Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 157/ШШ2024/00077

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                    хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг                                                                              хэрэгсэхгүй болгох тухай

 

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “******* ******* банк бус санхүүгийн байгууллага (цаашид ББСБ гэх)” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч У.*******д холбогдох “2,356,804.45 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг  2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад   

  

ТОДОРХОЙЛОХ  нь:

 

Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч У.******* нь манай компанитай 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр L30000124 дугаартай хэрэглээний зээлийн зориулалттай "Цахим зээлийн эрх нээх гэрээ" байгуулсан. Гэрээ байгуулагдснаар зээлдэгч нь Цахим зээлийн эрх нээх гэрээний 1.3.2 дахь хэсэгт заасан "Цахим зээл гэж Зээлдэгчийн ББСБ-д илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан Зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг" мөн 1.3.12 дахь хэсэгт заасан "Цахим покет гэж Аппликейшн дээр харилцагчийн үүсгэн удирдах тухайн харилцагчийн мөнгөн хөрөнгийн дүн болон гүйлгээний мэдээллийг агуулсан харилцагчийн цахим дансыг" ашиглах, зээл авах эрх нээгдсэн.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт "Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно" хэмээн заасны дагуу У.******* -н цахимаар гаргасан хүсэлтийн дагуу /Pocket/ аппликейшний 7800066466 дугаартай зээлийн дансанд 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 1,000,000 /нэг сая төгрөг/, 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 252,000 /хоёр зуун тавин хоёр мянган төгрөг/ -ийн зээлийн олголтыг хийсэн. Цахим зээлийн эрх нээх гэрээний 2.3 дахь хэсэгт ББСБ-аас санал болгох зээлийн хугацаа нь 14 хоног, 30 хоног, 60 хоног болон бусад гэсэн сонголттой байх ба зээлдэгч зээл авах тухай бүрд зээлийн хугацааг өөрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн сонгоно хэмээн заасан байдаг. Зээлдэгч У.******* нь 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 1,000,000 /нэг сая төгрөг/-ийн зээлийн хугацааг 30 хоног байхаар , 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 252,000 /хоёр зуун тавин хоёр мянган төгрөг/-ийн зээлийн хугацааг 90 хоног байхаар сонгож, зээлээр олгосон мөнгийг өөрийн Цахим покетын дансанд хүлээн авсан. "Цахим зээлийн эрх нээх гэрээ"-ний онцлог нь зээлдэгч зээлийн гэрээний хүрээнд эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл болон үйлчилгээний төлбөр болох шимтгэлийг хугацаандаа төлсөн тохиолдолд зээлийн хүү төлдөггүй. Харин эргэн төлөлтийн хугацаандаа үндсэн зээл, шимтгэлийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоногоос эхлэн зээлийг ашигласан хариу төлбөр болох хүү, түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээдэг.

Зээлдэгч нь эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл, шимтгэлийг төлөх үүрэгтэй боловч зээлийн гэрээний хугацаа дууссан өдрөөс эхлэн гэрээний үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг төлөх талаар утсаар болон мессежээр, түүний хувийн аппликейшн дэх цэсрүү нь мэдэгдэл удаа дараа хүргүүлсэн боловч зээлээ хугацаандаа төлж барагдуулаагүй, гэрээний үүргээ зөрчсөн тул 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд:

1. 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1,000,000 /нэг сая төгрөг/-ийн зээлийн үлдэгдэл нь:

- Үндсэн зээл: 1,000,000 /нэг сая төгрөг/ төгрөг

- Шимтгэл: 20,000 /хорин мянган төгрөг/ төгрөг

- Үндсэн хүү: 764,876.72 /долоон зуун жаран дөрвөн мянга найман зуун далан зургаан төгрөг далан хоёр мөнгө / төгрөг

- Нэмэгдүүлсэн хүү: 144,098.64 /нэг зуун дөчин дөрвөн мянга ерөн найман төгрөг жаран дөрвөн мөнгө / төгрөг

- Нийт: 1,928,975.35 /нэг сая есөн зуун хорин найман мянга есөн зуун далан таван төгрөг гучин таван мөнгө / төгрөг

2. 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 252,000 /хоёр зуун тавин хоёр мянган төгрөг/-ийн зээлийн үлдэгдэл нь:

- Үндсэн зээл: 252,000 /хоёр зуун тавин хоёр мянган төгрөг/ төгрөг

- Үндсэн хүү: 142,086.57 /нэг зуун дөчин хоёр мянга наян зургаан төгрөг тавин найман мөнгө / төгрөг

- Нэмэгдүүлсэн хүү: 26,242.53 /хорин зургаан мянга хоёр зуун дөчин хоёр төгрөг тавин гурван мөнгө / төгрөг

- Нийт: 420,329.10 /дөрвөн зуун хорин мянга гурван зуун хорин есөн төгрөг арван мөнгө / төгрөг

3. Шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардал: 7500 /долоон мянга таван зуун төгрөг/ үүнд нотариатын зардал болно.

Иймд хариуцагч У.*******аас нийт 2,356,804.45 /хоёр сая гурван зуун дөчин есөн мянга гурван зуун таван төгрөг дөчин дөрвөн мөнгө / -ийг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч ... аймгийн ... сумын ....дүгээр баг .... тоотод оршин суух хаягтай, ... хот ... дүүрэг .. дугаар хороо, ... хотхон ... дүгээр байр ... тоотод түр оршин суух, ************ регистрийн дугаартай Ямаа овогт Ууганхүүгийн ******* шүүхэд гаргасан тайлбартаа: “У.******* миний бие “******* хэтэвтч ББСБ” ХХК-аас нэхэмжилсэн 2,356,804.45 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. 6 дугаар сарын 20-ны дотор бүрэн төлж дуусгана ” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК нь хариуцагч У.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,356,804.45 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Хариуцагч У.******* нь 2,356,804.45 төгрөгийг “******* ******* ББСБ” ХХК-д төлөх үүрэгтэй болох нь 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн L30000124 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зээлийн дансны хуулга, төлбөрийн баримт, нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 2,356,804.45 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно. 

 

Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 2,356,804.45 (хоёр сая гурван зуун тавин зургаан мянга найман зуун дөрвөн бүхэл зууны дөчин тав) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52,538 төгрөгийн тавин хувь 26,269 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 26,269 төгрөгийг, хариуцагч У.*******аас улсын тэмдэгтийн хураамж 26,269 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар   зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 2,356,804.45 (хоёр сая гурван зуун тавин зургаан мянга найман зуун дөрвөн бүхэл зууны дөчин тав) төгрөгийг хариуцагч У.******* нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52,538 төгрөгийн тавин хувь 26,269 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 26,269 төгрөгийг, хариуцагч У.*******аас улсын тэмдэгтийн хураамж 26,269 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч У.******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                   

 

 

 

ШҮҮГЧ                       Р.БАТБАЯР