Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 2022/ДШМ/08

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 03 сарын 01-ний өдөр                          2022/ДШМ/08                        Хэрлэн сум

 

А.А-од холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

226/2022/0008/Э

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Дэнсмаа, шүүгч Я.Алтаннавч, Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд нээлттэйгээр,

Прокурор Д.Чулуунпүрэв /цахимаар/,

Шүүгдэгч А.А- /цахимаар/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болортунгалаг /цахимаар/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Довчинсүрэн нарыг оролцуулан,  

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2021/ШЦТ/264 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болортунгалагын гаргасан давж заалдах гомдлоор А.А-од холбогдох эрүүгийн 2139000000292 дугаартай 1 хавтас 130 хуудас бүхий хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв

Хэнтий аймгийн Баян-Адарга суманд 1984 онд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 1 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан Б овогт А-н А.А- нь

2021 оны 10 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг блокон хашааны зүүн талд байрлуулсан 380 вольтын хүчин чадалтай цахилгааны шийдийг Ж.Э-т миний эзэмшлийнх гэж итгүүлэн цахилгааныг таслуулан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Б.Б-д 810.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт А-н А.А-ыг бусдын эд хөрөнгийг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан 01 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болортунгалаг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа: “А.А- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1 жилийн хорих ялаар шийтгэгдсэн. Гэмт хэрэг үйлдсэн хэн ч эрүүгийн хариуцлага хүлээх нь гарцаагүй боловч түүний гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, үйлдсэн гэмт хэргээ үнэн зөвөөр мэдүүлж гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзнэ үү гэж хүсч байна.

А.А-ын хувьд 2 сартай, 2, 8, 11 настай буюу бага насны дөрвөн хүүхэд эхнэрийн хамт амьдардаг бөгөөд эхнэр нь хүүхдүүдээ хараад ажил хөдөлмөр эрхэлдэггүй. Гэр бүлийн бусад гишүүд орлого байхгүй учир А.А- нь тааралдсан ажлаа гололгүй хийж ар гэрээ тэжээдэг байсан. Гэмт хэрэг үйлдэх үед эхнэр нь дөнгөж бага хүүхдээ төрүүлж мөнгөний шаардлагатай байсан тул хулгай хийсэн талаараа мэдүүлсэн байдаг.  Хулгайн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байх хугацаандаа 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс “Е” ХХК-д галчаар ажилд орсон бөгөөд шүүхээс хорихоос өөр төрлийн ял оногдуулсан тохиолдолд ажлаа үргэлжлүүлэн хийх боломжтой байгаа юм. Иймд А.А-ын гэмт хэрэг үйлдэх болсон нөхцөл байдал болон түүний ар гэр, хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар А.А-од тэнсэн харгалзах ял оногдуулж өгнө үү” гэв.

Шүүгдэгч А.А- давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй байж чадна. Гэмт хэрэг үйлдсэндээ маш их харамсаж байна” гэв.

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэв давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “А.А-ын үйлдсэн гэмт хэрэг нотлох баримтуудаар тогтоогдож, анхан шатны шүүхээс түүнийг бусдын эд хөрөнгийг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жилийн хорих ялаар шийтгэсэн. Анхан шатны шүүхээс А.А-од оногдуулсан 1 жилийн хорих ял нь түүний үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд тохирч байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар А.А-од холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болортунгалагийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

А.А- нь 2021 оны 10 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг блокон хашааны зүүн талд байрлуулсан 380 вольтын хүчин чадалтай цахилгааны шийдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Б.Б-д 810.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 21/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 3-6/,

Хохирогч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 19 цагийн үед гэртээ ирээд гэрлээ асаах гэтэл гэрэл асахгүй байхаар нь цахилгааны шийдээ шалгатал алга болсон байсан. ...манайх 380 вольтын хүчин чадалтай цахилгааны шийдийг 2021 оны 07 дугаар сард Улаанбаатар хотоос 1.500.000 төгрөгөөр авч байсан. Гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх 11-12/,

Гэрч Ж.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 11-ний орой намайг гэртээ байхад манай найз А.А- утсаар залгаж “манай хашаанд 380 вольтын хүчин чадалтай цахилгааны шийдтэй тоолуур байгаа юм, энэ шийдийг салгаж тоолуурыг авах гээд байгаа юм, утсыг нь салгаад өгөөч”  гэхээр нь ...салгаж өгсөн...” гэх мэдүүлэг /хх 15-16/,

Хөрөнгө үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2021/ШД-363 дугаартай “...тоолуур пускатель, хайрцагны зах зээлийн үнэ 810.000 төгрөг байх боломжтой...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх 28-30/,  

Эд зүйл эрэн сурвалжилсан бүртгэл, эд зүйлийн мэдээлэл /хх 34-37/,

Эд мөрийн баримтыг хураан авах тухай тэмдэглэл /хх 39-40/,

Эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 41-42/,

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх 41-72/,

Яллагдагч А.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө 00 цагийн орчимд манай хашааны зүүн буланд блокон хашааны гадна байрлах саарал өнгийн цахилгааны шийдийг найз Ж.Э-ыг дуудаж салгуулж аваад маргааш өглөө нь ээж А-н хашаанд ганцаараа өргөж аваачсан. ...мөнгөний хэрэг гараад хулгай хийсэн...” гэх мэдүүлэг /хх 59-60/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн  нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, хэргийн зүйлчлэл зөв байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэсэн заалт  нь шүүх заавал хэрэглэхээр үүрэг болгосон зохицуулалт биш бөгөөд харин шүүхээс оногдуулж буй эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсноороо  шударга ёсны зарчимд нийцнэ.

Анхан шатны шүүх шүүгдэгч А.А-ыг бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь А.А-ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдалд тохирсон байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “ял хөнгөрүүлэх” агуулгатай давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2021/ШЦТ/264 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “ял хөнгөрүүлэх” агуулгатай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-ын цагдан хоригдсон 84 хоногийг ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Б.ДЭНСМАА

 

                           ШҮҮГЧИД                                                  Я.АЛТАННАВЧ

                                                               

                                                                                              Г.БОЛОРМАА