Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 56

 

 

 

 

                     

 

 

 

 

 

 

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

    

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн дарга: Г.Нямаа

Улсын яллагч: Т.Төмөртулга

Хохирогч Н.Баясгалан

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Лхам

Шүүгдэгч: Н.Отгонтөгс нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Отгонтөгсөд холбогдох 201712000091 тоот хэргийг 2017 оны 8 сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Хулд суманд 1977.12.03-нд төрсөн, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5-р баг Аривжихын 2-1 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:ЗМ77120318/ Харнууд овогт Нанжидын Отгонтөгс нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих буюу Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Н.Отгонтөгс нь 2017 оны 5 сарын 13-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын 2 дугаар баг Бор хошуу гэх газарт улсын дугааргүй “Хайрхан” маркийн мотоцикльтой явж байгаад автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж “Хенсим” маркийн улсын дугааргүй мотоцикльтой мөргөлдөж сундалж явсан Н.Баясгалангийн бие махбодид хүнд зэргийн гэмтэл учирсан болох нь дараах баримтаар тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч шүүх хуралдаанд: Би 2017 оны 5 сарын 13-ны өдөр Дэлгэрцогт сумаас хойш чулуу түүх гэж аймгаас ганцаараа явсан. Бор хошуу гэдэг газар Н.Баясгалантай тааралдсан. Н.Баясгалангийн  хамт явсан хүмүүс нь чи сундал гэхээр нь би сундлаад явсан. Тулга бид хоёр мотоцикльтой зам дээр цувраад явж байсан. Урдаас нэг мотоцикль ирж байхад Тулга түрүүлээд  явсан. Тулгад зам тавьж өгөөд явуулсан юм чинь намайг гаргах байх гээд бодсон чинь намайг хажуунаас мөргөсөн. Би замын уулзварт орчихсон гарч амжаагүй байтал мөргөсөн. Тэр мотоцикльтой хүн миний баруун гар талаас ирсэн, би зам тавьж өгөх ёстой байсан. Н.Баясгалан хүнд гэмтэл аваад аймаг руу хамт явж байсан хүмүүстэйгээ буцсан. Мотоцикль жолоодох “А” ангилалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, миний “В” ангилалын жолоодох эрхийн үнэмлэхийг маань хэвээр үлдээж өгнө үү гэж хүсэж байна. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэж мэдүүлэв.

Хохирогч шүүх хуралдаанд: “2017 оны 5 сарын 13-ны өдөр бид нар зургуулаа Дэлгэрцогт сумаас хойш чулуу үзэх гээд явсан, түүх гэж яваагүй. Тэнд очоод 30 минут болсон. Н.Отгонтөгс өөр газар нилээд чулуу байдаг гэсэн учраас тэр зүгт нь явахаар болсон. Тэр нь бидний байсан газраас 2 километр хэртэй газар байсан. Би сууж очсон машиндаа суух гээд очтол Н.Отгонтөгсийн мотоцикльд сундал гээд, хамт явсан хүмүүс сундлуулсан. Би Н.Отгонтөгсийн ард сундлаад хэсэг яваад мотоцикльтой мөргөлдөж унасан. Би босож чадахгүй байж байгаад машинд суугаад эмнэлэгт ирсэн. Дараа нь хотод явж Гэмтэл согог үндэсний төвд 15 хоног хэвтсэн. Эмнэлэгт хэвтсэн ор хоногийн мөнгө, аппарат хадаасны мөнгө ороод нийтдээ 1985000 төгрөгийн зардал гарсан. Бас намайг хүн ирж харсан зардал орсон. Иймд хохирлоо барагдуулж авмаар байна гэв.

  • Хохирогч Н.Баясгалан мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “2017.05.13-ны өдөр Дундговь аймгийн төвөөс найз Мэндээ, Байгаль, Мөнгөө, Дэрмээ нарын хамт Багаа гэх залуугийн приүс маркийн машинтай нь Дэлгэрцогт сумаас хойш байх өнгөт чулуу сонирхохоор 11-12 цагийн үед явсан юм. Тэгээд бид хэд чулуу сонирхоод байж байтал Нанжидын Отгонтөгс гэх миний танил залуу ганцаараа мотоцикльтой ирсэн. Ардаас нь мөн мотоцикльтой танихгүй хүн ирсэн сундалаатай байсан үгүйг нь санахгүй байна. Тэгээд би бие засчихаад ирэхэд хамт явсан хүмүүс хөдлөх гээд машиндаа суусан байсан. Тэгсэн Н.Отгонтөгс надтай сундалаад явчих гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би машиндаа суугаад явъя гэхэд Мэндээ Н.Отгонтөгстэй сундалаад яв гэж хэлсэн. Тэгээд би Н.Отгонтөгстэй сундалаад явсан нөгөө мотоцикльтой хүн эхэнд нь бид 2 ардаас нь явсан тэгээд нэг орчим км явж байтал ертөнцийн зүгээр урд талаас  нэг мотоцикль гарч ирсэн бид хэд баруунаас зүүн тийшээ шороон замаар явж байсан юм. Тэгсэн Отгонтөгс хурдан давхиад нөгөө мотоциклийн урдуур орох гэсэн боловч амжилгүй мөргүүлсэн юм. Үүнээс хойш юу болсныг сайн санахгүй байна” гэжээ. /хх-15/;
  • Гэрч Ж.Мэндсайханы мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “2017.05.13-ны өдөр цагийг нь сайн санахгүй байна, Н.Баясгалан, Байгаль, Дэрмээ, Мөнгөнтуяа, жолооч гээд танихгүй залуутай приус маркийн машинтай Дэлгэрцогт сумаас хойш байх өнгөт чулуу түүхээр бид хэд явсан юм. Жолооч болон машиныг Байгаль олсон юм. Тэгээд тухайн газартаа очоод чулуу түүх гээд байж байтал нэг мотоцикльтой хүн ирсэн тэр хүнийг Н.Баясгалан таньж байсан ардаас нь дахиад нэг мотоцикольтой хүн ирэх шиг болсон. Хэдүүлээ явсныг нь мэдэхгүй тэгээд бид хэд өөр тийшээгээ явж  өөр газраас чулуу үзэхээр болсон. Тэгсэн Н.Баясгалан эхэлж ирсэн мотоцикльтой хүнтэй сундалаад явсан ардаас нь бид хэд машинтайгаа явсан. Дэрмээ ганцаараа чулуу түүх гээд хойшоогоо явсан байсан. Тэгээд бид хэд нөгөө 2 мотоциклийн ардаас машинтайгаа явсан ертөнцийн зүгээр зүүн тийшээгээ 1 км орчим зайд Н.Баясгалангийн сууж явсан мотоциклийг хажуу талаас нь мотоцикльтой хүн мөргөсөн Н.Баясгалангийн бие нь муу байсан юм. Тэгээд бид машиндаа суулгаад аймгийн эмнэлэгт  авчирсан юм” гэжээ /хх-18/
  • Гэрч Н.Уранбайгаль мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “2017.05.13-ны өдөр цагийг нь сайн санахгүй байна, Н.Баясгалан, Мэндээ, Дэрмээ, Мөнгөнтуяа, нарын хамт Ариунбатын  приус маркийн машинтай Дэлгэрцогт сумаас хойш байх өнгөт чулуу түүхээр бид хэд явсан юм. Тэгээд тухайн газартаа очоод чулуу түүх гээд байж байтал мотоцикльтой нэг хүн ирсэн. Тэр хүнийг Н.Баясгалан таньж байсан. Мөн ардаас нь дахиад нэг мотоцикльтой хүн ирэх шиг болсон  хэдүүлээ явсныг нь мэдэхгүй. Тэгээд бид хэд өөр тийшээгээ явж  өөр газраас чулуу үзэхээр болсон тэгсэн Н.Баясгалан эхэлж ирсэн мотоцикльтой хүнтэй сундалаад явсан ардаас нь бид хэд машинтайгаа явсан Дэрмээ ганцаараа чулуу түүх гээд хойшоогоо явсан байсан.  Тэгээд бид хэд нөгөө 2 мотоциклийн ардаас машинтайгаа явсан ертөнцийн зүгээр зүүн тийшээгээ 1 км орчим зайд Н.Баясгалангийн сууж явсан мотоциклийг хажуу талаас нь мотоцикльтой хүн мөргөсөн Н.Баясгалангийн бие нь муу байсан. Тэгээд бид машиндаа суулгаад аймгийн эмнэлэгт авчирсан юм” гэжээ. /хх-19/
  • Гэрч М.Ариунбат мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “2017.05.13-ны өдөр би аймгийн төвд байсан. Тэгээд би хөдөө гэрлүүгээ буцах гэж байхад Н.Баясгалан, Уранбайгаль, Мэндсайхан эгч нар надаас Дэлгэрцогт сумаас хойш хүргээд өгөөч чулуу түүх гэсэн юм гэж гуйсан. Тэгээд би өөрийн Т.Приус 10 маркийн 22-12 ДУА улсын дугаартай машинаараа нөгөө эгч нарыг болон мөн 2 танихгүй хүүхэнтэй хамт 6 уулаа Дэлгэрцогт сум руу гарсан цагийг нь сайн  санахгүй байна. Тэгээд чулуу түүдэг газарт ирээд бид хэд бие засах гээд бууцгаасан.  Зарим нь чулуу сонирхоод явсан юм. Тэгээд байж байтал мотоцикльтой нэг танихгүй залуу ирсэн.  Тэр хүнийг Н.Баясгалан эгч таньж байсан. Тэгээд бид хэд байж байгаад өөр газраас чулуу үзэхээр болсон. Тэгсэн анх ирсэн мотоцикльтой хүний ардаас сундалгаатай мөн мотоцикльтой хоёр танихгүй залуу ирсэн. Тэгээд бид хэд хөдлөхөөр болсон Н.Баясгалан эгч нөгөө анх ирсэн  мотоцикльтой хүнтэй сундалаад явсан. Тэр хоёрын эхэнд нөгөө хоёр танихгүй залуу мотоцикльтойгоо явсан  юм. Тэгээд бид хэд хөдлөх гэхэд бид хэдтэй хамт явсан танихгүй нэг хүүхэн хойшоогоо чулуу түүх гээд  яваад өгсөн байсан. Тэгээд бид хэд нөгөө  хүүхнийг орхиод  нөгөө хэдийн ардаас нь зүүн тийш явж байтал Н.Баясгалан эгчийн сууж явсан мотоциклийн буруу талаас нь буюу ертөнцийн зүгээр  урдаас нь мотоцикльтой хүн мөргөсөн байсан. Тэр мөргөсөн хүн нь ганцаараа явсан юм шиг байсан. Тэгээд бид хэдийг очиход Н.Баясгалан эгч биедээ хүнд гэмтэл авсан байсан тул шууд машиндаа суулгаад аймгийн эмнэлэгт хүргэж өгсөн юм” гэжээ. /хх-20-21/
  • Гэрч Ж.Мөнгөнтуяа мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “2017.05.13-ны өдөр цагийг нь сайн санахгүй байна, Н.Баясгалан, Мэндээ, Дэрмээ, Уранбайгаль, нарын хамт  приус маркийн машинтай Дэлгэрцогт сумаас хойш байх өнгөт чулуу түүхээр бид хэд явсан юм, жолоочийг нь танихгүй тэгээд тухайн газартаа очоод чулуу түүх гээд байж байтал мотоцикльтой нэг хүн ирсэн. Тэр хүнийг Н.Баясгалан таньж байсан, мөн ардаас нь дахиад нэг мотоцикльтой хүн ирэх шиг болсон  хэдүүлээ явсныг нь мэдэхгүй. Тэгээд бид хэд өөр тийшээгээ явж  өөр газраас чулуу үзэхээр болсон. Тэгсэн Н.Баясгалан эгч  эхэлж ирсэн мотоцикльтой хүнтэй сундалаад явсан ардаас нь бид хэд машинтайгаа явсан Дэрмээ гэх хүүхэн  ганцаараа чулуу түүх гээд хойшоогоо явсан байсан. Тэгээд бид хэд нөгөө 2 мотоциклийн ардаас машинтайгаа явсан ба ертөнцийн зүгээр зүүн тийшээгээ ойрхон зайд Н.Баясгалан эгчийн  сууж явсан мотоциклийг хажуу талаас нь мотоцикльтой хүн мөргөсөн Н.Баясгалан эгчийн бие нь муу байсан юм. Тэгээд бид Н.Баясгалан эгчийг машиндаа суулгаад аймгийн эмнэлэгт авчирсан юм” гэжээ. /хх-22/
  • Гэрч С.Отгонтөгс мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2017-05-13-ны өдөр өөрийн  Хенсим маркийн улсын дугааргүй мотоцикльтойгоо Дэлгэрцогт сумаас хойш байх өнгөт чулуу түүхээр ганцаараа явсан юм. Манай эхнэр тэр газарт чулуу түүж байсан юм. Тэгээд өдөр 14-15 цагийн үед Дэлгэрцогт сумаас хойш 10 гаран км-рт урдаас  хойшоогоо чиглэлтэй шороон замаар явж байтал зүүн гар тал буюу  ертөнцийн зүгээр баруун талаас 2 мотоцикльтой хүн араас нь нэг жижиг машин явж байсан. Тэгээд миний урдуур нэг мотоцикль нь зүүн тийшээгээ явсан би хойшоогоо явж байтал ардаас нь нөгөө мотоцикль нь гараад ирсэн. Тэгэхээр нь би баруун гар талд нь яваа юм чинь надад зам тавьж өгөх байлгүй гэж бодоод чигээрээ явтал нөгөө мотоцикль хурдаа нэмээд урдуур орж мөргүүлсэн. Тэгээд нөгөө мотоциклийн ард явсан хүн хүнд гэмтсэн тул ардаас ирсэн жижиг тэрэгт суулгаад аймаг руу явуулсан. Тэгээд би мотоциклио зам дагуу айлын гадаа үлдээгээд аймагт ирсэн” гэжээ. /хх-23/
  • Шинжээчийн 2017.05.23-ны өдрийн 6514 тоот  дүгнэлтэд: 1. Н.Баясгалангийн биед хавсарсан гэмтэл, олон хавирганы хугарал, уушигны няцрал, цээжний хөндийн хийн шингэн хуралдалт, баруун дал эгэмний далд, шилбэний ясны ил хугарал гэмтлүүд тогтоогдлоо. 2.  Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр авто ослын үед үүсэх боломжтой. 3.  ШЭГЗТЖ-н 3.1.12 зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул хүнд зэргийн гэмтэл болно. 4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээний явц эдгэрэл төгсгөлөөс шалтгаална гэжээ. /хх-27-28/
  • Н.Баясгалангийн өвчний түүх /хх-29-41/
  • Шинжээчийн 2017.05.15-ны  өдрийн 22 дугаартай дүгнэлтэд “ 1. Хайрхан маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг жолоодож явсан Нанжидын Отгонтөгс нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.8 Адил замын уулзварт жолооч баруун гар талаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Мөн дүрмийн 9.2-т Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн. 2. Зам тээврийн осол гарсан газар нь шороон замын уулзварт бөгөөд жолооч Н.Отгонтөгс  нь баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд  зам тавьж өгөөгүйгээс болж тухайн осол гарсан. 3. Хенсим маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг жолоодож явсан Сайнбаярын Отгонтөгс нь Монгол улсын замын хөдөлгөөны дүрмийн 9.2-т Жолооч  хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн бөгөөд тухайн уулзварт С.Отгонтөгсийн баруун гар талд тээврийн хэрэгсэл байхгүй байсан учир түрүүлж уулзварт нэвтрэх эрхтэй. 4. С.Отгонтөгс МУ-ын ЗХД-ийн 9.2-т заасныг зөрчсөн нь осол гарахад нөлөөгүй гэжээ. /хх-50-51/
  • Шинжээчийн 2017.06.08-ны өдрийн 32 дугаартай дүгнэлтэд: 1.Замын цагдаагийн тасгийн зохицуулагч дэслэгч Э.Мөнх-эрдэнийн гаргасан 22 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. 2. Хайрхан маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг жолоодож явсан Нанжидын Отгонтөгс нь Монгол улсын ЗХД-ийн 12.8, 9.2 дахь заалтуудыг тус тус зөрчсөн байна. 3. Нанжидын Отгонтөгс нь дээрх заалтуудыг зөрчсний улмаас осол гарахад нөлөөлсөн байна. 4. Хенсим маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг жолоодож явсан Сайнбаярын Отгонтөгс нь Монгол улсын ЗХД-ийн 9.2 дахь заалтийг зөрчсөн боловч уг осол гарахад нөлөөлөөгүй байна. /хх-54/

Дээрх баримтууд, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад баримтыг  хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэллээ.

Шүүгдэгч Н.Отгонтөгс нь 2017 оны 5 сарын 13-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын 2 дугаар баг “Бор хошуу” гэх газарт улсын дугааргүй “Хайрхан” маркийн мотоциклийг жолоодож яваад, адил замын уулзварт баруун гар талаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөхийн оронд хурдаа нэмсний улмаас баруун гар талаас ирж явсан  “Хенсим” маркийн улсын дугааргүй мотоцикльтой мөргөлдөж, сундалж явсан Н.Баясгалангийн бие махбодид хүнд зэргийн гэмтэл учирсан нь шүүгдэгч Н.Отгонтөгс, хохирогч Н.Баясгалан, гэрч С.Отгонтөгс нарын мэдүүлэг, шинжээчийн 22, 32 тоот дүгнэлт, шүүх эмнэлгийн шинжээчийн 6514 тоот дүгнэлт зэрэг баримтаар тогтоогдож байна.

Жолооч хүн замын хөдөлгөөнд оролцохдоо тохирох ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй байх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, тээврийн хэрэгслээ бүрэн бүтэн байлгах, хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авах үүрэгтэй. Энэхүү үүргээ мэдсээр байж, үүргээ зөрчсөний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой боловч мэдэлгүй үйлдсэн бол хайхрамжгүй хандсан гэж үзнэ.

Иймд шүүх жолооч Н.Отгонтөгсийг Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т “Монгол улсад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг замын зорчих хэсгийн баруун гар талаар явуулна” заалт, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-ын ”Замын хөдөлгөөнд оролцогч нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг биелүүлэх үүрэгтэй” гэсэн заалт, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т “механикжсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг жолоодох эрхийн үнэмлэхээр баталгаажуулна ” гэсэн заалт, Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 12.8-д “Адил замын уулзварт жолооч баруун гар талаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалт, мөн дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.2-т “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалт, мөн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1-ийн “а”-д “Жолооч тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхийг биедээ авч явна” гэсэн заалтаар хүлээсэн үүргээ зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч Н.Баясгалангийн бие махбодид хүнд гэмтэл учирсан буюу  автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж, нэг хүний бие махбодид хүнд гэмтэл учрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шийтгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1-д “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох гэм буруутай хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заажээ.

Шүүгдэгч Н.Отгонтөгс нь 2017 оны 7 сарын 1-нээс өмнө буюу 5 сарын 13-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн, түүнийг Эрүүгийн хуулийн /2002 оны/ 215 дугаар зүйлийн 215.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаад прокурорын 2017.07.07-ны өдрийн тогтоолоор Эрүүгийн хуулийн /2015 оны/ 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан /хх-66/ нь буруу байна. Учир нь: прокурор энэхүү тогтоолдоо хууль буцаан хэрэглэж байгаа үндэслэлээ тодорхойлоогүй, мөн хоёр эрүүгийн хуулийн холбогдох заалтыг харьцуулан шалгахад шинэ Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.2-т “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн” гэсэн нөхцөл байдал шинээр нэмэгдэн орсны улмаас шүүгдэгчид оногдуулах ял хүндэрч, эрх зүйн байдал нь  дордохоор байна.

               Иймд Эрүүгийн хуулийн /2015 оны/ 1.9 дүгээр зүйлийн 2-т заасан “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” зарчмыг үндэслэн прокуророос ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэлийг гэмт хэрэг үйлдсэн үеийн эрүүгийн хуульд нийцүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн /2002 оны/ 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар ял оногдуулахаар шийдвэрлэв.

                 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд ...-д хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан тул хохирогч Н.Баясгалан нь өөрийн эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг арилгахыг шаардах эрхтэй, шүүгдэгч Н.Отгонтөгс уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байна.

                 Хохирогч Н.Баясгалан нь нийт 1985000 төгрөг нэхэмжилж баримт гаргаж өгснийг  /хх 84-103/ шалгаж үзэхэд зан үйлийн шинжтэй буюу газар аргадахад зарцуулсан 133600 төгрөгийг шүүгдэгч хариуцах үндэслэлгүй, мөн Н.Отгонтөгсөөс өмнө нь замын зардалд зориулан өгсөн 60000 төгрөгийг хасч тооцоход 1791400 төгрөгийг Н.Отгонтөгс хариуцан төлөх үүрэгтэй байна. Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг завсарласан хугацаанд Н.Отгонтөгс нь 1800000 төгрөг бэлнээр хүлээлгэн өгсөн болох нь хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн “төлбөр төлсөн тухай”  баримтаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Н.Отгонтөгс нь баримтаар тогтоогдож байгаа бодит хохирлыг нөхөн төлсөнд тооцох үндэслэлтэй.

         Хохирогч Н.Баясгалан нь хүнд гэмтлийн улмаас байнгын орлого олох эх үүсвэр болсон оёдолчны ажлаа хийж чадахгүй байгаа, улмаар хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлж чадахгүй нөхцөл байдалтай байгаа тухайгаа шүүхэд мэдүүлж байх боловч гомдлоо нотлох баримт шүүхэд гаргаж өгсөнгүй.  Иймд шүүхээс энэ талаар дүгнэлт хийх, эцэслэн шийдвэрлэх боломжгүй байгаа тул цаашид эмчилгээтэй холбогдон гарсан зардал болон бусад гэм хорын төлбөрийг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар Н.Отгонтөгсөөс нэхэмжлэх эрхтэйг шийтгэх тогтоолын “тогтоох” хэсэгт заахаар шийдвэрлэлээ.

Бусдын эрүүл мэндийг нөхөн сэргээхтэй холбогдон гарсан зардал, иргэний нэхэмжлэл нь энэ хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй тул дээрх шийдвэрийг гаргалаа.

Шүүгдэгч Н.Отгонтөгс нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг болгоомжгүй үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн /2002 оны/ 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Дээрх нөхцөл байдлыг болон шүүгдэгч Н.Отгонтөгсийн хувийн байдлыг харгалзан  Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2-т заасан үндсэн ялаас хорих ялыг сонгон хэрэглэж, шүүхээс оногдуулах хорих ялыг нийгмээс тусгаарлан биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, засарч хүмүүжих болож олгох нь зүйтэй байна.

 Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2-т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг заавал хасахаар заасан. Мөн Эрүүгийн хуулийн 48 дугаар зүйл, 215 дугаар зүйлд заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах” нэмэгдэл ял нь мопедоос бусад бүх төрлийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхэд хамааралтай тул шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн “зөвхөн “А” ангиллын эрхийг хасуулах“ тухай хүсэлтийг хангах боломжгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

     1. Эрүүгийн хуулийн /2015 оны/ 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2-т заасныг баримтлан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Н.Отгонтөгсөд Эрүүгийн хуулийн /2015 оны/ 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн /2002 оны/ 215 дугаар зүйлийн 215.2 болгон өөрчилсүгэй.

     2. Шүүгдэгч Харнууд овогт Нанжидын Отгонтөгсийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

     3. Эрүүгийн хуулийн /2002 оны/ Тусгай ангийн 215 дугаар зүйлийн  215.2-т зааснаар Харнууд овогт Нанжидын Отгонтөгсийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/  жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.

     4. Эрүүгийн хуулийн /2002 оны/ 52 дугаар зүйлийн 52.5, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2017 оны/ 198 дугаар зүйлийн 198.2-т зааснаар шүүгдэгч Н.Отгонтөгсөд шүүхээс оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангийн энгийн зэрэглэлд эдлүүлсүгэй.   

     5. Энэхүү хэргийн улмаас Н.Отгонтөгс нь цагдан хоригдоогүй, эд зүйл хураалгаж битүүмжлүүлээгүй, хохирогчид 1800000 төгрөг хүлээлгэн өгсөн, баримтаар нэхэмжилсэн төлбөр бүрэн төлөгдсөн болохыг тус тус дурьдсугай.

     6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-т зааснаар хохирогч Н.Баясгалан нь цаашид эмчилгээтэй холбогдон гарсан болон эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгуулах нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар Н.Отгонтөгсөөс нэхэмжлэх эрхтэйг заасугай.

     7. Эрүүгийн хуулийн /2002 оны/ 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар Н.Отгонтөгсөд энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж, хяналт тавихыг Дундговь аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

     8. Эрүүгийн хуулийн /2002 оны/ 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар Н.Отгонтөгсөд шүүхээс оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг энэхүү тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.

     9. Энэхүү шийтгэх тогтоол нь  уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл  шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

     10. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Отгонтөгсөд урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                             

 

 

 

                        ДАРГАЛАГЧ                                    С.СЭРЖМЯДАГ

                                        

                                         Мандалговь