Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 2022/ДШМ/11

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 03 сарын 02-ны өдөр                          2022/ДШМ/11                          Хэрлэн сум

 

Д.О-, О.Б-,

Б.Б- нарт холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

226/2022/0011

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Алтаннавч даргалж, шүүгч Б.Дэнсмаа, Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд нээлттэйгээр,

Прокурор Ж.Батбаатар /цахимаар/,

Шүүгдэгч Д.О-, түүний өмгөөлөгч Г.Бадамгэрэл /цахимаар/,

Шүүгдэгч О.Б-, түүний өмгөөлөгч Л.Наранчимэг /цахимаар/,

Шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч С.Нарангэрэл /цахимаар/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Довчинсүрэн нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2021/ШЦТ/258 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Б-, түүний өмгөөлөгч Л.Наранчимэг, шүүгдэгч Д.О- нарын гаргасан давж заалдах гомдлоор Д.О-, О.Б-, Б.Б- нарт холбогдох эрүүгийн 1939000470160 дугаартай 7 хавтас 1078 хуудас бүхий хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Д.О- нь тариалангийн талбайгаас 2018 оны 12 дугаар сарын үеэр Ш.Б-ийн хамар цагаан хээр гүү, халтар гүү зэрэг 2 тооны адууг хулгайлж, 2.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Д.О-, О.Б- нар нь бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын үеэр тариалангийн талбайгаас Я.Э-ын хонгор азаргатай адуунаас хонгор халзан зүсмийн 1 тооны адууг хулгайлж, 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2019 оны 01 дүгээр сарын үеэр тариалангийн талбайгаас Ш.Х-ын хээр алаг морь, цавьдар үрээ, хул алаг зүсмийн 3 тооны адууг хулгайлж, 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2019 оны 01 дүгээр сарын үеэр тариалангийн талбайгаас Д.Г-ын хул зүсмийн 1 тооны адууг хулгайлж, 800.000 төгрөгийн хохирол учруулсан

 - 2019 оны 01 дүгээр сарын 11-12-ны өдрийн хооронд “Ч” гэх газраас Д.Г-ын 4 тооны адууг, Х.Н-ын 4 тооны адууг тус тус хулгайлж нийт  7.650.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2019 оны 02 дугаар сарын үеэр тариалангийн талбайгаас Ш.Х- хонгор азаргатай адуунаас халтар зүсмийн 1 тооны адууг хулгайлж, 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2019 оны 04 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө “Х” гэх газраас Э.Г-ын 4 тооны адууг хулгайлж, 3.700.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Д.О-, О.Б-, Б.Б- нар нь бүлэглэн 2019 оны 02 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө “Д” гэх газраас З.М-ын хар зүсмийн 1 тооны үхрийг хулгайлж, 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2019 оны 03 дугаар сарын 03-09-ний өдрийн хороонд “Д” гэх газраас Г.Ж-ын 5 тооны адууг хулгайлж, 5.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Д.О-, О.Б-, Ганхуяг нар нь бүлэглэн Хэнтий аймгийн “Г” гэх газраас 2019 оны 01 дүгээр сарын 15-16-ны өдрийн хооронд Ш.Д-ын 11 тооны адууг, Х.Н-ын 1 тооны адууг тус тус хулгайлж, нийт 10.300.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Б- нь шүүгдэгч Д.О-, О.Б- нарын 2018 оны 12 дугаар сараас 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд мал хулгайлах гэмт хэргийн улмаас олсон мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж байнга тогтвортой эзэмшсэн, ашигласан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Баянжаргалаас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: О, Б нарыг мал хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3  дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан, Б-г  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Д.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3  дахь хэсгийн 3.1 дэх  заалтад зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч О.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3  дахь хэсгийн 3.1 дэх  заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6  сарын хугацаагаар Хэнтий аймгийн Хэрлэн сумын Чингис хотын төвөөс гарч явахгүй байх үүрэг хүлээлгэж зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар Хэнтий аймгийн Хэрлэн сумын Чингис хотын төвөөс гарч явахгүй байх үүрэг хүлээлгэж зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нийт эдлэх ялын хэмжээг 1 жил 6 сарын хугацаагаар Хэнтий аймгийн Хэрлэн сумын Чингис хотын төвөөс гарч явахгүй байх үүрэг хүлээлгэж зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол  зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-т оногдуулсан 7 жилийн хорих, шүүгдэгч О.Б-д  оногдуулсан 5 жилийн хорих ялуудыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.10 дугаар зүйлийн 1, 2, дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-ын цагдан хоригдсон 124 хоног, шүүгдэгч О.Б-н  цагдан хоригдсон 304 хоног, шүүгдэгч Б.Б-гийн цагдан хоригдсон 27 хоногийг тэдний эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-аас 2.200.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ш.Б-т, 2.225.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Г-т, 2.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Х.Н-т, 1.500.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ш.Х-т, 500.000 төгрөгийг гаргуулж хохирогч Я.Э-од, 4.300.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ш.Д-т, 1.250.000 төгрөгийг гаргуулж хохирогч Х.Н-ад, 1.850.000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Г-од, шүүгдэгч О.Б-эс 2.225.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Г-т, 2.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Х.Н-т, 1.500.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ш.Х-т, 500.000 төгрөгийг гаргуулж хохирогч Я.Э-од, 4.300.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ш.Д-т, 1.250.000 төгрөгийг гаргуулж хохирогч Х.Н-ад, 1.850.000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Г-од тус тус олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ буюу шүүгдэгч Д.О-аас 1.900.000 төгрөг, шүүгдэгч О.Б-эс 1.900.000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.8, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 40-53 ХЭЗ улсын дугаартай  мотоциклын гэрчилгээг иргэний нэхэмжлэгч Ц.Д-д буцаан олгож, эд хөрөнгө битүүмжлэгдсэн Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбасүрэнгийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 30 дугаартай тогтоол, 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 28 дугаартай тогтоолуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгохоор тус тус заан шийдвэрлэжээ.  

Шүүгдэгч О.Б- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа: Хэнтий аймгийн прокурорын газраас намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд анхан шатны шүүхээс дээрх зүйл ангид заасан гэм буруутайд тооцож гэмт хэргийн улмаас хохирогч Д.Г-т 4 тооны адууны үнэ 4.450.000, Х.Н-т 4 тооны адууны үнэ 4.000.000, Г.Ж-т 5 тооны адууны үнэ 5.200.000, Ш.Х-т 3 тооны адууны үнэ 3.000.000, З.М-ад 1 тооны үхрийн үнэ 1.100.000, Я.Э-од 1 тооны адууны үнэ 1.000.000, Ш.Х-т 1 тооны адууны үнэ 1.000.000, Х.Н-д1 тооны адууны үнэ 2.500.000, Ш.Д-т 11 тооны адууны үнэ 10.300.000, Э.Г-од 4 тооны адууны үнэ 3.700.000 төгрөгийн хохирол төлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Хохирогч нарт учруулсан хохирлыг Д.О- бид хоёроос тэнцүү гаргуулж 5 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж олсон орлогоос миний бие өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьдралын хэрэгцээ шаардлага болон амьжиргааг залгуулж тогтвортой ашиглаж байгаагүй, нэг ч төгрөгийг өөрийн хэрэгцээндээ зарцуулаагүй, мөн мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд нийт 4 сарын хугацаанд буюу богино хугацаанд үйлдэгдсэн байхад мал хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж үзэж хэргийг шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үед би Д.О-ын аав Ц.Д-н малыг маллаж байсан тул Д.О- надад цалин гэж 500.000 төгрөг өгсөн.

Миний бие бага наснаасаа өнчирч хоцорсон өөрийн гэсэн гэр орон байхгүй, эгч нарынхаараа амьдардаг. Миний эгч нар мөн л амьдралын боломж муу айлын мал маллаж амьдралаа залгуулдаг, надад тус дэм болох хүн байхгүй тул 13.625.000 төгрөгийн хохирлыг төлөх боломжгүй байна.

Хулгайлсан малаа Б.Б-, Д.О- нар борлуулж мөнгийг нь өөрсдийн хэрэгцээндээ зарцуулдаг байсан. Шүүгдэгч Б.Б- нь 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд мал хулгайлах гэмт хэргийн улмаас олсон мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж ашиг орлогыг амьдрал ахуйдаа тогтвортой ашигласан тул хохирогч нарт учруулсан хохирол төлбөрөөс төлөлцөх ёстой гэж үзэж байна.

 Шүүгдэгч Б.Б- нь өөрийн нөхөр Д.О-ыг өөрийн гэсэн мал байхгүй гэдгийг сайн мэддэг байсан бөгөөд мал хулгайлахаар явж байгаа талаараа Д.О- нь эхнэр Б.Б-д хэлдэг байсан, мөн 2019 оны 04 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө Э.Г-ын 3 тооны адууг ажиллахад Б.Б- хамжилцсан бөгөөд адуунуудыг цусалж өгч тэр шөнөдөө Б.Б-, Д.О- нар нь жижиг машинаар арьс, толгойг нь хөдөө аваачиж хаясан, мөн 2019 оны 01 дүгээр сарын үеэр Ш.Х-ын 3 тооны адуу болох хээр алаг морь, цавьдар үрээ, хул алаг зүсмийн морийг ажиллахад Б.Б- нь мөн хамжиж цусалж өгч тэр оройдоо арьс, толгойг нь Б.Б- нөхөр Д.О-ын хамтаар хөдөө аваачиж хаясан. Б.Б- нь дээрх хулгайн үйлдэлд хамжигчийн үүрэгтэйгээр оролцсон, мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж байгааг мэдэж байсан, гэмт хэрэг үйлдэхэд үг үйлдлээрээ санаатай нэгдэж дэмжлэг үзүүлж байсан.  

Миний бие энэ талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэдүүлгүүдийг тогтвортой өгч байсан бөгөөд мэдүүлгүүд нэгдүгээр хавтаст хэргийн 237-238, 119-120 хуудаснуудад байгаа, мөн Д.О- нь Э.Г-ын 3 тооны адууг ажиллахад эхнэр Б.Б-г оролцсон талаар мэдүүлэг өгсөн байдаг /5хх 156-157х/.  Шүүгдэгч Б.Б-гийн дээрх 2 удаагийн хулгайн үйлдлийг дахин шалгуулах хүсэлттэй байна. Б.Б- нь 4 удаагийн мал хулгайлах гэмт хэрэгт Д.О- болон надтай хамт хамжигчаар оролцсон, мөн мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг бүгдийг нь авч өөрөө хэрэглэсэн атлаа 2 удаагийн хулгайн үйлдлээс мултарч үлдэж хохирол төлбөр төлөлцөхгүй үлдэж байгаад маш их гомдолтой байна.

Миний бие Б.Б-г бага насны хүүхэдтэй, жирэмсэн эмэгтэй болохоор нь өрөвдөж хайрлаж байсан. Гэхдээ Б.Б- нь өөрийн хэрэгцээнд зарцуулсан хохирол төлбөрөөс төлөлцөхгүй намайг их хэмжээний хохиролд унагаж 5 жилийн хорих ялыг биечлэн эдлэх байдалд хүргэж хүн чанар гаргахгүй байна.  Иймд болсон асуудлыг үнэн зөвөөр нь шалгуулахыг хүсч байна. Мөн шүүх хуралдаан болох гэж байхад хурлын зааланд Б.Б-гийн өмгөөлөгч “Б ээ чи битгий олон юм яриад жирэмсэн эмэгтэйг чирээд байгаарай” гэж надад дарамт шахалт үзүүлж байсан.

Д.О- нь мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг өөрөө авч байсан тул түүнд хохирогч нарын хохирлыг төлөх мөнгө байгаа, иймд  өөрт оногдсон хохирлыг төлж барагдуулаад 3 жил гаруй ял эдлээд гарна. Харин би мал хулгайлах гэмт хэргийн орлогоос нэг ч төгрөг хэрэглээгүй атлаа 5 жилийн хорих ялыг биечлэн эдэлнэ гэхэд надад үнэхээр хүнд санагдаж байна.

Хохирогч Д.Г-, Х.Н-, Ш.Х-, Я.Э-, Ш.Д-, Х.Н-, Э.Г- нарт учруулсан хохирол төлбөрийг шүүгдэгч “Д.О- нь бүрэн төлж барагдуулна, татгалзах зүйлгүй” гэсэн хүсэлтийг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргасан боловч шүүхээс хохирогч нарт учруулсан хохирлыг шүүгдэгч О.Б-, Д.О- нараас тэнцүү гаргуулж шийдвэрлэсэн.

О.Б- миний бие 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд нийт 8 удаагийн үйлдлээр буюу шүүгдэгч Д.О- 6, Б.Б- 2 удаагийн үйлдлээр хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан онц хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр зүйлчилж эрүүгийн хариуцлага оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд миний гэм буруутай үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж хөнгөрүүлж өгнө үү. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж өгнө үү.

Хэрэв шүүхээс хохирогч нарт учруулсан хохирол төлбөрийг шүүгдэгч О.Б-, Д.О- нар нь хувааж төлөх үндэслэлтэй байна гэж үзвэл шүүгдэгч Б.Б-гаас ч гэсэн тэнцүү хувааж гаргуулж өгнө үү” гэв.

Шүүгдэгч О.Б-н өмгөөлөгч Л.Наранчимэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа: Анхан шатны шүүхээс О.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Мал хулгайлах гэмт хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд нийт 4 сарын хугацаанд үйлдсэн буюу мал хулгайлах гэмт хэргийг үйлдэж олсон ашиг орлогоос миний үйлчлүүлэгч өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж, эсхүл бусад үйлдвэрлэл худалдаа үйлчилгээ зэрэг ашиг олох зорилготой үйл ажиллагааныхаа үндсэн хэрэгсэл, эх үүсвэр болгосон нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Нөгөөтээгүүр 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн давтангийн төрөлд “удаа дараа, давтан, байнга” гэсэн ойлголтуудыг хуульчлаагүй атлаа тус хуулийн тусгай ангийн зарим зүйл ангийн онц хүндрүүлэх бүрэлдэхүүнд жишээ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгох” гэсэн шинжийг заасан нь Эрүүгийн хуулийг зөв ойлгон хэрэглэхэд хүндрэл үүсгэж байгаагаас гадна хуулийг нэг мөр ойлгох, зөв хэрэглэх тал дээр дээд шүүхээс албан ёсны тайлбар хийгдээгүй нь хуулийг зөв ойлгон хэрэглэхэд эргэлзээ үүсгэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “хуулийг тайлбарлан хэрэглэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэнэ” гэж заасан байх тул миний үйлчлүүлэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хөнгөрүүлэн өөрчилж эрүүгийн хариуцлага оногдуулж өгнө үү.

Шүүгдэгч Д.О- нь хохирогч Д.Г-, Х.Н-, Ш.Х-, Я.Э-, Ш.Д-, Х.Н-, Э.Г- нарт учруулсан хохирол төлбөрийг “би бүрэн төлж барагдуулна, мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж олсон ашиг орлогыг би өөрөө хэрэглэсэн тул бусдад учруулсан хохирлоо төлөхөд татгалзах зүйлгүй” гэсэн хүсэлтийг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргасан. Иймд гэмт хэрэгт оролцсон оролцоог нь харгалзан шүүгдэгч Д.О-аас гаргуулж өгнө үү.

Хэрэв шүүхээс хохирогч нарт учруулсан хохирол төлбөрийг шүүгдэгч нараас тэнцүү хувааж гаргуулах нь зүйтэй гэж үзвэл шүүгдэгч Б.Б-, Д.О-, О.Б- нараас тэнцүү хувааж гаргуулж шийдвэрлэх нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан “хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй оролцоно” гэсэн заалт, Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна” гэв.

Шүүгдэгч Д.О- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд тайлбартаа: “Миний бие Д.Г- Х.Н- нарын тооны адуу биш 5 тооны адууг хулгайлсан, Э.Г-ын 4 тооны адууг бус 3 тооны адууг хулгайлсан нь үнэн. Үүнийгээ ч анхнаасаа мэдүүлсэн, гэрч нар ч гэрчилдэг. Мөн шийтгэх тогтоолд Ш.Д-ын хохирлыг буруу тооцсон байна. 2 адууг амьдаар нь хүлээлгэж өгсөн, үлдэгдэл 6.200.000 төгрөгийг хоёр хуваахад 3.100.000 төгрөг болохыг 4.300.000 төгрөг гэж бичсэн байна. Миний бие өөрийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшиж байна. Би цаашид хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулна. Миний ар гэрийн нөхцөл байдал болон биеийн эрүүл мэндийн байдал зэргийн харгалзан үзэж надад оногдуулсан зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү. Би цаашид дахин гэмт хэрэг үйлдэхгүй байж чадна. Иймд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэв.  

Шүүгдэгч Д.О-ын өмгөөлөгч Г.Бадамгэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Д.О- нь мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхлэн малын хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа зөвшөөрч гэмшиж байгаа. Д.О-ын хулгайлсан малын тоо зөрүүтэй байна.  Д.О-ыг хохирогч Д.Г-, Х.Н- нарын 8 тооны адууг хулгайлсан гэж анхан шатны шүүхээс үзсэн. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар Д.О- нь 8 тооны адуу биш 5 тооны адуу хулгайлсан гэдэг нь тогтоогдож байна. Гэрч С.Г “...5 тооны адууны мах авчирч зарсан...” гэж мэдүүлдэг ба энэ талаар гар бичмэл, дансны хуулгууд хэрэгт авагдсан байдаг. Мөн хохирогч Д.Г- “...”Х” гэх газар манай 5 тооны адууны арьс, толгой байсан...” гэж мэдүүлдэг. Мөн энэ талаар гэрэл зургийн үзүүлэлтүүд хэрэгт авагдсан байдаг. Гэрч П.Б “...”Х” гэх газар Д.Г-ын 5 тооны адууны арьс байхыг харсан...” гэж мэдүүлдэг. Эдгээр нотлох баримтуудаар Д.О- нь Д.Г-, Х.Н- нарын 8 тооны адууг хулгайлаагүй, 5 тооны адууг авсан гэдэг нь харагдаж байна. Иймд 3 тооны адуу хулгайлсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Мөн Д.О-ыг Э.Г-ын 4 тооны адууг хулгайлсан гэж анхан шатны шүүхээс үзсэн. Гэтэл хохирогч Э.Г- нь хулгайд алдсан гэх 4 тооны адуунаас 1 тооны адуу нь ядуу, онд орохооргүй адуу байсан тул 1 тооны адууг үхсэн байх гэж бодож байна...” гэж 2 удаагийн мэдүүлэг өгсөн байдаг /2хх 174, 178, 163-164/,  мөн ченж С.Г гэрчээр мэдүүлэг өгөхдөө “...3 тооны адуу авчирч өгсөн...” гэж мэдүүлдэг ба уг мэдүүлэг нь дансны хуулга, гар бичмэлээр давхар нотлогддог. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар Д.О- нь Э.Г-ын 4 тооны адууг хулгайлаагүй, 3 тооны адууг авсан гэдэг нь тогтоогдож байх тул 1 тооны адуу хулгайлсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 51 дүгээр хуудсанд хохирол тооцсон байдаг ба шүүх “хохирогч Ш.Д-ын алдсан 11 тооны адуунаас хөндөлтэй чандмань тамгатай зээрд байдас, давхар саран тамгатай зээрд байдсыг хүлээлгэн өгсөн болох нь мөрдөгч С.Э-н 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр бичсэн эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр /1 хх-ийн 17 хуудас/ тогтоогдож байна” гэж дүгнэсэн атлаа хохирол гаргуулахдаа шүүгдэгч Д.О-аас 4.300.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ш.Д-т олгохоор тогтоосон. Уг хохирлыг гаргахдаа буруу тооцоолсон гэж үзэж байна. Гуравдугаар хавтаст хэргийн 130-131, 139 дүгээр талд байх адууны үнэлгээн дээр Ш.Д-ын алдсан 11 тооны адууг 7.800.000 төгрөгөөр тогтоосон байдаг. Үүнээс хүлээлгэн өгсөн гэх 2 тооны адууны үнэ 1.600.000 төгрөгийг хасвал 6.200.000 төгрөгийн хохирол гарах бөгөөд үүнийг шүүгдэгч Д.О-, О.Б- нараар хувааж гаргуулбал нэг хүн 3.100.000 төгрөгийн хохирол төлөхөөр байна. Иймд шүүгдэгчээр гаргуулахаар тогтоосон хохирлын хэмжээнд өөрчлөлт оруулж өгнө үү.

Хэргийн зүйлчлэлийн хувьд “амьдралын эх үүсвэр болгосон” гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Д.О- нь гэмт хэргийн улмаас олсон орлогоо ар гэрийн хэрэгцээнд зарцуулсан зүйл байхгүй, тухайн үед өөрөө ажил хийдэг байсан. “Амьдралын эх үүсвэрээ” болгосон гэх ойлголтын Эрүүгийн хуулийн ерөнхий ангид тайлбарлаж өгөөгүйгээс хууль тайлбарлан хэрэглэхэд эргэлзээ гарч байна. Д.О- нь хулгайн гэмт хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд буюу нийт 4 сарын хугацаанд үйлдсэн байдаг. Гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааны хувьд байнга гэж үзэхээргүй богино хугацаанд үйлдэгдсэн байдаг. Мөн хулгайн гэмт хэргээс олсон орлогоо амьдрал ахуйдаа хэрэглэсэн, уг орлогоо амьдралын эх үүсвэртэй болсон зүйл байхгүй. Д.О-ын дээрх үйлдлүүдийг мал хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгосон гэж зүйлчилсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, зүйлчлэл тохироогүй байна. Иймд Д.О-ын дээрх үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар зүйлчилж зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Шүүгдэгч Б.Б- нь Д.О-, О.Б- нарыг хулгайн гэмт хэрэг үйлдэж ашиг орлого олж байгааг мэдсээр байж 2019 оны 01 дүгээр сараас 2020 оны 04 дүгээр сарын хугацаанд буюу нийт 4 сарын хугацаанд гэмт хэргийн улмаас олсон орлогыг амьдрал ахуйдаа хэрэглэсэн учраас хохирол төлбөрөөс төлөх үндэслэлтэй байна” гэв.

Шүүгдэгч Б.Б- давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Би өөрийн үйлдсэн гэмт хэргийн хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна. Хохирлыг хувааж төлөх саналгүй байна” гэв.

Шүүгдэгч Б.Б-гийн өмгөөлөгч С.Нарангэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Б.Б- нь З.М-ын 1 тооны үхэр, Г.Ж-ын 5 тооны адууг Д.О-, О.Б- нартай бүлэглэн хулгайлсан үйлдлээ хүлээн зөвшөөрдөг. Учир нь Д.О-ыг З.М-, Г.Ж-ын малыг хулгайлсныг мэдэж байсан. Б.Б- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг өөрөө бүрэн төлж барагдуулсан тул анхан шатны шүүхээс түүнийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзсэн. Бусад хулгайн үйлдэлд Б.Б- нь оролцоогүй. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Зүйлчлэл дээр маргаан байхгүй. Иймд бусад хохирлыг Д.О-, О.Б- нараас гаргуулсан нь шударга ёсны зарчимд нийцэж байна. Иймд Б.Б-гийн талаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

Д.О-, Б.Б- нар нь хулгайн үйлдлээ амьжиргааны эх үүсвэрээ болгоод амьдрал ахуйгаа залгуулаад байсан зүйл харагддаггүй.

Иймд Д.О-ын дээрх үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү”.

Бидний зүгээс гаргасан саналыг үндэслэлгүй гэж шүүх үзвэл Д.О-ын анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, түүний эрүүл мэндийн болон ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатар давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Д.О- нь малын хулгайн 10 удаагийн, О.Б- нь 9 удаагийн, Б.Б- нь 2 удаагийн үйлдэлтэй. Д.О-ын хувьд 10 удаагийн малын хулгайн үйлдэл нь “байнга” гэх шинжийг хангасан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Шүүгдэгч нар хулгайн гэмт хэрэг үйлдэж олсон орлогоо хувийн хэрэгцээндээ зарцуулж байна гэдэг бол амьдралын эх үүсвэрээ болгож байна гэсэн үг юм. Иймд шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгчийн гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар О.Б-, Д.О-, Б.Б- нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч О.Б-, түүний өмгөөлөгч Л.Наранчимэг, шүүгдэгч Д.О- нарын гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.О- нь Хэнтий аймгийн тариалангийн талбайгаас 2018 оны 12 дугаар сарын үеэр Ш.Б-ийн хамар цагаан хээр гүү, халтар гүү зэрэг 2 тооны адууг хулгайлж, 2.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Д.О-, О.Б- нар нь бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын үеэр тариалангийн талбайгаас Я.Э-ын хонгор азаргатай адуунаас хонгор халзан зүсмийн 1 тооны адууг хулгайлж, 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2019 оны 01 дүгээр сарын үеэр тариалангийн талбайгаас Ш.Х-ын хээр алаг морь, цавьдар үрээ, хул алаг зүсмийн 3 тооны адууг хулгайлж, 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2019 оны 01 дүгээр сарын үеэр тариалангийн талбайгаас Д.Г-ын хул зүсмийн 1 тооны адууг хулгайлж, 800.000 төгрөгийн хохирол учруулсан

 - 2019 оны 01 дүгээр сарын 11-12-ны өдрийн хооронд “Ч” гэх газраас Д.Г-ын 4 тооны адууг, Х.Н-ын 4 тооны адууг тус тус хулгайлж нийт  7.650.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2019 оны 02 дугаар сарын үеэр тариалангийн талбайгаас Ш.Х- хонгор азаргатай адуунаас халтар зүсмийн 1 тооны адууг хулгайлж, 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2019 оны 04 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө  “Х” гэх газраас Э.Г-ын 4 тооны адууг хулгайлж, 3.700.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Д.О-, О.Б-, Б.Б- нар нь бүлэглэн 2019 оны 02 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө “Д” гэх газраас З.М-ын хар зүсмийн 1 тооны үхрийг хулгайлж, 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2019 оны 03 дугаар сарын 03-09-ний өдрийн хороонд “Д” гэх газраас Г.Ж-ын 5 тооны адууг хулгайлж, 5.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Д.О-, О.Б-, Ганхуяг нар нь “Г” гэх газраас 2019 оны 01 дүгээр сарын 15-16-ны өдрийн хооронд Ш.Д-ын 11 тооны адууг, Х.Н-ын 1 тооны адууг тус тус хулгайлж, нийт 10.300.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Б- нь шүүгдэгч Д.О-, О.Б- нарын 2018 оны 12 дугаар сараас 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд мал хулгайлах гэмт хэргийн улмаас олсон мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж байнга тогтвортой эзэмшсэн, ашигласан гэх гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 13/, хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 136-139, 180-182, 211-213, 2хх 67-69/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримт хүлээлгэн өгсөн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /1хх 16-18/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 31-39/,  мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1хх 40-44/,  яллагдагч Б.Б-гийн ХААН банкны дансны дэлгэрэнгүй хуулга /2хх 243-244/, яллагдагч Д.О-ын ХААН банкны дансны дэлгэрэнгүй хуулга /3хх 16-23/, малын гарал үүслийн бичиг /1хх 127, 169-172/,  хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн №110, 092, 088, 090, 089, 091, 130, 143, 093, 131, 129, 232, 260, 256, 276 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /1хх 158, 196, 228, 2хх15, 51, 87, 130, 131, 134, 174, 3хх 52, 181, 165-168, 172-176, 180-183/,

мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ш.Б-ийн: “...Би 2018 оны 12 дугаар сарын үеэр “Д” гэх газар өвөлжиж байхдаа хөндлөн чойнжин тамгатай хээр зүсмийн хамар цагаан халзан бүдүүн гүү, хөндлөн чойнжин тамгатай халтар зүсмийн шар халиун байдсан гүүгээ хулгайд алдсан. Би алдсан 2 тооны адуугаа зах зээлийн ханшаар үнэлж нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /1хх 185-186/,

хохирогч Я.Э-ын: “...Би 2019 оны 01 дүгээр сарын эхээр хонгор халзан гүүгээ алдаад 2019 оны 01 дүгээр сарын дундуур халтар зүсмийн гүүгээ алдсан. Миний зүгээс хонгор халзан гүүгээ нэхэмжилнэ. Халтар зүсмийн гүүгээ нэхэмжлээгүй, гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /5хх 135/,

хохирогч Д.Г-ын: ”...Би 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш толин сартай хул азаргатай адуунаас хул морь /тууран тамгатай/, хүрэн морь /буруу чих онь имтэй, тууран тамгатай/, халтар үрээ / цагаан үсэн тууран тамгатай/, хул гүү /цагаан үсэн тууран тамгатай/, зээрд морь /саран эрдэнэ тамгатай/, бор гүү /хүрээтэй загасан тамгатай/, цагаан гүү /тамгагүй/ хөх бор сарвай /тамгагүй/ эдгээр 8 тооны зүс бүхий адуугаа алдсан...адуугаа хайгаад Жаргалтхаан сумын нутгаар явж байтал “Х” гэх газар манай 5 адууны арьс, 4 адууны толгой байсан. Хул морь, хүрэн морь, халтар үрээ, хул гүү, зээрд морь, нарыг хээр ажилласан байсан. Үлдсэн 3 адууг нь мөн хайгаад олоогүй. ...Мөн үүнээс хойш Б-н адуунд байсан хул морио хулгайд алдсан...” гэх мэдүүлэг /1хх 51-52, 2хх 196-198, 3хх 56-57/,  

хохирогч Х.Н-ын: “...тууран тамгатай хул морь, хүрэн морь, халтар үрээ, хул гүү миний өмч байгаа юм. Би дээрх адуунуудыг 2018 оны 12 сараас 2019 оны 04 дүгээр сарын хооронд хулгайд алдсан. Би алдсан адууны хохирлоо нэхэмжилнэ....” гэх мэдүүлэг /5хх 130-131/,   

хохирогч Ш.Х-ын: “...2019 оны 01 дүгээр сарын 07-08-ны үеэр тариалангийн талбайгаас гурвалжин чойнжин тамгатай хээр алаг морь, цавьдар үрээ, мөн тамгагүй хул алаг зүсмийн моринуудыг алдсан. Мөн 2019 оны 02 дугаар сарын үеэр “Д” гэх газраас гурвалжин чойнжин тамгатай халтар зүсмийн соёолон гүүгээ хулгайд алдсан. Би адуунуудаа тухайн үеийн ханшаар үнэлж нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /5хх 136/,  

хохирогч Э.Г-ын: ”...2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр адуугаа бүртгэхэд хул морь-12 настай, халтар морь-6 настай, хүрэн үрээ-4 настай, зээрд байдас-4 настай, бүгд хөлтэй сартай зүрх тамгатай, давхар алхан хайчтай. ...Зээрд адууг 800.000 төгрөгөөр, нөгөө 3 адууг тус бүрд нь 1.000.000 төгрөгөөр үнэлнэ...” гэх мэдүүлэг/ 2хх 163/,

хохирогч Ш.Д-ын: “...2019 оны 01 дүгээр сарын 15-16-нд шилжих шөнө хүрэн халзан азаргатай 11 тооны адуу алдсан. 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс адуугаа хайгаад олоогүй, хүрэн халзан азарга хоёр нүд цэнхэр хойд хоёр хөл бэлэвсэн хөндлөнтэй чандмань тамгатай 7 настай, бор гүү, өсгий зээрд сарвай, сартай хүрэн гүү, өсгий зээрд халзан сарвай, бор гүү, зээрд халзан байдас, хүрэн байдас, хээр байдас, зээрд шүдлэн байдас, зээрд шүдлэн байдас хөндлөнтэй чандмань тамгатай адуунууд байсан...” гэх мэдүүлэг /5хх 125-126/,

хохирогч Х.Н-ын: ”...Манай саран дэвсгэртэй хятад 5-ын тоо тамгатай бор охин байдас Д хөгшиний хүрэн азаргатай адуунаас алга болсон. ...Бор гүүний маань эх нь манай хурдан азарганы төл байсан юм. Тэгэхээр би гүүгээ 5 сая төгрөгөөр үнэлнэ...” гэх мэдүүлэг /2хх 111/,

хохирогч З.М-ын: “...2019 оны 02 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө өөрийн үхрээсээ 1 тооны сартай хар үнээ хулгайд алдсан. Миний алдсан үхэр 2 чих нь цуулбар имтэй, сартай хар үнээ байсан..Орон нутгийн жишиг үнээр үнэлж нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /1хх 249-250/,

хохирогч Г.Ж-ын: “...2019 оны 03 дугаар сарын 07-ний өдөр адуугаа гэрийнхээ гадаа хураахад манай адуунаас 3 адуу алга болсон байсан. Мөн 2019 оны 03 дугаар сарын 09-ны өдөр адуугаа хураахад 2 адуу маань алга болсон байсан.Сартай цавьдар хязаалан үрээ, халиун соёолон үрээ, хонгор халзан үрээ, хонгор халзан морь, хүрэн буурал морь, эдгээр 5 тооны адуугаа хулгайд алдсан. Эдгээр адуунууд монгол үсгийн “Мөн” тамгатай зөв талын ташаан дээрээ “ш” хайчтай өөр содон гэхээр тэмдэг байхгүй. Алдсан адуунуудаа орон нутгийн зах зээлийн үнэлгээгээр үнэлж нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх 142-143/,

гэрч П.Б-н: ”...адуугаа эрэхээр явсан. Д.Г-ын 5 тооны адууг тус сумын “Х” гэх газар ажилласан байсныг харсан. Тус газарт 4 адууны толгой болон 5 адууны арьс зэрэг байсан...” гэх мэдүүлэг /1хх 60-61/,

гэрч Б.Т-н: “...Би 2019 оны 01 дүгээр сарын 13-ний өдөр адууны шургуунд оролцох гээд явж байтал ...“Х” гэх газарт адууны арьс, толгой, сэвс байсан...” гэх мэдүүлэг /1хх 63/,

гэрч С.ГанС.Г-ийн: “...Д.О- гэх залууг би бүтэн нэрээр нь бол мэдэхгүй Б гэж дууддаг, Б гэх залуугаас: 

1.  2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 176 кг буюу 1 тооны адууны махыг 968.000 төгрөгөөр худалдаж авсан.

2.  2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 1 килограмм махыг 5500 төгрөгөөр бодож 3 адууны буюу 439 кг махыг 2.414.500 төгрөгөөр худалдаж авсан.

3.  2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 1 килограмм махыг 5500 төгрөгөөр бодож 5 адууны буюу 787 кг махыг 4.328.500 төгрөгөөр худалдаж авсан.

4.  2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 1 килограмм махыг 5300 төгрөгөөр бодож 1 адууны буюу 166 кг махыг 880.000 төгрөгөөр, мөн адууны арьсыг нь 13.000 төгрөгөөр худалдаж аваад нийт 893.000 төгрөгийг 5954070227 гэсэн дансанд шилжүүлсэн.

5.  2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1 килограмм махыг 5000 төгрөгөөр бодож 1 адууны буюу 156 кг махыг 787.000 төгрөгөөр худалдаж аваад мөнгийг нь Д.О-ын дансанд шилжүүлсэн.

6. 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 1 килограмм махыг 5600 төгрөгөөр бодож 1 адууны буюу 133 кг махыг 741.500 төгрөгөөр худалдаж аваад мөнгийг нь Д.О-ын дансанд шилжүүлсэн.

7.  2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 1 килограмм махыг 5600 төгрөгөөр бодож 1 адууны буюу 152 кг махыг 846.000 төгрөгөөр худалдаж аваад мөнгийг нь О-н дансанд шилжүүлсэн.

8. 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 1 килограмм махыг 7000 төгрөгөөр бодож 3 адууны буюу 400 кг махыг 2.800.000 төгрөгөөр худалдаж аваад мөнгийг нь Д.О-ын дансанд шилжүүлсэн.

...2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Д.О-ын дансанд 2.000.000 төгрөг, мөн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 2.606.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн байна. Д.О- надад 8 адуу зарсан болоод л би мөнгийг нь 2 хувааж шилжүүлсэн. Арьсыг бол өгдөггүй, махаа өгөхдөө Цэнхэр өнгийн портертой, гарал үүслийн бичигтэй ирдэг байсан.” гэх мэдүүлэг / /1хх 65-66, 124, 192-193, 2хх 165-166/,

гэрч Ц.Х-н: ”...Би Улаанбаатар хотын “Х” зах дээр махны жижиг ченж хийдэг. 2019 оны 03 дугаар сарын эхээр Д.О- над руу залгаад “...дүү нь тань руу 5 адууны мах явуулъя, та зараад өгчих, зарсан зөрүүгээ өөрөө авахгүй юу, манай найзын адууны мах байгаа юм” гэж хэлсэн. Би 5  адууны махыг тосож аваад зарахад нийт 4.135.000 төгрөг болсон...3.421.000 төгрөгийг Д.О- руу дансаар шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх 80-81/,

гэрч Б.Ц-н: “...2019 оны 03 сарын эхээр байх яг хэдний өдрийг санахгүй байна. Б, Б, Б- гурав гэрийнх нь гадаа байсан 1 тооны үхрийг шөнөдөө ажиллаад маргааш өглөө нь Баадка эхнэртэйгээ өөрийнхөө цагаан машинд махыг нь ачаад явсан. ...маргааш нь Б, Б-хоёр хэсэг адуу тууж авчраад хашаанд оруулж хэдэн адуу барьж аваад Б, Б-э, Б гурав ажилласан. Тэр өдрийнх нь орой “И” маркийн машин ирж махыг нь ачаад явсан. Б хотод байгаа эгч рүүгээ “махаа ачуулчихлаа шүү” гэж утсаар хэлсэн...” гэх мэдүүлэг / 1хх 155-156, 2хх 9-10, 3хх 177-178/,  

гэрч Ц.Г-н: “...2019 оны 01 дүгээр сарын үеэр шиг санаж байна. Миний зүс таних Б гэх залуу над руу утастаад “Чандганы баруун урагшаа хөдөө хэдэн адуу хийгээд өгөөч, үнэ хөлсийг нь өгнө” гэхээр нь зөвшөөрч тэднийх рүү явсан. ...Би 5 тооны адуу ажилласан....Б  үлдсэн 3 тооны адуу ажилласан...” гэх мэдүүлэг /5хх 148/,

яллагдагч Д.О-ын: Би 9 үйлдлээр бусдын олон тооны малыг хулгайлсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. О.Б- нь Ш.Б-ийн 2 тооны адууг хулгайлахад хамт яваагүй, бусад үйлдэл дээр нь надтай хамт хулгай хийсэн. О.Б-д би хулгайн малынхаа мөнгөнөөс хувцас авч өгч байсан. Би н.А, Д.Г- нарын 8 тооны адуунаас 5 адууг нь хүлээн зөвшөөрч 3 тооны адууг нь / цагаан гүү, хөх бор сарвай, бор гүүг/ хүлээн зөвшөөрөхгүй байна. Г.Ж-ын 5 тооны адууг, Ш.Б-ийн 2 тооны адууг, Ш.Х-ын 3 тооны адууг, З.М-ын нэг тооны үхрийг, Я.Э-ын 1 тооны адууг, н.Д, Х.Н- нарын 12 тооны адууг, О.Г-н 4 тооны адуунаас 3 адууг хулгайлснаа хүлээн зөвшөөрч байна. Харин О.Г-н 1 тооны адуу, Д.Г-ын 1 тооны адууг хулгайлаагүй...” гэх мэдүүлэг /5хх 157-157/,

яллагдагч О.Б-ийн: "... Би Ш.Б-ийн 2 тооны адууг хулгайлахад Д.О-тай хамт яваагүй, харин бусад үйлдэл дээр нь хамтран оролцсон. Гэхдээ мал хулгайлж олсон мөнгөнөөс авч хувьдаа ашиглаж байгаагүй. Надад 500.000 төгрөгийг цалин гэж өгч байсан. Өөр мөнгө төгрөг авч байгаагүй. Мөн дээрх хулгай Д.О-ын эхнэр Б.Б- миний санаж байгаагаар З.М-ын 1 тооны үхэр, Г.Ж-ын 5 адуу, О.Г-н 3 тооны адуу, тахилгат тосгоноос авчирсан 12 тооны адуу нь дээр бид хоёрт тусалсан. Заримдаа нөхөр Д.О-ын хамт мах зарахаар явдаг байсан...” гэх мэдүүлэг /5хх 158-159/,

яллагдагчаар Б.Б-гийн: “...Д.О-, О.Б- нарын авчирсан адууны гэдсийг арилгаж байсан нь үнэн, гэхдээ хэний адуу гэдгийг нь мэдээгүй, надад Д.О-, О.Б- нар нь хэлж байгаагүй. Мөн миний хажууд адуу хулгай хийхээр явлаа гэж ярилцаж байгаагүй. Манай ойролцоо нутагладаг З.М-ын үхэр манай үхэрт нийлчихсэн байсныг ажиллана гэж миний хажууд ярилцаад ажилласан. Би тэр үхрийн гэдсийг арилгасан...” гэх мэдүүлэг /5хх 154-155/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн  нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлсэн, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн талаар хийсэн дүгнэлт  хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1, 3.1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн хэргийг эцэслэн  шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хуулийн шаардлагад  нийцжээ.

Шүүгдэгч О.Б-, түүний өмгөөлөгч Л.Наранчимэг нарын гаргасан “хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх”, шүүгдэгч Д.О-ын гаргасан “зүйлчлэл хөнгөрүүлж, ял өөрчлөх” агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй байна.

2018 оны 12 сар, 2019 оны 01, 02, 03,04 саруудад шүүгдэгч Д.О- 1 удаагийн үйлдлээр бусдын 2 тооны бод мал, шүүгдэгч О.Б-тэй бүлэглэн 9 удаагийн үйлдлээр бусдын 34 тооны бод малыг хулгайлсан үйлдлийг мал хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж үзэж Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн  3.1 дэх хэсэгт зааснаар хэргийг зөв зүйлчилсэн, шүүх дээрх хэрэгт шүүгдэгч нарыг гэмт буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3.1-д заасан “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх шинж нь нэг төрлийн гэмт хэргийг удаан хугацаанд үйлдэж дадал зуршил болсон, гэмт хэрэг үйлдэх замаар олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүлийн амьжиргааг залгуулах эх үүсвэр болгосон хэвшмэл шинжтэй үйлдлийг ойлгоно.

Шүүгдэгч нарын үйлдэл нь тооны хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3.1-д заасан “байнга” гэсэн шинжийг хангахаас гадна гэмт хэрэг үйлдэж олсон мөнгөөрөө өр зээлээ төлж, шоу цэнгээнд хэрэглэдэг байсан тухайгаа шүүгдэгч мэдүүлсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3.1-д заасан нөхцөл байдал тогтоогдсон гэж үзнэ.

Шүүгдэгч Д.О-ын үйлдсэн хэргээс “Д.Г- Х.Н- нарын 3 адуу, Э.Г-ын 1 адууг хулгайлсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгох” саналыг түүний  өмгөөлөгч Г.Бадамгэрэл гаргаж, дээрх 4 адууг хулгайлаагүй талаар шүүгдэгч Д.О- давж заалдах гомдолд дурдаж, шүүх хуралдаанд илэрхийлсэн боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Г- ” 2019 оны 01 сарын 11-ны өдрөөс хойш толин сартай хул азаргатай адуунаас зүс бүхий 8 тооны адуугаа алдсан, адуугаа хайж явахад Ханан гэх газар манай 5 адууг ажилласан байсан, үлдэх 3 адуугаа хайгаад олоогүй” гэх, хохирогч Э.Г- “04 сарын 23-ны өдөр адуу маань усан дээрээ ирэхэд 4 адуу дутуу байсан” гэх , яллагдагч  Д.О-, О.Б- нар  “ 2019 оны 01 сарын дундуур...Мөрөнгийн тарайлангийн талбайд 10 гаран тооны хул азаргатай адуунууд байхаар нь бүгдийг нь хөөж өөрийнхөө хашаанд оруулсан. Хашаанд оруулсан адуунуудаас 5 адууг хашаан дотор барьж аваад, үлдсэн адуунуудыг гаргаад явуулсан” гэсэн мэдүүлгүүдээр шүүгдэгч нар  уг адуунуудыг бэлчээрээс нь тууж, өөрийн хашаанд хашиж өөрсдийн захиран зарцуулах эрхэд шилжүүлсэн талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. Энэ нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон байна.

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон, анхан шатны шүүх шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т заасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр буюу түүнээс дээш удаа үйлдсэн, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч нарын хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ял шийтгэлийг оногдуулсан шүүгдэгч нарын  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм бурууд тохирсон байна.

Харин хохирогч Ш.Д-ын хулгайд алдсан 11 тооны адуунаас 800000 төгрөгөөр үнэлэгдсэн зээрд халзан байдас, 500000 төгрөгөөр үнэлэгдсэн зээрд шүдлэн байдсыг хохирогчид буцаан хүлээлгэн өгсөн болох нь мөрдөгч С.Э-н 2019 оны 6 дугаар сарын 20-д бичсэн эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 хх-17/-ээр тогтоогдож байна. Иймд Ш.Д-т учирсан 7.800.000 төгрөгийн хохирлоос уг 2 адууны үнэ 1.300.000 төгрөгийг хасч, үлдэх 6.500.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэх  нь  зүйтэй байна.

Хулгайлсан малыг зарж борлуулсан мөнгийг Д.О- өөрийн дансаар авч О.Б-д тамхи, ойр зуурын юм авч өгөөд үлдсэнийг өөртөө зарцуулдаг байсан, хулгай хийх санааг Б-э гаргаж байгаагүй, би уруу татаж оруулсан талаар мэдүүлсэн Д.О-ын яллагдагчаар өгсөн /1хх 235-236, 2хх 92-93,115-116/ мэдүүлгүүд, махыг зарж борлуулаад мөнгийг Д.О-ын дансанд шилжүүлдэг байсан талаар мэдүүлсэн гэрч С.ГанС.Г-ийн /1хх-65-66/ мэдүүлэг, Д.О-аас  500000 төгрөгөөс өөр мөнгө авч байгаагүй талаар мэдүүлсэн яллагдагч О.Б-ий /5хх 158-159/ мэдүүлэг, хохирлыг өөрөө барагдуулна гэсэн Д.О-ын шүүх хуралдаанд өгсөн /6 хх-225-226/ мэдүүлэг  болон шүүгдэгч нарын мал хулгайлах гэмт хэрэгт оролцсон оролцоо, гэмт хэрэг үйлдэж олсон ашиг орлогыг ашиглаж, захиран зарцуулсан байдлыг харгалзан  гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирлыг шүүгдэгч Д.О-аас 75 хувиар, шүүгдэгч О.Б-эс 25 хувиар тооцож гаргуулахаар шийтгэх тогтоолд өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.О- нь Х.Н-т 2.000.000, хохирогч Г.Д-т 3.100.000, хохирогч Х.Н-д 1.250.000, хохирогч Э.Г-од 1.850.000, хохирогч Ш.Х-т 1.500.000, хохирогч Я.Э-олд 500.000, хохирогч Ш.Б-т 2.200.000, хохирогч Д.Г-т 2.225.000 төгрөгийн хохирлыг тус тус төлсөн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрүүдийн ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримтуудыг давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд нотлох баримтаар гаргаж өгсөн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр 1 дэх хэсгийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2021/ШЦТ/258 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтыг:

-  “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-аас 2.200.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ш.Б-т, 3.337.500 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Г-т, 3.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Х.Н-т, 2.250.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ш.Х-т, 750.000 төгрөгийг гаргуулж хохирогч Я.Э-од, 4.875.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ш.Д-т, 1.875.000 төгрөгийг гаргуулж хохирогч Х.Н-ад, 2.775.000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Г-од,

шүүгдэгч О.Б-эс 1.112.500 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Г-т, 1.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Х.Н-т, 750.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ш.Х-т, 250.000 төгрөгийг гаргуулж хохирогч Я.Э-од, 1.625.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ш.Д-т, 625.000 төгрөгийг гаргуулж хохирогч Х.Н-ад, 925.000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Г-од тус тус олгосугай” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

 

2. Шүүгдэгч О.Б-, түүний өмгөөлөгч Л.Наранчимэг нарын гаргасан “хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх”, шүүгдэгч Д.О-ын гаргасан “зүйлчлэл хөнгөрүүлж, ял өөрчлөх” агуулга бүхий давж заалдах гомдлуудыг  тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-, О.Б- нарын тус бүр цагдан хоригдсон 92 /ерэн хоёр/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.

 

4.  Шүүгдэгч Д.О- нь Х.Н-т 2.000.000, хохирогч Г.Д-т 3.100.000, хохирогч Х.Н-д 1.250.000, хохирогч Э.Г-од 1.850.000, хохирогч Ш.Х-т 1.500.000, хохирогч Я.Э-олд 500.000, хохирогч Ш.Б-т 2.200.000, хохирогч Д.Г-т 2.225.000 төгрөгийн хохирлыг тус тус төлсөн болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Я.АЛТАННАВЧ

 

                           ШҮҮГЧИД                                                  Б.ДЭНСМАА

                                                               

                                                                                              Г.БОЛОРМАА