| Шүүх | Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинсүрэнгийн Зоригтбаатар |
| Хэргийн индекс | 123/2022/0060/З |
| Дугаар | 123/ШШ2023/0016 |
| Огноо | 2023-05-16 |
| Маргааны төрөл | Бусад, |
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 123/ШШ2023/0016
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Зоригтбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Гомдол гаргагч: Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Туул, Д.Түмэнжаргал,
Хариуцагч: Төв аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч /хуучин нэрээр Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч/ Ү.Бат-Эрдэнийн “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Баянбуурал амралтын газарт оногдуулсан №0033353 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Туул, Д.Түмэнжаргал, хариуцагч Төв аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч /хуучин нэрээр Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч/ Ү.Бат-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдлоор гаргасан нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Төв аймгийн мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Ү.Бат-Эрдэнийн “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Баянбуурал амралтын газарт оногдуулсан №0033353 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлын нэхэмжлэл гаргажээ.
2. Хэргийн нөхцөл байдал, шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:
2.1. Төв аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ү.Бат-Эрдэнэ нь Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагчаар (албан тушаал чиг үүрэг нь шилжиж, өмнөх байгууллага нь татан буугдсан) ажиллаж байхдаа Зөрчлийн хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлээд 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 0033353 дугаартай Шийтгэлийн хуудас үйлдсэн байна.
2.3. Гомдол гаргагч тал нь Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Ү.Бат-Эрдэнийн “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Баянбуурал амралтын газарт оногдуулсан №0033353 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэргийн оролцогчийн тайлбар, түүний үндэслэл:
1. “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Туул шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төв аймгийн Мэргэжлийн хяналтын байгаль орчин хяналтын улсын байцаагч Ү.Бат-Эрдэнийн Улаанбаатар Төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгт оногдуулсан 0033353 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Төв аймгийн Мэргэжлийн хяналтын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ү.Бат-Эрдэнэ нь Улаанбаатар төмөр замын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Баян буурал амралтын газарт холбогдуулан 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр зөрчил үйлдсэн гэж үзэж шийтгэлийн хуудас оногдуулсан. Үүнийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй тул хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар Төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Баян буурал амралтын газар нь байгаль орчны нөлөөлсөн нарийвчилсан үнэлгээгүй, байгаль орчны менежентийн төлөвлөгөөгүй, ус ашиглах дүгнэлт гаргуулаагүй, зөвшөөрөл авч гэрээ байгуулаагүй зөрчил үйлдсэн болох нь тогтоогдож байх тул зөрчлийн хэрэг нээж дараах нэр бүхий үйл ажиллагааг зөвшөөрөлгүй явуулсан гэх үндэслэлээр шалгалтын ажиллагааг явуулсан байна. Байгаль орчны нөлөөлсөн нарийвчилсан үнэлгээ хийгээгүй, байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүй, ус ашиглах эрхийн бичиггүй, усны төлбөр төлөлгүй үйл ажиллагаа явуулсан, бохир ус цэвэршүүлэхгүйгээр усны урсгалд шууд хийж байгаль орчинд бохирдол үүсгэж хүн амын эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах эрсдэл үүсгэсэн гэх шалтгаанаар торгуулийн арга хэмжээ авсан байна. Уг торгуулийн арга хэмжээг дараах байдлаар эс зөвшөөрч байна. Үүнд Замын даргын 2022 оны А/1 тушаалаар Улаанбаатар Төмөр замын 2022 он зорилтын менежментийн нэгдсэн тогтолцоог жил болгон зарлаж байгаль орчны менежментийн ISO140001 стандартын дагуу замын нэгдсэн төлөвлөгөөг гаргаж уг төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаа явуулж байна. Улаанбаатар төмөр замын хэмжээнд ус ашиглах эрхийн бичиг бүсчлэн гарсны дагуу Баян буурал амралтын газар нь Мандал, Хараа, Ерөө голын сав газарт хуулийн дагуу хэвийн үйл ажиллагаагаа явуулж байна. Ус ашиглуулах дүгнэлтийг хавсаргасан. Усны төлбөрийг жил болгон төлж сүүлийн 5 жилийн тайлан дээр байгаа. Цэвэрлэх байгууламж дээр байнгын буюу 24 цагаар хэвийн үйл ажиллагаа явуулж байна. 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр, 07 дугаар сарын 05-ны өдөр усны шинжилгээ хэвийн гаргасан ба Төв аймгийн Мэргэжлийн хяналтын байцаагчийн авсан усны шинжилгээний хариу стандартын шаардлага хангасан талаар Төв аймаг Мэргэжлийн хяналтын байгаль орчны улсын байцаагч Ү.Бат-Эрдэнэд тус тус мэдэгдсэн. Эрх бүхий албан тушаалтан нь шинжээч томилж шинжилгээ хийлгэх тогтоолоор 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр шинжээч томилсон гэх боловч хэргийн оролцогчдод танилцуулаагүй бөгөөд шинжилгээнд нэмэлтээр материал гаргах боломжоор хангаагүй. Шинжээчийн дүгнэлт гаргасан шинжээч нар нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар Шинжээч шинжилгээний дүгнэлт гаргахдаа Шүүх шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтална гэх заалтын баримталж дүгнэлт гаргаагүй байна. Шинжээчийн Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэг зааснаар Шинжилгээний байгууллагын шинжээч шинжилгээний явц, үр дүнг үндэслэн дүгнэлтээ бичгээр гаргаж, гарын үсэг зурж, хувийн болон байгууллагын баталгааны тэмдгээр баталгаажуулна гэсэн хуулийн заалтыг зөрчсөн байна. Мөн хуулийн 18 дугаар зүйлд зааснаар шинжилгээ хийсэн он, сар, өдөр, газар, шинжилгээ хийх болсон үндэслэл, шинжилгээний төрөл, хэлбэр, шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн талаарх мэдээлэл, эцэг /эх/, өөрийн нэр, боловсрол, мэргэжил, ажилласан жил, эрдмийн зэрэг, цол, албан тушаал зэрэг шинжээчийн талаарх мэдээлэл, шинжилгээний объектын талаарх мэдээлэл, шинжилгээний объект ба хэргийн материалыг шинжилсэн явц, шинжилгээний явцад байлцсан хэргийн оролцогчийн талаарх мэдээлэл зэрэг байх шаардлагыг зөрчсөн. 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдөр шинжээчийн дүгнэлтийг даалгасан байх боловч тухайн хугацаандаа дүгнэлт гаргаагүй. Шинжээч томилох тогтоолын 4 дэх хэсэгт заасан хэргийн материалыг шинжээч томилох тогтоолтой хамт шилжүүлсэн гэх боловч шинжээч томилох тогтоолыг дангаар нь явуулж, хэргийн материалтай хамт явуулаагүй зөрчил гаргасан байна. Эрх бүхий албан тушаалтан 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийг тухайн цаг хугацаанд танилцуулаагүй бөгөөд 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр шийтгэлийн хуудас гардуулахдаа шинжээчийн дүгнэлт танилцуулсан. Энэ Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.11 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт Оролцогч шинжээчийн дүгнэлттэй санал нийлэхгүй бол эрх бүхий албан тушаалтан, прокурорт энэ хуульд заасан журмын дагуу гомдол гаргаж болно, 6 дахь хэсэгт Оролцогчийн хүсэлтээр дахин шинжилгээг нэг удаа хийж болно гэж зааснаар дахин шинжилгээ хийлгэх хүсэлтийг хангаагүй байна. Иймд эрх бүхий албан тушаалтны 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 0033353 дугаартай шийтгэлийн хуудас оногдуулахдаа хууль зөрчиж гарсан дүгнэлт нь Шүүхийн шинжилгээний тухай хууль болон, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн тул эрх бүхий албан тушаалтнаас Улаанбаатар Төмөр замын Хувь нийлүүлсэн нийгэмлэгт оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Түмэнжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага усны мөнгө гэж жил бүр 960.000 төгрөг төлдөг. Гэтэл гэрээгүй гээд шийтгэлийн хуудсаар арга хэмжээ авсан нь үндэслэлгүй байна гэв.
3. Хариуцагч Төв аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ү.Бат-Эрдэнэ хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Мэргэжлийн хяналтын даргын баталсан 1947 дугаартай удирдамжаар төлөвлөгөөт бус шалгалтыг амралт, аялал жуулчлалын газруудад явуулж гүйцэтгэсэн. Тухайн шалгалтын явцад Улаанбаатар төмөр Замын хувь нийлүүлсэн нийгэмлэг Баян буурал амралтын газар нь байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээгүй хийлгээгүй, тухайн жилийн тайлан болох менежментийн төлөвлөгөө батлуулаагүй, ус ашиглах дүгнэлт гаргуулаагүй, зөвшөөрөл авч гэрээ байгуулаагүй, ус ашиглах эрхийн бичиггүй, усны төлбөр төлөөгүй гэсэн зөрчлүүдийг илрүүлээд 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр зөрчлийн хэрэг нээсэн. Зөрчлийн хэрэг нээсэн даруйд Баян буурал амралтын газрын захиралтай утсаар холбогдоод зөрчлийн хэрэгтээ танилцах, тайлбар мэдүүлгээ өгнө үү гээд 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Баян буурал амралтын газрын дарга Ганбат гэх хүн ирээд зөрчлийн хэргийн тогтоолтой танилцаад холбогдох мэдүүлгээ өгөөд явсан. 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Баян буурал амралтын газрын үйл ажиллагааг түр зогсоох саналаа аймгийн Прокурорын газарт гаргаад 4 дугаартай прокурорын тогтоолоор үйл ажиллагааг зогсоосон. Ингээд 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 319 дугаартай албан бичгээр усны газарт шинжээч томилоод дүгнэлт гаргуулах тухай албан бичгийг явуулсан. 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар Төмөр замын итгэмжлэгдсэн төлөөлөгч болох Д.Туул, Д.Түмэнжаргал нар ирээд тайлбар мэдүүлгүүдээ өгөөд нотлох баримтуудаа гаргаж өгсөн. Энэ нотлох баримтуудад 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/12 дугаартай Хараа голын сав газрын захиргаанаас авсан ус ашиглах зөвшөөрөл мөн өдрийн 06 дугаартай ус ашиглах гэрээ, усны төлбөр төлсөн баримт болох 2018, 2019, 2020, 2021, 2022 оны усны төлбөр төлсөн 960.000 төгрөгийн баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Улаанбаатар Төмөр замын ус хангамжийн 1 дүгээр ангийн усны тухай дүгнэлтээр зөвшөөрөлтэй гэж үзээд байгаа. Улаанбаатар Төмөр замын ус хангамжийн 1 дүгээр анги нь 10 өртөөнд дүгнэлт гаргасан. Үүний 1 өртөө буюу Мандал өртөө болох Батсүмбэр суманд гарсан. Батсүмбэр суманд байдаг Мандал өртөө нь Баян буурал амралтын газрын усаар хангадаггүй. Баян буурал амралтын газрын мэдээлэл нь огт байхгүй. Ус ашиглах гэрээнд усны барилга байгууламжийн эх үүсвэр, худгийн мэдээлэл, тоолуурын мэдээлэл, насосын хүчин чадал зэргийг тусгаж өгсөн байгаа. Гэтэл ерөөсөө Зүүн хараагийн 3 худаг, 3000 мкв бүхий 2 ширхэг усан сан гэсэн мэдээлэл байгаа. Баян буурал амралтыг усаар хангана гэсэн мэдээлэл огт байхгүй. Худгийн мэдээлэл нь Тоосгон байшинтай, бетонон шонтой, төмөр хашлагаар хамгаалагдсан гэж байгаа. Гэтэл тухайн газар дээрээ Баян буурал амралтын худаг нь тоосгон байшин байхгүй, зүгээр л хашаагаар хамгаалагдсан ийм л худаг байгаа. Усны нийт төлбөр 960.000 төгрөг гэдгийг хаанаас гаргаж ирсэн ямар учраас ийм мөнгө төлөх болсон нь тодорхойгүй. Ус ашиглах дүгнэлтээр 960.000 төгрөг төлнө гэж тогтоогоогүй. Гэрээ байгуулахдаа усны төлбөрт 960.000 төгрөг төлнө гэж гэрээ байгуулаагүй. 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Баян буурал амралтын газрын зохион байгуулагч Д.Түмэнжаргалаас гэрчийн мэдүүлэг авсан. Гэрчийн мэдүүлэгтээ 2 гүнийн хутагтай, нэг худаг нь ажиллахгүй, нэг худгаас ундны усны хэрэглээг хангадаг гэж мэдүүлэг өгсөн. Усны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.11 дэх хэсэгт “Энэ хуулийн 28.6 дахь хэсэгт заасан зөвшөөрлийг үндэслэн ус ашиглах эрхийн бичиг олгож, гэрээ байгуулснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын ус ашиглах эрх үүснэ гэж заасан”. Мөн хуулийн 28.6 дахь хэсэгт “Энэ хуулийн 28.4-т заасан дүгнэлтийг үндэслэн ус ашиглах зөвшөөрлийг хоногт 100 шоометрээс их ус ашиглах тохиолдолд сав газрын захиргаа, хоногт 50-100 шоометр ус ашиглахад аймаг, нийслэлийн байгаль орчны алба, хоногт 50 шоометрээс бага ус ашиглахад сум, дүүргийн Засаг дарга олгож, усны мэдээллийн санд бүртгэнэ” гэж заасан. Усны газраас 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр албан бичгээр шинжээчийн дүгнэлтийг гаргаж, хавсралтаар хүргүүлсэн. Дүгнэлтэд Хараа, Ерөө сав газрын захиргаанаас зөвшөөрөл авч гэрээ байгуулсан эсэх, усны төлбөр төлсөн эсэх, усны төлбөр хэдэн төгрөг болох талаар шинжээчийн дүгнэлт гарсан. Мөн Хараа, Ерөө голын сав газрын захиргааны 2012 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 50 тоот албан бичгээр Төв аймгийн Батсүмбэр сумын Баян буурал амралтын газар нь ус ашиглах гэрээ байгуулаагүй үйл ажиллагаа явуулж байна гэсэн албан бичиг ирсэн байдаг. Тэгэхээр зөвшөөрөл олгож, гэрээ байгуулах ёстой газар нь зөвшөөрөл аваагүй байна гэсэн албан бичиг ирүүлээд, шинжээчийн дүгнэлтээр ус ашиглах гэрээгүй гэдгийг нотолсон байгаа. 960.000 төгрөгийн төлбөр яаж төлсөн бэ гэхээр сумын татварын байцаагч ногдуулалт хийгээд тухайн аж ахуйн нэгжээс авчихдаг. Ямар ч өссөн, багассан шаталсан шинж байдал байхгүй. Сумын орлогыг бүрдүүлэх зорилгоор 960.000 төгрөгийн нэхэмжлэх бичээд өгчихдөг, тухайн байгууллага нь усны төлбөр төлсөн гээд төлчихдөг. 960.000 төгрөг төлнө гэсэн дүгнэлт ч гараагүй, зөвшөөрөл ч байхгүй, гэрээ ч байгуулаагүй. Зөвшөөрөл, гэрээг нь Хараа, Ерөө голын сав газрын захиргаанаас зөвшөөрөл олгоод гэрээ байгуулдаг. 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр зөрчлийн хэрэгт авагдсан баримтуудыг танилцуулаад хуульд заасан үндэслэлийн дагуу 5.000.000 төгрөгийн торгууль, усны газраас пост гаргаж ирсэн 1.117.900 төгрөгийн нөхөн төлбөр ногдуулсан. Баян буурал амралтын газрын хүчин чадлыг тооцоолох гол баримт нь байгаль орчны нарийвчилсан үнэлгээ байдаг. Ямар хүчин чадлаар ажиллах юм гэсэн нарийвчилсан үнэлгээний тайлан нь огт байгаагүй. Үнэлгээг үндэслээд тухайн жилийн менежментийн төлөвлөгөө батлагддаг. Гэтэл менежментийн төлөвлөгөө байхгүй. Ус хангамжийн 1 дүгээр анги гэдэг нь усны дүгнэлт гаргуулсан, гэрээ байгуулсан, Баян буурал амралтын газрын усаар хангадаг гээд байгаа боловч үүнийг Баян буурал амралтын газрыг усаар хангадаг гэж үзэхгүй байгаа. Зөвхөн Зүүн харааг усаар хангадаг нь гэрээн дээрээс тодорхой харагдаж байгаа гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн гомдлоор гаргасан нэхэмжлэлтэй, Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч /хуучин нэрээр/ Ү.Бат-Эрдэнэд холбогдох захиргааны хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, зөрчлийн хэрэг, хэргийн оролцогчдын тайлбар, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед гомдол гаргагч, түүний төлөөлөгч, хариуцагч нарын гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлээд дараах дүгнэлтийг хийн “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Туулын гаргасан гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Хэргийн оролцогчид нь дараах үндэслэлээр маргаж байна. Үүнд:
2.1. Гомдол гаргагчаас Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч /хуучин нэрээр/ Ү.Бат-Эрдэнэ нь 22344000630 дугаар Зөрчлийн хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэсэн материалыг бүрдүүлэхдээ:
- Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй
- Байгаль орчны менежментийн төлөвлөөгүй
- Ус ашиглах эрхийн бичиг
- Усны төлбөр төлөлгүй үйл ажиллагаа явуулсан
- Бохир ус цэвэршүүлэхгүйгээр усны урсгал руу шууд хийж, байгаль орчны бохирдол үүсгэж, хүн амын эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах эрсдэл үүссэн гэх шалгалтын ажиллагааг явуулж торгуулийн арга хэмжээ авсныг эс зөвшөөрч гомдлыг гаргаж байна гэж,
2.2. Хариуцагч талаас Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Баянбуурал амралтын газарт төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийж, үүнээс ус ашиглах асуудлын зөрчил илрүүлж, 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 0033353 дугаартай Шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэл оногдуулсан. Үүнд:
- Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь заалтыг,
- Тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулаагүй нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2 дахь заалтуудыг,
- Ус ашиглах зөвшөөрөл авч гэрээ байгуулаагүй нь Усны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.4, 28.11 дэх заалтуудыг тус тус зөрчсөн. 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 10 дугаартай Ус ашиглуулах дүгнэлт, Хараа-Ерөө голын сав газрын захиргааны даргын 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А-12 дугаартай “Ус ашиглах зөвшөөрөл олгох тухай” тушаал, Улаанбаатар төмөр замын Эрчим хүч ус хангамжийн 1-р ангийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн №06 “Ус ашиглах гэрээ” зэрэг баримтууд нь Батсүмбэр суманд үйл ажиллагаа явуулж буй Баянбуурал амралтын газрын ус ашиглаж буй үйл ажиллагаатай хамааралгүй байна.
3. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд:
- 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 0033353 дугаартай Шийтгэлийн хуудас,
- Хараа, Ерөө голын сав газрын захиргааны Усны барилга байгууламж, Ус ашиглалт хариуцсан мэргэжилтэн Ц.Мэндбаяр, “Улаанбаатар төмөр зам” Эрчим хүч ус хангамжийн 1 дүгээр ангийн Ус хангамжийн инженер Х.Даваасүрэн нарын байгуулсан 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 06 дугаартай Ус ашиглах гэрээ,
- Хараа-Ерөө голын Сав газрын захиргааны даргын 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А-12 “ Ус ашиглах зөвшөөрөл олгох тухай” тушаал,
- 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Ус ашиглуулах дүгнэлт,
- Хэргийн дугаар 2234000630 дугаартай Зөрчлийн хэрэг,
- Мөнгөн гүйлгээний тайлан /2018, 2019, 2020, 2021, 2022 онууд/ болон бусад хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нэхэмжлэгч тал Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Баянбуурал амралтын газарт Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар торгох шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч тал нь Улаанбаатар төмөр замын хэмжээнд ус ашиглах эрхийн бичиг бүсчлэн гарсны дагуу Баянбуурал амралт Мандал /Хараа, Ерөө голын сав газарт/-т хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байна гэж маргаж байгаа боловч 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 10 дугаартай Ус ашиглуулах дүгнэлтийн 1-д Улаанбаатар төмөр замын эрчим хүч, ус хангамжийн 1 дүгээр анги ..., төслийн нэр, байршил нь Улаанбаатар төмөр замын Эрчим хүч, ус хангамжийн нэгдүгээр ангийн усан хангамжийн эс үүсвэрийн дүүргийн ус хангамжийн эс үүсвэрийн худгууд нь Хэрлэн голын сав газарт хамаарагдана. ... мөн дүгнэлтийн 8-д ... Төмөр замын дагуух уст цэгүүдийн ашиглалт, хамгаалалтын үйл ажиллагааг замын 1, 2-р анги, зам хариуцдаг. Төмөр замын дагуух усны эх үүсвэрүүд нь төмөр замын хамгаалалтын бүсэд оршдог тул хамгаалалт сайн. Төмөр зам өртөө, худгын нэр гэх хүснэгтийн 8-д Мандал, Төв Батсүмбэр, дулааны зуухны тоо 1, 10-т Булагтай, Төв Архуст, дулааны зуухны тоо 2 гэсэн байв. Өөрөөр хэлбэл, талуудын маргаж буй 0033353 шийтгэлийн хуудастай холбогдуулахад “Улаанбаатар төмөр зам” Хувь нийлүүлсэн нийгэмлэг нь 1, 2-р ангитай бөгөөд Төв аймгийн Баянбуурал амралтын газар нь аль ангид нь харьяалагддаг эсэхийг нэхэмжлэгч тал тодорхойлоогүй үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд энэ нь нэхэмжлэгчийг зөвтгөх үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй байна. Өөрөөр хэлбэл энэхүү Ус ашиглуулах дүгнэлтийн дагуу Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Баянбуурал амралтын газар нь хуулийн дагуу ус ашиглаж байна гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна.
Мөн Хараа-Ерөө голын Сав газрын захиргааны даргын 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А-12 дугаар Ус ашиглах зөвшөөрөл олгох тухай тушаалаар
1. Хараа-Ерөө голын сав газарт ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламж, цэвэр ус олборлох, түгээх шугам сүлжээ болон ус түгээх байрны ашиглалт засвар үйлчилгээ эрхлэх үйл ажиллагаа явуулдаг “Улаанбаатар төмөр замын Эрчим хүч, ус хангамжийн нэгдүгээр анги”-д 2022 онд унд ахуй, эрчим хүчний үйлдвэрлэлийн хэрэгцээнд газрын доорх усны нөөцөөс Салхит өртөө, Баруун хараа Эрхэт өртөөнд: 35.125.0 м3/жил Зүүнхараа, Мандал өртөө зөрлөгт 167.442.0 м3/жил ус авч ашиглахыг зөвшөөрсүгэй. ... 3. Тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга, Байгаль орчны хяналтын улсын байцаагч нарт зөвлөсүгэй гэснээс үзвэл Төв аймгийн Батсүмбэр суманд байрлах Баянбуурал амралтын газар нь үүнд хамаарахгүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Түүнчлэн Усны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7 дахь хэсэгт “Хүн амын төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрийн ус хангагч байгууллага нь усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаар дүгнэлт гаргуулж, сав газрын захиргаанаас ус ашиглах зөвшөөрөл авна”, мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 28.6, 28.7-д заасан зөвшөөрлийг үндэслэн хүн амын төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрээс хангагдаж байгаа ус ашиглагчтай тухайн ус хангагч байгууллага, төвлөрсөн бус ус хангамжийн эх үүсвэрээс хангагдаж байгаа ус ашиглагчтай сав газрын захиргаа, аймаг, нийслэлийн байгаль орчны алба, сум, дүүргийн Засаг дарга гэрээ байгуулна” гэж тус тус зааснаар 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 06 дугаартай Ус ашиглах гэрээг Хараа-Ерөө голын Сав газрын захиргаа болон “Улаанбаатар төмөр замын Эрчим хүч, ус хангамжийн нэгдүгээр анги” нар нь тохиролцон энэхүү гэрээг байгуулжээ. Энэхүү гэрээнд ... ус ашиглах зориулалт: Хот суурин /Зүүнхараа, Мандал/ ус хангамж ариутгах татуургын ашиглалт үйлчилгээ гэсэн нь Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15 дахь хэсэгт “ус хангамжийн эх үүсвэр” гэж худаг, татах, цуглуулах, цэвэршүүлэх байгууламж, түгээх зориулалт бүхий усны барилга байгууламжийг” гэж тодорхойлсон байна. Өөрөөр хэлбэл энэ гэрээнд Төв аймгийн харъяа Баянбуурал амралтын газрыг, түүн дотроо усан хангамж худгийг нь тодорхойлон дурдаагүй бөгөөд Усны тухай хуульд зааснаар Баянбуурал амралтын газар нь өөрийн худагтай гэх баримтууд хавтаст хэрэгт авагдсанаас дүгнэхэд Усны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага ус ашиглах хүсэлтээ энэ хуулийн 28.4-т заасан этгээдэд гаргана”, 28.4 дэх хэсэгт “Хоногт 100 шоометрээс их ус ашиглах, эрчим хүч, усан тээврийн зориулалтаар ашиглуулах дүгнэлтийг усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, 50-100 шоометр ус болон усан орчин ашиглуулах дүгнэлтийг сав газрын захиргаа, 50 шоометр хүртэлх ус ашиглуулах, хурын ус хуримтлуулж, хөв, цөөрөм байгуулах, суваг, шуудуу татах дүгнэлтийг аймаг, нийслэлийн байгаль орчны алба тус тус гаргана”, 28.11 дэх хэсэгт “Энэ хуулийн 28.6-д заасан зөвшөөрлийг үндэслэн ус ашиглах эрхийн бичиг олгож, гэрээ байгуулснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын ус ашиглах эрх үүснэ” тус тус заасныг зөрчсөн болох нь тогтоогдож байна.
Тодруулбал хавтаст хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд Хараа-Ерөө голын Сав газрын захиргаа болон “Улаанбаатар төмөр зам” Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хооронд байгуулсан дээрх гэрээ нь Баянбуурал амралтын газрын усны эс үүсвэрийг заагаагүй, Баянбуурал амралтын газрын ашиглаж буй худгаас ус ашиглахаар байгуулсан гэрээ гэж хамааруулан үзэх үндэслэлгүй байна. Түүнчлэн Баянбуурал амралтын газар нь 2 ш гүний худагтай бөгөөд ашигласан усны нийт төлбөрт 13.482.0 м3x 82.92төг/м3=1.117.924.44 төгрөг ноогдож байгаа гэсэн дүн байх бөгөөд энэ дүн дээр талууд маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч тал “Улаанбаатар төмөр зам” Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Баянбуурал амралтын газар нь Усны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.4, 28.11 дэх хэсэг тус тус заасныг зөрчсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Баянбуурал амралтын газар нь “Улаанбаатар төмөр зам” Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн харьяа боловч бие даасан үйл ажиллагаа явуулдаг. Түүнчлэн “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Баянбуурал амралтын газарт 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 10 дугаартай Ус ашиглуулах дүгнэлт, Хараа-Ерөө голын сав газрын захиргааны даргын 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А-12 тоот “Ус ашиглах зөвшөөрөл олгох тухай” тушаал, Улаанбаатар төмөр замын Эрчим хүч ус хангамжийн 1-р ангийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн №06 “Ус ашиглах гэрээ” зэргийг хамааруулан үйл ажиллагаа явуулж байгаа зөрчил нь Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч /хуучин нэрээр/ Ү.Бат-Эрдэнийн “Улаанбаатар төмөр зам” Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Баянбуурал амралтын газарт оногдуулсан №0033353 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлгүй гэж дүгнэв.
Иймд шийтгэлийн хуудас нь тухайн зөрчилдөө нийцсэн, үр дүнд хүрсэн, зөрчилдөө тохирсон арга хэмжээ авсан буюу хуульд нийцсэн нь тогтоогдож, нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй, улмаар гомдол гаргагчийн гомдлоор тус шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлгүй байх тул “Улаанбаатар төмөр зам” Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн гомдлоор гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 113 дугаар зүйлийн 113.1 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15, 28 дугаар зүйлийн 28.6, 28.7, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан “Улаанбаатар төмөр зам” Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Төв аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч (хуучин нэрээр Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч) Ү.Бат-Эрдэнийн “Улаанбаатар төмөр зам” Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Баянбуурал амралтын газарт оногдуулсан №0033353 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар гомдлоор гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар гомдол гаргагч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ЗОРИГТБААТАР