Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 123/ШШ2023/0026

 

 

Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Зоригтбаатар би “*******” ЗГБХН-ийн захирал Х.Бат-Эрдэний нэхэмжлэлтэй, Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргад холбогдохТөв аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А/86, 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/178 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах, 2005 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/640 дугаар захирамжийг үндэслэн Тээлийн голын 11/326 га газраас төмс хүнсний ногооны зориулалттай олгосон 18562387460826 нэгж талбарын дугаартай 19 га газрыг газрын кадастрын мэдээллийн санд бүртгэж баталгаажуулахгүй байгаа газрын даамлын эс үйлдэхүйг тогтоолгож, мэдээллийн санд бүртгэж баталгаажуулахыг сумын газрын даамалд даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “*******” ЗГБХН-ийн захирал Х.*******, хариуцагч Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын орлогч Б.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.*******, гуравдагч этгээд Л.Баатарсүрэн, П.Оюунбэлэг нараас 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Энэхүү "Эвлэрлийн гэрээ" (цаашид "гэрээ" гэх)-г Захиргааны хэрэг шүүхэд ханан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.2-т заасныг тус тус үндэслэн,  Нэг талаас, "*******" ЗГБХН /РД: 2158892/ Хаяг: Монгол улс, Төв аймаг, Жаргалант сум, 3-р баг, Наран 3-3 тоот. Утас: 88304100 (цаашид "Нэхэмжлэгч тал" гэх) Нөгөө талаас, (1)Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын орлогч Б. Гомбодорж, хаяг: Монгол улс. Төв аймаг, Жаргалант сум, Засаг даргын тамгын газар Утас: 70276138 (2) Төв аймгийн Жаргалант сумын Газрын даамал Л.*******, хаяг: Монгол улс. Төв аймаг, Жаргалант сум, Засаг даргын тамгын газрын байр. Утас: 88767608 (хамтад нь "Талууд" гэх) дараах нөхцлүүдийн талаар харилцан тохиролцож байгуулав. Энэхүү гэрээ нь нэхэмжлэгч "*******" ЗГБХН, хариуцагч Төв аймгийн Жаргалант сумын Засаг дарга Н.Энхболдод холбогдуулан Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А/86, 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/178 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах, 2005 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/640 дугаар захирамжийг үндэслэн Тээлийн голын 11/326 га газраас төмс хүнсний ногооны зориулалттай олгосон 18562387460826 нэгж талбарын дугаартай 9 жилийн хугацаатай 19 га газрыг газрын кадастрын мэдээллийн санд бүртгэж баталгаажуулахгүй, байгаа газрын даамлын эс үйлдэхүйг тогтоолгож, мэдээллийн санд бүртгэж баталгаажжуулахыг сумын газрын даамалд даалгах шаардлага /цаашид "Нэхэмжлэлийн шаардлага" гэх/ бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасантай холбоотойгоор захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Талууд нэхэмжлэлийн шаардлагаас "*******" ЗГБХН-д Тээлийн голын 11/326 га газраас төмс хүнсний ногооны зориулалттай 9 га газар эзэмшүүлэх захирамж гаргаж, гэрчилгээг олгох шаардлагыг хүлээн зөвшөөрч, хэрэг маргааныг эвлэрлийн журмаар эцэслэн шийдвэрлэхтэй холбоотой харилцааг зохицуулна.

НЭГ. ГЭРЭЭНИЙ ҮНДСЭН НӨХЦӨЛ Талууд сайн дурын үндсэн дээр харилцан ойлголцож, цаг хугацаа, цаашид тус маргаантай холбогдон гарах зардлыг хэмнэх зорилгоор үүссэн хэрэг, маргааныг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ийн 68 дугаар зүйл, Монгол улсын Иргэний хуулийн 189 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон Төв аймгийн Жаргалант сумын Засаг дарга нь "*******" ЗГБХН-д Тээлийн голын 11/326 га газраас төмс хүнсний ногооны зориулалттай 9 га газар эзэмшүүлэх захирамж гаргаж, гэрчилгээг олгохыг харилцан тохирсноо баталгаажуулан, дараах үүрэг хүлээж, шүүхийн өмнө энэхүү эвлэрлийн гэрээг байгуулж байна:

1.1. Нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн шаардлагын Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А/86, 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/178 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах шаардлагаас бүрэн татгалзаж, гуравдагч этгээдүүд болох Л.Баатарсүрэн, П.******* нарт 10 га газрыг эзэмшүүлсэн захирамжийг хэвээр үлдээхийг хүлээн зөвшөөрч, "*******" ЗГБНХ-д Тээлийн голын 11/326 га газраас төмс хүнсний ногооны зориулалттай 9 га газар эзэмшүүлэх захирамж гаргаж, гэрчилгээг олгох шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болно.

1.2. Хариуцагч тал нь энэхүү гэрээний 1.1-т заасан газар эзэмшүүлэх захирамж гаргаж, гэрчилгээг "*******" ЗГБХН-д олгоно.

1.3. Энэхүү эвлэрлийн гэрээгээр талууд гэрээний үүргээ шударгаар, гэрээнд заасан хугацаанд биелүүлэхээ баталж байна.

ХОЁР. ГЭРЭЭ ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛОХ

2.1. Энэхүү гэрээний дагуу Төв аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс талуудын эвлэрлийг баталж, шүүгчийн захирамж гаргаснаар гэрээ хүчин төгөлдөр болно.

 2.2. Талууд эвлэрлийн гэрээг Төв аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүргэн өгч захирамж гаргуулах ба хариуцагч "*******" ЗГБХН-д Төв аймгийн Жаргалант сумын Тээлийн голын 11/326 га газраас төмс хүнсний ногооны зориулалттай 9 га газар эзэмшүүлэх захирамж гаргаж, гэрчилгээ олгох үүргээ биелүүлснээр энэхүү гэрээний үүрэг дуусгавар болно.

2.3. Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд энэхүү гэрээг үндэслэн хуулийн байгууллагад хандан холбогдох шийдвэр гаргуулан албадан гүйцэтгүүлнэ.

ГУРАВ. БУСАД ЗҮЙЛ

3.1. Энэ гэрээгээр зохицуулаагүй бусад асуудлыг Монгол Улсын холбогдох хуулийн дагуу зохицуулна.

3.2. Гэрээ нь талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.

3.3. Гэрээг талууд 4 хувь үйлдэв. ЭВЛЭРЛИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛСАН: “*******” ЗГБХН-ийн захирал Х.*******, Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргын орлогч Б.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.*******, гуравдагч этгээд танилцаж, зөвшөөрсөн гуравдагч этгээд Л.Баатарсүрэн, П.Оюунбэлэг нар гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

 “*******” ЗГБХН-ийн захирал Х.Бат-Эрдэний нэхэмжлэлтэй Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар “Эвлэрлийн гэрээ”-г бичгээр байгуулан, гарын үсэг зурж, гуравдагч этгээд нар танилцаж зөвшөөрснийг баталгаажуулсныг шүүхээс хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй, 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэгт ...хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, эсхүл татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, нэхэмжлэгчтэй эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно, 68 дугаар зүйлийн 68.2 дахь хэсэгт Нэхэмжлэгч, хариуцагч нар нь эвлэрсэн тохиролцоогоо бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна гэж тус тус заасан.

Уг гэрээг талууд хуулиар тогтоосон эрх хэмжээний хүрээнд нийцүүлж байгуулсан нь дээр дурдсан хуулийн заалтуудтай зөрчилдөхгүй байна гэж шүүх үзлээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хариуцагч Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргаас 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 03/466 албан бичгээр итгэмжлэл олгохдоо Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.5 дах хэсэгт “ эвлэрэх” эрхийг олгосон байх ба гуравдагч этгээд Л.Баатарсүрэн, П.Оюунбэлэг нар нь энэхүү эвлэрлийн гэрээг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн байгааг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж зааснаар уг эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх үндэслэл тогтоогдохгүй байх тул эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж заасныг тайлбарлаж, талууд зөвшөөрч, захирамжийн үр дагавар танилцуулсан баримтад гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 21 дүгээр зүйлийн 21.1.1, мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.2, 68.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “*******” ЗГБХН-ийн захирал Х.Бат-Эрдэний нэхэмжлэлтэй Төв аймгийн Жаргалант сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгч, хариуцагч нарын харилцан зөвшөөрсөн буюу “*******” ЗГБХН-ийн захирал Х.*******д Төв аймгийн Жаргалант сумын Тээлийн голын 11/326 га газраас төмс хүнсний ногооны зориулалттай 9 га газар эзэмшүүлэх шийдвэр гаргаж, гэрчилгээ олгож гэрээ байгуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн, талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Д.ЗОРИГТБААТАР