2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2026 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 2026/ШЦТ/954

 

 

 

 

 

 

 

 

2026           04             07                                        2026/ШЦТ/954

 

           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Шинэхүү даргалж,

Нарийн бичгийн дарга В.Бадмаагарав,

Улсын яллагч Э.Дөлгөөн,

Шүүгдэгч Г.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б овогт Г-ын Нт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2406 01710 4194 дугаартай хэргийг 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, *** мэргэжилтэй, *** ажилтай, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт *** тоотод оршин суух үндсэн бүртгэлтэй боловч *** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн *** дугаартай, Б овогт Г-ын Н.

Холбогдсон хэргийн талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Г.Н нь 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 16-ны өдөрт шилжих шөнө өөрийн хүүхэд болох 1 нас 3 сар 25 хоногтой Н.Ныг асран хамгаалах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас Н.Н нь *** тоот хашаанд байх гэрийн гадна осгож, эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 17 дахь тал/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 19-21 дэх тал/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 25 дахь тал/,

Хохирогч О.Ны мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 27-28 дахь тал/,

Гэрч Г.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 34 дэх тал/,

“Баянзүрх эмнэлэг” ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 01/209 дугаартай албан бичиг, хавсралт 202401934 дугаартай Өвчний түүх /хх-ийн 48-96 дахь тал/,

Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн ЕГ0525/633 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 128-130 дахь тал/,

Сэжигтэн Г.Нийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 136-137 дахь тал/,

Яллагдагч Г.Нийн мөрдөн байцаалтын үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 144 дэх тал/ зэрэг болно.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас яллагдагч Г.Нт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Хоёрдугаар бүлэгт заасан харьяаллын дагуу шилжүүлсэн байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Харин шүүх хавтаст хэрэгтэй танилцахад 2024 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Г.Нээс гэрчээр /хх-ийн 32 дахь тал/ мэдүүлэг авсан нь түүнийг хэрэгт хамаарал бүхий нотолгоо бий болсны дараа мэдүүлэг авсан байх бөгөөд тус мэдүүлгийг худал өгвөл хуулийн хариуцлага хүлээлгэхийг сануулж түүнээс өөрийнх нь эсрэг гэрчийн мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14 дэх хэсэгт “…Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно…” гэж заасан Монгол Улсын иргэний баталгаатай эдлэх эрхийг зөрчжээ.

Хууль тогтоогчоос тус эрхийг баталгаатай эдлэх эрх зүйн үндэслэлийг бий болгохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “…Гэрч өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй…”, мөн хуулийн 31.8 дугаар зүйлийн 1.5 дахь заалтад “…өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх…”, 31.11 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад “…өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх…”, 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “…Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй…”, 3 дахь “…Яллагдагчийг өөрийнх нь эсрэг мэдүүлэг авахаар албадахыг хориглоно…” гэж тус тус хуульчилжээ.

Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт “…хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн…”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина…” гэж тус тус хуульчилсан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, тэдгээрт хяналт тавих, хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэлбэрийг баталгаажуулсан байдаг билээ.

Хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэлбэрийг сахин биелүүлээгүй тохиолдол бүр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчилд тооцогдож, хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлдөг тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцох”-оор тус тус заажээ.

Иймд шүүгдэгч Г.Нийн гэрчээр өгсөн мэдүүлгийг шүүхээс нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон, нотлох баримтын хүрэлцээт байдал хангалттай байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Гэм буруугийн талаар шүүхээс дараах дүгнэлтийг хийв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “…Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно…”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “…Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно…” гэж тус тус заажээ.

Улсын яллагчаас “…Шүүгдэгч Г.Н нь 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 16-ны өдөрт шилжих шөнө өөрийн хүүхэд болох 1 нас 3 сар 25 хоногтой Н.Ныг асран хамгаалах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас Н.Н нь *** тоот хашаанд байх гэрийн гадна осгож, эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эх хуулиар хүлээсэн асран хамгаалах үүргээ биелүүлээгүйн улмаас хүүхдийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогчийн биед хүнд хохирол учирсан ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй...” гэх дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч Г.Н нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй маргаагүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “…Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хуулиар хүлээсэн асран хамгаалах үүргээ биелүүлээгүйн улмаас хүүхдийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бол…” гэж гэмт хэргийн шинжийг хуульчилжээ.

Тодруулбал энэхүү гэмт хэргийн шинж нь хуулиар хүлээсэн үүрэг байх бөгөөд бланкетны диспозицитой байна. Монгол улсын хувьд хүүхдийн эрхтэй холбоотой харилцааг дараах хуулиар зохицуулжээ. Үүнд: Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль,  Гэр бүлийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль болон Хүүхдийн эрхийн конвенц зэрэг болно.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “…Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ…” гэж, мөн хуулийн 25.3 дахь хэсэгт “…Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаална…”, мөн хуулийн 26.2.1 дэх заалтад “…хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх…”, мөн зүйлийн 26.2.2 дахь заалтад “…хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх…” үүргийг эцэг, эх хүлээнэ, мөн хуулийн 26.9 дэх хэсэгт “…Хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хохироосон эцэг, эх хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээж, энэ хуулийн 30.1.-д заасан үйлдлийг хийж, хүүхдээ бага наснаас нь өсгөн хүмүүжүүлээгүй нь тогтоогдсон бол тухайн хүүхдийн эцэг, эхийн хувьд эдлэх эрхээ алдана…” гэжээ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5.1.1 дэх заалтад “…гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг…” гэр бүлийн хүчирхийлэл гэж, мөн хуулийн 6.2 дахь хэсэгт “…Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ…” гэж, мөн хуулийн 28.1 дэх хэсэгт “…Хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, гэр бүлийн бусад гишүүн хамгаалах үүрэгтэй…” гэж, мөн хуулийн 46.2 дахь хэсэгт “…Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ…” гэжээ.

Хүүхэд хамгааллын тухай хуулийн 4.1.6 дахь заалтад “…хүүхдийг үл хайхрах" гэж хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, үүрэг хүлээсэн бусад этгээд хүүхдийн аюулгүй байдал, бие махбод, эрүүл мэнд, сэтгэл санаа, боловсрол, хөгжлийн хэрэгцээг гачигдуулсан, асран хамгаалах үүргээ биелүүлээгүйн улмаас хүүхдийг эрсдэлт нөхцөлд оруулсныг…” гэж, мөн хуулийн  22.4 дэх хэсэгт “…Эцэг, эхэд хүүхэдтэй холбоотой эрхээ урвуулан ашиглах, хүүхдийг үл хайхрах, зүй бус харьцах, бие махбодын шийтгэл хэрэглэх, гутаан доромжлохыг хориглоно…”, мөн хуулийн 57.2 дахь хэсэгт “…Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ…” гэжээ.

Иймд шүүгдэгч Г.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “…Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хуулиар хүлээсэн асран хамгаалах үүргээ биелүүлээгүй…” гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Харин энэхүү гэмт хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй буюу хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр зэргийн хохирол заавал учирсан байх шинжийг шаарджээ. Мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ гэмт хэргийн улмаас хүүхдийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бол...” гэж гипотизийг хүндрүүлэх шинжээр тогтоожээ.

Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн ЕГ0525/633 дугаартай: “...Н.Ны биед ерөнхий биеийн осголт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь нам хэмийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.21-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 128-130 дахь тал/-ээр насанд хүрээгүй хохирогч Н.Ны эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь тогтоогджээ.

Сэжигтэн Г.Нийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний охин одоо биеийн байдал хэвийн  **-р цэцэрлэгийн бага бүлэгт суралцаж байгаа, биед нь ямар нэг өөрчлөлт байхгүй, биед нь шарх сорви байхгүй, бие эрхтэнд нь ямар нэг гажиг согог байхгүй сэргэлэн цовоо өсөж хөгжиж байгаа, өөрөө ганцаараа скүүтер унаж сурсан, одоо 2 ой 6 сартай ба энэ насны хүүхдүүдийн хийж чадах бүхий л үйлдлийг хийж чадаж байгаа. ...Би өөрийнхөө буруугаас болж хүүхдээ ийм байдал хүргэсэн, хүүхдэдээ маш сайн анхаарал тавьж, өсөлт хөгжилтөд нь анхаарч байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 136-137 дахь тал/,

Яллагдагч Г.Нийн мөрдөн байцаалтын үед өгсөн: “...Надад сэжигтнээр өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй, би урьд өмнө нь үнэн зөв мэдүүлэг өгсөн ба миний бага охин Н одоо  ** дугаар цэцэрлэгийн дундын “В” бүлэгт суралцаж байгаа. ...Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, охиныхоо өсөлт, хөгжилтөд анхаарч байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 144 дэх тал/ тус тус авагджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “…Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй…” гэжээ. Харин дээрх мэдүүлэг нь дараах нотлох баримтуудаар давхар нотлогдож байна гэж шүүхээс дүгнэлээ. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан: “...*** тоотоос 2024 оны 03 дугаар сарын 16-ны өглөөний 07 цаг орчимд 1 настай Н.Н нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт осгосон байдалтай хүргэгдэн ирсэн...” гэх тэмдэглэл /хх-ийн 17 дахь тал/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 19-21 дэх тал/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн үед маш хэцүү зүйл болж хүүхдийн амь нас ч эрсдэж болохуйц нөхцөл байдалтай байсан байна. Гэхдээ эмчилгээ сайн хийгдэж, асаргаа сувилгаа сайн байсан юм шиг байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 25 дахь тал/,

Хохирогч О.Ны мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Н 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр бага охин Нг аваад найз Дгийн гэр орныг нь нүүлгэлцэж ирэхээр Улаанбаатар хот руу явсан. Түүнийг явснаас хойш утсаар видео холболт хийж ярихад найзындаа ирсэн байна, найзтайгаа хоёулаа байна гэж хэлж байсан бөгөөд 2024 оны 03 дугаар сарын 15-ны орой утсаар холбогдон ярихдаа чи одоо ирэхгүй бол болохгүй байна, би ажлаа хийхгүй бол болохгүй нь хүүхдүүдээ ирж харах шаардлагатай байна гэж хэлэхэд Н за би маргааш өглөө эндээс явна гэж хэлж байсан. Гэтэл 2024 оны 03 дугаар сарын 16-ны өглөө 08 цаг өнгөрч байх үед охин Нг эмнэлэгт хүргэгдсэн талаарх мэдээг аваад шууд Улаанбаатар хотод ирэхэд Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт эхнэр Н нь охин Нг авч хэвтсэн байсан. Тухайн үед Н нь зүрх нь зогсонги байдалтай осголтын нэлээд хүнд зэрэгтэй хэвтэн эмчилгээ хийлгэж байгаад 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Эх нялхасын эрүүл мэндийн төвийн эрчимт эмчилгээний тасагт шилжин хэвтэж эмчилгээ хийлгэж байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дахь тал/,

Гэрч Г.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр манай найз Г.Н нь хүүхдийн хамт манай гэрт ирээд өнөөдрийг хүртэл амьдарч байсан бөгөөд өнгөрсөн шөнө 01 цагийн орчимд бид хоёр баар орохоор болоод гэртээ хүүхдүүдээ үлдээгээд гараад явсан. Гэрт маань манай том хүү сэрүүн, бусад нь унтаад үлдсэн. Тэгээд манай найз Б.Б, Г.Н бид гурав Кино үйлдвэрийн урд талын *** гэдэг бааранд ороод тэндээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад би тасарчихсан байсан. Нэг мэдсэн чинь өглөө гэрийн гадаа машиндаа унтаж байтал манай том хүү намайг сэрээгээд аниагийн хүүхэд ухаангүй, амьсгалахгүй байна гэнэ ээ ээжээ нэг юм болчихсон юм шиг байна гэхээр нь би айгаад очиж чадаагүй. Өөрийнхөө *** дугаарын утаснаас 07 цаг 54 минутад түргэн тусламж дуудсан. Түргэн тусламж 1 цаг орчмын дараа ирээд хүүхдийг нь аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 34 дэх тал/,

“Баянзүрх эмнэлэг” ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 01/209 дугаартай: “...Ны Н /РД: ***/ 2024.03.16-ны өдрөөс 2024.03.18-ны өдрүүдэд манай эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлсэн болно...” гэх албан бичиг, хавсралт 202401934 дугаартай Өвчний түүх /хх-ийн 48-96 дахь тал/-ээр шүүгдэгч Г.Нийн хүүхдийг асран хамгаалах үүргээ үл биелүүлсэн эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж шүүхээс дүгнэв.

Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь иргэн бүрийн журамт үүрэг мөн...” гэжээ.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүсэх бөгөөд мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь заалтад зааснаар хүүхдээ асран хамгаалах нь эцэг, эхийн үүрэг болно.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт “…эрүүл, аюулгүй орчинд амьдрах…” гэж заасан Монгол Улсын Иргэний баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөнд халдсанаас гадна Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “…хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй…” гэж заасан эрхэд тус тус халдсан үйлдэл байх тул нийгэмд аюултай байна.

Шүүгдэгч Г.Н нь хуулиар хүлээсэн асран хамгаалах үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн үр дагаврыг ойлгож үйлдсэн бөгөөд шүүгдэгч нь сэтгэцийн хувьд эрүүл, хэрэг хариуцах чадваргүй гэх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд насанд хүрсэн, өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэжээ.

Шүүгдэгч Г.Нийн эс үйлдэхүйн улмаас насанд хүрээгүй хохирогч Н.Ны эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн ЕГ0525/633 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 128-130 дахь тал/-ээр тогтоогдсон байна.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүнд хохирол гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Насанд хүрээгүй хохирогч Н.Ны эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байх бөгөөд уг хохирол, шүүгдэгч Г.Нийн гэм буруутай санаатай эс үйлдэхүй хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “…Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно…” гэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9 дэх заалтад “...гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах…” эрхтэй, мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “…Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй…” гэж тус тус хуульчилжээ.

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд баримтаар хохирол, төлбөр нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч Г.Нийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Г.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байх бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас “...Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэж байна. Шүүгдэгч Г.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, *** нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах саналтай байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад заасан хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авах саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, баримтаар бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна...” гэх дүгнэлт гаргасан болно.

Шүүгдэгч Г.Н нь улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх саналтай холбогдуулж “...Би урагшаа Хятад улс руу явж бараа авчирч зардаг. *** нутаг дэвсгэрээс гарахгүй болчихоор хэцүү байна....” гэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад хувийн байдалтай холбогдуулж дараах баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 147 дахь тал/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 149 дэх тал/,

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 152 дахь тал/ зэрэг болно.

Шүүгдэгч Г.Нт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Г.Нт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, насанд хүрээгүй хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.

Иймд шүүхээс шүүгдэгч Г.Нт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгтээ хийж буй түүний дүгнэлт, хувийн байдал зэргийг харгалзан, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, мөн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь заалтад зааснаар “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоож шийдвэрлэв.

Зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг тогтоохдоо шүүгдэгч Г.Нийн * оршин суудаг байдлыг харгалзан Д*нутаг дэвсгэрийн хэмжээгээр хязгаарлахаар тогтов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Г.Н нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.

Бусад асуудлаар:

Хүүхэд хамгааллын тухай хуулийн 4.1.13 дахь заалтад “…кейс менежмент гэж хүүхэд, гэр бүлд чиглэсэн зайлшгүй шаардлагатай үйлчилгээг тодорхой үе шатаар хүргэх, зохицуулах, хяналт тавих мэргэжлийн үйл ажиллагааг…” гэж, мөн хуулийн 15.4 дэх хэсэгт “…Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан хүүхэд хамгааллын кейсийг нээхээс хаах хүртэлх хугацаанд хүүхэд хамгааллын үйлчилгээний хүрээнд гарсан шийдвэр, үйл ажиллагааг холбогдох стандарт, маягт, зааврын дагуу заасан хугацаанд баримтжуулж, биет болон цахим хэлбэрээр хадгалж, мэдээллийн санд оруулна…”, мөн хуулийн 35.1.3 дахь заалтад “…эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлэх, тандалт судалгаа явуулах, бүртгэх ажлыг орон нутгийн цагдаагийн байгууллага болон холбогдох бусад байгууллагатай хамтран зохион байгуулах…”, мөн зүйлийн 35.1.6 дахь заалтад “…эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд, түүний гэр бүлд үзүүлсэн хүүхэд хамгааллын үйлчилгээний талаар нэгдсэн бүртгэл, судалгаа хөтөлж, хүүхэд хамгааллын нэгдсэн мэдээллийн санд оруулах…”, мөн зүйлимйн 35.1.9 дэх хэсэгт “…гэр бүл, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид хүүхэд өсгөн хүмүүжүүлэх, хамгаалах талаар шаардлагатай зөвлөгөө, сургалт, тусламж, дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулах…” чиг үүргийг аймаг, нийслэл, дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан байгууллага хэрэгжүүлнэ гэжээ.

Иймд * хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан байгууллага дээрх хууль тогтоомжид заасан чиг үүргийг хэрэгжүүлэх шаардлагатай болохыг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүхээс дүгнэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Г.Нт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Б овогт Г-ын Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Эх хуулиар хүлээсэн асран хамгаалах үүргээ биелүүлээгүйн улмаас хүүхдийн эрүүл мэндэд хүнд хохирол учирч” Хүүхдийг асран хамгаалах үүргээ үл биелүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.Нт 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.Нт 2 жилийн хугацаанд “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоож, биелэлтэд хяналт тавихыг *дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Н нь * нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, түүнд хяналт тавихыг * дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Г.Н нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. * аймгийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан байгууллага нь Хүүхэд хамгааллын тухай хуульд заасан зохих чиг үүргийг хэрэгжүүлэхийг даалгасугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Нт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ШИНЭХҮҮ