Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 2022/ДШМ/118

 

 

 

 

 

 

 

2022           02             01                                          2022/ДШМ/118

                                               

Т.Бт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Ц.Оч, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ч.Батбаатар,

шүүгдэгч Т.Б,

иргэний хариуцагч С.С,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/1295 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Ш.Бын өмгөөлөгч Д.Майдригийн гаргасан давж заалдах гомдлоор Т.Бд холбогдох 2103002680313 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            А овгийн Т-ийн Б, 1986 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр УлаанБ хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автын засварчин мэргэжилтэй, “” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:/,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 1042 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар 3 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан;

Шүүгдэгч Т.Б нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр 1000 оюутны байрны хойд замд 2021 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 20 цаг 55 минутын орчим “Ниссан Скайлайне” маркын 26-86 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх хэсэгт заасан “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Ш.Быг мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тээврийн прокурорын газраас: Т.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: А овгийн Т-ийн Быг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Быг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Т.Бд оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Т.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б, иргэний хариуцагч С.С нараас 1.760.728 төгрөгийг гаргуулан хохирогч Ш.Бт олгож, хохирогч Ш.Б нь цалин хөлстэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Хохирогч Ш.Бын өмгөөлөгч Д.Майдри давж заалдах гомдолдоо: Хохирогч Ш.Бын өмгөөлөгч Д.Майдри би дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

1. Хохирогчийг мөргөсөн тээврийн хэрэгслийн өмчлөгч нь “***” ХХК юм. Тиймээс 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдаан дээр уг компанийг иргэний хариуцагчаар оролцуулах хүсэлтийг гаргасан. Учир нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан. Хохирогчийн хохирлыг барагдуулах үүрэгтэй этгээд нь тээврийн хэрэгслийн өмчлөгч байх тул “***” ХХК-ийг иргэний хариуцагчаар оролцуулаагүй нь хууль зөрчсөн.

2. Ш.Б нь өндөр насны тэтгэвэрт гарсан хүн бөгөөд хувийн барилгын компанид сарын 1.500.000 төгрөгийн цалинтай ажилладаг. Энэ нь түүний дансны хуулга, ажил олгогчтой байгуулсан гэрээгээр нотлогддог. Өндөр насны тэтгэвэрт гарсан тул ажил олгогчтойгоо тохиролцон нийгмийн даатгалд хамрагдаагүй байна. Ш.Б болон ажил олгогчийн нийгмийн даатгалын хууль тогтоомж зөрчсөн асуудлыг энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд шүүх хянах ёсгүй. Тиймээс нийгмийн даатгалд хамрагдаагүй гэх үндэслэлээр цалинг гаргуулан олгохгүй байгаа нь үндэслэлгүй. Тухайн сард ажилласан хоногоороо цалингаа бодуулж, хувь хүний орлогын албан татвар 10 хувь суутгуулж цалингаа авсан дансны хуулгаа өгсөн байхад сар бүр 1.500.000 төгрөг шилжүүлж авсан байх шаардлагыг шүүх тавьж байгаа нь хэт догматик хандлага гаргасан явдал болсон.

3. Өмгөөллийн хөлсний тухайд хохирогчийг мөргөсний улмаас гар, хөл нь гэмтсэн, осол болох үед мөргөсөн тээврийн хэрэгслээс буусан эмэгтэй “...архичин өвгөн гарцгүй газраар гарч яваад мөргүүлчихлээ...” хэмээн чангаар хашгирсан байдаг. Үүнийг сонссон Ш.Б гуай “...өөрийг нь гарцгүй газраар гарсан хэмээн хариуцлагаас мултрах гэж байна” хэмээн айхаас гадна, өөрөө хөдөлж, явах, хөөцөлдөх боломжгүйгээр гэмтэл авсан учраас арга буюу өмгөөлөгч авахаас өөр аргагүйд хүрсэн. Анхан шатны шүүх “төлбөрийн чадваргүй хохирогчоос гарсан өмгөөллийн хөлсийг гаргуулах” зохицуулалтыг энэ тохиолдолд хэрэглэсэн нь үндэслэлгүй бөгөөд Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт заасан хүрээнд шүүгдэгч хохирогчийг мөргөөгүй бол хохирогчид тусгай зөвшөөрөл бүхий өмгөөлөгч авах шаардлага үүсэхгүй байсан тул шууд шалтгаант холбоотой гэм хор юм. Тиймээс баримтаар нотлогдож буй өмгөөллийн хөлс 5.000.000 төгрөгийг хохирогчид гаргуулан олгох ёстой байсан” гэжээ.

Шүүгдэгч Т.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би анхнаасаа хохирогч өмгөөлөгч авах шаардлагагүй байсан гэж үзэж байна, би гэм буруугаа хүлээгээд эмнэлэг дуудаж, бүх зүйлд явж байсан. Давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

Иргэний хариуцагч С.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэлэх тайлбар байхгүй” гэв.  

Прокурор Ч.БатБ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхээс хавтас хэрэгт авагдсан баримтын хүрээнд шүүгдэгч болон иргэний хариуцагч нараас 1.760.728 төгрөгийг гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэсэн. Хохирогч өмгөөлөгч авах, авахгүй нь өөрийнх нь эрхийн асуудал байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирлыг төлөхөөс заасан учраас өмгөөлөгчийн зардлыг төлөх үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны дагуу гарсан гэж үзэж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Т.Б нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр 1000 оюутны байрны хойд замд 2021 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 20 цаг 55 минутын орчим “Ниссан Скайлайне” маркын 26-86 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх хэсэгт заасан “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Ш.Быг мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Ш.Бын “...Би 2021 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Алтай хотхонд байх ажлаасаа тараад гэртээ харих гээд автобусанд суугаад Оросын оршуулгын хойд талын явган хүний гарц өнгөрөөд түгжрэлд зогсож байгаад хаалгаа онгойлгох үед хүмүүстэй хамт буусан. Би автобусны араар тойроод явган хүний гарцаар урдаас хойш чиглэлд зам гарсан. Би баруунаас зүүн явах урсгалаа дагаад үргэлжилсэн шугам дээр ирэхэд гуравдугаар эгнээнд автомашин хүнд зам тавьж өгөөд зогсож байсан. Би тэр машины урдуур гараад хоёрдугаар эгнээнд иртэл 1 автомашин гарч ирээд намайг мөргөсөн. Би мөргүүлээд нэлээн хол шидэгдээд газар унасан, босох гэтэл босч чадахгүй байсан...” /хх 24-25/,

иргэний хариуцагч С.Сгийн “Ниссан Скайлайне маркийн 26-86 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийнх. 2021 оны 5 дугаар сард “Ундрах Арвижих” ББСБ-д зээлд тавьж зээлийн гэрээ хийж 3.500.000 төгрөгөөр худалдаж авсан. Ниссан Скайлайне маркийн 26-86 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг би жолооны курс төгсөөгүй жолооч биш болохоор манай нөхөр Төмөрхуягийн Б унаж жолооддог юм...”

“...Би 2021 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 20:30 цаг өнгөрөөд манай нөхөр Т.Б ирээд би ажлаасаа тараад ажлын газрын 2 хүнтэй манай нөхөр Ниссан Скайлайне маркийн 26-86 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож ирээд манай ажлын газрын Сарантуяа, Хуягаа бид гурвыг аваад гэр гэрт нь хүргэж өгөх гээд 1000 оюутны байр өнгөрөөд явж байтал гэнэт эсрэг урсгалын машины гэрлийн гялбаанд манай нөхөр Б бид 2 ортол зүүн гар талаас нэг хүн гэнэт гүйгээд гараад ирсэн. Тэгээд манай нөхөр Б тоормос гишгээд тухайн хүнийг машиныхаа зүүн урд талын хэсгээр мөргөөд нөгөө хүн газар унасан. Тэгээд бид 4 машинаасаа буугаад нөгөө хүний биеийн байдлыг асуугаад цагдаагийн байгууллага, түргэн тусламжид дуудлага өгсөн.” /хх 63, 66/,

гэрч Г.С-ийн “...оросын оршуулгын хойд зүүнээс баруун тийш чиглэлд явж байх үед би утсаараа юм оролдоод явж байсан бөгөөд гэнэт тас хийх чимээ гарахаар нь юу болов гээд урагшаа хартал хүн мөргүүлээд газарт хэвтэж байсан. Жолоочтой хамт Бхуяг, би, С бид буугаад очтол настай эрэгтэй дээшээ хараад хэвтэж байсан. Явганы гарцнаас дөнгөж өнгөрөөд зогсож байсан. Нөгөө мөргүүлсэн хүн толгойноос нь цус гарчихсан байсан. Би өөрийнхөө утсаараа түргэнд дуудлага өгсөн. Түргэн нэлээн удаж ирээд хүнийг аваад явсан. Түргэнээс өмнө мөргүүлсэн хүний эхнэр дүү 2 нь ирчихсэн байсан...” /хх 75/,

гэрч П.Бийн “...оросын оршуулгын хойд зүүнээс баруун тийш чиглэлд явж байх үед би утсаараа юм оролдоод явж байсан бөгөөд гэнэт тас няс хийх чимээ гараад машин зогссон. Би жолоочтой хамт буугаад очтол настай эрэгтэй дээшээ хараад хэвтэж байсан. Явганы гарцнаас дөнгөж өнгөрөөд байсан. Нөгөө мөргүүлсэн хүний толгойноос нь цус гарчихсан байсан. Манай эхнэр Г.Саран утсаараа дуудлага өгсөн...” /хх 78/,

гэрч Д.Нын “...Би 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хамаатны эгч Энхтуяагийн утсанд Ш.Бын утаснаас дуудлага ирж зам тээврийн осолд орсон, гэрийнхээ урд байна гэж хэлсэн. Би Энхтуяагийн хамт хувцасаа өмсөөд гараад очиход оросын оршуулгын хойд замд зүүнээс баруун тийш чиглэлд Скайлайне маркийн автомашин явганы гарц өнгөрөөд зогсож байсан бөгөөд урд талд нь буюу баруун чиглэлд нь Б ах газарт хэвтэж байсан. Очиход мөргөсөн хүн нь цагдаа түргэн дуудсан гэж хэлж байсан. Малгай нь явган хүний гарц дээр ойчсон байсан. Малгайг нь би авсан. Удалгүй түргэн ирээд Б, Энхтуяа бид 3 гэмтэл рүү явсан. Жолооч “уучлаарай, бүх зардлыг даана” гэж ярьж байсан. Б ах гарцаар гарч байсан, урдаасаа хойшоо явж байсан. Нэг залуу миний урд явж байгаад гүйгээд гарсан би араас нь явж байсан гэж хэлсэн. Гэмтэл дээр очиж зургийг нь авахуулахад гэмтсэн байна гэсэн, юу нь гэмтсэнийг мэдэхгүй байна.” /хх 81/,

гэрч Г.Эийн “...гэртээ байх үед манай нөхөр Ш.Бын утсаар надад “осолд орчихлоо” гэж хэлсэн. Би гэрээсээ гараад очиход оросын оршуулгын хойд талын явганы гарцан дээр манай хүн машинд мөргүүлээд машинаас нь урагшаа зайд зам дээр хэвтэж байсан. Би куртикаа тайлж дэрлүүлсэн. Цагдаа болон түргэнд дуудлага өгчихсөн байсан...” /хх 84/,

“Ш.Бын биед баруун атгаал, баруун шилбэний тахилзуур ясны далд хугарал, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, язарсан шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 8954 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 91-92/,

“Ш.Бын биед баруун атгаал, баруун шилбэний тахилзуур ясны далд хугарал, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, язарсан шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 768 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 96-98/,

Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх 103-110/,

“Ниссан Скайлайне маркийн 26-86 УНЯ улсын дугаартай автомашины жолооч Т.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.” гэсэн 2021 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 236 дугаар мөрдөгчийн магадлагаа /хх 111/,

Түргэн тусламжийн дуудлагын хуудас /хх 115/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 4-5, 8-11, 15-16, 19-20/, зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх 6-7/, эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /хх 70/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн Т.Быг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүх, шүүгдэгч Т.Быг “Ниссан Скайлайне” маркын 26-86 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх хэсэгт заасан “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Ш.Быг мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Анхан шатны шүүх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Бт 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тус тус тохирсон байна.

Хохирогч Ш.Бын өмгөөлөгч Д.Майдрийн гаргасан “...хохирогчийн хохирлыг барагдуулах үүрэгтэй этгээд нь тээврийн хэрэгслийн өмчлөгч байх тул “***” ХХК-ийг иргэний хариуцагчаар оролцуулаагүй нь хууль зөрчсөн. Ш.Б болон ажил олгогчийн нийгмийн даатгалын хууль тогтоомж зөрчсөн асуудлыг энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд шүүх хянах ёсгүй. Тиймээс баримтаар нотлогдож буй өмгөөллийн хөлс 5.000.000 төгрөгийг хохирогчид гаргуулан олгох ёстой байсангэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь,

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 21/39 дугаартай эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /хх 70/-гээр иргэний хариуцагч С.С нь “***” ХХК-аас 3.500.000 төгрөг зээлж, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор 2686 УНЯ улсын дугаартай автомашиныг “***” ХХК-ийн өмчлөлд шилжүүлжээ.

 Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /хх 70/-ний 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсгийн 3.2.13 дахь заалтад “Үүрэг гүйцэтгэгч фидуцийн зүйлийг ашиглаж байх хугацаанд гуравдагч этгээдэд учруулсан гэм хорыг хариуцах, нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасан байх тул иргэний хариуцагчаар С.Сг татсан нь хууль зүйн үндэслэл бүхий болжээ. 

Хохирогч Ш.Б нь “Арвин булаг констракшн” ХХК-д арматурчин, гагнуурчин, жолоочийн ажлыг хавсран гүйцэтгэж байгаа нь тус компанийн тодорхойлолт /хх 38/, хөдөлмөрийн гэрээ /хх 39/-гээр нотлогдон тогтоогдож байх боловч 1.500.000 төгрөгийн цалин авдаг талаарх баримт хэрэгт цуглараагүй байх тул энэ талаар анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн байх бөгөөд хохирогчийн гаргаж өгсөн эмчилгээний баримтын хүрээнд 920.728 төгрөг, гэм хорын хохиролд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож 2 сарын цалинд 840.000 төгрөг, нийт 1.760.728 төгрөгийг шүүгдэгч болон иргэний хариуцагч нараас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэв.

Мөн хохирогч Ш.Б нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар эрх зүйн туслалцаа авч өмгөөлүүлэх эрхээ эдэлж, өмгөөлөгчийг сайн дураар сонгон авч хууль зүйн туслалцаа авах гэрээний үндсэн дээр өмгөөлөгчтэй харилцан тохирч төлсөн 5.000.000 төгрөгийн өмгөөллийн хөлс нь гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирол биш тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцогдох, шүүгдэгчээс гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Ш.Бын өмгөөлөгч Д.Майдригийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/1295 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Ш.Бын өмгөөлөгч Д.Майдригийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.АРИУНХИШИГ

 

 

                                 ШҮҮГЧ                                                               Ц.ОЧ

 

 

                                 ШҮҮГЧ                                                               Ж.ЭРДЭНЭЧИМЭГ