| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбаатар Ууганбаатар |
| Хэргийн индекс | 194/2026/0353/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/1349 |
| Огноо | 2026-08-05 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ц.Сайнхүү |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2026 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 2026/ШЦТ/1349
2026 05 08 2026/ШЦТ/1349
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ууганбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Чингис,
прокурор Ц.Сайнхүү,
шүүгдэгч Л.Н, түүний өмгөөлөгч М.Батмөнх нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан холбогдох яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2306002122843 дугаартай хэргийг 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.Нг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутагт байх .............. тоотод байх иргэн Б.Аын байнга оршин суух зориулалт бүхий орон сууцанд нэвтэрч, улмаар 1,069.000 төгрөгийн үнэ бүхий печь, 42 инчийн Grundia брэндийн зурагт, бензинээр ажилладаг халаагуур, цэнхэр эрэгтэй хослол 1 ширхэг, цагаан өнгийн 40 размерын Жордан коллекшн пүүз 1 ширхэг, хагас түрийтэй 39 размерын хар өнгийн гутал зэрэг нийт 10 нэр төрлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, "хулгайлах" гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Л.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Тухайн өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд гэрийн нойлд ортол нойлын хажуу талд цонх харагдсан. Цонхыг түлхтэл онгойсон бөгөөд тэр цонхоор нь яваад орсон, дээр дурдсан эд зүйлийг аваад гарсан бөгөөд гэрийн эзэд өөрсдөө ирээд ийм зүйл болсон чамайг аваад явсан гэхээр нь би энд байгаа гээд бүгдийг нь гаргаад өгсөн...” гэв.
Эрүүгийн 2306002122843 дугаартай хэргээс:
Гэмт хэргийн талаарх гомдол, түүнийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 32/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 34-53/,
Хохирогч Б.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би 2022 оны 12 дугаар сарын 09-ний 16 цаг 55 минутад Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, .............. тоот болох гэр рүүгээ очиход байшингийн вакум цонх онгорхой, хаалга цоожтой хулгай орсон байдалтай байсан. Манай гэрийн түлхүүр 2 хувь байдаг бөгөөд 2 уулаа миний машинд явж байдаг. Гэрийн вакум цонх нь дотроосоо онгойдог түгжээтэй. Би гэртээ ороход бензинээр ажилладаг халаагуур гэрийн үүдэнд байсан бөгөөд алга болсон байхаар нь цааш гэрийн том өрөө рүү ороход 42 инчийн Grunding брэндийн зурагт алга болсон байсан тул машинаас утсаа аваад цагдаагийн байгууллагад дуудлагa өгсөн... Манай гэрээс акіга брэндийн хар өнгийн печь 1 ширхэг, 42 инчийн Grundia брэндийн зурагт 1 ширхэг, бензинээр ажилладаг халаагуур, цэнхэр эрэгтэй хослол 1 ширхэг, цагаан өнгийн 40 размерын Жордан коллекшн пүүз 1 ширхэг, хarac түрийтэй 39 размерын хар өнгийн гутал зэрэг эд зүйл алдагдсан байсан. Өөр ямар эд зүйлс алдагдсан талаар мэдэхгүй байна. Манай гэрээс алдагдсан эд зүйлс нь 3 сая төгрөг орчмын хохирол учирсан байна. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй. Манай гэрийн хажуу талаар архи уудаг, нийтийн байрны хүмүүс их байдаг тухайн хүмүүс манай гэрээс хулгай хийсэн байж магадгүй. Би гэрийн ойролцоо архи уудаг хүмүүсийг танихгүй." гэх мэдүүлэг /хх-ийн 56/,
Дамно ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1704 дугаартай "алдагдсан эд зүйлийг 1.069.000 төгрөг"-өөр үнэлсэн үнэлгээ, дүгнэлт/хх-ийн 70-73/,
Хохирогч Б.Ат эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 59/
Хохирогч Б.Аын гомдол саналгүй, алдсан зүйлээ буцааж авсан" гэх хүсэлт /хх-ийн 99, 116-160/,
Шүүгдэгч Л.Нгийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 83-89/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч Л.Нд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй гэж үзэв.
1. Гэм буруугийн талаар:
1.1. Шүүгдэгч Л.Нг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутагт байх .............. тоотод байх иргэн Б.Аын байнга оршин суух зориулалт бүхий орон сууцанд нэвтэрч, улмаар 1,069.000 төгрөгийн үнэ бүхий печь, 42 инчийн Grundia брэндийн зурагт, бензинээр ажилладаг халаагуур, цэнхэр эрэгтэй хослол 1 ширхэг, цагаан өнгийн 40 размерын Жордан коллекшн пүүз 1 ширхэг, хагас түрийтэй 39 размерын хар өнгийн гутал зэрэг нийт 10 нэр төрлийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, "хулгайлах" гэмт хэргийн болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, түүнийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 32/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 34-53/,
Хохирогч Б.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 56/,
Дамно ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1704 дугаартай "алдагдсан эд зүйлийг 1.069.000 төгрөг"-өөр үнэлсэн үнэлгээ, дүгнэлт/хх-ийн 70-73/,
Хохирогч Б.Ат эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 59/
Хохирогч Б.Аын гомдол саналгүй, алдсан зүйлээ буцааж авсан" гэх хүсэлт /хх-ийн 99, 116-160/ болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөл, эзэмшилд байгаа эд хөрөнгийг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахыг ойлгодог бөгөөд тухайн этгээд өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхтэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй гэж бодсон байдаг онцлогтой.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” гэж заасан нь бусдын орон байранд зөвшөөрөлгүй буюу хууль бусаар нэвтэрч, халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, бусдын эд хөрөнгийг авсан байхыг гол шинжээ болгодог.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дах хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж хуульчилсан.
Шүүгдэгч Л.Нгийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогч нарын эд хөрөнгөд хохирол учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдож байна.
Шүүгдэгч Л.Нгийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, өмчлөх эрхийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрхэд хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Л.Нгийн орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Л.Н нь орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
1.2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч Б.Ат 1.069.000 төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгч Л.Н биет байдлаар эргүүлэн хүлээлгэн өгсөн болох нь 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 61/ зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Л.Нг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Л.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул түүнийг хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхыг эвдлэн нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар эд зүйл хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Л.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Л.Нг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Нд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, түүний цагдан хоригдсон 6 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Л.Нд нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Л.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Л.Нг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Нд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Нгийн цагдан хоригдсон 6 /зургаа/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Шүүгдэгч Л.Н нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор эс зөвшөөрвөл Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Нд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.УУГАНБААТАР