Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 59

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 С.Баянмөнхийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч Б.Дамба, Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 153/ШШ2019/00447 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн 3-21 тоотод оршин суух, Олхонууд овогт Сүхбаатарын Баянмөнх /ПЮ81062972/-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн Олзвойн 1-1 тоотод оршин суух, Зуутраг овогт Отгонжаргалын Анхбаяр /ОЭ79101010/-т холбогдох иргэний хэргийг хариуцагч түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун, хариуцагчийн өмгөөлөгч Л.Ган-Очир/онлайнаар/, нарийн бичгийн даргаар О.Ням-Адъяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээ цуцласнаас 5,900,000 төгрөг, олох ёстой байсан ашгийг олж чадаагүйгээс учруулсан гэм хорын хохиролд 6,257,400 төгрөг, төлбөр гүйцэтгэснээс төлөх шаардлагагүй болсон хүү үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, учруулсан хохирол 1,104,600 төгрөг буюу нийт 13,261,400 төгрөг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: “Миний зүгээс гэрээ цуцалснаас үүссэн 5,900,000 төгрөг, олох ёстой байсан ашгийг олж чадаагүйн улмаас учирсан гэм хорын хохирол 6,257,400 төгрөг, төлбөр гүйцэтгэснээс төлөх шаардлагагүй болсон хүү, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, учруулсан хохирол 1,104,600 төгрөг, нийт 13,261,400 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Би анх О.Анхбаярт дэлгүүрийн урьдчилгаанд 10,000,000 төгрөг өгөөд үлдэгдэл мөнгөө 2 сард өгөхөөр, 1 м.кв-ын үнийг 1,000,000 төгрөгөөр авахаар тохиролцсон. О.Анхбаярын зүгээс газрынхаа гэрчилгээг авч ирж үзүүлсэн боловч дэлгүүрийн гэрчилгээг гаргаж өгөөгүй. Миний зүгээс банкны барьцаанд дэлгүүрийнхээ гэрчилгээгээ тавиад үлдэгдэл мөнгөө өгөх гэсэн боловч бичиг баримт нь бүрэн биш учраас мөнгийг нь өгөөгүй. Надад О.Анхбаярын дэлгүүрийн мөнгийг 2, 3 хэлбэрээр өгөх боломж байсан бөгөөд машинаа зараад юм уу, дэлгүүрийнхээ гэрчилгээг гарсан тохиолдолд банкны барьцаанд тавих байсан. Би машинаа өөр хүмүүст зарахаар тохиролцоонд хүрчихсэн байхад О.Анхбаяр дүүгийнхээ хамт ирээд хаашдаа чи надад мөнгө өгөх ёстой юм чинь машиныг чинь аваад, эргүүлээд 5,000,000 төгрөг өгье гэж хэлээд, тохиролцоод аваад явсан. Гэтэл машин шаардлага хангахгүй байна гэж хэлээд аваад ирэхээр нь буцаагаад авсан. Мөн дэлгүүрээс гар гэхээр нь урьдчилгаанд өгсөн мөнгөө өгөөд гарах талаар хэлсэн. Бид нарын хооронд гэрээ байгуулах гэсэн боловч дэлгүүрийн бичиг баримт гаргаагүй байсан учраас чадаагүй. Би 10,000,000 төгрөгийг дэлгүүрийн урьдчилгаанд өгөхөөр аавынхаа данснаас шилжүүлсэн. Өнөөдөр миний хувьд 10,000,000 төгрөг болон дэлгүүрээ ч аваагүй, сар дэлгүүрээ цоожлуулчихсан байдалтай байсан учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын хангаж өгнө үү. Би урьдчилгаанд 10,000,000 төгрөгийг О.Анхбаярт өгчихсөн байхад дэлгүүр цоожилсноос үүссэн 2019 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх хугацааны олох ёстой байсан цэвэр ашиг 6,257,400 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.Нэхэмжлэлийн шаардлагаа багасгаад нийт 13,212,000 төгрөгийг хариуцагчаар гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагчийн хариу тайлбар: С.Баянмөнхийн зүгээс он гараад 1, 2 сарын сүүлээр Алтайн хүдэр ХХК-иас тээврийнх хөлс орж ирэхээр дэлгүүрийн үлдэгдэл мөнгийг бүрэн төлөхөөр тохиролцсон. Түүнээс хойш Алтайн хүдэр ХХК-ийн мөнгө хойшлогдоод байна гэхээр нь Цагаан сарын үеэр хөдөлгөөн бага учраас мөнгөө зохицуулаарай гэж хэлээд 2 сар гараад мөнгөө нэхсэн. С.Баянмөнх бид хоёр 2018 оны 10 сард уулзаад дэлгүүр худалдах, худалдаж авах талаар ярилцсан. Тухайн дэлгүүрийг 1 м.кв-ыг нь 1,000,000 төгрөгөөр бодоод 117 м.кв-ыг 117,000,000 төгрөгөөр зарахаар тохиролцсон. Харин бэлэн бусаар зарахаар бол үнэтэй гэдгийг хэлсэн. С.Баянмөнх нь Гэрэл төв талбай муутай учраас уг байрнаасаа хурдан нүүж ормоор байна гэж хэлээд миний данс руу урьдчилгаанд 10,000,000 төгрөг шилжүүлээд 2018 оны 11 сард орсон. Түүнээс хойш 2018 оны 12 сард мөнгө орж ирэхгүй байна гэж хэлсээр байгаад 2019 оны 1 сар гараад уулзахад Алтайн хүдэрээс мөнгө орж ирээгүй байна, улаан машинаа зарж байгаад мөнгө өгнө гэж хэлсэн.

Миний зүгээс дэлгүүрээс юмаа хурдан гаргаж авах талаар С.Баянмөнхөд хэлэхэд өөрөө Алтайн хүдэрт, эхнэр нь Улаанбаатар хотод явж байгаа гэж хэлсэн. Хүмүүс С.Баянмөнхийн гэр болон сэлбэг авахаар манайх руу орж ирээд асуудаг бөгөөд оройн цагаар ирж сэлбэгээ гаргаж өгдөг талаар хэлж байсан учраас би гадна хаалганыхаа голыг нь сольсон. Би С.Баянмөнхийн гэрийн гадна очоод шүүхээр явж байхаар олон жилийн найз нөхөрлөлийг бодоод байсан хугацааныхаа түрээсийн мөнгийг суутгаж аваад, юмнуудаа аваад гараарай гэж хэлээд эхнэрийнх нь дансыг аваад явсан. С.Баянмөнхийн зүгээс надад байсан хугацааны түрээсээ аваад үлдэгдэл мөнгөө шилжүүлчих гэж хэлсэн. Надад анхнаасаа С.Баянмөнхийг хуурч мэхлэх сэдэлт байгаагүй. Би С.Баянмөнхөд зах зээлийн үнэ нь 1 м.кв нь 1,350,000 төгрөгийн талбайг 1,000,000 төгрөгөөр тооцож байсан. Би С.Баянмөнхөд 10,000,000 төгрөгөөс нь 4,150,000 төгрөгийг нь буцааж өгсөн. Одоо үлдсэн 5,850,000 төгрөгөөс С.Баянмөнх нь сард 360,000 төгрөгийн түрээсийн төлбөрийг Гэрэл төвд төлж байснаар нь бодоод цоожтой байсан хугацааг нь хасаад манай дэлгүүрийг ашигласан хугацаа болох 5 сарыг нь 360,000 төгрөгөөр тооцоод 1,800,000 төгрөгийг хасаад 4,050,000 төгрөгийг буцааж өгөхийг зөвшөөрч байна. Хэн хэн нь хохирдгоороо хохироод явцгаая гэсэн санал гаргасан боловч хүлээн зөвшөөрсөнгүй. Миний хувьд нэхэмжлэлийн шаардлагаас 4,050,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Бусад шаардлагын хувьд хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 153/ШШ2019/00447 дугаар шийдвэрээр:” 1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг баримтлан хариуцагч О.Анхбаяраас 5,850,000 /таван сая найман зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Баянмөнхөд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,362,000 /долоон сая гурван зуун жаран хоёр мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.Баянмөнхийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224,257 /хоёр зуун хорин дөрвөн мянга хоёр зуун тавин долоо/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Анхбаяраас улсын тэмдэгтийн хураамж 108,550 /нэг зуун найман мянга таван зуун тавь/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Баянмөнхөд олгосугай гэж шийдвэрлэжээ. 

 

  Хариуцагч түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгсэлээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ. Тус заалтын дагуу хариуцагч О.Анхбаяраас нэхэмжлэгч С.Баянмөнхөд түрээсийн төлбөр хасаж үлдэгдэл 4,150,000 төгрөг шилжүүлж өгсөн баримт болон хэргийн оролцогч нар болох нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралда гаргасан тайлбар болон бичмэл нотлох баримтаас өөр хуулийн шаардлага хангасан тухайн үйл баримтыг нотолсон баримт байхгүйг дүгнээгүй. Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд хийгдсэн хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцлийг анхан шатны шүүх нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах худалдан авах гэрээ гэж дүгнэсэн нэхэмжлэгчийн аман тайлбарыг нотлох баримтаар үнэлж байгаагаас бус нэхэмжлэгчийн аман хэлцлээс үүдэлтэй үүргийг анхаарч үзээгүй. Маргаан болох үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч нь 5 сарын турш эзэмшихдээ цэвэр орлого болох 31,287,000 төгрөг хариуцагчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг ашиглаж олсонг дүгнээгүй орхисон.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:    

   

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч нь гэрээ цуцалснаас 590.000 төгрөг, олох ёстой байсан ашгийг олж чадаагүйгээс учруулсан гэм хорын хохиролд 6.257.400 төгрөг, төлбөр гүйцэтгэснээс төлөх шаардлагагүй болсон хүү үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, учруулсан хохирол 1.104.600 төгрөг буюу нийт 13.261.400  төгрөг гаргуулах тухай шаардлагыг хариуцагч О.Анхбаярт холбогдуулан гаргаж, хариуцагчаас 117 м.кв талбайг худалдаж авахаар урьдчилгаа төлбөрт өгсөн 10.000.000 төгрөгөөс 4.150.000 төгрөгийг буцаан авсан тул үлдэгдэл 5.850.000 төгрөгийг буюу бүгд 13.212.000 төгрөгийг гаргуулахаар шаардлагаа багасгажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийн хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хариуцагч болон түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан байна.

Нэхэмжлэгч нь Ховд аймгийн Жаргалант сумын Алаг толгой багт байрлах, Барилгын дэлгүүр нэршилтэй худалдаа үйлчилгээний зориулалт бүхий барилгын 1 давхрын 117 м.кв талбайг худалдаж авахаар өгсөн урьдчилгааны үлдэгдэл 5.850.000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын  24-ний өдрийг хүртэл олох ёстой байсан цэвэр ашиг 6.257.400 төгрөг, урьдчилгаанд өгсөн 10.000.000 төгрөгийг хүүгүйгээр ашигласан буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнөөс учруулсан хохиролд 1.104.600 төгрөг бүгд  13.212.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан гэж тайлбарлажээ.

Хариуцагч О.Анхбаяр нь С.Баянмөнх бид хоёр 2018 оны 10 сард уулзаад дэлгүүр худалдах худалдан авахаар ярилцаад дэлгүүрийн 1 м.кв-ыг нь 1.000.000 төгрөгөөр бодоод 117 м.кв-ыг 117.000.000 төгрөгөөр худалдахаар тохиролцоод С.Баянмөнх “Гэрэл төв” талбай муутай учраас урьдчилгаанд миний дансанд 10.000.000 төгрөг шилжүүлээд 2018 оны 11 сард орсон.Би С.Баянмөнхөд 10.000.000 төгрөгөөс нь 4150.000 төгрөг буцааж өгсөн үлдсэн 5850.000 төгрөгөөс С.Баянмөнхийн Гэрэл төвд сард төлж байсан түрээсийн төлбөр  360.000 төгрөгөөр бодоод цоожтой байсан хугацааг хасаад манай дэлгүүрийг  ашигласан 5 сарын хугацаанд 360.000 төгрөгөөр тооцоод 1.800.000 төгрөгийг хасаад 4.050.000 төгрөгийг буцааж өгөхийг зөвшөөрч байна гэж тайлбарласан байна./2 дугаар хх-ийн 109,111 дүгээр тал/

Талуудын дээрх тайлбараас үзвэл талуудын хооронд Ховд аймгийн Жаргалант сумын Алаг толгой багт байрлах,Барилгын дэлгүүр нэршилтэй худалдаа үйлчилгээний зориулалт бүхий барилгын 1 давхрын 117 м.кв талбайг худалдах худалдан авахаар харилцан тохиролцож, уг талбайг  худалдагч тал нь худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх,  худалдан авагч  нь түүний үнэ болох 117.000.00 төгрөгийг  худалдагчдад  төлөх үүргийг тус тус хүлээжээ.

Улмаар худалдан авагч нь дээрх 117 м.кв талбайн урьдчилгаа үнэ 10.000.000 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр худалдагчийн дансанд шилжүүлсэн байх бөгөөд талуудад Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт  үндэслэлтэй байна. /2 дугаар хх-ийн 111 дүгээр тал/

Хариуцагч нь 5 сарын түрээсийн төлбөрт 1.800.000 төгрөг тооцно гэж тайлбарлаж байгаа боловч талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан эсэх,түрээсийн 1 сарын төлбөрийн үнэ хэдэн төгрөг зэргийг талууд тохиролцсон эсэх нь тодорхойгүй, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтаар тогтоогдоогүй байна.Өөрөөр хэлбэл хариуцагч татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх цуглуулах үүргээ биелүүлээгүй байна.

Талууд худалдах худалдан авах гэрээнээсээ татгалзсан байх тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээгээр шилжүүлсэн зүйлийг харилцан буцаах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчийн урьдчилгаанд өгсөн 10.000.000 төгрөгийн үлдэгдэл 5.850.000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгох талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй зөв болжээ.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1.-д зааснаар “гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал гэрээнээсээ татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй” гэж зохицуулжээ.

Гэтэл нэхэмжлэгч нь 2019 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс 2019 оны  дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх хугацааны олох ёстой байсан цэвэр ашиг 6.257.400 төгрөг, урьдчилгаанд өгсөн 10.000.000 төгрөгийг ямар ч хүүгүйгээр ашигласны төлбөр буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнөөс учруулсан хохиролд 1.104.600 төгрөгийг тус тус   шаардсаныг гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохиролд тооцох үндэслэлгүй бөгөөд  шүүх нэхэмжлэлийн энэ хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээж, хариуцагч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Хуульд зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 108.550 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 153/ШШ2019/00447 дугаар шийдвэрийг хэвээр нь үлдээж, хариуцагч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй   орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7  7.1.1.-т  зааснаар хариуцагч талын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 108.550 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              М.НЯМБАЯР

          

                                            ШҮҮГЧИД                                              Б.ДАМБА

                                  

                                                                                                           Н.ТУЯА