| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Сэржмядаг |
| Хэргийн индекс | 139/2017/00059/Э |
| Дугаар | 57 |
| Огноо | 2017-09-28 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Г.Хаш-Эрдэнэ |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 57
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга: Г.Нямаа
Улсын яллагч: Г.Хаш-Эрдэнэ
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Цоодол
Шүүгдэгч: Б.Мөнхжаргал нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Мөнхжаргалд холбогдох 201712000097 тоот хэргийг 2017 оны 9 сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд 1996.02.02-нд төрсөн, бүрэн дунд боловсролтой, Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн эмчилгээ арга зүйчийн ангийн 3-р дамжааны оюутан, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын 2-р баг Тарагт гэх газар оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:ЗД96020206/ Онги овогт Баярсайханы Мөнхжаргал нь хулгайлах буюу Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Б.Мөнхжаргал нь 2017 оны 5 сарын 10-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын 2-р баг Баянгийн 4-2 тоотод оршин суух иргэн Ё.Жаргалсайханы гэрээс бурханы суврага хулгайлж, бусдад 3 сая төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах баримтаар тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч шүүх хуралдаанд: Би мэдүүлэг өгөхгүй. Хэрэгт миний өгсөн мэдүүлэг байгаа. Асуултанд хариулна. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Дахин ийм хэрэг хийхгүй гэж мэдүүлэв.
Шүүгдэгч мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ “Би 2017.05.09-ний өдөр Улаанбаатар хотоос Дундговь аймгийн Дэлгэрхангай сум руу Ирээдүйгийн хамаатны ахыг хөдөө гэрт нь хүргэж өгөхөөр Ирээдүй, хамаатны ах Батбаатар нарын хамтаар Приүс-20 маркийн автомашинтай гарсан юм. 2017.05.10-ны өдрийн 02 цагийн үед очиж хоноод маргааш нь Батбаатар ахын ээж Пүрэвдолгорыг суулгаад Дэлгэрхангай сумын төв орсон. Хамаатны ах Жаргалсайханы хашаанд очсон. Тэнд намайг буулгачихаад төв орчихоод ирье гээд Ирээдүй явсан. Намайг хашаа руу ороход Жаргалсайхан ахынд хүн байхгүй. Гэр нь цоожтой байсан. Хажуу айл нь болох хамаатны эгч Жимсээ эгчийнд ороход эгч байхгүй, жаахан хүүхэд нь байхаар нь Жаргалсайхан ахын гэрийн түлхүүрийг нь аваад гэрт нь орсон. Гэрийнх нь хойно байх авдарных нь цүүг отвиркаар хөшиж нээгээд авдарнаас нь алтан шармал өнгөтэй суваргыг нь аваад өөрийн өмсөж явсан цамцандаа ороогоод гарсан. Жимсээ эгчийнд сууж байхад Ирээдүй ирсэн. Ирээдүй намайг суврага авсан гэдгийг мэдээгүй” гэжээ. /хх-22/
Хохирогч Ё.Жаргалсайхан мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ““2017.05.16-ны өдөр өглөө 07 цагийн үед гэртээ байж байгаад гэрийнхээ хойд талын авдарнаас зулын гол хөвөн авах гээд онгойлготол авдаран дотор модон жижиг хайрцаганд байдаг жижиг алтан шармал суварга алга болсон байсан. Суварга манай өвөөгийнх юм. Манай өвөө лам хүн байсан. 3 сая төгрөгөөр үнэлж байна. Хулгайд алдсан эд зүйлээ олж авсан, надад гомдол санал байхгүй гэжээ. /хх-15, 22/;
Дээрх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад баримтыг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Мөнхжаргал нь 2017 оны 5 сарын 10-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын 2-р баг Баянгийн 4-2 тоотод оршин суух авга ах Ё.Жаргалсайханы гэрт нэвтрэн орж, өвөг эцгээс нь өвлөгдөж ирсэн бурханы суврагыг хулгайлж, бусдад 3 сая төгрөгийн хохирол учруулсан нь орон байранд нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулж байх тул хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулах үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1-д “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох гэм буруутай хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заажээ.
Шүүгдэгч Б.Мөнхжаргал нь 2017 оны 7 сарын 1-нээс өмнө буюу 5 сарын 10-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн, түүнийг Эрүүгийн хуулийн /2002 оны/ 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаад прокурорын 2017.08.03-ны өдрийн тогтоолоор Эрүүгийн хуулийн /2015 оны/ 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан /хх-51/ ба шүүх хуралдаанд улсын яллагч 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ял оногдуулах санал гаргаж байгааг хүлээн авахаар шийдвэрлэлээ.
Учир нь: прокуророос ял сонсгосон хоёр хуулийн холбогдох заалтыг харьцуулан шалгахад шинэ Эрүүгийн хуульд оногдуулах ялын дээд хэмжээ нэмэгдэж, шүүгдэгчийн эрх зүйн байдал дордохоор байна.
Иймд Эрүүгийн хуулийн /2015 оны/ 1.9 дүгээр зүйлийн 2-т заасан “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” зарчмыг үндэслэн прокуророос ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэлийг гэмт хэрэг үйлдсэн үеийн эрүүгийн хуульд нийцүүлэн өөрчилж, 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Мөнхжаргал нь хулгайлсан эд зүйлээ биетээр нь хохирогчид буцааж хүлээлгэн өгсөн /хх-20/, хохирогч Ё.Жаргалсайхан хэргийн материалтай танилцаад “гомдол санал байхгүй” гэсэн /хх-67/, иргэний нэхэмжлэгч П.Төрбатад нийт 1 сая төгрөгийг Хаан банк дахь П.Төрбат эзэмшигчтэй дансанд шилжүүлсэн баримтыг шүүхэд гаргаж өгсөн шүүгдэгч Б.Мөнхжаргалыг гэмт хэрэг үйлдэж, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөнд тооцлоо.
Иргэний нэхэмжлэгч П.Төрбат нь шүүгдэгч Б.Мөнхжаргалаас одоо бурхан засуулсан төлбөр 700000 төгрөгийг нэхэмжилж байгаа” гэсэн тайлбар ирүүлсэн нь баримтаар тогтоогдохгүй, мөн иргэн П.Төрбат нь хуульд заасан журмын дагуу нэхэмжлэл гаргаагүй, баримт ирээгүй тул шүүх тухайн асуудлыг шийдвэрлэх боломжгүй, хэлэлцэхгүй орхилоо.
Иргэний нэхэмжлэгч П.Төрбат нь нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар Б.Мөнхжаргалаас нэхэмжлэх эрхтэй болохыг шийтгэх тогтоолын “тогтоох” хэсэгт заахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Мөнхжаргал нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан шууд хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн, хохирогч “гомдолгүй” гэсэн нь Эрүүгийн хуулийн /2002 оны/ 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3-т заасан ял хөнгөрүүлөх нөхцөл байдал болно. Б.Мөнхжаргалын үйлдэлд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эдгээр нөхцөл байдал болон шүүгдэгч Б.Мөнхжаргалын хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан үндсэн ялаас хорих ялыг сонгон хэрэглэж, шүүхээс оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, нийгэм хамт олны дунд засарч хүмүүжих боломж олгох нь зүйтэй байна. Шүүгдэгч Б.Мөнхжаргал нь эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогын эх үүсвэргүй байдлыг харгалзан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.8, 36.10, 36.13,
38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ С.СЭРЖМЯДАГ