийслэлийн эрүүл мэндийн газрын Э байцаагчийн мэдүүлэгт Халиун гэдэг эмч тэмдэглэл үйлдээгүй тул дүгнэлт гаргах боломжгүй гэж дүгнэсэн. Миний хувьд хүлээн авах яаралтай тусламжийн тасагт батлагдсан хуваарийн дагуу жижүүр эмчээр ажиллаж байх хугацаанд хүүхдийг хүлээн авч эрэмбэлж, үзлэгээ хийж, эмчийн тэмдэглэл үйлдсэнээр буруутаж байгаа нь үндэслэлтэй эсэх, 4 дүгээр хавтаст хэргийн 2 дугаар хуудсанд 870 дугаартай шинжээчдийн дүгнэлт авагдсан. Шинжээч эмч нар Х-н үзлэг, эмчилгээ хийсэн баримт байхгүй тул буруутгах боломжгүй гэж бичсэн байдаг. Мөн Эрүүл мэндийн сайдын 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 489 тоот тогтоолын дагуу эрэмбэлэлт гэдэг нь эмнэлгийн мэргэжилтэн, эсвэл зохих сургалтад хамрагдсан ажилтан зэрэг эмнэлгийн жолооч, галч хэн ч байж болно. Хүүхдийн биеийн байдлыг 15-20 секундийн дотор цаг хугацааны болон цар хүрээний чухлын зэргээр эрэмбэлэн үнэлэх ба үнэлгээнд яаралтай тусламж үзүүлэх үйл ажиллагаа юм гэж тодорхойлсон байдаг. Тус тушаалын дагуу хэн ч, хаана ч, хэзээ ч 20 хүртэлх секундийн дотор эхлээд яаралтай, дараа нь тулгамдсан шинжийг үнэлж тусламж үйлчилгээ үзүүлдэг. Амь хохирогчийг яаралтай тусламжийн тасагт орж ирэх үед шар эрэмбээр эрэмбэлж, яаралтай хэвтүүлэх шийдвэрийг гаргаж, холбогдох бичиг баримтыг бүрдүүлж, тасагт шилжүүлж тусламж үйлчилгээ үзүүлсэн баримт хэрэгт авагдсан байгаа. Тус тушаалд шараар эрэмбэлүүлсэн тулгамдсан шинжтэй хүүхдэд ямар арга хэмжээ авах вэ гэхээр хурдан үнэлж, түргэн арга хэмжээ авах, дарааллын өмнө нь оруулж эмчид үзүүлнэ. Ингэснээр хүүхдийн биеийн байдлыг цаг алдалгүй үнэлж, хүүхэд эмнэлгийн тусламж хурдан авах болно. Дарааллын эрхийг хүлээх тул дэмжих эмчилгээ хийгдэнэ гэж заасан байдаг. Дэмжих эмчилгээнд нь халуунтай байвал халуун бууруулах, бөөлжилт өгсөн бол хросол уулгах гэх мэт эмчилгээ ордог. Хүлээн авах, яаралтай тусламжийн тасагт амь хохирогч ирэх үед амин үзүүлэлтүүд хэвийн, халуураагүй, бөөлжөөгүй байсан учраас яаралтай хэвтүүлэх шийдвэр гаргаж, 3 дугаар тасагт шилжүүлэх үйлчилгээ үзүүлсэн. Яллах дүгнэлтэд Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад хамаарах үүргээ биелүүлээгүй гэж үзсэн. Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад эмнэлгийн тусламж үйлчилгээ гэж өвчин, эмгэг, гэмтэл бэртэл, хүний биеийн үйл ажиллагааны алдагдлыг орчин үеийн болон уламжлалт анагаах ухаанд тулгуурлан оношлох, эмчлэх, сувилах, хөнгөвчлөх, сэргээн засах цогц үйл ажиллагаа гэж тодорхойлсон байна. Миний хувьд 2023 оны 1 дүгээр сарын 07-ны өглөө 9 цагаас, 2023 оны 1 дүгээр сарын 08-ны өглөөний 9 цагийн хооронд хүлээн авах яаралтай тусламжийн тасгийн жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэн ажиллах хугацаанд амь хохирогч Э-г 1 дүгээр сарын 07-ны өдрийн 14 цаг 26 минутад хүлээн авч 8 минутын хугацаанд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж, Эрүүл мэндийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 611 тоот тушаалын 11 дүгээр хавсралтад заасан эрүүл мэндийн бүртгэлийн маягтын дагуу хүүхдийн яаралтай тусламжийн хуудаст шараар эрэмбэлж, хэвтэн эмчлүүлэх, шийдвэр гаргасан. Тус тэмдэглэлийг e-health программд тэмдэглэсэн нь 1 дүгээр хавтаст хэргийн 134-135 дугаар хуудсанд авагдсан. Мөн Эрүүл мэндийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 611 тоот тушаалын 11 дүгээр хавсралтад эрүүл мэндийн бүртгэл, маягтын дагуу хүүхдийн өвчний түүхэнд хүлээн авах эмчийн үзлэг, урьдчилсан онош, гарааны эмчилгээний тэмдэглэл зэрэг нь 1 дүгээр хавтаст хэргийн 154-158 дүгээр хуудсанд авагдсан. Хэдийгээр тухайн өдөр 127 хүүхэд үйлчлүүлснээс 74 хүүхдэд үзлэг оношилгоо, эмчилгээ, зөвлөгөө өгч, 22 хүүхдийг эмчилгээний тасагт эмчлүүлэх шийдвэр гарган, ажлын хурд, ачаалалтай ажилласан боловч Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад хамаарах үүргээ зохих ёсоор биелүүлж ажилласан нь 1 дүгээр хавтаст хэргийн 134-135, 154, 158 дугаар хуудсанд авагдсан баримтуудаар нотлогдож байна. Эрүүл мэндийн сайдын 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Хүүхдэд үзүүлэх яаралтай тусламжийн тасгийн заавар батлах тухай 489 тоот тушаалын 1 дүгээр хавсралт, Хүүхдийн өвчний цогц менежмент, Эрүүл мэндийн технологи, Хүүхдэд зонхилон тохиолдох өвчний оношилгоо, эмчилгээний MNS 5836:2008 стандартын 20 дугаар хэсэг Хүүхдийн уушгины цочмог үрэвсэл өвчний оношилгоо эмчилгээ гэсэн хэсэгт тодорхойлолт, шалтгаан, уушгины үрэвслийн эмнэл зүйн ангилал, лабораторийн шинжилгээ, оношилгоо, эмчилгээ, хяналт зэргийг тодорхойлон зааж өгсөн. Миний бие амь хохирогч Э-д эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих ёсоор үзүүлж, асран хамгаалагч болох эцэг, эхийн өвчний талаарх өгүүлэмж, өөрийн гэсэн үзлэгийн хүрээнд острый гастроэнтерит буюу хоол боловсруулах замын үрэвсэл, суулгалт, ханиад гэж оношилж, биеийн байдлыг шар түвшинд буюу хүндэвтэр гэж үнэлж, хэвтэн эмчлүүлэх шийдвэр гаргаж, хүүхдийн салбар эмнэлгийн батлагдсан 2023 оны 1 дүгээр сарын хүүхдийн яаралтай тусламжийн хуудасны эмч нарын хуваарийн дагуу үүрэг гүйцэтгэж, хэвтэн эмчлүүлэх 3 дугаар тасаг Х эмчийн хариуцсан тасагт шилжүүлж, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх ажиллагаа дуусгавар болсон. Тухайн өдөр Бямба гариг буюу амралтын өдөр байсан тул компьютерт, рентген хариуцсан эмч нар амардаг байсан. Давтан шинжилгээ хийх боломжгүй байсан. Харин MNS 5836:2008 стандартын 20 дугаар хэсэгт заасан хүүхдийн уушгины цочмог үрэвсэл өвчний шинж тэмдэг тухайн үеийн үзлэгээр илрээгүй. Өөрийн тавьсан урьдчилсан оношийн дагуу гарааны эмчилгээ бичиж, онош тодруулах зорилгоор цусны дэлгэрэнгүй шинжилгээ, биохимийн шинжилгээ, цээж рентгенд харуулах шинжилгээ хийлгэх талаар төлөвлөсөн. Хэрэгт цугларсан яаралтай түргэн тусламжийн хуудас болон өвчний түүх зэрэг баримтуудаар тогтоогдоно. Уушгины хатгалгааны үед илэрдэг эмнэл зүйн гол шинж нь амьсгалын тоо олшрох, цээж хонхолзох, амьсгаадах, өндөр халуурах, ханиах, цээж хэржигнэх гэсэн шинж тэмдгүүд тухайн үеийн үзлэгээр илрээгүй болохыг анхаарч үзнэ үү. Учир нь 1 дүгээр сарын 05, 06-ны өдрүүдэд эмнэлэгт хандан эмийн эмчилгээг хийлгэснээр дээрх өвчний шинж тэмдэг түр хугацаанд намжих боломжтой. Нэгдсэн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагаа МNS 5095-2017 стандартад зааснаар тус стандартын 12.1.5 дахь хэсэгт үзлэг, оношилгоо, шинжилгээ, эмчилгээ хийхгүй, холбогдох анхан шатны бүртгэл, маягт, хяналтын хуудсыг бүрэн бүртгэнэ, 12.1.8 дахь хэсэгт эмнэлгийн жижүүр эмч нь үйлчлүүлэгчийн оношилгоо, эмчилгээг ажлын бус цагаар бүрэн хариуцна, 12.1.9 дэх хэсэгт үйлчлүүлэгчийн үзлэг, оношилгоо, шинжилгээ, эмчилгээ, өвчний түүх, иргэний эрүүл мэндийн дэвтэр, стандартын дагуу тодорхой тэмдэглэл бүрэн хөтөлнө гэсний дагуу миний хувьд хүүхдийн яаралтай тусламжийн хуудас болон хүүхдийн өвчний тэмдэглэл хөтөлж, Нэгдсэн эмнэлгийн бүртгэл, үйл ажиллагаа МNS 5095-2017 стандартын 12 дугаар хэсгийн 12.1.5, 12.1.9-т хамаарах үүргээ зохих ёсоор биелүүлж ажилласан болох нь 1 дүгээрт хавтаст хэргийн 134-135, 154-158 дугаар хуудсанд авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Харин тус стандартын 12 дугаар хэсгийн 12.1.8-д эмнэлгийн жижүүр эмч нь үйлчлүүлэгчийн оношилгоо, эмчилгээг ажлын бус цагаар бүрэн хариуцан хийх заалтад 2023 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн хэвтэн эмчлүүлэх тасгийн жижүүр эмч Халиун нь 1 дүгээр сарын 08-ны өдөр буюу амралтын өдөр жижүүр эмчээр ажиллаж байсан. Ё.Б эмч үргэлжлүүлэн 1 дүгээр сарын 09-ний өдрөөс эмчлэгч эмчээр хуваарилагдан ажиллах байсан эмч нарт хамаарах заалттай байна. Уушгины хатгалгаа хүндэрч үжлийн байдалд орсон үндэслэлийн хувьд хүлээн авах яаралтай тусламжийн тасгийн жижүүрийн үндсэн оношийг тавих боломжгүй. МNS 4621:2008 стандартын 20 дугаар хэсэгт хүүхдийн уушгины цочмог өсөлт оноштой эмчилгээ болон 20.6 дугаар зүйлд үзлэгт эмчийн урьдчилсан онош, шинжилгээ, эмчилгээний үр дүнд 48 цагийн дараа дүгнэлт бичиж эмнэл зүйн оношийг тогтооно гэж заасан. 2023 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр амь хохирогч Э-н эмнэл зүйн онош нь батлагдсан болох нь баримтаар харагдаж байгаа. Оношийг буруу тогтоосон гэх үндэслэлийн хувьд асран хамгаалагч эцэг, эхийн өвчин, өвчний талаарх өгүүлэмж, өөрийн хийсэн үйлдлийн хүрээнд урьдчилсан онош тогтоож, шар эрэмбээр эрэмбэлж, хэвтэн эмчлүүлэх шийдвэр гаргах, яаралтай тусламжийн жижүүр эмчийн хувьд үүргээ биелүүлсэн, цусны дэлгэрэнгүй шинжилгээ, цээжний рентген харуулах шинжилгээг тухайн цаг хугацаанд хийгдэх боломжгүй болохыг анхаарч үзнэ үү. Дээрх шинжилгээнүүдийг Ё.Б эмчийн зөвлөснөөр хийгдэж нэлээд хэд хоногийн дараа хариу гарсан болно. Харин эмчлэгч эмч болон гарааны эмчилгээний үр дүн, шинжилгээний хариуг үндэслэж үндсэн онош тавьдаг. Эмчилгээ оройтсон гэх үндэслэлгүй байна. Учир нь хүлээн авах яаралтай тусламжийн тасагт эмчилгээ огт хийгдээгүй, өвчний түүхэнд урьдчилан гарааны эмчилгээ, шинжилгээний төлөвлөгөө бичиж хүлээн авах яаралтай тусламжийн тасгийн жижүүрт мэдэгдэж, эмчилгээний тасагт хүргүүлж, дахин эмчилгээ онош тохирсон гэж бичигдсэн байгаа. 1 дүгээр хавтаст хэргийн 136, 145 дугаар хуудсанд авагдсан 497 дугаартай шинжээчийн дүгнэлтэд үндэслэлтэй гэж дүгнэсэн байдаг. Мөн 1 дүгээр хавтаст хэргийн 88-89 дүгээр хуудсанд баримтууд авагдсан. Харин 497 дугаартай шинжээчийн дүгнэлтэд ирэх үед үжил, үжлийн шокийг оношлоогүй гэж буруутгадаг. Гэхдээ ирэх үед гэдэг нь 1 дүгээр сарын 05, 07-ны аль өдөр гэдэг нь тодорхойгүй. 1 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авах яаралтай тусламжийн тасагт амь хохирогч ирэх үед тус тасгийн эмч ямар нэгэн шинжилгээ хийхгүйгээр үжил, үжлийн шок онош тавих боломжгүй юм. Харин 1 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авах яаралтай тусламжийн тасагт амь хохирогчийг ирэх үед амь хохирогчийн амин үзүүлэлтүүд хэвийн, цусны эргэлтийн алдагдалгүй, мөчид дулаан байгаа нь шокгүй байна гэж мөн үзсэн байна. Харин шараар эрэмбэлээд эмнэлэгт үзүүлж, антибиотик авсан нь үндсэн эмчилгээний зөв бөгөөд 1 дүгээр сарын 08-ны өдөр шинжилгээний хариу гарангуут эмчлэгч эмч цаашид эмчилгээний менежментийг боловсруулна. Харин амь хохирогчийг ирэх үед хэрвээ үжил, үжлийн шоктой гэж үзсэн бол тасагт олон хонох боломжгүй, богино хугацаанд амь нас эрсдэх аюултай юм. Тухайн үеийн нөхцөл байдалд боломжит байдлаар ажил үүргээ зохих ёсоор биелүүлсэн байхад өвчтөнд үзлэг оношилгоог огт хийгээгүй гэж дүгнэж байгаа нь бодит байдалтай нийцэхгүй байгаа тул санал нийлэхгүй байна. Эмчлэгч эмч нь хэвтэн эмчлүүлэх бүх хугацаанд тухайн үйлчлүүлэгчийг хариуцаж байсан. Харин хүлээн авах яаралтай тусламжийн тасагт жижүүр эмчээр анх удаа үзлэг хийж, гуравдугаар давхарт шилжүүлснээр ажил үүрэг дуусгавар болсон. Миний хувьд эмэгтэй хүн, эмч хүний хувьд бага насны хүүхэд амь эрсэдсэн явдалд харамсалтай байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ё.Б мэдүүлэхдээ: “Би 2023 оны 1 дүгээр 07-08-ны өдрүүдэд жижүүр хийж байсан. Тухайн үед томуу өвчний дэгдэлт их байсан. Би нэгдүгээр ээлжийн эмчээр жижүүрт гарч байсан. Тухайн үед гурван эмч жижүүрт хонож байсан. Нэгдүгээр ээлжийн эмч нь 2 болон 3 дугаар давхруудыг хариуцдаг байсан. Тухайн үед ачаалал ихтэй, эрчимт эмчилгээнд 10 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлж байсан. Эрчимт эмчилгээнд хэвтэж байгаа хүүхдүүдээ үзээд, үдээс хойш 3 давхарт гараад эхний өрөөнөөс эхэлж үзэхэд өвчтөн Э нь тарианы өрөөнд аавтайгаа хамт явж байсан. Тухайн үед үзээд эмчилгээ нь хэвийн, сэргээн засах эмчилгээ, антибиотик эмчилгээг нэмж хийсэн. Тухайн өдөр жижүүрт харьцангуй тогтвортой хоноод 1 дүгээр сарын 09-ний өглөө тасгийн эрхлэгчээс надад хуваарилагдсан. Шинжилгээг нь харахад онош оройтож тавигдаагүй. Тухайн өдөр биеийн байдлыг нь үзээд онош тавьсан байгаа. Оношноос үзэхэд эмчилгээг хангалттай хийгдсэн гэж үзэж байна. Над дээр 4 хоног эмчлүүлэхэд 1 дүгээр сарын 08, 09-ний өдрүүдэд эмчилгээ нэгдэж хийсэн, 1 дүгээр сарын 10-ны өдөр антибиотик эмчилгээ солигдсон. Эмчилгээг оройтож хийсэн гэдэг нь дутмаг гэж бодож байна. Дараа нь хатгаа, үжлийн өмнөх байдал гэж оношилсны дагуу эмчилгээ хийсэн. Тухайн үед ачаалал их байсан тул 2 хоноод жижүүрт гардаг байсан. Би 1 дүгээр сарын 09-ний өдөр жижүүрээс бууж, дараагийн жижүүр эмчид уушгины хатгаа гэж үндсэн оношоо тавиад, ийм оноштой хүүхэд байгаа гэж хүлээлгэж өгдөг. Уушгины хатгаа, үжлийн өмнөх байдал гэсэн онош тавих үед биеийн байдлын үзүүлэлт, шинжилгээний үзүүлэлт зэрэг нь үжлийн шалгуурт нийцэхгүй байсан тул хатгаа гэсэн онош тавиад сул мэдрэл, хатууралт үргэлжлэх магадлалтай тул эмчилгээ солигдож байгаа. Хатгаа болон үжилд сонголтоор нэгдүгээрт антибиотик эмчилгээ ордог. Амин үзүүлэлт хэвийн тул шингэнд ачаалал өгөх эмчилгээ хийхгүй. Өвчний түүх, хэрэгцээ болон килограмм жиндээ тааруулан эмчилгээ хийдэг. Дүгнэлтээс харахад 1 дүгээр сарын 08, 09-ний өдрүүдийн эмчилгээ хангалтгүй гэж дүгнэсэн байсан. 1 дүгээр сарын 08-ны өдөр үзээд е-health программд үзлэг бичээгүй ч гэсэн эмчилгээ бичсэн байгаа. Харин 1 дүгээр сарын 09-ний өдөр клиник эмчилгээний үндэслэл гэдэгт хүүхдийн оношилгоо эмчилгээ, шинжилгээ эмчилгээний төлөвлөсөн тэмдэглэл зэргийг е-health программд болон өвчтөний түүх дээр бичсэн байгаа. 1 дүгээр сарын 10-ны өдөр өвчтөний түүхэнд эмчилгээнд өөрчлөлт оруулсан үндэслэлийг гаргаж өгсөн байгаа. 1 дүгээр сарын 10-ны өдрийн орой амь хохирогчийн биеийн байдал хүндэрсэн. Тухайн үед би жижүүр эмчтэйгээ ярилцаж байгаад эрчимт эмчилгээний тасагт шилжүүлсэн. Гэтэл эрчимт эмчилгээнд 3 хоноод амь хохирогч Э нь нас барсан. Би өөр эмчийн эмчилгээнд оролцох эрхгүй. Эрчимт эмчилгээнд эмчилгээ солигдож, цусан хангамж сайжруулах энофроп эмчилгээ хийгдсэн. Гэхдээ дундаасаа энофрод эмчилгээ 5 цаг орчим тасалдсан юм шиг байсан. Оношилгоо оройтоогүй, эмчилгээ хангалттай хийгдсэн гэж үзэж байна. Антибиотик эмчилгээнээс гадна вирусийн эсрэг эмчилгээ болон бусад эмчилгээ хийгдсэн байгаа. Иймд дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Мөн эмнэлгийн салбар зөвлөлийн дүгнэлтийг гаргуулах хүсэлт гаргасан боловч хүсэлтийг минь хүлээн аваагүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Э мэдүүлэхдээ: “2023 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр миний охин бөөлжиж, халуураад байсан тул орой 22 цагийн үед эмнэлэгт очиж, оочирлож байтал шөнийн 00 цаг өнгөрөөд 1 дүгээр сарын 06-ны өдөр үзүүлж, гэрээр эмчилгээ бичүүлсэн. Учир нь манай эхнэр төрөх дөхсөн байсан. 1 дүгээр сарын 06-ны өдөр миний охин гэртээ эм ууж байгаад бөөлжөөд байсан. Гэрээр эмчилгээ хийх нь зохихгүй юм байна гэж бодоод эхнэр бид хоёр 1 дүгээр сарын 07-ны өдөр эмнэлэгт хэвтэхээр шийдэж, эмнэлэг явсан. Тухайн өдөр эмнэлэг ачаалал ихтэй харагдаагүй, коридорт хүүхэд ч харагдаагүй, оочиргүй сул байсан. Өмнөх өдөр үзүүлэхэд эмнэлэгт хэвт гэж хэлсэн тул 1 дүгээр сарын 07-ны өдөр эмнэлэгт хэвтсэн. 1 дүгээр сарын 07, 08-ны өдрүүдэд эмнэлэгт хэвтсэнээс хойш эмч үзээгүй. Би тасгийн эрхлэгч М уулзаад эмнэлэгт хэвтсэн байхад эмч нар үздэггүй юм уу гэж хэлэхэд эмч нар үзэх байх, та хүүхдээ ажиглаж бай гэж хэлсэн. 1 дүгээр сарын 09-ний өглөө бөөнөөрөө явсан эмч нар орж ирээд гарахдаа ч үзээгүй. Харин 1 дүгээр сарын 08-ны өдөр сувилагч шинжилгээ авсан. Би тасгийн эрхлэгч М дахин уулзаад эмч нь яагаад үзэхгүй байгаа юм бэ, эмчлэгч эмч хэн хариуцаж байгаа вэ гэж асуухад шинжилгээний хариу гараагүй байгаа, эмчлэгч эмчээр нь Бадамжав эмч томилогдсон, шинжилгээний хариу гарахаар танилцаад үзэх байх гэж хэлсэн. Эмнэлэгт хэвтсэнээс хойш 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл эмч орж ирж үзээгүй. Маргааш нь буюу 1 дүгээр сарын 10-ны өдөр миний охиныг үзээд хоёр өрөө сэлгээд байсан. Нэг өрөөнд орж байтал нэг эмч орж ирээд энэ өрөөнд уушгины хатгалгаатай хүүхдүүд хэвтдэг гэж хэлээд хоёр давхрын булангийн өрөөнд оруулсан. Дараа нь Б эмч орж ирээд антибиотик эмчилгээг солилоо гэж хэлээд тарианы өрөөнд эхний тариа хийнгүүт миний охин бөөлжсөн. Тухайн үед зүүсэн маскаа нэвтэртэл их бөөлжсөн. Би ямар тариа хийсэн юм бэ гэж асуусан. 2023 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр тариа хийлгэсэн шиг санаж байна. Энэ өдрөөс хойш миний охины биеийн байдал муудаж, суугаад шээж чадахгүй, түшиж шээдэг, хэвтрийн байдалд орсон. Эмнэлэгт хэвтэхээсээ өмнө хөл дээрээ алхаад ээжтэйгээ эргэлтээр уулздаг байсан. Тэгээд ээж нь ирээд эмчтэй нь уулзахад эмчилгээг нь сольсон байгаа, хэвийн болох байх гээд биеийн байдлыг нь ажиглаж байсан. Маргааш нь биеийн байдал нь сайжрахгүй байсан. 1 дүгээр сарын 12-ны орой тариа хийлгэх гээд явж байтал Эрдэнэзул эмч үзээд хүүхдийн чинь биеийн байдал сул байна гэж хэлээд эрчимт эмчилгээний тасагт оруулсан. Түүнээс Б эмч эрчимт эмчилгээний тасагт оруулаагүй. Эрчимт эмчилгээний тасгийн үүдний талд ертөнцийн зүгээр урд талын өрөөнд хэвтүүлсэн. 1 дүгээр сарын 13-ны өдөр гуанзтай өрөөний цаад талын өрөөнд хэвтүүлсэн. Тухайн үед өрөө нь салхи сийгсэн хүйтэн өрөө байсан. Мөн эрчимт эмчилгээний тасгийн О эмч хариуцсан байсан боловч миний охиныг үзээгүй. Манай эхнэр эмнэлэгт ирээд энэ эмнэлгээс гаргамаар байна, танай эмнэлгийн эмч нар хариуцлагагүй, бас эмч нар нь олдохгүй байна, эмчилгээ хийж байгаа эсэх нь мэдэгдэхгүй, хүүхдийн бие муудаад байхад хяналт тавьж байгаа эмч нар байхгүй байна, Б эмчийг гурван давхарт дуудаж, тасгийн эрхлэгчийг нь дуудаж уулзаад манай эхнэр би хүүхдээ танай эмнэлгээс гаргамаар байна, охины минь биеийн байдал муудаад байна гэж хэлсэн. Бид нар Эх нялхас юм уу, хувийн Гурван гал эмнэлэгт үзүүлмээр байна гэж хэлсэн. Гэтэл Б эмч эмчилгээ сольсон, эмчилгээгээ хараад үзье гэж хэлсэн. Эмчилгээ хийгээд сайжрах эсэхийг нь бид нар мэдэхгүй байна, эмнэлэгт хэвтээд олон хоносон гэж хэлэхэд хоёр дахь антибиотик солигдсон гэж хэлсэн. Тэгээд эмнэлгээс гарах гэхээр гаргахгүй байсан. Э эмч 1 дүгээр сарын 14-ний өдөр эрчимт эмчилгээний тасагт ээлжтэй байсан боловч би хайгаад олоогүй. Эрчимт эмчилгээний тасагт хоёр өдөр хонох үед эмч нар нь олдоогүй. 1 дүгээр сарын 14-ний орой 18 цагийн үед сувилагч тариа хийгээд явж байх үед хүүхдийн чинь нүд амны доод тал нь хөхөрсөн байна гэж хэлэхээр нь эмчийгээ дуудаад ир гэж хэлсэн. Би хариуцсан эмчийг нь давхар болгоноор хайгаад олоогүй. Тухайн өдрийн оройны 19-20 цагийн үед эмч нь бие нь муудаад байгаа хүүхдийг би өөртэйгөө ойр байлгана гэж хэлээд булангийн өрөөнөөс гараад өөр өрөөнд орсон. Хариуцсан эмч нь би эмч нартайгаа ярьж байна гэж хэлсэн. Эх нялхсын эмчээс зөвлөгөө авч байна гэж хэлж байсан. Би О, О эмч нарт ямар хариуцлагагүй юм бэ дүүргийн эмнэлэг биз дээ гэж хэлээд маргалдаж байсан. 1 дүгээр сарын 14-ний орой эмч нар уулзаад байсан. О эмч танай хүүхдэд Монгол улсад нэрлэгддэг 5 антибиотикийн эхнээсээ хоёрдох антибиотикийг хийх гэж байна, энэ антибиотикийг хийлгэвэл танай хүүхэд цус алдах магадлалтай. Хэрвээ хийлгэхгүй бол хатгааны уушгинд орсон ус бусад эрхтэн рүү орсон байна гэж 1 дүгээр сарын 14-ний шөнө надад хэлсэн. Маргааш нь буюу 1 дүгээр сарын 15-ны өглөө манай эхнэрийг эмийн сангаас эм аваад ир гээд явуулах гэж байгаад больсон. Эх нялхас эх хүүхдийн эрүүл мэндийн төвөөс эмч ирнэ гэж хэлсэн. Өглөө ажил цуглах үед Эх нялхас эх хүүхдийн эрүүл мэндийн төвөөс Батсолонго эмч ирсэн. Тухайн үед Эрдэнэзул эмчтэй юм ярьж байгаад амьсгалын аппаратыг нь ав гэж хэлсэн. Тэгээд бид нар уйлалдаад хэцүү байсан. 2023 оны 01 сард хэрэг гарснаас хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн байна. Хэрвээ охин минь өнөөдөр байсан бол 1 дүгээр ангид орсон, үсэглэлийн баяраа хийх байсан. Надад үнэхээр харамсалтай байна. Би насаараа нэг дутуу мэдрэмжтэй амьдарч байна. Бид нар эмнэлэгт эмчлүүлэх гэж зорьж очсон. Би охиноо гэрээр эмчилгээ хийлгэж хэвтрийн, ужиг өвчтэй болгоод эмнэлэгт очоогүй. Харин эрүүл хөл дээрээ алхаж явж байсан хүүхдийнхээ ханиадыг эмчлүүлэх гэж очсон. Тус эмнэлгийн байгууллага ямар ч хариуцлагагүй, хайнга хандсан тул хүүхдээ эмнэлгээс гаргая гэж хэлсэн. Миний охин урьд нь ханиад хүрээд Гурван гал эмнэлэгт хэвтэж байхад утлагын аппаратаар утаж, антибиотик хэрэглэхгүйгээр эмчилгээ хийлгэж, ханиад нь эдгэрч байсан. Надад дэндүү харамсалтай байдаг. Би насаараа харамсаж амьдарч байна. Манай гэр бүлийн байдлын хувьд маргаан үүсэхэд чиний буруу гээд тус эмнэлгийг зорьж очсон нь миний буруу юм шиг хэцүү цаг үеийг туулж өнгөрч байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч **** хууль ёсны төлөөлөгч Д.Ө мэдүүлэхдээ: “Манай эмнэлэгт харамсалтай тохиолдол гарсан. Энэ хэрэг шийдэгдэхгүй олон жилийн хугацаа өнгөрсөн. Тухайн цаг үе нь томуу өвчний дэглэлтийн үед байсан. Энэ явдлаас хойш байгууллагын хувьд хэд хэдэн удаагийн хурал хийгдсэн. Эмнэл зүйн эмгэг судлалын хурал хийгдэж энэ асуудлын талаар ярилцсан, мөн чанарын хурал хийгдсэн. Эмнэлгийн зүгээс шүүхийн шийдвэр гарсны дараа хохирол барагдуулна гэж бодож байна. Чанарын албаны дүгнэлт хэрэгт авагдсан байгаа. Энэ жилд уушгины хатгалгааны улмаас хүүхэд эндсэн нэг тохиолдол гарсан” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Г.Б мэдүүлэхдээ: “...Миний хувьд өглөө болгон мэдээ авч, ямар эмчилгээ хийгдсэн эсэхийг асуудаг байсан. Тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа болон хүлээн авах яралтай тусламжаар ирсэн хүүхдүүдийн эмчилгээний талаар асуудаг байсан. ...Ер нь бол амралтын өдөр дуудаж шинжилгээ авдаг. Шаардлагатай тохиолдолд лабораторийн болон рентген, техникийн болон бусад шинжилгээ авах шаардлагатай хүүхдийг яаралтай дуудаж авдаг. ...Хүлээн авсан эмч нь эмчлэгч эмч жижүүрийн ээлжид гарах хугацаанд хүүхдийн биеийн байдлыг үзэн үнэлгээ хийж, тухайн хүүхдэд яаралтайгаар шинжилгээ авах, рентген үзүүлэх, онош үгүйсгэх зэргээр эхо, рентген болон лабораторийн шинжилгээнүүдийг дуудаж авдаг. ...Хүлээн авахаар ирсэн хүнд эмч үзэж, онош тавьдаг. Хэрвээ шаардлагатай гэж үзсэн тохиолдолд эрчимт эмчилгээний тасагт шилжүүлэх эсэх асуудлыг шийддэг. Хэрвээ тасагт хэвтсэн тохиолдолд хүлээн авах тасагт гарч байгаа сувилагч, үйлчлэгч нар ажиллаж байдаг. Тухайн хүүхдийг хүнд гэж өвчтөний түүхэнд бичсэн бол дараагийн эмч тасагт хүлээлгэн өгнө. Хүлээн авсан сувилагч нар ахлан ажиллаж байгаа эмчдээ мэдэгдэх үүрэгтэй. ...2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 489 тоот тушаал байдаг. Эрэмбэлэн ангилалт, яаралтай тусламжийн үед яаралтай тусламжаар ирж үзүүлж байгаа болон эмнэлэгт хэвтэж байгаа хүүхдийг гурван эрэмбээр эрэмбэлдэг. Үүнд яаралтай шинжтэй, тулгамдсан шинжтэй, бусад гэж ангилдаг. Яаралтай шинж гэдэг нь эрчимт эмчилгээнд орох заалттай хүүхдийг хэлнэ. Тулгамдсан шинж нь 12 шинжтэй байдаг. Үүнд өндөр халуурсан, бөөлжсөн, цонхийж цайсан зэрэг тулгамдсан шинж илэрсэн хүүхэд байгаа эсэхийг эрэмбэлэн, ангиллаар үнэлж, тулгамдсан шинжтэй хүүхдийг эхэлж үзээд, тусламж үйлчилгээнд шаардлагатай бол яаралтай шинжилгээ авч болно. ...Би тухайн үед тусламж үйлчилгээ, аж ахуй зэрэг тухайн эмнэлгийн бүх үйлчилгээг хариуцаж ажилладаг байсан. ...Хүлээн авах, яаралтай тусламжаар ирсэн хүүхдийн биеийн байдлыг үнэлж, үзлэг үйлчилгээг өвчтөний түүхэнд тусгаж, шинжилгээ, эмчилгээг төлөвлөж тасаг руу хүлээлгэж өгөх нь зөв. ...Тасагт шилжсэн хүүхдийг ажлын өдөр эхлэхэд хуваарилдаг. Үзлэг хийсэн цагаас эхлээд хуваарилж авсан эмч нь эмчлэгч эмч, үзлэг шинжилгээний эмч гэж байгаа. ...Хагассайн өдөр тухайн тасгийг нэгдүгээр нэрийн Халиунаа эмч хариуцаж байсан. Нэгдүгээр нэрийн эмч нар амралтын өдрийн тусламж үйлчилгээг нэмэлтээр хариуцдаг. ...Халиун эмчид хүүхдийг хүлээлгэж өгсөн бол үзэх ёстой. ...Хүлээн авах хэсэгт өвчтөний түүх нээж, дээшээ тасагт хүргэж өгмөгц тухайн давхрын тасгийн сувилагчид өвчний түүхийн хамт, танай давхарт ийм хүүхэд ирлээ гэж хэлээд хүлээлгэж өгдөг. Өрөөнд нь оруулж, шаардлагатай шинжилгээ бичигдсэн бол шинжилгээ авч нэгдүгээр нэрийн жижүүрт гарч байгаа эмчид хэлдэг. ...Тухайн давхарт хуваарилагдсан сувилагч эмчид мэдээллэж, дуудаж үзүүлэх ёстой. ...Хүлээн авахаас өвчтөний түүх нээсэн бол тус өвчтөний түүхэнд заасан эмчилгээг хийдэг. ...Тухайн үед Ё.Б эмчийн эмчилгээнд цепатоксин болон нэг антибиотик байсан шиг санаж байна. Цеполиспрений гуравдугаар эгнээний антибиотикийг гарааныхаа антибиотикоор авсан байсан. Өөр шингэн сэлбэж, хордлого тайлах эмүүд бичсэн байсан. ...Сувилагч эмчийн бичсэн эмчилгээг хариуцаж хийнэ. ...Амралтын өдөр байсан ч шинжилгээ авдаг байсан. Өглөө бүр шинжилгээ авдаг байсан. ...Хүүхдийн эмнэлэгт лаборатори байдаггүй, харин Эрүүл мэндийн төвд лаборатори 24 цагаар ажиллаж байдаг. Тус лаборатори луу бид өглөө бүр авч явуулдаг. Тулгамдсан шинжтэй болон амь насанд аюултай нөхцөлд эрэмбэлэгдсэн хүүхдүүдийг даруй авч машинаа дуудаж явуулдаг. Түүнээс шинжилгээ авахгүй гэсэн ойлголт байхгүй. ...Бид рентгенийг өдөр бүр дуудаж зураг авхуулъя, шинжилгээнүүдийг өгүүлмээр байна гэж Эрүүл мэндийн төвийн дарга, чанарын албанд хэлдэг байсан. Мөн амбулаторийн ажиллах хүчийг нэмж өгнө үү, томуугийн дэгдэлт ихсэж байна гэж хэлдэг байсан. Нэмэлт эмч нарыг нэмж өгнө үү, шинжилгээг яаралтай авмаар байна гэсэн санал хэлдэг байсан. ...Ковидын үед эрүүл мэндийн бүх байгууллага цахим системийг хэрэгжүүлсэн. Манай байгууллага 2022 онд e-health программд нэвтрэхэд алдаа, оноотой зүйл байсан боловч өдөр болгон сайжирч байгаа. Өвчтөнийг хүлээн асан үзлэг, тэмдэглэл, шинжилгээ, оношилгоо зэрэг бүгд цахим хэлбэрээр бүртгэгдэж байгаа. ...E-health программд цахим тэмдэглэлийг хэрхэн хөтөлдгийг манай байгууллагын чанарын алба хянадаг байсан. Тухайн үед ачаалал их байсан тул бүх өвчтөний түүхийг эмч нар өдөр бүр бичнэ. Хүнд өвчтэй тохиолдолд эрчимт эмчилгээнийхэн 2 цаг тутамд бичдэг. Ерөнхийдөө цагтаа аваад манай эмч нар харьцангуй сайн бичиж байсан. ... Жижүүрт гарсан эмч хүүхэд ирсэн л бол үзлэг хийж, цаг аваад бичдэг. Тухайн шинжилгээнүүдийг бүрдүүлж, давтан үзлэгээр шинжилгээг нь дүгнэдэг. Бид нар дор бүрээ программд бичдэг байсан. ...Өвчтөнийг гараас гарт хүлээлгэж өгдөг. ...Тухайн үед би өвчтөний түүхээс хараад хохирогчийг хүндэвтэр гэж уншсан санагдаж байна. Энэ тохиолдолд өөрөө очиж амжихгүй байлаа гэхэд хүлээлгэж өгсөн сувилагчид, биеийн байдал нь хүнд хүүхэд байгаа шүү гэж хэлэх ёстой. ...Өвчтөнийг шараас дээш эрэмбэлсэн тохиолдолд биеийн байдлыг хүндэвтэр гэж үзэн эмнэлэгт хэвтүүлдэг. ...Тулгамдсан шинжтэй хүүхдийг эмнэлэгт хэвтсэн тохиолдолд эмнэлгийн тусламж үйлчилгээг шаардлагатай үзүүлэх тул мэдэгдэх ёстой. ...Нэгдэх өдрийн өглөө бүр шинэ хүмүүсээ хуваарилж, жижүүр эмч нараас ямар хүүхэд эмнэлэгт хэвтсэн, анхаарал татсан ямар хүүхэд байгаа талаарх мэдээллийг эмч нараас авдаг. Бид нар өвчтөний түүхийг өөрсдөө хянаж, шалгадаг. Тухайн үед олон залуу эмч нар байсан тул залуу эмч нараа дагаж үзлэг хийж явдаг байсан. ...Тухайн өдрийн эмчилгээ хийгдээгүй тохиолдолд дараа еhealth программ дээр эмчилгээ, оношилгоо, өвчний түүх, нөхөн үзлэг зэрэг бичвэрийг нөхөж хийх боломжгүй. Учир нь он, сар, өдөр нь зөрнө, тухайн цаг хугацаагаар бүртгэдэг учраас боломжгүй байдаг. ...Цахим системд шивж оруулдаг учраас гараар нөхөж бичих боломжгүй. ...Уушгины дотор зам болоод жижиг голомт хэсгүүдэд угийн хатгаанууд чагнуурт мэдэгддэггүй. Зөвхөн рентген зургаар оношлогдох тохиолдол байдаг. ...Хүүхдийн амьсгал ширүүн байдаг. ...Амь хохирогчийн өвчний оношийн тухайд эмчлэгдэх боломжтой. Өвчний түүхийн бичилтүүд зэргээс нь харахад эмчилгээний үр дүн багатай харагддаг. Хүүхдийн хувьд хүндэвтэр гэж ирээд эмчлэгдэж байгаа тохиолдолд 100 хувь эмчлэгдэх боломжгүй гэсэн ойлголт байхгүй. ...Өвчтөний өдөр тутмын эмнэл зүйн илрэл, явц болон үр дүн, клиникийн сайжрал, муужралт зэргийг хянах байдлаар бичилт хийдэг. ...2023 оноос хойш хүүхдийн эндэгдэлгүй байсан. Харин саяхан нэг эндэгдэл гарсан. ...Манай хүүхдийн салбар эмнэлэг нь 140 ортой, эрчимт эмчилгээний, яаралтай түргэн тусламжийн, эмчилгээний гэсэн гурван тасагтай. Тухайн 3, 4 дүгээр тасгууд нь эмчилгээний тасаг. Хүлээн авах яаралтай түргэн тусламжаар ирсэн хүүхдүүдийг ээлжилж хуваарилдаг байсан. ...Хүлээн авахаас бичигдсэн эмчилгээний дагуу сувилагч эмчилгээг захиалж, 8 цагийн зайтай уулгаарай гэж хэлсэн бол тус зааврын дагуу сувилагч эм өгдөг. ...Тухайн үед Б жижүүр эмчээр ээлжинд гарч байх хугацаандаа тухайн хүүхдийг үзэж, өвчний түүхэнд дексаметазон тариаг нэмэлтээр бичиж, тухайн өдрөөс эхэлж эмчилгээ хийгдсэн байсан. ...Өвчтөний түүхэнд өглөө болгон сувилагч нар ямар тариа хийсэн талаар бичсэн байдаг. ...Бид нар өглөө бүр өвчтөний түүхийн талаар мэдээлэл авдаг. Өглөө бүр сувилагч нар хийсэн эмчилгээний талаарх тэмдэглэл үйлдэж, эмчийн бичсэн нэмэлт тарианууд өвчтөний түүхэнд бичигддэг. ... Ё.Б эмч эмчлэгч эмчээр хүлээн авч дахин антибиотик нэмж, дексаметазон авсан шиг санаж байна. Тус эмчилгээнүүд хийж байхад амь хохирогчийн биеийн байдал сайжрахгүй байсан. Томуу өвчний дэгдэлт их байсан, антибиотик эмчилгээ үр дүн багатай тохиолдол байдаг тул эмчлэгч эмч эмчилгээ солих үүрэгтэй байдаг. Мөн хүүхэд болгон нэг антибиотикоор эмчлэгдэнэ гэж байхгүй. Хүүхдийн бие махбод, суурь өвчин нөлөөлдөг. Тухайн антибиотикийн мэдрэг байдал нөлөөлдөг. ...1 дүгээр сарын 12-ны өдөр хүүхдийг эрчимт эмчилгээний тасагт шилжүүлж, тухайн өдрийн оройноос антибиотик эмчилгээ хийгдсэн. Эрчимт эмчилгээнд орж антибиотик эмчилгээ хийгдсэн. Дараа нь Ё.Б эмч эмчилгээг сольсон. ...Хүн ёсоор эмгэнэл илэрхийлж чадаагүй. Уучлаарай, энэ хэрэгт санаа зовж, харамсаж, гэмшдэг. Манай эмнэлгээс эмгэнэл илэрхийлээгүй нь буруу. Манай эмнэлэг алдааг давтан гаргахгүйн тулд шинээр ирсэн эмч нарын дүнгийн голчийг харж, сайн бэлтгэгдсэн хүмүүсийг авахыг зорьж байгаа. Мөн шинээр ирсэн эмч нарт сургалт удаа дараа явуулж байгаа. Ковидын дараах үе байсан тул томуу өвчний дэгдэлт их байсан учраас шинээр орсон, залуу эмч нараа дагаж, хянаж ажилладаг байсан. Мөн ажиллах хүчин нэмж өгнө үү гэж хэлсэн. ...2023 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр Х.Б, 2023 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр Ё.Б нар жижүүр эмчээр ажилласан ба жижүүр эмч нарыг нэгдүгээр нэрийн ахлах жижүүрээр гарч байгаа эмч хариуцна. ...Тухайн үед Х эмч гарч байсан. ...1 дүгээр сарын 09-ний өдөр эмчлэгч эмч хүлээн авч, өглөө бүр эмч нар өрөөгөөр орж эмчилгээ хийснээ шалгаад явдаг...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Т.У мэдүүлэхдээ: “...Нэгдсэн эмнэлэг гэдэг нь нэртэй, эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрөлтэй, хүн амд 7-оос доошгүй төрлийн, үндсэн мэргэжлийн тусламж үйлчилгээг амбулаторийн болон лавлагаа шатлалын тусламж үйлчилгээг үзүүлдэг эрүүл мэндийн байгууллагыг нэгдсэн эмнэлэг гэж хэлнэ. Эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа эмч, мэргэжилтэн нар Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 28.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан эмнэлэг, үйлчилгээнд баримтлан ажиллах стандарт удирдамж, эмнэл зүйн заавар, тушаал шийдвэрийг мөрдөж ажиллана гэж заасан байдаг. Тус тушаал шийдвэрийг мөрдөж ажилласан эсэхэд шинжээчид тавигдсан асуудлын хүрээнд дүгнэлтийг гаргасан. ... Хүүхдэд үзүүлэх яаралтай тусламж, том хүнд үзүүлэх яаралтай тусламжийн эрэмбэлэн ангилалт нь Эрүүл мэндийн яамны сайдын тушаалаар зохицуулагддаг. Хүүхдэд үзүүлж байгаа тусламж, үйлчилгээний эрэмбэлэн ангиллын хувьд Эрүүл мэндийн сайдын 2018 оны 489 тоот тушаалаар хүүхдийн эрэмбэлэн ангилалд тусламж үйлчилгээг гардан үзүүлж байгаа эмч нар А, B, C, D гэсэн хүүхдийн эрэмбэлэн ангилалтыг хийдэг. Тус эрэмбэлэн ангиллыг хийх зааварт дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон хүүхдийн өвчний цогц менежмент, хүүхдийн захын судсанд агуулагдах хүчилтөрөгчийн хэмжээ зэргийг үндэслэн эрэмбэлэн ангилалтыг хийдэг. Хүүхдэд үзүүлж байгаа яаралтай тусламжийн эрэмбэлэн ангилалт нь хүүхдийн амь насанд учрах эрсдэлээс хамгаалахын тулд байдаг ба нэгдүгээрт яаралтай буюу нэн хүнд, хоёрдугаарт тулгамдсан, гуравдугаарт яаралтай тусламж одоогоор шаардлагагүй буюу хөнгөн гэж ангилдаг. Х.Б эмчийн хувьд яаралтай тусламжийн хуудаснаас мөрдөж ажиллаагүй гэдэг дүгнэлтийг гаргасан. 2023 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 21 цаг 05 минутад хүүхэд ирж анхны тусламж авсан. Тухайн үед хүүхдийг хөнгөн буюу яаралтай тусламж одоохондоо шаардлагагүй байна гэж үзээд хордлого тайлах эмчилгээгээ хийсэн. Хүүхдийн биеийн байдал хүндэрч маргааш буюу 2023 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 14 цагт хүүхэд ирж тусламж үйлчилгээ авсан. Харин тухайн үед хүүхдийн эрэмбэлэн ангиллыг шар эрэмбээр эрэмбэлсэн гэж хэлдэг. Х.Б эмчийн хэлснээр шар эрэмбийг хүлээн авсан сувилагч хийсэн гэж ойлгосон. Дараа нь хүүхдийг үзээд мөн адил шар эрэмбээр эрэмбэлсэн гэж хэлсэн. Сувилагч нь сувилахуйн тусламж үйлчилгээ үзүүлж, хүүхдийг эрэмбэлсэн боловч Х.Б-н хувьд эрэмбэлэн ангиллыг цааш лавшруулж, оношилгоо, эмчилгээ, үзлэг, биеийн ерөнхий байдлын бодит үзлэгээ хийхэд тулгамдсан шинжтэй эсэх, яаралтай шинжтэй эсэхийг гаргах ёстой. Ийм учраас яаралтай тусламжийн хуудсанд тулгамдсан шинжүүдийг тусгайлан тусгаж өгөөгүй. Мөн амь хохирогчийн өмнөх өдрийн биеийн байдал болон эмнэл зүйн байдалтай харьцуулж бүрэн гүйцэт үнэлээгүй. 1 дүгээр сарын 05, 07-ны өдөр үзсэн бодит үзлэгт нэмэгдсэн зүйл байгаагүй. Мөн тулгамдсан шинжүүдийг тодорхойлон дурдаагүй байсан учраас эмнэлгийн тусламж үйлчилгээний анхан шатын бүртгэл, маягтаа бүрэн гүйцэт хөтлөөгүй, хүүхдийн биеийн байдлыг бүрэн гүйцэт үнэлээгүй гэсэн дүгнэлтийг гаргасан. Эмч үзлэг хийсэн тухай бүртээ өвчтөний биеийн байдлыг үнэлж, үзлэг болгоны ард талд эмчилгээ сувилгааны заалтын талаарх тэмдэглэл хөтлөх ёстой. Яаралтай тусламжаар ирж байгаа хүүхдэд эрэмбэлэн ангилалт хийж, ялган, онош тодруулж, шаардлагатай шинжилгээнүүдийг төлөвлөнө. Хэрвээ хэвтэх шаардлагатай бол хүүхдийн биеийн байдлыг үнэлж, тасаг болон эрчимт эмчилгээнд шилжүүлэх үүрэгтэй. ...Эрүүл мэндийн сайдын 2021 оны 445 дугаартай тушаал байдаг. Хүүхдийн эмчээр мэргэшиж цаашдаа нарийн мэргэжил эзэмшиж явдаг. Хүүхдийн яаралтай тусламж, хүүхдийн мэс засал, хүүхдийн чих хамар хоолой, амьсгал, зүрх судас, дотор гэсэн нарийн мэргэжлийг эзэмшдэг. Тухайн чиглэлээр эмч тусламж үйлчилгээг үзүүлнэ гэж ойлгож болно. Х.Б эмчийн хувьд яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлж, хүүхдийг тасагт төлөвлөсөн байсан. Гэхдээ өвчний түүхээс үзэхэд шинжилгээ болон ялган оношлох, оношилгоог төлөвлөөгүй байна. Ийм учраас хүүхдийн биеийн байдлыг бүрэн гүйцэт үнэлээгүй гэдэг дүгнэлтийг гаргасан. Зөвхөн яаралтай тусламжийн хуудсан дээр цагаан дээр хараар бичигдсэнийг харж дүгнэсэн. ...Нэгдүгээрт Эрүүл мэндийн сайдын 489 дугаартай хүүхдийн яаралтай тусламжийг үзүүлэх, эмнэл зүйн зааврыг Х.Б эмч мөрдөж ажиллах ёстой байсан. Хоёрдугаарт Нэгдсэн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагаа 5095:2017 стандартын 12 дугаар хэсгийн 12.1.5-д үзлэг оношилгоо хийх бүрд холбогдох анхан шатын бүртгэл, маягт, хяналтын хуудсыг бүрэн гүйцэт хөтөлнө гэх заалтыг мөрдөж ажиллаагүй байна гэж үзсэн. Тус стандартын 12 дугаар хэсгийн 12.1.9-д үйлчлүүлэгчид үзлэг оношилгоо, эмчилгээг хийх бүртээ бичих ёстой. Гэтэл хөтлөлт нь хангалтгүй, бүрэн гүйцэт хөтөлж хэвшээгүй байсан учраас стандартыг мөрдөж ажиллаагүй. Тухайн үед буюу 2023 онд хэрэг гарсан учраас 2019 оны тушаалыг мөрдөж ажиллах ёстой. Эрүүл мэндийн сайдын 611 тоот тушаалд нэгдсэн эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг, амбулатори зэрэг стандартаар хөтлөгдөх анхан шатын бүртгэл маягтуудыг нэг бүрчлэн бүртгэл, маягтуудыг хөтөлнө гээд заасан байдаг. Тус журамд заасны дагуу дутуу хөтөлсөн гэж дүгнэсэн. ...Урьдчилсан онош болох ходоод гэдэсний үрэвсэл буюу острый гастроэнтерит гэдэг онош тавьж, эмчилгээг эхлүүлсэн. Гэхдээ зааварт зааснаар эмчилгээг төлөвлөх ёстой. Тулгамдсан шинжтэй гэж ирж байгаа бол ямар шинж тэмдэг нь яаралтай эсэх, дараагийн тулгамдсан шинж тэмдгүүд нь юу байсан гэдгийг эмч лабораторийн шинжилгээ төлөвлөж, илгээнэ. Яаралтай тусламжийн тасагт ажиллаж байгаа учраас нэгдсэн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны стандартад заасан яаралтай тусламж хүлээн авах заавар байдаг. Тус зааврыг мөрдөж ажиллах ёстой. Х.Б эмчийн хувьд ийм байна. ...А/489 дугаартай тушаалын 1 дүгээр хавсралтаар хүүхдэд үзүүлэх яаралтай тусламжийн эмнэл зүйн заавар Х.Б эмчид хамааралтай. Учир нь хүүхдийг эрэмбэлэн ангилна. Хүүхдийг тулгамдсан шинжтэй буюу хүндэвтэр гэж үнэлсэн учраас тухайн хүүхдийн яаралтай шинж болон тулгамдсан шинж юу байгаа гэдгийг үзэж, эмнэл зүйн зааврын дагуу оношилгоо, эмчилгээний тактикийг гаргаж ирнэ. Дараа нь шинжилгээнүүдийг төлөвлөж, ямар өвчнөөс ялган оношлох вэ гэдгийг гаргаж ирнэ. Онош тодруулах зорилгоор бас ажиглах юм уу, оношоо тодруулсан бол тасаг нэгж рүүгээ шилжүүлдэг. ... Ё.Б-н хувьд шинжилгээ хийж, онош баталгаажуулж, хоёр талын уушгины хатгаа, хордлого гэсэн оношийг тавьсан учраас эмнэл зүйн зааврынхаа дагуу хүүхдийн өвчний оношилгоо, эмчилгээний стандартыг мөрдөж, эмчилгээнүүдийг хийнэ. Мөн авсан шинжилгээнүүдийг бүрэн гүйцэт дүгнэж бичнэ, хүүхдийн биеийн байдлыг үнэлж, эрсдэлийг тооцно, зовуурь нэмэгдэж байна уу, аль эсвэл зовуурь багасаж байна уу, сайжрал нь хэр байна, эдгэрч байна уу гэж эмчилгээнийхээ тактикийг гаргаад, мөн антибиотик шинжилгээнүүдэд үндэслэж эмчилгээний арга гарч ирэх ёстой. Гэтэл шинжилгээнүүдийг үнэлээгүй байсан. Ийм учраас стандартыг мөрдөж ажиллаагүй байна гэж үзсэн. ... Эмчлэгч эмч Б нь 2023 оны 1 дүгээр сарын 07, 08-ны өдрүүдэд өвчний түүхэнд үзлэгийн тэмдэглэл хөтлөөгүй гэж тусгасан байна. Өвчний түүхэнд хөтлөөгүй учраас би хөтлөөгүй гэж бичнэ. Хэрвээ хүүхдийн биеийн байдлыг үзээд, эмчилгээ хийсэн бол өвчний түүх дээр тэмдэглэх ёстой. Гэтэл энэ талаарх тэмдэглэл хөтлөгдөөгүй байна. 2023 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 09 цагт эмчилгээ, үзлэг бичсэн, эмчилгээ сувилгааны заалт бичигдээгүй байна гэж бичсэн байна. 2023 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 11 цаг 54 минутад Энхзул эмч үзлэг хийсэн боловч мөн үзлэг тэмдэглэл хөтлөөгүй. Харин биохимийн шинжилгээний заалт бичсэн байна. 2023 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 22 цаг 30 минутад жижүүр эмч хүүхдийн биеийн байдлыг үзээд, их хүнд байна гэж үнэлж, үжил, үжлийн хатгалгаа, халдвар хордлогын байдал оношоор эрчимт эмчилгээний тасагт шилжүүлж авсан байна. ...Үзлэгийн тэмдэглэл гэдэг нь хүүхдийн биеийн байдлыг үзэж, үнэлээд эмчлэгч эмч үзлэг бүрийн ард талд сувилгаа, эмчилгээний заалтыг бичих ёстой. Хүүхдийн биеийн байдлыг хүндэвтэр гэж үзсэн бол сэхээн амьдруулах тасагт хэвтэж байгаа хүүхдийг 2 цаг тутам үзэж, хүүхдийн биеийн байдлыг үнэлэх ёстой. Мөн хүндэвтэр гэж үнэлсэн бол 6 цаг тутамд нэг удаа үзэх юм уу, өдөрт нэг удаа үзлэгээ хийж, тэмдэглэж, оношилгоо эмчилгээний тактикийг гаргадаг. Гэхдээ эмнэлгүүд яаралтай тусламжийн хуудсан дээрээ яаралтай, хүнд гэж тодруулж бичдэг. Маргаашийн жижүүр эмч гарлаа гэхэд энэ хүүхдийн биеийн байдал хүнд юм байна, энэ хүүхдийг яаралтай үзэх ёстой гэсэн ойлголттой байдаг. Энэ нь стандартаар зохицуулагддаг. ...Эмч оношоо баталгаажуулахын тулд шинжилгээг төлөвлөдөг. Амь хохирогчийн хувьд цусны ерөнхий шинжилгээ, биохимийн дэлгэрэнгүй шинжилгээ, шээсний ерөнхий шинжилгээ бичигдсэн байна. Хэрвээ хатгаа гэж үзэж байгаа бол цээжийг заавал гэрэлд харж, уушгины завсрын эдийн үрэвсэл байгаа эсэхийг багажийн болон лабораторийн шинжилгээгээр оношийг баталгаажуулах ёстой. Амь хохирогчийн хувьд 1 дүгээр сарын 07-ны өдөр эмнэлэгт хэвтсэнээс хойш шинжилгээ хийгдээгүй байна. ...Хүүхдийн биеийн байдлыг хүндэвтэр гэж үнэлсэн дээрх шинжилгээнүүдийг хийх ёстой. Яаралтай тусламжийн хуудас болон өвчтөний түүхэн дээр яаралтай хийгдэх шинжилгээ, ялган оношлох оношилгоо, яаралтай хийгдэх эмчилгээ гэсэн хэсэгт эмч бичих ёстой. ...Хүүхдийн биеийн байдлыг хүнд гэж үнэлсэн бол 24 цагаар тасралтгүй лабораторийн үйл ажиллагаа явагддаг тул цусны ерөнхий шинжилгээ, шээсний ерөнхий шинжилгээг авч, яаралтай гэж бичсэн тохиолдолд шинжилгээ 2 цагийн дотор гарах бүрэн боломжтой байдаг. ...Эмч өвчтөнд үзлэг хийсэн бол тухайн хүүхдэд гарч байгаа өөрчлөлтийг бүгдийг нь бичнэ. Ингэснээр хүүхдийн эмчилгээ таарч байгаа эсэх, дахиад шинжилгээ хийх шаардлагатай эсэхийг тодорхойлно. Хүүхдийн биеийн байдал яагаад муудаад байгаа нь лабораторийн шинжилгээ, эмчийн үзлэг зэргээс харагдана. Цаашид эмчилгээнүүд удирдамжид заасныхаа дагуу явагдана. ...Тухайн үед эрүүл мэндийн байгууллагыг цахим хэлбэрт шилжүүлэх тухай Эрүүл мэндийн яамны тушаал гарсан. Цаасан хэлбэрээс цахим хэлбэрт шилжүүлсэн. Үүнийг цааш хөгжүүлж явуулах эсэх санал гарч байсан. Нийслэлийн хэмжээнд байгаа бүх төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг болон лавлагаа, шатлалын эрүүл мэндийн байгууллага, нэгдсэн эмнэлгүүд, хувийн эмнэлгүүд ашиглаж байсан. Тухайн үед хэрэгжиж эхэлж байсан тул программ гацахыг үгүйсгэхгүй. ...Шинжилгээнээс өмнө хүүхдийн байдлаас хамаарч гарааны эмчилгээг эхлүүлэх ёстой. Тухайн хүүхдийн антибиотик мэдрэх чанар, болон бусад багажийн шинжилгээнүүдээ үзэж, ямар антибиотикийг сонгох талаар сонголтыг гаргах ёстой. Тухайн үед антибиотик мэдрэх чанарыг үзээгүй байсан. Зөвхөн цусны дэлгэрэнгүй шинжилгээ, шээсний ерөнхий шинжилгээ, биохимийн шинжилгээ авч, цээж гэрэлд харсан боловч шинжилгээнүүдийг дүгнэж бичээгүй. ...Яаралтай тусламжийн тасгаас хүүхдийг шилжүүлэхдээ яаралтай хийгдэх эмчилгээ бичиж, эмч өвчтөний биеийн байдлыг үзээд эмчилгээгээ сольж болно. Хүүхдийн биеийн байдал болон статуст тааруулан динамикийн өөрчлөлтүүд гарч байгаа эсэхэд тааруулж эмчилгээг өөрчилж, оношийг баталгаажуулна. ...Томуу, томуу төст өвчин, хордлого гэдэг оноштойгоор хүүхдийн эмчилгээг эхлүүлэн шинжилгээ төлөвлөсөн бол илүү дөхөм байсан болов уу гэж бодож байна. ...Зөвхөн уусан болгоноороо бөөлжиж байгаа нь ходоод гэдэсний хурц өрөвсөл гэж чиглүүлсэн болохоос биш амь хохирогчийг ханиад хүрсэн, хоолой өвдсөн, хордлогын шинжтэй уусан болгоноороо бөөлжсөн, шингэн алдсан зэргийг харж эмчилгээ, оношилгоо хийсэн бол нөхцөл байдал өөр байх боломжтой байсан. 2023 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр үзэхдээ острый гастроэнтерит онош тавихад тухайн өвчин эхэлж байсныг үгүйсгэхгүй, 18 цагийн дараа хордлогод ороод биеийн байдал нь хүндэрч дахин эмнэлэгт ирсэн байхад эмч мэдрэмж, ур чадварынхаа хүрээнд ялган оношилж, үзлэгтээ дүгнэлт хийх асуудал яригдана. Томуу томуу төст өвчин халдварын шинжтэй гэж үзсэн бол өөр байх байсан. ...Вирусийн халдвар нь цаг минутаар давшингуй явцтай байдаг. Х эмч хүүхдийг хүлээн аваад өвчтөний түүхэнд бичсэн бол өвчтөний түүхэнд харагдана. Гэтэл Х эмчийн үзлэг, эмчилгээ, оношилгоо, сувилгааны заалт байдаггүй. Тухайн хүүхдийн биеийг давшингуй явцтай хордлогод орсон гэдгийг мэдэх ёстой байсан. Яаралтайгаар шинжилгээ өгсөн бол 2 цагийн дараа шинжилгээний хариу гарах боломжтой. Хүүхэд сэргэлт авахдаа хурдан, муудахдаа хурдан байдаг. ...Х.Б эмч хатгалгаатай холбоотой эмчилгээ бичсэн, тус эмчилгээнүүд 1 дүгээр сарын 07-ны өдрөөс эхэлж хийгдсэн бол өвчний даамжралтад нөлөөлнө. Эмчилгээ цаг алдалгүй хийгдэж, мөн хавсарсан эмчилгээ буюу анилгин болон вирусийн эсрэг эмчилгээ хийж, хүүхдийн биеийн байдлыг 24 цагаар бүрэн үнэлж байсан бол яаралтай эрчимт эмчилгээний тасагт хугацаа алдахгүй шилжүүлэх боломжтой байсан. Мөн өөрийнх нь мэдлэг, чадвар хүрэхгүй бол эрхлэгч эмч болон тасгийн эмчийг дуудаж үзүүлсэн бол нөхцөл байдал өөр байх байсан...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, шуурхай удирдлагын тасгийн дуудлага лавлагааны хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудас),
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 18-20 дугаар хуудас, 58 дугаар хуудас, 3 дугаар хавтаст хэргийн 217 дугаар хуудас),
Хохирогч Э.Э-н төрсний гэрчилгээний хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 22 дугаар хуудас),
Гэрч Р.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 28 дугаар хуудас),
Гэрч Н.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас),
Гэрч Г.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас, 3 дугаар хавтаст хэргийн 234-235 дугаар хуудас),
Гэрч Б.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 41-42 дугаар хуудас, 3 дугаар хавтаст хэргийн 219 дүгээр хуудас),
Гэрч Б.Х-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 44-45 дугаар хуудас, 3 дугаар хавтаст хэргийн 221-222 дугаар хуудас),
Гэрч Э.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 47-48 дугаар хуудас),
Гэрч З.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 50 дугаар хуудас),
Гэрч Б.Ө-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 52 дугаар хуудас),
Иргэний хариуцагч **** хууль ёсны төлөөлөгч С.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 56 дугаар хуудас),
Иргэний хариуцагч **** хууль ёсны төлөөлөгч Д.Ө-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 242 дугаар хуудас),
Гэрч Д.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 224 дүгээр хуудас),
Гэрч З.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 226 дугаар хуудас),
Гэрч Т.Л-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 228 дугаар хуудас),
Гэрч Э.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 230 дугаар хуудас),
Гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 232 дугаар хуудас),
Гэрч Ц.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 237-238 дугаар хуудас),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 497 дугаартай шинжээчдийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 72-89 дүгээр хуудас),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 870 дугаартай шинжээчдийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 97-105 дугаар хуудас),
Шинжээч Б.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 107 дугаар хуудас),
Шинжээч Ч.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 250 дугаар хуудас, 4 дүгээр хавтаст хэргийн 219 дүгээр хуудас),
Шинжээч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 2 дугаар хуудас),
Шинжээч Н.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 4 дүгээр хуудас, 217 дугаар хуудас),
Шинжээч Б.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 6 дугаар хуудас),
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн Эмчилгээний чанарын хяналтын улсын ахлах байцаагч Т.У-н 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 113-117 дугаар хуудас),
Шинжээч Т.У-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 248 дугаар хуудас),
Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийг иргэний хариуцагчаар тогтоосон мөрдөгчийн тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 54 дүгээр хуудас),
Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын албаны өргөтгөсөн хурлын тэмдэглэл (1 дүгээр 123-125 дугаар хуудас),
Эмгэг судлалын шинжилгээний протокол (1 дүгээр хавтаст хэргийн 128-132 дугаар хуудас, 136-145 дугаар хуудас),
Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн яаралтай тусламжийн хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 146-148 дугаар хуудас),
Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн яаралтай тусламжийн хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 134-135 дугаар хуудас),
Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд хохирогч Э.Э-н хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 149-169 дүгээр хуудас),
Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар (2 дугаар хавтаст хэргийн 109 дүгээр хуудас),
Нийслэлийн Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/42 дугаартай тушаал (2 дугаар хавтаст хэргийн 24 дүгээр хуудас),
Хүүхдийн тасгийн эмч Х.Б-н албан тушаалын тодорхойлолт (2 дугаар хавтаст хэргийн 47-48 дугаар хуудас),
Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар (2 дугаар хавтаст хэргийн 118 дугаар хуудас),
Нийслэлийн Эрүүл мэндийн газар “Баянгол” эрүүл мэндийн нэгдлийн даргын 2011 оны 20 дугаар сарын 06-ны өдрийн 302 дугаартай тушаал (2 дугаар хавтаст хэргийн 22 дугаар хуудас),
Нийслэлийн Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн Б/175 дугаартай тушаал (2 дугаар хавтаст хэргийн 23 дугаар хуудас),
Хүүхдийн тасгийн эмч Ё.Б-н албан тушаалын тодорхойлолт (2 дугаар хавтаст хэргийн 42-44 дүгээр хуудас),
Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн Хүүхдийн салбар эмнэлгийн 2023 оны 01 сард яаралтай түргэн тусламжийн эмч нарын жижүүрийн хуваарь (2 дугаар хавтаст хэргийн 68-70 дугаар хуудас),
Монгол Улсын стандарт MNS 5095:2017 “Нэгдсэн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагаа” (4 дүгээр хавтаст хэргийн 21-76 дугаар хуудас),
Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалын тодорхойлолт (4 дүгээр хавтаст хэргийн 78-84 дүгээр хуудас),
Хүүхдийн салбар эмнэлгийн эрхлэгчийн ажлын байрны тодорхойлолт (4 дүгээр хавтаст хэргийн 169-171 дүгээр хуудас),
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 278 дугаартай “Арга хэмжээ авч ажиллах тухай” албан бичиг (4 дүгээр хавтаст хэргийн 191-193 дугаар хуудас, 198-200 дугаар хуудас),
Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн Удирдлагын зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн хурлын тэмдэглэл (4 дүгээр хавтаст хэргийн 238-241 дүгээр хуудас),
Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн Удирдлагын зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн шуурхай хурлын тэмдэглэл (4 дүгээр хавтаст хэргийн 249-250 дугаар хуудас, 5 дугаар хавтаст хэргийн 1-10 дугаар хуудас),
Нийслэлийн Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/74 дугаартай тушаал (5 дугаар хавтаст хэргийн 12 дугаар хуудас),
Нийслэлийн Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/76 дугаартай тушаал (5 дугаар хавтаст хэргийн 13 дугаар хуудас),
Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн Хүүхдийн салбар эмнэлгийн эрхлэгчийн ажлын байрны тодорхойлолт (5 дугаар хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас) зэрэг болно.
Хавтаст хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд:
Шүүгдэгч Ё.Б-н иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 124 дүгээр хуудас), асап сангийн лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 120-121 дүгээр хуудас), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 123 дугаар хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 125 дугаар хуудас), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (2 дугаар хавтаст хэргийн 126-127 дугаар хуудас), тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 128 дугаар хуудас),
Шүүгдэгч Х.Б-н иргэний үнэмлэхийн лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 113 дугаар хуудас), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 112 дугаар хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 114 дүгээр хуудас), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (2 дугаар хавтаст хэргийн 115 дугаар хуудас), тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 116 дугаар хуудас).
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
I. Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад дүгнэлт хийвэл:
Шүүгдэгч Х.Б нь **** төвийн харьяа **** эмчээр ажиллаж байхдаа буюу 2023 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр тухайн эмнэлгийн хүлээн авах яаралтай тусламжийн тасагт хүлээн авахын эмчээр ажиллах явцдаа,
-Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар “эмнэлгийн тусламж үйлчилгээ гэж өвчин эмгэг, гэмтэл бэртэл, хүний биеийн үйл ажиллагааны алдагдлыг орчин үеийн болон уламжлалт анагаах ухаанд тулгуурлан оношлох, эмчлэх, сувилах, хөнгөвчлөх, сэргээн засах цогц үйл ажиллагааг тус тус ойлгоно”,
-Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн Эмнэлгийн мэргэжилтний үүрэг хэсгийн 28.4.3 дахь заалт “эмнэлгийн мэргэжилтэн үйл ажиллагаандаа эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллах”,
-Албан тушаалын тодорхойлолт заасан зорилго, холбогдох чиг үүрэг,
-Эрүүл мэндийн технологи. Хүүхдэд зонхилон тохиолдох өвчний оношилгоо, эмчилгээний MNS 5836:2008 стандартын 20 дугаар хэсэг. “Хүүхдийн уушгины цочмог үрэвсэл өвчний оношилгоо, эмчилгээ”, 20.2.3-д “Эмнэлзүйн хувьд: Амьсгалын цочмог халдварын дараа дахин өндөр халуурна. Хордлого даамжирна. Тайван бус, хоол, унданд дургүй, огиулах, бөөлжих, суларч нойрмоглон, элэг дэлүү томорно. Хоол боловсруулалт хямарна. Амьсгал дутал илэрнэ, нэг талын том голомтот юмуу, хоёр талын байж болно. Ихэвчлэн голомтот, баруун талынх байдаг. Яг энэ хэсэгт тогшилтын чимээ бүдгэрч, амьсгалах чимээ сулрах буюу хоолойн өнгөтэй болно. Мөн жижиг цэврүүт, шаржигнах ба хэржигнүүр чимээ сонсдоно. Өвчин маш хурдан явцтай, уушгины болон бусад эрхтний хүндрэлтэй байна. 20-иос 50 хувьд нь нян цусанд орсон байдаг. Эндэгдэл анхдагчид 5-аас 15 хувь, хоёрдогчид 10-аас 20 хувь байна”, 20.5-д “Оношилгоог өвчний өгүүлэмж, бодит үзлэг, рентген шинжилгээ, цусны ерөнхий шинжилгээгээр оношилно”,
-Нэгдсэн эмнэлгийн бүтэц үйл ажиллагаа 5095:2017 стандартын 12 дугаар хэсгийн 12.1.5 дахь заалт “Үзлэг оношилгоо, шинжилгээ, эмчилгээ хийх бүрд холбогдох анхан шатны бүртгэл, маягт, хяналтын хуудсыг бүрэн хөтөлнө”, 12 дугаар хэсгийн 12.1.7 дахь заалт “Үйлчлүүлэгчийг зохих журмын дагуу хүлээн авсан эмч урьдчилсан оношийг тавин шаардлагатай тусламж, үйлчилгээг үзүүлэн, эмчлэгч эмчид хүлээлгэн өгнө”, 12 дугаар хэсгийн 12.1.9 дэх заалт “Үйлчлүүлэгчийн үзлэг, оношилгоо, шинжилгээ, эмчилгээг өвчний түүх, иргэний эрүүл мэндийн дэвтэрт стандартын дагуу тодорхой тэмдэглэж, бүрэн хөтөлнө” гэж тус тус заасныг зөрчиж эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу тухайн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээр 2023 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр ирсэн өвчтөн 3 настай, эмэгтэй, Э.Э-г яаралтай тусламжийн тасагт хүлээн авч үйлчилгээ үзүүлж ажиллахдаа ар гэрийнхнээс асуумж дутуу авсан, хүүхдийн биеийн байдал болон эмнэлзүйн байдлыг бүрэн гүйцэт үнэлээгүй, өвчний оношийг цочмог ходоод гэдэсний үрэвсэл гэж буруу тогтоосон, үүний үр дүнд эмчилгээ оновчгүй болж өвчний явцыг даамжруулахад нөлөөлсөн, тухайн өдрийн жижүүр эмчид хүлээлгэн өгөөгүйгээс өвчтөн нэг өдөр эмчийн хяналтаас гадуур цаг хугацаа алдсан зэргээр үйл ажиллагааны алдаа гаргаж, улмаар тусламж үйлчилгээний хожимдол гарч уушгины хатгалгаа өвчин оношлогдохгүй хүндэрч, үжлийн байдалд орсны улмаас эмчилгээ оройтож өвчтөн Э.Э 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр нас барсан,
Шүүгдэгч Ё.Б нь 2023 оны 1 дүгээр сарын 08-15-ны өдрүүдэд ***** төвийн харьяа ***** жижүүр эмч, эмчлэгч эмчээр ажиллах явцдаа,
-Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар “эмнэлгийн тусламж үйлчилгээ гэж өвчин эмгэг, гэмтэл бэртэл, хүний биеийн үйл ажиллагааны алдагдлыг орчин үеийн болон уламжлалт анагаах ухаанд тулгуурлан оношлох, эмчлэх, сувилах, хөнгөвчлөх, сэргээн засах цогц үйл ажиллагааг тус тус ойлгоно”,
-Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн Эмнэлгийн мэргэжилтний үүрэг хэсгийн 28.4.3 дахь заалт “эмнэлгийн мэргэжилтэн үйл ажиллагаандаа эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллах”,
-Албан тушаалын тодорхойлолт заасан зорилго, холбогдох чиг үүрэг,
-Эрүүл мэндийн сайдын 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Хүүхдэд үзүүлэх яаралтай тусламжийн эмнэл зүйн заавар батлах тухай” А/489 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт, (А 4.1 Зорилго: Хүүхдэд үзүүлэх яаралтай тусламж, үйлчилгээг амь насанд нь учирч буй эрсдэлээс хамаарч, эмнэлгийн тусламж үзүүлэх цаг хугацааны болон цар хүрээний чухлын зэрэглэлээр эрэмбэлэх зарчмыг баримтлах),
(А.6.1.1 биед үзлэг хийх, тусламж үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах, эмчилгээ үйлчилгээг үргэлжлүүлэх, нарийвчилсан үзлэг, шинжилгээг хийх, давтах, эмчилгээний тактик боловсруулах),
-Эрүүл мэндийн технологи. Хүүхдэд зонхилон тохиолдох өвчний оношилгоо, эмчилгээний MNS 5836:2008 стандартын 20 дугаар хэсэг. “Хүүхдийн уушгины цочмог үрэвсэл өвчний оношилгоо, эмчилгээ”, 20.2.3-д “Эмнэлзүйн хувьд: Амьсгалын цочмог халдварын дараа дахин өндөр халуурна. Хордлого даамжирна. Тайван бус, хоол, унданд дургүй, огиулах, бөөлжих, суларч нойрмоглон, элэг дэлүү томорно. Хоол боловсруулалт хямарна. Амьсгал дутал илэрнэ, нэг талын том голомтот юмуу, хоёр талын байж болно. Ихэвчлэн голомтот, баруун талынх байдаг. Яг энэ хэсэгт тогшилтын чимээ бүдгэрч, амьсгалах чимээ сулрах буюу хоолойн өнгөтэй болно. Мөн жижиг цэврүүт, шаржигнах ба хэржигнүүр чимээ сонсдоно. Өвчин маш хурдан явцтай, уушгины болон бусад эрхтний хүндрэлтэй байна. 20-иос 50 хувьд нь нян цусанд орсон байдаг. Эндэгдэл анхдагчид 5-аас 15 хувь, хоёрдогчид 10-аас 20 хувь байна”, 20.5-д “Оношилгоог өвчний өгүүлэмж, бодит үзлэг, рентген шинжилгээ, цусны ерөнхий шинжилгээгээр оношилно”, 20.6. Эмчилгээ: “Үүсгэгчийн эсрэг эмчилгээний үр дүнг 48 цагт үнэлж, эмчилгээг үргэлжлүүлэх буюу солих шийдвэр гаргана. Өдөр тутмын бичлэг, хяналт : Бодит үзлэгээр байсан өөрчлөлт хэрхсэнийг гярхай тогтоож, товч тодорхой бичих бөгөөд 1 минутад амьсгалын тоог заавал тоолох, маш хүнд үед 3-аас цөөнгүй удаа давтан үзнэ. Эмчлэгч эмч эмнэлзүйн урьдчилсан онош, шинжилгээ, эмчилгээний үр дүнг 48 цагийн дараа гаргаж, эхний үечилсэн дүгнэлт бичиж, эмнэлзүйн үндсэн оношийг тогтооно” ,
-Нэгдсэн эмнэлгийн бүтэц үйл ажиллагаа 5095:2017 стандартын 12 дугаар хэсгийн 12.1.5 дахь заалт “Үзлэг оношилгоо, шинжилгээ, эмчилгээ хийх бүрд холбогдох анхан шатны бүртгэл, маягт, хяналтын хуудсыг бүрэн хөтөлнө”, 12 дугаар хэсгийн 12.1.8 дахь заалт “Эмнэлгийн жижүүр эмч нь үйлчлүүлэгчийн оношилгоо, эмчилгээг ажлын бус цагаар бүрэн хариуцна”, 12 дугаар хэсгийн 12.1.9 дэх заалт “Үйлчлүүлэгчийн үзлэг, оношилгоо, шинжилгээ, эмчилгээг өвчний түүх, иргэний эрүүл мэндийн дэвтэрт стандартын дагуу тодорхой тэмдэглэж, бүрэн хөтөлнө” гэж тус тус заасныг зөрчиж эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу тухайн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан өвчтөн 3 настай, эмэгтэй, Э.Э-г хариуцсан жижүүр эмч болон эмчлэгч эмчээр ажиллахдаа 2023 оны 01 дүгээр сарын 08, 09-ний өдрүүдэд бодит үзлэг хийгээгүй, хүүхдийн биеийн байдлыг дутуу үнэлсэн, тогтмол хянаагүй, өдөр тутмын үзлэг, эрэмбэлэн ангилалт, хяналт үнэлгээ хангалтгүй, шаардлагатай шинжилгээ, оношилгоо, эмчилгээг хугацаа алдаж хийсэн, эрчимт эмчилгээний тасагт хугацаа алдаж шилжүүлсэн, эмч нарын хамтарсан үзлэг болон зөвлөх эмчийн үзлэгийг цаг хугацаанд хийгээгүй зэргээр тусламж үйлчилгээний хожимдол гаргаж, улмаар уушгины хатгалгаа өвчин оношлогдохгүй хүндэрч, үжлийн байдалд орсны улмаас эмчилгээ оройтож өвчтөн Э.Э 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр нас барсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан холбогдох нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх гэмт хэргийн ойлголт, шинж, хууль зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүйгээс, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирогчийн эрүүл мэндэд “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-д заасан хүндэвтэр хохирол учирсан байхыг шаарддаг, өөрөөр хэлбэл гэм буруутай этгээдийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирол хоорондын шалтгаант холбоо нь уг гэмт хэргийн объектив шинжийг бүрдүүлдэг бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Харин энэ гэмт хэргийн улмаас “хохирогч нас барсан” бол хүндрүүлэх шинжтэй байхаар хуульчилсан бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан” гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Тус гэмт хэргийн субъект болох “Эмнэлгийн мэргэжилтэн” гэж Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д зааснаар “анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургууль, коллежийг төгссөн, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий хүний их, бага эмч, шүдний их эмч, уламжлалт анагаах ухааны их эмч, сувилагч, эх баригч, эм зүйч, эм найруулагч, сэргээн засах чиглэлийн мэргэжилтнийг”,
“Эмнэлгийн тусламж, үйлчилгээ” гэж Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар “өвчин эмгэг, гэмтэл бэртэл, хүний биеийн үйл ажиллагааны алдагдлыг орчин үеийн болон уламжлалт анагаах ухаанд тулгуурлан оношлох, эмчлэх, сувилах, хөнгөвчлөх, сэргээн засах цогц үйл ажиллагааг”,
“Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй” гэж эрүүл мэндийн байдал, ар гэрт нь гачигдал гарсан, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан бусад гамшиг тохиолдсон, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх шаардлагатай эм, тариа, багаж, тоног төхөөрөмж байгаагүй зэрэг хувь хүнээс өөрөөс нь үл хамаарах бусад нөхцөл байдал үүсээгүй байхад эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлээгүйг,
“Зохих ёсоор биелүүлээгүй” гэж гэнэтийн өвчин, осол, гэмтлээс амь насанд нь аюултай байдал бий болсон иргэн, төрөх гэж байгаа эхэд өвчтөний амь насанд харш үйлдэл хийлгэхээр шаардсанаас бусад тохиолдолд эмнэлгийн тусламжийг ямар ч нөхцөлд үзүүлэх, үйл ажиллагаандаа эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллах үүргийг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж тус тус заажээ.
“Хохирогч нас барсан” гэж эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хохирогчийн амь нас хохирсныг ойлгоно.
Хууль зүйн хувьд шүүгдэгч нарын үйлдэл нь эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Х.Б, Ё.Б нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй байна.
Гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийн “урьдчилан мэдэх ёстой” гэсэн ойлголт нь агуулгаараа субъект үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хор уршиг учирч болохыг мэдэх үүрэгтэй, урьдаас ухамсарлан бодож болгоомжлох ёстой, нөгөө талаас мэдэх боломж бүрэн байсан боловч хэнэггүй, анхаарал болгоомжгүй, үл тоомсорлон хайхрамжгүй хандсан нөхцөл байдалтай шууд холбоотой байдаг.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Б-н өмгөөлөгч А.Ариунтуул, С.Батнасан нар “Шүүгдэгч Х.Б өвчтөний оношийг урьдчилан зөв тогтоох боломжгүй, хүлээн авахын эмч жижүүр эмчид өвчтөнийг хүлээлгэн өгөхгүй, миний үйлчлүүлэгч шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан стандартын ямар заалтыг зөрчсөн нь тодорхойгүй байх тул цагаатгаж өгнө үү” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Ё.Б-н өмгөөлөгч Б.Батсүх “Миний үйлчлүүлэгчид тус гэмт хэргийг үйлдэх сэдэлт, санаа зорилго байгаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэх баримт хангалттай байхгүй тул түүнийг цагаатгаж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.
Тодруулбал,
Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийн даргын 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн “Томуу, томуу төст өвчин хатгааны менежмент” сэдэвт сургалтын хөтөлбөр батлах тухай тушаал, 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн “Томуу, томуу төст өвчний үеийн эмнэлгийн тусламж үйлчилгээг зохицуулах тухай” тушаал, 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн “Тусламж үйлчилгээг эрчимжүүлэх тухай” тушаал, 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн удирдлагын зөвлөлийн хурлын “... Хүлээн авах дээр ирж байгаа хүүхдүүд ханиад нь нэлээн хүндэрч хатгаа болсон хойноо ирж байна. Доод замын гуурсан хоолойг гэмтээдэг ханиад байна” гэх тэмдэглэл,
Гэрч Э.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Манай Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвөөс Хүүхдийн салбар эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж байгаад нас барсан Э.Э-н нас барах болсон шалтгаантай холбоотойгоор 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын албаны өргөтгөсөн хурал хийсэн бөгөөд тус хурлаас гарсан дүгнэлтээр хүүхдийн салбар эмнэлгийн ажилтнууд өвчний түүхийн хөтлөлт хангалтгүй, авсан мөртлөө оношилгоо, шинжилгээ, эмчилгээг эмчийн тэмдэглэл дээрээ бичээгүй, асуумж дутуу авсан гэх мэт анхан шатны бичиг баримтын хөтлөлт хангалтгүй. Антибиотик эмчилгээг 2 удаа сольсон боловч антибиотикийг авах болон солих заалт бичээгүй. Нэмэлт эмчилгээ авч байгаа хэрнээ эмчийн үзлэг бичигдээгүй. Ялган оношилгоо хийгдээгүй, тасгийн эрхлэгч болон эмчлэгч эмч нарын хамтарсан үзлэг оройтсон. Гэрээт зөвлөх эмчийн хамтарсан үзлэг цаг алдаж авсан байх бөгөөд талийгаач Э-г эмчлэгч эмчээр ажиллаж байсан Б нь тухайн хүүхдийг цаг алдаж, эрчимт эмчилгээний тасаг руу шилжүүлсэн гэж дүгнэсэн. ...Үүнээс харахад Б эмч нь Э-н биеийн байдлыг хүндэвтэр гэж үнэлсэн учир тасагт хэвтэн эмчлэгдэх үеийг өөрөө хариуцах ёстой” гэх мэдүүлэг,
Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын албаны өргөтгөсөн хурлын 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн “...ЭМТҮЧАБА-ны дарга Э.Д: Дараах дүгнэлтийг хийсэн. 1. Хүүхдийн салбар эмнэлгийн үйл ажиллагааны дотоод журмын хэрэгжилт, нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагааны стандарт MNS 5095-2017 12.1.9 хэрэгжилт хангалтгүй байна. /эмч нарын хамтарсан үзлэг хийх журам, өвчний түүх бичилтийн стандарт/. 2. Эмч эмчилгээний явцад хүүхдийн биеийн байдлыг хүнд гэж үнэлсэн боловч цаашдын оношилгоо, эмчилгээг цаг алдаж авсан, анамнез дутуу авсан, хяналт хангалтгүй байна. 3. Антибиотик солих заалт бичээгүй 2 удаа сольсон. 4. Нэмэлт эмчилгээ оруулж байгаа хэрнээ үзлэг бичигдээгүй. 5. Онош тодруулах шинжилгээ хангалтгүй /бактериологи, вируслоги/. 6. Шинжилгээний давтамж, хяналт холдсон. 7. Ялган оношилгоо хийгдээгүй. 8. Тасгийн эрхлэгч болон эмч нарын хамтарсан үзлэг оройтсон. 9. Гэрээт зөвлөх эмчийн хамтарсан үзлэг цаг алдаж авсан. 10. Лаборатори өөрчлөлт их шинжилгээний хариуг тасаг нэгж рүү шуурхай мэдээллээгүй. 11. Дотоод зохион байгуулалтаа сайжруулах хэрэгтэй гэж дүгнэлээ. Д.Ө дарга: Эрчимт эмчилгээний заалт гарсан байхад эрчимтийн тасагт ор байхгүй байсан ч ЭЭТ-т шилжүүлэх хэрэгтэй байсан. Оны өмнөх эндэгдлийн хурлаар ийм асуудал ярьж байсан. Хүүхдийн салбар эмнэлэг одоо хүртэл дутагдлаа засаагүй байна. БГДЭМТ-ийн дарга З.Б: Тасгийн эрхлэгч, эмч нарын хамтарсан үзлэг яагаад байхгүй байна вэ ! Эрчимт эмчилгээний эмч хүүхдийг цаг тутам хянаад үзлэг бичих хэрэгтэй. Бүх шатны хяналт, шалгалт өвчний түүхийг л шалгадаг. Энэ нь хуулийн баримт болдог. Тиймээс өвчний түүх бичилтээ маш сайн хийхийг анхааруулж байна. Антибиотик бичих заалт заавал бичих хэрэгтэй. Эмчлэгч эмчийн хувьд ачаалал их байсан ч хүүхдэд онцгой анхаарах хэрэгтэй байсан. Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Б.Э: Бадамсүрэн эмч ХАЯТТ-т хүүхдийг острый гастроэнтерит гэж оношлоод нян судлал, эхо, вирусологийн шинжилгээ яагаад төлөвлөөгүй вэ? Шинжилгээ авах боломж байсан уу? Хүүхдийн эмч Х.Б: ЦДШ, БХШ, Цээжний рентген, ковид-19 шинжилгээнүүд төлөвлөсөн. Д.Ө дарга: Эмчлэгч эмч нар өөрсдөө юу гэж дүгнэж байна вэ? Хүүхдийн эмч Ё.Б: ...Тухайн хүүхдэд шаардлагатай эмчилгээ, шинжилгээ, эмч нарын хамтарсан үзлэгийг хийлгүй цаг алдсандаа гэмшиж байна. БГДЭМТ-ийн дарга З.Б: Эмчлэгч эмч нар хариуцлага алдсан байна. Хүүхдийн салбар эмнэлэг зохион байгуулалт муу байна. Хурлын шийдвэр: Дотоодын үйл ажиллагааг зохион байгуулж, хариуцлага алдсан хүүхдийн салбар эмнэлгийн эрхлэгч Г.Б, эмч Ё.Б, Т.Э нарыг удирдлагын зөвлөлөөр оруулж хариуцлага тооцохоор шийдвэрлэлээ...” гэх тэмдэглэл,
Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн Удирдлагын Зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн шуурхай хурлын “... ЭМТҮЧАБА-ны дарга Э.Д: Хурлын дүгнэлтээр эрчимт эмчилгээний тасагт хүлээн авах стандарт, шокийн стандарт хангалтгүй, хүлээн авахын эмч эрэмбэлэлт хангалтгүй байсан гэж үзсэн. Эхлээд хүүхдийг хүлээн авсан хүлээн авахын хүүхдийн эмч Х.Б оруулъя. Хүүхдийн эмч Х.Б: Тэр өдөр хагассайн өдөр байсан. Хүүхдийн ааваас зовуурийг сайн дэлгэрүүлж асуух хэрэгтэй байсан. Эрэмбэлэхдээ буруу ангилсан байна гэж өөрийгөө үзэж байгаа. БГДЭМТ-ийн дарга З.Б: Эмчлэгч эмчдээ хүүхдээ хүлээлгэж өгсөн үү? Эрэмбэлээд дээшээ гаргаад л болсон уу? Хүүхдийн эмч Х.Б: Баасыг нь тодруулж асуух байсан байна лээ, цустай баасан гэж мэдээгүй. Орлогч дарга Д.Ө: Асуумжаа дутуу авсан байна. Хүүхдийн биеийн байдлыг анзаараагүй юм байна, тийм үү? Хүүхдийн эмч Х.Б: Тиймээ, шээсний шинжилгээ, бактерлогийн шинжилгээ өгүүлэх байсан. Хүүхдийн салбар эмнэлгийн эрхлэгч Г.Б: Х.Бадамсүрэн эмчийн тухайд хүссэн цагтаа үздэг, утсаа тасалж алга болдгийг дахин дахин анхааруулдаг байсан. Өөрт нь удаа дараа хэлж сануулсан. ЭМТҮЧАБА-ны дарга Э.Д: Заалтад илэрсэн шинж тэмдгүүдээс 2-с дээш илэрвэл үжил гэж үздэг. Үжлийн талаар сургалт авах саналтай байна. Ахмадын салбар эмнэлгийн эрхлэгч О.О: Сэтгэлтэй бай. Өвчтөний ар гэртэй сайн харилцаж бай. Ахмад эмч нараасаа суралц. БГДЭМТ-ийн дарга З.Б: Өөрийнхөө эрэмбэлж, ангилах тал дээр алдаа дутагдал гаргаснаа хүлээн зөвшөөрч байна уу? Тушаалаар сануулах арга хэмжээ авъя. Х.Б: Зөвшөөрч байна. ЭМТҮЧАБА-ны дарга Э.Д: Оношилгоо, эмчилгээнд алдаа гаргасан, хамтарсан үзлэгийг оройтуулсан гэж үзэж буй хүүхдийн эмч Ё.Б оруулъя. БГДЭМТ-ийн дарга З.Б: Алдаагаа хүлээн зөвшөөрч байна уу? Хүүхдийн эмч Ё.Б: Хүлээн зөвшөөрч байна. Хамтарсан үзлэгийг 1 өдрийн өмнө хийсэн бол гэж бодсон. Миний мэдлэг чадвар дутмагаас жижүүрийн эмч бас анхаараагүй байсан. БГДЭМТ-ийн дарга З.Б: Тусламж, үйлчилгээндээ хайнга хандсан. Анхаарал хандуулаагүй. Антибиотик яагаад тэгж их солив. Бактерлогийн шинжилгээ яагаад аваагүй вэ? ... ” гэх тэмдэглэл,
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын “Арга хэмжээ авч ажиллах тухай” 2023 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн “... 2.Яаралтай тусламж үйлчилгээг тухайн чиглэлээр /яаралтай тусламж/ мэргэшээгүй эмч яаралтай тусламж амилуулах суурь тусламжийг үзүүлж байсан. ...4.Эмч өвчний түүхэнд үзлэгийн тэмдэглэл, эмчилгээ, сувилгааны заалтыг үзлэг хийх бүрд тэмдэглээгүй, жижүүр эмч нар өвчний түүхэнд үзлэгийн тэмдэглэл хөтлөөгүй, төлөвлөсөн шинжилгээнүүдийг болон эмч нарын хамтарсан үзлэгийг дотоод журамд заасны дагуу хийдэггүй, эмч, мэргэжилтэн нар анхан шатны бүртгэл маягтыг бүрэн гүйцэд хөтөлж хэвшээгүй…” гэх албан бичиг,
Хүүхдийн эмч Ё.Б-д “Үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах” сахилгын шийтгэл ногдуулсан тухай Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын тушаал,
Хүүхдийн эмч Х.Б-д “Нийт ажилтанд нь зарлах хэлбэрээр нээлттэй сануулах” сахилгын шийтгэл ногдуулсан тухай Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын тушаал,
Хүүхдийн тасгийн эмч Ё.Б-н албан тушаалын тодорхойлолт “Албан тушаалын зорилго: 0-16 насны хүүхдийн эрүүл мэнд, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, өвчлөлийг хүндрүүлэхгүй, цаг алдалгүй эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх, ...Албан тушаалын гүйцэтгэх чиг үүрэг...”
Хүүхдийн тасгийн эмч Х.Б-н албан тушаалын тодорхойлолт “Албан тушаалын зорилго: 0-16 насны хүүхдийн эрүүл мэнд, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, өвчлөлийг хүндрүүлэхгүй, цаг алдалгүй эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх ...Албан тушаалын гүйцэтгэх чиг үүрэг...”
Гэрч Г.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Өвчтөнөө сувилагчаараа дамжуулан хэвтэх тасгийн сувилагчид хүлээлгэн өгч, жижүүр эмчид хүлээн авахын эмч мэдэгдэх ёстой. ... Хүлээн авахын эмч гэхдээ жижүүр эмчид заавал мэдэгдэнэ.” гэх мэдүүлэг,
Эрүүл мэндийн технологи. Хүүхдэд зонхилон тохиолдох өвчний оношилгоо, эмчилгээний MNS 5836:2008 стандартын 20 дугаар хэсэг. “Хүүхдийн уушгины цочмог үрэвсэл өвчний оношилгоо, эмчилгээ”, 20.2.3-д “Эмнэлзүйн хувьд: Амьсгалын цочмог халдварын дараа дахин өндөр халуурна. Хордлого даамжирна. Тайван бус, хоол, унданд дургүй, огиулах, бөөлжих, суларч нойрмоглон, элэг дэлүү томорно. Хоол боловсруулалт хямарна. Амьсгал дутал илэрнэ, нэг талын том голомтот юмуу, хоёр талын байж болно. Ихэвчлэн голомтот, баруун талынх байдаг. Яг энэ хэсэгт тогшилтын чимээ бүдгэрч, амьсгалах чимээ сулрах буюу хоолойн өнгөтэй болно. Мөн жижиг цэврүүт, шаржигнах ба хэржигнүүр чимээ сонсдоно. Өвчин маш хурдан явцтай, уушгины болон бусад эрхтний хүндрэлтэй байна. 20-иос 50 хувьд нь нян цусанд орсон байдаг. Эндэгдэл анхдагчид 5-аас 15 хувь, хоёрдогчид 10-аас 20 хувь байна”, 20.5-д “Оношилгоог өвчний өгүүлэмж, бодит үзлэг, рентген шинжилгээ, цусны ерөнхий шинжилгээгээр оношилно”, 20.6. Эмчилгээ: “Үүсгэгчийн эсрэг эмчилгээний үр дүнг 48 цагт үнэлж, эмчилгээг үргэлжлүүлэх буюу солих шийдвэр гаргана. Өдөр тутмын бичлэг, хяналт : Бодит үзлэгээр байсан өөрчлөлт хэрхсэнийг гярхай тогтоож, товч тодорхой бичих бөгөөд 1 минутад амьсгалын тоог заавал тоолох, маш хүнд үед 3-аас цөөнгүй удаа давтан үзнэ. Эмчлэгч эмч эмнэлзүйн урьдчилсан онош, шинжилгээ, эмчилгээний үр дүнг 48 цагийн дараа гаргаж, эхний үечилсэн дүгнэлт бичиж, эмнэлзүйн үндсэн оношийг тогтооно”,
Эрүүл мэндийн сайдын 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Хүүхдэд үзүүлэх яаралтай тусламжийн эмнэл зүйн заавар батлах тухай” А/489 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт, (А 4.1 Зорилго: Хүүхдэд үзүүлэх яаралтай тусламж, үйлчилгээг амь насанд нь учирч буй эрсдэлээс хамаарч, эмнэлгийн тусламж үзүүлэх цаг хугацааны болон цар хүрээний чухлын зэрэглэлээр эрэмбэлэх зарчмыг баримтлах) (А.6.1.1 биед үзлэг хийх, тусламж үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах, эмчилгээ үйлчилгээг үргэлжлүүлэх, нарийвчилсан үзлэг, шинжилгээг хийх, давтах, эмчилгээний тактик боловсруулах),
Өвчтөн Э.Э-г 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авах яаралтай тусламжийн тасагт хүлээн авсан эмчийн /Х.Б/ үзлэгт “Зовуурь: уусан бүхнээр бөөлжинө, 2 хоног 39 хэм хүртэл халуурна, хоолонд дургүй, бага зэрэг ханиана. Асуумж: 2023/01/05-с бөөлжиж эхэлсэн, гэрээр хросол, амоксициллин, церукал уусан сайжрахгүй өөрсдөө ятт-р үзүүлэн хэвтэн эмчлүүлэхээр болов” гэсэн бичвэр,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 497 дугаар “...8.Талийгаачийн 2023.01.08-ны цусны ерөнхий шинжилгээнд цагаан эсийн тоо 2.2х10^9л, тромбоцит 140х10^9л, эмнэл зүйн шинж тэмдгүүдийг үнэлэхэд үжил, үжлийн шокийг оношлоогүй, хүүхдийн биеийн байдлыг зөв эрэмбэлээгүй, оношийг бүрэн тогтоогоогүй, эмчилгээ хожимдож буюу дутуу хийгдсэн байна. Тухайлбал 2023/01/08.09-ний өдрүүдэд эмчийн үзлэг хийгдээгүй байна” гэх дүгнэлт,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 870 дугаар шинжээчийн дүгнэлт,
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн эмчилгээний чанарын хяналтын улсын ахлах байцаагч Т.Ц-н 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн шинжээчийн дүгнэлт,
Өвчтөн Э.Э-н 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн клиник лабораторийн шинжилгээний хариу,
2023 оны 01 дүгээр сарын 07,08,09-ний өдрүүдэд үзлэгийн тэмдэглэлд бичилт хийгдээгүй тухай баримтууд,
2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн үзлэгийн “...үзлэгт: Хүүхдийн биеийн байдал хүнд, уушги 2 талд ширүүн амьсгалтай ... эмчилгээ хэвээр ...6 цагийн зайтай халуурч байна, хордлого ихтэй, гүйлсэн булчирхай улаан, уушги 2 талд ширүүссэн амьсгалтай, хуурай хэржигнүүртэй, шинжилгээнд – цагаан эс буурсан-2.2, соэ уртассан-16, тромбоцитопени-140, цээж рентген бүрдүүлэх ... эмчлэгч эмч: Б.Тэмдэглэсэн огноо: 2023/01/10” гэх тэмдэглэл,
2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн үзлэгийн “... зовуурь: цээж хэржигнэнэ, бөгшүүлж ханиана, халуурна, хоол идэхгүй. Үзлэгт: Хүүхдийн биеийн байдал хүнд, орчны харьцаа хөдөлгөөн идэвхи сул, царай цонхигордуу, ядрангуй, хэвтэх сонирхолтой, 6 цагийн зайтай халуурна, гүйлсэн булчирхай улаан хэвээр ... уушги 2 талд ширүүн амьсгалтай, хуурай хэржигнүүртэй ... эмчилгээ хэвээр ... Рентген: Уушгины зураглал дотор зоноор олширсон уг өргөсөөгүй, 2 уушгины угийн нэвчдэст сүүдэртэй ... Онош: 1. Двусторонняя инфильтративный пневмония острый течение, тяжёлая форма, 2. Токси-септический состояние ... Эмчлэгч эмч: Б. Тэмдэглэсэн огноо: 2023/01/11” гэх тэмдэглэл зэрэг баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна.
Дээрх баримтуудаас нэгтгэн дүгнэхэд ****-н удирдлагын зүгээс бага насны хүүхдийн амьсгалын замын өвчлөл, томуу, томуу төст өвчний идэвхжил, дэгдэлт нэмэгдэж байгаа цаг үетэй холбогдуулан урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, ажилтнуудын сахилга, хариуцлагыг сайжруулах чиглэлээр тодорхой арга хэмжээнүүд авч, эмч ажилтнуудад удаа дараа анхааруулсаар байтал, мөн эрхлэгч эмч хүлээн авах дээр ирж байгаа хүүхдүүд ханиад нь хүндэрч хатгаа болсон хойноо ирж байгаа тухай сануулсаар байтал хүүхдийн эмч Х.Б, Ё.Б нар нь цаг үеийн нөхцөл байдлыг мэдэрч ажиллаагүй, ажилдаа хайхрамжгүй хандсан, нөгөө талаас урьд өдрүүдэд өвчтөн гэрээр хросол, амоксициллин, церукал уугаад биеийн байдал сайжраагүй байхад биеийн байдлыг дутуу үнэлсэн, өвчтөний ар гэрийнхэн өвчний зовуурийг нь хэлсээр байтал илрэн гарч буй эмнэл зүйн шинж тэмдгээр нь бусад шинжилгээг хүлээхгүйгээр /эсхүл хатгалгааны сэжигтэй тохиолдолд тооцон хурдан шуурхай шинжилгээ бүрдүүлж арга хэмжээ авах/ өвчтөний оношийг хугацаа алдалгүй зөв тогтоох боломжтой байсан зэргээр үйл ажиллагааны алдаа гаргасан нь өвчтөн амь насаа алдах үндсэн суурь шалтгаан болсон байна.
Нөгөөтэйгүүр шүүгдэгч Х.Б-н хувьд жижүүр болон эмчлэгч эмчийн хувиар 2023 оны 01 дүгээр сарын 08, 09-ний өдрүүдэд өвчтөнд бодит үзлэг хийгээгүй, бодит үзлэгийг 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хожуу хийсэн, 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн өвчтөний клиник лабораторийн шинжилгээний хариунд цагаан эсийн тоо буурсан, тромбоцитопений хэмжээнд өөрчлөлт орсон байхад биеийн байдлыг дутуу үнэлж анхаарч үзэлгүй орхигдуулсан, хурдан шуурхай арга хэмжээ аваагүй, 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр уушгины рентген зурагтай хожуу танилцсан, өвчтөний үндсэн оношийг 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр буюу өвчтөн эмнэлэгт хэвтсэнээс хойш 4 хоногийн дараа хугацаа хожимдуулж хоёр уушгины нэвчдэст хатгалгаа гэж оношилсон, улмаар 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн оройны 22:30 минутад жижүүр эмч Л.З өвчтөний оношийг үжил, үжлийн хатгалгаа гэж оношилж эрчимт эмчилгээний тасаг руу шилжүүлсэн, 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 20:30 минутад жижүүр эмч Т.Э эмч нарын хамтарсан үзлэг хийх санал гаргасан, 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 11 цагт зөвлөх эмч Р.Б үзсэн боловч тусламж үйлчилгээний хожимдол нэгэнт гарч 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 12:15 минутад өвчтөн нас барсан үйл баримттай шууд шалтгаант холбоотой байна.
Түүнчлэн Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 24 дугаартай тогтоолоор “...Шинжээчийн дүгнэлтийн хувьд шүүгч хүлээн зөвшөөрөгдсөн шинжээчийн дүгнэлтийн эсрэг шийдэж болохгүй, харин шинжээчийн дүгнэлтүүд хоорондоо зөрүүтэй үр дүн үзүүлбэл эргэлзээ үүсэж болох бөгөөд энэ тохиолдолд аль нь үндэслэлтэйг тогтоох шаардлага үүснэ...” гэж тайлбарласан бөгөөд хавтаст хэрэгт авагдсан эрүүл мэндийн хяналтын хэлтсийн эмчилгээний чанарын хяналтын улсын ахлах байцаагч Т.У-н дүгнэлт болон Шүүх шинжилгээний ерөнхий газрын 497, 870 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд хоорондоо зөрүүтэй, эргэлзээтэй гэх үр дүнг үзүүлээгүй, агуулгын хувьд нэг шинжээчийн дүгнэлт нөгөө шинжээчийн дүгнэлтээ баталсан, давхар шинжээчийн мэдүүлгээр нэг мөр тогтоогдсон.
Иймд шүүгдэгч Х.Б, Ё.Б нарыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирлын талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн “хохирол” гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн “хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.Э-н амь нас хохирсон бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Э нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийн хор уршигт тооцогдох 10,466,000 төгрөгийн баримтыг хэрэгт хавсаргаж өгсөн бөгөөд хор уршиг төлөгдөөгүй байна.
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл (эс үйлдэхүй)-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч Х.Б, Ё.Б нар нь Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд эмчээр ажиллаж байхдаа эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хүний амь нас хохирсон байх тул 10,466,000 төгрөгийн гэм хорын хохирлыг иргэний хариуцагч ****-с гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Э-д олгуулахаар шийдвэрлэв.
Бусад нэхэмжлэлийн тухайд:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Э нь гэмт хэргийн улмаас учирсан болон цаашид учрах гэм хортой холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Х.Б-д “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эмчлэх үйл ажиллагаа явуулах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах”,
Шүүгдэгч Ё.Б-д “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эмчлэх үйл ажиллагаа явуулах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нар “Эмчлэх үйл ажиллагаа явуулах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж өгнө үү” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Ё.Б-н өмгөөлөгч Б.Батсүх “Хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг 2 жилийн хугацаагаар хойшлуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Х.Б-н өмгөөлөгч А.Ариунтуул, С.Батнасан нар “Эрх хасах ялыг хамгийн доод хэмжээгээр тогтоож, торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.
Шүүгдэгч Х.Б, Ё.Б нарын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, харин 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх” нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч Х.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ё.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Х.Б-н эмчлэх үйл ажиллагаа явуулах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар “өөрийн оршин суугаа газар болох Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч Ё.Б-н эмчлэх үйл ажиллагаа явуулах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж 2 жилийн хугацаагаар “өөрийн оршин суугаа газар болох Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тус оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Х.Б-н өмгөөлөгч нараас торгох ялын саналыг гаргаж байх боловч шүүгдэгч Х.Б нь эрхэлсэн тодорхой ажилгүй нөхцөл байдал нь түүнд торгох ял оногдуулах тохиолдолд ял биелэгдэх бодит боломжгүй, түүнчлэн өөр бусад хүн түүний өмнөөс торгох ялыг биелүүлэх нөхцөл байдал үүсэж болзошгүй тул “гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ, эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй” гэсэн шударга ёсны зарчимд үл нийцэх тул шүүгдэгчид торгох ял оногдуулах нь зохимжгүй.
Шүүгдэгч Ё.Б-н өмгөөлөгчөөс хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жилийн хугацаагаар хойшлуулах саналыг гаргаж байх боловч шүүгдэгч Ё.Б-н үйлдлийн тухайд анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, жирэмсэн, бага насны хүүхэдтэй зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд хорих ял оногдуулах шаардлагагүй гэж үзсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа, эсхүл торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно” гэж зааснаар шүүгдэгч Х.Б-н эмчлэх үйл ажиллагаа явуулах эрхийг 2 жилийн хугацаагаар, шүүгдэгч Ё.Б-н эмчлэх үйл ажиллагаа явуулах эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Х.Б, Ё.Б нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг тэдгээрт анхааруулав.
III. Бусад асуудлаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал дараах зардлаас бүрдэнэ”, мөн хэсгийн 1.1 дэх заалтад “хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, гэрч, хөндлөнгийн гэрч, шинжээч, мэргэжилтэн, орчуулагч, хэлмэрч, өмгөөлөгчид төлөх зардал”, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулна”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэд хэдэн шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдвол энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зардлын хэмжээг хүн нэг бүрийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэр хэмжээг харгалзан шүүх хуваарилж тогтооно” гэж тус тус хуульчилсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн эмчилгээний чанарын хяналтын улсын ахлах байцаагч Т.У-н дүгнэлт гаргахад зарцуулсан 1,556,400 төгрөгийг шүүгдэгч Ё.Б, Х.Б нараас хувь тэнцүүлэн гаргуулж Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн эмчилгээний чанарын хяналтын улсын ахлах байцаагч Т.У-д олгуулахаар шийдвэрлэж,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж, хэргийн хамт ирүүлсэн сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Б, Ё.Б нарт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ш*** овогт Ё.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Ш*** овогт Х.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Б-н эмчлэх үйл ажиллагаа явуулах эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 2 (хоёр) жилийн хугацаагаар “өөрийн оршин суугаа газар болох Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-н эмчлэх үйл ажиллагаа явуулах эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жилийн хугацаагаар “өөрийн оршин суугаа газар болох Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тус оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Б, Х.Б нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг тэдгээрт анхааруулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Б-н эмчлэх үйл ажиллагаа явуулах эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар, шүүгдэгч Х.Б-н эмчлэх үйл ажиллагаа явуулах эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар тус тус хассан нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
5.Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч **** 10,466,000 (арван сая дөрвөн зуун жаран зургаан мянга) төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Э-д олгосугай.
6.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Э нь гэмт хэргийн улмаас учирсан болон цаашид учрах гэм хортой холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэснийг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар 1,556,400 (нэг сая таван зуун тавин зургаан мянга дөрвөн зуу) төгрөгийг шүүгдэгч Ё.Б, Х.Б нараас хувь тэнцүүлэн гаргуулж Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн эмчилгээний чанарын хяналтын улсын ахлах байцаагч Т.У-д олгосугай.
8.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж, хэргийн хамт ирүүлсэн сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Ё.Б, Х.Б нарт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар иргэний хариуцагч зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, иргэний хариуцагч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ё.Б, Х.Б нарт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ЗОЛБОО