Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 2022/ДШМ/09

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 01 өдөр                                2022/ДШМ/09                          Хэрлэн сум

 

Н.Э-д холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

226/2022/0009

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Алтаннавч даргалж, шүүгч Б.Дэнсмаа, Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд нээлттэйгээр,

Прокурор Т.Баярмаа /цахимаар/,

Яллагдагч Н.Э- /цахимаар/,

Яллагдагчийн өмгөөлөгч Д.Ганхуяг /цахимаар/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Довчинсүрэн нарыг оролцуулан,  

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2022/ШЗ/40 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Баярмаагийн бичсэн эсэргүүцлээр Н.Э-д холбогдох эрүүгийн 2139002840010 дугаартай 1 хавтас 127 хуудас бүхий хэргийг 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Хэнтий аймгийн Биндэр суманд 1996 онд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал малладаг, ял шийтгэлгүй, Т овогт Н-н Н.Э нь

 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Хэнтий аймгийн Биндэр сумын 2 дугаар багийн нутагт өөрийн үхэр сүрэгт нийлсэн Ц.Г-ийн алдуул мал болох 1 тооны үхрийг завшиж Ц.Г-д 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Баярмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Н.Э-д холбогдох эрүүгийн 2139002840010 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр Хэнтий аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Баярмаа давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ц.Г-ийн “....би урьд хохирогчоор мэдүүлэг өгөхдөө хаваржиж байсан газраа хар халзан зүсмийн сувай үнээгээ айлын үхэрт үлдээгээд нүүсэн гэж буруу хэлсэн байна. Би тухайн үед нүүхдээ хар халзан зүсмийн сувай үнээгээ айлын үхэрт үлдээгээгүй. Ямар нэгэн хүнд хариуцуулж үлдээсэн асуудал байхгүй, хар халзан зүсмийн сувай үнээгээ хаваржиж байсан газарт маань үлдсэнийг мэдээгүй. Тэгээд дараа нь энэ талаар мэдсэн...” гэх мэдүүлгээр хохирогч Ц.Г- нь хар халзан зүсмийн сувай үнээ нь нүүх үед нь алдагдсан болох нь тогтоогддог.

Мөн Н.Э- нь “...2021 оны 07 дугаар сарын сүүлээр үхэр нь манай гадуур явж бэлчээр идээд, манай үхрийг дагуулж яваад байхаар нь би хар халзан зүсмийн үнээг Хурхын голын хойд эрэг дээр байдаг зуслан дээрээ өөрийн төрсөн ах Түмэнбаяртай хамт нядалсан....” гэж мэдүүлдэг.

Дээрх мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар Н.Э- нь өөрийн үхэрт нийлсэн уг 1 тооны үхрийг Ц.Г-ийх гэдгийг мэдсээр байж нядалж Ц.Г-д 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогддог.

Хохирогчийн 1 тооны үхэр нь Н.Э-н эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээд завших сэдэлт төрж, шамшигдуулж захиран зарцуулсан байдаг бөгөөд энэ гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “алдуул малыг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан” гэмт хэргийн шинжтэй үйл баримт юм.

Анхан шатны шүүх “яллагдагчийн үйлдлийг алдуул мал завшсан гэж дүгнэсэн нь зөрүүтэй тул хохирогч, холбогдогч, гэрч нарыг асууж дээрх байдлыг бодитойгоор тогтоох, хохирогчийн гэр болон үхэр авсан гэх газрын зайг тогтоож хуульд нийцүүлэн дүгнэх...” гэжээ. Хавтаст хэрэгт хохирогчоос 2 удаа, хэргийн холбогдогч, гэрч нараас мэдүүлэг авсан. Хохирогчийн гэр болон үхэр авсан зайг тогтоох шаардлагагүй ба үхэр Н.Э-н үхэрт нийлсэн болох нь хохирогч Ц.Г-ийн болон Н.Э-н гэрчээр өгсөн мэдүүлгээр нотлогддог.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6-д заасан шаардлагыг хангаагүй байна гэх үндэслэлээр Н.Э-д холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь үндэслэлгүй байна. Учир нь мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Н.Э- нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрч, гэм хор, хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн бөгөөд Эрүүгийн хуулийн 5.3, 5.4 дүгээр зүйлд заагдсан нөхцөл хангагдсан, гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон байна. Гэтэл анхан шатны шүүх хэргийг хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд хянан шийдвэрлэхгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан нөхцөл хангагдсан байдлыг үгүйсгэсэн байдлаар дүгнэлт хийж, улмаар яллагдагчийн эрх зүйн байдлыг дордуулан шийдвэр гаргаж, хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн 1 дэх заалтыг хүчингүй болгож өгнө үү” гэв.  

Яллагдагч Н.Э- давж заалдах шатны шүүхэд гаргах тайлбар байхгүй гэв.  

Яллагдагчийн өмгөөлөгч Д.Ганхуяг давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Прокурорын эсэргүүцлийг үндэслэлтэй гэж үзэж байна. Н.Э- нь гэрчээр болон яллагдагчаар “...тус 1 тооны үхэр нь манай хажуу талын айлын үхэрт нийлсэн байж байгаад сүүлдээ манай үхэрт нийлээд бэлчээр ирээд, үхэр дагуулж яваад байхаар нь ажилласан. Би Ц.Г-ийн үхрийг 2016 оноос 2020 оны хавар хүртэл малласан, Ц.Г- 3 сарын хугацаанд надаар цалингүй үхрээ харуулсан...” гэсэн  мэдүүлгүүдийг өгсөн байдаг. Иймд прокурорын бичсэн эсэргүүцэл үндэслэлтэй тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Н.Э-д холбогдох эрүүгийн хэргийг Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Баярмаагийн бичсэн эсэргүүцэлд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Н.Э- 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Ц.Г-ийн алдуул 1 үхрийг завшиж 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Баярмаа  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, Н.Э-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлснийг шүүх хүлээн авч, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдалд хамаарах “1.1 гэмт хэрэг гарсан байдал, 1.3. гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”-ийг мөрдөн шалгах ажиллагаагаар бүрэн нотолж чадаагүй, энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна.

Мөрдөгч, прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй ба мөн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийн бодит байдлыг нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүргээ хэрэгжүүлсний эцэст хэргийг шүүхэд шилжүүлж,  шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэх ёстой. 

Шүүгдэгч Н.Э-д холбогдох эрүүгийн хэрэгт хохирогч Ц.Г-ийн үхэр өөрийн бэлчээрлэн дассан нутгаасаа алдагдсан эсэхийг шалгаж хэргийн үйл баримтыг бодитой тогтоох, гэмт хэрэг үйлдэхдээ тээврийн хэрэгсэл, уналга ашигласан эсэх, шүүгдэгчид эд хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ авах нөхцөл байдал тогтоогдсон эсэхийг шалгах шаардлагатай гэж үзэж хэргийг прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

           

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2022/ШЗ/40 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Баярмаагийн бичсэн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 01 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хэргийг прокурорт очтол яллагдагч Н.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Я.АЛТАННАВЧ

 

                           ШҮҮГЧИД                                                  Б.ДЭНСМАА

                                                               

                                                                                              Г.БОЛОРМАА