Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 49

 

 

 

                     

 

 

 

 

 

 

 

 

 

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

   

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн дарга: Г.Нямаа

Улсын яллагч: Д.Баянмөнх

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Лхам

Шүүгдэгч: Ш.Батжав нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Батжавт холбогдох 1722000290015 тоот хэргийг 2017 оны 9  сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Сайнцагаан суманд 1982.02.24-нд төрсөн, бага боловсролтой, уншиж чадна, бичиж чадахгүй гэх, мэргэжилгүй, ам бүл 7, эх, дүү нарын хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5-р баг Аривжихын 13-11 тоотод оршин суух, холимог хэлбэрийн дүлийрэл оношоор хөдөлмөрийн чадвар алдалт 70 хувьтай тогтоогдсон, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, /РД:НВ82022413/ Дээжээ овогт Шагдаржавын Батжав нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Ш.Батжав нь 2017 оны 8 сарын 6-ны шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Үлэмж” зоогийн газрын хажуу талд иргэн Ё.Оюунчулууныг зодож бие маходид  нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь дараах баримтаар тогтоогдож байна. Үүнд:

  • Шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн:  2017 оны 8 сарын 6-ны орой би гэрээсээ гараад баруун тийшээ хүүхдийн юм өгөх гээд явж байсан. Дэлгэрхангай плазагийн урд явж байсан чинь Ё.Оюунчулуун намайг дуудаж, чи Баатархүүгийн дүү мөн үү гэхээр нь би биш гэсэн. Тэгтэл Ё.Оюунчулуун ирээд намайг заамдаад авсан. Сандал дээр сууж байсан залуу нь ирээд Ё.Оюунчулууныг салгаад авсан. Би тэгээд баруун лагерь ороод эргээд явж байтал Үлэмж караокений тэнд Ё.Оюунчулуунтай эргээд таарсан. Түрүүнийхээс нилээд согтсон байсан. Чи Чойжоо гэдэг залуу мөн байна гээд намайг хашаа налуулсан. Та хүн андуураад байна уу гэхэд намайг пивоны шилээр цохьсон, би  зөрүүлээд нэг цохиж аваад, 2 удаа алгадсан гэх мэдүүлэг
  • Хохирогчийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2017.08.06-ны өдөр Үлэмж караоке рүү ороход Чойжоо гэдэг залуу ганцаараа дуулаад сууж байсан. Тэгээд би яваад хэсэг хугацааны дараа буцаж ирээд Үлэмж караокений гадаа замын боржуур дээр такси хайгаад зогсож байтал Чойжоо гэх залуу гарч ирсэн. Тэгээд би Баатархүүгийн дүү мөн биз дээ гэхэд “чамд ямар хамаатай байсан юм бэ” гэж хэлээд миний уруулын доод талыг яз цохисон, тэгээд би толгой руу нь нэг удаа цохиод цааш нь тэр залууг түлхэхэд Чойжоо гэдэг залуу намайг заамдаж унагаад газраас чулуу аваад  цохиод цээжин дээр дэвсчихээд зүүн тийшээ зугатаасан. Тэр залуу согтуу байсан. Би тэр явдал болохоос 3 цагийн өмнө хоёр хүнтэй 0.75 литрийн архи хувааж уусан байсан. Миний хохирлыг барагдуулбал гомдол саналгүй, би 200000 төгрөг нэхэмжилж байгаа” гэх мэдүүлэг /хх-6/
  • Гэрч В.Гантөгсийн: 2017.08.06-ны өдрийн 19 цагийн үед Дэлгэрхангай плазагийн зүүн талд сандал дээр сууж байхад зүүн талаар урагшаа Ш.Батжав явж байхад Ё.Оюунчулуун ардаас нь гүйж очоод бариад авсан. Тэгээд зууралдаад эхлэхээр нь би очиж Ё.Оюунчулууныг салгаж аваад Ш.Батжавыг явуулсан. Би тэр 2-ыг хэрэлдэж маргалдсаныг мэдэхгүй. Ё.Оюунчулуун согтууруулах ундаа хэрэглэсэн байсан гэх мэдүүлэг /хх-10-11/
  • Бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “Сайнцагаан сумын 7-р баг 12 дугаар байрны баруун талаас ертөнцийн зүгээр баруун тийш зам харагдаж байлаа. 23 цаг 24 минут 13 секундэд Үлэмж зоогийн газрын орчмоос 2 хүн зам хөндлөн хойш гарах гэж байгаад замын голд зогсож ертөнцийн зүгээр урд талд явж буй хар хувцастай мэт харагдах хүн ертөнцийн зүгээр хойд талд зогсох цагаан өнгийн хувцастай мэт харагдах хүнийг дөрвөн удаа цохих мэт хөдөлгөөн хийж түлхсээр замын хойд талын хашлаганы ойролцоо унагав. Уг унасан газарт тус 2 хүн хэсэг хугацаанд зогсож байгаад эхлээд хар хувцастай эрэгтэй ертөнцийн зүгээр зүүн тийшээ явсан. Дараа нь цагаан футболктой гартаа цагаан малгай барьсан хүн зүүн тийш явсан дүрс бичлэг бичигдсэн байлаа” гэжээ. /хх-4/
  • Шинжээчийн 2017.08.10-ны өдрийн 170200239 тоот шинжээчийн дүгнэлтэд:  Ё.Оюунчулууны биед баруун зулайд шарх, дээд уруулд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих үйлчиллээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-14/

Дээрх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад баримтыг  хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэллээ.  

Эдгээр баримтаар шүүгдэгч Ш.Батжав нь 2017 оны 8 сарын 6-ны шөнө 23 цагийн орчимд “өөрийг нь хүнтэй андуурч дуудлаа” гэх шалтгаанаар Ё.Оюунчулууныг толгойд нь чулуугаар цохиж, цээжин дээр нь дэвсэх зэргээр зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан нь нотлогдож байна.

 Шүүгдэгч Ш.Батжав нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэргээ үнэн зөвөөр мэдүүлсэн нь хохирогчийн мэдүүлэг, гэрч В.Гантөгсийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, камерийн бичлэг зэрэг баримтаар давхар батлагдаж байх тул Ш.Батжавыг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулах үндэслэлтэй байна.

Хохирогч Ё.Оюунчулуун нь мэдүүлэг өгөхдөө 200000 төгрөг нэхэмжилнэ гэж байсан боловч хохирлыг нотлох баримт гаргаж өгөөгүй ба хохиролд 70000 төгрөг хүлээн авсан, санал гомдолгүй гэсэн хүсэлтийг /хх-45/ цагдаагийн байгууллагад гаргажээ. Нэгэнт хэрэгт баримт хангалттай байхгүй тул шүүх иргэний нэхэмжлэлийг хэлэлцэх боломжгүй, хохирогчийн өөрийнх нь гаргасан хүсэлтийг үндэслэн шүүгдэгч Ш.Батжавыг бусдад төлбөргүйд тооцлоо.

Шүүгдэгч Ш.Батжав нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо санаачилгаараа нөхөн төлсөн, хохирогч Ё.Оюунчулууны согтуурсан үедээ бусдыг удаа дараа өдөөн хоргоож, түрүүлж заамдах зэргээр бие махбодид нь халдсан зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2, 1.4-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Ш.Батжав нь 2001 онд хөнгөн гэмт хэрэгт торгох ялаар шийтгэгдэж байсан нь баримтаар тогтоогдож байгаа /хх-29/ боловч тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Эрүүгийн хуулийн /1986 оны/ 54 дүгээр зүйлийн “д”-д зааснаар ялаа эдэлж дууссанаас хойш хоёр жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй байх тул ял шийтгэлгүй болсон байна. Иймд шүүх тухайн нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсонгүй.  

Шүүх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгч Ш.Батжавын эрүүл мэндийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон хэрэглэж, улсын яллагчийн санал болгосон хэмжээгээр оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Ш.Батжав нь тахир дутуугийн тэтгэврээс өөр орлогогүй байдлыг харгалзан торгох ялыг гурван сарын хугацаанд хувь тэнцүүлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

              

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.8, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

  1. Шүүгдэгч Дээжээ овогт Шагдаржавын Батжавыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн  5.3 дугаар зүйл, мөн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Ш.Батжавт 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.  
  3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-т заасныг баримтлан шүүгдэгч Ш.Батжавт шүүхээс оногдуулсан торгох ялыг 2017 оны 12 сарын 20-ныг хүртэлх хугацаанд сар бүр 150000 /нэг зуун тавин мянган/ төгрөгөөр,  3 хувааж хэсэгчлэн төлөхийг даалгасугай.
  4. Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлэхгүй бол биелэгдээгүй торгох ялыг хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  5. Шүүгдэгч Ш.Батжав нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хохирогч Ё.Оюунчулуун нь 70000 төгрөг хүлээн авсан, санал гомдолгүй гэсэн, Ш.Батжав нь бусдад төлбөргүй  болохыг дурьдсугай.
  6. Энэхүү шийтгэх тогтоол нь  уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл  шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
  7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ш.Батжавт урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                             

 

 

                           ДАРГАЛАГЧ                                    С.СЭРЖМЯДАГ