Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 55

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

    

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Сэржмядаг даргалж, шүүгч Г.Мөнхбат, Л.Одончимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Иргэдийн төлөөлөгч: Н.Ганцацрал

Нарийн бичгийн дарга: Г.Нямаа

Улсын яллагч: Т.Төмөртулга

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Даваа

Шүүгдэгч: Н.Найдан нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Найданд холбогдох 201712000096 тоот хэргийг 2017 оны 8 сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд 1972.11.24-нд төрсөн, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхийн хамт Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 7-р баг Угтаалын 5-7 тоотод оршин суух, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, /РД:ЗП72112418/ Баяд овогт Нарангийн Найдан нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Н.Найдан нь 2017 оны 5 сарын 17-ны шөнө Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 6 дугаар баг “Гэр чулуу” гэх газарт нутаглах иргэн Д.Шаравнямбуугийн гэрт иргэн Х.Ганболдын хэвлий тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь дараах баримтаар тогтоогдож байна. Үүнд:

-  Шүүгдэгч шүүх хуралдаанд: Би хонинд яваад ирсэн чинь Д.Шаравнямбуугийн эхнэр нь хүнтэй хэрэлдээд байсан юм. Би орой нь ирээд “өдөржин хэрэлдлээ, одоо хэрүүлээ боль” гэхэд сандалаар миний гар руу цохьсон. Би багалзуурыг нь шахаад арагш нь унагасан юм. Тэгээд би орон дээр очоод сууж байсан. Тэгтэл Х.Ганболд зүүн орны тэндээс босож ирээд миний нүдний доор өшиглөөд, заазуур аваад агсам тавиад байхаар нь би урдуур нь гараад, зөрж очиж хутга аваад хутгалсан. Тэгээд Х.Ганболдыг аваад эмнэлэгт очиж, эмчийг нь авч ирээд оёо тавиулсан. Би гал тогооны тумбочканаас хутга аваад хутгалсан гэж мэдүүлэв.

  • Хохирогч Х.Ганболд мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “... Н.Найдан Ц.Оюунгэрэлийг дуугүй бай өдөржин хэрэлдээд боль гэж хэлтэл Ц.Оюунгэрэл Н.Найдангийн гар луу нь сандлаар нэг удаа цохиод авсан. Тэгээд Н.Найдан Ц.Оюунгэрэлийн багалзуурыг шахаж аваад 2 удаа цохиод авсан. Би гэрийн гол хэсэгт ширээний хажууд сууж байснаа босоод Г.Бадраагийн шанаа хавьд нь хөлөөрөө нэг өшиглөсөн. Дараа нь гэрийн баруун талын орон дээр сууж байсан Н.Найдангийн нүүрний баруун тал руу нь нэг удаа өшиглөсөн. Н.Найдан орон дээрээ сууж байсан. Тэгээд би гэрийн зүүн урд талд байх гал тогооноос заазуур аваад эргэх гэтэл манай эхнэр Ж.Оюумаа тэр заазуурыг гараас булааж авсан. Намайг гэрийн зүүн талд орны цаана гартаа заазуургүй зогсож байхад Н.Найдан гал тогооны шүүгээнээс хутга аваад хэвлий гэдэс хавьд нэг удаа хутгалсан. Тэгээд цус их гарсан тул тэр гэрт байсан хүмүүс сумын эмнэлэг оръё гээд машинд суулгаад Эрдэнэдалай сум руу авч явсан. Би эмнэлэг дээр очоод Дондог эмчид үзүүлээд гэдсэндээ 2 оёдол тавиулсан. Тэгээд аймагт үзүүлэх шаардлагатай гээд намайг аймаг руу авч явсан” гэжээ. /хх-29-31/
  • Гэрч Ж.Оюумаа мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ““ ... тэгээд бид нар гэрт нь 2 шил архи 2 пиво хувааж уусан. Ц.Оюунгэрэл Г.Бадраа хоёр хоорондоо худгийн онгоцноос болж маргалдсан. Тэгээд маргалдаад байхад Н.Найдан хажуунаас нь та 2 өдөржин маргалдаад боль гэж хэлтэл Ц.Оюунгэрэл Н.Найданг сандалаар гар луу нь цохьсон. Н.Найдан уурлаад Ц.Оюунгэрэлийг багалзуурдаад түлхэж унагаад байхаар нь Н.Найданг бид нар салгасан. Тэгтэл манай нөхөр Х.Ганболд ширээний баруун тал сууж байснаа Г.Бадраагийн нүүр лүү нэг удаа өшиглөөд дараа нь Н.Найданг баруун орон дээр байхад нь нүүр лүү хөлөөрөө өшиглөөд авсан. Манай нөхөр гэрийн зүүн урд байх гал тогооны шүүгээнээс заазуур авахаар нь би тэр заазуурыг нь булааж авсан. Тэгэхэд хажууд Ц.Оюунгэрэл байсан. Тэр хооронд Н.Найдан гал тогооны шүүгээнээс хутга авсан юм билээ. Манай нөхрийг гэрийн зүүн талд байхад шууд гэдэс рүү нь Н.Найдан хутгалчихсан. Тэрнээс Н.Найдангийн өөдөөс заазуур далайсан асуудал байхгүй” гэжээ /хх-32-33/
  • Гэрч Ц.Оюунгэрэл мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “... Тэр үед Н.Найдан гэрийн баруун талд байснаа гэрийн зүүн талд байрлах гал тогооноос хутга аваад гэрийн зүүн талд зогсож байсан. Х.Ганболдын гэдэс хавьд хутгалчихсан юм. Н.Найдан хутгаа гэрийн зүүн талд газар хаячихсан. Х.Ганболд гэдсээ дараад гэрийн баруун талын орон дээр суусан. Бид нар шууд сум руу бүгдийг нь суулгаад явсан. Х.Ганболдыг сумын эмнэлэг дээр аваачаад тэндээ оёдол тавиулаад хөдөө авч явах гэтэл дээшээ доошоо татлаад өвдөөд байна гээд дахиад эмч дээр очиход эмч нар аймаг авч явна гээд аймаг руу авч явсан” гэжээ. /хх-34-36/
  • Гэрч Г.Бадраагийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “... Маргалдаад дууссан хойно гэрийн зүүн талд газар толгойгоо тулаад хажуу тийшээ хэвтэх гэж байтал саахалт айлын Х.Ганболд гэрийн зүүн орны өмнө сууж байснаа гэнэт босож ирээд миний баруун шанаа руу хөлөөрөө нэг удаа өшиглөөд авсан. Би тэгээд шууд газар унтаад өгсөн юм. Тэрнээс хойш юу болсонг мэдэхгүй байна. Намайг унтаж байхад гэнэт сэрээгээд Н.Найдан Х.Ганболдын гэдэс рүү хутгалчихлаа гээд тэд нар яриад байсан. Тэгээд тэнд байсан хүмүүс бүгд л сум руу машинд суугаад явсан. Би Н.Найдан гэх хүн Х.Ганболдыг хутгалж байхыг нь хараагүй. Манай эхнэр тэр үед гэрээс гараад явчихсан гэсэн” гэжээ. /хх-38-39/
  • Гэрч Т.Бямбасүрэн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “... Маргалдаад дууссан хойно гэрийн зүүн талд толгойгоо газар тулаад хажуу тийшээ хэвтэх гэж байхад нь саахалт айлын Х.Ганболд гэрийн зүүн орны өмнө сууж байснаа гэнэт босож ирээд шанаа руу нь хөлөөрөө өшиглөсөн юм. Тэр хооронд манай 1 настай хүүхэд уйлахаар нь би хүүхдээ аваад гэрээс нь гарсан юм. Би гэрийн гадаа зүүн талд хүүхдээ тэврээд байж байсан. Гэрт юу болсонг хараагүй. Намайг гадаа байхад Ц.Оюунгэрэл эгч гэрээс гарч ирээд Н.Найдан Х.Ганболдыг хутгалчихлаа гэж хэлсэн. Тэгээд би мэдсэн. Хутгалж байхыг нь би хараагүй” гэжээ. /хх-40-42/
  • Шинжээчийн 2017.05.22-ны өдрийн 170200150 тоот дүгнэлтэд: 1. Х.Ганболдын биед хэвлий хөндий рүү нэвтэрсэн шарх элэгний хатгагдсан шарх, хэвлийн хөндийд 500 мл орчим сул цус хэвлийн голын шугамаар мэс ажилбарын дараах шарх гэмтэл тогтоогдлоо.  2. Дээрхи гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн хатгах үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, элэгний хатгагдсан шарх нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай шинжээрээ гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Дээрхи гэмтэл бусдад хутгалуулсан гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл болно гэжээ. / хх- 51/
  • Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Иргэн Н.Найдан нь Х.Ганболдод хүнд гэмтэл учруулсан тул Н.Найданг буруутай гэж үзэж байна” гэв.

              Дээрх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад баримтыг  хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлэх үндэслэлтэй байна.

              Шүүгдэгч Н.Найдан нь хохирогч Х.Ганболдтой маргалдаж, улмаар гэдсэн тус газарт нь хутгалж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулах үндэслэлтэй байна.

               Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1-д “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох гэм буруутай хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заажээ.

               Шүүгдэгч Н.Найдан нь 2017 оны 7 сарын 1-нээс өмнө буюу 5 сарын 17-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн, түүнийг Эрүүгийн хуулийн /2002 оны/ 96 дугаар зүйлийн 96.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаад прокурорын 2017.07.06-ны өдрийн тогтоолоор Эрүүгийн хуулийн /2015 оны/ 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан /хх-75/ нь буруу байна. Учир нь: прокурор энэхүү тогтоолдоо хууль буцаан хэрэглэж байгаа үндэслэлээ тодорхойлоогүй, мөн хоёр эрүүгийн хуулийн холбогдох заалтыг харьцуулан шалгахад шинэ Эрүүгийн хуульд хорих ялын дээд хэмжээ нэмэгдсэн байна.

               Иймд Эрүүгийн хуулийн /2015 оны/ 1.9 дүгээр зүйлийн 2-т заасан “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” зарчмыг үндэслэн прокуророос ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэлийг гэмт хэрэг үйлдсэн үеийн эрүүгийн хуульд нийцүүлэн өөрчлөх нь зүйтэй байна.

               Хохирогч Х.Ганболдын эмчилгээний зардалд 30 хонь хүлээн авсан “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн /хх-102/ нь шүүгдэгч Н.Найданг бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, бусдад төлбөргүй гэж үзэх үндэслэл болно.

               Хохирогч Х.Ганболдын бие махбодид хүнд гэмтэл учирсан нь баримтаар тогтоогдож байгаа тул цаашид эмчилгээтэй холбогдон гарсан зардал болон бусад төлбөрийг нотлох баримтаа бүрдүүлж нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээснийг хохирогч Х.Ганболдод тайлбарлая.

               Шүүгдэгч Н.Найдан нь Дундговь аймгийн сум дундын шүүхийн 1995.12.25-ны “Эрүүгийн хуулийн 138 дугаар зүйлд зааснаар 1 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн 240 дүгээр зүйлийн 3-т зааснаар 6 сарын хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 37 дугаар зүйлийн 1-д зааснаар Н.Найданд оногдуулсан ялыг хөнгөнийг хүндэд нь багтаан биечлэн 1 жилийн хугацаагаар хорьж шийтгэсэн, 1996.10.08-ны өдөр шүүгчийн захирамжаар суллагдсан, мөн 1997.05.30-ны “ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1.1-д зааснаар Н.Найданг 1 жилийн хугацаагаар хорьж шийтгэсэн ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 38 дугаар зүйлд зааснаар өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ял 5 сар 4 хоногийн ялыг нэмж нэгтгэн жинхэнэ эдлэх ялыг 1 жил 5 сар 4 хоногийн хугацаагаар тогтоосон. 1998.08.21-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан /хх-79, 94-98, 99-100/ болох нь таслан шийдвэрлэх тогтоол, ял шалгах хуудас зэрэг баримтаар тогтоогдож байна.

               Шүүгдэгч Н.Найдан нь ялтай байх хугацаандаа гэмт хэрэг шинээр үйлдээгүй нь ял шалгах хуудсаар /хх-79/ тогтоогдож байх тул Н.Найдан нь ялгүй болсон байна.

               Хохирогч Х.Ганболдын зүй бус үйлдлээс гэмт хэрэг үйлдэгдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн  нь Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.5-д заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, харин шүүгдэгч Н.Найдан нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал болно.

Дээрх нөхцөл байдлыг болон ялгүй болсноос хойш анх удаа хорих ялаар шийтгүүлж байгаа байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, мөн шалтгаанаар ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэн, хорих ялыг нээлттэй хорих ангийн энгийн зэрэглэлд эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

            Шүүгдэгч Н.Найдангийн 2017 оны 8 сарын 15-ны өдрөөс эхлэн 9 сарын 25-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон хугацааг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцно.

            Гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн ажлын хэсэг 11 см урт, мөр нь -10 см, бариул нь -10 см нийт урт нь 21 см хар хүрэн иштэй хутгыг /хх-24-27/ шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14, 36.1, 36.2, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

  1. Эрүүгийн хуулийн /2015 оны/ 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2-т заасныг баримтлан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Н.Найданд Эрүүгийн хуулийн /2015 оны/ 11.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан гэмт хэрэгт яллагдагчаар татсан хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн /2002 оны/ 96 дугаар зүйлийн 96.1 болгон өөрчилсүгэй.
  2. Шүүгдэгч Баяд овогт Нарангийн Найданг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  3. Эрүүгийн хуулийн /2002 оны/ Ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх заалтыг журамлан мөн хуулийн Тусгай ангийн 96 дугаар зүйлийн  96.1-д зааснаар 3 /гурван/ жил 5 /таван/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй. 
  4. Эрүүгийн хуулийн /2002 оны/ 52 дугаар зүйлийн 52.5, 52.10 дахь заалт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2017 оны/ 198 дугаар зүйлийн 198.2-т зааснаар шүүгдэгч Н.Найданд шүүхээс оногдуулсан 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангийн энгийн зэрэглэлд эдлүүлсүгэй.  
  5. Эрүүгийн хуулийн /2002 оны/ 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар Н.Найдангийн цагдан хоригдсон 41 /дөчин нэг/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
  6. Энэ хэргийн улмаас Н.Найдангийн эд зүйлийг битүүмжлээгүй ба хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн хутгыг устгуулахаар Дундговь аймгийн Шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.
  8. Энэхүү шийтгэх тогтоол нь  уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл  шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
  9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Найданд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                                  

                                     ДАРГАЛАГЧ                                  С.СЭРЖМЯДАГ

                                         ШҮҮГЧИД                                  Г.МӨНХБАТ

                                                                                            Л.ОДОНЧИМЭГ