Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2026 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 2026/ШЦТ/543

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

         Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Байгалмаа даргалж,

          шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Даулетжан,

          улсын яллагч А.Лхагваа /цахим/,

          шүүгдэгч Д.Д нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Д-д холбогдох эрүүгийн 260200** дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

    Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1967 оны ** сарын **-ны өдөр ** аймгийн ** суманд төрсөн, 59 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, архивч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, *** дүүргийн ** дугааp хороо, *** тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ц овгийн Д-ын Д /РД:**/

     Холбогдсон эрүүгийн хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/: Шүүгдэгч Д.Д нь 2025 оны 12 сарын 06-ны өдөр зохих зөвшөөрөлгүйгээр, Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, шар өнгийн хайрцаг дээр "G" гэсэн бичиглэлтэй, хайрцаг дотроо цагаан өнгийн тагаар таглаж шилэн дотор хийсэн шар өнгийн шахмал эм 4 хайрцаг, "Kids" гэсэн бичиглэлтэй эм 3 хайрцаг, үзмэн ягаан өнгийн хайрцагтай эм 5 хайрцаг, шар өнгийн хайрцагтай эм 4 хайрцаг (нунтаг), шар өнгийн нунтаг эм 26 ширхэг зэргийг Монгол Улсын хилээр импортолсон, улмаар мөн өдрөөс 2026 оны 1 дүгээр сарын 07-ны хүртэлх хугацаанд *** байрны нэгдүгээр давхрын үйлчилгээний талбайд дээрх эмийг худалдах үйл ажиллагааг зөвшөөрөлгүй явуулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

        Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Д нь 2025 оны 12 сарын 06-ны өдөр зохих зөвшөөрөлгүйгээр, Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, шар өнгийн хайрцаг дээр "G" гэсэн бичиглэлтэй, хайрцаг дотроо цагаан өнгийн тагаар таглаж шилэн дотор хийсэн шар өнгийн шахмал эм 4 хайрцаг, "Kids" гэсэн бичиглэлтэй эм 3 хайрцаг, үзмэн ягаан өнгийн хайрцагтай эм 5 хайрцаг, шар өнгийн хайрцагтай эм 4 хайрцаг (нунтаг), шар өнгийн нунтаг эм 26 ширхэг зэргийг Монгол Улсын хилээр импортолсон, улмаар мөн өдрөөс 2026 оны 1 дүгээр сарын 07-ны хүртэлх хугацаанд *** байрны нэгдүгээр давхрын үйлчилгээний талбайд дээрх эмийг худалдах үйл ажиллагааг зөвшөөрөлгүй явуулсан үйл баримт тогтоогдож байна.

      Дээрх үйл баримт нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн гэрч Д.Д-н “Манай дүү Д.Д өөрийн охин дээрээ очиж 14 хоног амрах гээд яваад ирэхдээ лангуу дээрээ тавьж зарах хэдэн хувцас болон жижиг, сажиг юм авчирсан гэж хэлсэн. Гэхдээ яг ирэх үед нь харахад хайрцагтаа юмнууд байхаар нь асуутал Японд супермаркетаас авсан юм. Их сайн гэхээр нь авчирсан гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг /хх 20 ху/, Шинжээчийн “44 болон ханз үсэгтэй" битүүмжлэлтэй, цаасан хайрцагт "1.29" гэсэн бичиглэлтэй шар өнгийн гялгар ууттай шар өнгийн нунтаг зүйл, "44 болон ханз үсэгтэй" битүүмжлэлгүй цаасан хайрцагт "1.29" гэсэн бичиглэлтэй шар өнгийн гялгар ууттай шар өнгийн нунтаг зүйл зэргээс Guaifenesin, Acetaminophen, Caffeine, Dihydrocodeine, Methylephedrine, Chlorphenamine илэрч байна. Илэрсэн Dihydrocodeine нь НҮБ-ын 1961 оны "Мансууруулах эмийн тухай" конвенцын хоёрдугаар жагсаалтад багтаж байна. Guaifenesin, Acetaminophen, Caffeine, Methylephedrine, Chlorphenamine тус бүр нь НҮБ-ын конвенцын жагсаалтад багтаагүй байна” гэсэн ЕГ0326/891 дугаартай дүгнэлт /хх 44-45 ху/, Шинжээчийн “ХТТА Г-13 а/д Ц.Гантулга 3 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн "Kids Benesse corporation" гэсэн шошготой 3 ширхэг цаасан хайрцагтай эм мэт зүйлээс Guaifenesin, Acetaminophen, Chlorphenamine илэрсэн. Илэрсэн Guaifenesin, Acetaminophen, Chlorphenamine нь НҮБ-ын конвенцын жагсаалтад багтаагүй байна” гэсэн ЕГ0326/895 дугаартай дүгнэлт /хх 52-53 ху/, Шинжээчийн “Шинжилгээнд "ХТТА. Г-13 а/д Ц.Гантулга 5 9ш" гэж хаягласан хар өнгийн гялгар уутанд ирүүлсэн №1-9 хүртэл дугаарласан "МUНІ 120 ml" гэх шошготой хуванцар савтай шаргал өнгийн 9 ширхэг шингэн зүйлээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын агууламж илрээгүй. Шинжилгээнд ирүүлсэн №1-9 хүртэл дугаарласан "МUНІ 120 ml" гэх шошготой хуванцар савтай шаргал өнгийн 9 ширхэг шингэн зүйлээс acetaminophen илэрсэн. Илэрсэн acetaminophen нь НҮБ-ын конвенцын жагсаалтад багтаагүй болно” гэсэн ЕГ0326/894 дугаартай дүгнэлт /хх 60-61 ху/, Шинжээчийн “Шинжилгээнд ирүүлсэн "ХТТА 5ш Г-13 а/д Ц.Гантулга 2" гэж хаягласан хар өнгийн гялгар уутан доторх япон хэлэн дээрх шошготой нил ягаан өнгийн хайрцагтай нийт 30 ширхэг таблеттай, 300 ширхэг шахмал эм мэт зүйлсээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын агууламж илрээгүй” гэсэн ЕГ0326/893 дугаартай дүгнэлт /хх 68-69 ху/, Шинжээчийн “Шинжилгээнд ирүүлсэн "G" болон ханз үсгэн шошготой шар өнгийн хайрцагтай шар өнгийн шахмал эм мэт зүйлийн агууламжтай 4 ширхэг шилэн савтай зүйлээс Methylephedrine, Chlorpheniramine, Dihydrocodeine илэрсэн. Guaifenesin, Acetaminophen, Caffeine, Dihydrocodeine нь НҮБ-ын 1961 оны "Мансууруулах эмийн тухай" конвенцын ІІ-р жагсаалтад багтана. Methylephedrine, Guaifenesin, Acetaminophen, Caffeine, Chlorpheniramine нь НҮБ-ын конвенцын жагсаалтад багтаагүй байна” гэсэн ЕГ0326/892 дугаартай дүгнэлт /хх 76-77 ху/, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 2026 оны 02 сарын 12-ны өдрийн “Иргэн Д.Д-н эм барих зөвшөөрөлтэй эсэх мэдээлэл тус төвийн Эрүүл мэндийн ажилтны нэгдсэн бүртгэлийн сангаас олдоогүй болно” гэсэн 171 тоот албан бичиг /хх 88 ху/, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын 2026 оны 01 сарын 23-ны өдрийн “Хавсралтаар ирүүлсэн хэрэглэх заавар (баталгаат орчуулга) дээрх эм нь Монгол улсын эмийн бүртгэлийн Лайсмед мэдээний санд бүртгэлгүй байна. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4 дэх хэсэгт "Монгол улсад импортлох ханган нийлүүлэх, худалдах эмийн сав, баглаа боодол дээрх шошго, тэмдэглэгээ нь монгол, англи, орос хэлний аль нэг хэлээр бичигдсэн байна" гэж заасан байдаг тул Япон хэлээр бичигдсэн эм нь Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй байна” гэсэн 01/121 дугаартай албан бичиг /хх 107 ху/, яллагдагч Д.Д-н сэжигтнээр өгсөн “Би 2025 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Япон улс руу охин дээрээ очих гээд явсан. Тэр үед фейсбүүк дээр Япон ханиадны эм гэсэн зар зөндөө байсан. Тэгээд хүмүүсийн бичсэн зүйлийг нь хараад сайн эм юм байна гэж бодоод ах дүү нарын хүүхдүүд авах байх гэж бодоод Япон улсын супер маркетаас 9 хайрцаг эм авсан тухайн улс нь нэг хүнд хоёр хайрцгаас илүүг өгөхгүй байсан. Тэгээд Монгол улсад ирээд төрсөн эгчдээ 21 ширхэг эмийг зүгээр өгсөн. Өөр хүнд бол зарж өгсөн зүйл байхгүй. Бусад бүтээгдэхүүнийг мөн адил авсан ирээд зарж амжаагүй байсан. Миний бие өвдөөд гэрээрээ эмчилгээ хийлгэж байгаад 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ажилдаа орсон. Би тухайн эмийн орц найрлагыг нь мэдэхгүй байна. Эмийн зааврыг нь манай охин надад орчуулж өгсөн тухайн эмийг бол ханиадны эм гэж хэлсэн. Надад ямар нэгэн эм худалдан борлуулах зөвшөөрөл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх 24 ху/, яллагдагч Д.Д-н “...Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Надад энэ гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хор уршиг байхгүй. Учир нь 2025 оны 12-р сард Японоос тухайн эмүүдийг авч ирээд дэлгүүрээ ажиллуулж чадаагүй. Би энэ эмүүдээс бусдад зараагүй байсан. Фейсбүүк дээр олон удаа гарч ирээд хүмүүс захиалчихсан байхаар нь эрэлттэй бараа гэж бодож зарах гэж байсан чинь буруу үйлдэл байжээ. Энэ бол миний буруу. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /хх 119-120 ху/, шүүгдэгч Д.Д-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Надад зөвхөн өндөр насны тэтгэврийн орлоготой байгаа. Шүүхээс хуулийн хөнгөлөлт үзүүлэх, эсхүл ялаас чөлөөлөх боломжтой болов уу. Хэрвээ ялаас чөлөөлөх боломжгүй бол торгуулийн ялыг 12 сарын хугацаанд төлөхөөр шийдвэрлэж өгнө үү” гэсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.

      Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгч Д.Д-н хууль бусаар эм, эмийн түүхий эдийг худалдах үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

        Шүүгдэгч Д.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирол төлбөргүй байдал нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Д.Д-д танилцуулсан зэрэг нь хуульд нийцсэн байна.

        Иймд шүүгдэгч Д.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.

        Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан Хар тамхитай тэмцэх албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа шар өнгийн хайрцаг дээр "G" гэсэн бичиглэлтэй, хайрцаг дотроо цагаан өнгийн тагаар таглаж шилэн дотор хийсэн шар өнгийн шахмал эм мэт зүйл 4 хайрцаг, "Kids" гэсэн бичиглэлтэй эм мэт зүйл 3 хайрцаг, үзмэн ягаан өнгийн хайрцагтай эм мэт зүйл 5 хайрцаг, "Muhi" гэсэн бичиглэлтэй хуванцар савтай шингэн зүйл 9 ширхэг, шар өнгийн хайрцагтай эм мэт зүйл 4 хайрцаг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдав.

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1. Шүүгдэгч Ц овгийн Д-ын Д-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт заасан хууль бусаар эм, эмийн түүхий эдийг худалдах үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

        2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-г 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

        3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

        4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

        5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дах хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураан авсан Хар тамхитай тэмцэх албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа шар өнгийн хайрцаг дээр "G" гэсэн бичиглэлтэй, хайрцаг дотроо цагаан өнгийн тагаар таглаж шилэн дотор хийсэн шар өнгийн шахмал эм мэт зүйл 4 хайрцаг, "Kids" гэсэн бичиглэлтэй эм мэт зүйл 3 хайрцаг, үзмэн ягаан өнгийн хайрцагтай эм мэт зүйл 5 хайрцаг, "Muhi" гэсэн бичиглэлтэй хуванцар савтай шингэн зүйл 9 ширхэг, шар өнгийн хайрцагтай эм мэт зүйл 4 хайрцаг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

        6. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

        7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэ хуулийг зөвхөн ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.БАЙГАЛМАА