Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 157/ШШ2024/00078

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч Б.Б-ын нэхэмжлэлтэй **** аймгийн **** сумын******* дарга Ш.*******д холбогдох Нотариатын үүрэг гүйцэтгэгчийн үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ, нэхэмжлэгч Б.Б*************, түүний өмгөөлөгч Л.Номин-Эрдэнэ, хариуцагч Ш.*******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд П.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.*******, түүний өмгөөлөгч Э.Цэцэгдэлгэр, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд  Д.******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.Б************* нь хариуцагч **** аймгийн **** сумын******* дарга Ш.*******д холбогдуулан “иргэн П.*******, Д.******* нарын хооронд 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

 

1.1 “*******ийн Б************* миний бие 1970 оноос 2003 он хүртэл Хэнтий аймгийн ************* сумын 2-р баг "**************" гэх газар төрсөн эх *******гийн *******ын хамт мал маллан амьдарч байсан. 2003 оноос П гэх эмэгтэйтэй хамтран амьдарч эхэлсэн. Хамтын амьдралын хугацаанд хүүхдүүд нь надад агсам тавьж таарч нийлэхгүй болохоор бид 2007 оноос хамтран амьдрахаа больсон. Тэгээд би "Цахилдаг шанд", "**************" гэх газраар ээжтэйгээ малаа маллаж амьдрахаар болсон. Гэтэл Пын дунд хүү П.******* малыг маань хариулаад өгөөч гэж гуйхаар нь цалин хөлсгүйгээр 2021 оныг дуустал малыг нь маллаж байгаад бид маргалдаж малыг нь хүлээлгэж өгсөн. Энэ хугацаанд би ээжийнхээ эзэмшлийн хаваржаа болох Хэнтий аймгийн ************* сумын 2-р баг "**************" гэх газар нутаглаж малыг нь малладаг байсан. Гэтэл П.******* нь миний дүү *******ын *******ад аавыгаа хажуудаа аваад асарч тэтгээд амьдарна гэж худал хэлж ээжийн минь эзэмшлийн Хэнтий аймгийн ************* сумын 2-р баг **************" гэх газрыг 2021 оны 12 сарын 10-ны өдөр эрх шилжүүлэх гэрээ байгуулан өөрийн нэр дээр шилжүүлэн авсан байсан. Гэтэл энэхүү газрын хууль ёсны эзэмшигч нь миний дүү Д.******* биш бөгөөд бид бүгд ээжийгээ 2017 оны 08 сарын 02-ны өдөр нас барснаас хойш өвийн асуудлаа шийдвэрлээгүй байхад ************* сумын Засаг даргын Тамгын газрын дарга, нотариатын үүрэг гүйцэтгэгч Ш.******* нь эзэмших эрхгүй этгээдтэй хийсэн гэрээг гэрчилсэн ба уг гэрээг үндэслэн тус сумын Засаг дарга 2021 оны 12 сарын 10-ны өдрийн А/87 дугаар захирамжаар П.*******ийн эзэмшилд шилжүүлж, газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон байна. Гэтэл нотариатын үүрэг гүйцэтгэгч Ш.******* нь Нотариатын тухай хуулийн 46.1.Нотариатын тухай хуульд заасан болон үйлчлүүлэгчийн хүсэлт гаргасан хуульд харшлаагүй дараах гэрээ, хэлцлийг гэрчилнэ: 46.1.1 үл хөдлөх эд хөрөнгийг бусдад шилжүүлэх хэлцэл, 46.7.Хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, эрхийг бусдад шилжүүлэх гэрээ, хэлцлийг гэрчлэхдээ уг хөрөнгө, эрх нь тухайн этгээдийн хууль ёсны өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа эсэхийг нотлох эрхийн баримт бичгийг, хуулийн этгээдийн хувьд үүсгэн байгуулах гэрээ, дүрмийг үндэслэл болгоно. 46.10.Нотариатч гэрчилсэн гэрээ, хэлцлийн хувийг талуудад өгч, өөрт үлдэх хувьд холбогдох баримт бичгийг хавсаргаж, архивд хадгална." гэсэн заалтуудыг тус тус зөрчиж нотариатын үйлдэл хийсэн байх тул ************* сумын Засаг даргын Тамгын газрын дарга, нотариатын үүрэг гүйцэтгэгч Ш.*******ын иргэн П.*******, Д.******* нарын хооронд газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ хийсэн үйлдлийг хүчингүйд тооцож өгнө үү.” гэжээ. /хх-ийн 1-2 хуу/

 

1.2 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Номин-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “*******ийн Б************* нь 1970 оноос 2003 он хүртэл Хэнтий аймгийн ************* сумын **************т гэдэг газар ээжтэйгээ хамт амьдарч байсан. 2003 оноос П гэдэг эмэгтэйтэй буюу *******ийн ээжтэй хамтран амьдарч эхэлсэн. 2007 он хүртэл хамтран амьдарсан. Тэгээд хамтран амьдрахаа болиод ээжтэйгээ цуг Цахилдаг шанд, ************** гэх газар мал маллан амьдарч байсан. Хамтран амьдарч байснаас хойш *******ийн малыг хариулдаг байсан, ямар нэгэн үнэ төлбөргүйгээр гуйлгаар малыг нь хариулж байсан. Тэгээд малыг нь хариулж байх хугацаанд ************** гэх газраар нутаглаж явсан. Энэ хоёрыг эцэг, хүү хоёр гэж явдаг. Хүүгийнхээ малыг маллаж байсан. 2021 оноос эдгээр хүмүүсийн хооронд маргаан болж малыг нь хүлээлгэж өгсөн. Б************* төвд орж амьдрах болсон. Тухайн үед малыг маллаж байхад эцэг хүү гэдэг байдлаараа эд хөрөнгөө нийлүүлж, *******ийнд Б************* өөрийн эзэмшлийн гэр, эмээл, контейнер, өвөлжөө, хаваржаагаа эзэмшүүлдэг байсан. Ингээд маргаан болсноос хойш гэрийг нь өгөхгүй, эмээлийг нь өгөхгүй гэдэг асуудал үүсээд Б************* өмгөөлөгчид хандсан. Үүний дагуу цагдаагийн байгууллагад хандаж өөрийнхөө эзэмшлийн эмээл, контейнер зэргийг *******ээс гаргуулж авсан. Ингээд газрыг шилжүүлээд авсан. ************** гэдэг газрыг авсан байсан. Энийг бол иргэний шүүхэд хандаж гаргуулж авна гээд цагдаагийн байгууллагад хандаагүй. Газрын эрхийг ******* хууль бусаар шилжүүлж авсан. Тийм учраас өөр дээрээ шилжүүлж авна гэж өнөөдрийн нэхэмжлэлийг гаргасан. Тухайн үеийн газрын гэрчилгээ болон Засаг даргын захирамжийг харахад *******, ******* гэдэг хоёр хүн дээр газрын эрх гэрээний үндсэн дээр шилжсэн. Тэрийг үндэслээд Засаг даргын захирамж гарсан байдаг. Бид мэдээж өөрийнхөө хэмжээнд нотлох баримтыг цуглуулж гаргаж өгсөн. Эрх шилжүүлэх гэрээг анх нотлох баримтаар гаргаж өгөх боломжгүй байсан. Өөрт байгаа нотлох баримтын хэмжээнд нэхэмжлэлийг гаргаад шүүхэд эрх шилжүүлэх гэрээг гаргаж өгнө үү гэх хүсэлтийг гаргасан. Тухайн үед ************** гэх газар *******ын нэр дээр байгаа гэдгийг ******* ч мэдэхгүй, Б************* мэдэхгүй байсан. *******ын нэр дээр байдаг гэдгийг газрын албанаас гарсан газар эзэмших гэрчилгээг хуулбарлаж нэхэмжлэлд хавсаргаж хийсэн байгаа. *******ын эзэмшлийн газар юм, ******* эзэмшдэггүй юм. ******* гэдэг хүн 2014 нас барсан. Нас барсан учраас өвийн асуудлаа шийдвэрлэж чадаагүй байхад хууль бусаар эзэмшил биш этгээдтэй гэрээ хэлцэл хийж шилжүүлж авсан байна. Тийм учраас нотариатын үйлдэл нь хууль бус юм. Нотариатын үүрэг гүйцэтгэгчийн үйлдэл хууль бус гэдэг байдлаар нэхэмжлэлээ гаргасан. Нэхэмжлэл гаргаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дахин шинэ нөхцөл байдал үүссэн. Нотариатын үүрэг гүйцэтгэгчээс гэрээ болон гэрчилгээг гаргуулсан. Гэрчилгээ бол 2011 онд ************** гэх газар *******ын нэр дээр гэсэн гэрчилгээ болон *******, ******* нарын хооронд хийсэн гэрээ гарч ирсэн. *******ыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулсан. Би ************** гэдэг газрыг эзэмшдэг гэрчилгээ огт байхгүй. Тухайн үед намайг ирээд гарын үсэг зурчих гэж ярьсан. Тийм учраас очиж гарын үсэг зураад энэ гэрээг хийсэн гэдэг. Нотариатын алдаа нь Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.7, 46.10-д заасныг зөрчсөнөөс гадна бичиг үсэг мэдэхгүй хүнтэй гэрээ байгуулахдаа гэрч оролцуулна гэсэн Нотариатын тухай хуулийн 33, 34 дүгээр зүйлд заасныг мөн адил зөрчиж гэрээ хэлцлийг баталсан учраас нотариатын үүрэг гүйцэтгэгчийн үйлдлийг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна” гэв.

 

2. Хариуцагч Ш.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“...Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг үйлдэхдээ 2 тал өөрийн биеэр байлцаж харилцан тохиролцсон тохиолдолд хийж гүйцэтгэдэг болно. Уг газрын эрх шилжүүлэх гэрээг иргэн Д.******* болон П.******* нар өөрсдөө хоорондоо харилцан тохиролцож хийж гүйцэтгэсэн болон. Эрх шилжүүлэх гэрээ хийснээр газар эзэмших эрх шилжихгүй баримт бичгийн бүрдлийг газрын даамал хянаж үзээд бүрэн болсон тохиолдолд сумын Засаг даргад уламжилж захирамж гаргуулж байгаа болно. Тэгэхээр 2021.12.10-ны өдөр газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх тухай захирамж гарсан тул холбогдох баримт бичгийн бүрдэл хууль ёсны дагуу хийгдэж бүрдэл шаардлагыг хангасан нь нотлогдож байгаа юм. Тиймээс миний хийсэн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ нь ямар нэгэн хууль зөрчөөгүй гэж үзэж байна.” гэжээ. /хх-ийн  26 хуу/

 

2.1 **** аймгийн **** сумын******* дарга Ш.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нотариатын үйлдлийг хүчингүй болгоё гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэхээр ************** гэдэг газар ************* сумын 2 дугаар багийн нутаг юм. Хэнтий аймгийн ************* сумын Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 30 дугаартай захирамжаар 2 дугаар багийн иргэн ******* овогтой *******ад олгосон. Үүний дагуу материалыг нь бүрдүүлээд Хэнтий аймгийн газрын алба гэрчилгээг олгоход материал дутуу юу байна гээд бүгдийг нь хянаж үзээд 2011 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Хэнтий аймгийн Газрын албаны дарга Гантогоо гэдэг хүний гарын үсэгтэй гэрчилгээ олгогдсон байдаг. Энэ гэрчилгээг гуравдагч этгээдээр оролцож байгаа ******* нь 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр эхнэр ******* болон ******* түүний эхнэрийн хамтаар гэрчилгээгээ барьж орж ирсэн. Ямар учраас гэрчилгээгээ шилжүүлэх гэж байгаагаа надад хэлэх ёстой. Та үнэхээр хүний дарамт шахалтаар ******* рүү шилжүүлэх гэж байна уу? Өөрийн хүсэл зоригийн дагуу шилжүүлэх гэж байгаа юу гэдгээ хэлэх нь зүйтэй гэж хэлсэн. Би ************* сумын 2 дугаарт багт амьдарч байгаад Дорноговь аймгийн Айраг сум руу шилжихээр болсон. Энэ ************** гэдэг газраа ахынхаа хүү болох *******д шилжүүлж өгөх хүсэлтэй байна гэсэн. Та хэдийн зүгээс эрх үүргээ ойлгоод ямар нэгэн хүний дарамт шахалт байхгүй бол гэрээг хийж өгөхөд миний зүгээс татгалзах зүйл байхгүй гэдэг үүднээс энэ гэрээг хийсэн. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хэлж байгаагаар бичиг үсэг мэдэхгүй хүнд гэрч оролцуулахгүй нотариатын үйлдэл хийсэн гэсэн. Сая ам бүл ганцаараа гэж байна. Тухайн үед ******* ахын эхнэр ******* гэдэг хүн хамт орж ирсэн. Тэр хүн байсан. ******* ах өөрөө байсан. ************** гэдэг газраа *******д, өөр нэг газраа манай эгчийн охин болох Хүрэлбаатарын Азжаргалд шилжүүлж өгөөд Дорноговь аймгийн Айраг сум руу шилжихээр боллоо гэдгийг тухайн үед ярьж байсныг тодоос тод санаж байгаа юм. Азжаргалд газар нь мөн адил шилжиж очсон байх. Тэр нь ямар нэртэй газар байсан, ямар нэртэй газар дээрээ гэрээ хийснийг санахгүй байна. Тэгэхээр энэ хүн өөрийн эзэмшлийн 2 газрын нэгийг ахынхаа хүүд, нэгийг нь эгчийнхээ хүүхдэд шилжүүлж өгөөд Дорноговь аймгийн Айраг суманд явахаар болсон гэж ярьсан. Тэгээд газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ хийгдсэн. Сумын Засаг даргын захирамж гарч ************** гэх газар 2 дугаар багийн малчин Пын *******ийн нэр дээр гэрчилгээ нь гарсан байдаг. Миний зүгээс нотариатын үйлдлийг хийхдээ тухайн хүмүүст эрх, үүргийг нь танилцуулдаг. Ямар нэгэн байдлаар бусдын нөлөөнд автсан эсэхийг шалгуулж тодруулж хийдэг байгаа. Хууль зүйн сайдын 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 110 дугаартай ************* сумын Засаг даргын тамгын газрын дарга *******д нотариатын үүрэг гүйцэтгэгчийг хавсаргахыг зөвшөөрсүгэй гэсэн тушаалын дагуу нотариатын үүргийг сумын ард иргэдэд үзүүлээд явж байгаа. Миний нэхэмжлэлтэй холбоотой тайлбар байна энэ байна. Өөр хэлэх зүйл байхгүй. Тухайн үед ******* өөрөө орж ирээд гарын үсгээ зураад явсан.” гэв.

 

3.1 Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.******* шүүхэд гаргасан тайлбартаа: “...Миний бие Хэнтий аймгийн ************* сумын 2-р баг "**************" гэдэг газрыг хууль ёсны дагуу эзэмшдэггүй. Харин миний ээж болон ах Б.Б************* нар эзэмшиж байсан. Б.******* нь тухайн үед "**************" гэх газрын урд байрлах "Хошуу хонд" гэх газрыг өөрийн нэр дээрээ шилжүүлж авах гэж байгаа юм, аав таныг гарын үсэг зурчхаарай гэсэн гээд Засаг даргын тамгын газрын даргын өрөөнд хүрээд ир гэсэн. Үүний дагуу би явж очиход та энд гарын үсэг зурчих гээд нэг цаас өгсөн. Тэгэхээр би бичиг мэдэхгүй шүү, ямар учиртай юм бэ гээд гарын үсэг зурчхаад явсан. Тухайн үед тамгын газрын дарга Ш.******* болж байгаа юм уу гэж *******ээс асууж байсан. Гэтэл сүүлд Б.Б************* ахаас сонсоход ээж Д.*******ын нэр дээрх "**************" гэх газрын эрх шилжүүлж авах гэрээнд гарын үсэг зуруулсан байсан. Тухайн үед надад гэрээний нэг хувийг өгөөгүй. Мөн газрын гэрчилгээ надад байгаагүй. Иймд Б.******* миний бичиг үсэг мэдэхгүй байдлыг далимдуулж хууль бусаар газрын эрхийг шилжүүлж авсан байсан.” гэжээ.

 

3.2 Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хошуу хонд гэдэг газрыг ээж надад өгсөн. Надад ************** гэдэг газар байхгүй. Би ханьтайгаа очоод гарын үсэг зурсан, аав гарын үсэг зуруулчих гэж хэлсэн гэсэн. Би гарын үсэг зураад явсан. Өөр зүйл байхгүй.” гэжээ.

 

4.1 Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд П.******* шүүхэд гаргасан тайлбартаа: “...Б.Б*************ын нотариатын үүрэг гүйцэтгэгчийн үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай" шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авч бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Миний бие Д.*******тай тохиролцон түүний нэр дээрх өвөлжөө, хаваржааны зориулалттай Хэнтий аймаг, ************* 2-р багт байрлах "**************" гэх 10,000 м.кв бүхий газрыг эзэмших эрхийг 2021 оны 12-р сарын 10-ны өдөр хууль ёсны дагуу шилжүүлэн авсан. Б.Б************* гэдэг хүн бол миний аав. ...тус эрхийг шилжүүлэн авах үед маргаан бүхий газар нь газар эзэмших эрхийн гэрчилгээний дагуу иргэн Д.*******ын нэр дээр байсан ба миний бие Д.*******тай цуг очиж, тухайн үед эрх бүхий этгээдээс газар эзэмших эрхийг шилжүүлэн авсан болно. Тус газар дээр би хороо барьсан, ус гаргахаар 4 удаа өрөмдүүлж , 2 нь ус гараагүй, 2 нь ус гарсан тул гүний худагтай болсон, 1 худаг гараар ухаж гаргасан. Нэхэмжлэлд маргаан бүхий газрын эзэмшигч нь Д.******* биш, 2017 оны 8-р сарын 2-ны өдрөөс хойш өвийн асуудлаа шийдвэрлээгүй байгаа хэмээн дурджээ. Гэвч өвийн асуудал болон энэхүү маргаан бүхий газар нь хоорондоо ямар учир шалтгаантай, хэн тус газрын хууль ёсны эзэмшигч эсэх зэрэг нь тодорхойгүй. Д.******* өөрийн нэр дээрх газар эзэмших эрхийг хууль ёсны дагуу шилжүүлсэн байхад нэхэмжлэгч Б.Б************* нь ямар үндэслэлээр шаардах эрхээ хэрэгжүүлж буй нь мөн адил тодорхойгүй байна. Үүнээс гадна, ээж болох Д.******* нь 2017 оны 08-р сарын 02-ны өдөр нас барсан гэж ээ. Гэтэл Иргэний хуулийн 528-д дагуу өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ гэж заасан. Тус хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ гэж мөн заасан. Тэгвэл энэхүү нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар өв нээгдээд хэдийнээ 7 гаруй жил өнгөрсөн байна. Энэ хугацаанаас үзэхэд өвлөхөөс татгалзсан гэж үзэж болох юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

4.2 Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд П.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Тэр үед би, *******, ******* ах, ******* гээд бид дөрөв дөрвүүлээ орсон. ******* гэдэг хүн эрх үүргийг нь танилцуулсан. Аав гарын үсэг зур гэж дагуулж ирээгүй. Нэхэмжлэлийн маргааны газар нь ******* биш. 2017 оны 08 дугаар сарын 02-наас хойш өвийн асуудал шийдэгдээгүй байгаа хэмээн дурдаж байна. Гэвч өвийн асуудал болон энэхүү маргааны газар хоорондоо учир шалтгаантай. Хэн нь тус газрын хууль ёсны эзэмшигч нь тодорхойгүй. ******* хууль ёсны газрын эзэмшигчийн дагуу шилжүүлж байхад нэхэмжлэгч Б************* ямар үндэслэлээр шаардлага эрх хэрэгжүүлж буй нь мөн адил тодорхойгүй байна. Энэ газрыг ******* гэдэг хүнээс авсан болохоос Б************* гэдэг хүнтэй гэрээ хийгээгүй.” гэжээ.

 

4.3 Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Цэцэгдэлгэр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Манайх дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай үйлчлүүлэгч хуулийн дагуу энэ газрыг эзэмшиж байгаа бөгөөд шударга эзэмшигч юм. Газар эзэмшүүлэх эрхийг төрийн эрх бүхий байгууллага болох сумын Засаг дарга шийдвэр гаргаж олгодог. Энэ шийдвэрийн үндсэн дээр газрыг эзэмшиж байгаа учраас шударга эзэмшигч юм. Б*************ын нэхэмжлэл үндэслэлгүй байна. Нэхэмжлэл дээрээ нотариатын үйлдлийг хүчингүй болгох гэж яриад байна. Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д нотариатын үйлдэл хийхээс татгалзах үндэслэлд хамаарахгүй байгаа. Хэрвээ Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан татгалзах үндэслэлийг зөрчөөд нотариатын үйлдэл хийсэн байх бол шүүх нотариатчийн болон сонирхогч этгээдийн хүсэлтээр хүчингүйд тооцно гэсэн. Энэ татгалзал энд байхгүй байна. Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д үйлчлүүлэгчийн баримт бичиг нь хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээнд харшилж байвал гэж байгаа. Энэ нотариатын үйлдэл хийхээр авчирсан хууль ёсоор эзэмшиж байгаагаа нотлох гэрчилгээ өөрөө хуулийн дагуу олгогдсон гэрчилгээ байсан. Хуулийн дагуу олгогдсон гэрчилгээ нь дээр хийгдсэн нотариатын үйлдэл бол хууль ёсны юм. Тийм учраас нотариатын үйлдлийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй байна. ************** газар ******* ч өөрөө байдаг байсан. Одоо ч гэсэн хороо нь байгаа. Албан ёсоор эзэмшиж байсан талаар миний үйлчлүүлэгч хэлдэг. ******* ч гэсэн шүүхэд ээжтэйгээ байсан гэж хэлсэн. Өөрийнхөө эзэмшиж байсан газрыг мэдэхгүй байна гэж байгаа нь туйлын ойлгомжгүй, худал сонсогдоод байна. Тэгээд эхнэртэйгээ дөрвүүлээ очоод гэрээ хэлцлийг хийсэн байдаг. Газрын эрх шилжүүлэх гэрээ нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасан шаардлагыг хангасан гэрээ хэлцэл болсон. Нэгэнт хүчин төгөлдөр эрхтэй газрыг нотариатч үндэслэж эрх шилжүүлэх гэрээг түүний хүсэл зоригийн дагуу тухайн хоёр талыг байлцуулж хийсэн гэрээ хүчин төгөлдөр юм.” гэв.

 

5. Нэхэмжлэгч Б.Б************* болон түүний өмгөөлөгчөөс:

-  Төрөл садангийн лавлагаа (хх-ийн 6 дугаар хуудас),

- Нас барсны бүртгэлийн лавлагаа (хх-ийн 7 дугаар хуудас),

- Хэнтий аймгийн ************* сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/87 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай” захирамж, 1 дүгээр хавсралтын хуулбар  (хх-ийн 8-9 дүгээр хуудас),

- 2001 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Д.*******д олгосон Газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар (хх-ийн 10  дугаар хуудас),

- 2001 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Иргэний газар ашиглах гэрээний хуулбар (хх-ийн 11-12 дугаар хуудас),

- Гэрэл зургууд (хх-ийн 13 дугаар уудас),

- Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийн хуулбар (хх-ийн 54-55 дугаар хуудас),

- Газар эзэмших тухай хүсэлт (хх-ийн 56-58 дугаар хуудас),

- Д.*******, П.******* нарын иргэний үнэмлэхийн хуулбар (хх-ийн 59-60 дугаар хуудас),

 

6. Хариуцагч Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ш.*******аас:

-  Хэнтий аймгийн ************* сумын Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/30 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамж, хавсралтын хуулбар  (хх-ийн 40-41 дүгээр хуудас)

- 2011 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Д.*******ад олгосон ********** дугаартай Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар (хх-ийн 42 дугаар хуудас),

 

7. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд П.*******ээс:

- 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр П.*******д олгосон Газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зургийн хуулбар (хх-ийн 34-35 дугаар хуудас)

 

8. Нэхэмжлэгчийн хүсэлтээр –Д.*******, П.******* хоёрын байгуулсан 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 025983 дугаартай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ (хх-ийн 45 дугаар хуудас),

- Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Хэнтий аймгийн ************* сумын 2 дугаар баг “**************” гэх газрын хувийн хэрэг болох Газар эзэмших эрхийн гэрчилгээ,  Хэнтий аймгийн ************* сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/87 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай” захирамж, 1 дүгээр хавсралтын хуулбар, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, газар эзэмших тухай хүсэлт, Д.Мөнхат, П.******* нарын иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг шүүх бүрдүүлсэн болно.

    

ҮНДЭСЛЭХ нь:

    

  1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
  2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Хэнтий аймгийн ************* сумын 2-р баг **************" гэх газрын эзэмшигч нь Д.******* биш бөгөөд эх Д.*******ыг 2017 оны 08 сарын 02-ны өдөр нас барснаас хойш өвийн асуудлаа шийдвэрлээгүй байхад ************* сумын Засаг даргын Тамгын газрын дарга, нотариатын үүрэг гүйцэтгэгч Ш.******* нь Нотариатын тухай хуулийн 46.1, 46.1.1, 46.7, 46.10 дахь хэсэгт заасныг тус тус зөрчиж газар эзэмших эрхгүй этгээдтэй хийсэн гэрээг гэрчилснээр тус сумын Засаг дарга 2021 оны 12 сарын 10-ны өдрийн А/87 дугаар захирамжаар П.*******ийн эзэмшилд шилжүүлж, газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон байна. Мөн бичиг үсэг мэдэхгүй хүнтэй гэрээ байгуулахдаа гэрч оролцуулна гэсэн Нотариатын тухай хуулийн 33, 34 дүгээр зүйлд заасныг мөн адил зөрчиж гэрээ хэлцлийг баталсан учраас *******, ******* хоёрын байгуулсан 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 025983 дугаартай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг гэрчилсэн нотариатын үүрэг гүйцэтгэгчийн үйлдлийг хүчингүй болгож өгнө үү”  гэж.

 

  1. Хариуцагч Ш.******* нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.

  “Хэнтий аймгийн ************* сумын Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 30 дугаартай захирамжаар 2 дугаар багийн иргэн ******* овогтой *******ад 2011 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Хэнтий аймгийн Газрын албаны дарга Гантогоо гэдэг хүний гарын үсэгтэй гэрчилгээ олгогдсон байдаг. Тус гэрчилгээг гуравдагч этгээдээр оролцож байгаа ******* нь 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр эхнэр ******* болон ******* түүний эхнэрийн хамтаар гэрчилгээгээ барьж орж ирсэн. ... Би ************* сумын 2 дугаарт багт амьдарч байгаад Дорноговь аймгийн Айраг сум руу шилжихээр болсон. Энэ ************** гэдэг газраа ахынхаа хүү болох *******д шилжүүлж өгөх хүсэлтэй байна гэсэн. ... Сумын Засаг даргын захирамж гарч ************** гэх газар 2 дугаар багийн малчин Пын *******ийн нэр дээр гэрчилгээ нь гарсан байдаг. Миний зүгээс нотариатын үйлдлийг хийхдээ тухайн хүмүүст эрх, үүргийг нь танилцуулдаг. Ямар нэгэн байдлаар бусдын нөлөөнд автсан эсэхийг шалгуулж тодруулж хийдэг байгаа” гэж.

 

  1. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.******* нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар дэмжив:

 “Миний бие Хэнтий аймгийн ************* сумын 2-р баг "**************" гэдэг газрыг хууль ёсны дагуу эзэмшдэггүй. Харин миний ээж болон ах Б.Б************* нар эзэмшиж байсан. ... сүүлд Б.Б************* ахаас сонсоход ээж Д.*******ын нэр дээрх "**************" гэх газрын эрх шилжүүлж авах гэрээнд гарын үсэг зуруулсан байсан. Тухайн үед надад гэрээний нэг хувийг өгөөгүй. Мөн газрын гэрчилгээ надад байгаагүй. Иймд Б.******* миний бичиг үсэг мэдэхгүй байдлыг далимдуулж хууль бусаар газрын эрхийг шилжүүлж авсан байсан.” гэж.

 

  1. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд П.******* нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар эс зөвшөөрсөн.

  “... Д.******* өөрийн нэр дээрх газар эзэмших эрхийг хууль ёсны дагуу надад шилжүүлсэн. Нэхэмжлэгч Б.Б************* нь ямар үндэслэлээр шаардах эрхээ хэрэгжүүлж буй нь тодорхойгүй байна.” гэж.

  1. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Хэнтий аймгийн ************* сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/87 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай” захирамж, 1 дүгээр хавсралт, 2001 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн газар эзэмших гэрчилгээ /Д.*******ын/, Д.*******, П.******* нарын хооронд байгуулсан 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ********** дугаартай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ,   Хэнтий аймгийн ************* сумын Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/30 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамж, захирамжийн хавсралт, 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр П.*******д олгосон Газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зураг, 2011 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Д.*******ад олгосон ********** дугаартай Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, төрөл садангийн лавлагаа, нас барсны бүртгэлийн лавлагаа зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.

          Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.*******ын гаргасан хүсэлтийн дагуу Хэнтий аймгийн ************* сумын Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/30 дугаартай Газар эзэмшүүлэх тухай захирамж гарч, 2011 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Хэнтий аймгийн ************* сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “**************” гэх газрыг Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар Д.*******ад эзэмшүүлж, гэрчилгээг олгожээ.

 

           Ийнхүү тус газрыг Д.******* нь өөрийн эзэмшилд байлгах хугацаанд буюу 2011 оны 12 дугаар сарын 10-ны өдөр П.*******тэй газар эзэмших эрхийг шилжүүлэх тухай ********** дугаартай гэрээг байгуулж тус гэрээг үндэслэн Хэнтий аймгийн ************* сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/87 дугаартай захирамжаар тус “**************” гэх газрын эзэмших эрхийг П.*******д шилжүүлж, газар эзэмших эрхийн гэрчилгээг түүнд олгосон байна.

         

          Дээрх үйл баримтын Д.*******, П.******* нарын хооронд газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулагдсан талаар талууд маргаагүй бол тус газар Д.*******ын эзэмшилд байсан эсэх болон газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг гэрчилсэн нотариатчийн үйлдэл хуульд заасан шаардлагын дагуу явагдсан эсэх асуудлаар талууд маргаж мэтгэлцэв.

          Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Энэ хуулийн 31.1-д заасныг зөрчиж хийсэн нотариатын үйлдлийг шүүх нотариатчийн болон сонирхогч этгээдийн хүсэлтээр хүчингүйд тооцно” гэж заасан. Сонирхогч этгээд гэдэг нь эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж байгаа этгээдийг ойлгодог. Тэгвэл энэхүү нэхэмжлэлийн шаардлагын тухайд Б.Б*************ын чухам ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа нь тодорхойгүй буюу түүнийг шаардах эрхгүй этгээд гэж үзэхээр байна.

Учир нь: Нэхэмжлэлд “өвийн асуудал шийдэгдээгүй байхад тус газрыг эзэмших эрхгүй этгээд болох Д.******* нь газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг П.*******тэй байгуулж тус гэрээг хариуцагч нь хууль зөрчиж гэрчилсэн” гэж дурдсан боловч нэхэмжлэлийн агуулга, шүүх хуралдаанд  талуудын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хууль зөрчиж эд хөрөнгө өвлөгдсөн гэх асуудлыг хөндөөгүй, энэ талаар маргаж мэтгэлцээгүй, нотлох баримтыг гаргаж өгөөгүй болно.

Хэрэгт авагдсан Хэнтий аймгийн ************* сумын Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/30 дугаартай Газар эзэмшүүлэх тухай захирамж, түүнийг үндэслэн гарсан Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээгээр тус газар нь 2011 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн Д.*******ын эзэмшилд хууль ёсоор шилжсэн болох нь хангалттай нотлогдсон бол дээрх газрын өмнөх эзэмшигч Д.******* нь 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр нас барсан болох нь нас барсны бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл Д.*******ын амьд ахуй үед тус газар нь Д.*******ын эзэмшилд шилжиж байжээ.

          Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох хариуцагч нь үл хөдлөх хөрөнгийг бусдад шилжүүлэх хэлцлийг гэрчлэхдээ Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.7 дахь хэсэгт заасан “Хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, эрхийг бусдад шилжүүлэх гэрээ, хэлцлийг гэрчлэхдээ уг хөрөнгө, эрх нь тухайн этгээдийн хууль ёсны өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа эсэхийг нотлох эрхийн баримт бичгийг ...үндэслэл болгоно”, 46 дугаар зүйлийн 46.10 дахь хэсэгт заасан “Нотариатч гэрчилсэн гэрээ, хэлцлийн хувийг талуудад өгч, өөрт үлдэх хувьд холбогдох баримт бичгийг хавсаргаж, архивт хадгална”, 33.1 “Үйлчлүүлэгч нь хараагүй, хэлгүй, дүлий, бичиг үсэг мэддэггүй, түүнчлэн эрх зүйн чадамжгүй этгээд байвал нотариатын үйлдэл хийх, баримт бичиг үйлдэхдээ тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч /асран хамгаалагч, харгалзан дэмжигч/ болон нотариатч шаардлагатай гэж үзвэл гэрчийг оролцуулна.”  гэснийг тус тус зөрчсөн гэх боловч энэ нь хэрэгт ач холбогдолгүй, нэхэмжлэгчийн шаардах эрхэд хамаарахгүй байна.

 

          Мөн Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Энэ хуулийн 31.1-д заасныг зөрчиж хийсэн нотариатын үйлдлийг шүүх ...хүчингүйд тооцно” гэж нотариатын ямар үйлдлийг хүчингүй болгохыг тусгайлан хуульчлан зааж өгсөн ба нэхэмжлэлийн шаардлага хуулийн дээрх заалтад хамаарахгүй болохыг дурдах нь зүйтэй. 

Иймд Хэнтий аймгийн ************* сумын нотариатын үүрэг гүйцэтгэгч Ш.*******ын 2011 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг гэрчилсэн үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

  1. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж, улсын орлого болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн

115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1, 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг баримтлан хариуцагч Хэнтий аймгийн ************* сумын нотариатын үүрэг гүйцэтгэгч Ш.*******ын 2011 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг гэрчилсэн үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэгч Б.Б*************ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

  1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах  гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Р.БАТБАЯР