| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гэрэлхүүгийн Жаргалтуяа |
| Хэргийн индекс | 138/2022/00153/И |
| Дугаар | 138/ШШ2022/00220 |
| Огноо | 2022-02-28 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 138/ШШ2022/00220
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа би, хариуцагч *******д холбогдох “Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 516 250 төгрөг гаргуулах тухай” *******ийн нэхэмжлэлийг 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Дорнод аймаг, ******* сумын 2 дугаар баг, *******гийн ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн ******* /утас / шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* миний төрсөн дүү юм. 2021 оны 06 сард түүнээс 4х4 харьцаатай өвөлдөө суудаг банзан байшинг ярилцаж тохиролцоод 1 500 000 төгрөгөөр авсан. Тэр үед нь 500 000 төгрөг өгөөд, үлдэгдэл мөнгийг 10 сард өгье гэж тохирсон. Дээвэр нь муу байсан тул 5 ширхэг дээврийн төмөр авч дээвэрлүүлсэн. Мөн тэр үед хэрэг болсон тул дрилл худалдаж авсан. Гэтэл 10 сард өөр хүнд зарахаар боллоо гээд ачаад аваад явчихсан. Надаас авсан мөнгөний 200 000 төгрөгийг өгсөн. 300 000 төгрөгийг өгөөгүй. Иймд төмрийн үнэ 106 250 төгрөг, дриллийг минь авчихаад өгөхгүй байгаа тул 0 000 төгрөг, үлдэгдэл 300 000 төгрөг, нийт 516 250 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч Дорнод аймаг, ******* сумын дүгээр баг, тоотод оршин суух, ЖМ870871 регистрийн дугаартай, ******* овогт *******гийн /утас 89878089/ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие өөрийн төрсөн эгч *******т пингээ 500 000 төгрөгөөр худалдаж, мөнгийг авсан. Үүний дараа эгчээс пингээ буцаан авч өөр хүнд зарсан. Иймд *******ийн нэхэмжилсэн 516 250 төгрөгийг өгөх болно. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан “Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 516 250 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* нь хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 8068.5 /516 250 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамжийн 50 хувь/ төгрөгийг гаргуулж төсвийн орлого болгон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч *******ийн “Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 516 250 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 16 137 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 8068.5 /найман мянга жаран найман төгрөг таван мөнгө/ төгрөг гаргуулж төсвийн орлого болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Г.ЖАРГАЛТУЯА