Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 2022/ДШМ/119

 

 

 

 

 

 

 

2022           02             01                                          2022/ДШМ/119

                                               

Д.Хт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Ц.Оч, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Энхням,

шүүгдэгч Д.Х,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/1166 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Хын  гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2108014131081 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Ц овгийн Д-н Х, 1999 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Архангай аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, хадам эх, ах, дүү, эхнэр, хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ... дугаар баг, ... гэх газарт оршин суух бүртгэлтэй боловч Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух, /РД:/,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/126 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 211 дугаартай захирамжаар 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасны дагуу эдлээгүй үлдсэн 3 сар 21 хоногийн хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон;

 

Шүүгдэгч Д.Х нь 2021 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 19 дүгээр байрны аркны орчим Б.Болорчимэгийн эзэмшлийн 999.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг А52 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан,

2021 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 9 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянсан хүнсний дэлгүүрийн орчим Д.Ганчимэгийн эзэмшлийн 908.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг А32 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Д.Хын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Цэрэн овгийн Дондогбазарын Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Д.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 211 дугаартай хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Д.Хын эдлээгүй үлдсэн 102 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, 102 хоногийн хорих ялаар сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар Д.Хт энэ тогтоолоор оногдуулсан 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял дээр, өмнөх 2021/ШЦТ/126 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 102 хоногийн хорих ялыг нэгтгэн, биечлэн эдлэх хорих ялыг 1 жил 8 сар 12 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Д.Хт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Д.Хын цагдан хоригдсон 124 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож,  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Хт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Х давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие эхнэр, хүүхэд, хадам эхийн хамт Чингэлтэй дүүрэгт амьдардаг. Эхнэр Мөнхцэцэг бие муутай 70 хувийн группэд байдаг. Хүү маань 9 настай ар гэрийн амьдрал туйлын муу байдаг. Миний бие хийсэн хэрэгтээ харамсаж явдаг. Би цаашид дахин алдахгүй, эхнэр, хүүхдийнхээ төлөө зөв замаар сайхан амьдарч явах, амьдралыг гэгээн цагаанаар төсөөлж явдаг. Би хийсэн хэрэгтээ гэмшиж шүүхээс оногдуулсан ял шийтгэлээ дуусгаж нэг хоногийн өмнө хорих ангиас гарах хүсэлтэй байна. Иймд миний ар гэрийн хүнд нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан хөнгөрүүлэх нөхцөл байдлаар хангаж өгнө үү” гэв.

Прокурор С.Энхням тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Д.Хын зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар ялыг хөнгөрүүлж өгнө үү гэж давж заалдах гомдол гаргасан байна. Шүүгдэгч Д.Хын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал хэрэглэгдэхгүй. Зорчих эрхийг хязгаарлах ялтай байхдаа дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зааснаар ял нэмж нэгтгэгдэж шийтгэгдсэн байгаа. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх үндэслэлгүй учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.Х нь 2021 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 19 дүгээр байрны аркны орчим Б.Болорчимэгийн эзэмшлийн 999.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг А52 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч Б.Болорчимэгийн “...2021 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 20 цаг болох гэж байхад Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 19 дүгээр байрны аркаар хойшоо гарах гээд гар утсаараа эгчтэйгээ яриад явж байтал архи үнэртүүлсэн нэг эрэгтэй хүн миний гар утсыг булааж аваад зугтаачихаар нь араас нь хөөтөл тухайн хүн Хархорин автобусны буудлын явган хүний гарцаар урагшаа гүйгээд явахаар нь би араас нь хөөж чадалгүй гарц дээрээс алдсан. Тэгээд би араас нь хартал тэр хүн замынхаа урд гараад зүүн зүг рүү буюу Цамбагаравын зүг рүү гүйгээд явсан...” /хх 21/,

 

Шүүгдэгч Д.Хын яллагдагчаар өгсөн “...2021 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 19 дүгээр байрны аркийн орчмоор ганцаараа явж байхдаа нэг үл таних эмэгтэйн гараас Samsung A-52 маркийн гар утсыг булааж зугтаагаад Хархорины бас нэг танихгүй ченжид 150.000 төгрөгөөр худалдаад мөнгөөрөө архи авч уусан. Зарахдаа миний гар утас гэж хэлсэн...” /хх 112/ гэх мэдүүлгүүд,

 

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 4-7/, таньж олуулах  ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх 9-15/, Тэнцвэр Эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 29-31/,

 

мөн 2021 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 9 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянсан хүнсний дэлгүүрийн орчим Д.Ганчимэгийн эзэмшлийн 908.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг А32 загварын гас утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Д.Ганчимэгийн “...миний бие 2021 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 09 цаг 20 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо Баянсан хүнсний дэлгүүрийн  үүдний харалдаа замын зүүн талаар хойноосоо урагшаа чиглэлтэй алхахдаа өөрийн Самсунг А-33 маркийн гар утсаа зүүн гартаа барьчихсан, утсаараа дуу сонсоод явж байтал  гэнэт ардаас нэг хүн миний гар утсыг гараас минь шүүрээд хойшоогоо буцаад  гүйгээд  байрнууд дундуур яваад алга болчихсон...” /хх 60/,

гэрч Н.Чинзоригийн “...2021 оны 7 дугаар сарын 18-ны өдөр намайг Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 19-н автобусны буудлын баруун талд байрлах цагдаагийн постонд үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 10 цагийн үед Ганчимэг гэх иргэн ирээд “Би сая энэ хойхон талд байрлах Баянсан хүнсний дэлгүүрийн үүдэнд үл таних эрэгтэйд Самсунг А-32 маркийн гар утсаа булаалгачихлаа. Тэр эрэгтэй “California” гэсэн бичиглэлтэй саарал эрээн өнгийн даавуун футболктой, хар хөх өнгийн өмдтэй байсан” гэж хэлэхээр нь тухайн шинж тэмдгээр нь 1 дүгээр хороолол орчмоор эрэн сурвалжилж ажиллаж байгаад хохирогчийн хэлсэн хувцастай ижил Д.Х гэх этгээдийг шалгаж тодруулахад “Би гар утсыг нь булааж зугтаагаад Хархорин дээр нэг ченжид миний гар утас гэж хэлээд 150.000 төгрөгөөр зараад архи аваад уучихсан. Одоо би ченжээ харвал танина” гэхээр нь Д.Хыг дагуулж яваад Хархорины автобусны буудлын ойролцоо Сугарчулуун гэх ченжтэй уулзаад тодруулж асуухад Хыг хараад “Би энэ залууг таньж байна, наад залуу чинь түрүүн ирээд нэг Самсунг А-32 маркийн гар утас гаргаж ирээд миний лизингээр авсан гар утас гэж хэлээд надад 150.000 төгрөгөөр худалдсан. Тэр гар утсыг нь би энд яг хэвээр нь байлгаж байна. Хэрэв энэ гэмт хэргийн гар утас юм бол би одоо танд хүлээлгэж өгье” гэж хэлэхээр нь би хохирогчийн гар утсыг хүлээж авсан.” /хх 65/,

гэрч Е.Сугарчулууны “Миний бие Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 19-н автобусны буудал орчмоор гар утас худалдаж авах, засварлах ажил хувиараа хийдэг бөгөөд 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 09 цагийн орчимд 19-н автобусны буудлын орчим өөрийгөө Х гэж танилцуулсан эрэгтэй ирээд “надад яаралтай мөнгөний хэрэг гараад байна. Энэ Самсунг А-32 маркийн гар утас миний лизингээр авч байсан гар утас байгаа юм. Та худалдаж авах уу” гэхээр нь би 150.000 төгрөгөөр худалдаж аваад явуулсан” /хх 67/,

Шүүгдэгч Д.Хын яллагдагчаар өгсөн “...Миний бие 2021 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 09 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо Баянсан хүнсний дэлгүүрийн үүднээс ганцаараа явж байхдаа нэг үл таних эмэгтэйн гараас Samsung А-32 маркийн гар утсыг булааж зугтаагаад Хархорины нэг ченжид миний гар утас гэж хэлээд 150.000 төгрөгөөр зарсан. Мөнгөө архи авч уугаад дуусгасан. Би уг хоёр хэргийг ганцаараа үйлдсэн...” /1хх 112/ гэх мэдүүлгүүд,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 47-49/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх 52-53/, Тэнцвэр Эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 71/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудаар гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, түүний сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ нотлогдсон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн Д.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүх, шүүгдэгч Д.Хын 2021 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хохирогч Б.Болорчимэгийн эзэмшлийн 999.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг А52 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан,

2021 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 9 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянсан хүнсний дэлгүүрийн орчим хохирогч Д.Ганчимэгийн эзэмшлийн 908.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг А32 загварын гас утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Д.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 211 дугаартай хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Д.Хын эдлээгүй үлдсэн 102 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, 102 хоногийн хорих ялаар сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар Д.Хт энэ тогтоолоор оногдуулсан 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял дээр, өмнөх 2021/ШЦТ/126 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 102 хоногийн хорих ялыг нэгтгэн, биечлэн эдлэх хорих ялыг 1 жил 8 сар 12 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, хувийн байдал, гэм бурууд тус тус тохирсон гэж үзэв.

Шүүгдэгч Д.Хын “...оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан хөнгөрүүлэх нөхцөл байдлаар хангаж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь:

Шүүх нотлох баримтыг шалгаж, үнэлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заасан журмыг баримтлан хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсэн байх бөгөөд  эдгээр нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, шүүгдэгчийн гэм буруутайг тогтооход хангалттай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг үндэслэлтэй зөв тогтоосон байна.

Шүүгдэгч Д.Х нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон хугацаанд дээрэмдэх гэмт хэрэг үйлджээ. Шүүх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  1 жил 5 сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 1 жил 8 сар 12 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосон нь зөв бөгөөд ял хүндэдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.” гэж заажээ.

Шүүгдэгч Д.Хаас  гэмт хэргийн улмаас олсон орлого болох 150.000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт нэмэлт заалт оруулж шийдвэрлэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно.” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Хын цагдан хоригдсон 198 хоногийг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Иймд магадлалд дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд нэмэлт заалт оруулж, шүүгдэгч Д.Хын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/1166 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Хаас 150.000 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Хын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Хын цагдан хоригдсон 198 хоногийг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.АРИУНХИШИГ

 

 

                                 ШҮҮГЧ                                                               Ц.ОЧ

 

                                 ШҮҮГЧ                                                               Ж.ЭРДЭНЭЧИМЭГ