Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 2022/ДШМ/13

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 03 өдөр                                2022/ДШМ/13                        Хэрлэн сум

 

Ж.Э-, Б.Ц- нарт

холбогдох эрүүгийн хэргийн талаар

 

 

226/2022/0013/Э

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Алтаннавч даргалж, шүүгч Б.Дэнсмаа, Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд нээлттэйгээр,

Прокурор Ж.Батбаатар /цахимаар/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Н- /цахимаар/,

Иргэний хариуцагчийн өмгөөлөгч О.Баяраа /цахимаар/

Шүүгдэгч Б.Ц-, Ж.Э- /цахимаар/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин, А.Очбадрал /цахимаар/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Довчинсүрэн нарыг оролцуулан,  

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/225 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин, А.Очбадрал, иргэний хариуцагч Ц.Б- нарын гаргасан давж заалдах гомдлоор Ж.Э-, Б.Ц- нарт холбогдох эрүүгийн 1839002280423 дугаартай 3 хавтас 710 хуудас бүхий хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Ж.Э- нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Хурх тосгоны захирагчаар ажиллаж байхдаа Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2-т “Хот, тосгоны өдөр тутмын үйл ажиллагааг удирдан чиглүүлж зохион байгуулах үүргийг захирагч гүйцэтгэнэ”, 17 дугаар зүйлийн 1-т “Хот, тосгоны нийгэм, эдийн засгийн хөгжлийн үндсэн чиглэл, хөтөлбөрийг боловсруулан харьяалах аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулж, гүйцэтгэлийг зохион байгуулна, 17 дугаар зүйлийн 3-т “Улсын ба орон нутгийн төсвөөс хот, тосгонд хуваарилсан төсвийг хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулна”, 18 дугаар зүйлийн 1-т “Хот, тосгоны өөрийн мэдлийн өмчийг хууль тогтоомжоор олгосон эрх хэмжээний хүрээнд захиран зарцуулж, тэдгээрийг шинээр бий болгох, түрээслэх асуудлыг шийдвэрлэнэ” гэж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2-т “үнэлгээний хорооны үйл ажиллагаа, үнэлгээний дүгнэлт холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавьж, гарсан зөрчлийг арилгуулах”, 46.4-т “Захиалагч тухайн худалдан авах ажиллагаатай холбоотой асуудлаар зөвхөн албан бичгээр харилцана”, 47 дугаар зүйлийн 47.1-т “Бараа, ажил, үйлчилгээний төсөвт өртөг энэ хуулийн 8.1.1-д заасан дээд хязгаараас давсан тохиолдолд захиалагч үнэлгээний хороо байгуулна” гэж заасан эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлд төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүрэг”, 13 дугаар зүйлийн 13.1.3-т “ эх орон, ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор төрийн ашиг сонирхолд захирагдан өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах”, 13.1.5-д “төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”, 13.1.9-д “албан тушаалтны хууль бус, шударга бус явдалтай эвлэршгүй байх” гэж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэг “Худалдан авах ажиллагаанд төлөвлөх, бэлтгэх, хэрэгжүүлэх, хяналт тавих болон бусад үүрэгтэй оролцож байгаа төрийн албан хаагч дараах үүрэг хүлээнэ”, 50 дугаар зүйлийн 50.1.1-т “шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх”,  50.1.3-т “хувийн ашиг сонирхлын үүднээс хууль бус санал тавих, хүлээж авах зэрэг зөрчил, хууль бус үйлдэл гаргахгүй байх” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж тус тосгоны захирагчийн ажлын албаны дарга Б.Ц-тэй бүлэглэн Төрийн албан тушаалтан албан үүргийн хувьд хуулиар олгогдсон эрх мэдлээ хэтрүүлэн 2016 оны 05 дугаар сард хэрэгжсэн 40.000.000 төгрөгийн төсөвт өртөгтэй Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Хурх тосгоны Дундбаян голд 10 тонн даацтай гүүрийн барилгын засварын ажлыг харьцуулалтын аргаар зохион байгуулж гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахдаа үнэлгээний гишүүдэд нөлөөлж, авто зам, замын байгууламж барих, арчлах, засварлах тусгай зөвшөөрөлгүй “Ү ХХК-ийг хууль бусаар сонгон шалгаруулж 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ хийж тус гэрээний 5.6-д “гэрээнд заасны дагуу ажил дууссан тохиолдолд санхүүжилтийг авах, ажлыг хугацаанд чанартай сайн хийнэ” гэх заалтыг зөрчиж 2016 оны 06 дугаар сарын 13, 27-ны өдрүүд болон мөн оны 09 дүгээр сарын 29-ний өдөр нийт 3 удаагийн үйлдлээр 40.000.000 төгрөг шилжүүлж буюу онц их хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Ц- нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Хурх тосгоны захирагчийн ажлын албаны даргаар ажиллаж байхдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.9-д “үнэлгээний хороо” гэж энэ хуульд заасан журмын дагуу тендер шалгаруулалтыг зохион байгуулах зорилгоор захиалагчийн байгуулсан ажлын хэсгийг ойлгоно”, 47 дугаар зүйлийн 47.2-т “Үнэлгээний хороо байнгын бус ажиллагаатай байх бөгөөд дор дурдсан чиг үүрэгтэй байна”, 47.2.1-т техникийн тодорхойлолт бэлтгэх, тендерийн урилга, тендерийн баримт бичгийг боловсруулах, тендер хүлээн авах, тендер нээх ажиллагааг холбогдох зааврын дагуу гүйцэтгэх”, 47.2.2-т ”тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх. Уг шийдвэрийг энэ хуулийн 46.2-т заасан захиалагчийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан үндэслэлгүйгээр өөрчлөхийг хориглоно”, 26 дугаар зүйлийн 26.3”Тендер нээх үед тендерт оролцогчийн нэр, тендерийн үнэ, тендерийг хувилбарт саналтайгаар ирүүлэхийг зөвшөөрсөн тохиолдолд хувилбарт саналын үнэ, мөн тендерт тусгасан үнийн хөнгөлөлт, тендерийн баталгаа ирүүлсэн эсэх, оролцогч өөрийн тендерийг өөрчилсөн, эсхүл татгалзсан тухай мэдээллийг захиалагч зарлаж, тэмдэглэл үйлдэнэ”  26.2”Тендер нээхэд тендерт оролцогч, эсхүл түүний төлөөлөгч болон сонирхсон бусад этгээд оролцох эрхтэй”, 26.4-т “Энэ хуулийн 26.2-т заасан этгээд, захиалагч байгууллагын төлөөлөгч энэ зүйлийн 26.3-т заасан тэмдэглэлд гарын үсэг зурна”, 47 дугаар зүйлийн 47.8-д “Үнэлгээний дүгнэлтэд хорооны бүх гишүүд гарын үсэг зурж баталгаажуулах бөгөөд эсрэг саналтай байсан гишүүн үнэлгээний дүгнэлтэд энэ тухайгаа тэмдэглэж гарын үсгээ зурна” гэж, 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлд “төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүрэг”, 13 дугаар зүйлийн 13.1.3-т “ эх орон, ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор төрийн ашиг сонирхолд захирагдан өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах”, 13.1.5-д “төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”, 13.1.9-д “албан тушаалтны хууль бус, шударга бус явдалтай эвлэршгүй байх” гэж заасныг тус тус зөрчиж 2016 оны 05 дугаар сард хэрэгжсэн 40.000.000 төгрөгийн төсөвт өртөгтэй Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Хурх тосгоны Дундбаян гол 10 тонн даацтай гүүрийн барилгын засварын ажлыг харьцуулалтын аргаар зохион байгуулж гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахдаа үнэлгээний хорооны гишүүнд нөлөөлсөн, авто зам, замын байгууламж барих, арчлах, засварлах тусгай зөвшөөрөлгүй “Ү ХХК-ийг хууль бусаар сонгон шалгаруулах нь хууль бус үйлдлийг мэдсээр байж санаатай нэгдэж үнэлгээний хорооны ахлагчийн үүргийг гүйцэтгэхдээ үнэлгээний хороог хуралдуулалгүй, тендерийн баримт бичгийг боловсруулаагүй, “Ү ХХК-ийг хууль бусаар сонгон шалгаруулж 40.000.000 төгрөг буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Баянжаргалаас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 264 дүгээр зүйлийн 264.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Баянжаргалаас шүүгдэгч  Б.Ц-, Ж.Э- нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн  264 дүгээр зүйлийн 264.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Б.Ц-, Ж.Э- нарыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь  хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Ц-, Ж.Э- нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн  497.1, 510 дугаар зүйлийн  510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Ц-гээс 5.000.000 төгрөгийг, шүүгдэгч Ж.Э-аас 5.000.000 төгрөгийг, иргэний хариуцагч Ц.Б-өөс 30.000.000 төгрөгийг  тус тус гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр тус тус заан шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ж.Э-ийн өмгөөлөгч Б.Энхтүвшин давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

1. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн.

Хэнтий аймгийн прокурорын газраас Ж.Э-т 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 264 дүгээр зүйлийн 264.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс хэргийн зүйлчлэлийг өөрчлөн 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Тухайн үед Ж.Э- нь Хурх тосгоны захиргаа, Өмнөдэлгэр сумын Засаг даргын албан үүргийг хэрэгжүүлж байсан. Засаг даргын албан үүргийн эрх зүйн үндэс нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон дээд шатны Засаг даргын захирамж, бусад хууль тогтоомжоор зохицуулагддаг. Засаг дарга нь 2006 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.1.4.в-д зааснаар “орон нутгийн чанартай зам, гүүр, үер усны хамгаалалт, далан суваг барих, засварлах, тэмдэгжүүлэх ажлыг зохион байгуулах” нийтлэг чиг үүрэгтэй байдаг. Мөн Хэнтий аймгийн Засаг дарга Ж.О-н 2016 оны Дундбаян голын гүүрийг засварлаж барих 40.000.000 төгрөгийн өртөг бүхий ажлын чиг үүргийг Өмнөдэлгэр сумын Засаг даргад шилжүүлсэн, эрх олгосон захирамж гаргасан байдаг. Энэхүү чиг үүргийн дагуу Ж.Э- нь уг төсөвт ажлыг зохион байгуулах үүргээ хэрэгжүүлсэн. Уг процессын шинжтэй үйл ажиллагааг Тамгын газрын зүгээс хэрэгжүүлсэн ба үнэлгээний хороо байгуулах, тендерийн зар тавих, сонгон шалгаруулах чиг үүргийг бусад субъект хэрэгжүүлсэн. Гэтэл прокурорын газраас Ж.Э-ыг үнэлгээний хорооны гишүүдэд нөлөөлсөн гэж буруутгасан. Үнэлгээний хорооны гишүүд Ж.Э-ыг хууль бусаар нөлөөлсөн талаар огт мэдүүлэг өгөөгүй байдаг. Мөн хөндлөнгөөс оролцох, заавар өгөх хууль зүйн боломж ч байдаггүй. 2009 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаартай тогтоолд эрх мэдлээ хэтрүүлэх гэдгийг “хууль, тогтоомжоор олгогдсон бүрэн эрхээс илүү эрх эдлэхийг хэлнэ” гэж тайлбарласан байдаг. Бусад албан тушаалын эрх хэмжээнд хамаарах чиг үүргийг хэрэгжүүлсэн, ямар нэгэн байдлаар бусад албан тушаалтны эрх мэдлийг булааж хэрэгжүүлсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Гэтэл анхан шатны шүүхээс Ж.Э-т холбогдох зүйлчлэлийг өөрчилж, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон нь хуулийг илт буруу тайлбарлаж хэрэглэсэн, нөгөө талаар хэргийн зүйлчлэлийг хүндрүүлж өөрчилсөн зөрчил гаргасан. Энэ талаарх хууль зүйн үндэслэлийг ч шийтгэх тогтоолд тодорхойлоогүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн тайлбар хэсэгт “урвуулж ашигласан” гэж албан үүрэг, албан тушаалын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно” гэж маш тодорхой тайлбарласан байна. Ж.Э-ын гаргасан захирамж, үйлдлүүд нь албаны болон хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх санаа зорилго, сэдэлт, үйлдэл тогтоогддоггүй болно. Анхан шатны шүүх Ж.Э-ын үйлдэл, гэрч нарын мэдүүлэг зэргийг анхаарахгүйгээр хууль зүйн дүгнэлт хийсэн байдаг.

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад “Д” голын гүүрийн эвдрэл, гэмтэл нь хэний, ямар хүчин зүйлийн улмаас үүссэн талаарх шалтгаан, нөхцөлийг огт тогтоогоогүй байна. Уг эвдрэл гарснаар хэрэг бүртгэлийн хэрэг нээж, улмаар яллагдагчаар татах үндэслэлийг бий болгосон байдаг.  Уг үүргийн гэм хорыг гэрээнд заасны дагуу “Ү” ХХК-ийн зүгээс арилгах үүргийг хүлээсэн. Иргэний хариуцагч “Ү” ХХК-ийн ерөнхий захирал Ц.Б- нь мөрдөн шалгах ажиллагааны явцад ба шүүхийн хэлэлцүүлэгт эвдрэлийг засахад бэлэн байгаа талаар хүлээн зөвшөөрч байр сууриа илэрхийлсэн. Гэтэл мөрдөгчийн зүгээс хэрэг шийдвэрлэж дуусахаас нааш гүүрийг засварлаж болохгүй гэж мэдэгдсэн талаар Ц.Б- мэдүүлдэг.

3. Шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна. Зүйлчлэлийг өөрчлөхдөө хүндрүүлсэн ба улмаар эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлт хийхдээ 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72.1 дүгээр зүйлийн 72.1.2 дахь заалтыг журамлахдаа “хуулийг хэрэглэхэд эргэлзээ байсан тул” гэж тодорхойлсон нь ойлгомжгүй байна. Анхан шатны шүүхээс Ж.Э-ыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Гэтэл тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн гэмт хэргийн шинж болох хохирлын хэмжээ нь их хэмжээний буюу 50.000.000 төгрөгөөс дээш байхыг шаарддаг. Анхан шатны шүүх зүйлчлэлийг хөнгөрүүлсэн гэсэн дүгнэлтийг хийсэн боловч бодит байдал дээр зүйлчлэлийг хүндрүүлж шийдвэрлэсэн. Шүүх хөөн хэлэлцүүлэх хугацааг хэрэглэж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргасан. Энэ нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна гэж үзэж байна.

Иймд дээрх хууль зүйн үндэслэлийг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2 дэх хэсэгт заасны дагуу шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ж.Э-ыг цагаатгаж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Б.Ц-гийн өмгөөлөгч А.Очбадрал давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа: “Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Хэнтий аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Ц-д холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 264 дүгээр зүйлийн 264.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг. Харин анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Ц-г 2016 оны 05 дугаар сард Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Захирагчийн ажлын албаны даргаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулсан хэмээн үзэж түүнийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн тайлбар хэсэгт энэ хуульд заасан “урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдлийг хийхийг ойлгохоор хуульчилсан.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч Б.Ц-г ямар үйлдлийг хийх байсныг хийгээгүй, мөн ямар үйлдлийг хийх ёсгүй байсныг хийсэн талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй байдаг. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон шийдвэрийн үндэслэлийг шүүх тусгах ёстой байсан. Гэтэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд энэ талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй. Анхан шатны шүүхийн шийдвэр болон яллах дүгнэлтээс харахад гүүр барих ажлын явуулсныг хийх ёсгүй үйлдлийг хийсэн гэж үзээд байгаа юм уу, эсхүл “Ү” ХХК-ийг шалгаруулсан тендер зохион байгуулах ажлыг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж үзээд байгаа юм уу гэдэг нь тодорхойгүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад уг гүүрийг хэн эвдсэн, хэний буруутай үйл ажиллагаанаас болж гүүр нурсныг тогтоогоогүй. Даац хэтрүүлсэн тээврийн хэрэгсэл гүүрэн дээгүүр гараагүй байсан бол гүүр өнөөдөр хэвийн ашиглагдаад явах боломжтой байсан. 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/ зэргийг нотолсон байхыг шаарддаг.

Аливаа албан тушаалын гэмт хэргийн үндсэн шинжид тухайн албан тушаалтан өөрт хуулиар олгогдсон эрхээ хэтрүүлсний үндсэн дээр өөртөө болон ойр дотнын хамаарал бүхий этгээдэд давуу байдал олгож, ашиг хонжоо олох, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлсэн байхаар хуульчилсан байдаг.

Шүүгдэгч Б.Ц- нь тус гэмт хэргийг үйлдэн ямар хувийн ашиг сонирхлоо хэрхэн яаж гүйцэлдүүлсэн байгаа талаар нотолсон баримт байхгүй ба Эрүүгийн хуульд заасан дээрх нотолбол зохих байдлыг нотлогдохгүй байхад шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үйлдэл юм.

Түүнчлэн Хурх тосгоны гүүрийн ажлын төсөв 40.000.000 төгрөг байдаг. Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан хэмээн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн зүйлчлэл хохирлын хэмжээнээс хамааран зүйлчлэлд нөлөөлөх ба материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг. Гэтэл 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар “их хэмжээний хохирол” гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг ойлгохоор буюу 50.000.000 төгрөгөөс дээш хэмжээний хохирол учруулсан тохиолдолд их хэмжээний хохирол учруулсан гэж үзэхээр хуульчилсан байдаг. Хурх тосгоны гүүрийн ажлын нийт төсөв 40.000.000 төгрөг буюу 50.000.000 төгрөг хүрэхгүй байхад шүүгдэгч Б.Ц-г их хэмжээний хохирол учруулсан гэж 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Б.Ц- Монгол Улсын Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан эрхийн хүрээнд, Хэнтий аймгийн Засаг даргын захирамжийг биелүүлж тус гүүрний ажлыг хийж гүйцэтгэж аж ахуй нэгжийг сонгон шалгаруулсан байдаг.

Аймгийн Засаг даргын захирамжийг сумын Засаг дарга, түүний ажлын алба биелүүлэх үүрэгтэй, мөн тухайн гүүрний ажлын үнэлгээний хорооны гишүүдийн хамтын зарчмаар хэрэгжүүлсэн.

Тухайн гүүрний ажлыг хийж хэрэгжүүлэх явдал нь орон нутгийн иргэдийн нэн тулгамдсан асуудал байсан ба тухайн гүүр барих төсвийг цаг хугацаанд нь ашиглаж чадахгүй тохиолдолд буцаан татах бодит байдал үүсчихсэн байсан. Мөн гүүрний ажлыг хэрэгжүүлэх ажлыг эхний удаа зарлахад нэг ч аж ахуй нэгж оролцох санал ирүүлээгүй, хоёр дахь удаагаа зарлахад “Ү” ХХК санал ирүүлсэн тул сонгон шалгаруулсан байдаг. Мөн  “Ү” ХХК нь Хэнтий аймгийн 2-3 суманд гүүр барьж ашиглалтад оруулсан туршлагатай компани байсан.  

Өнөөдрийн зах зээлийн ханш, үнэлгээ, ажлын хөлс зэргийг харахад 40.000.000 төгрөгөөр 10 метрийн урттай гүүрний ажлыг хэрэгжүүлэх ажил тийм ч ашигтай, аж ахуй нэгжийн сонирхлыг татахаар ажил биш юм.

Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт би “Тендерийн тухай хууль тогтоомж зөрчсөн талаар асуудал эхлээд Сангийн яаманд очно, Сангийн яамнаас тендер шалгаруулалт хууль зөрчсөн гэж үзвэл хүчингүй болгоно. Энэ шийдвэрийг захиалагч, тендерт оролцогч талууд хүлээн зөвшөөрөхгүй бол Иргэний шүүхэд хандах ёстой байсан. Энэ асуудал Эрүүгийн хэргийн шүүхийн харьяаллын асуудал биш” гэсэн тайлбарыг гаргасан боловч эрүүгийн хэрэг гэж үзэж шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн.

Иймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх ба шүүгдэгч Б.Ц-гийн үйлдэл гэмт хэргийн шинжгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэв.

  Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Н- давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Тус гүүр 2016 оны 11 сард ашиглалтад орсон ба 2017 оны 02 дугаар сарын 03-04-ний өдрийн хооронд нурсан. Уг гүүрийг 40.000.000 төгрөгөөр бариулчхаад 5 жилийн хугацаанд ашигласангүй. Жил ирэх тусам хохирол нэмэгдэж байна. Одоо дахин шинэ гүүр бариулна гэвэл барилгын материалын үнэ нэмэгдсэн тул 40.000.000 төгрөг хүрэлцэхгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.  

Иргэний хариуцагч Ц.Б- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын өөрт холбогдох буюу 30.000.000 төгрөг гаргуулах талаарх заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Гүүрний ажлаа хийж дуусаад 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр захирагчийн ажлын албаны дарга Б.Ц-д “улсын комисс дуудаж хүлээлгэн өгөх асуудлаа захиалагч тал хариуцдаг, комисс ирэхээр намайг дуудаарай” гэж хэлээд гүүрний 2 талыг 2 том цементэн блокоор хаачхаад хүлээлгэж өгөөд явсан. 10 тонноос илүү жинтэй машин явахыг хориглоно гэсэн тэмдэглэгээ байрлуулсан байсан. Гүүр барих зардлаа гэрээнд заасны дагуу захиалагч тал маань манай компанийн дансанд 3 хувааж хийсэн. Гүүрний барилгыг захиалагч тал хянаж чанартай баригдсан байна гэж үзсэн учир санхүүжилтийг маань өгсөн гэж үзэж байна. Захиалагч тал өөрийн үүргийг биелүүлээгүй байж дур мэдэн гүүрний 2 талын хаалтыг нээж тээврийн хэрэгсэл зорчих боломж олгоод 10 тонноос илүү жинтэй тээврийн хэрэгсэл зорчихыг хориглосон тэмдэг байсаар байтал 60 тонн жинтэй Г захиралтай компанийн нүүрс тээврийн машин гаргаж гүүрийг эвдсэн байна.

Захиалагч тал улсын комисс авчирах, гүүрийг хүлээж авах асуудалдаа хойрго хандаж комисст өгөөгүй гүүрийг дур мэдэн нээсэн. Манай компани гүүрний 2 талыг хаасан, комисс иртэл нээлгэхгүй харж хандаж байгаач ажилчдадаа гэрт нь хүргэж өгчхөөд комисс ирэхээр ирье гэж хэлээд явсан.

Хурх тосгоны уурын зуухны эзэн компанийн захирал Г над руу ярьж манай компанийн нүүрсний 60 тонн машин яваад гүүр эвдчихлээ гэдгээ хэлсэн. Би хэрэг мөрдөн байцаалтын шатанд байхад буруутай этгээдүүдэд хариуцлага тооцож өгөхийг хүсч хүсэлт гаргасаар байтал гүүрний ажилд зарцуулаад дууссан хэмжээний зардлыг намайг иргэний хариуцагч болгон төлүүлэх шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.   

Иргэний хариуцагчийн өмгөөлөгч О.Баяраа давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Ү” компанийг 2011, 2015 онуудад Хэнтий аймгийн сумдын 5 газарт зам, гүүр барьж байсан туршлагатай компани гэж үзэж тендерт сонгон шалгаруулсан. Ингээд ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээний дагуу гүүрийг барьж хариуцсан ажлаа хийж гүйцэтгэсэн. 2016 онд албан ёсоор сумын засаг даргад гүүрийг хүлээлгэж өгсөн бөгөөд уг гүүрэн дээгүүр 10 тонноос илүү жинтэй тээврийн хэрэгсэл явах хориотой гэдгийг хэлж, тэмдэг, тэмдэглэгээг хийсэн байсан. Улсын комисст хүлээлгэн өгөх асуудал нь захиалагч талын хариуцах ажил байсан. Улсын комисст хүлээлгэн өгөхгүйгээр гүүрийг нээж уг гүүрээр 60 тоннын жинтэй тээврийн хэрэгсэл явж гүүр эвдэрсэн.

Анхан шатны шүүхээс 30.000.000 төгрөгийг “Ү” ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Уг гүүр хэний буруутай үйл ажиллагаанаас болж эвдэрсэн гэдгийг тогтоох мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй. “Ү” ХХК ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийж гүйцэтгэх ёстой байсан ажлаа стандартын дагуу хийж гүйцэтгэсэн. Захиалагч болон ажил гүйцэтгэгч талуудын буруутай үйл ажиллагаанаас бус хөндлөнгийн этгээдийн буруутай үйлдлээс болж гүүр нурсан. Гэтэл буруутай этгээдийг тогтоогоогүй. Мөн тус гүүр маань стандартын дагуу баригдсан эсэх, чанарын шаардлага хангах эсэхийг тогтоолгож улсын комиссын дүгнэлт гаргуулаагүй. Иймд Ж.Э-, Б.Ц- нарт холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт буцааж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Б.Ц- давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний хувьд хуулийн дагуу тендер зохион байгуулсан. Эхний удаагийн тендер сонгон шалгаруулалтад нэг ч компани материалаа өгөөгүй, 2 дахь сонгон шалгаруулалтад “Ү” ХХК ганцаараа бүртгүүлж, шаардлага хангасан учир тус компанийг сонгон шалгаруулсан. Манай сум 10 гаруй жил гүүргүй байсан учир орон нутгийнхаа сайн сайхны төлөө гүүр бариулахаар санаа шулуудаж энэ ажлыг хийж эхлүүлсэн. “Ү” ХХК нь хэд хэдэн сумдын гүүрийг барьсан туршлагатай, өөр компаниас материал ирээгүй, 40.000.000 төгрөгийн төсөв орж ирсэн байсан учир гүүр бариулсан” гэв.

Шүүгдэгч Ж.Э- давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Би өөрт олгосон бүрэн эрхийнхээ дагуу тендер сонгон шалгаруулах ажлын хэсгийг баталсан. Тендер сонгон шалгаруулах ажлын хэсгээс өгсөн зөвлөмжийн дагуу гэрээ байгуулж ажилласан. Эр мэдлээ урвуулан ашигласан гэх асуудлыг 5 жил шалгахдаа  зүйл ангийг хэд хэдэн удаа өөрчилсөн. Хамгийн анх эрх мэдлээ урвуулан ашигласан гэж зүйлчилж шалгаж байгаад дараа нь эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэж зүйлчилсэн. Анхан шатны шүүхээс буцаагаад эрх мэдлээ урвуулан ашигласан гэм буруутайд тооцсонд гайхаж байна. Гүүрний эвдрэлийг Зам, гүүр ашиглалтын тухай хуулиараа “Ү” ХХК гурван жилийн хугацаанд хариуцах ёстой байсан. Миний хувьд орон нутгийнхаа сайн сайхны төлөө тухайн үед туршлагатай гэх компаниар гүүр бариулсан. “Ү” ХХК гүүрийг дахин засаад хүлээлгэн өгөхөд бэлэн байгаагаа илэрхийлсэн. Иймд асуудлыг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Шүүгдэгчид болон тэдгээрийн өмгөөлөгчид Б.Ц-, Ж.Э- нарын үйлдсэн гэмт хэрэг нь “албан тушаалаа урвуулан ашиглах” гэмт хэргийн шинжгүй гэсэн гомдлыг гаргаж байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас харахад зам, гүүр барих тусгай зөвшөөрөлгүй “Ү” ХХК-ийг өөрсдөө санал тавьж сонгон шалгаруулалтад оруулж шалгаруулаад 40.000.000 төгрөгийн төсвөөр чанарын шаардлага хангахгүй гүүр бариулж барьсан гүүр нь нурсан байна. Прокуророос Б.Ц-, Ж.Э- нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн  264 дүгээр зүйлийн 264.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг болгон зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэсэн нь шүүгдэгч нарт ашигтайгаар шийдвэрлэсэн, эрх зүйн байдлыг дордуулаагүй гэж үзэж байна.

Б.Ц-, Ж.Э- нар нь Тендерийн тухай хууль зөрчиж зохиомлоор ганцхан компанийг бүртгэж Ж.Э- нь гарын үсэг зурсан байдаг. Иргэний хариуцагч Ц.Б- “...анх Ж.Э- над руу залгаж “гүүрний тендерийн ажил байна” гэж хэлэхээр нь би материалаа бүрдүүлж ажлын албанд нь өгсөн...” гэж мэдүүлдэг. Үүнээс үзэхэд Б.Ц-, Ж.Э- нар нь бусдад давуу байдал олгосон нь харагдаж байна. Мөн ажил гүйцэтгэх гэрээнд санхүүжилтийг ажил гүйцэтгэсний дараа олгохоор тусгасан байхад гүүрийг захиалагч талд хүлээлгэн өгөхөөс өмнө олгосон байдаг.

Уг гэмт хэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч, иргэний хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Ж.Э-, Б.Ц- нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвгшин, А.Очбадрал, иргэний хариуцагч Ц.Б- нарын гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Баянжаргал шүүгдэгч  Б.Ц-, Ж.Э- нарын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн  264 дүгээр зүйлийн 264.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч нарыг тухайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Ц-, Ж.Э- нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн  497.1, 510 дугаар зүйлийн  510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Ц-гээс 5.000.000 төгрөгийг, шүүгдэгч Ж.Э-аас 5.000.000 төгрөгийг, иргэний хариуцагч Ц.Б-өөс 30.000.000 төгрөгийг  тус тус гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тогтоогоогүй байна.

Өөрөөр хэлбэл гэмт хэрэг гарсан байдал буюу гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэрэг байдлуудыг тус хэргийн мөрдөн шалгах ажиллагаагаар бүрэн гүйцэд шалгаж нотлоогүй байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Түүнчлэн гүүр гэрээнд заагдсан чанар, стандартад нийцэж баригдсан эсэх, стандартын дагуу баригдсан гэж үзвэл гүүр юунаас, хэний буруутай үйл ажиллагаанаас болж эвдэрсэн, шалтгаан юу болох, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бодитоор тогтоох зайлшгүй шаардлагатай байх ба энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч, иргэний хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

Мөрдөгч, прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй ба мөн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  хэргийн бодит байдлыг нотлохын тулд  хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүргээ хэрэгжүүлсний эцэст хэргийг шүүхэд шилжүүлж,  шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэх учиртай.  

Хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг бүрэн хийгээгүй, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар прокуророос хянавал зохих асуудлуудыг бүрэн хянаагүй байна гэж дүгнэлээ.

Иймд Ж.Э-, Б.Ц- нарт холбогдох эрүүгийн хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг прокурорын газарт буцааж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 39.9 дүгээр 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/255 дугаартай шийтгэх хүчингүй болгож, Б.Ц-, Ж.Э- нарт холбогдох эрүүгийн хэргийг Хэнтий аймгийн прокурорын газарт буцаасугай. 

 

2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Б.Ц-, Ж.Э- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Я.АЛТАННАВЧ

 

                           ШҮҮГЧИД                                                  Б.ДЭНСМАА

                                                               

                                                                                              Г.БОЛОРМАА