Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 123/ШШ2023/0018

 

 

                                                                      

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Зоригтбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Гомдлоор нэхэмжлэл гаргагч: Ж.Энхтөмөр,

Хариуцагч: Төв аймгийн Лүн сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч  /хуучин нэрээр Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч/ Н.Батцэцэг,

 “Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Батцэцэгийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 0048591 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдлоор нэхэмжлэл гаргагч Ж.Энхтөмөр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Алтангадас, хариуцагч Төв аймгийн Лүн сумын Байгаль орны хяналтын улсын байцаагч  /хуучин нэрээр Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч/ Н.Батцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Төв аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Ж.Отгонбуян, гэрч Г.Пүрэвдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.    Гомдлоор гаргасан нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Төв аймгийн Лүн сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч  /хуучин нэрээр Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч, цаашид Байгаль орчны хяналтын улсын байцаагч гэх/ Н.Батцэцэгийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 0048591 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлын нэхэмжлэл гаргажээ.

2. Хэргийн нөхцөл байдал, шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:

2.1. Төв аймгийн Лүн сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч  Н.Батцэцэг нь Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчаар (албан тушаал чиг үүрэг нь шилжиж, өмнөх байгууллага нь татан буугдсан) ажиллаж байхдаа Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 0048591 дугаартай Шийтгэлийн хуудас үйлдсэн байна.

2.2. Гомдол гаргагч тал нь Төв аймгийн Лүн сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч  /хуучин нэрээр Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч/ Н.Батцэцэгийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 0048591 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар анх 2022 оны 10 сарын 11-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан, тус шүүхээс 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 123/ШЗ2022/0471 дугаартай захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоосон, нэхэмжлэлээ ирүүлээгүй учир 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 123/ШЗ2022/0506 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг буцаан шийдвэрлэсэн, нэхэмжлэлийн бүрдүүлбэр ханган 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр тус шүүхэд дахин нэхэмжлэл гаргажээ. 

Хэргийн оролцогчийн тайлбар, түүний үндэслэл:

Гомдлоор нэхэмжлэл гаргагч Ж.Энхтөмөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Талиурь овогт Жанчивренчингийн Энхтөмөр /РД:СО76062913/ надад холбогдох Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Батцэцэгийн "Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 0048591 дугаартай шийтгэлийн хуудас"-ыг хүчингүй болгож өгнө үү … Би анх 300.000  төгрөгөөр торгуулаад дуусна гэж бодсон. Би Байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Батцэцэгт энэ асуудалд хамааралгүй гэж хэлсэн. Гэтэл та гурав тус бүр 300.000, 300.000 төгрөгөөр торгуулаад дуусна гэж хэлээд Зөрчлийн тухай хуулиар шийтгэл оногдуулсан. Тус шийтгэлийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Би жолоо бариагүй. Г.Пүрэвдорж жолоо барьсан. Нэмж хэлэх зүйл байхгүй гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Алтангадас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан эрхийн хүрээнд 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гомдол гаргасан. Байгаль орчин хяналтын улсын байцаагч Н.Батцэцэг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зөрчлийг 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр, хууль бус аргаар хориглосон хугацаанд 180 ширхэг Монгол тарвагыг тээвэрлэсэн гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 300.000 төгрөгөөр торгох, мөн 20.900.000 төгрөгийн хохирол нөхөн төлбөрийг гаргуулах шийтгэлийг оногдуулсан. Ж.Энхтөмөр нь Улаанбаатар хотоос Г.Пүрэвдорж, Д.Дашбат нарын хамт Архангай аймаг явж, Архангай аймгийн төв буюу Эрдэнэбулган сумын төвд үлдсэн. Г.Пүрэвдорж, Д.Дашбат нарыг Улаанбаатар хот руу буцахад нь тэдний машинд дайгдсан. Энэ талаар Төв аймгийн Цагдаагийн газрын ажилтан н.Цэрэндондов гэх хүнд мэдүүлэг өгсөн. Г.Пүрэвдорж нь Архангай аймгийн Цахир сумаас тарваганы тулам буюу мах, тээвэрлэсэн гэж ярьж байна. Г.Пүрэвдорж нь тарваганы махыг мөнгөө нийлүүлэн худалдан авсан гэж мэдүүлэг өгөхгүй бол эхнэрийн авсан автомашиныг хурааж авна гээд байна. Чи худалдан авсан гээд хэлчих гэхээр нь тийм агуулгатай мэдүүлгийг Н.Батцэцэгт дахин мэдүүлэг авахад нь өгсөн. Тухайн мэдүүлгийг өгөхөд Н.Батцэцэг гэх улсын байцаагч нөлөөлсөн. Тухайн үед Г.Пүрэвдорж, Д.Дашбат, Ж.Энхтөмөр нар маш хүнд байдалтай байсан. Өөрөөр хэлбэл, сэтгэл зүйн дарамтад байсан. Тухайн үед энэ талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байсан. Асуудлыг хурдан шийдэж, тус бүр 300.000 төгрөгөөр торгуулаад дуусна гэж бодсон. Иймд эхний мэдүүлгээ өөрчилж, дахин мэдүүлэг өгсөн. Гэтэл тухайн асуудал дуусаагүй. Нэмж 20.900.000  төгрөгийг ногдуулж, мөн тээвэрлэсэн гэж үзэж, тухайн автомашины үнийн дүнгийн гуравны нэгийг гаргуулах арга хэмжээ авсан. Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар 4 дэх хэсэгт агнуурын бүс нутгаас бусад газарт эсхүл ан, амьтан агнах хориотой үед эсхүл хориглосон хугацаанд эсхүл хориглосон арга хэрэгслээр амьтан барьсан, агнасан, тээвэрлэсэн тохиолдолд зөрчил үйлдэхэд ашигласан эд хөрөнгийг хурааж, хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, учруулсан хохирлыг нөхөн төлүүлж хүний 300.000  төгрөгтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгохоор заасан. Г.Пүрэвдорж, Д.Дашбат нар нь 180 ширхэг Монгол тарвагыг амьдаар нь тээвэрлээгүй, харин 180 ширхэг агнагдсан тарвагын 17 ширхэг нь толгойтой, үлдсэн 163 ширхэг нь тарвага нь толгойгүй, бүгдийнх нь гэдэс дотрыг нь авсан, хөлдөөсөн туламыг авч явсан. Ж.Энхтөмөр нь 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газарт шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан боловч Төв аймгийн Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагч 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр гомдлыг хүлээн авахаас татгалзсан. Тухайн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан эрх бүхий албан  тушаалтан Н.Батцэцэг нь хуулийг буруугаар ойлгож, буруугаар тайлбарлаж, хэрэглэх байдлаар, нөгөө талаар тодорхой хэмжээгээр нөлөөлж, мэдүүлгийг өөрчилж гаргуулахаар зөрчлийн шийтгэл оногдуулсанд гомдолтой байна. Г.Пүрэвдоржийн тээвэрлэж явсан тарваганы гаралтай түүхий эдийг хэрхэн нэрлэх талаар Амьтны тухай хууль болон Байгаль орчин хамгаалах тухай хуулиар маш тодорхой заасан. Үүнийг амьд амьтан гэж үзэж боломж байхгүй. Амьтны тухай хууль нь амьд амьтантай холбоотой харилцааг зохицуулахаас биш амьгүй болсон амьтантай холбоотой харилцааг зохицуулдаггүй. Иймд ангийн гаралтай түүхий эд гэж ойлгох хэрэгтэй. Н.Батцэцэг нь Зөрчлийн тухай хуулиар зөрчлийн шинжийг тодорхойлоогүй. Хууль тогтоогчоос зөрчлийн шинжийг тодорхойлдог. Тарваганы тулам буюу боломжит ангийн гаралтай түүхий эдийг тээвэрлэсэн гэх зөрчлийг зөрчилд тооцож, ойлгомжгүй үндэслэлээр зөрчил оногдуулсан гэж үзэж байна. Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт ангийн гаралтай амьд амьтан тэдгээрийн түүхий эд гэдгийг ялгамжтайгаар тодорхойлсон. Хэрэв ангийн гаралтай түүхий эд гэж тодорхойлоогүй тохиолдолд амьтан гэж үзэх үндэслэл байхгүй. Ангийн гаралтай түүхий эд гэж тодорхойлогдсон хуулийн зохицуулалт явагдсан бөгөөд тус зохицуулалтыг Н.Батцэцэг хэрэглэж, тухайн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах ёстой байсан гэж үзэж байна. Ангийн гаралтай түүхий эд гэж үзсэн тохиолдолд тээвэрлэсэн гэж хууль тогтоогчоос зөрчилд тооцох хуулийг батлан гаргаагүй гэж үзэж байна. Ж.Энхтөмөр нь Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан Ж.Энхтөмөр нь Н.Батцэцэгийн шийтгэлийн хуудсанд дурдагдсан 180 тарвагыг тээвэрлэсэн гэх зөрчлийг үйлдээгүй. Өөрөөр хэлбэл, Г.Пүрэвдоржийн тээвэрлэсэн гэх зөрчилд огт хамааралгүй. Зөвхөн машинд нь дайгдаж, тодорхой газарт очиж, тодорхой газарт буцаж  ирсэн тул хариуцлага хүлээлгэх нь үндэслэлгүй байна. Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлд зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно, 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй гэж хуульчилсан. Төв аймгийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Батцэцэгт холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, ямар ч үндэслэлгүйгээр оногдуулж, Ж.Энхтөмөрийн хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон. Мөн Байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Батцэцэг нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлд бусад зохицуулалтыг ноцтойгоор зөрчсөн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан. Н.Батцэцэгийн тухайд Амьтны тухай хуулийн урамшуулал, орон нутаг суманд эдийн засгийн үр дагавар учруулах нөхцөл байдалтайгаар холбоотойгоор хуулийг буруу хэрэглэх байдлаар шийтгэлийг буруу оногдуулсан гэж үзэж байна. Энэ зөрчлийн улмаас иргэн Ж.Энхтөмөрт 300.000 төгрөгийн шийтгэл оногдуулж, мөн 20.900.000  төгрөгийн нөхөн төлбөрийг тодорхой үе шаттайгаар гаргуулахаар шийдвэрлэсэн. Мөн 8.500.000 төгрөгийн тээврийн хэрэгслийн гуравны нэгийг төлүүлэх арга хэмжээ авсан. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж Талибар овогт Жанчиврэнцэнгийн Энхтөмөрт холбогдох Байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Батцэцэгийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 0048591 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар хүсэлтийг нэхэмжлэлд тусгасан. Үүнд: Амьтны тухай хуулийн 1 дүгээр зүйлд хуулийн зорилтыг тусгасан.  Тус хуулийн 1.1-т энэ хуулийн зорилт нь амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх, түүний нөөцийг зохистой ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж заасан. Энэ нь маш ойлгомжтой, тодорхой байна. Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн гаргасан шийдвэрийг хүчинтэйд тооцсон шийдвэр мөн эрх бүхий албан тушаалтан Н.Батцэцэгийн гаргасан хариу тайлбараас үзэхэд тээвэрлэсэн гэх үндэслэл, зүйлчлэлээ хуулийн хүрээнд нотолж, батлаагүй. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг прокурорын хяналтад явуулсан, прокурор хариуцах ёстой гэх агуулга тусгагдсан байдаг. Энэ нь мөн зөрчилтэй байна. Ж.Энхтөмөр гэх хүний тээврийн хэрэгслийг жолоодож явсан гэж ярьж байна. Тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн тодорхой эрх, үүрэгтэйгээр замын хөдөлгөөнд оролцдог. Тээврийн хэрэгслийг согтуурсан буюу мансуурсан болон хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглодог. Тус өдөр буюу 06-ны өдөр машинаа жолоодсон. 07-ны өдөр буцахдаа Архангай аймгийн Эрдэнэбулган суманд Ж.Энхтөмөрт жолоогоо шилжүүлсэн байдаг. Ж.Энхтөмөр нь өөрөө жолооч. Тээврийн хэрэгслийг жолоодсон хүнийг тухайн зөрчилд холбогдуулах нь буруу. Гаргаж байгаа акт нь хэргийн зүйлчлэлдээ тохирсон байх хэрэгтэй. Тухайн үйл баримтыг нотолсон талаар хариу  тайлбар хэлсэнгүй. Үүсэх үр дагавраас ямар нэгэн чөлөөлөгдөх үндэслэл байхгүй. ... Ж.Энхтөмөрийн өгсөн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, өөрийнх өгч байгаа тайлбар, 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хууль сануулж гэрчийн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад баримтуудаас үзэхэд Г.Пүрэвдорж гэх хүнийг таньдаг. Д.Дашбат, Г.Пүрэвдорж нарын машинд дайгдаж, Архангай аймгийн Эрдэнэбулган суманд очиж, Эрдэнэбулган суманд Алтанзул гэх хүнтэй авлага, өглөгийн асуудлаар уулзаж, буцахад нь дайгдаж Улаанбаатар хот руу хамт ирсэн. Эрдэнэбулган сумаас Г.Пүрэвдоржийн машинд суухдаа тухайн машинд тарвага ачсан /бүтээсэн/ гэдгийг мэдэх боломжгүй байсан талаар гэрч мэдүүлсэн. Цагдаагийн мөрдөн байцаагч Цэрэндондовт 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр мэдүүлсэн. Энэ талаар маш тодорхой байна гэж үзэж байна. Ийм нөхцөл байдал үүсэхэд ямар хүчин зүйл нөлөөлсөн бэ гэдгийг гэрч маш тодорхой хэлсэн. Ж.Энхтөмөр нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан амьтан тээвэрлэсэн гэх зөрчилд холбогдолгүй гэж үзэх хангалттай үндэслэл байгаа  тул түүнд зөрчлийн шийтгэл болон нөхөн төлбөр, авто машины мөнгийг төлөх үндэслэл байхгүй гэж үзэж байна. Тухайн тарвагыг хөлдөөсөн байсан. 163 ширхэг толгойг нь авсан, 17 ширхэг нь толгойтой. Бүгдийнх нь гэдэс дотрыг нь авсан, хөлдөөсөн тулам байсан талаар хавтаст хэргийн 60-67 дугаар талд байгаа үзлэгийн тэмдэглэл болон зурагт тодорхой харагдаж байгаа. Хууль бусаар бэлтгэсэн тарвагыг хохирол нөхөн төлүүлж тооцох тухай баримт гэх юм уу, магадалгаа гэж үзэх юм уу энэ нь хавтаст хэргийн 58 дугаар талд хөлдөөсөн гэж Н.Батцэцэг байцаагч бичсэн. ЗООНОЗ өвчин судлалын Үндэсний төвийн шинжилгээний дүгнэлтийн хуудас хавтаст хэргийн 183 дугаар талд байна. Тулам 163 дугаар тал. Эдгээр байдлаас үзэхэд амьтан гэх ангилалд багтах боломжгүй. Амьтны тухай хуулийн зорилтыг судалсан. Энэ зорилт нь амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх, түүний нөөцийг зохистой ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулахаар заасан. Тулмыг амьтан гэх ангилалд үзэх үндэслэлгүй. Иймд ангийн гаралтай түүхий эд гэж үзэх үндэслэлтэй байна. Зөрчлийн  тухай хуулийн тусгай ангийн 7.6 дугаар зүйлийн 4-т зааснаар тээвэрлэсэн гэх зөрчлийн шинжтэй үйлдэл гэж үзэж, зөрчлийн шийтгэл оногдуулах, нөхөн төлбөрийг тогтоох, албадлага хэрэглэх хууль зүйн үндэслэл байхгүй байгаа нь хангалттай тогтоогдсон. Амьтны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т маш тодорхой заасан. Иймд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.6 дугаар зүйлийн 4-т заасан зөрчлийн шинж байхгүй тул хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Нийт нөхөн төлбөр 62.700.000 төгрөг буюу Ж.Энхтөмөрөөс 20.900.000 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн. Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3, 37.4-т  нөхөн төлбөрийг ямар үйлдэлд холбогдсон этгээдэд оногдуулах талаар маш тодорхой заасан. Тухайн оногдуулах үндэслэл нь тогтоогдсон үед ногдуулна. Засгийн газраас тогтоосон журам дараагийн асуудал. Зөрчлийн тухай хуульд хариуцлагыг ногдуулах үндэслэл журмыг зохицуулдаг. Амьтны тухай хуулиар нөхөн төлбөрийг хэнд, ямар этгээдэд ногдуулах талаар заасан. Эрх бүхий албан тушаалтан Н.Батцэцэг нь 180 ширхэг хөлдөөсөн тарвагыг тээвэрлэсэн гэх үйлдэлд нөхөн төлбөрийг ногдуулах хуулиар тогтоосон хэм хэмжээг тогтоогоогүй байна. Төрийн албан хаагч хуулийг зөв тайлбарлаж, хэрэглэх үүрэгтэй. Зөрчлийн тухай хуулийн онцлог шинж чанар нь аливаа асуудлыг төсөөтэйгөөр хэрэглэхийг хориглоно гэж заасан. Зөрчлийн шийтгэлийн хуудсанд дурдсан захиргааны актын хүрээнд асуудал яригдах учиртай. Худалдах, худалдан авсан гэснийг нотолж тогтоох үүрэг нь эрх бүхий албан тушаалтанд бий. Гэтэл энэ талаар нотолсон зүйл огт байхгүй. Энэ нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны харьяаллыг зөрчсөн ноцтой асуудал. Н.Батцэцэг нь нөхөн төлбөрийг тооцох баримтыг үйлдсэн. Улсын Ерөнхий Прокурорын 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А-94 дугаартай тушаалаар батлагдсан зөрчлийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх, тооцох журмыг бүхэлд нь зөрчсөн. Үүнийг нотлох баримтаар гаргасан магадалгаа байгаа. Шинжилгээ хийж магадалгааг гаргадаг. Шүүх шинжилгээний тухай хуулийн 17, 18 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байх ёстой. Шаардлагад маш тодорхой дурдсан. Энэ баримт нь хууль тогтоогчийн шаардлагыг хангаагүй баримт байна. Нөхөн төлбөрийг тооцсон баримтаа зөрчлийн холбогдогч Ж.Энхтөмөрт танилцуулсан талаар ямар нэгэн баримт үйлдэгдээгүй. Танилцуулаад хууль зүйн үр дагавартай гэдгийг мэдсэн тохиолдолд тусгай мэдлэг бүхий шинжээчийг томилж, дахин дүгнэлт гаргуулж, нөхөн төлбөр тооцох эрхтэй эсэхийг шалгах ёстой байсан. Хэрэв шаардлага тавигдвал дараагийн асуудал яригдана. Гэтэл зөрчилд холбогдогчийн эрхийг хязгаарласан. Шүүх шинжилгээний тухай хуулийн магадалгааны шаардлагыг хангаагүй. Өөрөө хүлээн зөвшөөрсөн тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн гэж ярьдаг. Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны шийдвэр гаргахдаа эрх бүхий албан тушаалтан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан зөрчил үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрсөн гээд бусадтай нийлж байгаад албадсан мэт харагдаж байна. Н.Батцэцэгийг ойлгож байна. Туршлагагүй, мэдлэггүй энэ байдал нь үүсэх үр дагавар, хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болдоггүй. Хэдий эрх нь байдаг хэдий ч эрхийнхээ дагуу үүргээ ухамсарлах хэрэгтэй. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эрх бүхий албан тушаалтан  хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг шийдвэрлэж, шийтгэл оногдуулахдаа энэ хуулийн 7.1 дүгээр зүйлд заасан журмыг баримтална гэж заасан. Тус хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараах нөхцөл байдлыг тогтоосон байна. Үүнд: 1.1-д “тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх”, 1.3-д “тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх”, 1.5-д “Зөрчлийн тухай хуульд хохирол төлүүлэх, нөхөн төлбөр гаргуулахаар заасан бол хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоох”, 4-т “Зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг тооцох журмыг Улсын ерөнхий прокурор батална” гэж тус тус заасан. Эдгээр заалтыг хангах ёстой. Улсын Ерөнхий Прокурорын 2021  оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А-94 тоот тушаал батлагдсан журмыг зөрчсөн. Баримт нь магадалгаа байх шаардлагыг огт хангахгүй байна. Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг өөрөө хүлээсэн байж болно. Тэгсэн хэдий ч гомдол гаргах эрхийг нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.8-т зааснаар оролцогч зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлүүлсэн эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан, шийтгэлээс чөлөөлсөн шийдвэрт энэ хуулийн 7.6 дугаар зүйлд заасны дагуу гомдол гаргах эрхийг нь тогтоосон. Шийдвэр гаргахдаа гарын үсэг зуруулснаа бүх зүйл дууссан гэж үзэж болохгүй. Гомдол гаргах эрх нь үргэлжлээд явах байсан. Эдгээр асуудлуудыг ноцтойгоор зөрчсөн. Анхаарах хэрэгтэй байсан. Анх нөхөн төлбөр тооцохгүй юм байна гэх итгэл үнэмшлийг бий болгосон. Нөхөн төлбөр ногдуулж болохгүй юм байна гэдгийг энэ хүн мэдэж байсан байх учиртай. Тухайн баримтад Амьтны тухай хуулийн 34 дүгээр зүйл гээд үндэслэлээ дурдаад явсан. Өөрөөр хэлбэл, тухайн хуулийн зүйл заалтыг уншаад ойлгох чадвар энэ хүнд байгаа. 62.700.000 төгрөгийн тодорхой хэсэг нь улсын төсөвт, тодорхой хэсэг нь орон нутгийн төсөвт болон ажилчдад тодорхой хэмжээний урамшуулал байдлаар ирдэг. Энэ байдал нь хуулийг буруугаар хэрэглэх шалтгаан болсон гэж үзэж байна. Машин хурааж авахгүй гэж хэлчихээд дараа нь машин хурааж авсан. Хуульд заасан хугацааг ч зөрчсөн. Байгаль орчин Аялал жуулчлалын яамны сайдын 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн А-153 дугаар тушаал. Энэ нь гадагш чиглэсэн журам. Өөрөөр хэлбэл, тушаалыг зөрчсөн этгээдэд Зөрчлийн тухай хууль болон Амьтны тухай хууль, бусад хууль тогтоомжид хариуцлага хүлээлгэх захиргааны хэм хэмжээний акт болсон байна. Захиргааны хэм хэмжээ тогтоосон акт болсон тохиолдолд Хууль зүй дотоод хэргийн яаманд заавал хянуулж, улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлсний дараа хэрэглэх эрх үүсдэг. Гэтэл Хууль зүй дотоод хэргийн яамнаас 2016 онд бүртгэчихээд 2021 оныхыг бүртгүүлээгүй. Энэ нь маш ноцтой үндэслэл. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль нь захиргааны хэм хэмжээ тогтоосон актын хүрээнд яригдаж, хэлэлцэгдэж байдаг хянан шийдвэрлэх ажиллагаа. Гэтэл үндэслэлгүй болсон, захиргааны хэм хэмжээний акт нь хянагдаагүй, улсын бүртгэлд бүртгэгдээгүй, хууль ёсны шаардлагыг хангаагүй энэ баримтыг үндэслэл болгож, хүнд зөрчлийн шийтгэл оногдуулж, нөхөн төлбөр тавих нь байж боломгүй ноцтой асуудал. Төрийн албаны тухай хуульд маш тодорхой байгаа. Энэ нь маш ноцтой зөрчил. Анхан  шатны шүүхийн шийдвэр хэрхэн гарах талаар би мэдэхгүй. Олон хүн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хохирогч болсон байж болохыг үгүйсгэхгүй. Тус хуулийн 7.6 дугаар зүйлийн 4-т заасан хууль хэрэглээтэй холбоотой сайдын тушаал өөрөө хууль ёсны байх Захиргааны ерөнхий хуульд заасан шаардлагыг хангаагүй. Ийм байдал тогтоогдож байна. Үүнийг мэдсээр байж хүнд шийтгэл оногдуулж байна. Энэ сүрдүүлэг болон дарамт биш. Зүй ёсны шаардлага. Сайдын тушаал нь улсын бүртгэлд бүртгэгдээгүй, хянагдаагүй тохиолдолд та бүхний хэрэглэсэн зүйл заалт хүчингүй болох ёстой. Шүүхийн шийдвэр дараа дараагийн шийдвэр гарах үндэслэл болдог. Энэ нь маш ноцтой үр дагавартай. Үүнээс урьдчилан сэргийлж тухайн асуудлыг би шүүх хуралдааны танхимд тавьсан. Энэ шийдвэр Shuukh.mn гээд сайт дээр тавигдана. Захиргааны зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны гаргасан шийдвэрийн жагсаалтад ордог. Хүмүүсийн нэрийг дардаг хэдий ч хууль зүйн шийдвэрийг дардаггүй. Анх үүсэх үр дагавраас урьдчилан сэргийлж, өөрийн байр сууриа хэлсэн. Одоо хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан. Хууль тогтоомжоор олгосон эрх мэдлээ урвуулан байгууллагын төсвийн хүрээнд үүргээ биелүүлэхийн тулд хуулийг буруу тайлбарласан асуудал гарвал ноцтой гэмт хэргийн шинжтэй, эрүүгийн хариуцлагын шинжтэй асуудал үүснэ. Нөгөө талаар, тухайн үед шийдвэрлэсэн даруйдаа прокурорын бүртгэлд бүртгүүлнэ гэж заасан. Прокурорын бүртгэлд бүртгүүлээгүй тохиолдолд үр дагавар нь мэдээж ойлгомжтой. Би өмнө асуусан. Таны буруутай үйлдэл үү, эсхүл прокурорын буруутай үйлдэл үү гэж асуусан. Төв аймгийн Мэргэжлийн хяналтын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Батцэцэгийн хялбаршуулсан журмаар зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2022 оны 09 дүгээр 09-ний өдрийн 0048591 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

          Хариуцагч Төв аймгийн Лүн сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч  Н.Батцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Лүн сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Батцэцэг миний бие шийдвэрлэсэн 2022 оны 09 сарын 09-ний өдөр холбогдогч Г.Пүрэвдорж-д торгуулийн шийтгэл оногдуулсан 0048590 дугаартай, Д.Дашбатд торгуулийн шийтгэл оногдуулсан 0048529 дугаартай, Ж.Энхтөрд торгуулийн шийтгэл оногдуулсан 0048591 дугаартай "Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай" шийтгэлийн хуудаснуудыг хүчингүй болгох үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч Ж.Энхтөмөрийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй учраас нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү. … 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр уг хэргийг Цагдаагийн газраас шилжүүлсэн. Үүний дагуу би өөрөө Төв аймагт ирж Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хурлын танхимд 3 холбогдогчоос мэдүүлэг авсан. Уг мэдүүлгээр 3 холбогдогчоос 3 адилхан асуултыг асуусан. Холбогдогч Ж.Энхтөмөр, Г.Пүрэвдорж, Д.Дашбат нар нь гурвуулаа нийлж худалдаж авсан гэж хэлсэн. Ж.Энхтөмөр намайг мэдүүлэг авахад нөлөөлсөн гэж ярьж байна. Би ямар нэгэн байдлаар нөлөөлж, хууль зөрчиж мэдүүлэг аваагүй. Ж.Энхтөмөр нь шийтгэлийн хуудас болон мэдүүлгийг хүлээн зөвшөөрч, гарын үсгийг зурсан. 3 холбогдогч гурвуулаа тухайн өдрөө торгуулийн мөнгөө хүлээн зөвшөөрч, тус бүр торгуулиа төлсөн. Мэдүүлгийг авахаас өмнө тухайн нөхцөл байдлын талаар 3 холбогдогчид танилцуулсан. Өөрөөр хэлбэл, Амьтны тухай хуулиар экологи эдийн засгийн үнэлгээ гаргаж, тус хуулиараа 2 дахин үржигдэж тооцогдож, нөхөн төлбөр тооцдог хэмээн холбогдогч нарын тооцоог тооцоолж, танилцуулж, тус мэдүүлэгт гарын үсэг зурж, танилцацгаасан. Түүнээс биш тус бүр 300.000 төгрөгийг төлөөд болсон гэж огт хэлээгүй. Өмгөөлөгч Ө.Алтангадас намайг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийг ноцтой зөрчсөн гэж ярьж байна. Тухайн үед хэргийг шийдвэрлэхэд Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн эрхийн хүрээнд буюу тамга тэмдгийн дугаар нь 19-ийн 04-ийн 340 гэсэн дугаартай тамга тэмдэг байсан. Тухайн үед Мэргэжлийн хяналтын газраас олгосон улсын байцаагчийн эрхтэй байсан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу бүрэн эрхтэй байсан. Өөр нэмж хэлэх зүйлгүй гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Төв аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Байгаль орчны хяналтын ахлах улсын байцаагч Ж.Отгонбуян шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн зөрчил нь 2022 оны 09 дүгээр сарын 07-ны шөнө Төв аймгийн Цагдаагийн хяналтын постод цагдаагийн алба хаагч нар илрүүлсэн зөрчил. Нэхэмжлэгч Ж.Энхтөмөрийг яагаад энэ хэрэгт холбогдуулсан вэ гэхээр цагдаагийн алба хаагчийн хэлснээр тухайн тээврийн хэрэгслийг саатуулахад Ж.Энхтөмөр барьж явсан  гэж байсан. Цагдаагийн газраас зөрчлийн  хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгасан. Экологийн цагдаагийн албаны асуудал хариуцсан ахмад Цэрэндондовт өгсөн мэдүүлэгээр гэрч Д.Дашбат нь Ж.Энхтөмөр, Г.Пүрэвдорж бид гурав Цахир суманд тарвага худалдаж авсан. Тус бүрийг 50.000-60.000 төгрөгөөр худалдаж авсан. Өөрсдөө болон хүний дайвар байсан гэж хэлсэн. Энэ нь зөрчилд холбогдолтой гэж үзэх үндэслэл бий болсон. Тухайн мөрдөн байцаагч хэн,  хэдэн тарвагыг авсан бэ гэж асуухад миний тарвага 30-40  тарвага, үлдсэн тарвага нь Г.Пүрэвдоржийн тарвага гэсэн нь хэргийн 55 дугаар талд, холбогдогч Д.Дашбатын мэдүүлэгт байгаа. Тухайн зөрчилд мэргэжлийн байгууллагууд үзлэг хийж, 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр манай байгууллагад шилжиж, харьяаллын дагуу Н.Батцэцэг байцаагчид цохож байсан. Тухайн үед бид гурав хувааж төлнө гэснээр зөрчилд холбогдолтой нь тогтоогдсон. Зөрчлийн тухай хуулийн 2.2 дугаар зүйлд зөрчил хамтран үйлдэх гэх хуулийн заалт байна. Тус хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зөрчлийг хамтран үйлдсэн хүн, хуулийн этгээд тус бүрд шийтгэл оногдуулна гэж заасан. Ийм учраас тухайн тээврийн хэрэгсэлд 3 иргэн явсан бөгөөд гурвуулаа мөнгөө нийлүүлж тарвага худалдан авсан. Мөн Г.Пүрэвдорж, Д.Дашбат нь согтуу, Ж.Энхтөмөр нь халамцуугаар жолоо барьж, тээврийн хэрэгсэл шүргээд цагдаагийн постод саатуулагдсан. Иймд Зөрчлийн тухай хуулийн 2.2 дугаар зүйлд зааснаар холбогдогчоор татаж, захиргааны арга хэмжээ авсан. Ан амьтантай холбогдуулан ярьж байна. Монгол Улсын Амьтны тухай хууль нь амьд амьтныг зохицуулах хуулийн зохицуулалттай болохоос ан амьтны түүхий эдийг зохицуулсан хуулийн заалт биш гэж ярьж байна. Энэ талаар ойлгохгүй байна. Хуульч хүн ямар үндэслэлээр ингэж хэлдэг байна. Амьтны тухай хууль нь ан  амьтан, амьтны гаралтай түүхий эд, амьтныг сэргээн нутагшуулах, агнах бүх харилцааг зохицуулсан. Жишээ нь холбогдогч нарыг буруутгаж байгаа гол үндэслэл нь Амьтны тухай хуулийн 11 дүгээр зүйлд агнуурын амьтан агнах, барихтай холбогдсон зарим үйл ажиллагааг хориглох гэсэн зүйл заалттай. Тус хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9 дэх хэсэгт зааснаар тарвага, зурам, тэдгээрийн түүхий мах, нойтон болон халдваргүйжүүлээгүй арьсыг хот, тосгонд оруулахыг хориглосон. Архангай аймгаас тээвэрлэж ирээд Улаанбаатар хот руу оруулах гэж байгаагаа хүлээсэн үйлдэл нь энэ хориглосон заалтад хамаарна. Тус хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.13 дах хэсэгт агнахыг хориглосон ан амьтны ангийн гаралтай түүхий эдийг худалдах, худалдан авахыг хориглоно гэж заасан. Холбогдогч нар өөрсдөө алаагүй боловч 50.000-60.000 төгрөгөөр худалдан авсан, худалдан борлуулах гэж байсан нь тогтоогдсон. Амьтны тухай хуулиас энэ хоёр зүйлийг зөрчсөн. Иймд Зөрчлийн тухай хуулийн 6.4 дүгээр зүйлд зааснаар арга хэмжээ авагдсан. Бид амьд амьтныг тээвэрлээгүй гэж ярьж байна. Улсын байцаагч Н.Батцэцэг хэзээ ч амьд амьтан тээвэрлэсэн гэж бичээгүй. Шийтгэлийн хуудсанд Монгол тарвагыг тээвэрлэсэн гэж бичсэн байсан. Монгол тарвагыг ямар тохиолдолд барьж болох вэ гэхээр Амьтны тухай хуулийн 8 дугаар зүйлд амьтныг сэргээн нутагшуулах гэсэн тодорхой заалт байдаг. Монгол тарвагыг сэргээн нутагшуулахдаа төрийн захиргааны төв байгууллагаас буюу Байгаль орчин Аялал жуулчлалын яамнаас тусгай зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж, тодорхой төлөвлөгөө хөтөлбөрийг боловсруулж тээвэрлэлт хийдэг. Монгол тарвага ан амьтныг барьж болно. Гэхдээ Монгол тарвагыг өнөөдөр мөрдөгдөж байгаа Монгол Улсын хуулийн хүрээнд иргэн тээвэрлэж яваад сэлгэн нутагшуулах буюу тийм эрх, үүрэг байхгүй. Амьтны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1.1.9, 1.1.13-т заасан заалтыг зөрчсөн гэж ойлгоод Зөрчил шалган шийдвэрлэх  тухай хуулийн 3.1 дүгээр зүйлд шийтгэл оногдуулах үндэслэлийг заасан. Тус хуульд хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлагыг хүлээлгэх, шударга ёсыг тогтооход оршино гэж заасан. Шударга ёсыг тогтоохын тулд энэ үйлдлийг хориглосон. Гэтэл тухайн тарвагыг агнасан нь тодорхой байх тул шийтгэлийг оногдуулсан. Хуульд заасан үг, өгүүлбэр бүр тодорхой утгыг агуулсан байдаг. Зөрчлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т агнуурын бүс нутгаас бусад газар гэж заасан. Архангай аймгийн Хотонт сум нь агнуурын бүс ялангуяа тарваганы бүс мөн гэсэн тодорхойлсон зүйл байхгүй. Амьтныг агнах хориотой үед, эсхүл хориглосон хугацаанд гэж заасан. Хориглосон хугацаа нь Байгаль орчин Аялал жуулчлалын сайдын 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн А193 дугаар тушаалаар 3 жилийн хугацаагаар хориглосон байсан. Иймд хориглосон хугацаанд тухайн тарвага агнагдсан байгаа нь тодорхой байна. Эсхүл хориглосон арга хэрэгслээр амьтныг барьсан, агнасан, тээвэрлэсэн бол зөрчилд үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон орлогыг хурааж, учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулна гэсэн заалтыг баримталсан. Энэ заалтын таслал бүрд хориглосон гэх үг байна. Хориглосон хугацаанд агнасан гэх зүйл байна. Тээвэрлэсэн гэх зүйл байна. Зөрчлийн тухай хууль хэрэгжсэн сүүлийн 5 жилийн  хугацаанд ч энэ хууль хэрэгжсэн. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Монгол Улсын хэмжээнд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн хүрээнд арга хэмжээ авсан. Улсын байцаагч Н.Батцэцэг  нь 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр уг зөрчлийн хэргийг хүлээн авсан. Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэхдээ тухайн холбогдогч зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд 5 хоногийн дотор зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах үүрэгтэй. 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр холбогдогч нараас мэдүүлэг авч, тухайн өдөр прокурор Э.Уянгад утсаар мэдэгдсэн. Цагдаагийн газраас шилжиж ирэхэд би өөрөө хэргийг хүлээн авсан. Тухайн хэргийг шийдвэрлэж дууссаны дараа материалаа бүрдүүлсэн. Тухайн зөрчлийн материалыг прокурорт 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүргүүлж, прокурор мэдээллийн сандаа 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр бүртгэж авсан. Нэн даруй гэх хугацааг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг дууссаны дараа буюу богино хугацааг хэлнэ. Тухайн зөрчил 5 хоногтоо шийдвэрлэгдсэн. Өөрөөр хэлбэл 3 хоногийн дотор шийдвэрлэгдсэн. Иймд хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл байхгүй. Нөхөн төлбөрийг Байгаль орчны хяналтын улсын байцаагч тогтоосон байна гэж ярьж байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд Байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлөх талаар тогтоосон. Үүнд ан амьтны зөрчил хамрагдаж байгаа тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлд мэргэжлийн байгууллага шаардлагагүй буюу бид нар мэргэжлийн тусгай мэдлэгийн хүрээнд амьтан, ургамал, байгалийн нөөц баялгийн нөхөн төлбөрийг мэддэг. Иймд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд зааснаар нээлттэй байх  тул нөхөн төлбөр гаргасан баримт  нь үндэслэлтэй. Хэрэв ус бохирдуулсны төлбөр, газрын хэвлий ашигласан, ашигт малтмал олборлохтой холбоотой асуудал байсан тохиолдолд бидний тусгай мэдлэг хүрэхгүй. Засгийн газрын 106 дугаар тогтоолд нөхөн төлбөр тооцох аргачлалын дагуу хязгаарласан тул тийм нөхөн төлбөрийг тогтоодоггүй. Амьтны экологи, эдийн засгийн үнэлгээ, ой эдийн засгийн үнэлгээгээр нөхөн төлбөрийг тооцох бүрэн эрх нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд зааснаар нээлттэй байгаа. хуулийн 37 дугаар зүйлийн 2-т зааснаар тооцсон. Экологи эдийн засгийн үнэлгээг Засгийн газрын 23 дугаар тогтоолыг үндэслэж тогтоосон. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу тухайн экологи эдийн засгийн үнэлгээг 2 дахин тооцож гаргасан. Зөрчлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 4-т нөхөн төлбөр ногдуулах, зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулахаар үндэслэж арга хэмжээ авсан. Байгаль орчин Аялал жуулчлалын яамны хуулийн газар болон аймгийн хууль эрх зүйн хэлтсээс тодруулга авсан. Бичгээр тушаал, шийдвэр ирдэг. Зарим тохиолдолд хуульд нэмэлт өөрчлөлт орсон тохиолдолд бид нар Legal Info хуулийн нэгдсэн сайт руу орж хардаг. Хууль зүйн яаманд бүртгэлтэй эсэх талаар асуусан. Нэгдүгээрт, бид  нар сайдын гаргасан тушаалыг хэрэгжүүлэх үүрэг бүхий албан тушаалтан, хоёрдугаарт, Захиргааны ерөнхий хуулийн 51 дүгээр зүйлд байдаг. Энэ акт нь нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ, төлбөр мөнгө тогтоосон журам биш. Монгол тарвагыг тархац нутаг нь багасаж байгаа тул тоо толгойг нь сэргээн нутагшуулах зорилгын хүрээнд хууль зүйн яам бүртгэхгүй гэсэн. 2017 онд бүртгэж байсан. 2017 оноос хойш Захиргааны ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт орж, нэг удаагийн шинжтэй гарч байгаа тушаал, шийдвэрийг бүртгэх шаардлагагүй гэх аман тайлбарыг өгсөн. Тэгэхээр нь бид нар хууль зүйн яаманд бүртгүүлэх шаардлагагүй юм байна гэж бодсон. Байгаль орчин Аялал жуулчлалын яам өөрийн хэм хэмжээний эрх мэдлийн хүрээнд Байгаль орчныг  хамгаалах тухай хуулийн 15.1 дүгээр зүйлд заасны дагуу үндэслэсэн. Энэ нь анх удаа гарсан тушаал биш. Анх 2005 онд тушаал гарсан. 3, 3 жилийн давтамжтайгаар хэрэгжиж, практик дээр хэрэгждэг. Амьтны тухай хуулиар ховор амьтан биш. Агнуурын гаралтай амьтан. Гэхдээ яам нь төрийн захиргааны төв байгууллагын эрх мэдлийн  хүрээнд ховордоод байгаа учраас тоо толгойг нь сэргээн нутагшуулах, элбэг болгох үүднээс гаргасан тушаал. Шилжүүлсэнтэй холбогдуулан тайлбар хэлье. ЗООНОЗ өвчин судлалын төв рүү шилжүүлэх чиглэлийг би өгсөн. Тухайн хэрэг 2022 оны 09 дүгээр сарын 07-ны шөнө илэрсэн. Нөхөж гарын үсэг зураагүй. 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 10 цагаас өмнө Цагдаагийн газарт очиход тухайн Ланд круйзер машины ард туламнууд гэсчихсэн, шүүс гоожчихсон байсан. Тухайн үед Мэргэжлийн хяналтын байгууллага байсан. Цагдаагийн байгууллагад болон манай байгууллагад хууль бусаар хураагдсан амьтны гаралтай, түргэн шуурхай муудах бараа бүтээгдэхүүнийг агуулах сав байдаггүй. 180 тарвага байтугай 5 тарвагыг ч хурдан шилжүүлэхгүй бол хөлдөөгч байдаггүй. Өөрсдөө гэртээ ч хадгалах эрхгүй. Иймд прокурорт хэлье гээд Архангай аймгийн Цахир сумаас худалдаж авсан байна. Архангай аймгийн Цахир сум нь Хангайн нурууны наана салбар хэсэгт байдаг, тахлын голомттой байж болзошгүй гэсэн бүртгэлд байдаг. Тийм учраас бид нар Төв аймгийн хэмжээнд 180 ширхэг тарвагыг хадгалах, хамгаалах газар байхгүй учраас хурдан хугацаанд холбогдох мэргэжлийн эрүүл мэндийн байгууллагын албан хаагчийг Н.Батцэцэг байцаагчтай хамт явуулж, тухайн өдөр нь шинжилгээ өгч, ирэхдээ хүлээлгэж өгсөн гэх бичгээ авчраарай гэж чиглэл өгсөн. Энэ хэргийн шийдвэрээс болоод нийгэмд маш сөрөг үр дагавар, үйлдэл, эс үйлдэхүй гарч магадгүй гэж ярьж байна. Шүүхээр орж, эцсийн шийдвэрийг тогтоолгосноороо манай улсад мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн хоорондоо уялдаа холбоогүй байдал арилж магадгүй. Хууль хүчний байгууллагуудын танил талаараа хардаг сөрөг нөлөөлөл арилж магадгүй. Цаашлаад хуулийг нэг мөр хэрэглэхэд шударга ёс тогтох хэрэгтэй гэж үзэж байх тул эцсийн шийдвэр гартал явна. Магадгүй байгууллагын төсөв бүрдүүлэх гээд торгууль тавьсан юм биш үү гэж ярьж байна. Үгүй. Нөхөн  төлбөр бол 2019 онд орсон Төрийн сангийн тусгай сангийн хуулиараа Байгаль орчин Аялал жуулчлалын яам нь дээр байдаг Байгаль орчин уур амьсгалын сан руу шууд ордог. Төв аймагт нэг төгрөг ч ордоггүй. Бид нар Төрийн хяналт шалгалтын тухай хуулиараа улсын байцаагч төсөв бүрдүүлэхийг хориглосон заалттай учраас бид нарын торгууль бас аймгийн төсөвт ороод урамшуулал болдоггүй. Төв аймгийн Төрийн сангийн данс буюу 14100140000982 гэх данс руу орж захиран зарцуулах эрх нь аймгийн Засаг даргад байдаг. Байгаль орчин Аялал жуулчлалын сайд Сангийн сайдын хамтарсан тушаалаар хэзээ ч хэрэгжиж байгаагүй нэр бүхий улсын байцаагчид зөрчил илрүүлсэн иргэнд урамшуулал 15%-ийг олгоно гэсэн журам л байдаг болохоос хэрэгжиж байсан тохиолдол миний мэдэж байгаагаар Төв аймагт байхгүй. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй гэв.

Гэрч Г.Пүрэвдорж шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Н.Батцэцэг нь 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс хойш зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ажиллагаа явуулж байгаа. Ж.Энхтөмөртэй 2004 оноос хойш нөхөрлөж байна. Д.Дашбат, Ж.Энхтөмөр нарын хамт Архангай аймаг явсан. Ж.Энхтөмөрт ямар ч оролцоо байхгүй. Анхнаасаа ямар ч оролцоо байгаагүй. 300.000 төгрөгөөр торгуулаад өөр шийтгэл байхгүй гэж бодсон. Иймд мэдүүлгээ өөрчилсөн. Бид нар цаанаас буцахдаа Ж.Энхтөмөртэй утсаар яриад замаасаа аваад явсан. Улаанбаатар хот руу явцгаасан. Архангай аймаг явна гэхээр нь дайгдаад явсан. Ж.Энхтөмөр энэ талаар мэдээгүй. Төв аймгийн Лүн сум дээр ирээд тээш онгойлгох үед мэдсэн. ... Би жолоодож явсан. Худалдаж авсан тохиолдолд торгуулдаг гэж хэлсэн. Тэгэхээр нь тэгж хэлсэн. Яах, хэрхэн талаар бид нар танаас ч хүртэл асууж байсан. Худалдаж авсан гээд мэдүүлбэл машиныг хурааж авахгүй гэж хэлэхээр нь тухайн мэдүүлгийг өгсөн. Ж.Энхтөмөр нь тухайн тарвага авах үед яваагүй гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Ж.Энхтөмөрийн гомдлоор гаргасан нэхэмжлэлтэй, Төв аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын /Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн албан тушаал чиг үүрэг нь Төв аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газарт шилжиж, өмнөх байгууллага нь татан буугдсан/ Төв аймгийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Батцэцэгт холбогдох гомдлын шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлээд дараах дүгнэлтийг хийн нэхэмжлэгчийн гомдлоор гаргасан нэхэмжлэлийн шаардлагаар маргаан бүхий актыг хүчингүй болгож шийдвэрлэв.

            2. Монгол улсын Засгийн газрын 2022 оны 11 сарын 23-ны өдрийн 417 дугаар тогтоолоор Мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагааг татан буулгаж шийдвэрлэсэн ба улмаар хяналтын чиг үүргийг салбар яамд болон түүний харьяа байгууллагууд руу шилжүүлсэн байна. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 03 сарын 15-ны өдрийн А/68 дугаар тушаалаар “Намхайдоржийн Батцэцэгт 01-30-02/296 дугаар Төв аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын, Төв аймгийн Лүн сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч”-ийн эрх олгогдсоныг үндэслэн Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Батцэцэгийн эрх, чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа эрх үүргээр хариуцагчийг тодорхойлон маргааныг шийдвэрлэв.

 

            3. Хэргийн оролцогчид нь дараах үндэслэлээр маргаж байна. Үүнд:

3.1. Нэхэмжлэгч талаас Ж.Энхтөмөр нь 180 ширхэг “монгол тарвага”-ыг амьдаар нь тээвэрлэж яваагүй, харин 180 ширхэг агнагдчихсан тарваганы  тулам ачсан тээврийн хэрэгсэлд дайгдаж явсан.

- Зөрчлийн тухай хуулиар зөрчлийн шинжийг тодорхойлохдоо тарвага буюу уламжлалт амьтны гаралтай түүхий эдийг тээвэрлэсэн гэж зөрчилд тооцогдох шийтгэлийг оногдуулсан байх ба ийм эрх хариуцагчид байхгүй,

- Хуулинд амьтныг тээвэрлэсэн гэсэн байхад ангийн түүхий эдийг тээвэрлэсэн гэж шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй,

- Н.Батцэцэг нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйл болон бусад зохицуулалтыг ноцтойгоор зөрчиж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан

- Хэм хэмжээний актын улсын бүртгэлд бүртгэгдээгүй тушаалыг үндэслэн шийтгэл ногдуулсан байх тул Байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Батцэцэгийн хялбаршуулсан журмаар зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 0048591 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэж,

 

3.2. Хариуцагч талаас тухайн үед Ж.Энхтөмөр тухайд тухайн тарвагыг бид гурав мөнгөө нийлүүлж, худалдаж авсан гэх мэдүүлгийг өгч, тухайн зөрчлөө хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан тул шийтгэлийн хуудсыг бичсэн. Зөрчлийн  тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4-т ан амьтантай холбоотой зүйлд холбогдох арга хэмжээ авахыг тодорхой заасан гэж,

3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс, ...Амьтны тухай хуулиар тарвагыг агнахаар тарвага биш болдог зүйл биш. Энэ хуулиар зөвхөн амьд амьтны тухай бус тэдгээрийн гаралтай эд эрхтэн, түүхий эдийн асуудлыг бас зохицуулсан. Төрийн захиргааны төв байгууллагаас тушаал гаргаж, бид хэрэжүүлж ажилласан, хууль зөрчсөн асуудал байхгүй, гэж тус тус маргаж байна.

 

4. Нэхэмжлэгч буюу зөрчилд холбогдогч Ж.Энхтөмөр хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2022 оны 09 сарын 09-ний өдрийн 0048591 дугаар шийтгэлийн хуудасны[1] эрх зүйн үндэслэл:

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 07 сарын 30-ны өдрийн А/193 дугаар “Тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг түр хугацаагаар хориглох тухай” тушаалаар хууль бус аргаар хориглосон хугацаанд 180 ширхэг Монгол тарвага тээвэрлэсэн асуудлыг шалгаад Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 300,000 төгрөгөөр торгох, хохирол, нөхөн төлбөрт 20,900,000 төгрөгийг шийтгэлийн хуудсыг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор бэлнээр, бэлэн бусаар сайн дураар төлж биелүүлэхийг даалгаж, тодорхой хугацаанд орлого олдог үндэслэл тогтоогдсон тул оногдуулсан 20,900,000 төгрөгийн 33 хувийг 2022 оны 10 сарын 31-ний өдөр, 34 хувийг 2022 оны 12 сарын 30-ны өдөр, 33 хувийг 2023 оны 03 сарын 31-ний өдрийн дотор хэсэгчлэн сайн дураараа биелүүлэхийг даалгаж шийдвэрлэжээ.

 

            5. Нэхэмжлэгч талаас “Зөрчлийн тухай хуулиар зөрчлийн шинжийг тодорхойлохдоо тарвага буюу уламжлалт амьтны гаралтай түүхий эдийг тээвэрлэсэн гэж зөрчилд тооцогдох шийтгэлийг оногдуулсан байх ба ийм эрх хариуцагчид байхгүй” гэж тайлбарлаж байх боловч Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт “Хяналт шалгалтыг салбарын улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч хэрэгжүүлнэ”, мөн зүйлийн 10.9.12 дах заалтад “хуульд заасны дагуу Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулах” гэж хуульчилсан байх тул хариуцагч нь шийтгэлийн хуудас бичих, хяналт тавих эрх бүхий албан тушаалтан мөн байна.

       

            6. Маргааны үйл баримтаас үзвэл, хариуцагч улсын байцаагч нь нэхэмжлэгчийн зорчиж явсан тээврийн хэрэгслийн тээшинд авч явсан 180 ширхэг агнасан тарвага байсныг Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4-т “Агнуурын бүс нутгаас бусад газарт, эсхүл амьтныг агнах хориотой үед, эсхүл хориглосон хугацаанд, эсхүл хориглосон арга хэрэгслээр амьтныг барьсан, агнасан, тээвэрлэсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу маргаан бүхий акт болох шийтгэлийн хуудсаар 300 000 төгрөгөөр торгож, нөхөн төлбөрт 20 900 000 төгрөг төлүүлэх шийдвэрлэсэн  байх ба нэхэмжлэгчийн өөрийнх нь өгсөн “... бид гурав мөнгө нийлүүлэн худалдаж авсан, Улаанбаатар хот руу тээвэрлэж яваа” гэх буюу тус асуудалд хамааралтай болохоо өөрөө тайлбарлан мэдүүлсний үндсэн дээр түүнд  ногдуулсан байна.

Мөн тухайн асуудлыг шийдвэрлэхдээ Амьтны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9-д “тарвага, зурам, тэдгээрийн түүхий мах, нойтон болон халдваргүйжүүлээгүй арьсыг хот, тосгонд оруулах”, 11.1.13-т  “агнахыг хориглосон ан амьтны ангийн гаралтай түүхий эдийг худалдах, худалдан авах”-ыг хориглоно гэж тус зааснаар нэхэмжлэгч нь худалдан авсан гэх тарваганы түүхий мах, түүхий эдийг худалдан авсан гээд хот руу тээвэрлэсэн  үйлдэлд нь  холбогдуулж, зөрчлийн хуулиар арга хэмжээ авсан гэж тайлбарлаж байгаад холбогдуулан үзвэл маргаан бүхий акт нь бүхэлдээ хуульд нийцсэн шийдвэр болж чадаагүй гэж үзэхээр байна.

Учир нь хариуцагчаас нэхэмжлэгч Ж.Энхтөмөрт шийтгэл оногдуулахдаа зөрчлийн үндэслэл болгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 07 сарын 30-ны өдрийн А/193 дугаар “Тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг түр хугацаагаар хориглох тухай” тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт “Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгоно” гэж заасны дагуу гаргасан захиргааны хэм хэмжээний акт байх ба захиргааны хэм хэмжээний акт нь Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн захиргааны хэм хэмжээний актыг бүртгэсэн өдрөөс хойш 10 өдрийн дотор “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтлүүлнэ” гэж, мөн зүйлийн 67.2-т “Захиргааны хэм хэмжээний акт нь энэ хуулийн 67.1-д заасны дагуу нийтэлснээр хүчин төгөлдөр болно. Захиргааны хэм хэмжээний актад дагаж мөрдөх хугацааг өөрөөр зааж болно” гэж тус тус заасны дагуу улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн тохиолдолд  маргаан бүхий акт хуульд нийцсэн акт болох байжээ.

Тодруулбал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас авсан Монгол улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны 2023 оны 01 сарын 16-ны өдрийн 3-2/05 дугаар лавлагаагаар[2] “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 07 сарын 30-ны өдрийн А/193 дугаар тушаал нь захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй. Харин Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын  2017 оны 09 сарын 22-ны өдрийн “Тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг түр хугацаагаар хориглох тухай” А/278 дугаар тушаал нь захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэлтэй байна” гэх хариу ирүүлсэн  баримтаар дээрх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 07 сарын 30-ны өдрийн А/193 дугаар “Тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг түр хугацаагаар хориглох тухай” тушаал нь бүртгэдээгүй болох нь тогтоогдож байх тул дээрх шаардлагыг хангаагүй тухайн захиргааны хэм хэмжээний акт эрх зүйн үйлчлэл үйлчлэхгүй, мөн биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд үүрэг, хариуцлага хүлээлгэхгүй тул маргаан бүхий актад заасан гол үндэслэл буюу  хориглосон хугацаанд тарвага, түүний түүхий мах, нойтон болон халдваргүйжүүлээгүй арьсыг хот, тосгонд оруулах, хориглосон ан амьтны ангийн гаралтай түүхий эдийг худалдан авсан, мөн  гэж, хориглосон хугацаанд, тээвэрлэсэн гэж шийтгэлийн хуудас бичсэн нь хуульд нийцсэн акт болж чадаагүй байна.

7. Харин Амьтны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “Агнуурын амьтныг дор дурдсан хугацаанд ахуйн болон тусгай зориулалтаар агнах, барихыг хориглоно”, мөн зүйлийн 9.1.3 дах заалтад “урт сүүлт зурам, тарвагыг жил бүрийн 10 дугаар сарын 16-ны өдрөөс дараа оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэл” агнахыг хориглохоор хуульчилсан байх ба зөрчилд холбогдогч болон нэхэмжлэгч Ж.Энхтөмөр нар нь дээрх хуулиар хориглосон хугацаанд агнагдсан тарвагыг авч явсан эсэх асуудлыг анх илрүүлсэн байгуулллага албан тушаалтнаас шалган тогтоогоогүй харьяалал тогтоон хариуцагчид шилжүүлсэн байна.

8. Дээрх дүгнэлтээр маргаан бүхий актаар асуудлыг шийдвэрлэхдээ хуульд нийцээгүй хэм хэмжээний актыг үндэслэн гаргасан нь хууль ёсны шийдвэр болж чадаагүй нь тогтоогдсон тул, нэхэмжлэлийн шаардлагын нэхэмжлэгч  Ж.Энхтөмөр нь  хүний машинд дайгдаж явсан, асуудалд холбогдолгүй, тарвагыг амьдаар нь ачиж яваагүй, зөрчил хянан шийдвэрлэхдээ хууль журмын дагуу хянан шийдвэрлэх ажиллагааг явуулаагүй гэх зэрэг бусад үндэслэлд холбогдуулан, улмаар зөрчил хянан шийдвэрлэсэн гэх актын бусад үндэслэлүүдийг дүгнэн шийдвэрлэх шаардлагагүй байна.

9. Харин маргааныг шийдвэрлэхдээ маргаан бүхий акт нь бүхэлдээ хуульд нийцсэн шийдвэр болж чадаагүй талаарх дээрх дүгнэлтийг хийсэн бөгөөд харицагч талаас актыг гаргахдаа баримталсан бусад хууль эрх зүйн үндэслэлд холбогдуулан үзэхэд, тухайн зөрчил гэж шийдвэрлэсэн үйл баримтаар нэхэмжлэгчийн зорчиж явсан тээврийн хэрэгсэлд тээвэрлэгдэж байсан агнагдсан тарвага /тулам/ гэх зүйлийг хариуцагч хураан авч, тухайн төрлийн ан, амьтны гаралтай мах, түүхий эдийг  ЗООНОЗ  өвчин судлалын үндэсний төвд шилжүүлсэн, улмаар тус өвчин судлалын үндэсний төвийн 2022 оны 09 сарын 19-ний өдрийн 1б/467 дугаар албан бичигт[3] “... хураагдсан 155 бие гүйцсэн эр, 25 бие гүйцсэн эм нийт 180 ширхэг тарвагыг ... устгалд оруулсан болно” гэж дурдсаны дагуу устгалд оруулан шийдвэрлэсэн гэх бөгөөд энэ асуудалд хариуцагчийн үйлдэл хуульд нийцсэн гэж үзэхээр байна.

Тодруулбал,  Амьтны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9-д “тарвага, зурам, тэдгээрийн түүхий мах, нойтон болон халдваргүйжүүлээгүй арьсыг хот, тосгонд оруулах”, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Энэ хуулийн 25.3-т заасан тодорхойлолт аваагүй амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг худалдах, худалдан авахыг хориглоно” гэж заасан байх бөгөөд 25 дугаар зүйлийн 25.3-д нь “Ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг худалдах иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тухайн сум дахь байгаль хамгаалагч гарал үүслийн тодорхойлолт /цаашид "тодорхойлолт" гэх/ олгоно” гэж заасан байх тул хариуцагч төрийн хяналт шалгалыг хэрэгжүүлэх эрх бүхий улсын байцаагчийн хувьд нэхэмжлэгчийн “... тарвага /тулам/ худалдан аваад ... Улаанбаатар хот орохоор явж байгаад Төв аймгийн Лүн сумын Замын цагдаагийн постон дээр саатуулагдан шалгагдсан ...” гэх мэдүүлэг[4], мөн шүүх хуралдаанд “180 ширхэг туламд гарал үүслийн бичиг, холбогдох баримт байгаагүй” гэсэн тайлбар зэргээр үйл баримт тогтоохдох учир энэхүү хуулиар гарал үүслийн гэрчилгээгүй тарвага, тэдгээрийн түүхий мах, арьсыг Улаанбаатар хотод буюу хот, суурин газар нэвтрүүлэхийг хориглох тул тухайн үед хураан авч устгалд оруулсан нь хуульд нийсэн үйлдэл тул тус тарвага /түүний түүхий эд/-ыг буцаан олгох, түүнчлэн нэхэмжлэгч нь хариуцагчаас түүний нөхөн төлбөрийг гаргуулах, нэхэмжлэх үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагчаас гаргасан Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2022 оны 09 сарын 09-ний өдрийн 0048591 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосноор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт “Баримт бичиг, эд юмсыг хураах тухай захиргааны актыг цуцалсан, эсхүл хүчингүй болгосон тохиолдолд уг баримт бичиг, эд юмсыг буцаан өгөхийг шаардах эрхтэй”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дах хэсэгт “Захиргааны үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан нь тогтоогдвол нөхөн төлүүлэх ба хохирлын хэмжээний талаар маргаан гарч хамтатган нэхэмжлээгүй бол иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлнэ” гэж заасны дагуу зөрчилд холбогдогчийн тээвэрлэж явсан тарвага /түүний түүхий эд/-ыг буцаан олгох үр дагавар үүсэж болзошгүй ба энэ маргааны тухайд нэхэмжлэгчийн маргаж буй актад хамаарах дээрх зүйл нь хуулиараа худалдан авах, хот суурин газар оруулахыг хориглосон, улмаар зориулалтын бусаар хадгалсан нөхцөлд гоц халдварт өвчин үүсгэх эрсдэлтэй нийтэд илэрхий зүйл учир хариуцагчаас дээрх арга хэмжээ авсан нь хуульд нийцсэн үйлдэл гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймээс Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.3 дах хэсэгт “Энэ хуулийн 67.2-т заасан шаардлагыг зөрчсөн тохиолдолд тухайн захиргааны хэм хэмжээний акт эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй бөгөөд биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд үүрэг, хариуцлага хүлээлгэхгүй” гэж заасны дагуу шийтгэлийн хуудасаар арга хэмжээ авах үндэслэл болгосон захиргааны хэм хэмжээний акт нь хүчин төгөлдөр бус байх тул хариуцагчаас Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2022 оны 09 сарын 09-ний өдрийн 0048591 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 113 дугаар зүйлийн 113.1 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2, 67.3, Амьтны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9, 12 дугаар зүйлийн 12.1, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Төв аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Лүн сум дахь Байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Батцэцэгийн 2022 оны 09 сарын 09-ний өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 0048591 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Энхтөмөр олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

   ДАРГАЛАГЧ,

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.ЗОРИГТБААТАР

 

 

[1] Хавтаст хэргийн 5 дах тал

[2] Хавтаст хэргийн 209 дэх тал

[3] Хавтаст хэргийн 155 дах тал

[4] Хавтаст хэргийн 153 дах тал