2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2026 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 2026/ШЦТ/1333

 

 

 

 

 

 

 

  2026            05             07                                       2026/ШЦТ/1333

 

           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Шинэхүү даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Намуунзаяа,

Улсын яллагч З.Өлзийхүү,

Шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б овогт М-ын Бт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2506 06615 2752 дугаартай хэргийг 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, *** мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт *** тоотод оршин суух хаягтай,

урьд Хэнтий аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2005 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 6 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т зааснаар 200,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

Хэнтий аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар 3 жил 10 хоног хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан,

Сум дундын 29 дүгээр шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25.1-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон, регистрийн *** дугаартай, Б овогт М-ын Б.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 07 дугаар сарын 02-ны 00 цагийн орчим *** тоотод буюу гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Э.Үтай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний биед халдаж, эрүүл мэндэд нь биед зүүн нүдний ухархайн дотор хананд цөмөрсөн хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, хоёр бугалгад цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн үед жаахан уучихсан байсан. Таксинд суугаад хүрээд ир, ирэхээр чинь мөнгийг нь өгнө гэчхээд очсон чинь өгөөгүй. Тэгээд муудалцсан...” гэв.

Улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтийн хавсралтад авагдсан баримтуудыг шинжлэн судална гэв.

Шүүгдэгч М.Б шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулах баримтгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас яллагдагч М.Бт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Хоёрдугаар бүлэгт заасан харьяаллын дагуу шилжүүлсэн байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон, нотлох баримтын хүрэлцээт байдал хангалттай байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Гэм буруугийн талаар шүүхээс дараах дүгнэлтийг хийв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “…Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно…”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “…Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно…” гэж тус тус заажээ.

Улсын яллагчаас “…Шүүгдэгч М.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 07 дугаар сарын 02-ны 00 цагийн орчим *** тоотод буюу гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Э.Үтай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний биед халдаж, эрүүл мэндэд нь биед зүүн нүдний ухархайн дотор хананд цөмөрсөн хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, хоёр бугалгад цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирол төлбөрийн тухайд Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 2,267,000 төгрөгийг төлөөгүй. Үүнийг шүүгдэгчээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгуулах саналтай байна...” гэх дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч М.Б нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй маргаагүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол...” гэж гэмт хэргийн шинжийг хуульчилжээ.

Энэхүү гэмт хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй буюу хохирогчийн эрүүл мэндэд заавал хөнгөн зэргийн хохирол учирсан байх шинжийг шаарджээ.

Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн ЕГ0725/9206 дугаартай: “...Э.Үгийн биед зүүн нүдний ухархайн дотор хананд цөмөрсөн хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, хоёр бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 18-20 дахь тал/-ээр хохирогч Э.Үгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогджээ.

Яллагдагч М.Бын мөрдөн байцаалтын үед өгсөн: “...Ү найз Бийнхээ хамт архи уугаад сууж байсан. Нэлээн согтсон, халамцуу сууцгааж байсан. Гэрийн нөхцөл уур амьсгал хэрүүл маргаантай байж байтал Ү босож ирээд миний халаасыг ухсан. Халааснаас карт, бэлгэвч гараад ирсэн. Тэр ямар учиртай бэлгэвч гарч ирснийг би мэдээгүй, гайхсан. Гэтэл Ү тэрийг харчхаад карт дээр байсан О гэсэн нэрийг хараад намайг хардаад, чи муу энэ хүнтэйгээ янхандаж байгаад ирсэн үү гээд орилж чарлаад дайраад байсан. Тэгэхээр нь би Ү чи чимээгүй байлдаа гэж хэлтэл өөдөөс дайраад хацраа өгөөд чи цохиод ав гээд орилоод байхаар нь би нэг алгадаад нэг удаа цохичихсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 83-84 дэх тал/ авагджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “…Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй…” гэжээ. Харин дээрх мэдүүлгүүд дараах нотлох баримтуудаар давхар нотлогдож байна гэж шүүхээс дүгнэлээ. Үүнд:

Хохирогч Э.Үгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэгээд жижиг өрөөнд орж ирээд бид хоёртой хамт суусан ба шортны халааснаас нь О гэсэн виза карт, бэлгэвчтэй гарч ирэхээр нь чи өөр хүнтэй хонож заваарч ирлээ гэж хэлсэн. Тэгээд би тэр хүүхэнтэйгээ хоносон байна гэж хэлээд утасных нь дугаар луу залгасан чинь чи яахаараа дандаа ингэж байдаг юм гэж хэлсэн. Би Быг Бор-Өндөр лүү яваад юу болсон юм гэж асуусан чинь би эхнэр чинь гомдол гаргасан байна тэгээд надаас юуны талаар гэж асуухаар нь хэл амаар доромжилсон сошиал орчинд зургийг нь тавьсан сэтгэл санааны хохиролтой байна гэж гомдол гаргасан байна лээ гэж хэлсэн. Тэгсэн чинь намайг чи юу гэж хэлсэн гэхээр нь миний зургийг сошиалд тавьсан би зургийг нь тавиад устгасан гэж хэлсэн. Би гомдолтой гэж хэлсэн чинь миний нүүр лүү 4-5 удаа цохисон. Тэгээд миний дээр гарчхаад салахгүй байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дэх тал/,

Аюулын зэргийн үнэлгээний: “...Нийлбэр оноо: 5, Дунд...” гэх тэмдэглэл /хх-ийн 66-68 дахь тал/ болон шүүх хуралдааны үед талуудын шинжлэн судалсан нотлох баримтууд, талуудын өгсөн мэдүүлэг зэрэгт үндэслэн дүгнэвэл шүүгдэгч М.Бын тус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

Хүндрүүлэх шинжийн хувьд:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “…Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол…” гэж,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь заалтад “...гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж...” гэж тус тус заажээ.

Хохирогч Э.Үгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Б гэх хүнтэй 2024 оноос эхлээд хамтран амьдарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дэх тал/,

Яллагдагч М.Бын мөрдөн байцаалтын үед өгсөн: “...Би одоогоос 3 жилийн өмнө Ү гэх эмэгтэйтэй танилцаж байсан. Тухайн үедээ ирэн очин уулздаг байж байгаад жил гаруйн өмнөөс Үтай хамтран амьдарч эхэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 83-84 дэх тал/ зэрэг болно.

Шүүгдэгч М.Б болон хохирогч Э.Ү нар нь хэдийгээр гэрлэсний бүртгэлгүй боловч шүүгдэгч нь хохирогчтой хамтын амьдралтай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдож байх бөгөөд энэ талаар маргаагүй болно.

Иймд шүүгдэгч М.Бын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт халдсан байх тул гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан үйлдэл мөн байна гэж шүүхээс дүгнэв.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт “…эрүүл, аюулгүй орчинд амьдрах…”, мөн зүйлийн 16.11 дэх хэсэгт “…гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй тэгш эрхтэй…”, мөн зүйлийн 16.13 дахь хэсэгт “…халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй…” гэж тус тус заасан Монгол Улсын Иргэний баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөнд халдсанаас гадна Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “…хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй…” гэж тус тус заажээ.

Иймд шүүгдэгч М.Бын Э.Үгийн биед халдсан үйлдэл нь нийгэмд аюултай байна.

Шүүгдэгч М.Б нь хохирогч Э.Үгийн эрүүл мэндэд халдах үедээ хийж буй үйлдлийнхээ үр дагаврыг ойлгож үйлдсэн бөгөөд шүүгдэгч нь сэтгэцийн хувьд эрүүл, хэрэг хариуцах чадваргүй гэх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд насанд хүрсэн, өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэжээ.

Хохирогч Э.Үгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн ЕГ0725/9206 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 18-20 дахь тал/-ээр тогтоогдсон байна.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хөнгөн хохирол гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Э.Үгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд уг хохирол, шүүгдэгч М.Бын гэм буруутай санаатай үйлдэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9 дэх заалтад “...гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах…” эрхтэй, мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “…Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй…” гэж тус тус хуульчилжээ.

Хохирогч Э.Ү нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд баримтаар хохирол, төлбөр нэхэмжлээгүй бөгөөд “...Сэтгэл санааны хохирол тогтоолгохгүй, гомдол санал нэхэмжлэх байхгүй...” гэж мэдэгдсэн /хх-ийн 14, 93 дахь тал/ байх  тул шүүгдэгч М.Быг баримтаар бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

Мөн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтад “…гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад…” нөхөн төлүүлнэ гэжээ.

Улсын яллагчаас Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл /хх-ийн 60 дахь тал/-д авагдсанчлан 2,267,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгуулах санал гаргасан боловч мөрдөн байцаалтын шатанд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрыг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон үйл баримт хэрэгт авагдаагүй байх тул уг зардалтай холбогдуулан жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдэхийг дурдах нь зүйтэй байна.

Харин шүүгдэгч М.Бын хууль бус үйлдлийн улмаас учирсан болон цаашид учирч болох гэм хорын хохирлыг хохирогч Э.Ү нь нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдэхийг тэмдэглэж байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч М.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байх бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас “...Шүүгдэгч М.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна...” гэх дүгнэлт гаргасан болно.

Шүүгдэгч М.Б нь улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх саналтай холбогдуулж “...Хэлэх зүйлгүй...” гэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад хувийн байдалтай холбогдуулж дараах баримтуудыг шинжлэн судлав.

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 24 дэх тал/,

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 27 дахь тал/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33 дахь тал/ зэрэг болно.

Шүүгдэгч М.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч М.Бт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа түүний гэмт хэрэг үйлдсэн шалтгаан, нөхцөл байдал, хохирогчтой гэр бүлийн харилцаатай болох, үйлдсэн хэрэгтээ хийж буй дүгнэлт, хохирогчид учирсан гэмтлүүд зэрэг нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Нийгэмд аюултай аливаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдийн учруулсан хохирол, хор уршиг нь түүнд оногдуулж буй эрүүгийн хариуцлагатай тэнцүү байх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэж заасан шударга ёсны зарчимд нийцэх учиртай.

Иймд шүүхээс шүүгдэгч М.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгтээ хийж буй түүний дүгнэлт, хувийн байдал зэргийг харгалзан, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч М.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч М.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Б овогт М-ын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар М.Бт 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар М.Бт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар болон хохирогч Э.Ү нь цаашид гарах эмчилгээний зардал, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.ШИНЭХҮҮ