Шүүх | Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дамдинсүрэнгийн Зоригтбаатар |
Хэргийн индекс | 123/2023/0023/З |
Дугаар | 123/ШШ2023/0025 |
Огноо | 2023-06-29 |
Маргааны төрөл | Бусад, |
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 123/ШШ2023/0025
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Зоригтбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г.Мөнхбадрал,
Хариуцагч: Төв аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба,
Нэхэмжлэлийн шаардлага: Төв аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 33-07-29 дугаартай актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхтулга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ганболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага: Нэхэмжлэгч Г.Мөнхбадрал нь Төв аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албанд холбогдуулан “Төв аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2022 оны 03 дугар сарын 01-ний өдрийн 33-07-29 дугаартай актыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хоёр. Маргааны үйл баримтууд:
1. Нэхэмжлэгч Г.Мөнхбадралд Төв аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албан улсын ахлах байцаагчийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 33-07-29 дугаар актаар төсөвт учирсан хохирол болох 8.801.089 төгрөгийг Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргаар ажиллаж байсан Г.Мөнхбадралаар нөхөн төлүүлэн, төсвийн орлогод оруулж төсөвт учруулсан хохирлыг барагдуулахаар шийдвэрлэжээ.
Гурав. Хэргийн оролцогч нарын нэхэмжлэлийн шаардлага, хариу тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч Г.Мөнхбадралаас тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Төв аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2022 оны 03 сарын 01-ний өдрийн 33-07-29 дугаартай акт хууль бус гэж үзэх дараах үндэслэл байна. Үүнд: 1. Энэхүү актыг Засаг даргын Тамгын газрын дарга, санхүүгийн албаны дарга, нягтлан бодогч нарт гаргасан. Гэтэл актын 1 дэх заалтад Г.Мөнхбадралаар нөхөн төлүүлэх, 2 дахь заалтад 2022 оны 12 сард багтаан дансанд оруулахыг холбогдох албан тушаалтнууд болон Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Г.Мөнхбадрал нарт актаар хариуцуулжээ. Үүнд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хамаарахгүй юм. 2. Захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар бүлэгт заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагааг зөрчсөн гэж үзэж байна. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 12 дугаар зүйлд заасан шийдвэр гаргах ажиллагааг зөрчсөн, тус хуулийн 13 дугаар зүйлд заасан оролцогчийг шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулаагүй, оролцуулаагүй учраас хуулийн 15 дугаар зүйлд заасан оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн, мөн хуулийн 24 дүгээр зүйлд заасан захиргааны байгууллага нөхцөл байдлыг тогтоох, 25 дугаар зүйлд заасан нотлох баримт цуглуулах, 26 дугаар зүйлд заасан оролцогчийг сонгох, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа явуулах хуулийн заалтуудыг зөрчсөн нь эрх зүйн зөрчилтэй хууль бус акт учир Г.Мөнхбадрал намайг захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулаагүй болно. Иймд Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2022 оны 03 дугаар 01-ний өдрийн 33-07-29 дугаартай хууль бус актыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхтулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төв аймгийн санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний 33-07-29 өдрийн актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Захиргааны үйл ажиллагааны зарчим нь хуульд үндэслэх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлийг тогтоосон шийдвэр үндэслэл бүхий байх, бусдын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд урьдчилан мэдэх оролцоог хангах гэх зарчмуудыг алдагдуулсан. Тухайлбал, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар акт 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр гарсан. Сонсох ажиллагааны тэмдэглэл хавтаст хэрэгт 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 12 цагт утсаар мэдэгдсэн гэх тэмдэглэлийг үйлдсэн байсан. Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар бүлэгт заасан захиргааны шийдвэр хангагдаагүй, зөрчсөн. Тус хуулийн 12 дугаар зүйлд заасан шийдвэр гаргах ажиллагаа, 13 дугаар зүйлд заасан оролцогчийг шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулаагүй нь 15 дугаар зүйл заалтыг ноцтой зөрчсөн учраас захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлтэй. Хавтаст хэрэгт хяналт, шалгалтын харьцуулалт ирүүлсэн. 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр танилцуулсан гэх тайлбар өгсөн. Шийдвэр гаргасны дараа иргэдийн төлөөлөгчдийн даргын хувиар гарын үсэг зурсан байсан. 03 дугаар сарын 02-ны өдөр албан өрөөнд биечлэн тухайн актыг танилцуулсан гэж тусгасан. 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 12 цаг гэсэн хэр нь яагаад 02-ны өдөр гэсэн юм бэ. Эдгээр үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан. ... Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар сонсох ажиллагаа явагдаагүй нь нотлогдон тогтоогдож байна. Иймд маргаан бүхий актыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.
3.3. Хариуцагч Төв аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны дарга Б.Саруулын шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Тус албаны 2022 оны хяналт шалгалтын төлөвлөгөөний дагуу Зуунмод сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2021, 2022 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхэд Зуунмод сумын Засаг даргын Тамгын газар нь Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны хэргийн Захиргааны хэргийн шүүхийн хуралдааны 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 001/ХТ2020/00469 дугаар тогтоолоор П.Цэлмэгт ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 7,983,980 төгрөг олгож нийгмийн даатгалын шимтгэл нь 817.109 төгрөг төлж нийт 8,801,089 төгрөгийг төсвөөс олгож буруу шийдвэр гаргасан Г.Мөнхбадралаар нөхөн төлүүлээгүй нь Монгол улсын Төсвийн тухай хуулийн 6.4.1-д "төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах", 16 дугаар зүйлийн 16.5.5-д заасан "батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах" гэсэн заалтуудыг зөрчсөн байсанд Монгол улсын Иргэний тухай хуулийн 498.5-д Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг учруулсан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй, Захиргааны ерөнхий хуулийн 103.1-т "Иргэн хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ", 103.2-т "энэ хуулийн 103.1-д заасан гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг тухайн захиргааны байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж хариуцна" Төрийн албаны тухай хуулийн 50.1-д "Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ". Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.8-д улсын байцаагч нь Засгийн газраас загварыг нь баталсан, уг улсын байцаагчийг томилох эрх бүхий албан тушаалтнаас олгосон албаны болон хувийн дугаар бүхий үнэмлэх, тэмдэг түүнчлэн албан шаардлага, дүгнэлт, акт, торгуулийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ", 10.12.2-д улсын ахлах байцаагч нь "аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хууль бусаар олсон орлого, эд хөрөнгийг акт үйлдэж улсын орлого болгох, түүнчлэн бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх", Монгол улсын Засгийн газрын 2015 оны 483 тоот тогтоолоор батлагдсан Дотоод аудитын дүрмийн 6.3.1-д "санхүүгийн хяналт шалгалтын тэмдэглэл болон нэг бүрчилсэн акт, танилцуулга, аудитын зөвлөмжийг хууль тогтоомж болон баримт нотолгоонд үндэслэн гаргах", 6.3.2-д "хяналт шалгалтын танилцуулга, бусад баримт бичгийг (шалгалтын тэмдэглэл, нэг бүрчилсэн акт, албан шаардлага) зохих журмын дагуу үйлдэж гарын үсэг зурах гэсэн заалтуудыг үндэслэн Г.Мөнхбадралаар нөхөн төлүүлж төлбөрийг аймгийн төсвийн орлогод оруулж төсөвт учирсан хохирлыг барагдуулахаар шийдвэрлэж Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 33-07-29 дугаартай акт тогтоосон байна. Нэхэмжлэгч Г.Мөнхбадрал нь 2022 оны 04 дүгээр 27-ны өдөр Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, өмгөөлөгч А.Мөнхтулга 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэлийн тодруулга гаргаж өгсөн байна. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 сарын 24-ний өдөр шүүгч Ч.Одсүрэн даргалсан хуралдаанаар 123/Ш32022/0355 дугаартай шүүгчийн захирамжаар "Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 33-07-29 дугаартай актыг хүчингүй болгуулах" тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тогтоол гаргасан байна. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхтулга 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж давж заалдах шатны шүүхийн хурал цахимаар болж "Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 33-07-29 дугаартай актыг хүчингүй болгуулах" тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан билээ. (Цахимаар хуралдсан тул давж заалдах шатны шүүхийн тогтоолыг аваагүй байна) Нэхэмжлэлийн тайлбар: 1. Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 33-07-29 дугаартай актад Засаг даргаар ажиллаж байсан Г.Мөнхбадралаар төлүүлэхээр заасан бөгөөд сумын Иргэдийн төлөөлөгчид ямар ч хамааралгүй акт тогтоосон байна. 2. Хариуцагч Г.Мөнхбадралыг захиргааны акт гаргах ажиллагаанд татан оролцуулаагүй гэсэн байна. Хяналт шалгалт хийх хугацаанд буюу 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Б.Одбилэг 2 удаа утсаар мэдэгдсэн, 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч С.Ганболд, санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Б.Одбилэг нар Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын даргын өрөөнд орж уулзаж актын талаар тайлбарласан, мөн 2022 оны 03 дугаар 02-ны өдөр хяналт шалгалтын нэгдсэн дүнг танилцуулсан дүнгийн хуралд ИТХ-ын дарга Г.Мөнхбадрал оролцож гарын үсэг зурсан байна. Иймд: Г.Мөнхбадралтай холбоотой шүүхийн нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ганболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэмж хэлэх зүйл байхгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэг. Иргэн Г.Мөнхбадралын нэхэмжлэлтэй, Төв аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албанд холбогдох “Төв аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2022 оны 03 дугар сарын 01-ний өдрийн 33-07-29 дугаартай актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлээд дараах дүгнэлтийг хийн нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаар маргаан бүхий актыг хүчингүй болгож шийдвэрлэв.
Хоёр: Хэргийн оролцогчид нь дараах үндэслэлээр маргаж байна. Үүнд
1. Нэхэмжлэгч тал Төв аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албан улсын ахлах байцаагчийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 33-07-29 дугаар актаар төсөвт учирсан хохирол болох 8.801.089 төгрөгийг Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргаар ажиллаж байсан Г.Мөнхбадралаар нөхөн төлүүлэн, төсвийн орлогод оруулж төсөвт учруулсан хохирлыг барагдуулахаар шийдвэрлэн, төлбөрийн 8.801.089 төгрөгийг 2022 оны 12 дугаар сард багтаан төлүүлж, төвлөрүүлэхийг Зуунмод сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Мөнхбадрал, Засаг даргын Тамгын газрын дарга Г.Батжаргал, Санхүүгийн албаны дарга Н.Цанлигсүрэн, ахлах нягтлан бодогч С.Намшир нарт хариуцуулан захиргааны акт гаргаж шийдвэрлэсэн.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан шийдвэр гаргах ажиллагааг зөрчсөн, тус хуулийн 13 дугаар зүйлд заасан оролцогчийг шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулаагүй, оролцуулаагүй учраас хуулийн 15 дугаар зүйлд заасан оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн, ... Г.Мөнхбадрал намайг захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулаагүй гэж,
Хариуцагч талаас Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 33-07-29 дугаартай актад Засаг даргаар ажиллаж байсан Г.Мөнхбадралаар төлүүлэхээр заасан бөгөөд сумын Иргэдийн Төлөөлөгчийн Хуралд ямар ч хамааралгүй акт тогтоосон байна. 2. Хариуцагч Г.Мөнхбадралыг захиргааны акт гаргах ажиллагаанд татан оролцуулаагүй гэсэн байна. Хяналт шалгалт хийх хугацаанд буюу 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Б.Одбилэг 2 удаа утсаар мэдэгдсэн, 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч С.Ганболд, санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Б.Одбилэг нар Иргэдийн Төлөөлөгчийн Хурын даргын өрөөнд орж уулзаж актын талаар тайлбарласан, мөн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хяналт шалгалтын нэгдсэн дүнг танилцуулсан дүнгийн хуралд Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын дарга Г.Мөнхбадрал оролцож гарын үсэг зурсан байна. Иймд: Г.Мөнхбадралтай холбоотой шүүхийн нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү хэмээн тайлбарлан тус тус маргаж байна.
Дөрөв. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар,
4.1. Төв аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба улсын ахлах байцаагчийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 33-07-29 дугаар акт: Төсөвт учирсан хохирол болох 8.801.089 төгрөгийг Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргаар ажиллаж байсан Г.Мөнхбадралаар нөхөн төлүүлэн, төсвийн орлогод оруулж төсөвт учруулсан хохирлыг барагдуулахаар шийдвэрлэв. ...Төлбөрийн 8.801.089 төгрөгийг 2022 оны 12 дугаар сард багтаан төлүүлж Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн орлогын Төв Мэргэжлийн хяналтын газар-Орлого 100140000982 тоот дансанд төвлөрүүлэхийг Зуунмод сумын Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын дарга Г. Мөнхбадрал, Засаг даргын Тамгын газрын дарга Г.Батжаргал, Санхүүгийн албаны дарга Н.Цанлигсүрэн, ахлах нягтлан бодогч С.Намшир нарт актаар хариуцуулан шийдвэрлэсэн.
- 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн мэдэгдэлд: Г.Мөнхбадралд шүүхийн тогтоолтой, цалин төлүүлэх тухай мэдэгдлийг 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 12 цаг 10 минутад ...утсаар мэдэгдэв. ...бичигдэж байгаа актын талаар сонслоо, ямартаа ч бичдэгээрээ биччих. Мэдэгдэл бичсэн: байцаагч Б.Одбилэг гэх,
- 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 12 цаг 10 минут Сонсгох ажиллагааны тэмдэглэл,
- Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 123/ШЗ2022/0355 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж,
- Төв аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албан хяналт шалгалтын 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 33-10 дугаартай танилцуулга зэрэг болон бусад хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нэхэмжлэгч Г.Мөнхбадралд Төв аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2022 оны 03 дугар сарын 01-ний өдрийн 33-07-29 дугаартай акт тогтоосон нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Дээрхээс үзвэл, мөн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 123/ШЗ2022/0355 дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” шүүгчийн захирамжаар: ... маргааны үндэслэлд хамаарах Зуунмод сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан П.Цэлмэгийг ажлаас нь чөлөөлсөн шийдвэрийг Зуунмод сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал гаргаагүй, мөн төсөвт учирсан хохирол гэх 8.801.089 төгрөгийг тус Хурлын төсвөөс гаргаагүй байна. Маргаан бүхий актын 2 дахь заалтаар төлбөрийг санхүү, төрийн сангийн хэлтсийн орлогын дансанд төвлөрүүлэхийг Зуунмод сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Мөнхбадралд даалгасан, харин Зуунмод сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгаж шийдвэрлээгүй байх тул уг маргаан бүхий актыг нэхэмжлэгчид чиглүүлж гаргасан захиргааны акт гэж дүгнэх үндэслэлгүй болно ... гэж дүгнэсэн болон маргаан бүхий актын агуулгаар Г.Мөнхбадрал нь тус актын улмаас эрх, хууль ёсны эрх ашиг сонирхол нь хөндөгдөх, улмаар актын талаар урьдчилан мэдэж, оролцоогоо хангуулах эрх бүхий эдгээд болох нь тогтоогдож байна.
Харин шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхтулга: “...2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр танилцуулсан гэх тайлбар өгсөн. Шийдвэр гаргасны дараа иргэдийн төлөөлөгчдийн даргын хувиар гарын үсэг зурсан байсан. 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр албан өрөөнд биечлэн тухайн актыг танилцуулсан гэж тусгасан. 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 12 цаг гэсэн хэр нь яагаад 02-ны өдөр танилцуулсан ...” гэх,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ганболд “... 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр акт гаргаад, 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр танилцуулсан ...” гэсэн тайлбараар хариуцагч улсын ахлах байцаагчийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 33-07-29 дугаартай актаар төлбөр хүлээх үүрэг хүлээж буй этгээд нь Г.Мөнхбадрал болохыг хариуцагч мэдэж байсан байх бөгөөд тус актаар эрх зөрчигдөж байгаа этгээдэд мэдэгдээгүй, шүүх хуралдаанд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн тэмдэглэлд өөрөөр нэхэмжлэгчид мэдэгдсэн, танилцуулсан баримт байхгүй” гэсэн тайлбараар гомдол гаргах эрхийн харилцаанд оролцуулаагүй болох нь тогтоогдож байна.
Үүнээс Захиргааны ерөнхий хуулийн 4.2.6 дах хэсэгт “Бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэсэн захиргааны үйл ажиллагааны зарчим, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт “Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогч (цаашид "оролцогч" гэх) гэж захиргааны байгууллагад өргөдөл, хүсэлт гаргасан этгээд, захиргааны акт, захиргааны гэрээний эрх зүйн үйлчлэл шууд болон шууд бусаар чиглэсэн этгээд болон захиргааны байгууллагаас шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулсан этгээдийг ойлгоно”, 13.3 дахь хэсэгт “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг түүний хүсэлтээр, эсхүл захиргааны байгууллага өөрийн санаачилгаар, оролцогчийн зөвшөөрснөөр шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулна” гэснийг тус тус зөрчиж, улмаар дээрх хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1 дэх хэсэгт “захиргааны шийдвэр гаргах ажиллагааны талаар хуульд заасан журмын дагуу мэдээлэл авах, холбогдох баримт бичгийг хуулбарлан авах” заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцох оролцогчийн эрхийг хангаагүй хууль бус акт болсон нь тогтоогдож байна.
Дээр тогтоогдсон нөхцөл байдлуудаар Төв аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албанд холбогдуулан гаргасан Төв аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2022 оны 03 дугар сарын 01-ний өдрийн 33-07-29 дугаартай актыг хүчингүй болгох үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч Г.Мөнхбадралыг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Төв аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2022 оны 03 дугар сарын 01-ний өдрийн 33-07-29 дугаартай актыг хүчингүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дах хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 13 дугаар зүйлийн 13.1, 13.3, 15 дугаар зүйлд тус тус заасныг баримтлан Төв аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2022 оны 03 дугар сарын 01-ний өдрийн 33-07-29 дугаартай актыг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ЗОРИГТБААТАР