Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 157/ШШ2024/00088

 

 

    2024           05           07                                           157/ШШ2024/00088

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                    хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг                                                                              хэрэгсэхгүй болгох тухай

 

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “************** ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.*******д холбогдох “6,652,883.58 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг  2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2024 оны 05 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад   

  

ТОДОРХОЙЛОХ  нь:

 

Нэхэмжлэгч “************** ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “************** ББСБ" ХХК нь зээлийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд юм. Г.******* нь 2023 оны 05 сарын 16-ны өдөр сарын 3 хувийн хүүтэй, жилийн 36 хувь, нэмэгдүүлсэн хүү жилийн 20% хүүтэйгээр 24 сард багтаан төлүүлэхээр харилцан тохиролцож ЗГ/1221130101000123 тоот "Зээлийн гэрээ" байгуулж 4,950,000.00 төгрөгийг зээлж, 1 ширхэг " МАСВООК AIR М2 256GET загварын гар утас"-ийг "Ант онлайн молл ХХК-аас авсан байдаг. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй. Гэвч гэрээ байгуулсан өдрөөс зээлэндээ өнөөдрийг хүртэл дахиж төлөлт огт хийгээгүй хоног алдалттай болсон байна.

Манай ББСБ-ын зүгээс зээлдэгчтэй удаа дараа холбогдож зээлийн төлбөрийн үлдэгдэлийг "Зээл, зээлийн хүү төлөлтийн хуваарь"-ийн дагуу яаралтай төлөхийг шаардсан ч хариуцагчийн хариуцлагагүй үйлдэл нь зээлийн гэрээний 3.2.2 "зээл, зээлийи хүү төлөх хуваарийн дагуу зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрийг хугацаанд нь ББСБ-д төлнө Банк, эрх бүхий байгууллагын мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26-р зүйлийн 26.1-д "Зээлийн гэрээнд заасан нөхцөлийн дагуу зээлийг эргүүлэн төлөх үүргийг зээлдэгч хүлээнэ" гэж тус тус заасныг ноцтой зөрчиж байна.

Улмаар зээлдэгч нь өнөөдрийн байдлаар /2024.04.18/ үндсэн зээлийн үлдэгдэл 4,950,000.00 /дөрвөн сая есөн зуун тавин мянга/ төгрөг, үндсэн хүүний өр 1,533,008.16 /нэг сая таван зуун гучин гурван мянга найман төгрөг арван зургаан мөнгө/ төгрөг, хүүгийн торгууль 173,875.42 /нэг зуун далан гурван мянга найман зуун далан таван төгрөг дөчин хоёр мөнгө/ төгрөг нийт 6,652,883.58 /зургаан сая зургаан зуун тавин хоёр мянга найман зуун наян гурван төгрөг тавин найман мөнгө/ төгрөгийг төлөх үүрэгтэй болсон байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-т тус тус заасны дагуу зээлдүүлэгч "************** ББСБ" ХХК нь дээрх төлбөрийн үлдэгдлийг мөн зээлийн гэрээний 7.1.10-т гэрээг цуцалсан тохиолдолд түүнээс гарах үр дагавар, хохиролыг зээлдэгч хариуцна гэж заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбоотой зардал /Улаанбаатар хотоос бусад аймаг сумдад товлогдсон шүүх хуралд оролцох үеийн ажилчдийн томилолтын зардал/-ыг хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзэж байна.

Иймд зээлдэгчээс үндсэн зээлийн үлдэгдэл 4,950,000.00 /дөрвөн сая есөн зуун тавин мянга/ төгрөг, үндсэн хүүний өр 1,533,008.16 /нэг сая таван зуун гучин гурван мянга найман төгрөг арван зургаан мөнгө/ төгрөг, хүүгийн торгууль 173,875.42 /нэг зуун далан гурван мянга найман зуун далан таван төгрөг дөчин хоёр мөнгө/ төгрөг нийт 6,652,883.58 /зургаан сая зургаан зуун тавын хоёр мянга найман зуун наян гурван төгрөг тавин найман мөнгө/ төгрөгийг болон зээлийн гэрээний 7.1.10-т гэрээг цуцалсан тохиолдолд түүнээс гарах үр дагавар, хохиролыг зээлдэгч хариуцна гэж заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбоотой зардлыг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч ... аймгийн ... сумын ... дугаар баг ... дугаар байрны... тоотод оршин суух, .... регистрийн дугаартай Д  овоо овогт Г-гийн О  шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие Г.******* нь “************** ББСБ” ХХК-аас  МАСВООК AIR М2 256GET загварын нөүтбүүкийг зээлийн гэрээ байгуулж 4,950,000 төгрөгийн үнэтэй авсан нь үнэн болно. Тухайн үед биеийн байдлын улмаас ээлж амралтаа авч эмчлүүлж сувилуулж яваад эргэж банкны зээл, амжиргаанаас иүүл гарахгүй байсаар нэг мөр 2024 оны 06 сард Хас бнкнаас зээл авч төлж хаая гэсэн бодолтой байсан. иймд тус “************** ББСБ” ХХК-ний нэхэмжилж байгаа 6,652,883.58  төгрөгийг 2024 оны 05 сарын 20-ны цалин дээр 500,000 төгрөгийг, 6,152,883.58 төгрөгийг 2024 оны 06 сраын 20-ны дотор төлж барагдуулъя.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “************** ББСБ” ХХК нь хариуцагч Г.*******д холбогдуулан 6,652,883.58 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Хариуцагч Г.******* нь 6,652,883.58  төгрөгийг “************** ББСБ” ХХК-д төлөх үүрэгтэй болох нь 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн ЗГ/1221130101000123 дугаартай зээлийн гэрээ, мөн өдрийн 1221130101000123 дугаартай барьцааны гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зээл, зээлийн хүү эргэн төлөх төлбөрийн хуваарь, зээлийн дансны хуулга, нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 6,652,883.58  төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно. 

 

Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 6,652,883.58  (зургаан сая зургаан зуун тавин хоёр мянга найман зуун наян гурван бүхэл зууны тавин найм) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 121,396 төгрөгийн тавин хувь 60,698 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 60,698 төгрөгийг, хариуцагч Г.*******гаас улсын тэмдэгтийн хураамж 60,698 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “************** ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар   зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “************** ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 6,652,883.58  (зургаан сая зургаан зуун тавин хоёр мянга найман зуун наян гурван бүхэл зууны тавин найм) төгрөгийг хариуцагч Г.******* нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 121,396 төгрөгийн тавин хувь 60,698 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 60,698 төгрөгийг, хариуцагч Г.*******гаас улсын тэмдэгтийн хураамж 60,698 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “************** ББСБ” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Г.******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                   

 

 

 

ШҮҮГЧ                       Р.БАТБАЯР