Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 44

 

 

 

 

 

 

 

                                   

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус  шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн  хуралдаанд

Нарийн бичгийн дарга Г.Нямаа

Шүүгчийн туслах Э.Эрдэнэцэцэг

Улсын  яллагч Г.Хаш-Эрдэнэ

Хохирогч Р.Пүрэвбаатар

Хохирогчийн өмгөөлөгч Д.Дарьсүрэн

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Долгорсүрэн

Шүүгдэгч Ц.Базарваань нарыг оролцуулан  Дундговь  аймгийн  прокурорын  газрын  хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн Ц.Базарвааньд холбогдох эрүүгийн 201612000134 тоот  хэргийг  2017 оны  08 сарын 08-ны  өдөр  хүлээн  авч  хэлэлцэв. 

 

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 5 сарын 21-нд төрсөн, 38 настай, бага боловсролтой, мужаан мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2  хүүхдийн хамт  Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5-р баг Аравжих 10-13 тоотод оршин суудаг, урд ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, Боржигон овогт Цэндсүрэнгийн Базарваань /РД: ЗЮ79052179/

 

Шүүгдэгч Ц.Базарваань нь 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Дундговь аймгийн  Сайнцагаан сумын 5-р баг Арвижихийн 10-13 тоотод иргэн  Р.Пүрэвбаатартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж бие махбодид нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн  хэлэлцүүлгээр  дараах  нотлох баримтуудыг  шинжлэн  судлав.  Үүнд:

 

1. Шүүгдэгч Ц.Базарваань шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 7 сарын 25-ны өдөр З.Отгонбаатар, Ж.Чинбат, Р.Пүрэвбаатар бид нар 2 шил архи Алтанхуягийнд уусан. З.Отгонбаатар, Ж.Чинбат бид гурав гэрээс нь гарч явсан. Гэрт  ирээд унтаж байхад  Р.Пүрэвбаатар орж ирээд чи намайг орхиод явсан байна” гээд цохьсон. Манай найз З.Отгонбаатар  чи боль гэсэн чинь Р.Пүрэвбаатар цохиод унагасан. Би гэртээ ороод хутга авч ирж хутгалсан. Ийм л зүйл болсон гэв.

 

2. Хохирогч Р.Пүрэвбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  2016 оны 7 сарын 25-нд  бид нар дөрвүүлээ 2 шил архи уусан. Шөнө 24 цагийн үед бид нар Алтанхуягийн гэрээс гараад Ц.Базарваанийн гэрт ирсэн. Би хашааных нь хойно байж байгаад сүүлд гэрт нь орсон. Би Ц.Базарвааниас 15000 төгрөг авах ёстой байсан. Тэр мөнгөө авъя гэтэл би  мөнгөгүй байна гэсэн чинь Баяр гэдэг хүн чи юун сүртэй юм гээд бид муудаж зууралдаж байгаад салсан. Намайг газар хэвтэж  байхад Ц.Базарваань чамайг алсан ч яадаг юм бэ гэхээр би чи яахаараа хүн алдаг юм бэ гээд өөдөөс нь боссон. Тэгтэл Баяр намайг бариад авсан. Тэгээд болиод бид гурав газар хэвтэж байсан. Гэтэл Ц.Базарваань гэрээсээ хутга авч ирээд намайг хутгалсан, би тэгээд гэртээ харьсан. Би эмчилгээний зардал 6 сая төгрөгөө хүнээс зээлж төлсөн. Одоо дахиад эмчилгээний зардалд 720000 төгрөг төлөх дутуу байгаа. Түүнийгээ энэ хүнээс гаргуулмаар байна. Нийтдээ 13634436 төгрөг нэхэмжилж байна гэв.

 

3. Гэрч З.Отгонбаатарын “...манай найз нөхдүүд болон ах дүү ар гэрийхэн Баяр зарим нь Баяраа гэх зэргээр дууддаг. 2016 оны 07дугаар сарын 25-ны өдөр болсон асуудалд Р.Пүрэвбаатар, Ж.Чинбат, Ц.Базарваань нар байцаалт өгөхдөө намайг Отгонбаатар гэх нэрээр биш Баяр болон Баяраа гэж өөрсдийн дууддаг товчилсон нэрээр байцаалт өгсөн. байна. Хэрэг гарах үеэр Пүрэвбаатар, Чинбат, Базарваань бид хэд байсан өөр хүн байгаагүй... Р.Пүрэвбаатар бид 2 маргалдаад зууралдсан тэгэхэд Р.Пүрэвбаатар цамцнаас боогоод бид 2 газарт унасан. Р.Пүрэвбаатар миний дээр гарч суугаад гараараа цамцнаас боосон. Тэр үед араас нь Ц.Базарваань хутгалсан. Р.Пүрэвбаатар босоод намайг хутгалчихлаа гэж хэлээд хашаанаас гараад явсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 176/

 

4. Гэрч Ж.Чинбатын “...Р.Пүрэвбаатар нь Баяртай муудалцаад зууралдаж боолцоод газарт ойчсон. Р.Пүрэвбаатар Баярын дээр гараад суухад араас нь Базарваань нэг удаа хутгалсан...тухайн хэрэг гарах үед Ц.Базарваань, Р.Пүрэвбаатар, би тэгээд З.Отгонбаатар нар байсан, өөр хүн байгаагүй. Баяр  болон Баяраа гэж бид нар З.Отгонбаатарыг хэлээд байгаа юм албан ёсны нэр нь З.Отгонбаатар бид нар Баяр болон Баяраа гэж товчилсон нэрээр дууддаг” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 178/

 

5. Гэрч Н.Баатаржаны “...Би шастины нэрэмжит 3 дугаар эмнэлэгт мэдрэлийн ангиологи их эмчийн ажлыг 2005 оноос хойш хийж гүйцэтгэж байгаа юм. 2016 оны 07 дугаар сард гэмтлийн эмнэлэгээс Рэнцэн-Осор овогтой Пүрэвбаатар гэх хүн нуруундаа хутгалуулсан зовиуртай мөн толгой тархи, өвдөнө гэсэн оноштойгоор ирсэн юм. Тэгээд үзлэг хийхэд зайлшгүй нурууны артерын судсыг шалгах ангиографийн шинжилгээ хийх шаардлагтай байсан тэгээд өөрийн эмнэлэгт урьдчилсан оношоор өвчтөний түүхийг нээж хэвтүүлсэн.  Тэгээд хэвтүүлсэний дараагаар нурууны артерийг шалгах ангиографийн шинжилгээнд оруулсан уг шинжилгээгээр бүсэлхий нурууний 3 дугаар түвшинд аварга хэмжээний судасны цүлхэн өөрчлөлт /гэмтлийн шалтгаант/ оношлогдсон. Тэгээд мэдрэлийн мэс заслийн эмч нарын зөвөлгөөн болон зүрх судасны мэс заслын эмч нарт үзүүлж нээлттэй мэс засал хийх боломжгүй гэсэн шийдэлд хүрээд судсан дотуурх мэс ажилбарыг  хийсэн юм.  Тэр цүлхэнт өөрчлөлтийн гол тэжээгч артерийг  бичил ороомгын тусламжтайгаар  бөглөх ажилбар хийсэн  юм дахиад нэг судас бөглөөгүй үлдээсэн тэрийг дараагийн ээлжинд давтан хийхээр болсон.... тархины судсаны гаж хөгжил гэж оношийг.... Уг оношийг би бусад ямар нэгэн судасны төрөлхийн гаралтай эмгэг байж болзошгүй гэж үзээд клиникын урьдчилсан онош гэж тавьсан байгаа дараа нь оношоо тодруулах зорилгоор судасны шинжилгээ хийсэн уг шинжилгээгээр тархины болон хүзүүний артерийн судаснуудад ямар нэгэн эмгэг өөрчлөлт илрээгүй харин бүсэлхийн нурууны L3-р нугаламын түвшинд /зүүн талд / том хэмжээний артерийн цүлхэнт өөрчлөлт оношлогдсон тэгээд бүсэлхий нурууны L3-н зүүн талын том хэмжээний цүлхэнт өөрчлөлт гэсэн үндсэн оношоор мэдрэлийн мэс заслын эмч нарын зөвөлгөөнд оруулсан уг зөвөлгөөний шийдвэр нээлттэй мэс засал хийх боломжгүй зөвхөн судсан доторхи мэс заслийн аргаар цүлхэнт өөрчлөлтийн тэжээгч артерийг бөглөх шийдвэр гарсан энэ шийдвжрийн дагуу судсан доторхи мэс заслын аргаар орсон хагалгааны  зардал 13.350.000 мянган төгрөгний зардал гарсан.” Гэх мэдүүлэг /1-р хх-ийн 207-208/

 

6. Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 8 сарын 10-ны өдрийн 160200357 дугаартай “Р.Пүрэвбаатарын биед бүсэлхийн 4-р нугаламын зүүн сэртэнгийн хугарсан гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /1-р хх-ийн 21/

 

7. Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 7 сарын 27-ны өдрийн 332 дугаартай “1, 2. Р.Пүрэвбаатарын биед нуруунд хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /1-р хх-ийн 24/

 

8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 1 сарын 20-ны өдрийн 145 дугаартай “Дүгнэлт гаргуулахаар ирүүлсэн Р.Пүрэвбаатарын гэх толгой болон нурууны 3 ширхэг КТГ, 4 ширхэг СD зэргийг дахин уншуулсан хариуд нурууны L4 нугаламын хөндлөн сэртэнгийн хугарал гэмтэл байгааг баталсан байна. Урьд гарсан дүгнэлт үндэслэлтэй байна. 2, 6. Тархины судасны ангиографи оношилгооны хариуд судасны гаж хөгжил илрээгүй байна. 3. 4, 8. Тархины судасны гаж хөгжил нь төрөлхийн эмгэг байдаг бөгөөд ямар нэг гэмтэлтэй холбоогүй болно. 4. 7 тархины судасны гаж хөгжил нь төрөлхийн эмгэг хөгжил юм. 5. Р.Пүрэвбаатарын биед L3-н түвшинд ямар нэг цүлхэн гэх төрөлхийн гаж хөгжил илрэхгүй байна” гэх дүгнэлт /1-р хх-ийн 180-181/

 

9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 771 дугаартай “’...1.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №145  дүгнэлт үндэстэй байна. 2. Тархины судасны ангиографи оношилгоогоор тархины судасны гаж  хөгжил илрээгүй байна.  3. Р.Пүрэвбаатар нь бүсэлхийд хутгалуулсаны улмаас тархины судсанд гаж нөлөө үүсэхгүй. 4. Тархины судасны гаж хөгжил нь ихэвчлэн төрөлхийн ба өвчний улмаас үүсдэг.  5.6.7.8 Р.Пүрэвбаатарын биед бүсэлхийн нугаламын түвшинд  зөөлөн эд, булчин, бүсэлхийн артерийн судас гэмтээсэн, бүсэлхийн 4-р нугаламын зүүн хөндлөн сэртэн хугарсан гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүснэ. Дээрхи бүсэлхийн нугаламын хатгагдаж зүсэгдсэн шархны улмаас бүсэлхийн артерийн судас гэмтэн цүлхэн үүссэн байна. Дээрхи гэмтэл нь хэрэг болсон гэх үед үүссэн байна...’’ гэх дүгнэлт /1-р хх-ийн 226/

 

10. Хохирогчид учирсан хохирол төлбөрийн талаар баримт /1-р хх-ийн 51-57, 86-100/

 

11. Мөрдөн байцаагчийн хураан авах тухай тогтоол, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /1-р хх-ийн 7, 11/

 

12. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 109/ зэрэг бичгийн  баримтуудыг шинжлэн судлав.

 

Хэрэгт авагдсан болон шүүхийн  хэлэлцүүлэгт судлагдсан  дээрхи баримтуудыг  мөрдөн байцаалтын  шатанд  Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан  үндэслэл журмын  дагуу цуглуулж  бэхжүүлж авсан байх тул  шүүх нотлох баримтаар  үнэлж  шийдвэрлэлээ.

 

Шүүхийн  хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар шүүгдэгч Ц.Базарваань нь 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Дундговь аймгийн  Сайнцагаан сумын 5-р баг Арвижихийн 10-13 тоотод иргэн  Р.Пүрэвбаатартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж бие махбодид нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь  тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Ц.Базарваань нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт  хэргийг  үйлдсэн гэм  буруутай болох нь тогтоогдож байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ц.Базарваань нь хохирогч Р.Пүрэвбаатарт учирсан хохиролд эмнэлгийн ор хоногийн төлбөр 500000, Мөнгөн гүүр эмнэлгийн шинжилгээний төлбөрт 300000, шатахууны зардалд 100000, бэлнээр 500000 төгрөг, нийт 1260000 төгрөгийг өгсөн /1-р хх-ийн 146-148/ байх тул үүнийг хохирлоос хасч тооцон, 12374436 /арван хоёр сая гурван зуун далан дөрвөн мянга дөрвөн зуун гучин зургаа/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогч Р.Пүрэвбаатарт олгохоор шйдвэрлэв.

 

Шүүгдэгч Ц.Базарваань нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жилийн хугацаа өнгөрсөн буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал илэрсэн тул Эрүүгийн  хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт “Panasonic маркийн зурагт 1 ширхэг, Hongxin маркийн хөргөгч 1 ширхэг” битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн тогтоолийг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дурдсан хохирол төлөгдөж дуустал хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Ц.Базарваань нь энэ хэргийн улмаас 1 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “23.5 см урттай хар өнгийн хуванцар бариултай хутга” 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус Шүүхийн Тамгын газарт шилжүүлэх нь зүйтэй гэж үзээд

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Боржигон овгийн  Цэндсүрэнгийн Базарваанийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт  хэргийг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн  хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2,  4 дэх хэсэгт заасныг журамлан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Ц.Базарвааньд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

3. Шүүгдэгч Ц.Базарваань нь энэ хэргийн улмаас  1 /нэг/ хоног цагдан  хоригдсон болохыг дурдсугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Базарвааниас 12374436 /арван хоёр сая гурван зуун далан дөрвөн мянга дөрвөн зуун гучин зургаа/ төгрөгийг гаргуулан хохирогч Р.Пүрэвбаатарт олгосугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Р.Пүрэвбаатар нь цаашид эмчилгээтэй холбогдон гарах зардлын талаар баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Ц.Базарвааниас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг заасугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дундговь аймгийн Шүүхийн Тамгын газарт шилжүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шйдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар 2016 оны 10 сарын 14-ний өдрийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг энэхүү шийтгэх тогтоолын 4 дэх заалт биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй.

 

8. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш шүүгдэгч, хохирогч тэдгээрийн  өмгөөлөгч 14 хоногийн  дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, прокурор дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ                                        Г.МӨНХБАТ