Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 2026/ШЦТ/201

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  2        15                                                                              2019/

 Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн,

Улсын яллагч Б.Үүрийнтуяа,

Шүүгдэгч Ш.М*******ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ш******н М*******д холбогдох эрүүгийн 2638001840183 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авсныг хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, У******н овогт Ш******н М******ц, 

 Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч Ш.М*******ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүгдэгч Ш.М*******ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2026 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 3 дугаар багийн “***” гэх газарт  Д.Э******й үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар бие эрх чөлөөнд нь халдан, зодож биед нь цээжний баруун талд 10, 11-р хавирга, цээжний зүүн талд 8, 9-р хавирганы хугарал, хүзүүнд цус хуралт, хамрын нуруу, зүүн хацар, баруун гуянд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан, “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 тал/,  хохирогч Д.Э**********ы Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт хандаж гаргасан өргөдөл  /хх-ийн 4 тал/, хохирогч  Д.Э********ы мэдүүлэг /хх-ийн 10-11 тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 128 дугаартай дүгнэлт /хх-ийн 14-15 тал/, гэрч Н.Д*******н өгсөн мэдүүлэг /хх-ийн 20-21 тал/, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн нэхэмжлэл гаргасан хүсэлт /хх-ийн 53-54 тал/ зэрэг бичгийн нотлох баримаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Ш.М*******ц нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй болно.

Энэ хэргийн улмаас Д.Э**********ы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 128 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон ба мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Д.Э**********н нь: “... надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 тал/-д хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Ш.М*******цыг хохирогч  Д.Э**********д төлөх төлбөргүй гэж  үзлээ.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилсан ба энэ хэрэгт Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийг төлөөлж иргэний нэхэмжлэгчээр   Ж.Т*******г тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний нэхэмжлэгч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 458,415 төгрөгийг шүүгдэгч Ш.М*******с нэхэмжилсэн байх бөгөөд шүүгдэгч Ш.М*******ц нь Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 458,415 төгрөгийг 2026 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Эрүүл мэндийн даатгалын сангийн ******дугаартай дансанд  шилжүүлсэн Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт хэрэгт авагдсан байна.  Иймд шүүгдэгч Ш.М*******г бусдад  төлөх төлбөргүй гэж  үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч Ш.М*******ц нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Ш.М*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг тус бүр 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж байна.

Энэ хэрэгт шүүгдэгч Ш.М*******ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг  тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4  дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1.  Шүүгдэгч У******н овогт Ш******н М******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Ш******н М******г  500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.М*******д оногдуулсан 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 (ер)  хоногийн дотор төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.М*******ц нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

  5. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

  6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.М*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ДӨЛГӨӨН