Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 51

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                              

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

    

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн дарга: Г.Нямаа

Шүүгчийн туслах Н.Бат-Эрдэнэ

Улсын яллагч: Д.Баянмөнх

Хохирогч Д.Жаргалсайхан

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Лхам

Шүүгдэгч: Ш.Батсүх нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 20.15 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Батсүхэд холбогдох 201712000103 тоот хэргийг 2017 оны 8 сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнот аймгийн Хэрлэн суманд 1984.12.24-нд төрсөн, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, “Содон” тавилгын үйлдвэрт мужаан ажилтай гэх,  ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9-р баг Мандалын 1-20 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:ЖЮ84122470/ Хатагин овогт Шагдарсүрэнгийн Батсүх нь орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгах буюу Эрүүгийн хуулийн 20.15 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Ш.Батсүхийн эзэмшлийн нохой 2017 оны 6 сарын 9-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9-р баг Мандалын 1-7 тоот хашаанд иргэн Д.Жаргалсайханыг  урж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь дараах баримтаар тогтоогдож байна. Үүнд:

  • Шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн: 2017 оны 6 сарын 9-ний өдөр Д.Жаргалсайхан ах бид хоёр өглөө эрт паспорт хөөцөлдөж Сайнцагаан сумын тамгын газар орсон. Эргээд явж байхдаа архи хувааж уусан. Би гэртээ ирээд өдөр унтаж байгаад гараад явсан. Гудамжинд нохой сул явж байсан. Би нохойгоо Д.Жаргалсайхан ахын гэрийнх нь хошлонгоос уяад дэлгүүр яваад, ирэхэд нохой  Д.Жаргалсайхан ахыг урсан гээд орон дээрээ нүүр нь цус болсон хэвтэж байсан гэх мэдүүлэг.
  • Хохирогчийн шүүх хуралдаанд өгсөн: 2017 оны 6 сарын 9-ний өдөр байх. Энэ хүүтэй хоёулаа сумын захиргаа орж паспорт авах гээд явсан. Зүүн хойно дүү охины гэрт очсон. Таньдаг хүн таараад шил архи уусан. Би нилээд халсан. Гэртээ иртэл дүү хүү гэртээ харилаа гээд явсан. Би унтаж байгаад бие засах гээд гартал том юм над руу дайрсан. Гомдолгүй гэх мэдүүлэг.
  • Хохирогч Д.Жаргалсайхан мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “Би Сайнцагаан сумын 9-р баг Мандалын 1-7 тоотод эхнэртэйгээ хамт 2 монгол гэрт амьдардаг. Би хаяадаа баруун гэртээ байдаг. Тэгээд 2017.06.09-ний өглөө би Ш.Батсүхтэй хамт төв орчихоод өдөр гэртээ ирээд байж байсан юм. Тэгсэн орой цагийг нь сайн санахгүй байна. Ш.Батсүх том улаан халтар зүстэй нохойгоо дагуулж ирээд баруун гэрийн зүүн урд талаас уяад гэрт орж ирээд хэсэг байж байгаад баруун цагаан дэлгүүр орж архи авна гээд явсан юм. Явахдаа нохойгоо орхиод явсан юм. Тэгээд би гарч бие засах гээд гартал үүдэнд уяатай байсан Ш.Батсүхийн нохой үсэрч ирээд миний зүүн нүднээс хазаад авсан тэгсэн миний нүднээс цус гоожсон. Тэгээд би нохойг түлхэж холдуулаад зүүн гэрт байх эхнэр дээрээ очиж түргэн дуудуулсан юм гэх мэдүүлэг. /хх-6/;
  • Гэрч Ц.Нэргүй мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “би 2017.06.09-ний өдөр манай нөхрийг Батсүх гэх залуу дагуулаад гараад явсан. Тэгээд үдийн үед цагийг нь сайн санахгүй байна. Манай нөхөр Жаргалсайхан халамцуухан архи уусан шинжтэй ирсэн. Тэгээд гэртээ байж байтал Батсүх өөрийнхөө монгол банхар нохойг дагуулаад ирсэн юм. Манайх хашаандаа 2 гэртэй. Зүүн гэрт нь би байсан. Баруун гэрт манай нөхөр байсан. Батсүх шууд баруун гэр лүү орсон. Тухайн үед би гэртээ байсан юм. Хэсэг хугацааны дараа орой 19-20 цагийн   үед манай нөхөр намайг хашигараад дуудсан. Тэгэхээр нь нь би хүрээд очтол манай нөхөр зүүн нүдээ нохойд уруулчихлаа, нүд харахаа больчихлоо гээд нүднээс нь цус гойжоод байсан юм. Тэгээд түргэн дуудаж үзүүлсэн гэх мэдүүлэг. /хх-7/;
  • Шинжээчийн 2017.06.15-ны өдрийн 170200175 дугаартай дүгнэлтэд: Д.Жаргалсайханы биед зүүн нүдний нэвтэрсэн шарх, харахгүй буюу хараа “0” болсон, зүүн дээд, зовхи хөмсгөнд шарх, чамархайд зулгарсан гэмтэл тогтоогдлоо. Зүүн нүдний нэвтэрсэн шарх, харахгүй буюу хараа “0” болсон гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.5.1-д ерөнхий хөдөлмөрийн чадварт их хэмжээгээр алдагдуулах учир гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Зовхи болон хөмсөгт үүссэн шарх нь гэмтлийн хөнгөн зэрэгт, зуларсан гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтэл нь ирмэг үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүснэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 65 хувиар нөлөөлнө гэжээ. /хх-10/;
  • Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн 97 тоот өвчний түүхэнд “Мэс заслын өмнөх онош: Зүүн нүдний нэвтэрсэн гэмтэл, нүдний агууламж гарсан, нүдний салстын урагдалт. Мэс заслын дараахь онош: шархны анхдагч цэгцлэлт” гэжээ./хх-12-18/;
  • Нохойны гэрэл зураг / хх-27/
  • Дундговь аймгийн хот тохижуулах газрын 2017.06.30-ны өдрийн 6/54 тоот албан бичигт: Сайнцагаан сумын 9-р багийн иргэн Шагдарсүрэнгийн Батсүх албан ёсны бүртгэлгүйгээр монгол банхар нохой тэжээдэг байсан бөгөөд уг нохой нь 2017 оны 6-р сарын 9-ний өдөр зохих хамгаалалтгүй байснаас хүн урж биед нь гэмтэл учруулсан тул 2017.06.15-ны өдөр Мандалын 1-20 тоот хаягт очиж тухайн нохойг устгуулсан болно. Жич: тухайн нохойг устгасан баримт байхгүй болно гэжээ. /хх-28/

              Дээрх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад баримтыг  хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэллээ.

          Шүүгдэгч Ш.Батжав нь өөрийн эзэмшлийн нохойг зохих хамгаалалтгүйгээр гэрийн хошлонгоос уяж орхисны улмаас гэрээс гарч ирсэн хохирогч Д.Жаргалсайханы нүүрэн тус газарт нь урж бие махбодид нь хүнд гэмтэл учруулсан нь шүүгдэгчийн өөрийнх нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч Д.Жаргалсайханы мэдүүлэг /хх-6/, шинжээчийн 2017.06.15-ны өдрийн 170200175 дугаартай дүгнэлт болон өвчний түүх, Хот тохижуулах газрын тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Мал, амьтан өмчлөгч нь өмчлөх эрхээ хэрэгжүүлэхдээ мал, амьтан, байгаль орчныг хамгаалах, эрүүл ахуйн шаардлага, бусдын аюулгүй байдлыг хангах талаар тогтоосон журмыг сахин биелүүлэх үүрэгтэй.

              Шүүгдэгч Ш.Батжав нь орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй буюу хошуувчгүйгээр гэрийн үүдэнд орхисны улмаас хүний бие махбодид хүнд гэмтэл учирсан нь Эрүүгийн хуульд заасан орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгах гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулж байх тул гэм буруутайд тооцож ял оногдуулах үндэслэлтэй байна.

               Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1-д “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох гэм буруутай хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заажээ.

               Шүүгдэгч Ш.Батжав нь 2017 оны 7 сарын 1-нээс өмнө буюу 6 сарын 9-ний өдөр гэмт хэрэг үйлдсэн, түүнийг Эрүүгийн хуулийн /2002 оны/ 201 дүгээр зүйлийн 201.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаад прокурорын 2017.07.17-ны өдрийн тогтоолоор Эрүүгийн хуулийн /2015 оны/ 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан /хх-41/ нь буруу байна. Учир нь: прокурор энэхүү тогтоолдоо хууль буцаан хэрэглэж байгаа үндэслэлээ тодорхойлоогүй, мөн хоёр эрүүгийн хуулийн холбогдох заалтыг харьцуулан шалгахад шинээр торгуулийн ял нэмэгдэж оногдуулах ял хүндэрч, шүүгдэгчийн эрх зүйн байдал дордохоор байна.

               Иймд Эрүүгийн хуулийн /2015 оны/ 1.9 дүгээр зүйлийн 2-т заасан “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” зарчмыг үндэслэн прокуророос ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэлийг гэмт хэрэг үйлдсэн үеийн эрүүгийн хуульд нийцүүлэн өөрчлөх нь зүйтэй байна.

               Иргэний хуулийн 501 дүгээр зүйлийн 501.1-д “Амьтны үйлдлээс хүний амь нас, эрүүл мэндэд учирсан гэм хорыг тухайн амьтныг өмчлөгч буюу эзэмшигч хариуцна” гэж заасан тул шүүгдэгч Ш.Батжав нь хохирогч Д.Жаргалсайханы эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгах үүрэгтэй байна. Хохирогч Д.Жаргалсайхан нь эд зүйл төлбөр нэхэмжлээгүй ба төлбөрийг нотлох баримт шүүхэд гаргаж өгөөгүй байна. Хохирол төлбөр нэхэмжлэх эсэх нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийн эрхийн асуудал учраас шүүх энэ талаар шийдвэр гаргах боломжгүй байна. Харин шүүгдэгчийн хууль бус эс үйлдэхүйн улмаас хохирогчийн зүүн нүд хараагүй болсон, энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалт 65 хувиар тогтоогдсон хүнд зэргийн гэмтэл учирсан тул Д.Жаргалсайхан нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын төлбөрийг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэлээ.

               Хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тайлбарлая.

               Шүүгдэгч Ш.Батжав нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт холбогдсон, хохирогч нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдолгүй, ялгүй гаргаж өгөөч гэсэн хүсэлт тавьж байгаа зэргийг харгалзан Ш.Батжавт Эрүүгийн хуулийн /2002 оны/ 201 дүгээр зүйлийн 201.2-т заасан ялаас хорих ялыг сонгон хэрэглэж, хорих ялыг биечлэн эдлүүлэлгүйгээр нийгэм, хамт олны дунд засарч хүмүүжих боломж олгохоор шийдлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

  1. Шүүгдэгч Хатагин овогт Шагдарсүрэнгийн Батсүхийг орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2, 1.6 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Ш.Батсүхэд Эрүүгийн хуулийн 20.15 дугаар зүйлийн 2-т зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн /2002 оны/ 201 дүгээр зүйлийн 201.2 болгон өөрчилсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн /2002 оны/ 201 дүгээр зүйлийн 201.2-т зааснаар Хатагин овогт Шагдарсүрэнгийн Батсүхэд 1 /нэг/  жилийн хугацаагаар  хорих ял оногдуулж шийтгэсүгэй. 
  4. Эрүүгийн хуулийн /2002 оны/ 52 дугаар зүйлийн 52.5, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2017 оны/ 198 дугаар зүйлийн 198.2-т зааснаар Ш.Батсүхэд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангийн энгийн зэрэглэлд эдлүүлсүгэй.  
  5. Шүүгдэгч Ш.Батсүх нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хохирогч Д.Жаргалсайхан хохирол төлбөр нэхэмжлээгүй, эд зүйл хурааж, битүүмжлүүлээгүй болохыг тус тус дурьдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-т зааснаар хохирогч Д.Жаргалсайхан нь эрүүл мэндэд учирсан гэм хор арилгуулах нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар Ш.Батсүхээс нэхэмжлэх эрхтэйг заасугай.
  7. Эрүүгийн хуулийн /2002 оны/ 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар энэхүү шийтгэх тогтоолоор Ш.Батсүхэд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, хяналт тавихыг Дундговь аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.   
  8. Энэхүү шийтгэх тогтоол нь  уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл  шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
  9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ш.Батсүхэд урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                             

 

 

 

                        ДАРГАЛАГЧ                                    С.СЭРЖМЯДАГ