Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Банзрагч |
Хэргийн индекс | 128/2017/0843/З |
Дугаар | 170 |
Огноо | 2018-04-16 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 170
“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын
Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Ч.Тунгалаг
Шүүгчид: Б.Мөнхтуяа
Д.Мөнхтуяа
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Г.Банзрагч
Нарийн бичгийн дарга: У.Батцэцэг
Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 460 дугаар шийдвэрийн “Г” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, хуульд заасан журмын дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах”
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2017/961 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 221/МА2018/0108 дугаар магадлал,
Шүүх хуралдаанд оролцогч:
Нэхэмжлэгч: төлөөлөгч Б.Г,
Хариуцагч: итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э нар,
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Г-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2017/961 дүгээр шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.15, 11.1.16, 19 дүгээр зүйлийн 19.5, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.12, 30 дугаар зүйлийн 30.1.13-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Г” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 221/МА2018/0108 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2017/0961 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “11.1.15”, “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.12, 30 дугаар зүйлийн 30.1.13” гэснийг хасч, “19.5” гэснийг “19.6” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. Манай компани нь 2014 оны Засгийн газрын 239 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан бүх яамдаас санал авч боловсруулсан хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбилцолд шинээр хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст цахим хэлбэрээр өргөдлийн NЕ027203 дугаар аван Төв аймгийн Бүрэн сумын Баян-Өндөр нэртэй 7229.56 гектар талбайд хүсэлт гаргасан. Уг хүсэлтийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс хянаж олгох боломжтой гэж үзэж Төв аймгийн Засаг даргад хүсэлт илгээсэн. Гэвч 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Төв аймгийн Засаг дарга дээрх газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй тухай саналыг ирүүлсэн байдаг.
4. Төв аймгийн Засаг даргын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй тухай саналыг манай компанийн зүгээс хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.А-д хүсэлт илгээсэн. Энэхүү хүсэлтийг хүлээн авч хянан үзээд 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 3/1210 дугаартай Ашигт малтмал газрын дарга Д.Ү-д “Г” ХХК-иас ирүүлсэн хүсэлтийг судлан хуулийн дагуу шийдвэрлэн ажиллах нь зүйтэй гэсэн хариу хүргүүлсэн байдаг. Тодруулбал, Ашигт малтмалын хухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасныг Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 09 дүгээр тогтоолын 10-д тайлбарласны дагуу “Г” ХХК-ийн хүсэлтийг шийдвэрлэх чиглэлийг өгсөн байдаг.
5. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 460 дугаар шийдвэрээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзан шийдвэрлэсэн бөгөөд аймгийн Засаг даргын дэмжихгүй гэсэн саналыг үндэслэн гаргасан байдаг. Гэтэл Төв аймгийн Засаг даргын дэмжихгүй гэсэн саналын хууль зүйн үндэслэл нь Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.1, 52 дугаар зүйлийн 52.2, 52.7, Усны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасныг баримтлан татгалзсан байна.
6. Бидний хайгуулийн тусгай зөвшөөрөл хүссэн талбайг эрх бүхий байгууллагууд хэлэлцэн тогтоосон байх бөгөөд манай компанийн хүсэлт гаргасан талбайд ямар ч нуур, цөөрөм байдаггүй байгаад уг баримтыг анхан шатны шүүхэд гаргаж өгсөн билээ. Ашигт малтмалын газар нь дээд шатны байгууллагаас өгсөн чиглэлийн дагуу болон Ашигт малтмалын тухай хууль, Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 09 дүгээр тогтоолын дагуу өөрт олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд тусгай зөвшөөрлийг олгох боломжтой байсан гэж бидний зүгээс үзэж байгаа болно.
7. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс “...газрын тухай хуулийн холбогдох заалтуудад үндэслэсний дээр татгалзлын үндэслэлийг нотлох баримтаар хавсаргаж ирүүлсэн нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасан үндэслэлд хамаарахаар байх тул” гэж дүгнэж байгаа нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.
8. Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 09 дүгээр “Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 10-т уг хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасан “...татгалзсан хариу өгч болно” гэдгийг Ашигт малтмалын тухай хууль болон бусад хуулиар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан, түүнчлэн эрх бүхий байгууллагаас тухайн талбайг холбогдох хуулийн дагуу нөөцөд болон тусгай хэрэгцээнд авсан зэргийг үндэслэл болгож, тусгай зөвшөөрөл олгох боломжгүй тухай шийдвэрийг мэдэгдэл ирүүлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхийг ойлгоно гэж тайлбарласан байна.
9. Хэрэгт Монгол Улсын Уул уурхайн яамны 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 3/1210 дугаар албан бичиг, Төв аймгийн Засаг даргын 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал”, нуур, цөөрөм байхгүй талаар зураг зэрэг нотлох баримтууд авагдсан байгаа.
10. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасан бөгөөд анхан шатны шүүхээс дээрх нотлох баримтыг үнэлэхгүйгээр хариуцагчийн татгалзсан шийдвэр нь хуульд нийцсэн гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй байх бөгөөд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг хангахгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.
11. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
12. Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулан шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.
13. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйл нь бүхэлдээ хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргах ажиллагааны журмыг зохицуулсан бөгөөд энэ нь хэд хэдэн цуврал шийдвэрээс бүрдэж байна. Тэдгээрийн зарим нь эрх зүйн үр дагаваргүй дотоод акт бол харин зарим нь бие даасан эрх зүйн үр дагавартай захиргааны акт байна. Тухайлбал, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.2, 19.2.5-д заасан саналыг дэмжсэн хариу өгсөн бол төрийн захиргааны байгууллага тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргаж...” гэснээс үзвэл Засаг даргын дэмжсэн санал нь төрийн захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрөл олгох шийдвэрийн эрх зүйн шууд үр дагавар нь болж байна. Эндээс, хэрэв Засаг дарга татгалзсан бол төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрөл олгож болохгүй гэсэн логик дүгнэлт /тайлбар/ хийж болохоор байна. Ийнхүү Засаг дарга татгалзсанаараа, төрийн захиргааны байгууллагаас гаргах шийдвэр нь Засаг даргын саналаас шууд хамааралтай байгаагаараа Засаг даргын санал нь бие даасан эрх зүйн үр дагавар (зохицуулалт) бүхий захиргааны акт болно. Харин төрийн захиргааны байгууллага Засаг даргын саналын эсрэг шийдвэр гаргавал тэр нь бие даасан эрх зүйн үр дагавартай акт болох юм.
14. Энэхүү хэргийн хувьд нэхэмжлэгчийн “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 460 дугаар шийдвэрийн “Г” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, хуульд заасан журмын дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон хяналтын журмаар гаргасан гомдлын гол агуулгаа /тогтоолын Тодорхойлох хэсгийн 3-5, 8-10/ “Төв аймгийн Засаг даргын дэмжээгүй санал нь хуульд үндэслээгүй” гэж тодорхойлсон атлаа Засаг даргын санал болох захиргааны актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, иймээс Төв аймгийн Засаг дарга нь энэхүү хэргийн хариуцагч биш байх тул түүний санал хууль зөрчсөн гэсэн гомдлын үндэслэлд хяналтын шатны шүүхээс дүгнэлт өгөх боломжгүй байна.
15. Дээр дурдсанчлан, маргаан бүхий акт болох Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 460 дугаар шийдвэрийн “Г” ХХК-д холбогдох хэсэг нь Төв аймгийн Засаг даргын “дэмжээгүй санал”-д шууд үндэслэсэн тул хариуцагчийн шийдвэр хууль бус гэж үзэх үндэслэлгүй, Засаг даргын саналын үр дагаварыг хариуцагч хүлээхгүй тул тогтоолын Тодорхойлох хэсгийн 6-д заасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй.
16. Анхан шатны шүүх “Засаг даргын санал Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасан үндэслэлд хамаарахаар байх тул” гэж нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтрүүлэн дүгнэлт хийснийг давж заалдах шатны шүүхээс засаж, шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан байх тул энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 7-д заасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлоор шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй.
17. Анхан шатны шүүх шийдвэрийн Тогтоох хэсгийн 1-д нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой бичээгүй алдаа гаргасан болохыг тэмдэглэж байна. Гэхдээ энэхүү бичиглэлийн алдаа нь шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгох үндэслэл болохгүй.
18. Иймд, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 221/МА2018/0108 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ
ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ