| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Отгон Аззаяа |
| Хэргийн индекс | 182/2024/0331/и |
| Дугаар | 182/ШШ2024/02205 |
| Огноо | 2024-05-17 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 182/ШШ2024/02205
| 2024 05 17 | 182/ШШ2024/02205 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Аззаяа даргалж, шүүгч Т.Золзаяа, Б.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Б.Э
Нэхэмжлэгч: /П.Б нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албанд холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 18,854,621 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******,
Иргэдийн төлөөлөгч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч *******, *******нар нь хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албанд холбогдуулан гэм хорын төлбөрт 18,854,621 төгрөг гаргуулах тухай гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Иргэн *******д аав *******нь 2022 онд Toyota Land Cruiser Prado маркийн 99-22 УБХ улсын дугаартай автомашиныг шинээр нь худалдаж авч өгсөн. Аав *******нь 2023 оны 02 дугаар сарын 04-ний өдөр дээрх автомашиныг жолоодон явж байхад Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо Цэцэг төвийн замд Toyota Prius маркийн 85-23 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Э.Ундрам ирж мөргөж, зам тээврийн осол гаргасан. Үүний улмаас иргэн *******гийн эд хөрөнгөд хохирол учирсан. Ийнхүү автомашинд учирсан эвдрэл хохирлыг Итгэлт эстимэйт ХХК-иар үнэлгээ хийлгэхэд 18,198,621 төгрөг гэж үнэлсэн. Харин *******нь Итгэл эстимэйт ХХК-д машины эвдрэл хохирлыг үнэлсэн үнэлгээний ажлын хөлсөнд 586,000 төгрөг, мөн “Таван богд” ХХК-иас эвдрэл гэмтэлтэй эд ангиудын үнэлгээ, үнийн санал авах хөлсөнд 70,000 төгрөгийг тус тус төлсөн. Иймээс П.Батдавааг хамтран нэхэмжлэгч гэж үзэж байна.
1.2. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2023/ДШМ3/235 дугаар магадлалаар Э.Ундрамд холбогдох зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд уг магадлалд зохицуулагч нь зохицуулдаг уулзварт замын хөдөлгөөнд оролцогчийн хэвийн, аюулгүй зорчих нөхцөлийг хангах зорилгоор замын хөдөлгөөнийг зохицуулах үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй гэж дүгнэсэн байна. Цагдаагийн зохицуулагч Ж.Энхтөрийн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас бусдад гэм хор учруулсан, уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд арилгахаар заасан байдаг.
1.3. Хавтаст хэрэгт 2022 оны 11 дүгээр сарын 30-ны Б/293 дугаар Цагдаагийн ерөнхий газар, Тээврийн цагдаагийн албаны даргын тушаалаар Тээврийн цагдаагийн албаны Замын хөдөлгөөний газрын замын хөдөлгөөний удирдлагын хэлтсийн цахим зөрчил, хөдөлгөөнт эргүүлийн тасгийн цагдаагаар Энхтөрийг томилсон тушаал нь байгаа. 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албатай хамтран ажиллах гэрээ байгуулж, 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын А/1131 дүгээр захирамжаар тухайн байгууллагын санхүүжилтийг шийдвэрлэсэн байдаг. Хуулийн этгээд гэдэг нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогддог. Иймд ажил олгогч нь Тээврийн цагдаагийн алба бөгөөд хариуцагчаар тодорхойлогдох эрх бүхий этгээд мөн гэж үзэж байна.
1.4. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т зааснаар түүний ажиллаж байгаа хуулийн этгээдээс нэхэмжилж байгаа. Иргэний хуулийн 498.5 дахь хэсэгт зааснаар тээврийн цагдаагийн алба төлөхгүй гэвэл гэм буруутай этгээдээс шаардах эрх нь нээлттэй байгаа. 498.2 дахь хэсэгт шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага нь өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж заасан байдаг. Иймд Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албанаас 18,854,621 төгрөгийг гаргуулж, *******д 18,198,621 төгрөг, П.Батдаваад 656,000 төгрөгийг тус тус олгож өгнө үү гэв.
2.Хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч нар Тээврийн цагдаагийн албанаас гэм хор учруулсан төлбөр болох 18,117,669 төгрөг нэхэмжилжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалтад хэргийн оролцогчид “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх.” үүрэгтэй байхаар заасан. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт заасны дагуу “хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана.”, Захиргааны ерөнхий хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Иргэний хуулийн 498.2-т заасны дагуу захиргааны байгууллагын гаргасан алдааны улмаас учруулсан хохирлыг төр хариуцна.” гэж тус тус заасан.
Мөн цагдаагийн алба хаагчийн үйл ажиллагааг нарийвчлан зохицуулсан Цагдаагийн албаны тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт “Цагдаагийн алба хаагч албан үүргээ хуульд нийцүүлэн гүйцэтгэснээс үүссэн хохирлыг хариуцахгүй.”, 85.4 дэх хэсэгт “Цагдаагийн алба хаагчийн албан үүргээ хуульд нийцүүлэн гүйцэтгэснээс учирсан хохирлыг төр хариуцна” гэж тус тус зохицуулсан.
Нэхэмжлэгч нар Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт “төр хариуцна” гэж үзэж байгаа бол дараах үндэслэлээр хариуцагчийг буруу тодорхойлсон гэж үзэх үндэслэлтэй байна.
1. Төр гэж “Нийтлэг ерөнхий ойлголт нь нийгмийн нийтлэг эрх ашгийн хамгаалах, нийтлэг үйлчлэх хууль, шийдвэрийг гаргах, албадлага, хүч хэрэглэх онцгой эрх бүхий тодорхой хил зааг, хэл түүх зэргээр нэгдмэл бүлэг хүмүүс буюу улс нийгмийн удирдах тогтолцоо гэж тодорхойлсон байна. Мөн төр нь улс орны ирээдүйд оршин тогтнох, аюулгүй хүчирхэг байдлыг хангахын тулд ирээдүйг тооцоолон төлөвлөгөөг гаргаж хөгжих удирдах зохион байгуулалтыг гүйцэтгэх үүрэгтэй хууль тогтоох дээд институт юм”.
2. Харин нэхэмжлэгчийн дурдсанаар хариуцагчаар татагдаж байгаа Тээврийн цагдаагийн алба нь дээрх институтийн гаргаж байгаа чиг үүргийг хэрэгжүүлж буй агентлаг болно. Институт гэдэг тодорхой үүрэг, зорилго, сонирхол дээр нэгдсэн, тасралтгүй хөгжих, үйл ажиллагаа нь дотоод дүрэм, журмаар зохицуулагддаг байгууллага гэж тодорхойлсон байна.
3. Агентлаг гэж “Засгийн газрын үйл ажиллагааны зохих салбар бөгөөд хүрээний бодлогыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий тохируулагч захиргааны байгуулга” Засгийн газрын эрх зүйн байдлын тухай хуульд заасан байна.
4. Агентлаг нь хэтийн болон дунд хугацааны стратегийн төлөвлөгөө, үндсэн чиглэл, төсвийн төсөл хуульд заасан нөхцөл, үндэслэлээр хугацаанд нь боловсруулж, төсвийн ерөнхий захирагчид оруулах саналыг оруулдаг байгуулга болно.
5. Агентлагийг Засгийн газрын тухай хуульд заасны дагуу томилогдсон дарга тэргүүлнэ гэж хуульчилсан байна.
Төрийн албан хаагч үүргээ зөрчсөнөөс үүссэн гэм хорыг төр хариуцаж арилгахыг хуулиар тусгайлан тогтоосон шаардах эрхийн үндэслэл нь тухайн этгээд зөвхөн төрийн нэрийн өмнөөс төрийн ажил, албан тушаалын ангилалд заасан ажил үүргийг гүйцэтгэж байсан нөхцөлд л хамаардаг байна. Энэ тохиолдолд гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэдэг нь тухайн алба хаагчийн учруулсан хохирлыг түүнийг ажиллуулж байгаа төсвийн төрийн өмчийн аж ахуйн нэгж ахуйн байгууллагаас мөн засгийн газрын нөөц сангаас гаргуулахаар Монгол Улсын Иргэний хуулийн тайлбарт дурджээ.
Дээрх үндэслэлээс харахад “төр гэдэг” нь Монгол Улсын Засгийн газар бөгөөд Тээврийн цагдаагийн алба нь засгийн газраас гаргаж байгаа бодлого шийдвэрийг хэрэгжүүлдэг байгууллага юм. Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны А/392 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Цагдаагийн ерөнхий газрын бүтцэд Тээврийн цагдаагийн алба багтдаг, Цагдаагийн ерөнхий газар нь Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны бүтцэд тус тус харьяалагддаг бөгөөд Хууль зүйн яам нь өөрөө Монгол Улсын Засгийн газрын нэг бүрэлдэхүүн буюу төрийн эрх бүхий шийдвэр гаргадаг байгууллага.
Дээрх бүхнээс үзэхэд Тээврийн цагдаагийн алба нь төр биш Төрийн эрх бүхий байгууллагаас гаргасан эрх зүйн баримт бичгийг хэрэгжүүлэгч төрийн удирдлага доор үйл ажиллагаа явуулдаг нэгж бөгөөд нэхэмжлэгчийн гаргаж байгаа энэхүү хариуцагч биш гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Иргэдийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Албан хаагчийг томилсон хуулийн этгээд буюу төр хариуцна гэсэн нь Тээврийн цагдаагийн алба гэж үзэж байгаа тул зардлыг гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна гэв.
4. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргасан. Үүнд:
- Улсын тэмдэгтийн хураамж төлсөн талаарх баримт /хх-2/
- Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-4-5/
- Эрх бүхий албан тушаалтны 2023.02.10-ны өдрийн 2311000310 дугаар Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол /хх -6/
- Эрх бүхий албан тушаалтны Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /хх-7-8/
- Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хх 9-11/
- Хохирогчоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /хх 12-13/
- Гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 14-15/
- Техникийн шинжээчийн 2023.02.13-ны өдрийн 02/08 дугаар дүгнэлт /хх 16-17/
- Цагаан шонхорын жигүүр НҮТББ Замын Хөдөлгөөний Аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн 2023.03.16-ны өдрийн 23/25 дугаар Шинжээчийн дүгнэлт /хх 18-20/
- 8523 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх 21/
- Э.Ундрамын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх 22/
- Итгэлт-Эстимэйт ХХК-д төлбөр төлсөн баримт /хх 23/
- Итгэлт-Эстимэйт ХХК-ийн 2023.02.07-ны өдрийн Автомашин техникийн эвдрэл хохирлын үнэлгээний тайлан /хх 24-29/
- 9922 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх 29/
- Эрх бүхий албан тушаалтны 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 0009728 дугаар Шийтгэлийн хуудас /хх 30/
- Эрх бүхий албан тушаалтны хариу мэдэгдэх хуудас /хх 31/
- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023.04.20-ны өдрийн 1/464 дүгээр албан бичиг /хх 32/
- Холбогдогчоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /хх 33/
- Таван Богд ХХК-д төлбөр төлсөн баримт /хх 34/
- Таван Богд ХХК-ийн нэхэмжлэх /үнийн санал /хх 35/
- Ж.Энхтөрийн ажлын үнэмлэхийн хуулбар /хх 100/.
5. Хариуцагчаар оролцож байсан Э.Ундрам дараах нотлох баримтыг шүүхэд гаргасан. Үүнд:
- Хариу тайлбар /хх 58-59/
- Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2023/ДШМЗ/235 дугаар магадлал /хх 60-67/.
6. Хариуцагчаар оролцож байсан Цагдаагийн газраас дараах нотлох баримтыг шүүхэд гаргасан. Үүнд:
- Итгэмжлэл /76-77/
- Хариу тайлбар /82-83/
- Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2023.11.10-ны өдрийн А/325 дугаар Байгууллагыг төлөөлөх эрх шилжүүлэх тухай тушаал /хх 101/
- Цагдаагийн ерөнхий газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 102/
- Хамтран ажиллах гэрээ /хх 103/
- Нийслэлийн Засаг даргын 2023.09.25-ны өдрийн А/1131 дугаар Санхүүжилтийн тухай захирамж /хх 104-109/.
7. Хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албанаас нотлох баримтыг шүүхэд гаргасан. Үүнд:
- Итгэмжлэл /хх 147, 165/
- Хариу тайлбар /170-171/.
8. Тус шүүхийн 2024.02.02-ны өдрийн 182/ШТ2024/00045 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар Цагдаагийн Ерөнхий газраас Тээврийн цагдаагийн албаны Замын Цагдаагийн Газрын Нийслэлийн Замын Хөдөлгөөн Зохицуулах Хэлтсийн цагдаа зохицуулагч Ж.Энхтөрийг ажилд томилсон тушаал, хөдөлмөр эрхлэлтийн талаар түүнтэй байгуулсан гэрээ, ажиллуулж байгаа хуулийн этгээдийн талаах баримтыг гаргуулахаар шийдвэрлэсний дагуу Цагдаагийн Ерөнхий газраас дараах нотлох баримтыг ирүүлсэн. Үүнд:
- Цагдаагийн Ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албаны даргын 2022.11.30-ны өдрийн Б/293 дугаар Цагдаагийн ахлагч Ж.Энхтөрийг ажлаас чөлөөлж, томилох тухай тушаал /хх 126/
- Цагдаагийн Ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албаны хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 127-128/
- Тээврийн цагдаагийн албаны замын цагдаагийн газрын Нийслэлийн замын хөдөлгөөн зохицуулах хэлтэс /гэрээт/-ийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч Жаргалсайханы Энхтөрийн 2022 оны ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх үнэлгээний хуудас /хх 129-131/
- Тээврийн цагдаагийн албаны замын цагдаагийн газрын Нийслэлийн замын хөдөлгөөн зохицуулах хэлтэс /гэрээт/-ийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч Жаргалсайханы Энхтөрийн 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө /хх 132-134/
- Тээврийн цагдаагийн албаны замын цагдаагийн газрын Нийслэлийн замын хөдөлгөөн зохицуулах хэлтэс /гэрээт/-ийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч Жаргалсайханы Энхтөрийн 2023 оны ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх үнэлгээний хуудас /хх 135-137/
- Албан тушаалын тодорхойлолт /хх 138-141/.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын гаргасан тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч *******, *******нар нь анх хариуцагчаар Э.Ундрамыг татаж нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Ундрамыг Цагдаагийн Ерөнхий Газраар, Цагдаагийн Ерөнхий Газрыг Цагдаагийн Ерөнхий газрын Тээврийн Цагдаагийн Албаар тус тус сольсон.
Нэхэмжлэгч нар нь хариуцагч Цагдаагийн Ерөнхий газрын Тээврийн Цагдаагийн Албанд холбогдуулж, 18,854,621 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4-т зааснаар учруулсан хохирлыг арилгуулахыг хүсчээ.
Шүүх, хэрэгт авагдсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2023/ДШМ3/235 дугаар магадлалаар зохицуулагч нь зохицуулдаг уулзварт замын хөдөлгөөнд оролцогчийн хэвийн, аюулгүй зорчих нөхцөлийг хангах зорилгоор замын хөдөлгөөнийг зохицуулах үүргээ цагдаагийн зохицуулагч Ж.Энхтөр зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас бидний эд хөрөнгөнд гэм хор учруулсан, уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд арилгахаар заасан учир Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албанаас 18,854,621 төгрөгийг шаардах эрхтэй гэж тодорхойлсон.
3. Хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн алба нь манай алба нь төр биш Төрийн эрх бүхий байгууллагаас гаргасан эрх зүйн баримт бичгийг хэрэгжүүлэгч төрийн удирдлага доор үйл ажиллагаа явуулдаг нэгж бөгөөд нэхэмжлэгчийн гаргаж байгаа энэхүү хариуцагч биш. Засгийн газар төр бөгөөд Засгийн газрын нөөц хөрөнгөөс нэхэмжлэлийн шаардлагыг гаргуулах ёстой гэж маргаж байна.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1. Э.Ундрам нь “Тоёота приус 41” маркийн 85-23 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа 2023 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 14 цаг 30 минутад Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Цэцэг төвийн уулзварт “Тоёота Прадо” маркийн 99-22 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасан байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2023/ДШМЗ/235 дугаар магадлалаар “… цагдаагийн зохицуулагч Ж.Энхтөр нь зөрчилд холбогдогч Э.Ундрамын ирж байгаа урсгалын чигтээ буюу баруун хойшоо харж, дохиураа гаднаасаа дотогшоо чиглэлтэй хоёр удаа эргүүлж, Э.Ундрамын явж байгаа эгнээг уулзварт нэвтрэхийг зөвшөөрч байгаа нь тодорхой тусгагджээ.
Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэмийн зорилго нь Монгол Улсын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний нэгдсэн журам тогтооход орших бөгөөд замын хөдөлгөөнтэй бусад хэм хэмжээний актууд нь энэ дүрмийн шаардлагууд дээр үндэслэгдсэн, түүнтэй зөрчилдөхгүй байвал зохино гэжээ.
Гэрэл буюу зохицуулагчийн дохиогоор хөдөлгөөний дараалал тогтоож байгаа уулзварыг зохицуулдаг уулзвар гэнэ. Гэрлэн дохио байхгүй буюу ажиллаагүй, эсхүл анивчсан шар гэрлийн горимд ажиллаж байгаа, мөн зохицуулагч хөдөлгөөн зохицуулаагүй уулзварыг зохицуулдаггүй уулзварт тооцно. Замын хөдөлгөөнийг гэрэл буюу зохицуулагчийн дохиогоор зохицуулна. Замын хөдөлгөөнд оролцогч нь өөрийн явж байгаа чигийн өөдөөс хандан байрласан замын гэрлэн дохио буюу замын тухайн хэсэгт хөдөлгөөн зохицуулж байгаа зохицуулагчийн дохиог дагаж мөрдөх үүрэгтэй.
Зохицуулагчийн дохиогоор хөдөлгөөн зохицуулж байгаа газарт гэрэл дохио болон дарааллын тэмдгийн заалтыг, гэрлэн дохиогоор зохицуулж байгаа бол дарааллын тэмдгийн заалтыг мөрдөх шаардлагагүй юм.
Зохицуулагчийн ойлгогдохуйц дохио нь замын гэрлэн дохио, тэмдэг, тэмдэглэл болон энэ дүрмийн бусад заалттай зөрчилдөж байвал хөдөлгөөнд оролцогчид зохицуулагчийн дохиог удирдлага болгоно ... зохицуулагч нь зохицуулдаг уулзварт замын хөдөлгөөнд оролцогчийн хэвийн, аюулгүй зорчих нөхцөлийг хангах зорилгоор замын хөдөлгөөнийг зохицуулах үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байх тул 0009728 дугаартай шийтгэлийн хуудас, 2023 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 2023/ЗШ/851 дүгээр шийтгэврийг тус тус хүчингүй болголоо …” гэж зам тээврийн осол хэний гэм буруутай үйлдлийн улмаас гарсан талаарх үйл баримтыг тогтоож, дүгнэлтийг хийсэн, энэхүү магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Өөрөөр хэлбэл цагдаагийн зохицуулагч Ж.Энхтөр зохицуулдаг уулзварт замын хөдөлгөөнд оролцогчийн хэвийн, аюулгүй зорчих нөхцөлийг хангах зорилгоор замын хөдөлгөөнийг зохицуулах үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй улмаар зам тээврийн осол гарсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан тул дээрх шүүхийн магадлалаар тогтоогдсон үйл баримтыг шүүх дахин нотлохгүй юм.
4.2. Нэхэмжлэгч ******* нь “Тоёота Прадо” маркийн 99-22 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч болох нь хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараар, нэхэмжлэгч *******нь зам тээврийн осол гарах үед тус тээврийн хэрэгслийг жолоодож явсан, зөрчлийн хэрэгт хохирогчоор тогтоогдсон болох нь хэрэгт авагдсан зөрчлийг шалган шийдвэрлэсэн баримтуудаар тус тус тогтоогдож байх тул *******, *******нар нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
Түүнчлэн Цагдаагийн Ерөнхий газрын Тээврийн Цагдаагийн Албаны даргын 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/293 дугаар Цагдаагийн ахлагч Ж.Энхтөрийг ажлаас чөлөөлж, томилох тухай тушаалаар түүнийг 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс тус албаны Замын цагдаагийн газрын Замын хөдөлгөөний удирдлагын хэлтсийн Цахим зөрчил, хөдөлгөөнт эргүүлийн тасаг /гэрээт/-ийн цагдаа зохицуулагчийн албан тушаалд томилсон, зам тээврийн осол гарах үед Ж.Энхтөр нь биет зохицуулалтыг хийж байсан болох нь тогтоогдож байх тул Цагдаагийн Ерөнхий газрын Тээврийн Цагдаагийн Албыг хариуцагчаар татсан нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт заасантай нийцэж байна.
4.4. Мөн Цагдаагийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Цагдаагийн алба нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх төрийн тусгай алба мөн” гэж зааснаар Цагдаагийн Ерөнхий Газрын Тээврийн цагдаагийн алба нь төрийн байгууллага бөгөөд,
мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д “Цагдаагийн алба хаагч нь Төрийн албаны тухай хуульд заасан нийтлэг эрх, үүргийг хэрэгжүүлнэ”, Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.6-д “зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, онцгой байдал, тагнуул, төрийн тусгай хамгаалалт, цагдаа, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын болон шүүх шинжилгээний байгууллагын офицер, ахлагч, шүүхийн шийдвэр гүйцэтгэгч, гаалийн байцаагч, шүүх шинжилгээний байгууллагын шинжээч, мэргэжилтэн, гадаадын иргэн, харьяатын байгууллагын ажилтан;” гэж тус тус заасны дагуу Ж.Энхтөр нь төрийн тусгай албан хаагчид хамаарч байна.
Иймд хариуцагчийн Тээврийн цагдаагийн алба төр биш Засгийн газар төр бөгөөд Засгийн газрын нөөц хөрөнгөөс нэхэмжлэлийн шаардлагыг гаргуулах ёстой гэх тайлбар үндэслэлгүй байна.
5. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана”,
510 дугаар зүйлийн 510.1-д “510.1.Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус заасан.
Хуулийн дээрх зохицуулалтаар төрийн албан хаагчийн бусдад учруулсан гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцах бөгөөд гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнөх байдалд нь сэргээх, эд хөрөнгөд учруулсан бодит хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар шаардлагаа нотлохоор нэхэмжлэгч нар нь Итгэлт-Эстимэйт ХХК-ийн 2023.02.07-ны өдрийн №77635 дугаар Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан-г шүүхэд ирүүлсэн ба энэ тайланд шууд зардлын дүн 11,869,121 төгрөг, шууд бус зардал 4,826,900 төгрөг, нийт үнэлгээгээр тогтоогдсон дүн 18,198,621 төгрөг гэсэн байна. /хх 24/
Түүнчлэн тус үнэлгээг тогтоолгох ажлын хөлсөнд 586,000 төгрөгийг Итгэлт-Эстимэйд ХХК-д, Таван богд ХХК-иас үнийн санал авахад 70,000 төгрөгийг төлсөн талаарх баримтыг шүүхэд гаргасан байна. /хх 23, 54/
Хариуцагч нь нэхэмжлэлийн үнийн дүн, гэм буруугийн асуудалд маргаагүй, татгалзлаа нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй.
Мөн Иргэдийн төлөөлөгч ******* нь хариуцагчаас тухайн зардлыг гаргуулах нь зүйтэй гэх дүгнэлт гаргасныг шийдвэр гаргахдаа харгалзан үзлээ.
Иймд хариуцагч Цагдаагийн Ерөнхий Газрын Тээврийн цагдаагийн албанаас 18,854,621 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д 18,198,621 төгрөг, нэхэмжлэгч П.Батдаваад 656,000 төгрөгийг олгохоор шийдвэрлэв.
6. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Цагдаагийн Ерөнхий Газрын Тээврийн цагдаагийн албанаас улсын тэмдэгтийн хураамжид 252,300 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасныг удирлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Цагдаагийн Ерөнхий Газрын Тээврийн цагдаагийн албанаас 18,854,621 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д 18,198,621 төгрөг, нэхэмжлэгч П.Батдаваад 656,000 төгрөгийг тус тус олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Цагдаагийн Ерөнхий Газрын Тээврийн цагдаагийн албанаас улсын тэмдэгтийн хураамжид 252,300 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.АЗЗАЯА
ШҮҮГЧИД Т.ЗОЛЗАЯА
Б.ЦОЛМОН