Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 2022/ДШМ/117

 

 

 

 

 

 

 

2022           02             01                                          2022/ДШМ/117

                                               

А.Бт холбогдох

                                                    эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Ц.Оч, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ч.Түмэн-Өлзий,

шүүгдэгч А.Бийн өмгөөлөгч Э.Шинэцэцэг,  

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 2021/ШЦТ/576 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Бийн өмгөөлөгч Э.Шинэцэцэгийн гаргасан давж заалдах гомдлоор А.Бт холбогдох 21100 00000690 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Х овгийн А-ын Б, 2002 оны 3 дугаар сарын 1-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Монгол Улсын Их Сургуулийн *** дугаар дамжааны оюутан, ам бүл 3, эх, дүүгийн хамт Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, *** хорооллын *** тоотод  оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:/;

Шүүгдэгч А.Б нь 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах **** хорооллын *** дугаар байрны гадна иргэн Б.Стэй маргалдаж, улмаар гараараа нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: А.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Х овгийн А-ын Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Бийг 250 /хоёр зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.Бийн өмгөөлөгч Э.Шинэцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүхээс хийсэн хууль зүйн дүгнэлтийн тухайд, шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...Хохирогч Б.Сийн биед учирсан “биед хамар ясны хугарал, цус хуралт, зүүн гарын ядам хурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун шанаа, чамархайд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч А.Б нь түүнтэй маргалдан зууралдаж, татаж /хавирч/ унагах явцад цохисон үйлдлийн улмаас хэрэг учрал болох тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд болох нь ...тогтоогдсон байна” гэж дүгнэжээ. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь санаатай үйлдэгддэг бөгөөд санаатай гэмт хэргийн тухайд, гэм буруутай этгээд өөрийн үйлдэл нийгэмд аюултай болохыг урьдаас мэдсээр атлаа хүсч үйлддэг. Өөрөөр хэлбэл, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулаагүй бол Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж хангагдахгүй юм. А.Бийн тухайд хохирогч Б.Сийн биед хөнгөн гэмтэл учруулах үйлдлийг хүсч үйлдээгүй. Хэрэгт авагдсан баримтуудаас харахад А.Бийн үйлдэлд хор уршгийг хүсч үйлдсэн шинж байхгүй харин ч хохирогч Б.Стэй маргалдан зууралдаж, татаж /хавирч/ унагах явцдаа буюу уг үйлдлийн улмаас түүний биед гэмтлүүд үүссэн болох нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгүүдээр тогтоогддог. Дээрх байдалд дүгнэлт хийхэд миний үйлчлүүлэгч А.Б нь болгоомжгүйгээр гэмтэл учруулсан болох нь батлагдаж байх бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт мөн А.Б нь маргалдан зууралдаж, татаж /хавирч/ унагах явцад уг гэмтлүүд үүссэн болох талаар дүгнэсэн байна. Мөн шүүхээс ...хэрэгт гэрчээр асуугдсан Ч.Ариундалай, Б.Төгөлдөр нар нь “...хоорондоо маргалдаж, заамдалцаад газар унаж босоод байхад нь тэнд байсан хүүхдүүд салгасан, ...Б нь Сийг цохиж байхыг хараагүй...” гэж мэдүүлсэн нь “шүүгдэгч, хохирогч нарын хооронд маргаан үүсэж, харилцан заамдалцан, газарт унаж босоод байсан” гэх нөхцөл байдлыг гэрчлэн мэдүүлсэн ба тэдгээр гэрчүүд шүүгдэгч нь хохирогчийг цохиж зодсон гэх үйлдлийг хараагүй шууд бус гэрчүүд байна гэж дүгнэсэн байна. Уг шүүхийн дүгнэлтээс харахад миний үйлчлүүлэгч А.Б нь хохирогчийг цохиж зодоогүй болохыг давхар батлан дүгнэжээ. Түүнчлэн Д.Эрмүүн, А.Б нар нь тухайн цаг хугацаанд болсон нөхцөл байдлын талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр тодорхой мэдүүлгүүд өгсөн атал зөвхөн Б.С, М.Загдсүрэн нарын мэдүүлгүүдийг үнэлж бусад гэрчүүдиин мэдүүлгүүдэд үнэлэлт дүгнэлт өгөлгүй орхигдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэв.

Прокурор Ч.Түмэн-Өлзий тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч А.Бийн өмгөөлөгч Э.Шинэцэцэгээс аргагүй хамгаалалтын үйлдэл гаргасан гэж тайлбар хэлж байна. Хавтас хэрэгт авагдсан хохирогч Б.Сийн мэдүүлэг нь гэрч М.Загдсүрэн, Ч.Ариундалай нарын мэдүүлгээр тогтоогддог. Шүүгдэгч А.Б нь хавирч унагаж гараараа нүүрэн тус газарт нь цохисон талаар хохирогч болон гэрч нарын мэдүүлгээр нотлогддог. Шүүгдэгч А.Б аргагүй хамгаалалтын шинжтэй үйлдэл хийсэн гэдэг нь үндэслэлгүй байна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч нь Б.Сийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэргийг тогтоохдоо биед нь үзлэг хийж, Гэмтэл согог судлалын үндэсний төвд үзүүлэх эмнэлгийн баримт бичгийг үндэслэж дээрх дүгнэлтийг гаргасан. Иймд анхан шатны шүүхээс шүүгдэгч А.Бт оногдуулсан эрүүгийн хариуцлага, гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч А.Б нь 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах *** дугаар байрны гадна иргэн Б.Стэй маргалдаж, улмаар гараараа нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, цус хуралт, зүүн гарын ядам хурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун шанаа, чамархайд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Сийн “...2021 оны 7 дугаар сарын 19-ний орой Буянт-Ухаа 2 хорооллын сагсан бөмбөгийн талбай дээр би найзуудтайгаа сагс тоглож байхад хамт тоглож байсан. ...А.Б духаараа миний дух руу тулаад зогсоход цаанаас нь түүний ихэр А.Х хүрч ирээд “чи яагаад байгаа юм бэ” гээд футболкоо тайлаад орилоод байсан. Тэгтэл А.Б Хийг ирэхийн завдалгүй намайг хавирч унагаад, баруун гараараа миний нүүр лүү цохисон. Би газар унахад миний нүүр халуу оргиод явчихаар нь би босоод А.Бийг түлхсэн. Тэгэхэд дахин тэвэрч аваад дэгээдэж унагаах гэж оролдоод хашаа руу түрээд шахахаар нь би хашааны торноос гараараа зуураад авсан. Тэгтэл миний хойноос гар орж ирээд нүүр лүү 2-3 удаа цохиод авсан. Би эргээд Бийг түлхэхэд бид хоёр дээр доороо ороод холбиролдоод унасан. Яг тэр үед би доор нь орж таарсан ба Б намайг дахин 2-3 удаа цохисон. Миний хамраас цус гарсан...” /хх 6-7/,

гэрч М.Згийн “...2021 оны 7 дугаар сарын 19-ний 21 цагийн орчимд би ажлаа тараад, танил ахтайгаа хэдэн пиво хувааж уусан. Тэгээд хамт уусан ах “гэртээ орчихоод гараад ирье” гэхээр нь сагсны шийдний ойролцоох сандал дээр суугаад хүлээж байсан юм. Тэгэхэд хүүхдүүд тэнд бужигналдаад эхэлсэн. Би тэнд ноцолдож байсан хүүхдүүдийг салгах гээд очиход Б Сийг сагсны шийд тойрсон хашаанд тулгаад заамдчихсан, Сийн хамраас цус гарч байсан...” /хх 9/,

гэрч Ч.А “...2021 оны 7 дугаар сарын 19-ний 19 цагийн орчим 20 цаг өнгөрөөгөөд Буянт-Ухаа хорооллын сагсны шийдэнд тоглохоор гараад сагс тоглож байтал 21 цагийн орчимд С тоглоомын талбайд ирээд тэнд байсан хүүхдүүд ээлжээ хүлээн цаг гаруйн турш тоглосон. ...дүрмийн алдаа гэх маягийн зүйл дээр С, Б хоёр маргалдаж эхэлсэн. Тэр хоёр бие биедээ их ойрхон зогсож байтал Б Сийг хавирч унагаагаад дээр нь гараад сарвайгаад цохиод байсан. Тэр хоёрыг салгах гэж ойртоход Бийн найзууд намайг холдуулаад байсан. Тэр хоёр газраас босоод ноцолдож байтал Б Сийг сандал руу түлхчихсэн. Тэр үед С гараа эвгүй дараад уначихсан юм шиг байна лээ, ёолоод босож ирэхэд хамраас нь цус гарч байсан...” /хх 12/,

гэрч Б.Т “...Б дээр нь гараад дараа нь С дээр нь гараад бие биенээ заамдаад хараалын үг хэлээд байсан. Хүүхдүүд тэр хоёрыг салгаад байж байхад дахин тэр хоёр барьцалдаад газар унасан. ...дахиж барьцалдаж эхлээд дахиж заамдалцаж маргалдаад бйсан. Б ах Сийг дахин төмөр сандал руу түлхээд унасан бөгөд тэр хоёр дээр дээрээсээ давхралдаж унаад байж байтал шийдэнд байсан хүүхдүүдийг оршин суугч нар тараасан...” гэх мэдүүлгүүд /хх 17/,

“Б.Сийн биед хамар ясны хугарал, цус хуралт, зүүн гарын ядам хурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун шанаа, чамархайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 6555 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 21-22/,

мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч А.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүх, шүүгдэгч А.Бийг хохирогч Б.Стэй маргалдаж, улмаар гараараа нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Анхан шатны шүүх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Бийг 250 /хоёр зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн  нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тус тус тохирсон байна.

Шүүгдэгч А.Бийн өмгөөлөгч Э.Шинэцэцэгийн “...анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь,

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, хохирогч Б.С /хх 6-7/, гэрч М.Загдсүрэн /хх 9/, Ч.Ариундалай /хх 12/, Б.Төгөлдөр /хх 17/ нарт хууль сануулж авсан мэдүүлгүүд, 6555 дугаартай шинжээчийн дүгнэлт болон  2021 оны 7 дугаар сарын 19-ний өдөр шүүгдэгч А.Бийн үйлдлийн улмаас хохирогч Б.Сийн биед учирсан хамар ясны хугарал, цус хуралт, зүүн гарын ядам хурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун шанаа, чамархайд зулгаралт бүхий гэмтэл нь түүний гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэлтэй бөгөөд өөр бусдаас хохирогчид хүч хэрэглэсэн, өөр бусад хүчин зүйлийн нөлөөллөөр биед нь гэмтэл учирсан гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Мөн дээрх мэдүүлгүүд болон шинжээчийн дүгнэлтүүдийг няцаасан үгүйсгэсэн баримт хэрэгт авагдаагүй байна.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Бийн өмгөөлөгч Э.Шинэцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 2021/ШЦТ/576 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Бийн өмгөөлөгч Э.Шинэцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.АРИУНХИШИГ

 

 

                                 ШҮҮГЧ                                                               Ц.ОЧ

 

 

                                 ШҮҮГЧ                                                               Ж.ЭРДЭНЭЧИМЭГ