Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 123/ШШ2023/0019

 

 

                                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Зоригтбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Гомдлоор нэхэмжлэл гаргагч: Г.*******,

Хариуцагч: Төв аймгийн Лүн сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч  /хуучин нэрээр Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч/ *******,

 “Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч *******ийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 0048590 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдлоор нэхэмжлэл гаргагч Г.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.*******, хариуцагч Төв аймгийн Лүн сумын Байгаль орны хяналтын улсын байцаагч  /хуучин нэрээр Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч/ *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Төв аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.    Гомдлоор гаргасан нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Төв аймгийн Лүн сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч  /хуучин нэрээр Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч, цаашид Байгаль орчны хяналтын улсын байцаагч гэх/ *******ийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 0048590 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлын нэхэмжлэл гаргажээ.

2. Хэргийн нөхцөл байдал, шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:

2.1. Төв аймгийн Лүн сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч  ******* нь Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчаар (албан тушаал чиг үүрэг нь шилжиж, өмнөх байгууллага нь татан буугдсан) ажиллаж байхдаа Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлээд 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 0048590 дугаартай Шийтгэлийн хуудас үйлдсэн байна.

2.2. Гомдол гаргагч тал нь Төв аймгийн Лүн сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч  /хуучин нэрээр Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч/ *******ийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 0048590 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар анх 2022 оны 09 сарын 28-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан, тус шүүхээс 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 123/ШЗ2022/0440 дугаартай захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоосон, нэхэмжлэлээ ирүүлээгүй учир 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 123/ШЗ2022/0475 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг буцаан шийдвэрлэсэн, нэхэмжлэлийн бүрдүүлбэр ханган 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр тус шүүхэд дахин нэхэмжлэл гаргажээ.  

Хэргийн оролцогчийн тайлбар, түүний үндэслэл:

Гомдолоор нэхэмжлэл гаргагч Г.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би тухайн зөрчлийг хүлээн зөвшөөрч байна. Зөрчлийн тухай хуулиар 7.6 дугаар зүйлийн 4-т Монгол тарвагыг тээвэрлэсэн гэж арга хэмжээ авсан. Санкцийг зөв тодорхойлсон тохиолдолд маргахгүй байх байсан. Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4-т амьтан тээвэрлэсэн гэж байна. Би амьтны гаралтай түүхий эд тээвэрлэсэн. Ямар ч хүн улсдаа хор хохирол учруулахыг хүсэхгүй. Би тарваган тахал, голомттой газраас тээвэрлээгүй. Нэмж хэлэх зүйл байхгүй гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.******* нь 180 ширхэг тарвагны тулам, ангийн гаралтай түүхий эдийг тээвэрлэсэн гэдэгтэй огт маргадаггүй. Мэргэжлийн хяналтын байгууллагад ажиллаж байсан мэргэжилтнүүдээс тодорхой хэмжээний судалгаа авсан. Ангийн гаралтай түүхий эд мэдэгдэхгүй, анзаарагдахгүй байх магадлалтай. Амьтан гэдэг нь хөдөлдөг. Тухайн тээвэрлэж байгаа үйлдэл нь санаатай, зорилготой байдаг байдлын талаар хэлж байсан. Ангийн гаралтай түүхий эдийг тээвэрлэсэн тохиолдолд оруулахгүйгээр хууль тогтоогч хуульчилсан. Тухайн тарвага агнагдаад, хөлдөөчихсөн байсан. Эрх бүхий албан тушаалтан *******ийн хууль бусаар тарвагыг хохирол нөхөн төлбөр тооцох тухай баримт хавтаст хэргийн 59 дүгээр тал, авто машинд үзлэг хийсэн тэмдэглэл хавтаст хэргийн 71-78 дугаар тал, ЗООНОЗ өвчин судлалын Үндэсний төвийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн шинжилгээний дүгнэлтийн хуудас зэрэг нь нотлогдон тогтоогдож байна. ЗООНОЗ өвчин судлалын Үндэсний төв хүртэл тулам гээд нэрлэсэн. ******* нь хялбаршуулсан журмаар зөрчилд шийтгэл оногдуулахдаа 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 0048591 дугаартай шийтгэлийн хуудаст  тусгагдсан хууль бусаар 180 ширхэг тарвага тээвэрлэсэн гэсэн нь Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4-т зааснаар 300.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 20.900.000 төгрөгийн нөхөн төлбөр ногдуулсан асуудал нь үндэслэлгүй байна. Амьтан гэдгийг Амьтны тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай 2 дэх хэсгийн 4-т маш тодорхой хуульчилсан. 163 ширхэг тулам, 17 ширхэг нь ангын гаралтай түүхий эдэд хамаарна. Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4-т маш тодорхой заасан. Мөн бусад зүйл хэсэгт заасан зөрчлийг зөрчөөгүй. Амьтны тухай хуулийн 37.3, 37.4 дүгээр зүйлд тээвэрлэсэн гэх үг огт тусгагдаагүй. Нөхөн төлбөр тогтоосон баримтыг магадалгаа гэж үзэж байгаа. Хэрэв магадалгаа байсан тохиолдолд Улсын Ерөнхий Прокурорын 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А-94 дугаартай тушаалаар батлагдсан зөрчилд учирсан хохирол төлбөрийг журамд заасны дагуу явуулах, тухайн магадалгаа нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17, 18 дугаар зүйлд заасан магадлалыг бүрэн хангасан байна. Тухайн шаардлага хангагдаагүй. Энэ баримт нь нөхөн төлбөрийг гаргуулахтай холбоотой үндсэн баримт бичиг болж чадаагүй. Мөн эрх бүхий албан тушаалтан ******* нь тухайн хууль бусаар бэлтгэсэн хохирлыг нөхөн төлөх тухай баримт нь Зөрчил шалгах шийдвэрлэх тухай 11 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй. Тухайн шинжилгээ нь магадалгаа гаргах эсэхтэй эсэх нь тодорхойгүй, гаргасан баримтаа зөрчлийн холбогдогчид танилцуулж, тухайн баримтыг эс зөвшөөрсөн 4.11 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан шинжээч томилох, шинжилгээ хийлгэх хүсэлт гаргах эрхийг хязгаарласан, зөрчсөн зэрэг үндэслэлүүд тогтоогдож байна. Дээрх баримтаас үзэхэд эрх бүхий албан тушаалтан ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэж шийтгэл оногдуулахдаа тус хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараах нөхцөл байдлыг тогтооно. 1.1-т тухайн хүн, хуулийн этгээд зөрчил үйлдсэн талаарх нотлох баримт бүрдсэн эсэх, 1.3-т тухайн үйлдэхүй, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх, 1.5-т зааснаар нөхөн төлбөр гаргуулахаар заасан тохиолдолд хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоох гэснийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна. Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3, 37.4-т заасан үндэслэлгүйгээр нөхөн төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн гэж үзэж байна. Г.******* нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасан эрхийнхээ хүрээнд тухайн шийдвэрийг эс зөвшөөрсөн гомдлыг хуульд заасан үндэслэл журмын дагуу Захиргааны хэргийн Анхан шатны шүүхэд гаргаж, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Тус хуулийн 6.5 дугаар зүйлийг зөрчиж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, хуульд заасан даруй хугацаанд прокурорын бүртгэлд бүртгүүлнэ гэдгийг тухайн байцаагч мэдэж байсан. Гэтэл хуульд заасан үндэслэл журмын дагуу прокурорын бүртгэлд бүртгүүлээгүй нь тухайн хуулийг ноцтой зөрчсөн. Байгаль орчны Аялал жуулчлалын сайдын 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн А-193 дугаартай тушаалаар батлагдсан журам нь Хууль зүй дотоод хэргийн яаманд хүргэгдэж, хянагдах ёстой. Захиргааны хэм хэмжээг тогтоосон акт нь улсын бүртгэлд хянагдаж, зөвшөөрөгдсөн тохиолдолд нийтэд буюу гадагш чиглэсэн үндэслэл бий болдог. Гэтэл 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр батлагдсан энэ журам нь захиргааны хэм хэмжээг тогтоосон актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй байна. Г.******* нь 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн шийтгэлийн хуудсыг тус хуулийн 7.6 дугаар зүйлийн 4-т заасан шийтгэл оногдуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Иймд Байгаль орчны хяналтын улсын байцаагч *******ийн хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 0048590 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэж хүсэж байна гэв.

 

          Хариуцагч Төв аймгийн Лүн сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч  ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Цагдаагийн газраас 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр тус хэрэг шилжиж ирсэн. Тухайн үед холбогдогчоос мэдүүлэг авч, мэдүүлэгт дурдсан 3 асуултын дагуу асуулт асуух журмаар шийтгэлийн хуудаст шийтгэл оногдуулсан. Тухайн тарвагыг өөрөө авах болон хүнд өгөх зорилгоор худалдан авсан байсан. Тухайн өдрөө би өөрөө эрүүл мэндийн байгууллагын хүний хамтаар ЗООНОЗ өвчин судлалын Үндэсний төвд 180 ширхэг тарвагыг шилжүүлсэн. Байгаль орчны хяналтын улсын байцаагч зөрчлийн  шинжийг тодорхойлохгүйгээр шийтгэл оногдуулах эрх байхгүй гэж үзсэн байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 /хуучин/ эрх зүйн үндэс нь байсан. Тус хуулийн 6.37 дугаар зүйлд Байгаль орчны хяналтын улсын байцаагч нь Зөрчлийн тухай хуулийн эдгээр зүйлийг шийдвэрлэх эрхтэй гээд заасан. Үүнд тус хуулийн 7 дугаар зүйл орно. Мөн тарвага буюу уламжлалт ангын гаралтай түүхий эдийг тээвэрлэсэн зөрчилд тооцож, шийтгэлийг оногдуулах эрх байхгүй гэж ярьж байна. Зөрчлийн тухай хуулиар хориглосон хугацаанд их хэмжээний тарвагыг суудлын авто машинаар тээвэрлэж явсан зөрчил нь нотлох баримтаар тухайн Лүн сумын Цагдаагийн постод илэрсэн тул уг хэргийг шийдвэрлэсэн. Тухайн 180 ширхэг тарвагыг тээвэрлэсэн нь үнэн. Би хууль зөрчиж шийдвэр гаргаагүй. Шүүх үнэн, зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Төв аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Байгаль орчны хяналтын ахлах улсын байцаагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Амьтны тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 17-т заасан агнах, барихыг түр хориглосон ан амьтан" гэж хуулиар агнах, барихыг хориглоогүй ч тархац, нөөц, хэвийн өсөж үржих, амьдрах орчин нөхцөл нь хомсодсон, муудсан, доройтсоны улмаас энэ хуулийн 5.2, 5.3-т заасан эрх бүхий байгууллагаас агнах, барихыг нь тодорхой хугацаагаар хориглосон амьтныг” гэж заасан заалтын дагуу Төрийн захиргааны төв байгууллага тушаал гаргаж, Монгол тарвагыг Монгол Улсын хэмжээнд 3 жилийн хугацаанд агнахыг хориглоно гэх, энэ хугацаанд хууль бусаар бэлтгэсэн тарвагыг ашиглах зорилгоор худалдан авч, Улаанбаатар хот руу тээвэрлэж явсан нь Амьтны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн “Агнуурын амьтан агнах, барихтай холбогдсон зарим үйл ажиллагааг хориглох” гэсэн заалтын 11.1.9-т тарвага, зурам, тэдгээрийн түүхий мах, нойтон болон халдваргүйжүүлээгүй арьсыг хот, тосгонд оруулах; 11.1.13-т агнахыг хориглосон ан амьтны ангийн гаралтай түүхий эдийг худалдах, худалдан авах гэсэн заалтыг зөрчсөн тул шийтгэл оногдуулсан байсан. Нэг зүйл тодорхой бус байна. Цагдаагийн албанд ажиллаж байсан 3 нэр бүхий хүний хууль ёсны ашиг сонирхол нь Монгол Улсын 1.3 сая хүний эрх ашгаас дээгүүр тавигдаж байгаа зүйлийг ойлгохгүй байна. ... Өнгөрсөн жил Төв аймгийн Эрдэнэсант суманд хүний тээврийн хэрэгслээр, дайвраар 2 хонины мах ачуулсан иргэн шуудайндаа 17 ширхэг тарвага хийж авч явсан гэх зөрчлийг Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4-т зааснаар торгож, тухайн сумын байцаагч явуулсан. Гэтэл 1 жилийн хугацаанд Төв аймгийн Прокурорын газраас бид нарт үүрэг өгсөн. Хуулийг гүйцэт хэрэглэсэнгүй, тарвага тээвэрлээд явж байхад тээврийн хэрэгслийг нь хураахгүй явуулсан байна гэж байнга үүрэг даалгавар өгч, албан шаардлага өгч байгаа. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч амьд амьтан тээвэрлээд явсан тохиолдолд тээврийн хэрэгслийг хурааж, амьтны гаралтай түүхий эд тээвэрлэсэн тохиолдолд тээврийн хэрэгслийг хураахгүй гэж ойлгож байна. Тухайн 180 тарвагыг агнаагүй тохиолдолд өнөөдрийн маргаан үүсэхгүй байсан. 180 тарвага агнасан этгээдийг шалгаж, эрүүгийн хэрэг үүсгэх шаардлагатай гэсэн дүгнэлт гаргаж байна. Мөн тухайн тарвагад үзлэг хийхдээ 155 ширхэг нь эр тарвага, 25 ширхэг нь эм тарвага байна гэж хүйсийг буруу тодорхойлсноор экологийн эдийн засгийн үнэлгээ буюу нөхөн төлбөр буруу тооцогдсон байх магадлалтай байна. Иймд Цагдаагийн байгууллагад эрүүгийн хэрэг үүсгэж, шалгуулах саналтай байна гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Г.*******ийн гомдлоор гаргасан нэхэмжлэлтэй, Төв аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын /Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн албан тушаал чиг үүрэг нь Төв аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газарт шилжиж, өмнөх байгууллага нь татан буугдсан/ Төв аймгийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч *******т холбогдох гомдлын шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлээд дараах дүгнэлтийг хийн нэхэмжлэгчийн гомдлоор гаргасан нэхэмжлэлийн шаардлагаар маргаан бүхий актыг хүчингүй болгож шийдвэрлэв.

            2. Монгол улсын Засгийн газрын 2022 оны 11 сарын 23-ны өдрийн 417 дугаар тогтоолоор Мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагааг татан буулгаж шийдвэрлэсэн ба улмаар хяналтын чиг үүргийг салбар яамд болон түүний харьяа байгууллагууд руу шилжүүлсэн байна. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 03 сарын 15-ны өдрийн А/68 дугаар тушаалаар “Намхайдоржийн Батцэцэгт 01-30-02/296 дугаар Төв аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын, Төв аймгийн Лүн сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч”-ийн эрх олгогдсоныг үндэслэн Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч *******ийн эрх, чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа эрх үүргээр хариуцагчийг тодорхойлон маргааныг шийдвэрлэв.

 

            3. Хэргийн оролцогчид нь дараах үндэслэлээр маргаж байна. Үүнд:

3.1. Нэхэмжлэгч талаас Г.******* нь Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4-т амьтан тээвэрлэсэн гэж байна. Би амьтны гаралтай түүхий эд тээвэрлэсэн. Ямар ч хүн улсдаа хор хохирол учруулахыг хүсэхгүй. Би тарваган тахал, голомттой газраас тээвэрлээгүй.

- Зөрчлийн тухай хуулиар зөрчлийн шинжийг тодорхойлохдоо тарвага буюу уламжлалт амьтны гаралтай түүхий эдийг тээвэрлэсэн гэж зөрчилд тооцогдох шийтгэлийг оногдуулсан байх ба ийм эрх хариуцагчид байхгүй,

- Хуулинд амьтныг тээвэрлэсэн гэсэн байхад ангийн түүхий эдийг тээвэрлэсэн гэж шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй,

- ******* нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйл болон бусад зохицуулалтыг ноцтойгоор зөрчиж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан

- Хэм хэмжээний актын улсын бүртгэлд бүртгэгдээгүй тушаалыг үндэслэн шийтгэл ногдуулсан байх тул Байгаль орчны хяналтын улсын байцаагч *******ийн хялбаршуулсан журмаар зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 0048590 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэж,

 

3.2. Хариуцагч талаас тухайн үед Г.******* тухайд тухайн тарвагыг бид гурав мөнгөө нийлүүлж, худалдаж авсан гэх мэдүүлгийг өгч, тухайн зөрчлөө хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан тул шийтгэлийн хуудсыг бичсэн. Зөрчлийн  тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4-т ан амьтантай холбоотой зүйлд холбогдох арга хэмжээ авахыг тодорхой заасан гэж,

3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс, ...Амьтны тухай хуулиар тарвагыг агнахаар тарвага биш болдог зүйл биш. Энэ хуулиар зөвхөн амьд амьтны тухай бус тэдгээрийн гаралтай эд эрхтэн, түүхий эдийн асуудлыг бас зохицуулсан. Төрийн захиргааны төв байгууллагаас тушаал гаргаж, бид хэрэжүүлж ажилласан, хууль зөрчсөн асуудал байхгүй, гэж тус тус маргаж байна.

 

4. Нэхэмжлэгч буюу зөрчилд холбогдогч Г.******* хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2022 оны 09 сарын 09-ний өдрийн 0048590 дугаар шийтгэлийн хуудасны[1] эрх зүйн үндэслэл:

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 07 сарын 30-ны өдрийн А/193 дугаар “Тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг түр хугацаагаар хориглох тухай” тушаалаар хууль бус аргаар хориглосон хугацаанд 180 ширхэг монгол тарвага тээвэрлэсэн асуудлыг шалгаад Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 300,000 төгрөгөөр торгох, хохирол, нөхөн төлбөрт 20,900,000 төгрөгийг шийтгэлийн хуудсыг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор бэлнээр, бэлэн бусаар сайн дураар төлж биелүүлэхийг даалгаж, тодорхой хугацаанд орлого олдог үндэслэл тогтоогдсон тул оногдуулсан 20,900,000 төгрөгийн 33 хувийг 2022 оны 10 сарын 31-ний өдөр, 34 хувийг 2022 оны 12 сарын 30-ны өдөр, 33 хувийг 2023 оны 03 сарын 31-ний өдрийн дотор хэсэгчлэн сайн дураараа биелүүлэхийг даалгаж шийдвэрлэжээ.

 

            5. Нэхэмжлэгч талаас “Зөрчлийн тухай хуулиар зөрчлийн шинжийг тодорхойлохдоо тарвага буюу уламжлалт амьтны гаралтай түүхий эдийг тээвэрлэсэн гэж зөрчилд тооцогдох шийтгэлийг оногдуулсан байх ба ийм эрх хариуцагчид байхгүй” гэж тайлбарлаж байх боловч Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт “Хяналт шалгалтыг салбарын улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч хэрэгжүүлнэ”, мөн зүйлийн 10.9.12 дах заалтад “хуульд заасны дагуу Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулах” гэж хуульчилсан байх тул хариуцагч нь шийтгэлийн хуудас бичих эрх бүхий албан тушаалтан мөн байна.

       

            6. Маргааны үйл баримтаас үзвэл, хариуцагч улсын байцаагч нь нэхэмжлэгчийн зорчиж явсан тээврийн хэрэгслийн тээшинд авч явсан 180 ширхэг агнасан тарвага байсныг Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4-т “Агнуурын бүс нутгаас бусад газарт, эсхүл амьтныг агнах хориотой үед, эсхүл хориглосон хугацаанд, эсхүл хориглосон арга хэрэгслээр амьтныг барьсан, агнасан, тээвэрлэсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу маргаан бүхий акт болох шийтгэлийн хуудсаар 300 000 төгрөгөөр торгож, нөхөн төлбөрт 20 900 000 төгрөг төлүүлэх шийдвэрлэсэн  байх ба нэхэмжлэгчийн өөрийнх нь өгсөн “... бид гурав мөнгө нийлүүлэн худалдаж авсан, Улаанбаатар хот руу тээвэрлэж яваа” гэх буюу тус асуудалд хамааралтай болохоо өөрөө тайлбарлан мэдүүлсэн, зөрчлөө зөвшөөрсний үндсэн дээр түүнд  ногдуулсан байна.

Мөн тухайн асуудлыг шийдвэрлэхдээ Амьтны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9-д “тарвага, зурам, тэдгээрийн түүхий мах, нойтон болон халдваргүйжүүлээгүй арьсыг хот, тосгонд оруулах”, 11.1.13-т  “агнахыг хориглосон ан амьтны ангийн гаралтай түүхий эдийг худалдах, худалдан авах”-ыг хориглоно гэж тус зааснаар нэхэмжлэгч нь худалдан авсан гэх тарваганы түүхий мах, түүхий эдийг худалдан авсан гээд хот руу тээвэрлэсэн  үйлдэлд нь  холбогдуулж арга хэмжээ авсан гэж тайлбарлаж байгаад холбогдуулан үзвэл маргаан бүхий акт нь бүхэлдээ хуульд нийцсэн шийдвэр болж чадаагүй гэж үзэхээр байна.

Учир нь хариуцагчаас нэхэмжлэгч Г.*******ид шийтгэл оногдуулахдаа үндэслэл болгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 07 сарын 30-ны өдрийн А/193 дугаар “Тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг түр хугацаагаар хориглох тухай” тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт “Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгоно” гэж заасны дагуу гаргасан захиргааны хэм хэмжээний акт байх ба захиргааны хэм хэмжээний акт нь Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн захиргааны хэм хэмжээний актыг бүртгэсэн өдрөөс хойш 10 өдрийн дотор “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтлүүлнэ” гэж, мөн зүйлийн 67.2-т “Захиргааны хэм хэмжээний акт нь энэ хуулийн 67.1-д заасны дагуу нийтэлснээр хүчин төгөлдөр болно. Захиргааны хэм хэмжээний актад дагаж мөрдөх хугацааг өөрөөр зааж болно” гэж тус тус заасны дагуу улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн тохиолдолд  маргаан бүхий акт хуульд нийцсэн акт болох байжээ.

Тодруулбал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас авсан Монгол улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны 2023 оны 01 сарын 16-ны өдрийн 3-2/05 дугаар лавлагаагаар[2] “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 07 сарын 30-ны өдрийн А/193 дугаар тушаал нь захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй. Харин Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын  2017 оны 09 сарын 22-ны өдрийн “Тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг түр хугацаагаар хориглох тухай” А/278 дугаар тушаал нь захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэлтэй байна” гэх хариуг ирүүлсэн  баримтаар дээрх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 07 сарын 30-ны өдрийн А/193 дугаар “Тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг түр хугацаагаар хориглох тухай” тушаал нь бүртгэдээгүй болох нь тогтоогдож байх тул дээрх шаардлагыг хангаагүй тухайн захиргааны хэм хэмжээний акт эрх зүйн үйлчлэл үйлчлэхгүй, мөн биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд үүрэг, хариуцлага хүлээлгэхгүй тул маргаан бүхий актад заасан гол үндэслэл буюу  хориглосон хугацаанд тарвага, түүний түүхий мах, нойтон болон халдваргүйжүүлээгүй арьсыг хот, тосгонд оруулах, хориглосон ан амьтны ангийн гаралтай түүхий эдийг худалдан авсан, мөн  гэж, хориглосон хугацаанд, тээвэрлэсэн гэж шийтгэлийн хуудас бичсэн нь хуульд нийцсэн акт болж чадаагүй байна.

7. Харин Амьтны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “Агнуурын амьтныг дор дурдсан хугацаанд ахуйн болон тусгай зориулалтаар агнах, барихыг хориглоно”, мөн зүйлийн 9.1.3 дах заалтад “урт сүүлт зурам, тарвагыг жил бүрийн 10 дугаар сарын 16-ны өдрөөс дараа оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэл” агнахыг хориглохоор хуульчилсан байх ба зөрчилд холбогдогч болон нэхэмжлэгч Г.******* нар нь дээрх хуулиар хориглосон хугацаанд агнагдсан тарвагыг авч явсан эсэх асуудлыг анх илрүүлсэн байгуулллага албан тушаалтнаас шалган тогтоогоогүй хариуцагчид шилжүүлсэн байна.

8. Дээрх дүгнэлтээр маргаан бүхий актаар асуудлыг шийдвэрлэхдээ хуульд нийцээгүй хэм хэмжээний актыг үндэслэн гаргасан нь хууль ёсны шийдвэр болж чадаагүй нь тогтоогдсон тул, нэхэмжлэлийн шаардлагын нэхэмжлэгч  Г.******* нь  Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4-т амьтан тээвэрлэсэн гэж байна. Би амьтны гаралтай түүхий эд тээвэрлэсэн, зөрчил хянан шийдвэрлэхдээ хууль журмын дагуу хянан шийдвэрлэх ажиллагааг явуулаагүй гэх зэрэг бусад үндэслэлд холбогдуулан, улмаар зөрчил хянан шийдвэрлэсэн гэх актын үндэслэлийг дүгнэн шийдвэрлэх шаардлагагүй байна.

9. Харин маргааныг шийдвэрлэхдээ маргаан бүхий акт нь бүхэлдээ хуульд нийцсэн шийдвэр болж чадаагүй талаарх дээрх дүгнэлтийг хийсэн бөгөөд харицагч талаас актыг гаргахдаа баримталсан бусад хууль эрх зүйн үндэслэлд холбогдуулан үзэхэд, тухайн зөрчил гэж шийдвэрлэсэн үйл баримтаар нэхэмжлэгчийн зорчиж явсан тээврийн хэрэгсэлд тээвэрлэгдэж байсан агнагдсан тарвага /тулам/ гэх зүйлийг хариуцагч хураан авч, тухайн төрлийн ан, амьтны гаралтай мах, түүхий эдийг  ЗООНОЗ  өвчин судлалын үндэсний төвд шилжүүлсэн, улмаар тус өвчин судлалын үндэсний төвийн 2022 оны 09 сарын 19-ний өдрийн 1б/467 дугаар албан бичигт[3] “... хураагдсан 155 бие гүйцсэн эр, 25 бие гүйцсэн эм нийт 180 ширхэг тарвагыг ... устгалд оруулсан болно” гэж дурдсаны дагуу устгалд оруулан шийдвэрлэсэн гэх бөгөөд энэ асуудалд хариуцагчийн үйлдэл хуульд нийцсэн гэж үзэхээр байна. Тодруулбал,  Амьтны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9-д “тарвага, зурам, тэдгээрийн түүхий мах, нойтон болон халдваргүйжүүлээгүй арьсыг хот, тосгонд оруулах”, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Энэ хуулийн 25.3-т заасан тодорхойлолт аваагүй амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг худалдах, худалдан авахыг хориглоно” гэж заасан байх бөгөөд 25 дугаар зүйлийн 25.3-д нь “Ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг худалдах иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тухайн сум дахь байгаль хамгаалагч гарал үүслийн тодорхойлолт /цаашид "тодорхойлолт" гэх/ олгоно” гэж заасан байх тул хариуцагч төрийн хяналт шалгалыг хэрэгжүүлэх эрх бүхий улсын байцаагчийн хувьд нэхэмжлэгчийн “... тарвага худалдан аваад ... Улаанбаатар хот орохоор явж байгаад Төв аймгийн Лүн сумын Замын цагдаагийн постон дээр саатуулагдан шалгагдсан ...” гэх мэдүүлэг[4], мөн шүүх хуралдаанд “180 ширхэг туламд гарал үүслийн бичиг, холбогдох баримт байгаагүй” гэсэн тайлбар зэргээр үйл баримт тогтоохдох учир энэхүү хуулиар гарал үүслийн гэрчилгээгүй тарвага, тэдгээрийн түүхий мах, арьсыг Улаанбаатар хотод буюу хот, суурин газар нэвтрүүлэхийг хориглох тул тухайн үед хураан авч устгалд оруулсан нь хуульд нийсэн үйлдэл тул тус тарвага /түүний түүхий эд/-ыг буцаан олгох, түүнчлэн нэхэмжлэгч нь хариуцагчаас түүний нөхөн төлбөрийг гаргуулах, нэхэмжлэх үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагчаас гаргасан Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2022 оны 09 сарын 09-ний өдрийн 0048591 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосноор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт “Баримт бичиг, эд юмсыг хураах тухай захиргааны актыг цуцалсан, эсхүл хүчингүй болгосон тохиолдолд уг баримт бичиг, эд юмсыг буцаан өгөхийг шаардах эрхтэй”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дах хэсэгт “Захиргааны үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан нь тогтоогдвол нөхөн төлүүлэх ба хохирлын хэмжээний талаар маргаан гарч хамтатган нэхэмжлээгүй бол иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлнэ” гэж заасны дагуу зөрчилд холбогдогчийн тээвэрлэж явсан тарвага /түүний түүхий эд/-ыг буцаан олгох үр дагавар үүсэж болзошгүй ба энэ маргааны тухайд нэхэмжлэгчийн маргаж буй актад хамаарах дээрх зүйл нь хуулиараа худалдан авах, хот суурин газар оруулахыг хориглосон, улмаар зориулалтын бусаар хадгалсан нөхцөлд гоц халдварт өвчин үүсгэх эрсдэлтэй зүйл учир хариуцагчаас дээрх арга хэмжээ авсан нь хуульд нийсэн үйлдэл гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймээс Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.3 дах хэсэгт зааснаар “Энэ хуулийн 67.2-т заасан шаардлагыг зөрчсөн тохиолдолд тухайн захиргааны хэм хэмжээний акт эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй бөгөөд биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд үүрэг, хариуцлага хүлээлгэхгүй” гэж заасны дагуу шийтгэлийн хуудас оногдуулахдаа үндэслэл болгосон захиргааны хэм хэмжээний акт нь хүчин төгөлдөр бус байх тул хариуцагчаас Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2022 оны 09 сарын 09-ний өдрийн 0048591 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 113 дугаар зүйлийн 113.1 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2, 67.3, Амьтны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9, 12 дугаар зүйлийн 12.1, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Төв аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Лүн сум дахь Байгаль орчны хяналтын улсын байцаагч *******ийн оногдуулсан 2022 оны 09 сарын 09-ний өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0048590 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.*******ид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

   ДАРГАЛАГЧ,

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.ЗОРИГТБААТАР

 

 

 

 

 

 

[1] Хавтаст хэргийн 5 дах тал

[2] Хавтаст хэргийн 219 дэх тал

[3] Хавтаст хэргийн 160 дах тал

[4] Хавтаст хэргийн 64 дэх тал