Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 50

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

    

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн дарга: Г.Нямаа

Улсын яллагч: Т.Төмөртулга

Хохирогч Б.Түвшинжаргал

Хохирогчийн өмгөөлөгч Г.Лхам

Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Төмөрбаатар

Шүүгдэгч: Л.Ганцогт нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Ганцогтод холбогдох 201712000089 тоот хэргийг 2017 оны 8 сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Сайнцагаан суманд 1970.05.18-нд төрсөн, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, охины хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын 3-р баг Зүүн дал гэх газар нутаглах, урьд ял шийтгэлгүй, /РД:ЗК70051812/ Дархан овогт Лувсанжавын Ганцогт нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих буюу Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Л.Ганцогт нь 2017 оны 5 сарын 6-ны шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын 3 дугаар баг Далтын цохио гэх газар 27-47 ДУА улсын дугаартай УАЗ маркийн тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөнд оролцож автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас иргэн Б.Түвшинжаргалыг мөргөж бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл учруулсан болох нь дараах баримтаар тогтоогдож байна. Үүнд:

- Яллагдагч Л.Ганцогт мөрдөн байцаатанд өгсөн мэдүүлэгтээ: …өөрийнхөө 27-47 ДУА улсын дугаартай Уаз маркийн машинаа унаад Далтын цохио гэх газрын Баруун далтад нутаглах Банзрагчийнд очсон. Тэднийд ороод Болд гэх нутгийн залуутай тоглож байтал Б.Алтантулга хажуунаас орж ирээд би Б.Алтантулгатай маргалдаж барилцаж авсан. Тэгэхэд гэрт байсан хүмүүс биднийг салгаж Б.Алтантулгыг гэрээс аваад гарсан. Гэрт байж байтал манай эгч Л.Ганчимэг загнаад 2-3 удаа алгадаад авахаар нь уурлаж гэрээс гарч харих санаатай машиндаа сууж баруун тийш хөдлөөд гэрлүүгээ зүүн тийш Б.Алтантулгын унаж явсан машин харагдахаар нь айлгах санаатай 2-3 удаа машинд нь тулж зогсоод л ухарч байгаад гэрийн урдуур давхиад эргэж гэрийн зүг хөдлөхөд замд 2 мотоцикль байсан юм түүнийг мөргөөд зогссон. Тэгээд ухарч дараад мотоциклийн хажуугаар гараад эргэж дайрсан мотоциклио харах гээд баруун зүг рүү эргэхэд миний машины урд цонхийг чулуугаар цохиж хагалсан, дахиад баруун урд талын урд цонхийг хагалсан. Тэгэхээр нь яваан дундаа хагалуулсан цонх руугаа харчихаад эргээд хартал урд доогуур хүн ороод дайруулчих шиг болсон. Тэгэхээр нь би айсандаа цааш давхиж ээж Хөсрий дээрээ очиж хүн дайрчих шиг боллоо гэж хэлээд нэг үнсүүлээд гарч Б.Банзрагчийнд буцаж очиход тэд эмнэлэг цагдаад мэдэгдсэн байсан гэх мэдүүлэг

- Хохирогчийн шүүх хуралдаанд өгсөн:  Би тэр өдөр айлд очоод пиво уусан. Л.Ганцогт согтуу  машинаар дайрна гэхээр нь зогсоох гэж байтал ирээд намайг мөргөсөн. Би шүүгдэгчийг зогсоох санаатай байсан юм. Гэтэл намайг мөргөсөн. Жолоочийн талын урд хэсгээр мөргөсөн. Би машины урд гараад унасан. Шүүгдэгч  согтуу, би жаахан халамцуу байсан. Гэрээс гараад машинд суухаар нь зогсоох гээд цуг гүйгээд түлхүүрийг нь авах гэсэн ч чадалгүй унаад мөргүүлсэн. Намайг мөргөөд, би унасан. Одоо бие гайгүй, хэвийн болж байгаа. Гомдолгүй гэх мэдүүлэг

- Хохирогч Б.Түвшинжаргал мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: …тэдний ууж байсан пивоноос нэг стаканыг уучихаад унтахаар баруун орон дээр нь хэвтсэн. Нэг хартал Л.Ганчимэг эгч Л.Ганцогт гуайг тавтиртай уухгүй дандаа дарвалзаж байх юм гээд алгадаж байсан. Тэгтэл Л.Ганцогт гуай уурлаад гэрээс гарсан. Тэрнээс хойш юу болсныг санахгүй байна нэг мэдэхэд би Л.Ганцогт гуайн машины жолоочийн талын хаалганаас барьчихсан гүйж байсан. Тэгэхэд Л.Ганцогт гуай машиныхаа рүлийг дарсан, хаашаа дарсныг нь санахгүй байна. Дарахад нь би шидэгдэж унасан тэгээд яг босох гээд дөрвөн хөл дээрээ өндийж байхад Л.Ганцогт гуайн машины гэрэл над дээр тусаад тэгээд л машиных нь урд хэсэгт нь мөргүүлсэн. Тэрнээс хойш юу ч санахгүй байгаа. Нэг сэрэхэд Дундговь аймгийн нэгдсэн эмнэлэгт сэрсэн. Миний зүүн талын 10 хавирга, 12 хугаралттай, уушиг бага зэрэг өөрчлөлтэй гэсэн. Одоо цээж хэсгээр хөндүүртэй, хэвтээд босож чадахгүй байгаа, удаан суухаар нуруу өвддөг болсон. Би мотоциклиос унаад гэмтэл аваагүй, мөргүүлснээс болж гэмтэл авсан. Л.Ганцогт одоог хүртэлх эмчилгээний зардал төлсөн. Цаашид гарах зардлаа төлүүлнэ ”гэжээ. /хх-36/;

  • Гэрч Л.Ганчимэгийн : Л.Ганцогт машинаа асаагаад хөдөлж байгаа нь сонсогдсон. Гэрт байж байгаад гараад очиход гадаа байсан 2 мотоцикль уначихсан байсан. Л.Ганцогт баруун талаас зүүн тийшээ явж байгаад зогсохоор жолоочийн талын жижиг цонх нь онгорхой байхаар нь зогсоох санаатай рүлээс нь барихад Л.Ганцогт машинтайгаа хөдлөхөд нь би унасан. Тэгээд намайг босоод ирэхэд хүмүүс хүн дайрчихлаа гээд хашгираад байсан. Л.Ганцогт машинтайгаа баруун урагшаа явж байгаа харагдсан, тэгэхээр нь би гэр лүү орж эмнэлэг, цагдаад мэдэгдсэн. Мөргүүлсэн хүн дээр очиход Б.Түвшинжаргал байсан. Эмч нар хөдөлгөж болохгүй шүү гэж хэлсэн бид мөргүүлсэн газар нь хөнжөлөөр хучаад байлгаж байсан юм. Төд удалгүй эмнэлэг, цагдаагийн хүмүүс ирсэн гэх мэдүүлэг  /хх-37/
  • Гэрч Б.Банзрагчийн: Л.Ганцогт гарч яваад машинаа асаахаар гадаа гарсан. Тэгсэн Л.Ганцогт машинтайгаа Б.Алтантулгын унаж явсан машин луу тулгаж 2, 3 удаа зогсохоор нь боль гэж хэлсэн боловч зогсоогүй. Б.Алтантулгын машины урд талд зэрэгцүүлж тавьсан 2 мотоциклийн нэгийг нь мөргөсөн чинь хамт хоёулаа унасан. Тэгээд Л.Ганцогт машинаа зогсоохгүй болохоор нь Л.Ганчимэг, Б.Түвшинжаргал хоёр баруун талын тольноос нь зүүгдсэн. Тольноос зүүгдэхээс өмнө Л.Ганцогтыг зогсоох гээд хаалгыг нь нээх гэсэн боловч хаалга нь нээгдэхгүй болохоор Б.Алтантулга Л.Ганцогтын машины урд талын шил болон баруун талын шилийг чулуугаар цохиж хагалсан. Б.Түвшинжаргал Л.Ганчимэг хоёр Л.Ганцогтын машинаас зүүгдээд гэрийн урд талаас жаахан явж байгаад Л.Ганчимэг унасан. Гэрээс баруун явж байгаад Б.Түвшинжаргал унаад пүг гээд дуу гарсан. Л.Ганцогт зогсолгүй баруун урагшаа яваад өгсөн. Тэгээд 20-30 минутын дараа Л.Ганцогт эргээд ирсэн” гэжээ. /хх-38/
  • Гэрч Д.Амарзаяагийн: Араас нь Л.Ганцогт гарч ирээд машинаа асаагаад Б.Алтантулгын машиныг мөргөх гээд зэрэгцүүлж тавьсан байсан. Баруун талын мотоциклийг мөргөж унагаасан чинь зүүн талын мотоцикль хамт унасан. Тэр үеэр машиныг нь зогсоох гээд Б.Алтантулга хаалгыг нээх гээд түгжээтэй байхаар нь чулуу шийдэж цонхийг нь хагалсан. Тэгээд Л.Ганчимэг эгч жолоочийн хаалганы хажуунаас бас Б.Түвшинжаргал нар зүүгдэж явсан.  Л.Ганчимэг эгч шидэгдээд ойчсон гэрээс баруун урагш явж байгаад Б.Түвшинжаргал ойчсон. Л.Ганцогт гуай явж байгаад манай хорооны урд тэжээлийн онгоцны цаагуур хойш дарж эргэхэд гэр лүү машины гэрэл туссан тэгээд бүтэн эргээд урагш явахад нь гэрлийн үзүүрт Б.Түвшинжаргал босож байгаа харагдсан. Тэгтэл тэр чигээрээ яваад Б.Түвшинжаргалыг дайрсан, дайрахад их чанга дуу гарсан. Тэгээд Б.Түвшинжаргал дээр очиход дуугарахгүй, хөдөлж чадахгүй хэвтэж байсан. Тэгээд л түргэн тусламж дуудсан гэх мэдүүлэг /хх-39/
  • Гэрч Э.Цэрэнпагмын:.... ... гэрээс гарч харахад Л.Ганцогтын машины жолоочийн талын хаалганаас Б.Түвшинжаргал зүүгдчихсэн явж байгаа харагдсан би эргээд гэр лүү орсон тэгтэл хүн дайрчихлаа гэх яриа сонсогдсон. Тэгээд гартал  гэрээс баруун урд Б.Түвшинжаргал машинд дайруулчихсан хөдөлж чадахгүй хэвтэж байсан ” гэх мэдүүлэг  /хх-41/
  • Гэрч Б.Алтантулгын: ... Л.Ганцогт машинаа асаагаад хөдлөх шиг болсон тэгэхээр нь хартал миний унаж явсан “Аксент” маркийн машиныг мөргөчих шахаад хажуугаар нь гарахад би зогсоох гээд жолоочийн талын хаалганаас нь зүүгдээд жижиг гурвалжин цонхоор нь гараа оруулж түлхүүр нь авах гэтэл миний гарыг аваад шидчихсэн. Тэгээд би цонхийг нь хагалж машиныг зогсооё гэж санаад чулуу аваад эргэтэл гэрийн урд байсан мотоциклийг мөргөчихсөн зогсож байхаар нь жолоочийн эсрэг талын хаалгыг татахад нээгдэхгүй байсан. Би барьж байсан чулуугаараа урд том цонхийг нь хагалсан. Жижиг цонхийг нь хэзээ яаж байгаад хагалснаа санахгүй байна. Цонхыг нь хагалахад Л.Ганцогт зогсоогүй. Тэгэхээр нь би дахиад мод хайгаад явж байтал хүн дайрчихлаа гэж хашгирахаар нь хаана вэ гээд гүйгээд очтол гэрийн баруун урд нилээн зайтай газар Б.Түвшинжаргал хэвтэж байсан. Л.Ганцогт чигээрээ баруун урд овоон  дээгүүр давж байгаа харагдсан гэх мэдүүлэг  /хх-42/
  • Гэрч Н.Нэргүйбаатарын: Л.Ганцогт гэрээс ухасхийн гарч машинаа асаагаад хэсэг зуур нормалдаж зогсож байснаа Б.Алтантулгын унаж явсан машинд тулгаж зогсоод ухраад байсан. Тэгэхэд нь дайрах нь гээд машиных нь хаалгыг Б.Банзрагч, Б.Алтантулга нар нээх гэхэд нээгдэхгүй байсан. Л.Ганцогт машинтайгаа ухраад баруун талаар тойрч ирснээ миний мотоциклийг Б.Банзрагчийн мотоциклийг мөргөөд унагчихсанаа зогссон. Манай эхнэр Л.Ганчимэг жолоочийн хаалганы урд жижиг цонхоор гараа оруулж түлхүүрийг нь авах гэхэд Л.Ганцогт хөдөлж манай эхнэр унасан. Хөдлөх үед Б.Алтантулга Л.Ганцогтын машин руу чулуу шидэж цонхийг нь хагалсан. Эхнэр дээрээ ирээд гайгүй юу гээд очих үед Л.Ганцогт баруун урагш давхисан. Тэгтэл Б.Банзрагч цаана нь хүн байна гэхэд түр гэж дуугарсан. Л.Ганцогт хурдаа хассан чигээрээ цааш давхисан. Б.Түвшинжаргал дээр очиход амьсгалж чадахгүй хэвтэж байсан гэх мэдүүлэг  /хх-43/
  • Гэрч Н.Нямсүрэнгийн /Л.Ганцогтын эхнэр/:  2017.05.06-ны өдрийн орой хүмүүс явсны дараа Л.Ганцогт ганцаараа юм яриад, дуулаад суугаад байгаа байсан. Нэг сэрэхэд машин хөдөлж байгаа сонсогдсон. Тэгээд гэртээ унтаж байтал Д.Амарзаяа манайд ирж Л.Ганцогт хүн дайрчих шиг боллоо гэж хэлсэн. Б.Банзрагчийн очиход Б.Түвшинжаргал гэрийн баруун урд хэсэгт хүнээр толгойгоо түшүүлчихсэн хэвтэж байсан. Л.Ганцогт хажууд нь зогсож байсан. Манай нөхөр жолооны үнэмлэх байхгүй, жолооны курст сууж байгаагүй. Машины хаалгууд гаднаасаа онгойдоггүй, бүгд дотроос онгойдог. Их ажилсаг, хүнд тустай, элдэв муу зангүй, архи уухаараа л мэдрэлгүй болчихдог юм. Амархан ч согттодог. Би ханилаад 29 жил болж байна, одоо 4 хүүхэдтэй хамт амьдрах хугацаандаа хэрэлдэж маргалдаж үзээгүй архи уусан үед нь хааяа загнадаг юм” гэх мэдүүлэг /хх-44/
  • Шинжээчийн 2017.05.10-ны өдрийн 6206 дугаартай дүгнэлтэд: Б.Түвшинжаргалын биед цээжний зүүн 2-11-р хавирганы нэг ба хоёрлосон хугаралууд, цээжний хөндийн хий шингэн хуралдалт, зүүн уушигны авчийлт, цээжний зөөлөн эдийн няцрал, арьсан доорхи хий хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн  үйлчлэлээр үүсэх, тухайн үед үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна гэжээ. /хх- 53/
  • Шинжээчийн 2017.05.11-ний өдрийн 4789 тоот  дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн “Л.Ганцогт” гэсэн хаягт цусанд спиртийн агууламж илрэхгүй байна” гэжээ. /хх-55/
  • Шинжээчийн 2017.05.23-ны өдрийн дүгнэлтэд “Уг осол болоход Монгол улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмийн 9.2-д заасан ”жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалт зөрчсөн. Уг осол Л.Ганцогтын гаргасан зөрчлөөс болж гарсан байна гэжээ /хх-57-58/ 
  • Шинжээчийн 2017.06.30-ны өдрийн техникийн дүгнэлтэд: 1. 27-47 ДУА улсын дугаартай Уаз -31512 маркийн тээврийн хэрэгсэл нь 2010 оноос хойш үзлэг оношилгоонд огт хамрагдаагүй байна. Тухайн тээврийн хэрэгслийн баруун гар талын урд салхины шил хагарсан, баруун гар талын хаалганы шил хагарч  бутарсан гэмтэлүүд илэрсэн бөгөөд дээрхи эвдрэл нь осол болохоос өмнө гадны нөлөөллөөс болж хагарсан байх талтай. Тухайн гэмтэл нь осол болоход нөлөөлөөгүй болно. Тухайн тээврийн хэрэгслийн тормоз хэвийн ажиллагаатай байсан ба урд их гэрэл ажилладаг, дохионы гэрлүүд ажиллагаагүй байдалтай байсан гэжээ.  /хх-60/

              Дээрх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад баримтыг  хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэллээ.

              Шүүгдэгч Л.Ганцогт нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусадтай маргалдаж,  улмаар автомашин жолоодож, иргэн Б.Алтантулгын унаж явсан автомашиныг 2-3 удаа мөргөхөөр завдан заналхийлсэн ба уг үйлдлийг таслан зогсоох гэсэн иргэн Б.Алтантулга, Л.Ганчимэг, хохирогч Б.Түвшинжаргалын шаардлага, үйлдлийг эс хайхарч хөдөлгөөнөө үргэлжлүүлсний улмаас хохирогч Б.Түвшинжаргалыг мөргөж, бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл учруулсан болох нь гэрч Б.Банзрагч, Л.Ганчимэг, Б.Алтантулга, хохирогч Б.Түвшинжаргал нарын мэдүүлгээр /хх-36, 37, 38, 42/, шинжээчийн дүгнэлтээр /хх-53/  тус тус тогтоогдож байна.

              Шүүгдэгч Л.Ганцогт нь айлд бусдыг хэл амаар өдөж, хэрүүл маргаан үүсгэн танхайрсан, иргэн Б.Алтантулгын автомашиныг мөргөхөөр заналхийлсэн болох нь өөрийнх нь яллагдагчаар өгсөн мэдүүлгээр тогтоогдож байгаа боловч уг үйлдлийн улмаас бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учраагүй байна.

              Мөн Л.Ганцогт нь гэрээс гарч автомашин жолоодохдоо хохирогч Б.Түвшинжаргал руу чиглэж, түүнийг гэмтээх санаа зорилготой байсан эсэх нь баримтаар хангалттай тогтоогдохгүй, эргэлзээтэй байна.

              Иймд Эрүүгийн хуулийг тайлбарлаж, хэрэглэхэд эргэлзээ төрвөл шүүгдэгчид ашигтайгаар хэрэглэх зарчмын дагуу яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн асуудлын хүрээнд буюу тээврийн хэрэгслээр иргэн Б.Түвшинжаргалыг мөргөж, бие махбодид нь хүнд гэмтэл учруулсан гэх Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар ял сонсгож, ирүүлсэн хэргийг хянан шийдвэрлэлээ.

Жолооч хүн хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцлийг хангах,  замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, тээврийн хэрэгслээ бүрэн бүтэн байлгах, хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авах үүрэгтэй. Энэхүү үүргээ мэдсээр байж, үүргээ зөрчсөний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой боловч мэдэлгүй үйлдсэн бол хайхрамжгүй хандсан гэж үзнэ.

          Эдгээр нөхцөл байдал, баримтыг харгалзан шүүх жолооч Л.Ганцогтыг Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-ын ”Замын хөдөлгөөнд оролцогч нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг биелүүлэх үүрэгтэй” гэсэн заалт, Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1-ийн “а”-д тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхийг жолооч биедээ авч явна” гэсэн Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.2-т “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтаар хүлээсэн үүргээ зөрчиж, автомашинаар мөргөж унагасан зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч Б.Түвшинжаргалын бие махбодид хүнд гэмтэл учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

               Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1-д “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох гэм буруутай хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заажээ.

               Шүүгдэгч Л.Ганцогт нь 2017 оны 7 сарын 1-нээс өмнө буюу 5 сарын 6-наас 7-нд шилжих шөнө гэмт хэрэг үйлдсэн ба түүнийг Эрүүгийн хуулийн /2002 оны/ 215 дугаар зүйлийн 215.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаад прокурорын 2017.07.06-ны өдрийн 201712000089 тоот тогтоолоор Эрүүгийн хуулийн /2015 оны/ 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан /хх-75/ нь буруу байна. Учир нь : прокурор энэхүү тогтоолдоо хууль буцаан хэрэглэж байгаа үндэслэлээ тодорхойлоогүй, мөн хоёр эрүүгийн хуулийн холбогдох заалтыг харьцуулан шалгахад шинэ Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй” гэх хүндрүүлэх нөхцөл байдал шинээр нэмэгдэж, шүүгдэгчийн эрх зүйн байдал дордохоор байна.

               Иймд Эрүүгийн хуулийн /2015 оны/ 1.9 дүгээр зүйлийн 2-т заасан “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” зарчмыг үндэслэн прокуророос ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэлийг гэмт хэрэг үйлдсэн үеийн эрүүгийн хуульд нийцүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн /2002 оны/ 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар ял оногдуулж шийтгэх нь зүйтэй гэж үзэв.

                 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд..-д хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан ариилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “бусдын эрүүл мэнгдэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан тул хохирогч Б.Түвшинжаргал нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахыг шаардах эрхтэй, шүүгдэгч Л.Ганцогт нь уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байна.

Хохирогч Б.Түвшинжаргалын бие махбодид хүнд гэмтэл учирсан, уг гэмтлийг эмчлүүлэхийн тулд хэн нэгнээс төлбөр зардал гарч, эд хөрөнгийн хохирол учирсан нь тодорхой боловч Б.Түвшинжаргал нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, иргэний нэхэмжлэл гаргаагүй тул өнөөдрийн шүүх хуралдаанаар тухайн асуудлыг шүүх шийдвэрлэх боломжгүй байна. Иймд хохирогч Б.Түвшинжаргал нь эмчилгээтэй холбогдон гарсан зардал болон бусад төлбөрийг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэйг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт заахаар шийдвэрлэв.

Бусдын эрүүл мэндийг нөхөн сэргээхтэй холбогдон гарсан зардал, иргэний нэхэмжлэл нь энэ хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй тул дээрх шийдвэрийг гаргалаа.

Шүүгдэгч Л.Ганцогт нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн нь /хх-93, хохирогчийн хүсэлт/ Эрүүгийн хуулийн 55 дүгээр зүйлийн 55.1.1, 55.1.3-т зааснаар ял хөнгөрүүлөх нөхцөл байдал болно. Гэмт хэрэг үйлдэх үед шүүгдэгч Л.Ганцогт нь согтуурсан байсан нь өөрийнх нь болон гэрч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байгаа боловч архи хэрэглэсэн согтуурлыг драгер багажаар 2017.05.07-ны 13 цаг 20 минутад шалгахад “0” хувьтай гарсан /хх-24/ байх тул ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсонгүй.

               Эдгээр нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2-т заасан үндсэн ялаас хорих ялыг сонгон хэрэглэж, хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, засарч хүмүүжих боломж олгохоор шийдвэрлэв.

               Шүүгдэгч Л.Ганцогтын эзэмшлийн 5 тооны хонь, 5 тооны ямаа битүүмжилсэн арга хэмжээг цаашинд үргэлжүүлэх шаардлагагүй тул энэ талаар гарсан мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.8, 36.13, 38.1,

38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

  1. Эрүүгийн хуулийн /2015 оны/ 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2-т заасныг баримтлан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Л.Ганцогтод Эрүүгийн хуулийн /2015 оны/ 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн /2002 оны/ 215 дугаар зүйлийн 215.2 болгон өөрчилсүгэй.
  2. Шүүгдэгч Дархан овогт Лувсанжавын Ганцогтыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн /2002 оны/ Тусгай ангийн 215 дугаар зүйлийн  215.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хасч, 1 /нэг/  жилийн хугацаагаар  хорих ял оногдуулж шийтгэсүгэй. 
  3. Эрүүгийн хуулийн /2002 оны/ 52 дугаар зүйлийн 52.5, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2017 оны/ 198 дугаар зүйлийн 198.2-т зааснаар шүүгдэгч Л.Ганцогтод оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангийн энгийн зэрэглэлд эдлүүлсүгэй.   
  4. Шүүгдэгч Л.Ганцогт нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хохирогч 2600000 төгрөг хүлээн авсан гэсэн болохыг тус тус дурьдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан хохирогч Б.Түвшинжаргал нь цаашид эмчилгээтэй холбогдон гарсан болон  эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгуулах нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар Л.Ганцогтоос нэхэмжлэх эрхтэйг заасугай.
  6. Эрүүгийн хуулийн /2002 оны/ 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар энэхүү шийтгэх тогтоолоор Л.Ганцогтод оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж, хяналт тавихыг Дундговь аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.   
  7. Эрүүгийн хуулийн /2002 оны/ 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар энэхүү тогтоолыг хүчин төгөлдөр болсон өдрөөс Л.Ганцогтод оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялын хугацааг эхлэн тоолсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан Л.Ганцогтын эзэмшлийн 5 тооны хонь, 5 тооны ямаа битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017.06.30-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгосугай.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.10 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан хохирогч, шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс гаргасан нийт 13 хуудас баримтыг Л.Ганцогтод холбогдох 201712000089 тоот хэрэгт хавсаргасугай.     
  10. Энэхүү шийтгэх тогтоол нь  уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл  шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, өмгөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
  11. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Ганцогтод урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                              

 

 

                 ДАРГАЛАГЧ                                    С.СЭРЖМЯДАГ