Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 123/ШШ2023/0029

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “*******” ХХК,

Хариуцагч: Төв аймгийн Засаг дарга нарын хоорондын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосныг эс зөвшөөрсөн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “*******” ХХК-ний гүйцэтгэх захирал С.*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******, М.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.*******, Г.*******,  хариуцагч Төв аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.*******, Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага: Нэхэмжлэгч “*******” ХХК-иас Төв аймгийн Засаг даргад холбогдуулан “Төв аймгийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/785 дугаар захирамжийн “*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан байна.

 

Хоёр. Маргаанд холбогдох үйл баримтуудын тухайд: 

2.1. Нэхэмжлэгчид Төв аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн А/438 дугаар захирамжаар Зуунмод сумын 1 дүгээр багийн нутаг “10 жилийн дотуур байрны зүүн талд” гэх байршилд “Залуус” орон сууцны цогцолбор төсөл хэрэгжүүлэх зориулалтаар 1,59 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлж[1], 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 000320001 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгон Газрын мэдээллийн санд нэгж талбарын 4110061394 дугаараар бүртгэж, газар эзэмшүүлэх гэрээг 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр[2], 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрүүдэд[3] тус тус байгуулжээ.

 

2.2. Нэхэмжлэгчийн маргаж буй, Төв аймгийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/785 дугаар захирамжаар[4] Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2, 48 дугаар зүйлийн 48.1, 48.2.2, 48.2.3, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн ...40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг үндэслэн “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 ба түүнээс дээш жил ашиглаагүй хавсралтад заасан  иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож”, уг захирамжийн хавсралтын 12 дахь хэсэгт “*******” ХХК, газрын хэмжээ 1,588, орон сууц” хэмээн зааж нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

2.3. Нэхэмжлэгч нь 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр цахим хаягаар ирүүлсэн "газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон тухай мэдэгдэл хүргүүлэх" албан бичгийг хүлээн авч, маргаан бүхий захиргааны актад холбогдуулан тус шүүхэд 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

 

Гурав. Хэргийн оролцогч, түүний өмгөөлөгч нарын нэхэмжлэлийн шаардлага, хариу тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч “*******” ХХК-ний гүйцэтгэх захирал С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани Зуунмод сумын Засаг даргын 2016 оны 03 сарын 22-ны өдрийн А/57 тоот захирамжаар Зуунмод хотод "Залуус хотхон байгуулах төслийн сонгон шалгаруулалтад ялагчаар тодорч, Төв аймгийн Засаг даргын 2016 оны 07 сарын 19-ний өдрийн А/438 тоот захирамжаар Зуунмод 1-р баг ******* хотхон рашааны 203 хаяг бүхий нутаг дэвсгэрт 15880.0 м2 газрыг залуус орон сууцны цогцолбор хороолол барих зориулалтаар эзэмшиж хуульд заасан үүргээ бүрэн биелүүлж, газар эзэмших гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлсээр ирсэн. Гэтэл газар эзэмших эрхийн гэрчилгээг Төв аймгийн Засаг даргын 2022 оны 12 сарын 30-ны өдрийн А/785 дугаар захирамжаар хүчингүй болгосон тухай 2023 оны 01 сарын 11-ний өдөр хаана ямар албан тушаалын хэн гэдэг нь мэдэгдэхгүй цахим хаягаас "мэдэгдэл хүргүүлэх тухай" албан бичгийн хамт компанид ирүүлсэн. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Мөн аймгийн Засаг даргын А/785 дугаар захирамжид Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсгийг заасан байна. Захирамжийг манай компани бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Манай компани гэрээний 4.2 дахь хэсэгт заасан "Зуунмод сумын хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу баригдсан барилга обьектод тухайн газар эзэмшигчийг давуу эрхээр байршуулах үүргийг хүлээсэн, мөн Төв аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэнтэй байгуулсан 2020 оны 03 сарын 03-ны өдрийн 04101-2016/00030 тоот газар эзэмшүүлэх гэрээ 4.15 дахь хэсэгт "Барилга байгууламжийн төлөвлөлтийн эскиз зургийг сум болон аймгийн ерөнхий архитектороор батлуулах", 4.16 дахь хэсэгт "Барилга байгууламжийн зураг төсөл нь хот, тосгоны батлагдсан ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний шийдлүүд, олгогдсон газрын хэмжээ, зориулалттай уялдсан байх бөгөөд барилгажих талбай нь тухайн газрын 70 хувиас илүүгүй байна" гэх үүргийг хүлээлгэсэн, эдгээр үүргийг биелүүлсээр ирсэн. Залуус хотхоны барилгыг барихын тулд Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.3 дахь хэсэгт зааснаар барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажлын зөвшөөрөл авч, түүнд заасан нөхцөлүүдийг биелүүлэхээр тасралтгүй ажлуудыг хийж гүйцэтгэсээр байсан. Үүнд: Зураг төслийн "Кон-Инженерс" ХХК-тай барилгын зураг төсөл гүйцэтгэх гэрээг анх 2016 оны 09 сарын 12-ны өдөр байгуулж одоог хүртэл хамтран ажилласаар байна. Залуус хотхон нь анхны ерөнхий төлөвлөлт дээр 12 блоктой байхаар төлөвлөж барилгын зураг төслийн ажлыг эхлүүлсэн. 2016 оны 10 сарын 20-ны өдөр ерөнхий төлөвлөгөө, эскиз зургийг Төв аймгийн ерөнхий архитектор Д.Алтансүхэд танилцуулж, батлуулахаар анх хүргүүлсэн бөгөөд батлуулах явцад хотхоны 5 давхар барилгуудын зарим хэсгийг хасч таун хаус болгох санал тавьсан тул ерөнхий төлөвлөлт дээр засч 2017 оны 05 сарын 17-ны өдөр 05/17 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар авсан, даалгавар авсны дараа 2017 оны 05 сарын 22-ны өдрөөс шаардлагатай дулаан, цэвэр усны техникийн нөхцөл, холбооны техникийн нөхцөл сунгуулах, цахилгааны техникийн нөхцөл шинээр авах ажлууд эхэлсэн. Төв аймгийн цахилгааны ачааллаас шалтгаалж цахилгааны техникийн нөхцөл 2018 оны 03 сарын 23-ны өдөр гарсан. 2018 онд гарсан техникийн нөхцөлүүдийн дагуу ажлын зургууд хийгдэж байсан. Залуус хотхон барих ерөнхий төлөвлөгөө, эскиз зургийг батлуулах явцад тавигдсан шаардлагуудын дагуу удаа дараа өөрчлөлтүүдийг оруулж ирсээр эцсийн байдлаар 2020 оны 3 сарын 18-ны өдөр батлуулсан. Ерөнхий төлөвлөгөө батлагдсанаар барилгын ажлын зураг төслийн ажлыг эхлүүлэх гэтэл ковид-19 цар тахал гарснаар Монгол Улс даяар 2020 оны 11 сараас 2021 оны 02 сар хүртэл хорио цээрийн хатуу дэглэм тогтоосон. Үүний улмаас зургийн ажлын явц удааширсаар 2021 оны 12 сард зургийн ажил дуусч экспертизэд хүлээлгэн өгсөн. Төслийн ажлын зураг магадлангаар ороод нэгдсэн дүгнэлт нь 2022 оны 03 сарын 04-ний өдөр гарсан. Бид 2022 оны 05 сарын 26-ны өдөр Төв аймгийн Газрын албанд барилгын ажил эхлүүлэх хүсэлтээ өгсөн. Барилгын ажил төлөвлөгөөгөөр 2022 оны 06 сард эхний ээлжид баригдах Таун хаус 5 ш, цахилгаан дамжуулах дэд өртөө, дулаан дамжуулах төв, дэд бүтцийн шугам сүлжээний барилгын ажлуудыг хийж гүйцэтгэхээр төлөвлөөд одоогийн байдлаар 374 сая төгрөгийн зардал гаргаад байна. Гэтэл 2022 оны 06 сарын 08-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын ЗДТГ-аас газар эзэмших зөвшөөрлийг хүчингүй болгох тухай мэдэгдэл хүлээн авсан. Манай байгууллага 2022 оны 06 сарын 13-ны өдрийн 02/754 тоот албан бичгээр мэдэгдэлд дурдсан асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд "тухайн газар эзэмших гэрээнд заасан зориулалтын дагуу газрыг ашиглахаар хийж гүйцэтгэж байгаа ажлаа тодорхой дурдсан" албан бичгийг Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргад хүргүүлсэн. Мөн Зуунмод сумын Засаг даргатай биеэр очин уулзаж төслийн хугацаанд хийгдэж байсан ажлуудаа танилцуулсан. Тус уулзалтаар манай хийсэн ажлуудтай танилцан дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлж байсан. Энэ уулзалтаас хойш 3 удаа Төв аймгийн Зуунмод сумын Засаг дарга Ч.Сарангэрэлд шийдвэр хүсэх тухай албан бичиг, 1 удаа Төв аймгийн Засаг даргын тамгын газарт дэмжлэг хүсэх албан бичиг явуулж байсан боловч хариу ирүүлэхгүй байсан. 2023 оны 01 сарын 11-ний өдөр албан бичгийн хариугаа шаардаж очиход, цахим хаягаар мэдэгдэл гэх огноо байхгүй албан бичгийг захирамжийн хамт ирүүлсэн. ...Компаний эзэмшдэг банкны дансны хуулга болон дансанд дахь бэлэн мөнгөний үлдэгдлийн хуулгийг нотлох баримтаар өгсөн. Залуус хороолол барих төслийг хэрэгжүүлье гээд ажлыг эхлүүлэхэд хангалттай санхүүгийн эх үүсвэрийг бэлэн байлгах үүднээс 3.000.000.000 гаруй тэрбум төгрөгийг ямар нэгэн үйл ажиллагаанд зарцуулахгүйгээр өдийг хүртэл хадгалж байгаа. Төв аймгийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/785 дугаар захирамжийн “*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэв.

3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хийсэн гэрээнд дүгнэлтийг 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хийх байсан. Тэр үед Ковид-19 өвчин гарсан учраас Төв аймаг руу ирэх боломжгүй байсан. Тэгээд 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хийх байсан. Газрын албаар Д.Алтансүхээр экспертецид орж байсан. Онцгой байдал, Мэргэжлийн хяналтын газар руу ирж байсан учраас Газрын алба руу байнга явж байсан. Хийж байгаа зүйлийн талаар мэдэгдэж байсан, гэрээ дүгнүүлэх зүйл хийгээгүй гэв.

 

3.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 10 сарын 20-ны өдөр ерөнхий төлөвлөгөө, эскиз зургийг Төв аймгийн ерөнхий архитектор Д.Алтансүхэд танилцуулж, батлуулахаар анх хүргүүлсэн бөгөөд батлуулах явцад хотхоны хойд талд байсан барилгуудыг үндсээр нь өөрчилсөн. Хойд талд 5 байшин байхад 2 байшин үлдээсэн. Дунд талд байсан 4 байшинг хоёр, хоёроор нь салгаж байрлуулсан. Мөн цахилгаан түгээх дэд станцыг тусад нь гаргасан, дулаан дамжуулах дэд станцыг тусад нь гаргасан. 5 давхар үйлчилгээний барилга нэмж төлөвлөсөн. 100 хүүхдийн ортой цэцэрлэг нэмж байрлуулсан. 6 байсан Таун хаусыг нэгийг нь хасаж, хоорондын зай гаргаж нийт 5 болгож өөрчилсөн. Би тус төслийг хариуцаж байгаа менежер. Тус төслийг хэрэгжүүлэхийн тулд маш их сэтгэл гаргаж, орон нутгийн байгууллага, захиргааны байгууллагад хандаж байсан. Зураг төсөлд маш их өөрчлөлтүүд гаргаж ирсэн. Тэр бүрийг гүйцэтгэхийн тулд өөрсдөөсөө хөрөнгө гаргаж, цаг хугацаа зарцуулсан. Энэ бүгдийг хийгээгүй гэж захирамж гаргаж байгаад харамсаж, гомдож байна. Яагаад гэвэл би Д.Алтансүхтэй очиж уулзаж байсан. Эцэст нь бид нарын цаг хугацаа, хөрөнгийг үрчхээд захирамж гаргаж, газрыг хурааж авч байгаа нь санаатай үйлдэл юм байхдаа гэж би хардаж, эргэлзэж байна. Манай байгууллагын хүмүүс маш их сэтгэл гаргаж хамтарч ажилласан. Хөрөнгө мөнгө их гаргасан. Техникийн нөхцөлүүдийг авах нь ямар хүнд байдгийг та нар мэдэж байгаа. Хавтаст хэрэгт бүх нотлох баримтуудыг он дарааллаар нь өгсөн. Буруу гарсан захирамжийг хүчингүй болгож шийдэж өгөхийг хүсч байна гэв.

 

3.4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргаан бүхий актыг захиргааны байгууллага гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох, мэдэгдэх ажиллагаа хийгээгүй, нөхцөл байдлыг заавал шинжлэн судлах үүрэгтэй. Гэтэл бичиг ирсэн. Нэхэмжлэгч тал бүх бичиг баримтуудыг хийгдсэн өмнөх ажиллагаануудаа листээр гаргаж, тайлбарлаж, бичгээр өгсөн. Захиргааны байгууллага нөхцөл байдлыг шинжлэн тогтоох үүргээ биелүүлээгүй. Захиргааны актад хуульд үндэслэсэн байх, шийдвэр үндэслэл бүхий байх гэсэн гол шаардлагуудыг заадаг. Гэтэл хариуцагч маргаан бүхий актыг гаргахдаа алдаатай гаргачхаад дараа нь тус хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дугаар зүйл гэж тайлбарладаг. Захиргааны акт тухайн үед юу гэж гарсан тэр байдлаар л байна. Тус хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т заасныг баримталсан. 48 дугаар зүйлийн 48.1-т эерэг нөлөөлөл бүхий актын талаар заасан. Эерэг нөлөөлөл бүхий акт нь бид нарт газар олгосон эерэг нөлөөлөл бүхий акт. Гэтэл тус хуулийн 61 дүгээр зүйлийг баримталсан. 61 дүгээр зүйл анхнаасаа олгох ёсгүй байсан газрыг олгосон гэсэн, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.3-т нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн гэж заасан баримтласан. Гэтэл өнөөдөр нэхэмжлэгчид олгосон маргаан бүхий газар нь нийтийн эрх ашиг зөрчсөн сөргөөр нөлөөлсөн гэсэн дүгнэлт огт байхгүй атлаа дээр агуулга хэсэг нь нийтийн эрх ашигтай зөрчилдсөн гэх заалтыг баримталсан. Эерэг болон сөрөг нөлөөллийн заалтыг хамт баримталсан. Гэтэл шүүхэд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар шийдвэр гаргасан тайлбар ирүүлсэн нь хуульд нийцэхгүй байгаа. Утга агуулгын алдаатай. Зүгээр хуулийн заалт баримталсан. Энэ нь хуульд үндэслээгүй гэдгийг тодорхой харуулж байна. Гуравдугаарт, захиргааны актын эрх зүйн үндэслэл нь утгатайгаа сайн тохирч байх ёстой. Гэтэл үндэслэх хэсэгт Зуунмод сумын Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А/156 дугаар захирамжаар гаргасан ажлын хэсгийн дүгнэлтээр гэрчилгээг хүчингүй болгосон. Зуунмод сумын Засаг дарга, аймгийн Засаг даргын захирамжийн биелэлтэд хяналт тавихгүй, хяналт тавих эрх нь байхгүй. Гэтэл сумын Засаг дарга аймгийн Засаг даргын захирамжийн биелэлтэд хяналт тавьж, 40 дү­гээр зүйлийн 40.1.6-т заасныг зөрчсөн гэх дүгнэлт гаргаж, аймгийн Засаг дарга тэрийг үндэслэж шийдвэр гаргаж байгаа нь хуульд нийцэхгүй. Дүгнэлтийг үндэслэн гэж байна, дүгнэлт гэдгийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан. Дүгнэлтийг Мэргэжлийн хяналт, Байгаль орчин, онцгой байдлын газар зэрэг эрх бүхий байгууллага гаргадаг. Ажлын хэсэг дүгнэлт гаргах эрхгүй этгээд. Хэрвээ эрхтэй этгээд дүгнэлт гаргасан гэж үзвэл тэр талаар баримт хэрэгт байхгүй. Хоёрдугаарт, дүгнэлтийг үндэслэж, захиргааны акт гаргаж байгаа нь өөрөөр хэлбэл, хэм хэмжээний актад дүгнэлт гаргах талаар Засаг дарга Газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавихаар ажлын хэсэг байгуулсан захирамж гаргаж, дотооддоо мөрдөгдөж байгаа нь гадагшаа чиглэсэн буюу аж ахуйн нэгжийн эрх, үүрэгт нөлөөлж байгаа учраас хэм хэмжээний актад буюу Хууль зүйн яамны нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн байх ёстой. Гэтэл тэр талаар байхгүй. Хууль зүйн яамны нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй бол үүнийг хэрэглэхийг хориглоно гэж заасан. Тийм учраас үндэслэх хэсэг нь тогтоох хэсэгтэй зөрчилдөж байгаа. Гуравдугаарт, 2 дахь хэсэгт бичсэн. Аж ахуйн нэгжид Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасны дагуу 14 хоногийн дотор мэдэгдэх гэж. Актыг гаргахаасаа өмнө мэдэгдээгүй. Мэдэгдэж, сонсгож, нотлох баримтыг цуглуулах, шинжлэн судлах үүрэгтэй. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-т заасныг Газрын хууль тогтоомжийг тайлбарлах тухай Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 03 сарын 30-ны өдрийн 15 дугаар тогтоолд тайлбарласан, хүндэтгэн үзэх шалтгаан гэдгийг давагдашгүй хүчин зүйл, бусдын хууль бус үйлдлээс шалтгаалсан гэдгийг заасан. Гэтэл энэ зүйл нь нэхэмжлэгчийн маргаан бүхий актыг гаргахад хамаарч байхад захиргааны байгууллага энэ талаар судлаагүй. Сонгон шалгаруулалт 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр явагдсан. Захирамж нь 07 дугаар сард буюу 2 сарын дараа гарсан. Гэрчилгээ нь 10 дугаар сард гарсан. Захирамж, гэрчилгээ байхгүй учраас бид нар ажиллагаа хийж чадаагүй. 65 хоног болсны дараа газрын гэрчилгээ гарсан. Газрын төлбөрөө хийсэн. Анхны эскиз зургаа батлуулахаар Төв аймгийн Ерөнхий архитектур Д.Алтансүх гэх хүнд хүргүүлсэн, 3 давхар 12 барилга, тусдаа 3 байсан. Д.Алтансүх өөрөө давхрыг 2 болгох, таун хаус төлөвлөх гэж 2016  оны 10 дугаар сарын 20-ны өдөр гэж бичээд өөрчилсөн. Үүнийг хийхэд маш их судалгаа хэрэгтэй. Тусгай зөвшөөрөлтэй, зураг хийдэг компаниар хийлгэсэн зургаа дахиад мөнгө төлж хийлгэнэ. Баг ирж ажиллаж, гэрээ байгуулна, мөнгөө өгнө, газар дээр судалгаа шинжилгээ хийнэ, хэмжилт явагдана, үүнтэй холбогдуулан ганцхан цэг өөрчлөхөд хүртэл инженерийн тооцоолол, цахилгааны тооцоолол, барилгын зураг төсөл, эскиз зураг төлөвлөгөө, архитектур төлөвлөлтийн даалгавар зэрэг бүгдээрээ өөрчлөгдөнө. Орц, гарц, зам, техникийн нөхцөл, дулааны нөхцөл, холбооны нөхцөл бүгд өөрчлөгдөнө. Тэгэхээр дахиад өөрчлөлт хийсэн... 2016-2020 оны хооронд Д.Алтансүх Ерөнхий архитектурын 3 удаагийн хийсэн өөрчлөлтийн улмаас дулаан, холбоо, ус, бохир, зам, ногоон байгууламж, эскиз зураг, бүх техникийн нөхцөлүүд дахиад өөрчлөгдсөн. Үүнтэй холбоотой манай талаас дахиад л зардал гарсан Энэ байхгүйгээр барилгын үйл ажиллагаа эрхэлж болохгүй. Д.Алтансүх хамгийн сүүлд 2020 онд архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз зураг, ерөнхий төлөвлөгөөг баталсан. Мэргэжлийн хяналтын байгууллага зам зүүн тийшээ гарч байсныг зүүн хойшоо болгож гарга гээд дахиад өөрчлөлт хийсэн. Үүнтэй холбоотой дахин өөрчлөлт орсон. 2 давхар 100 хүүхдийн ортой байсан цэцэрлэгийн хажуугаар зам хойшоо гаргахад цэцэрлэгийн хэмжээ өөрчлөгдсөн. Хэмжээ нь баруун тийш болохоор дахиад хажууд нь төлөвлөсөн байсан хүүхдийн тоглоомын талбай хэмжээ нь бас өөрчлөгдсөн. Цэцэрлэгийн барилгын хэмжээ өөрчлөгдсөн, цэцэрлэгийн хүүхдийн тоглоомын талбай хэмжээ өөрчлөгдсөн. Эцэст нь Ковид-19 өвчин гарсан. Төв аймгийн Зуунмод сум, Улаанбаатар цахилгаан түгээх станц, Эрчим хүчний яаманд хандсан хугацааг тооцоход 528 хоног зөвхөн цахилгааны эрчим хүчний өөрчлөлтийн улмаас энэ хоногийг зарцуулсан. Байгаль орчны үнэлгээний дүгнэлт гарсан, Залуус хотхоны эскиз зураг, архитектур төлөвлөлтийн даалгаврыг өөрчлөхөд 221 хоног зарцуулсан. Захиргааны байгууллага анх 2016 онд гэрчилгээ гаргахад 142 хоног зарцуулсан. 2020 оны 06 дугаар сард цахилгааны техникийн нөхцөл гарсан. Гэтэл Ковид-19 өвчин гарч Засгийн газрын тогтоолоор 2020 оны 11 дүгээр сараас 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хүртэлх хугацаанд ямар ч үйл ажиллагаа хийхийг хориглосон. Ковид-19 өвчин дууссаны дараа ус, дулаан, цахилгаан, бохирын техникийн нөхцөл 1-2 жилийн хугацаатай гардаг тул дахиад хугацаа сунгуулах хүсэлтүүд өгсөн. 2022 онд арай гэж сунгагдсан. Хамгийн сүүлд барилгын эксперцетын дүгнэлт, магадлангийн дүгнэлт хоёроор гаргасан. 01 дүгээр сар, 02 дугаар сар, 03 дугаар саруудад. Хамгийн эцсийн байдлаар 04 дүгээр сард барилгын экспертец болон магадлангийн дүгнэлтийг гаргуулж, 05 дугаар сард манайх бичиг өгсөн. 06 дугаар сард ажил эхлүүлэх гэж байтал хариуцагчийн эрх ашгийг хөндсөн шийдвэрээс болж зогссон. Хүндэтгэн үзэх шалтгаан байсныг хариуцагч судалж тогтоохгүйгээр актыг гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

3.5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А57 тоот захирамжаар “Залуус хотхон” байгуулах төслийн сонгон шалгаруулалт зарлаж, ******* ХХК оролцож шалгарсан. Тус төсөлд шалгарснаар тухайн төслийг хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэр өнөөдрийг хүртэлх хугацаанд дансандаа байлгасан талаар нотлох баримтаар өгсөн. Төв аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн А438 дугаартай захирамжаар Зуунмод 1 дүгээр баг ******* хотхон Рашааны 203 гэх хаягт нутаг дэвсгэрт 15880 га газрыг Залуус орон сууцны цогцолбор хороолол барих зориулалтаар эзэмшиж, хуульд заасан үүргийг биелүүлсээр ирсэн. Энэ үүргээ биелүүлэх явцад аймгийн Засаг даргын А785 дугаар захирамж гарсан. Энэ захирамжид Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-т хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газрыг 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлд заасан. 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн газар эзэмшүүлэх гэрээний 4.2 дахь хэсэгт Зуунмод сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу баригдсан барилга, объектод тухайн газар эзэмшигчийг давуу эрхээр байршуулах үүргийг хүлээнэ гэсэн, 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан. Тус гэрээгээр 2016 онд байсан гэрээний үүргийг бүрэн биелүүлж байсан, ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй гэж гэрээний талууд дүгнэсний үндсэн дээр 2020 онд гэрээ шинэчлэгдсэн. 2020 оноос маргаан бүхий эрх зүйн акт гарах хүртэл ******* ХХК гэрээний үүргийг биелүүлж, 4.15 дахь хэсэгт барилга байгууламжийн төлөвлөлтийн эскиз зургийг сум болон аймгийн Ерөнхий архитектураар батлуулна. 4.16 дахь хэсэгт барилга байгууламжийн зураг төсөл нь хот тосгоны батлагдсан ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний шийдлүүд, олгогдсон газрын хэмжээ зориулалттай уялдсан байх бөгөөд барилгажих талбай нь тухайн газрын 70 хувиас илүүгүй байна гэх үүргийг биелүүлж байсан. Барилга байгууламжийн техникийн нөхцөл, зураг төсөл боловсруулах, барилгын ажлын зөвшөөрлийг хуульд заасны дагуу авч, түүнд заасан нөхцөлийг биелүүлэх тасралтгүй ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Энэ талаар нэхэмжлэлд хавсаргасан 516 хуудас баримт нотолж байна. Залуус хотхон анхны ерөнхий төлөвлөлтөө 12 блоктой байхаар төлөвлөж, барилгын зураг төслийг эхлүүлсэн байдаг. 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ерөнхий төлөвлөгөө, эскиз зургийг Төв аймгийн Ерөнхий архитектур Д.Алтансүхэд батлуулахаар хүргүүлсэн. Архитектур төлөвлөлтийн даалгаврыг авсны дараа 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс хойш дулаан, цэвэр ус, техникийн нөхцөл, холбооны техникийн нөхцөл сонгуулах гэх мэт ажил хийгдсэн. 2020 онд газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмшүүлэх шинэчилсэн дугаартай гэрээ авсан. Үүнээс хойш кадастрын зураг зэрэг бүх зүйл шинэчлэгдсэний дараа ерөнхий төлөвлөгөө эскиз зургийг Газрын албаар батлуулахаар 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүргүүлсэн. Ерөнхий архитектур Д.Алтансүх гэх хүний зассан, өөрчилсөн, өөрчлөхийг даалгасан үүрэг даалгаврыг биелүүлсээр байтал 2022 оны 06 дугаар сард Таун хаус 5 ширхэг, цахилгаан дамжуулах дэд өртөө, дулаан дамжуулах төв дэд бүтцийн шугам сүлжээний барилгын ажлуудыг хийж гүйцэтгэх гэсэн ажлуудыг төлөвлөсөн. 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд ажлыг хийж гүйцэтгэж, зохих зөвшөөрлийг хуульд заасны дагуу авах гээд эрх бүхий байгууллагад хандсан. Гэтэл шийдвэр нь одоог хүртэл гараагүй. Энэ шийдвэр гараагүй байхад 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/785 дугаартай захирамж гарсан. Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагаа зохион байгуулаагүй, эрхийг зөрчсөн. Хариуцагч 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Даваа гаригийн Өдрийн сонинд зарласан гэж тайлбарладаг боловч Өдрийн сонины энэ дугаарт ******* ХХК гэж байхгүй, Хууль зүйн үндэслэлийн тухайд, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримталсан. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-т зааснаар мэдэгдсэн гэж тайлбарладаг, гэтэл энэ нь нотлогддоггүй. Тухайн газрыг зориулалтын дагуу ашиглахын тулд барилга барихад тавигдах шаардлага байгаа. Барилгын норм, Барилгын тухай хуулиар нарийвчилсан үүрэг хүлээнэ. Гэтэл  хүндэтгэн үзэх шалтгаан гарч байгаа. Маргаан бүхий А/785 дугаартай актын ажлын хэсгийн дүгнэлт гэдэгт үндэслэж байгаа. Хариуцагч дүгнэлтийг үндэслэсэн гээд хариу тайлбартаа ажлын хэсгийн тэмдэглэл өгч байгаа. Тэмдэглэл, дүгнэлт хоёр бол эрх зүйн үр дагавраар ялгаатай. Ажлын хэсэг нь дүгнэлт гаргах эрх мэдэлгүй. А/785 дугаартай захирамж хууль зүйн болон үйл баримтын тухайд үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.

 

3.6. Хариуцагч Төв аймгийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:  "*******" ХХК Төв аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн А/438 дугаар захирамжаар Зуунмод сумын Номт 1-р багт хотхон барих зориулалтаар 1.59 га газрыг эзэмшүүлсэн. Зуунмод сумын Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А/156 дугаар захирамжаар байгуулагдсан сумын нутаг дэвсгэрт газар эзэмшигч, ашиглагч иргэн, хуулийн этгээд газрыг зориулалтын дагуу ашиглаж, гэрээний үүргээ биелүүлж байгаа эсэхэд хяналт, шалгалт хийх чиг үүрэг бүхий ажлын хэсэг 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хяналт, шалгалтаар газар дээр нь ажиллахад "*******" ХХК нь хотхоны зориулалттай /4110061394/ нэгж талбарын дугаар газрыг 7 жил эзэмшихдээ зориулалтын дагуу ашиглаагүй байгааг илрүүлсэн бөгөөд 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 2 дугаар хуралдааны тэмдэглэлээр хүчингүй болгох санал гаргасны дагуу 2022 оны 11 дүгээр сарын 28-ны Даваа гаригт Өдрийн сонинд Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйл, 27 дугаар зүйлийн 27.2.2 дахь заалтыг үндэслэн сонсох ажиллагааг хийсэн. Газрын тухай тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг зөрчсөн тул "*******" ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Иймд нэхэмжлэлийг шаардлагыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

3.7. Хариуцагч Төв аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ******* ХХК нь 2016 онд дуудлага худалдаагаар тус газрыг авсан. 2016 оны 10 дугаар сард газар эзэмших гэрээг Газрын алба хариуцсан мэргэжилтэн гэрээг байгуулсан. Газар эзэмших гэрээг 1 жилийн хугацаатай байгуулдаг, гэрээ байгуулсан хугацаанаас хойш нэхэмжлэгч ирж гэрээгээ шинэчилж байгаагүй. 2020 оны 03 дугаар сард хийсэн газар эзэмших гэрээний тухайд улсын хэмжээнд газрын албаны программ шинэчлэгдэж, бүх нэгж талбарыг шинэчилж программд оруулж, газар эзэмшиж байгаа аж ахуйн нэгжүүдтэй бүгдтэй нь шинээр гэрээ байгуулсан. Тэр үеэр гэрээ байгуулсан. Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамжийн тухайд нийт 20 гаруй иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-т зааснаар газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр ******* ХХК-ийн газрын гэрчилгээг хүчингүй болгосон. Сонсох ажиллагааны талаар ******* ХХК-д барилгын үйл ажиллагаа эрхлэх талаар албан бичиг явуулсан ч ямар ч нотлох баримт ирүүлээгүй. 2022 оны 06 дугаар сард Зуунмод сумаас мэдэгдэх хуудас өгсөн. Үүний дагуу хариу бичиг ирүүлсэн. Захиргааны байгууллага сонсох ажиллагаа хийж байгаа. Нотлох баримтаа цуглуулж, нөхцөл байдлыг тогтоох гэж хариу тайлбар авсан. ******* ХХК-иас барилгын ажил хойшилж байгаа талаар баримт байхгүй, сонсох ажиллагаа явуулж байсан ажлын хэсэгтээ аж ахуйн нэгжийн зүгээс ирж уулзаагүй. Захиргааны актыг мэдэгдэх шаардлагын хүрээнд цахим хаягаар мэдэгдэл явуулж, Өдрийн сонинд мэдэгдсэн. Сонсох ажиллагаа, шийдвэр гаргах ажиллагааг өөр албан хаагч явуулж байгаа. Барилгын зураг төсөлд өөр албан хаагч холбогдож байгаа. Нотлох баримтуудаа цуглуулж, нөхцөл байдлыг тогтоогоод газраа зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй гэх үндэслэлээр ******* ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.8. Хариуцагч Төв аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ажлын хэсгээр Газар зохион байгуулагч н.Наран, газрын даамал н.Баярсайхан, Зуунмод сумын Газрын харилцааны ажилтан н.Аззаяа нар газар дээр ажилласан. Газар дээр хашаа барьсан, цахилгаан татсан байсан, өөр юу ч байгаагүй. Ажлын хэсгийн хуралд тухайн авсан баримтуудыг танилцуулсан. Тэр баримт нотлох баримтын шаардлага хангахгүй байсан учраас шүүх нотлох баримтаар аваагүй. Газар дээр нь дрон нисгэж авсан зургуудаа харуулсан. Урьдчилан мэдэгдэх ажиллагааг хийсэн. Нэхэмжлэгч ямар ч бичиг баримт өгөөгүй.  Газрын даамал суманд байж ажлаа хийгээд явж байгаа. Газрын албаны хүмүүс, иргэд, холбогдох мэргэжилтнүүд нь газартаа үйл ажиллагаа явуулахгүй байгаа талаар бүгдээрээ харж байгаа. Мөн Засаг даргаас үүрэг болгож, үйл ажиллагаа явуулахгүй байгаа хүмүүст урьдчилан мэдэгдэх ажиллагааг явуулсан. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэг. Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбар зэргийг үндэслэн нэхэмжлэгчийн Төв аймгийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/785 дугаар захирамжийн “*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Хоёр. Маргааны үйл баримтуудын тухайд:

2.1. Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар

-Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/57 тоот захирамжаар Зуунмод суманд "Залуус хотхон байгуулах төслийн сонгон шалгаруулалт зарлаж, уг шалгаруулалтаар*******” ХХК-ийн төслийг шалгаруулснаар[5], Төв аймгийн Засаг дарга 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн А/438 тоот захирамжаараа[6] Зуунмод 1-р баг ******* хотхон рашааны 203 хаягт байршилтай нутаг дэвсгэрт 15880.0 м2 (1.588 га) газрыг залуус орон сууцны цогцолбор хороолол барих зориулалтаар “*******” ХХК-д 15 жилийн хугацаагаар эзэмшүүлж, 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 000320001 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгон[7] Газрын мэдээллийн санд нэгж талбарын 4110061394 дугаараар бүртгэж, газар эзэмшүүлэх гэрээг 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр,  2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрүүдэд тус тус байгуулсан.

2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан газар эзэмшүүлэх гэрээний[8] 4.14 дэх хэсгээр “газар эзэмшүүлэх гэрээг дүгнүүлэх”, 4.15 дахь хэсгээр “барилга байгууламжийн төлөвлөлтийн эскиз зургийг сум болон аймгийн ерөнхий архитектороор батлуулах” үүргийг хүлээлгэсэн,

- нэхэмжлэгчээс “Залуус" орон сууцны цогцолбор хотхон байгуулах төсөл хэрэгжүүлэхээр маргаан бүхий 1,59 га газарт Төв аймгийн Багаль орчин аялал жуулчлалын газрын шинжээч Б.Болдбаяраар 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2016/36 дугаартай Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ гаргуулсан, уг дүгнэлтэд: "*******" ХХК нь аймгийн төв Зуунмод хотын бүтээн байгуулалтад оролцож нийт 10000 м³ талбайд бүтээн байгуулалтын ажил хийж, 3 давхар 21 блок бүхий 205 айлын, 60 автомашины дулаан граж, 140 авто машины ил зогсоол, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж харуул хамгаалалттай цогц барилга байгууламжийг барьж ашиглалтад оруулах ба орчин үеийн шаардлагад нийцсэн цэцэрлэгжсэн, бусдад үлгэр дууриал болох орчныг бий болгохоор төлөвлөсөн байна. Хэрэгжих хугацаа: 2017-2018 он, ... уг төслийг хэрэгжүүлэх боломжтой...”[9]  гэсэн,

- нэхэмжлэгч нь "Кон-Инженерс" ХХК-тай барилгын зураг төсөл гүйцэтгүүлэх гэрээг анх 2016 оны 09 сарын 12-ны өдөр байгуулж, "Залуус" хотхоны орон сууцны барилгын зураг төслийг гүйцэтгүүлэн Төв аймгийн ерөнхий архитектур Д.Алтансүхэд хүргүүлсэн, Д.Алтансүхээс уг зураг төсөлд өөрчлөлт оруулах зураглал, тайлбарыг бичиж өгснөөс[10] хойш тэрээр нэхэмжлэгчид 3 удаа төлөвлөлтийн даалгавар өгсөн бөгөөд түүний даалгаврын дагуу 2016-2022 онуудад барилгын зураг төслийг  "Кон-Инженерс" ХХК-иар өөрчлөн гүйцэтгүүлсэн болох нь "Залуус" орон сууцны хорооллын 2016 оны  эскиз зураг[11], 2017 оны  5 дугаар сарын 17-ны өдрийн 05/17 тоот “архитектур төлөвлөлтийн даалгаварт-орон сууцны барилга 5 давхар, хаус 3 давхар, авто машины ил зогсоол төлөвлөх, орчны тохижилтийн зураг хийх, ...зургийн ажлыг геологийн дүгнэлтийн дараа эхлүүлэх”[12] гэсэн, 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн АТД-24/20 тоот архитектур төлөвлөлтийн даалгаварт “Орон сууцны барилга 9 ш, 21,0х10,8 м, амины орон сууц 5 ш, 14,0х12,0м,  100 ортой цэцэрлэгийн барилга 38,0х15,0 м, Үйлчилгээний барилга 12,0х9,0 м, дулаан дамжуулах төв 9,0х6,0 м Цахилгааны дэд өртөө 9,0х5,0 м, 15000 м2 талбайгаас 9000 м2 газарт багтааж, зураг төслөөр эзэмшил газрын 60%-иас дээшгүй талбайд барилгажуулах...” гэсэн[13], зураг төсөл боловсруулах 2016 оны КИ-06/16 тоот[14], 2018 оны ки-01/18 тоот[15]2020 оны ки-03/20 тоот[16], ки-04/20[17], ки-05/20 тоот[18] гэрээ, "Залуус орон сууцны хороолол”-ын 2017 оны “А-блок-ажлын зураг”[19], 2020 оны “ажлын зураг”[20], 2021 оны “ажлын зураг”[21], 2022 оны “гадна холбооны ажлын зураг”[22] зэргээр тус тус тогтоогдсон,

- нэхэмжлэгчээс “Барилгын хөгжлийн төвтэй “зураг төслийн баримт бичигт магадлал хийх ажлын гэрээ”-г 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр байгуулснаар, тус төвөөс 2022 оны  3 дугаар сарын 04-ний өдөр 291/2022 тоот “Зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэл”-ийг батлан гаргасан[23],

- нэхэмжлэгчээс 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Төв аймгийн Газрын храилцаа, барилга, хот байгуулалтын газарт хандан “Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл хүсэх”[24] албан бичгийг хүргүүлсэн,

- нэхэмжлэгчээс дээр дурдсанаар, "Залуус" хотхоны орон сууцны барилгын зураг төсөлд өөрчлөлт оруулж, холбогдох магадлал, дүгнэлтийг гаргуулах явцад буюу 2016-2022 онуудад Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ төрийн өмчит хувьцаат компани, Төв аймгийн Төв чандмань-Дулаан эрчим хүч орон нутгийн өмчит аж ахуйн тооцоог үйлдвэрийн газар, Мэдээлэл холбооны сүлжээ ХХК, Төв аймгийн Онцгой байдлын газар зэрэг байгууллагуудад тухай бүр хүсэлтээ гаргаж, холбогдох техникийн нөхцлүүдийг гаргуулан авч байсан нь Төв аймгийн Онцгой байдлын газрын 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 08/02 дугаартай Барилгын зураг төсөлд хяналт хийсэн тухай дүгнэлт болон Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн 22/2020 дугаартай техникийн нөхцөлд: 5 давхар 9 ш орон сууцын барилга, 2 айлын 2 давхар Таун-хаус-5 ширхэг, 2 давхар 100 хүүхдийн цэцэрлэг 1 ширхэг 5 давхар ахуй үйлчилгээний төв 1 ширхэг, дулаан дамжуулах төв 1 ширхэг барилга байгууламжид холбооны техникийн нөхцөлийг 2022 оны 08 дугаар сарын 11-нийг хүртэл 1 жилийн хугацаатай сунгав[25] гэсэн, Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ төрийн өмчит хувьцаат компаний 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 0363/2018 дугаартай техникийн нөхцөлдЗалуус хотхон орон сууц Эхний ээлжийн барилга, техникийн нөхцөл олгох үндэслэл: Төв аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын БХБХэлтсийн 2017 оны 05-р сарын 17-ны өдөр баталсан 05/17 тоот архитектор төлөвлөлтийн даалгавар, техникийн нөхцөлийн дагуу холболтыг 1 жилийн хугацаанд хийх” гэсэн зэрэг хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

2.2. Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн тухайд:

Төв аймгийн Засаг дарга 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/785 дугаар захирамжаар[26] Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2, 48 дугаар зүйлийн 48.1, 48.2.2, 48.2.3, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг үндэслэн 20 иргэн, аж ахуй нэгжид олгосон 31.5177 га газартаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 ба түүнээс дээш жил ашиглаагүй, газрын төлбөрөө бүрэн төлөөгүй хавсралтад заасан иргэн, хуулийн этгээдийн гэрчилгээг Зуунмод сумын Засаг даргын 2022 оны А/156 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд уг захирамжийн хавсралтын 12 дугаарт “*******” ХХК гэж заасан байна.

Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт “Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ: 35.3.1.газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх, 35.3.2.газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх” гэж, хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно:...40.1.6.хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж, 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газартай холбогдон үүссэн маргааны талаар ... эсхүл шүүхээр шийдвэрлүүлнэ” гэж тус тус заасан.

Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 03 сарын 30-ны өдрийн 15 дугаартай Газрын хууль тогтоомжийг тайлбарлах тухай тогтоолын 1.10 дахь хэсэгт “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан “… зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно” хэмээн тайлбарласан байна.

Нэхэмжлэгчээс маргаан бүхий газар дээр хашаа барьж, цахилгаан эрчим хүчний өндөр хүчдэлийн шугам татсанаас өөрөөр үл хөдлөх барилга байгууламж бариагүй нь хэргийн оролцогчдын тайлбар фото зураг зэргээр тогтоогдож байх боловч, нэхэмжлэгч нь Төв аймгийн Засаг даргын 2016 оны А/438 дугаартай “Газар эзэмшүүлэх” тухай захирамжийн 2.5-т “орон сууцны хорооллын барилга байгууламжийг инженерийн дэд бүтцийг холбогдох байгууллагаас техникийн нөхцлийг авч, барилга байгууламжийг зөвшөөрөл авч эхлүүлэх” гэж, 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан газар эзэмшүүлэх гэрээний[27] 4.15 дахь хэсэгт  “барилга байгуулалжийн төлөвлөлтийн эскиз зургийг сум болон аймгийн ерөнхий архитектороор батлуулах” гэж заасны дагуу "Залуус" хотхон орон сууцны барилгын зураг төслийг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж, эрх бүхий албан тушаалтнаар хянуулж, өөрчлөлт оруулах, зургийг батлуулах, холбогдох техникийн нөхцлийг гаргуулах зэргээр гэрээнд заасан үүргээ биелүүлсэн болох нь дээр дурдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Нэхэмжлэгчээс Төв аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хандан “Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл хүсэх”[28] албан бичгийг холбогдох баримтын хамт хүргүүлсэн байхад хариуцагчаас, эдгээр нөхцөл байдлыг шалгаж тогтоолгүйгээр шийдвэр гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэгт “захиргааны үйл ажиллагаанд баримтлах “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” тусгай зарчимд нийцээгүй байна. Иймд, нэхэмжлэгчийг “гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж буруутгах хууль зүйн үндэслэлгүй байх тул маргаан бүхий захиргааны акт болох Төв аймгийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/785 дугаар захирамжийн “*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Маргаан бүхий захиргааны актаар нийт 20 иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд хариуцагчаас “*******” ХХК-ийн тухайд эзэмшлийн газраа 2 жил дараалан зориулалтын дагуу ашиглаагүй гэх үндэслэлээр газар эзэмших эрхийг нь хүчингүй болгож шийдвэрлэсэн” гэсэн  тайлбарыг шүүхэд ирүүлсэн тул шүүхээс маргаан бүхий акт “Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2.2, 48.2.3, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг зөрчсөн тухай нэхэмжлэгчийн тайлбарт дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

Маргаан бүхий газар байрлаж буй Зуунмод сумын Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн А/156 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгээс тухайн суманд газар эзэмшиж буй байдлыг хянаж шалгаж, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай мэдэгдлийг 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэгчид хүргүүлсэн. Нэхэмжлэгчээс тус ажлын хэсэгт хийсэн ажлуудын жагсаалтыг хүргүүлсэн ч холбогдох баримтуудаа хүргүүлээгүй, мөн газар эзэмшүүлэх гэрээний 4.14 дэх хэсэгт заасан “газар эзэмшүүлэх гэрээг дүгнүүлэх” үүргээ биелүүлээгүй нь нотлогдож байна. Иймээс, нэхэмжлэгчийн “Захиргааны ерөнхий хуульд зааснаар сонсох ажиллагаа явуулаагүй” гэх тайлбар үндэслэлгүй гэж дүгнэлээ.

 

Харин, нэхэмжлэгч газраа зориулалтын дагуу ашигласан нь дээр дурдсанаар тогтоогдсон тул түүнийг зөвхөн газар эзэмшүүлэх гэрээг дүгнүүлээгүй үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүйг дурдаж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д Улсын тэмдэгтийн хураамжийг хэргийн оролцогчид хуваарилах асуудлыг энэ хуулийн 47 дугаар зүйлд заасны дагуу зохицуулна гэж, 47 дугаар зүйлийн 47.1-д... улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлнэ гэж зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3. 106.3.14 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.2, 40 дүгээр зүйлийн 40.1.6, 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Төв аймгийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/785 дугаар захирамжийн “*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******” ХХК-д олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн108 дугаар зүйл, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ч.ОДСҮРЭН

 

 

 

 

 

[1] Хавтаст хэрэг-1, 15 дахь талд,

[2] Хавтаст хэрэг-1, 5053 дахь талд,

[3] Хавтаст хэрэг-1, 9-12 дахь талд,

[4] Хавтаст хэрэг-3, 84 дэх талд,

[5] Хавтаст хэрэг-1, 39 дэх талд,

[6] Хавтаст хэрэг-1, 15 дахь талд,

[7] Хавтаст хэрэг-1, 53 дахь талд,

[8] Хавтаст хэрэг-1, 9-12 дахь талд,

[9] Хавтаст хэрэг-1, 56-57 дахь талд,

[10] Хавтаст хэрэг-1, 124 дэх талд,

[11] Хавтаст хэрэг-1, 89-100 дэх талд,

[12] Хавтаст хэрэг-1, 84-85 дахь талд,

[13] Хавтаст хэрэг-1, 125-126 дахь талд,

[14] Хавтаст хэрэг-1, 48-49 дэх талд,

[15] Хавтаст хэрэг-1, 118-119 дэх талд,

[16] Хавтаст хэрэг-1, 122-123 дахь талд,

[17] Хавтаст хэрэг-1, 147-149 дэх талд,

[18] Хавтаст хэрэг-1, 149-150 дахь талд,

[19] Хавтаст хэрэг-1, 203-250дахь талд,

[20] Хавтаст хэрэг-2, 139-195 дахь талд,

[21] Хавтаст хэрэг-269-138 дахь талд,

[22] Хавтаст хэрэг-2,3, 196-250, 1-42 дахь талд,

[23] Хавтаст хэрэг-1, 171-182 дахь талд,

[24] Хавтаст хэрэг-1, 188 дахь талд,

[25] Хавтаст хэрэг-1, 164-166 дахь талд,

[26] Хавтаст хэрэг-3, 52 дахь талд,

[27] Хавтаст хэрэг-1, 9-12 дахь талд,

[28] Хавтаст хэрэг-1, 188 дахь талд,