Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 52

 

 

 

 

 

 

 

                                   

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус  шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн  хуралдаанд

Нарийн бичгийн дарга Г.Нямаа

Улсын  яллагч Г.Хаш-Эрдэнэ

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам

Шүүгдэгч Х.Алинчбиш нарыг оролцуулан  Дундговь  аймгийн  прокурорын  газрын  хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар мөрдөн байцаалт явуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Алинчбишид холбогдох эрүүгийн 201712000106 тоот  хэргийг  2017 оны  9 сарын 20-ны  өдөр  хүлээн  авч  хэлэлцэв. 

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1979 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Дундговь аймгийн Луус суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9-р баг Мандалын 9-20 тоотод оршин суух, Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 6 сарын 15-ны өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж биечлэн эдэлсэн гэх Харчин овгийн Хүрэлбаатарын Алинчбиш /РД: ЗЗ79060751/

 

Шүүгдэгч Х.Алинчбиш нь 2017 оны 6 дугаар сарын 13-наас 6 дугаар сарын 14-нд шилжих шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9-р баг Мандалын 9-р гудамжинд Д.Баттөгстэй маргалдаж толгойн тус газар нь чулуугаар цохиж, хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн  хэлэлцүүлгээр  дараах  нотлох баримтуудыг  шинжлэн   судлав.  Үүнд:

1. Шүүгдэгч Х.Алинчбиш шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 10 цагийн үед нэг шил архи уусан. Тэр өдөр 10 цаг өнгөрч байхад Г.Баттөгс манайхаас яваад эргэж ирээд агсам тавьсан. Тэгээд хутга барьж дайраад бид зодолдсон. Би чулуу аваад явуулсан чинь оносон байсан гэв.

 

2. Хохирогч Д.Баттөгсийн “...2017 оны 6 сарын 13-ны өдөр аймгийн Хөдөө аж ахуйн газрын хажууд байдаг шинээр нээгдсэн ноосны үйлдвэрт Х.Алинчбиш, түүний эхнэр Баяагийн хамтаар ажилласан...Ажил 22 цагийн үед тарсан. Би Маргад дэлгүүрээс тамхи худалдаж аваад дэлгүүрийн хойно зогсож байхад Х.Алинчбиш эхнэртэйгээ мотоцикльтой сундалаад явж байхаар нь тэр хоёрыг дуудахад хүрээд ирсэн. Дундаасаа хүний 3000 мянган төгрөг гаргаад Х.Алинчбишийн Мандалын 9-20 тоотод байдаг гэрт нь очиж архи уухаар ярилцсан. Би Х.Алинчбишийн эхнэрийг сундалаад Х.Алинчбишийн гэрт очсон. Удалгүй Х.Алинчбиш  0,5 литрийн савалгаатай Хараа нэртэй архи аваад ирсэн. Тэгээд Х.Алинчбиштэй тэр архийг хувааж уусан. Гэртээ харьсан чинь миний нэг эмэгтэй найз Бадамсүрэн залгаад “Х.Алинчбиш миний утасны дугаарыг нэг согтуу хүнд өгсөн байна. Тэр хүн над руу согтуу яриад унтаж хэвтье, сууя гэсэн утгатай юм ярьлаа” гэж надад гомдолсон. Би хувцасаа өмсөөд гутлын хажууд байсан хутгаа гутлынхаа түрийнд хийгээд өөрийн эзэмшлийн улаан өнгийн Хенсим маркийн мотоциклийг унаад Х.Алинчбишийн хашааны үүдэнд мотоциклоо ертөнцийн зүгээр зүүн тийш харуулж дамхраадаж тавиад гэрт орсон. Х.Алинчбишийг сэрээгээд “чи яахлаараа дэмий юм ярьж Бадамсүрэнгийн утасны дугаарыг хүнд өгдөг юм бэ, чи үнэхээр хэлсэн юм уу” гэхэд Х.Алинчбиш “би хэнд юу ч хэлээгүй, хэрэв би хэлсэн бол хэлсэн хүнийх нь утасны дугаарыг олоод надтай яриулаадах” гэж надтай жаахан маргалдсан. Х.Алинчбиш орондоо хэвтэж байснаа босож ирээд намайг хүзүүдэж аваад намайг орон дээр тонгойлгож дарсан. Хажууд байсан Х.Алинчбишийн эхнэр бас над руу дайрсан. Би түрийндээ байсан хутгыг гаргаад өөрийгөө хамгаалах санаатай “ална шүү” гэж хэлсэн байх. Х.Алинчбиштэй хэсэг зуур маргалдаж байгаад би гэрээс нь гараад явсан. Мотоциклио асаах гээд байж байсан чинь миний толгойн духны зүүн дээд хэсэгт зүүн нүдний дээд хэсэгт Х.Алинчбиш ямар нэг хатуу зүйлээр цохиод авсан. Би Х.Алинчбишийн араас нь хөөсөн чинь гэрийнхээ хойд хашааг даваад зугтсан...Цагдаа нар намайг эмнэлэгт аваачсан. Эмч нар миний толгойд 4 оёдол тавьсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн  14-16-рт/

3. Гэрч Н.Буддоржийн “...2017 оны 6 сарын 14-ний 02 цагийн үед жижүүрт Мандалын 9-20 тоотод согтуу хүн агсам тавиад байна гэх дуудлага ирсэн. Энэ дуудлаганд би тухайн өдөр жижүүрийн туслах цагдаагаар гарч байсан дэд ахлагч Б.Азжаргалын хамтаар явсан...Хашааны гадаа нэг хүн мотоцикль дээрээ мордоод байж байсан ба толгойноос нь цус гарсан байсан...Гэрт ороход гэрийн хаалга онгорхой нэг хүүхэн хоёр жаахан хүүхэдтэй байж байсан. Бид хоёр тэр хүүхнээс юу болсон талаар асуухад тэр хүүхэн дэд ахлагч Б.Азжаргал бид хоёрын дагуулж орсон хүнрүү заагаад наад хүн чинь гэрт агсам тавиад  байна гэж хэлсэн...Мандалын 9-20 тоотод агсам тавьсан гэх Д.Баттөгс гэх хүнийг цагдаагийн газар дагуулаад жижүүрийн өрөөнд ороход ерөнхий жижүүр “энэ хүнийг гэмтээсэн хүнийг авчир” гэж хэлсэн. Буцаж яваад Х.Алинчбиш гэх хүнийг жижүүрийн автомашинд суулгаад цагдаагийн газрын хойно байх зам дээр буулгаад жижүүрийн цагдаатай очоод уулзаж бай гэж хэлээд явуулан Д.Баттөгсийг эмнэлэгт аваачиж эмнэлгийн тусламж үзүүлээд цагдаагийн газарт очсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-рт/

4. Гэрч Б.Азжаргалын “...2017 оны 6 сарын 13-ны өдөр цагдаагийн газар жижүүрийн үүрэг гүйцэтгэж байхад 2017 оны 6 сарын 14-ний 02 цагийн үед жижүүрт “Мандалын 9-20 тоотод согтуу хүн агсам тавиад байна” гэх дуудлага ирсэн. Энэ дуудлаганд би тухайн өдөр жижүүрийн жолооч цагдаагаар жижүүрт гарч байсан дэд ахлагч Н.Буддоржын хамтаар явсан. Очиход тус хашааны гадаа нэг хүн мотоцикль дээрээ мордоод мотоциклоо асаах гээд байж байсан ба тэр хүний нүүр ам нь цус болсон байсан...Д.Баттөгс гэх хүнийг цагдаагийн газар дагуулаад жижүүрийн өрөөнд ороход тэр өдөр жижүүрт гарч байсан ерөнхий жижүүр “энэ хүнийг гэмтээсэн хүнийг авчирна” гэж явсан. Удалгүй Х.Алинчбиш гэх хүн цагдаагийн газарт ирсэн. Х.Алинчбишийн согтуурлийг нь драгер багажаар шалгахад 0,74 хувийн согтолттой байсан ба хацар жаахан шалбарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-рт/

5. Гэрч Г.Алдармаагийн “...2017 оны 6 сарын 13-ны өдөр 16 цагаас нэгдсэн эмнэлэгийн яаралтай түргэн тусламж дээр жижүүрт гараад 2017 оны 6 сарын 14-ний өглөө 08 цагт  жижүүрээс буусан. Тэр үед намайг жижүүртэй байхад толгойдоо гэмтэл авсан гэж ямар хүн ирж байсныг санахгүй байна. 2017 оны 6 сарын 14-ний шөнийн яаралтай  тусламжийн хуудсыг үзэхэд Д.Баттөгс гэж хүн толгой өвдөнө гэсэн зовиуртай ирж мэс заслын эмч Энхзориг үзээд 2 оёдол тавьж, боолт хийсэн байна...”  гэх мэдүүлэг /хх-ийн 23-рт/

6. Шинжээчийн 2017 оны 6 дугаар сарын 19-ний  өдрийн 170200173 дугаартай “ А. Д.Баттөгсийн биед тархи доргилт, духанд шарх гэмтэл тогтоогдлоо. В.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. С.Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн  үйлчлэлээр  үүсгэгдэнэ. D. Тархи доргилт, духанд шарх гэмтэл Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар  эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах  тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 29-рт/

7. Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 30-31/

8. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43/

9. Хэрэгт авагдсан бусад бичгийн баримт зэргийг шинжлэн судлав.

Хэрэгт авагдсан  болон шүүхийн  хэлэлцүүлэгт судлагдсан  дээрх баримтуудыг  мөрдөн байцаалтын  шатанд  Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан  үндэслэл журмын  дагуу цуглуулж  бэхжүүлж авсан байх  тул  шүүх нотлох баримтаар  үнэлж  шийдвэрлэлээ.

Шүүхийн  хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч Х.Алинчбиш нь 2017 оны 6 дугаар сарын 13-наас 6 дугаар сарын 14-нд шилжих шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9-р баг Мандалын 9-р гудамжинд Д.Баттөгстэй маргалдаж толгойн тус газар нь чулуугаар цохиж, хөнгөн хохирол учруулсан болох нь  тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Х.Алинчбиш нь хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол учруулах гэмт  хэргийг  үйлдсэн гэм  буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Энэ гэмт хэрэг гарахад хохирогч хутга гаргасан зүй бус үйлдэл нөлөөлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Х.Алинчбиш нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй тул прокурорын саналыг харгалзан  түүнд  Эрүүгийн  хуулийн  11.6 дугаар  зүйлийн 1-д заасан торгох ялыг сонгон ял оногдуулахаар шийдвэрлэлээ. Шүүгдэгч Х.Алинчбишид торгох ял  оногдуулахдаа уг зүйл хэсэгт  заасан  торгох  ялын  доод хэмжээгээр оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Энэ хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан  зүйлгүй, битүүмжлэгдсэн  хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хохирогч Д.Баттөгс нь “...санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй...” гэснийг   тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Харчин овгийн Хүрэлбаатарын Алинчбишийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт  хэргийг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн  хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Х.Алинчбишид дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял  оногдуулж шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Х.Алинчбиш нь энэ хэргийн улмаас  цагдан  хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн  баримтаар хураагдсан зүйлгүй,  битүүмжилсэн  хөрөнгөгүй, хохирогч Д.Баттөгс нь  гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн  болохыг тус тус дурдсугай.

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Алинчбишид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч гардуулснаас хойш 14 хоногийн  дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэйг дурдсугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ                                        Г.МӨНХБАТ