Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 60

 

 

 

                     

 

 

 

 

 

 

 

 

 

 

            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

   

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн дарга: Г.Нямаа

Улсын яллагч: Г.Хаш-Эрдэнэ

Шүүгдэгчийн өмгөөлөгөч: Г.Лхам

Шүүгдэгч: Б.Лхүндэвдорж нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Лхүндэвдоржид холбогдох 1722000380021 тоот хэргийг 2017 оны 10  сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд 1983.09.01-нд төрсөн, бага боловсролтой, бичиг үсэг мэдэхгүй гэх, малчин, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын 2-р баг “Өлгий” гэх газарт оршин суух, 2012 онд Дэлгэрцогт сумын тэргүүний залуу малчин, урьд ял шийтгэлгүй, /РД:ЗЕ83090131/ Харнууд овогт Батчулууны Лхүндэвдорж нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Б.Лхүндэвдорж  нь 2017 оны 8 сарын 12-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Д.Балдандоржийг зодож бие маходид  нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь дараах баримтаар тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн: Би 2017 оны 8 сарын 12-нд овоо тахиад ирсэн. Д.Балдандоржийнд очоод 1 шил архи, 10 литр айраг уусан. Тэр үед  Д.Оюунцэцэг намайг хэл амаар доромжлоод байхаар би архиа цацчихсан юм. Тэгтэл Д.Балдандорж “чи миний эгчийн өөдөөс архи цацлаа” гээд босож ирээд, бид хоёр хоорондоо гар зөрүүлээд би Д.Балдандоржийг цохьсон гэх мэдүүлэг

  • Хохирогчийн мөрдөн байцаалтанд өгсөн:”2017.08.12-ны өдөр манай гэрт Б.Лхүндэвдорж, түүний хадам ээж нь болох Дуламсүрэн, эхнэр Б.Энхцэцэг, дүү Энхбат нар ирээд айраг, архи уусан. Би тэр хооронд усанд яваад эргээд гэртээ ирсэн чинь хоорондоо хэрэлдээд, маргалдаад байхаар нь манай эгч Д.Оюунцэцэг тэгвэл архиа уухаа боль гээд архийг нь авсан чинь Б.Лхүндэвдорж хундагатай архиа эгчийн нүүр лүү цацсан. Б.Лхүндэвдорж босоод бүгдийг чинь ална гээд боссон чинь Дуламсүрэн, Энхбат, Б.Энхцэцэг нар аваад гарсан. Хэсэг хугацааны дараа гарахад Дуламсүрэн хөл өвдөөд байна гээд орилоод, хажууд нь Б.Энхцэцэг хөлийг нь бариад гэрийн баруун талд сууж байсан. Би тэр 2-ын хажууд сууж байгаад зүүн талаас Б.Лхүндэвдорж, Б.Энхцэцэгтэй ирж байхаар нь урдаас нь очтол Б.Лхүндэвдорж миний нүд рүү цохьсон. Би нүдээ дараад доошоо суусан чинь Б.Энхцэцэг Б.Лхүндэвдоржийг аваад машин руугаа явсан. Тэгээд би эмнэлэг дээр очсон” гэх мэдүүлэг /хх-12-13/
  • Гэрч Д.Оюунцэцэгийн: 2017.08.12-ны өдөр би дүү Д.Балдандоржийн гэрт очсон. Тэнд Б.Лхүндэвдорж түүний хадам ээж Дуламсүрэн, эхнэр Б.Энхцэцэг нар, эхнэрийнх нь дүү Энхбат нар айраг, архи ууж байсан. Намайг гэрт ороод байж байхад Энхбатад Б.Лхүндэвдорж нь уурлаад хэл амаар доромжлоод байхаар нь архийг нь аваад өгөхгүй гэсэн чинь миний нүүр рүү архиа цацсан. Би хар архи нүүр рүү цацлаа гээд уурласан чинь Б.Лхүндэвдорж ална гэж орилоод гэрийн унь хуу татаж авахаар нь Дуламсүрэн, Б.Энхцэцэг, Энхбат нар гэрээс аваад гарсан. Би тэгээд гэрт үлдээд байж байхад Д.Балдандоржийг Б.Лхүндэвдорж цохьчихлоо гэхээр нь гараад харсан чинь Д.Балдандорж нүүрээ гараараа дарчихсан цус гоожоод байхаар нь сумын эмнэлэг дээр очсон гэх мэдүүлэг /хх-15-16/
  • Гэрч Х.Энхсайханы  “ 2017.08.12-ны өдөр Б.Лхүндэвдорж намайг хөдөө яваад ирье гэхээр нь би цуг явсан. ... Д.Балдандоржийн гэрт очсон. Д.Балдандоржийн гэрт очиж хуруудаад байж байтал Д.Оюунцэцэгийн нүүр рүү Б.Лхүндэвдорж архи цацах шиг болоод хоорондоо барилцаад авсан. Гэрт байсан хүмүүс гараад явсан. Намайг нэг эгч дээрээс дараад гэрээс гаргаагүй. Гэрийн гадаа хүмүүс орлилдоод шуугилдаад байсан. Удалгүй Д.Балдандорж нүүр нь цус болчихсон гэрт орж ирсэн. Юу болсныг асуухад Б.Лхүндэвдорж цохьчихлоо гэж байсан“ гэх мэдүүлэг /хх-17/
  • Гэрч С.Отгончимэгийн “... би гэрт ус асгарсан болохоор тэрийг арчичихаад гэрээс гарсан. Гэрийн зүүн урд Д.Балдандорж нүүрээ дараад сууж байсан. Би яасан гэсэн чинь Б.Лхүндэвдорж цохисон гэж надад хэлсэн“ гэх мэдүүлэг /хх-18-19/
  • Гэрч Д.Ганхөлөгийн “... удалгүй Д.Балдандорж гэрээс гараад эргээд нүүр нь цус болсон болоод ороод ирсэн. Яасаныг нь асуухад Б.Лхүндэвдорж миний нүүр рүү цохьчихлоо гээд ороод ирсэн” гэх мэдүүлэг /хх-20/
  • Шинжээчийн 2017.08.21-ний өдрийн 170200249 тоот дүгнэлтэд “Д.Балдандоржийн биед хамрын таславчийн мурийлт хоёр нүдний зовхинд цус хуралт, хамрын нуруу, зүүн хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-14/

 

Дээрх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад баримтыг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэллээ.  

Эдгээр баримтаар шүүгдэгч Б.Лхүндэвдорж нь 2017 оны 8 сарын 12-ны өдөр “овоо тахисан” гэх шалтгаанаар архидан согтуурч, Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр ”Сэнжит хад” гэх газарт нутаглах иргэн Д.Балдандоржийн гэрт бусдыг “ална” гэх зэргээр хэрүүл маргаан үүсгэн, иргэн Д.Оюунцэцэгийн нүүр лүү нь архи цацах зэргээр агсамнан танхайрч, улмаар иргэн Д.Балдандоржийн нүүрэн тус газарт нь цохиж, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь нотлогдож байна.

 Шүүгдэгч Б.Лхүндэвдорж нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэргээ үнэн зөвөөр мэдүүлсэн нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг баримтаар давхар батлагдаж байх тул Б.Лхүндэвдоржийг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулах үндэслэлтэй байна.

Хохирогч Д.Балдандорж “90000 төгрөг хүлээн авсан, санал гомдолгүй” гэсэн хүсэлтийг /хх-43/ цагдаагийн байгууллагад гаргажээ. Хохирогч Д.Балдандорж нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахыг Б.Лхүндэвдоржоос шаардах эрхтэй боловч баримт гаргаж өгөөгүй, иргэний нэхэмжлэл гаргаагүй тул шүүх энэ талаар шийдвэр гаргах үндэслэлгүй байна. Харин хохирогчоос цагдаагийн байгууллагад гаргасан хүсэлт болон хэргийн материалтай танилцаад гаргасан тайлбарыг /хх-43-44/ үндэслэн шүүгдэгч Б.Лхүндэвдоржийг гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөнд тооцлоо.

Шүүгдэгч Б.Лхүндэвдорж нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эдгээр нөхцөл байдлыг харгалзан  Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон хэрэглэж, улсын яллагчийн санал болгосон хэмжээгээр оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Лхүндэвдорж нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд зүйл хураалгаж битүүмжлүүлээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл,

36.2, 36.6, 36.7,  36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус

заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

  1. Шүүгдэгч Харнууд овогт Батчулууны Лхүндэвдоржийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйл, мөн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Харнууд овогт Батчулууны Лхүндэвдоржид 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.  
  3. Шүүгдэгч Б.Лхүндэвдорж нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй, 90000 төгрөг хүлээн авсан гэсэн ба Б.Лхүндэвдоржоос эд зүйл хурааж битүүмжлүүлээгүй болохыг тус тус дурьдсугай.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлд заасныг баримтлан хохирогч Д.Балдандорж нь өөрт учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар Б.Лхүндэвдоржоос нэхэмжлэх эрхтэйг заасугай.
  5. Энэхүү шийтгэх тогтоол нь  уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл  шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
  6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Лхүндэвдоржид урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                             

 

 

 

                           ДАРГАЛАГЧ                                    С.СЭРЖМЯДАГ