Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 148/ШШ2024/00275

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 148/ШШ2024/00275

Сэлэнгэ аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярсайхан даргалж, тус шүүхийн хуралдааны А танхимд хийсэн хуралдаанаар:

  Нэхэмжлэгч: ******* ******* ХХК-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ******* холбогдох

 

13,468,941 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд:

 

Нэхэмжлэгч: Нэхэмжлэгчийг итгэмжлэлгүйгээр төлөөх эрх бүхий этгээд, захирал *******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: *******,

Хариуцагч: *******,

Хариуцагчийн өмгөөлөгч: *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч ******* холбогдуулан 13,468,941 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: овогтой нь 2019 оны 08 сарын 10-наас 2022 оны 12 сарын 31-н хүртэлх хугацаанд 22,822,410-н төгрөгний шатахуун, ******* масло, бэлэн мөнгөний зээл авсны үлдэгдэл 13,468,941 төгрөгний зээлээ одоо болтол төлөхгүй ******* ******* ХХК-г хохироож байна. Иймд *******өөс үлдэгдэл зээл болох 13,468,941 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн *******өөс би 13,468,941 төгрөг нэхэмжилсэн. Учир нь 4,077,120 төгрөг нь би энэ хүнтэй тооцоо нийлсэн акт үүсгэсэн, 6,198,000, 215,000 гэсэн 2 дүн нь болохоор тусдаа. ******* дүүтэйгээ хамт ажилладаг байсан. Гэрээ хийхийнхээ өмнөх 7 хоногт надтай дүү минь энийг төлөх ёстой гэхээр оны эцэс болчихсон 01 дүгээр сарын 01 болсон болохоор 4,077,120 төгрөгийг *******өөс, дүү Д.Батзоригтой нь уулзаад 6 ,198,000 төгрөгийг авахаар тохирч гэрээ байгуулсан. Гэтэл 2 дугаар сард дүүтэй нь уулзаж хэлэхэд ******* төлөх ёстой, ах минь төлөх ёстой юмаа төлнө, би өөрийнхөө гарын үсэгтэй зүйлээ төлнө гэсэн. Яагаад гэхээр ах нь ч зээл авсан, дүү нь ч зээл авч байсан. Хоёулаа 20 гаран сая төгрөгийн зээлтэй байсан. ******* нь өөрийнхөө өр авлагыг өөрөө төлнө гэсэн. ******* надтай 4,077,120 төгрөгийн гэрээ хийхдээ надад заль хэрэглээд дүү төлнө гэснээс болж, би олон жил хамт явсан болохоор итгэсэндээ, гэрээ хийсэн нь алдаа болсон болохоос биш 4,077,120 төгрөгт 6,198,000, 215,000 төгрөг нь ороогүй. Энэ бол 2021 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн ганц өдрийн өр авлага энэ баримтад ороогүй. Дараа нь өрөө төлөөгүй байхдаа надаас дүү нь машин авч байна 3,000,000 төгрөг зээлээч гэж өдөр шөнөгүй гуйсан учир, би хотод явж байхдаа 3,000,000 төгрөгийг эхнэрийнхээ данснаас шилжүүлж зээлүүлсэн. Энэ хүн 3,000,000 төгрөгөө хийсэн. Гэхдээ машины мөнгө гэж хийсэн болохоос биш өмнөх өр авлагаасаа хасаагүй болохоор би өмнөх өр авлага руу нь шилжүүлсэн. Өмнөх 20 хэдэн сая төгрөгийн авлагаасаа 3,000,000 төгрөгийг хасуулсан болохоор 13,468,941 төгрөг нэхэмжилж байна. Өмнөх өрөө дарж байж дараа нь машиныхаа 3,000,000 төгрөгийг төлөх ёстой гэсэн зарчимтай байна.

Сая дурдсан гэрч гэх хүн манайд түгээгчээр ажиллаж байсан. Нөхөр нь алтны үйлдвэрт ажиллаж байх хугацаандаа авсан 100 хэдэн саяас 24,000,000 төгрөгийн тооцоотой. Энэ хүн ил далдаар худал ярьдаг. Энэ би мөнгийг нь төлсөн, өгсөн гэдэг. Эд нар 2021-2023 онд хамт алт ухаж байгаа хүмүүс энэ хүнийхээ талаар тийм гэрчийн мэдүүлэг өгсөн. Энэ гэрч иргэний шүүх дээр нэг жил надтай өөр хэрэгт маргаантай байдаг. ******* шиг миний гарын үсэг биш гэж хэлээд үйл ажиллагааг сунжруулсан байдлаар хэрэг явж байна. Энэ хүН өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн, би халаагүй. Би энэ үйл ажиллагаанд явж байхдаа ажлаа хийхэд нь та манай дээр хэрэгт холбоотой болохоор болохгүй гэсэн л зүйл байдаг. *******ийн асуудлуудыг тэр хүн мэдэхгүй гэв.

 

3. Хариуцагч ******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2 тооцоо нийлээд 4,077,120 төгрөгийн үлдэгдэлтэй болсон. Би урьд өр шир төлбөрөө бэлэн өгч байсан. Ийм асуудал болно гэж тооцоолоогүй.

Нотариатын хувьд бид 2 тооцоо нийлсний үндсэн дээр гэрчлүүлсэн. Нотариатч нь манай сумын Засаг дарга. Бид 2 өрөөнд нь ороод тооцоо нийлсэн, удахгүй өгнө, болж байна гээд гар бариад гарсан. Өөр өр тооцоо байхгүй. Төлсөн гэх мөнгөнүүдийг би дандаа бэлнээр өгдөг байсан. Ийм асуудалд орно гэдэг эрсдэл тооцоогүй. Би тухайн үед данс ашигладаггүй байсан. Сүүлд ашигладаг болсон гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Д.******* холбогдуулан Тооцооны үлдэгдлийн баталгаагаар тооцоо нийлсэн бараа, материалын үнэ 4,077,120 төгрөг, 2021 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 2 зарлагын баримтаар олгосон бараа материалын үнэ 6,391,821 төгрөг, машин авахад зээлүүлсэн 3,000,000 төгрөг, нийт 13,468,941 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүхээс дараах үндэслэлээр 4,077,120 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх 9,391,821 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

1. Тооцооны үлдэгдлийн баталгаагаар тооцоо нийлсэн бараа, материалын үнэ 4,077,120 төгрөг, 2021 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 2 зарлагын баримтаар олгосон бараа материалын үнэ 6,391,821 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

Хариуцагч нь нэхэмжлэгчээс тодорхой тооны барааг зээлээр авч, төлбөрийг төлдөг байсан талаар талууд маргахгүй байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Тооцооны үлдэгдлийн баталгаагаар тооцоо нийлсэн бараа, материалын үнэ 4,077,120 төгрөгийг хариуцагч төлөхийг зөвшөөрч маргахгүй байх тул дээрх төлбөрийг Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.2-т заасны дагуу хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгчээс 2021 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 2 зарлагын баримтаар олгосон бараа материалын үнэ 6,391,821 төгрөг нь тооцооны үлдэгдлийн баталгаанд ороогүй гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгч, хариуцагч нарын байгуулсан хэрэгт авагдсан Тооцооны үлдэгдлийг баталгаа-ны баримтаас үзвэл талууд Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1-д Тооцоо нийлэх гэрээгээр талууд хоорондын ажил хэргийн харилцаанаас үүссэн шаардлагыг гэрээнд заасан хугацааны дотор харилцан тооцоо нийлэх замаар хаахаар тохиролцох бөгөөд тооцоо нийлэх хүртэл шаардлага гаргахгүй байх үүрэг хүлээнэ гэж заасан тооцоо нийлэх гэрээг байгуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Тооцоо нийлэх гэрээнд 2021 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх харилцан гаргах шаардлагыг хаахаар тохиролцсон байх бөгөөд энэхүү тохиролцоонд 2021 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 2 зарлагын баримтаар олгосон 6,391,821 төгрөгийн бараа материалын үнэ ямар үндэслэлээр ороогүй талаар нэхэмжлэгч нь хангалттай үндэслэл, нотолгоогоор нотолж чадаагүй тул хариуцагчаас 6,391,821 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна.

 

2. Машин авахад зээлүүлсэн 3,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

Энэхүү хэргийн нэхэмжлэлийг Итгэл ******* ХХК гаргасан бөгөөд тухайн зээлүүлсэн 3,000,000 төгрөгийг захирал *******ын эхнэр хариуцагч руу шилжүүлсэн байх тул дээрх мөнгийг шаардах эрх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар Итгэл ******* ХХК бус тухайн мөнгийг хариуцагчид шилжүүлсэн этгээдэд байхгүй тул хариуцагчаас дээрх 3,000,000 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна.

 

Иймд нэхэмжлэгчийн 13,468,941 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 4,077,120 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх 9,391,821 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

3. Нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225,295 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 68,197 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 466 дугаар зүйлийн 466.1, 466.2-т заасныг баримтлан хариуцагч ******* 4,077,120 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Итгэл ******* ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9,391,821 төгрөгийг шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225,295 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 68,197 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг гардан авах, хүлээн авах, давж заалдах журмаар гомдол гаргах талаар дараах эрх, үүрэгтэй болохыг дурдсугай.

  3.1. Шүүх хуралдаанд оролцсон оролцогч нар шийдвэрийг албажуулснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд ирж өөрөө шийдвэрийг гардан авах бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй.

3.2. Шүүх хуралдаанд оролцоогүй оролцогч нарт шийдвэрийг албажуулснаас хойш 14 хоногийн дотор шүүхээс гардуулна. Гардуулах боломжгүй тохиолдолд 7 хоногийн дотор баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлнэ. Ийнхүү хүргүүлснийг шийдвэрийг гардан авсанд тооцох бөгөөд хаягаа өөрчилснөө шүүхэд мэдэгдээгүйгээс шүүхээс хүргүүлсэн шийдвэрийг аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй.

3.3. Шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

3.4. Нэг талын нэхэмжлэгч (эсхүл хариуцагч), гуравдагч этгээд, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нарын хэн нь эхэлж шийдвэрийг гардан авсан огнооноос тухайн талын гомдол гаргах хугацааг тоолно.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАЯРСАЙХАН