Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 157/ШШ2024/00093

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                    хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг                                                                              хэрэгсэхгүй болгох тухай

 

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “*************” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч О.*******д холбогдох “3,678,446.68 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг  2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2024 оны 05 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад   

  

ТОДОРХОЙЛОХ  нь:

 

Нэхэмжлэгч “*************” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн О.******* нь манай компанитай 2022 оны 10-р сарын 06-ны өдөр Ш-БЗГ/2022-67198 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 3,120,900.00 /Гурван сая нэг зуун хорин мянга есөн зуун төгрөг/ төгрөгийг сарын 2.79%-ийн хүүтэйгээр, 12 сарын хугацаатайгаар зурагт, бичил долгионы зуух худалдан авах зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч О.******* нь манай байгууллагаас олгосон зээлийн гэрээний Panasonic ТН-65НХ 750ВТ, Samsung ME88SUT/BW загварын зурагт, бичил долгионы зуух "Пи Си Молл" ХХК-аас худалдан авсан бөгөөд барьцаат зээлийн гэрээнд заасан ёсоор хуваарьт төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн билээ.

Зээлдэгч О.******* нь Ш-БЗГ/2022-67198 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж зээл авснаас хойш 2024 оны 04-р сарын 12-ны байдлаар эргэн төлөлтийн хуваарийн дагуу 4,890,446.68 /Дөрвөн сая найман зуун ерэн мянга дөрвөн зуун дөчин зургаан төгрөг жаран найман мөнгө/ төгрөг төлөх байснаас 1,212,000.00 /Нэг сая хоёр зуун арван хоёр мянган төгрөг/ төгрөг төлж 3,678,446.68 /Гурван сая зургаан зуун далан найман мянга дөрвөн зуун дөчин зургаан төгрөг жаран найман мөнгө/ төгрөг төлөөгүй 514 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.

Барьцаат зээлиин гэрээнии 7.2-т заасны дагуу зээлдүүлэгч өөрийн санаачилгаар хугацаанаас нь өмнө зээлийн гэрээг цуцалж үндсэн зээл, зээлийн хүү, зардал, хохирол, хураамжийг төлөхийг зээлдэгчээс шаардана. Мөн тус гэрээний 7.2.4 дахь хэсэгт заасны дагуу зээлдэгч зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд төлөөгүй, үүнээс хойш 90 хоногийн хугацаа өнгөрсөн бол зээлийн гэрээг дуусгавар болгох, цуцлах бөгөөд зээлдэгч О.******* нь зээлийн гэрээний 5.2.1 дахь хэсэгт заасныг зөрчиж хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул барьцаат зээлийн гэрээг дангаар цуцлах эрхтэй.

Зээлдэгч О.******* нь Ш-БЗГ/2022-67198 тоот барьцаат зээлийн гэрээний дагуу төлөх ёстой зээлийн үлдэгдэл нь 2024 оны 04-р сарын 12-ны байдлаар үндсэн зээл 3,104,530.59 /гурван сая нэг зуун дөрвөн мянга таван зуун гучин төгрөг тавин есөн мөнгө/ төгрөг, зээлийн хүү 557,399.65 /Таван зуун тавин долоон мянга гурван зуун ерэн есөн төгрөг жаран таван мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16,516.44 /арван зургаан мянга таван зуун арван зургаан төгрөг дөчин дөрвөн мөнгө / төгрөг, нийт 3,678,446.68 /гурван сая зургаан зуун далан найман мянга дөрвөн зуун дөчин зургаан төгрөг жаран найман мөнгө/ төгрөгийн зээлийн өртэй болоод байна.

Иймд зээлдэгч О.******* зээлийн гэрээний үүрэгт нийт 3,678,446.68 /гурван сая зургаан зуун далан найман мянга дөрвөн зуун дөчин зургаан төгрөг жаран найман мөнгө/ төгрөгийн өр төлбөрийг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд төлсөн улсын тэмдэгтийн хураамж хамт "*************" ХХК-д гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч ..... аймгийн ... сумын ... дугаар баг ... тоотод оршин суух, ...... регистрийн дугаартай Б  овогт О-ын Л  шүүхэд гаргасан тайлбартаа: “...******* миний бие  2022 оны 10 сарын 06-нд  ШБЗГ/2022-67198 тоот барьцаат гэрээ байгуулан 3,120,900 төгрөг 2,97 хувийн хүүтэй зээлж, зурагт, бичил долгионы зуух авсан нь үнэн. Одоо 3,678,446 төгрөгийг 1 жилийн хугацаанд буюу 2024 оны 12 сарын 20-ны дотор барагдуулж өгнө. Төлж барагдуулахад маргах зүйлгүй” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “*************” ХХК нь хариуцагч О.*******д холбогдуулан 3,678,446.68 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Хариуцагч О.******* нь 3,678,446.68 төгрөгийг “*************” ХХК-д төлөх үүрэгтэй болох нь 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Ш-БЗГ/2022-67198 дугаартай барьцаат зээлийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга, нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 3,678,446.68 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно. 

 

Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 3,678,446.68 (гурван сая зургаан зуун далан найман мянга дөрвөн зуун дөчин зургаан бүхэл зууны жаран найм) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73,806 төгрөгийн тавин хувь 36,903 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 36,903 төгрөгийг, хариуцагч О.*******аас улсын тэмдэгтийн хураамж 36,903 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*************” ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар   зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “*************” ХХК-ийн нэхэмжилсэн 3,678,446.68 (гурван сая зургаан зуун далан найман мянга дөрвөн зуун дөчин зургаан бүхэл зууны жаран найм) төгрөгийг хариуцагч О.******* нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73,806 төгрөгийн тавин хувь 36,903 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 36,903 төгрөгийг, хариуцагч О.*******аас улсын тэмдэгтийн хураамж 36,903 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*************” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч О.******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                   

 

 

 

ШҮҮГЧ                       Р.БАТБАЯР