Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2016/00873

 

М.Одонтунгалаг, Мендоза Нативидад Оскар Мануел нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

           2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2016/01861 дүгээр шийдвэр,

  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

           2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 931 дүгээр магадлалтай,

М.Одонтунгалаг, Мендоза Нативидад Оскар Мануел нарын нэхэмжлэлтэй,

            Я.Энхээд холбогдох       

     Компанийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээнүүдээс тус тус татгалзаж, 180.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баясгалангийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн           

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баясгалан, Б.Хэрлэнчимэг, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Майкл Жон О.Майллей /Michael John O.Malley/-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Билэгсайхан, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

    Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярхүү, Б.Цолмонбаатар нарын гаргасан тайлбарт: “Мексик улсын иргэн Оскар болон М.Одонтунгалаг нар нь “Силкроуд Мэжик" ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Я.Энхээтэй харилцан тохиролцож Оскар тус компанийн нийт хувьцааны 24 хувийг буюу нэг бүр нь 1 000 000 төгрөгийн үнэ бүхий 96 ширхэг хувьцааг 96 000 000 төгрөгөөр, М.Одонтунгалаг нь 21 хувийг буюу 84 ширхэг хувьцааг 84 000 000 төгрөг, нийт 180 000 000 төгрөгөөр худалдан авахаар болж, 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Компанийн хувьцаа худалдах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээнүүдийг тус тус байгуулан, хуульд заасан шаардлагын дагуу нотариатаар батлуулсан. Улмаар Компанийн хувьцаа худалдах гэрээний 2 дугаар зүйлд заасны дагуу төлбөр болох 180 000 000 төгрөгийг “Монголиан фронтиер фанд”-аар дамжуулж Я.Энхээд төлсөн. Уг нь Оскар, М.Одонтунгалаг, Я.Энхээ нар нь Мексикан гэдэг ресторан ажиллуулах зорилготой байсан. Гэвч Я.Энхээ нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, Оскар, М.Одонтунгалаг нарыг хувьцаа эзэмшигчээр бүртгүүлээгүй болох нь Улсын бүртгэлийн газар, Татварын газраас ирсэн баримтуудаас харагдаж байгаа юм. Түүнчлэн нэхэмжлэгч нар нь гэрээнд заасны дагуу “Силкроуд Мэжик” ХХК-ийн дүрмийн өөрчлөлтийг Компанийн тухай хуульд заасны дагуу Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлээгүй, Компанийн хувьцаа болон түүнд хамаарах эрхийг эзэмших ашиглах эрхийг олгоогүй, ямар нэгэн шийдвэр гаргах, ногдол ашиг авах боломж өгөөгүй буюу одоог хүртэл нэхэмжлэгч нар нь компанийн хувь эзэмшигчийн хувьд Компанийн тухай хуульд заасан аль ч эрхээ хэрэгжүүлж чадаагүй байна. Тийм учраас бид Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээнээс татгалзаж байна. Гэрээнээс татгалзах тухайгаа хариуцагчид удаа дараа амаар хэлж байсан, энэ талаар цахим шуудангаар хандаж байсан. Энэ нь хариуцагч талаас гаргаж өгсөн баримт, эвлэрлийн гэрээний төслөөс харагдаж байгаа. Уг нь бид эвлэрэх асуудал ярьж байсан боловч үр дүнд хүрээгүй. Я.Энхээ нь гагцхүү гуравдагч этгээд О.Майллейгийн хувьцааны үнийг суутгаж авах асуудал тавьж байгаа нь үндэслэлгүй. О.Майллейгийн асуудал тусдаа учир тусдаа шийдвэрлүүлэх боломжтой. Тийм учраас хувьцааны үнэд шилжүүлсэн 180 000 000 төгрөгийг хариуцагч Я.Энхээгээс гаргуулж өгнө үү” гэжээ.

             Хариуцагчийн болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баясгалангийн гаргасан хариу тайлбарт: “Я.Энхээ нь “Силкроуд Мэжик” ХХК-ийн үүсгэн байгуулагч, компанийн 100 хувийн хувьцаа эзэмшдэг. Я.Энхээ нь 2013 онд 8 сард “Силкроуд Мэжик” ХХК-ийн хувьцааны 45 хувийг 180 000 000 төгрөгөөр EMP Mongolia Frontier Fund /И Эм Пи Монголиан фронтиер Фанд/-д худалдахаар тохиролцсон. Харин Хувьцаа худалдах гэрээ болон эрх шилжүүлэх гэрээг нотариатаар батлуулах үед буюу 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдөр компанийг гадаадын хөрөнгө оруулалттай компани болгож бүртгүүлэхгүйн үүднээс “Силкроуд Мэжик” ХХК-ийн хувьцааны 24 хувийг Мексик Улсын иргэн Мендоза Нативидад Оскар Мануэлийн нэр дээр, 21 хувийг Монгол Улсын иргэн М.Одонтунгалагийн нэр дээр шилжүүлэхээр EMP Mongolia Frontier Fund /И Эм Пи Монголиан фронтиер Фанд/-аас санал гаргасныг би тухайн үед нь зөвшөөрөөд тэдгээртэй тус тусд нь хувьцаа худалдах гэрээ болон эрх шилжүүлэх гэрээг байгуулсан. Гэрээ байгуулсаны маргааш буюу 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдөр EMP Mongolia Frontier Fund /И Эм Пи Монголиан фронтиер Фанд/-аас 180 000 000 төгрөгийг хүлээж авсан. Үүнээс хойш хувьцааны өөрчлөлтийг бүртгүүлэхээр Я.Энхээ нь дүрэм, гэрээний төслийг хуульчаар бэлтгүүлсэн байсан бөгөөд тэдгээрийг баталж бүртгүүлэх асуудлыг EMP Mongolia Frontier Fund, /И Эм Пи Монголиан фронтиер Фанд/  Оскар, М.Одонтунгалаг нарт удаа дараа тавьж байсан ч ирж уулзахгүй байсаар хугацаа алдсан. Бүртгэлийг одоо хүртэл хийлгээгүй нь тэднээс шалтгаалсан бөгөөд би бүртгүүлэхгүй гэж эсэргүүцсэн зүйл байхгүй. Гэтэл Оскар 2013 оны 9, 10 сарын үеэр компанийн хувьцааг Австрали Улсын иргэн О.Маллейд 96 000 000 төгрөгөөр дамжуулан худалдсан байсныг Я.Энхээ хожим мэдэж авсан. О.Маллей нь “Силкроуд Мэжик” ХХК-д 96 000 000 төгрөгийн хувьцаа эзэмшлээ баталгаажуулах шаардлагыг Я.Энхээд тавьдаг. Үүнтэй холбоотойгоор хувьцаа эзэмшлийг бүртгүүлэхэд маргаан гарсан гэдгийг Оскар, М.Одонтунгалаг нар өөрсдөө сайн мэдэж байгаа. Өөрөөр хэлбэл Я.Энхээ гэрээний үүргийг зөрчсөн бус харин нэхэмжлэгч нар нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.3-т зааснаар өөрсдөө зөрчсөн Компанийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлэхийн тулд бүгдээрээ байж хурлаа хийнэ, шийдвэрээ гаргах ёстой. Гэтэл Оскар, М.Одонтунгалаг нар нь знэ үүргээ биелүүлээгүй, зөвхөн Я.Энхээ л энэ бүгдийг хийх юм шиг хандсан. Тэгээд ч компанийн хувьцаа эзэмшигч болоогүй, албан ёсоор улсын бүртгэлд бүртгэгдээгүй байхад хувьцааг Я.Энхээд мэдэгдэлгүй, түүний зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд худалдсан юм. Энэ бүгдээс болж маргаан үүссэн учир бүртгэл хийгдээгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

         Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Майкл Жон О.Майллей /Michael john OMaiiy/-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Билэгсайханы гаргасан тайлбарт: “Австрали Улсын иргэн Майкл Жон О.Майллей нь 2013 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Оскар Мануелээс 4 хувь буюу 1 бүр нь 2.400.000 төгрөгийн үнэ бүхий 16 ширхэг хувьцааг 38.400.000 төгрөгөөр, М.Одонтунгалагаас мөн өдөр 6 хувь буюу 1 бүр нь 2.400.000 төгрөгийн үнэ бүхий 24 ширхэг хувьцааг 57.600.000 төгрөгөөр тус тус худалдан авч, үүнийхээ дагуу мөнгийг шилжүүлсэн байдаг. Компанийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлье гэдэг асуудлыг Я.Энхээд тавьсан. Өөрөөр хэлбэл бидний эрх, ашиг хөндөгдөж байна гэж үзэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээдээр орж ирсэн. О.Майллей нь тус шүүхэд хандаж Оскар, М.Одонтунгалаг нарт холбогдуулж энэ хувьцаатай холбоотойгоор нэхэмжлэл гаргасан боловч хаяг тодорхойгүй гэж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Бидний хувьд Оскараас мөнгөө авах боломжгүй, хаяг нь хаана байгаа нь мэдэгдэхгүй болсон. Өөрөөр хэлбэл Оскар, М.Одонтунгалаг нар нь компанийн хувьцаа эзэмшигч болоогүй байхдаа хувьцааг дамлаж зарснаар гэрээнийхээ үүргийг зөрчсөн байгаа юм. Тэгээд ч нэхэмжлэгч нар нь гэрээнээс татгалзсан гэж байгаа боловч энэ талаарх бичгийн баримт байхгүй. Иргэний хуулийн 204, 205 дугаар зүйлийг хэрхэн хэрэгжүүлсэн нь тодорхойгүй байна. Түүнчлэн компанийн хувьцааг бусдад зарж байгаа бол Компанийн тухай хуульд зааснаар тэргүүн ээлжинд Я.Энхээд мэдэгдэх ёстой байхад энэ талаар огт мэдэгдээгүй. Өөрөөр хэлбэл Я.Энхээ гэрээний үүргээ зөрчсөн гэдэг нь харагдахгүй байна. Тиймээс нэхэмжлэгч нар нь гэрээнээс татгалзах эрхгүй гэж үзэж байна” гэжээ.

         Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд И Эм Пи Монголиан фронтиер Фанд /EMP Mongolia Frontier Fund/-ын төлөөлөгч Т.Сэргэлэн шүүхэд ирүүлсэн тайлбарт: “Манай сан нь Силк роуд мэжик” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Я.Энхээд хувьцаа худалдан авсан Оскар, М.Одонтунгалаг нарын 180 000 000 төгрөгийг тэдний өмнөөс түүний Хаан банкны дансанд шилжүүлэн төлсөн. Одоо Оскар, М.Одонтунгалаг нар энэхүү мөнгийг Я.Энхээгээс буцаан шаардаж байгаа явдалд манай сангийн зүгээс татгалзах зүйлгүй. Мөн шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул гуравдагч этгээдийг байлцуулахгүйгээр хуралдааныг хийж өгнө үү” гэжээ.

          Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2016/01861 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Я.Энхээгээс 180 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Мендоза Нативидад Оскар Мануелд 96 000 000 төгрөгийг, нэхэмжлэгч М.Одонтунгалагт 84 000 000 төгрөгийг тус тус олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас тэмдэгтийн хураамжид төлсөн 1 215 900 /637 950+577 950/ төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Я.Энхээ /“Силкроуд мэжик ХХК”/-ээс 1 215 900 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Мендоза Нативидад Оскар Мануелд 637 950 төгрөг, нэхэмжлэгч М.Одонтунгалагт 577 950 төгрөгийг тус тус олгож шийдвэрлэжээ.

           Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 931 дүгээр магадлалаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2016/01861 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баясгалангийн хяналтын журмаар гаргасан гомдолд: “Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2016/01861 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 сарын 11-ний 931 дүгээр магадлалд хариуцагч Я.Энхээгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баясгалангийн зүгээс дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Шүүх Иргэний хуулийн 205.1-ийг үндэслэн нэхэмжлэгчдийг татгалзсаны үндсэн дээр хариуцагч татгалзлалыг хүлээн зөвшөөрсөн гэж үнэлж байгаа нь бодит байдалтай нийцэхгүй дүгнэлт гаргасанд гомдолтой байна. Иргэний хуулийн 204.1-д заасан гэрээнээс татгалзах тухай нэхэмжлэгч нар өмнө нь хариуцагчид мэдэгдэж байгаагүй, гэрээнээс татгалзах журам зөрчсөн. Гэрээнээс татгалзах саналыг Оскар, М.Одонтунгалаг нарын зүгээс өмнө нэг ч удаа Я.Энхээд бичгээр болон амаар гаргаж байгаагүй тул татгалзах журмыг зөрчсөн байна. Хэрэгт авагдсан харилцсан албан тоот нь Я.Энхээгийн зүгээс энэ гэрээг хэрэгжүүлэхийн тулд ямар саад учраад байгаа, яаж шийдэх боломжууд болоод ОМаллейтай байгуулсан хувьцаа худалдах гэрээг цуцалж, байдлыг хэвийн болгох тохиолдолд татгалзаж болох санал гаргасан ч нэхэмжлэгч талаас энэ талаар ямар ч арга хэмжээ аваагүй, одоо хүртэл О.Маллейтай байгуулсан гэрээг хүчин төгөлдөр хэвээр байлгаж байгаа юм. Ийм байхад шүүх нэхэмжлэгчдийг татгалзсан байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Оскар, М.Одонтунгалаг нар гэрээнээс татгалзаж болохгүй байдлыг буюу Иргэний хуулийн 225.4.3, 225.4.4-д заасан нөхцөл байдал үүсгэсэн. 225.4.3-т заасан нөхцөл байдал үүссэнийг дараах баримтуудаар тодорхойлох боломжтой. 1.Компанийн тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн дагуу бүртгэл хийлгэхэд нэхэмжлэгч нар идэвхтэй оролцоогүй, дүрэм, гэрээ, хувьцаа эзэмшигчдийн шийдвэр зэрэг баримт бичигт ирж гарын үсэг зурж баталгаажуулахгүй бүртгэлийн ажлыг удаашруулсан буруутай тал нь нэхэмжлэгчид өөрсдөө болно. Үүнийг хариуцагчаас нэхэмжлэгчид явуулж байсан и-мейл, хариуцагчийн хуулийн зөвлөх компани И Эл Си ХХН-ээс Майкл Прайс нарт явуулж байсан албан тоотууд нотолно. Энэ тухай үйл баримтыг нэхэмжлэгч тал шүүх хуралдаан болон хэрэг хянан хэлэлцэх явцад эсэргүүцээгүй, баримтыг хүлээн зөвшөөрдөг. Хариуцагч Я.Энхээ нь нэхэмжлэгч нарын хувьцааг баталгаажуулахаар хуулийн фирмтэй хамтран ажиллаж, компанийн шинэчилсэн дүрэм, хувьцаа гаргах шийдвэр, холбогдох бусад баримт бичгүүдийг англи, монгол хэл дээр бэлтгэж өөрийн талаас гүйцэтгэх үүргээ биелүүлсэн /Хэргийн материалд: ЭЗЭЗЗ ХХК-иас 2015 оны 12 сард шүүхэд ирүүлсэн тодорхойлолт, ямар гэрээгээр, ямар хөлсөөр, ямар ажил хийж гүйцэтгэсэн тухай/ төдийгүй удаа дараа бүртгүүлье, хэрхэн шийдвэрлэх талаар и-мейл /Хэргийн материалд: 2013 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд/ явуулж байсан байдаг. Бүртгэлийг хийлгээгүй тул хариуцагчийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй юм. Я.Энхээгийн зүгээс хуульчаараа дамжуулан Оскар, М.Одонтунгалаг нар нь хувьцаа эзэмшигчээр бүртгүүлэхийн тулд үүсгэн байгуулах хурлаар хамтран шийдвэр гаргаж, компанийн дүрэм, гэрээг шинэчлэн батлах ёстойг тайлбарласан юм. Нэхэмжлэгч нарын дээрх байдлаас үүдэн Компанийн тухай хуулийн 15.1, 17.9-д заасан хувьцаа эзэмшигчид хамтран гаргах баримт бичгийн бүрдэл хангагдаагүй тул бүртгэл хийгдээгүй. 2. Оскар, М.Одонтунгалаг нар “Силкроуд Мэжик” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр зохих ёсоор бүртгэгдээгүй, хувьцааг захиран зарцуулах эрхгүй байхдаа, Я.Энхээд болон “Силкроуд Мэжик” ХХК-д мэдэгдэлгүйгээр, хувьцааны үнийг үндэслэлгүй өндрөөр үнэлж, гуравдагч этгээд Майкл О.Маллейд 2013 оны 09 сарын 12-ны өдөр “Силкроуд Мэжик” ХХК-ийн 10%- ийн хувьцааг 96.000.000 төгрөгөөр худалдсан нь Компанийн тухай хуулийн 5.4, 5.8-д заасан хувьцааг худалдах тохиолдолд мэдэгдэх эрх болон тэргүүн ээлжинд худалдаж авах зэрэг Я.Энхээгийн хуулиар олгогдсон өмчлөгчийн эрхийг зөрчсөн. Энэ талаар давж заалдах шатны шүүхээс хувьцаанууд хариуцагчийн нэр дээр бүртгэлтэй, эзэмших эрх нь шилжээгүй тул түүний эрх зөрчигдсөн гэж үзэхгүй гэж дүгнэсэн нь хариуцагчийн дээрх хуулиар олгогдсон эрхүүдийг зөрчсөн байдлыг харгалзаж, үнэлэлт дүгнэлт өгөөгүй тул учир дутагдалтай, үндэслэл муутай болжээ. 225.4.4-т заасан нөхцөл байдал үүссэн. Нэхэмжлэгч нар гэрээнээс татгалзах тохиолдолд гуравдагч этгээд ОМаллейтай байгуулсан гэрээг хүчингүй болгох ёстой. Энэ хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах хариу шаардлага гаргах эрх хариуцагч Я.Энхээд байсан бөгөөд Я.Энхээ энэхүү эрхээ хэрэгжүүлэн анхан шатны шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргасан ч шүүхээс хэргийг хамтатган шийдвэрлээгүй. Хариу шаардлага гаргах боломж байгаа тул гэрээнээс татгалзаж болохгүй бодитой нөхцөл байдал үүссэнийг шүүх харгалзан үзэж шийдвэрлээгүй. Ингэснээр нэхэмжлэгч нарыг хууль зөрчин, бусдын хуулиар олгогдсон эрхийг зөрчиж хэлцэл хийж ашиг олсон үйлдэл байсаар байхад хариуцагчийн эрх зөрчигдөөгүй гэж дүгнээд байгаад гомдолтой байна. Гэрээнээс татгалзаж болохгүй байдал бодитой үүссэн байхад хуулийг үндэслэлтэй тайлбарлаж хэрэглээгүй. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нар нь бусдад худалдан борлуулахыг гэрээ болон хуулиар хориглоогүй тул Иргэний хуулийн 225.4.3-т гэрээний үүргийг нэхэмжлэгч нар зөрчсөн гэж үзэхгүй гэж дүгнэсэн. Гэвч Иргэний хуулийн 225.4.3 нь заавал гэрээний үүргийг зөрчсөн байхыг шаардахгүй, харин гэрээний үүргийг үүрэг гүйцэтгэгч биелүүлэхэд үүрэг гүйцэтгүүлэгч нар нь аливаа хэлбэрээр буруутай бол энэ нөхцөл бүрдсэн гэж үзнэ. Я.Энхээ нь Оскар, М.Одонтунгалаг нарын О.Маллейтай 2013 оны 09 сарын 12-ны өдөр байгуулсан Хувьцаа худалдан авах гэрээ, Комнанийн эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд гаргасан ч шүүх тусдаа шийдвэрлэнэ гэж нэхэмжлэлийг хүлээж аваагүй. Гуравдагч этгээд Майкл О.Маллей ч мөн адил энэ хэлцлүүдийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор шүүхэд тусад нь нэхэмжлэл гаргаад тухайн хэргийг энэ хэрэгтэй нэгтгэх хүсэлт гаргахад шүүгч мөн зөвхөн “зохигчдын эрх зүйн байдал өөрчлөгдөх тул нэгтгэж болохгүй” гэдэг үндэслэлээр татгалзсан. Дээрх хэргийг нэгтгэхэд “нэг шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд адил төрлийн хэд хэдэн хэрэгт зохигчоор оролцож байгаа" гэсэн нөхцөл хангагдаж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68.3 дахь заалтыг хэрэглэх үндэслэлтэй байхад шүүх хэрэглээгүйг энд дурдах нь зүйтэй байна. Хэргийг хамтатган шийдвэрлэснээр хэн алины эрх ашиг сонирхол нэг дор үнэн зөв шийдвэрлэгдэх бодитой нөхцөл байсан болно. Оскар, М.Одонтунгалаг нарт тусад нь нэхэмжлэл гаргах гэхэд тэд Монгол Улсаас гарсан, эрэн сурвалжлагдаж байгаа тул Я.Энхээ болон ОМаллей нарын зүгээс нэхэмжлэл гаргаад үр дүнд хүрэхгүй болох нь илэрхий байна. Хэргийг хамтатган шийдвэрлүүлэх үндэслэл байхад хамтатгаж шийдвэрлээгүй, сөрөг нэхэмжлэлийг хүлээж аваагүйгээр хариуцагчийн эрх, ашиг сонирхол хөндөгдсөн. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу.” гэжээ.    

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.           

  Нэхэмжлэгч М.Одонтунгалаг, Мексик Улсын иргэн Мендоза Нативидад Оскар Мануел нар нь хариуцагч Я.Энхээд холбогдуулж компанийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээнүүдээс тус тус татгалзаж, 180 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрчээ.

         Хариуцагч Я.Энхээ нь “Силкроуд мэжик" ХХК-ийн үүсгэн байгуулагч, компанийн захирал, компанийн ганц гишүүн болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 9/6565 дугаар албан бичиг, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэх шийдвэр, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 20-5/1023 дугаар албан бичиг, татварын тайлангууд, компанийн дүрмээр тогтоогдож байна.

         Тус компанийн нэг бүр нь 1 000 000 төгрөгийн үнэ бүхий 84 ширхэг хувьцааг 84 000 000 төгрөгөөр нэхэмжлэгч М.Одонтунгалаг, 96 ширхэг хувьцааг 96 000 000 төгрөгөөр Мексик Улсын иргэн Мендоза Нативидад Оскар Мануел нар 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хариуцагч Я.Энхээгээс худалдан авахаар тохиролцож “Компанийн хувьцаа худалдах гэрээ”, уг хувьцаануудын эзэмших эрхийг шилжүүлэхээр тохиролцож “Компанийн эрх шилжүүлэх гэрээ”-г тус тус байгуулж, 180 000 000 төгрөгийг нэхэмжлэгч нарын өмнөөс бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох “И Эм Пи Монголиан фронтиер фанд"-аас 2013 оны 08 дугаар сарын 21-ний өдөр “investment in Mexi-Khan” гэх утгаар Л.Амарзаяагийн Хаан банкны 5003281276 тоот дансаар дамжуулан хариуцагчид шилжүүлсэн үйл баримтын талаар зохигчид маргаагүй бөгөөд анхан шатны шүүх тэдгээрийн хооронд эрх, шаардлага худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Тус компанийн хувьцаа нь нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын нэр дээр бүртгэлгүй, хариуцагч Я.Энхээгийн нэр дээр бүртгэлтэй, эзэмших эрх өөр бусад этгээдийн нэр дээр шилжээгүй байгаа үйл баримтын талаар зохигчид маргаагүй байна.

            Нэхэмжлэгч нар нь Я.Энхээгээс худалдан авсан хувьцааг өөрсдийн нэр дээр бүртгүүлэхээс өмнө хувьцааныхаа зарим хэсгийг нь бусдад худалдахаар тохиролцож, зохих төлбөрийг авсан үйл баримтын талаар зохигчид маргаагүй, компанийн бүх хувьцаа  хариуцагчийн нэр дээр бүртгэлтэй, эзэмших эрх нь өөр бусдад шилжээгүй байх тул хариуцагчийн эрх зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй юм.

         Хариуцагч Я.Энхээгээс 180 000 000 төгрөгийг нэхэмжлэгч нар буцаан шаардсаныг тэдгээрийн нэрийн өмнөөс энэ мөнгийг хариуцагчид шилжүүлсэн бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох “И Эм Пи Монголиан фронтиер фанд”  татгалзаж, эсэргүүцээгүй байх тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчид шилжүүлсэн 180 000 000 төгрөгийг нэхэмжлэгч буцаан шаардах эрхтэй гэж үзсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй юм.

        Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон  Австрали Улсын иргэн Майкл Жон О.Майллей нь 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд байгуулагдсан гэрээнүүдийн оролцогч тал биш, түүнчлэн түүний нэхэмжлэгч нартай 2013 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан гэрээнд хариуцагч Я.Энхээ оролцоогүй, зохигчдын хооронд хийгдсэн гэрээний талууд өөр байх тул анхан шатны шүүх өөр өөр талуудын хооронд  үүссэн гэрээний маргааныг хэрэг хянан шийдвэрлэх нэг ажиллагаагаар шийдвэрлэх шаардлагагүй гэж үзсэн нь зөв бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн гэж үзэхгүй.

         Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, түүнтэй холбогдуулан зохигчдоос шүүхэд гаргаж өгсөн тайлбар, нотлох баримтуудад хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хэрэгжүүлж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн нь хуульд нийцжээ.

         Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баясгалангийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулга Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлүүдийн аль нэгт хамаарахгүй байх тул гомдолд дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгох боломжгүй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

          1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2016/01861 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 931 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баясгалангийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

          2. Хариуцагч Я.Энхээгийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр төлсөн 1.057.950 /нэг сая тавин долоон мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                        Х.СОНИНБАЯР

                                                        ШҮҮГЧ                                                   Д.ЦОЛМОН