Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 181/ШШ2024/01638

 

 

 

 

 

 

 

 

 

2024 04 22

181/ШШ2024/01638

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: .... оршин суух, Т.У /РД:.../-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ...тоотод оршин суух, З.А /РД:....5/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага:Гэрээний үүрэгт 271.273.896 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ою, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч нь З.Ат холбогдуулан гэрээний үүрэгт 271.273.896 төгрөг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Т.У миний бие өөрийн хүү НГын хамт 2014 оны 4 дүгээр сард З.Атай харилцан тохиролцож Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороонд баригдаж буй Туул One Apаrtment хотхонд 78.11 мкв бүхий тус бүр 2 ширхэг орон сууцыг 1мкв-ийг 725 доллараар бариулахаар болж нийт 113.260 ам долларыг З.Ат өгсөн. Гэтэл гэрээгээр тохирсон хугацаанд бидэнд байрыг хүлээлгэж өгөөгүй бөгөөд оронд нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр туул 55 дугаар байрнаас 7-н давхарт 107 мкв, мөн 74 мкв, 2 талбай бүхий 2 ширхэг байрыг хүлээлгэн өгөхөөр тохиролцсон.

Гэвч мөн адил орон сууцыг хүлээлгэн өгөх боломжгүй болсон тул 2014 оны 4 дүгээр сард байгуулсан Орон сууц захиалах гэрээ-г цуцалж, 2019 оны 6 дугаар сарын 02-ны өдөр анх төлсөн 113.260 долларыг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр буцаан төлөхөөр З.А нь надтай харилцан тохиролцсон.

Ийнхүү З.А төлөх ёстой 113.260 ам долларыг төлөлгүй явж байгаад 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 35.038 ам доллар буюу тухайн үеийн Монгол банкны ханшаар 100.000.000 төгрөгийг төлж, үлдэгдэл 78.222 ам долларыг удахгүй төлнө гэсэн. Үүнээс хойш одоог болтол үлдэгдэл 78.222 ам долларыг төлж барагдуулаагүй бөгөөд, удахгүй өгнө гэсээр байгаад өнөөдрийг хүрсэн учир З.Ааас үлдэгдэл 78.222 ам долларыг одоогийн Монгол банкны ханшаар бодож 271.273.896 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 онд 113.260 ам долларыг Америкт байхдаа З.А, түүний эхнэр н.Баярмаа нар бэлнээр авсан гэдгийг хариуцагч үгүйсгэхгүй байна. Хэрэгт авагдсан гэрээг сүүлд Монголд ирээд 2014 оны 4 дүгээр сард нөхөж хийсэн нь үнэн. Нэг гэр бүлийн хүмүүс байсан тул З.А мөнгийг төлнө гэдгээ илэрхийлж бичсэн удаа дараагийн хүсэлтийг хэрэгт өгсөн. Хариуцагч тайлбараа баримтаар нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан үүргээ хэрэгжүүлээгүй тул үндэслэлгүй гэв.

 

3.Хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч гаргасан тайлбартаа: Нэгдүгээрт:Т.У нь 2014 онд АНУ-д байхдаа иргэн З.Ат байр захиалж бэлнээр нь 113.000 доллар өгсөн талаараа гомдол гаргасан. Бодит байдал дээр 2014 онд АНУ-д Т.У биш түүний хүү НГ өөрийн ээжийн төрсөн эх н.Баярхүүгийн охин нь З.Аын гэр бүл байсан. Мөнгийг З.А аваагүй, харин түүний эхнэр байсан Б.Баярмаад 113.000 ам долларыг зээлсэн байдаг. Гэтэл Т.У хууль ёсны нэхэмжлэгч биш мөртлөө З.Ааас мөнгө нэхэмжилж байна. Локигоор бодоод үзэхэд НГ өөрийн хамаатан, ойрын садан төрөл Б.Баярмаад бэлнээр мөнгө өгөх үү эсвэл хүргэн болох З.Ат мөнгө өгөх үү гэдэг нь шүү дээ. Ер нь АНУ-д бэлнээр нь тийм их мөнгө ямар ч гарын үсэг байхгүй өгнө гэдэг эргэлзээтэй. Ямар ч байсан дээрх мөнгийг дансаар дамжуулж өгсөн нь арай бодит байдалд нийцэх байж. Ийм учраас эхний дугаарт хэзээ, хэдэн оны хэдэн сард хэн хэнд хичнээн долларыг бэлнээр эсвэл дансаар өгсөнийг нотлох баримтаар гаргаж өгөх ёстой. Иймд нэхэмжлэгч Т.У мөнгө хэнд өгсөнийг өөрийгөө нэхэмжлэгч эсэхээ нотлох баримтаар батлах ёстой. Энэ асуудлыг шүүх тодорхой болоогүй цагт шүүх хурлыг хийх нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Хоёрдугаарт: Энэ асуудал 2014 онд болсон. Гэтэл шүүхэд нэхэмжлэлийг 2023 онд 9 жилийн дараа хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад шүүхээр уг асуудал орох нь хууль зөрчиж байгаа асуудал гэж үзэж байна.

Гуравдугаарт: Гэрээ хийж тооцоо нийлсэн гэрээ дүгнэсэн протокол төлбөр барагдуулах хэлцэл дээр З.А дээрх мөнгийг төлнө гэсэн гарын үсэг зурсан нь дээрхи 113.000 ам долларыг хүлээн авсан гэсэн үг биш юм. Харин н.Баярмаагийн зээлсэн мөнгийг өгнө гэсэн үндэслэлээр гарын үсэг зурсан болох нь харагдаж байна. Мөнгө хүлээж авсан гарын үсэг, мөнгө төлнө гэсэн гарын үсэг хууль зүйн талаасаа их ялгаатай. Мөнгө хүлээж авсан хүн нь мөнгийг төлөх нь үүрэг, харин мөнгийг зээл аваагүй мөртлөө дээрх мөнгийг төлнө гэчихээд дараа нь төлж чадахгүй боллоо мөнгө зээлж авсан хүн нь төлөх ёстой гээд төлөөгүй тохиолдолд та мөнгийг төлнө гэсэн та л төлөх ёстой, та мөнгийг аваагүй боловч төлнө гэсэн учраас та л төлөх ёстой гэсэн хууль зүйн талаас нь төлүүлэх үндэс байхгүй. гэхдээ З.А дээрх зээлтэй, авсан мөнгөө төлөөрэй гээд н.Баярмаад З.Аын ээж н.Цэндмаагийн байрыг өгсөн. Байрыг 350.000.000 төгрөгөөр зарж дээрх 350.000.000 төгрөгийг н.Баярмаад бэлэг гэсэн нэрээр өгсөн байгаа. н.Баярмаа дээрх мөнгийг өөрийн ээж н.Навчаагийн дансаар хүлээн аваад 2021 оны 9 дүгээр сарын 20-нд өөрийнхөө гараар Т.У д 100.000.000 төгрөг өглөө одоо 78.222 доллар үлдлээ гэж гарын үсэг зурж өгсөн байна. Энэ нь н.Баярмаа 213.000 ам доллар зээлж аваад 100.000.000 төгрөг буюу 3503 ам доллар өгсөн одоо 78222 доллар үлдлээ гэдгийг өөрийнхөө гараар бичиж гарын үсэг зурж өгсөнөөрөө батлаад байгаа юм. Мөн энэ мөнгийг авсан н.Баярмаа мөнгөө төлж 100.000.000 төгрөг өгсөн, мөн үлдэгдэл 78222 доллар үлдлээ гэсэн гарын үсэг өгсөн н.Баярмаагаас нэхэхгүй З.Ааас нэхэж байна. Яагаад гэвэл н.Баярмаа нь Т.У гийн төрсөн ах н.Баярхүүгийн охин юм. Тийм учраас одоо н.Баярмаагаас салсан З.Ааас мөнгийг гаргуулахаар Т.У нэхэмжилж байгаа болно. н.Баярмаа хэдэн жилийн өмнө З.Ааас салаад явахдаа өөрийнхөө 12-17 насны 3 хүүхдээ орхиод явсан. Эдгээр хүүхдүүдийг Т.Анхбаяр хэдэн жил хамт амьдарч, одоо хүртэл авч явна. Тэр байтлаа хүүхдийн мөнгийг н.Баярмаа авдаг мөртлөө хүүхдүүдтэйгээ нэг ч мөнгө төгрөг өгдөггүй. Т.У өөрийнхөө хамаатан, өөрийн төрсөн ахынхаа охиноос мөнгө авч чадахгүй болохоороо мөнгийг төлнө гэсэн З.Аын гарын үсгийг далимдуулж З.Ааас мөнгийг нэхэмжилж байгаа болно. Энэ нь шударга ёсонд арай нийцэхгүй байна. З.А бол ямар ч байсан НГын захиалсан байрыг хэлсэн ёсоороо өгч, н.Баярмаад байрны зарсан мөнгөө 350.000.000 төгрөгийг тоо ёсоор нь өгсөн. одоо З.А дээрх мөнгийг төлөх ямар ч хууль зүйн үндэс байхгүй. 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр орон сууц захиалах гэрээ нь албан ёсны гэрээ биш гэж үзэж байна. Тус өдрийн гэрээн дээр НГыг төлөөлж Т.У гарын үсэг зурсан болохоор энэ гэрээ бол албан ёсны гэрээ биш юм гэжээ.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З.А анхнаасаа мөнгийг аваагүй. Анх 2014 онд З.А, түүний гэр бүлийн хүн болох Б.Баярмаа нар Америкт хамт амьдарч байхдаа Б.Баярмаа нь НГоос 113.260 ам долларыг машин авна гээд зээлсэн байдаг. Б.Баярмаа, НГ нар төрсөн ах дүүсийн хүүхдүүд, Т.У тай төрөл садангийн хүмүүс. Ямар ч баримтгүйгээр өөрийн хамаатандаа мөнгө өгөхөөс З.Ат мөнгө өгөхгүй. Уг мөнгөөр Б.Баярмаа машин худалдаж аваад машинаа Монголд авч ирээд Худалдаа хөгжлийн банкны зээлд тавьж өрөндөө өгсөн байдаг. Зээлсэн мөнгөний оронд нь Монголд ирээд З.Аын ээжийн барьж байгаа барилгаас байр өгнө гэж тохирсон байсан. Дараа нь З.А, Б.Баярмаа нар салсан. Салахдаа Б.Баярмаа гурван хүүхдээ З.Ат үлдээгээд хаяад явсан. Мөн салахдаа Б.Баярмаа, Т.У нар таван өрөө орон сууцыг өрөндөө авсан байдаг. Тэр орон сууцаа зараад Б.Баярмаагаас 100.000.000 төгрөгийг Т.У д төлсөн байна. Үүнийг нэхэмжлэгч 100.000.000 төгрөг төлсөн гэж тайлбарлаж байна. Энэ мөнгийг З.А төлөөгүй, харин Б.Баярмаагаас төлсөн. Гэтэл үлдсэн мөнгийг Б.Баярмаагаас биш харин З.Ааас гаргуулж авахаар шаардаж байна. Нэг гэр бүлийн хүмүүс байсан тул З.А мөнгийг төлөхөөр бичиж өгч байсан гэдэг. З.Цэндмаа бол Т.Анхбаярын төрсөн ээж. Бэлэглэлийн гэрээ хийсэн боловч мөн чанартаа энэ зээлийг төлүүлэхээр Б.Баярмаа, Т.У нарт өгсөн боловч зарим мөнгийг цааш Б.Баярмаа өгөөгүй байна. Анхнаасаа мөнгийг Т.У гаас аваагүй, харин түүний хүү НГоос авсан гэдэг. Түүнээс гадна хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн. Мөнгийг 2014 оны 3 дугаар сард хүлээн авсан ханшаар тооцох ёстой гэв.

5.Нэхэмжлэгчээс баримтаар: Шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Орон сууц захиалан бариулах итгэлцлийн гэрээ, Т.У , З.А нарын хоорондох гэрээ дүгнэсэн протоколууд, төлбөр барагдуулах хэлцлүүд, валютын ханшийн лавлагаа, Хаан банкны зарлагын баримт зэргийг ирүүлжээ. /хх 3- 9, 52, 60/

Хариуцагчаас баримтаар: Шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, Хорооны засаг даргын оршин суугаа тодорхойлолт, 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн Д.Цэндмаа, Б.Баярмаа нарын бэлэглэлийн гэрээг ирүүлжээ. /хх 22, 25-27, 52, 59/

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

 Нэхэмжлэгч Т.У нь З.Ат холбогдуулан гэрээний үүрэгт 271.273.896 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

2.Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ: талууд худалдах худалдан авах гэрээг байгуулсан ч гэрээний зүйлийг хүлээлгэн өгөх боломжгүй болсон, хариуцагч мөнгө төлөхөө хүлээн зөвшөөрч удаа дараа баримт үйлдсэн тул төлөөгүй үлдэх 77.822 ам долларыг буцаан гаргуулна, хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй, хариуцагч татгалзлаа нотлоогүй гэж тайлбарлав.

3.Хариуцагч татгалзлын үндэслэлээ: 113.260 ам долларыг Т.У гаас биш түүний хүү НГоос АНУ-д байхдаа Б.Баярмаа зээлж авсан, харин З.А мөнгийг зээлээгүй. Тухайн үед Б.Баярмаа, З.А хоёр гэр бүл байсан. Гэр бүл салахдаа Б.Баярмаа, Т.У нарт энэ өр төлбөрийг төлүүлэх үүднээс З.Аын ээжийн байрыг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн, Б.Баярмаа түүнээс 100.000.000 төгрөгийг Т.У д өгсөн. Иймд З.Ааас биш харин Б.Баярмаагаас мөнгөө нэхэмжлэх ёстой. НГ, Т.У , Б.Баярмаа нар төрөл садангийн хүмүүс гэж тайлбарлаж байна.

4.Хэрэгт дараах баримтууд авагдсан. Үүнд:

4.1.2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр нэг талаас гүйцэтгэгчийг төлөөлж З.А, нөгөө талаас захиалагчийг төлөөлж НГ, Т.У нар Орон сууц захиалан бариулах итгэлцлийн гэрээ байгуулжээ. Уг гэрээнд: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах туул one apartment хороололд 78,11 мкв талбайтай хоёр ширхэг байрыг 113.260 ам доллараар барьж дуусган, Захиалагчийн өмчлөлд шилжүүлэхээр тусгажээ. /хх 4/

4.2.Т.У , З.А нарын хоорондох 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн төлбөр барагдуулах хэлцэл, 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн гэрээ дүгнэсэн протокол 1, 2019 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн протокол, 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Т.У , Б.Баярмаа нарын хоорондох мөнгө хүлээн авсан баримт, 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн төлбөр барагдуулах хэлцэл, З.Цэндмаагаас Б.Баярмаад 350.000.000 төгрөг бэлэглэсэн бэлэглэлийн гэрээ, Т.У өөрийн Хаан банкны данснаас 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 24.965 ам долларын зарлагын гүйлгээ хийгдсэн баримтууд авагдсан.

5.Зохигчид талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааны төрөлд, мөнгийг хариуцагч хүлээн авсан эсэх, түүнчлэн төлөх үүрэг хүлээх эсэхэд тус тус маргасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар зохигч нэхэмжлэлийн шаардлага, татгалзлын үндэслэлээ өөрөө нотлох, нотлох баримтаа бүрдүүлэх, цуглуулах, гаргаж өгөх үүргийг хүлээнэ. Шүүх талуудад нэмэлт нотлох баримт бүрдүүлэх хугацааг олгож 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн хуралдааныг хойшлуулж байсан тул хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааныг шийдвэрлэх нь зүйтэй.

6.Нэхэмжлэгчээс талуудын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан, түүний дагуу 113.260 ам долларыг хариуцагч З.Ат хүлээлгэж өгсөн гэж тайлбарласан. Харин хариуцагч худалдах худалдан авах гэрээ байгуулагдаагүй, АНУ-д байхдаа Т.У гийн хүү НГоос З.Аын гэр бүлийн хүн болох Б.Баярмаа нь 113.260 ам долларыг зээлсэн, зээлийн төлбөр төлөхөөр сүүлд гэрээг Монголд ирээд ээжтэй нь нөхөн хийсэн гэж өөр өөрөөр тайлбарласан. Гэвч зохигчдын хэн алины тайлбарыг дэмжих баримтууд авагдаагүй.

Орон сууц захиалан бариулах итгэлцлийн гэрээ нэртэй бичгийн хэлцлийг Т.У болон З.А нар хийсэн байх боловч энэ төрлийн гэрээнд тусгагдвал зохих гэрээний гол нөхцлүүд тодорхойгүй /барилга баригдах хугацаа тусгагдаагүй, орон сууцны тоот давхар тодорхойгүй, гүйцэтгэгч тал тодорхойгүй зөвхөн иргэний нэр бичсэн, харин Барилгын тухай хуулиар барилга угсралтын ажлыг иргэн гүйцэтгэх боломжгүй гэх мэт/ байдлыг харгалзан, бодитоор худалдах худалдан авах гэрээ байгуулагдаагүй гэж үзэв. Мөн худалдан авагч тал болох Т.У гаас орон сууцны үнийг худалдагч талд хүлээлгэн өгсөн баримт авагдаагүй, баримтаар нотлоогүй. Нэхэмжлэгчээс 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр өөрийн Хаан банкны данснаас 24.965 ам доллар бэлнээр авсан баримтыг ирүүлсэн ч дээрх мөнгийг цааш З.Ат хүлээлгэн өгсөн талаарх баримтгүй, уг баримтын дээд талд гараар анхаад өгөхөөр авав гэж нэмж бичсэн байдал мөнгийг хариуцагчид өгснийг нотлохгүй. Иймд талуудын хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй.

Үүнээс гадна 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар нэхэмжлэгч талаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа мөнгө АНУ-д байхдаа зээлсэн гэсэн хариуцагчийн тайлбарыг хүлээн зөвшөөрч, 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн гэрээг сүүлд Монголд ирээд нөхөн үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байсан. Гэтэл өнөөдрийн шүүх хуралдаанд зээл биш худалдах худалдан авах гэрээ хэмээн өмнөх тайлбараа өөрчилж маргасныг дурдах нь зүйтэй.

7.Харин хариуцагч Т.У гийн хүү НГоос АНУ-д байхдаа 2014 оны 3 дугаар сард 113.260 ам долларыг зээлсэн, зээлийн мөнгөн хөрөнгийг Б.Баярмаа авсан, хариуцагч З.А өөрөө мөнгийг аваагүй боловч Б.Баярмаатай нэг гэр бүлийн хүн байсан тул төлнө гэж гарын үсэг зурсан хэмээн тайлбарлаж байна.

Зохигчдын тайлбараар: НГ нь нэхэмжлэгч Т.У гийн төрсөн хүү бөгөөд АНУ-д амьдардаг, Т.У болон Б.Баярмаа нар садан төрлийн харилцаатай хүмүүс болох нь нэхэмжлэгчийн хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон, үүнд маргаагүй. Түүнчлэн Б.Баярмаа, хариуцагч З.А нар хамтран амьдардаг, нэг гэр бүлийн хүмүүс байсан үйл баримтад маргахгүй байна.

Шүүх хэрэгт авагдсан 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 35.038 ам доллар хүлээлгэн өгсөн баримт, гэрээний гол нөхцлүүдээ бүрэн тохиролцож тусгаагүй бичгийн гэрээ, талуудын тайлбар, хариуцагчийн эхнэр нь байсан тул төлөхийг зөвшөөрсөн тухай тайлбарт үндэслэж Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 282 дугаар зүйлийн 282.4-д эд хөрөнгө буюу мөнгийг шилжүүлэн өгснөөр гэрээ байгуулагдсанд тооцох-оор заасан тул бодитоор 2014 оны 3 дугаар сард НГ болон Б.Баярмаа нарын хооронд 113.260 ам долларын зээлийн гэрээ байгуулагдсан байна гэж үзэв.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

8.Өр шилжинэ гэдэг нь шаардах эрх шилжихийн эсрэг нь юм. Өр шилжсэнээр үүрэг гүйцэтгэгч нь өөрчлөгддөг. Харин шаардах эрх шилжихэд үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрчлөгддөг.

8.1.НГ, Б.Баярмаа нарын хоорондох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхээ зээлдүүлэгч НГоос Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д зааснаар түүний ээж буюу нэхэмжлэгч Т.У өөртөө шилжүүлж авсан. Үүний гадаад илэрхийлэл нь хэрэгт баримтаар авагдсан Орон сууц захиалан бариулах итгэлцлийн гэрээ гэсэн баримтын дээд хэсэгт гэрээний нэг талыг Найдандорж овогтой Гомбо-Очир, Төмөрдөш овогтой Урнаа гэж тусгасан, 2018, 2019 онуудад гэрээ дүгнэсэн протоколуудад үүрэг гүйцэтгүүлэгч Т.У гэж тусгасан байдлаар тогтоогдож байна.

Түүнчлэн Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т зааснаар үүрэг гүйцэтгэгч шаардах эрх шилжих тухай мэдэгдэл хүлээн авах үеийн бүх татгалзал, хариу шаардлагыг шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид гаргах эрхтэй гэж зааснаар 2014 онд итгэлцлийн гэрээг хийх, 2018 онд гэрээ дүгнэсэн протокол үйлдэх үед НГоос өөрийн шаардах эрхээ ээждээ шилжүүлснийг хариуцагч эсэргүүцээгүй, татгалзаагүй байна. Иймд одоо Т.У шаардах эрхгүй, зээлийг НГоос авсан тухай хариуцагчийн татгалзал үндэслэлгүй гэж үзнэ.

8.2.Мөн энэ цаг хугацаанд Б.Баярмаагийн зээл төлөх үүргийг З.А Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д зааснаар өөртөө шилжүүлж авсан болох нь тухайн итгэлцлийн гэрээ хийсэн байдал, 2018 оны 10 сарын 30-ны өдрийн гэрээ дүгнэсэн протокол, 2019, 2020, 2021 оны төлбөр барагдуулах хэлцлүүдээр тус тус тогтоогдож байна. Үүнээс гадна хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэг гэр бүл байсан тул түүний өмнөөс гарын үсэг зурсан тухай тайлбараар нотлогдсон гэж үзнэ.

Түүнчлэн хамгийн сүүлд 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдөр үлдэх 78.222 ам долларын төлбөр барагдуулах хэлцлийг Т.У , З.А нарын хооронд хийснээрээ Б.Баярмаагийн гүйцэтгэвэл зохих зээлийн өрийн үлдэгдлийг хариуцагч энэ хэмжээгээр хүлээн авсан, өмнөх өр шилжсэн үйл баримтаа дахин бататгаж хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

Иймд шүүх энэ хэмжээгээр гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

9.Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байдаг ба гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан.

Хэрэгт авагдсан итгэлцлийн гэрээ-нд хугацаа тохироогүй тул Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.2, 283 дугаар зүйлийн 283.1-д зааснаар зээлийг хэзээ буцаан төлөх талаар талууд харилцан тохиролцоогүй тохиолдолд зээлдэгч хэдийд ч зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч зээлийг буцаан төлөх үүрэгтэй гэж үзнэ.

Харин 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн төлбөр барагдуулах хэлцэлд 2018 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр гэсэн хугацааг анх тогтоосноор Зээлдүүлэгч зээлийг буцаан төлөхийг шаардсан гэж үзнэ. Түүнээс хойшхи 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн гэрээ дүгнэсэн протоколд 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл гэж төлбөр төлөх хугацааг сунгасан, дахин 2019 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн протоколд 2019 оны 10 дугаар сарын 01-нд төлөхөөр сунгасан, 2020 оны 8 дугаар сарын 28-ны протоколд 2020 оны 9 дүгээр сарын 28-ны дотор төлөхөөр сунгасан, 2023 оны 8 дугаар сары 02-ны өдрийн төлбөр барагдуулах хэлцэлд 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр төлөхөөр тус тус хугацааг сунгасан, төлөхөө илэрхийлж баталгааг гаргасан байна. Иймд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.7-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, улмаар нэхэмжлэгч гэрээний үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж шүүх дүгнэв.

10.Харин 2023 оны 8 дугаар сары 02-ны өдрийн төлбөр барагдуулах хэлцэлд З.Ааас 78.222 ам доллар буюу төгрөгт шилжүүлж 270.563.000 төгрөг төлөхөөр хүлээн зөвшөөрч тусгасан тул шүүх энэ хэмжээгээр хангаж, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

11.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 123 дугаар зүйлийн 123.1, 124 дүгээр зүйлийн 124.1-д заасныг баримтлан З.Ааас 270.563.000 /хоёр зуун далан сая таван зуун жаран гурван мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.У д олгож, нэхэмжлэлээс үлдэх 710.896 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.514.320 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 1.510.765 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ