Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 100

 

Г.С-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2019/00847/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Энхжаргал, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны  09 дүгээр сарын 25-ны өдрийн 889 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Т.С-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-д  холбогдох

"Урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч М.Отгонбаярын давж заалдсан гомдлыг үндэслэн

          2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаа илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Ганзориг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цогтбаатар, Д.Эрдэмбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Т.С-оос:

Миний бие “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-д 2006 онд диспетчер инженерээр анх томилогдоод өнөөдрийг хүртэл нийтдээ 13 жил тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажлын төлөө сэтгэл зүтгэл гарган ажиллаж ирсэн. Сүүлд би 2018 оны 01 сараас шугам сүлжээний цехийн дулаан хангамжийн инженерээр томилогдон ажиллаж байхад намайг захирлын 2019 оны 07 сарын 09-ний өдрийн 624 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэл тогтоогдоогүй байхад 100 кг гууль хулгайлсан гэж ажлаас үндэслэлгүйгээр халсанд маш их гомдолтой байна. Иймд үйлдвэрийн шугам сүлжээний цехийн дулаан хангамжийн инженерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байх тул хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй байна. Үүнд:

Нэг. “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК болон Т.С- нарын хооронд 2018 оны 03 сарын 19-ний өдөр байгуулсан ГЭ-2679 дугаар бүхий Хөдөлмөрийн гэрээний 6.5.7-д ...Байгууллагын эд хөрөнгийг үр ашиггүйгээр зарцуулсан, үрэгдүүлсэн, компанийн эд хөрөнгийг хулгайлсан, хулгайлах нөхцөл бололцоог бүрдүүлсэн, үгсэн тохиролцсон, завшсан, сольж өөртөө авсан, удирдах албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр дур мэдэн ажлын байрнаас авч гарсан, авч гарах гэж байгаад харуул хамгаалалтын албанд саатуулагдсан болон ажил олгогчоос олгосон эрх мэдлээ хэтрүүлсэн бол ноцтой зөрчилд тооцон хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн ерөнхий захирлын 2018.03.01-ний өдрийн А/57 тоот тушаалаар баталсан Хөдөлмөрийн дотоод журам-ын 8 дугаар зүйлийн 8.4.5-д Компанийн эд хөрөнгийг хулгайлсан, хулгайлах нөхцөл бололцоог бүрдүүлсэн, үгсэн тохиролцсон, завшсан, сольж өөртөө авсан, удирдах албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр дур мэдэн ажлын байрнаас авч гарсан, авч гарах гэж байгаад харуул хамгаалалтын албанд саатуулагдсан бол ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулахаар тус тус заасан байна.

Компанийн Хөдөлмөрийн дотоод журам-ын 9.7-д ...Компанийн бүх ажилтнууд эрхэлсэн ажлын хүрээнд компанийн өмч хөрөнгийг хамгаалж, ашиглалтын хугацааг уртасгах, хөдөлмөрийн бүтээмжийг өсгөх талаар санаачилгатай ажиллана..., мөн Хөдөлмөрийн гэрээ-ний 4.2.1-т ...Хөдөлмөрийн хууль тогтоомж болон байгууллагын дотоод журам, удирдлагын шийдвэрийг чанд мөрдөх..., 4.2.3-т ...Өөрийн ажил үүргийг бүтээлч, үнэнчээр гүйцэтгэх... заалтуудыг Т.С- нь зөрчсөн.

Хоёр. Нэхэмжлэлд ...Ажиллах хугацаандаа хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаж байгаагүй болно гэжээ.

Т.С- нь манай компанид ажиллаж байх хугацаандаа байгууллагын эд хөрөнгийг компанийн хашаанаас хууран мэхлэх аргаар авч гаран хувьдаа ашиглаж байхад нь уг үйлдлийг нь илрүүлж буцаан авч ирүүлж байсан ба энэ талаар хамгаалалт аюулгүй байдлын албаны 2018.09.20-ны өдрийн 82/18 тоот албан бичиг, харуулын рапортын дэвтэр, Хамгаалалт аюулгүй байдлын албаны даргын тодорхойлолт зэргээр нотлогдож байна.

Гурав. Нэхэмжлэгч Т.С- нь “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн Үйлдвэрийн шугам сүлжээний цех-д дулааны инженерээр ажиллаж байх хугацаандаа 2019.06.06-ны өдөр тус цехийн тоноглол болох халуун усны бойлерын /халаагуур/ дотор байрлах 100 кг гуулийг холбогдох удирдлагын зөвшөөрөлгүй өөрийн цехийн гагнуурчин Ж.Төгсбаатараар таслуулж Төмөр бэлтгэх цехийн зүсэгч ажилтай Нямжавын нэр дээр тушаалган баримтанд өөрөө гарын үсэг зурж 142.200 төгрөг авсан байна. Энэ үйлдэл нь байгууллагын өмчийг хувийн зорилгодоо ашиглахын тулд эвдэж сүйтгэсэн ноцтой зөрчил болно. 2019.06.11-ний өдрийн 82/19 дугаартай тус компанийн хамгаалалт аюулгүй байдлын албанаас ...компанийн эд хөрөнгийг завшсан байж болзошгүй... талаар ирүүлсэн албан бичгийн дагуу Т.С-ыг дуудаж уулзахад ...түүхий эд тушаасан мөнгөө цехийн фондод тушаасан... гэсэн тайлбар өгсөн нь худал болох нь нотлогдсон. Үүний дараа нь хулгайн үйлдэл гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрч түүхий эд тушааж олсон 142.200 төгрөгийг өөртөө авснаа хүлээн зөвшөөрсөн.

Дөрөв. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар тусгажээ. Дээрх хуулийн зохицуулалтаас харахад талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон Компанийн хөдөлмөрийн дотоод журамд тусгайлан заасан ноцтой зөрчлийг нэхэмжлэгч гаргасан нотлох баримтаар тогтоогдож байгаа тул “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн ерөнхий захирлын 2019.01.18-ны өдрийн 45 тоот тушаал нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны  09 дүгээр сарын 25-ны өдрийн 889 дүгээр шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Т.С-ыг “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн Үйлдвэр шугам сүлжээний цехийн Дулаан хангамжийн инженерээр эгүүлэн тогтоож,

 Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар хариуцагч “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-иас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 3.654.648 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.С-т олгож, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж,

 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 73.424 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруул шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч М.Отгонбаяр давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч байгууллагын зүгээс эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд дараах гомдлыг гаргаж байна.

1. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгч талаас хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрч энэ талаар маргаагүй байхад шүүх нэхэмжлэлд огт дурдагдаагүй үндэслэлээр шийдвэр гаргасан.

2. Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гарган компанийн эд хөрөнгийг дур мэдэн эвдэж дотор нь байсан хоёрдогч түүхий эдийг буцаагаад компанид худалдаж байгаа үйлдлийг зөвтгөөгүй мөртлөө нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа нь ойлгомжгүй юм.

3. Т.С- нь байгууллагын өмчийн халаалтын бойлерыг зүсүүлж 100 кг гуулийг 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр компанийн хоёрдогч түүхий эд авах цэгт өөр хүний нэрээр тушаан мөнгийг нь завшиж байгууллагад 142,200 төгрөгийн хохирол учруулсан. Мөн байгууллагад учруулсан хохирол нь гэмт хэргийн шинжгүй, бага хэмжээний хохирол учруулсан нь эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй зөрчлийн шинжтэй байхад үүнийг Цагдаагийн байгууллагаар заавал шалгуулах шаардлагагүй юм. Өөрөөр хэлбэл гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж тогтоогдсон нь хөдөлмөрийн тухай хуулийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

Иймд Т.С-т Хөдөлмөрийн тухай хууль болон Компанийн хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээний заалтыг удирдлага болгон хариуцлага тооцсон нь хууль зүйн бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймд гомдолд дурдсан асуудлуудыг судлан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Т.С- хариуцагч “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-нд холбогдуулж, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 3.654.648 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК нэхэмжлэгчийг хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон учир хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаал хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж маргажээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэхдээ нэхэмжлэгч Т.С- байгууллагын халаалтын бойлерийг зүсч 100 кг гуулийг авч хоёрдогч түүхий эд авах цэгт тушааж 142.200 төгрөгийг хувьдаа авсан болохоо өөрөө зөвшөөрдөг боловч байгууллагын эд хөрөнгийг хулгайлсан гэх үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй гэм буруутай үйлдэл байх ба үүнийг эрх бүхий байгууллага албан тушаалтан шалган тогтоох учиртай бөгөөд Иргэний хэргийн шүүхээс нэхэмжлэгчийн хулгайн үйлдлийг зөвтгөхгүй байгаа боловч уг үйлдлийг хулгай мөн эсэх талаар Эрүүгийн хэргийн шүүх дүгнэлт өгөх бүрэн эрхтэй байтал, ажил олгогч өөрөө дүгнэлт өгч, улмаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хуулийн үндэслэлгүй болсон байна гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хэргийн болсон үйл баримтаар

 “Дархан Төмөрлөгийн үйлдвэр” ХК-ны Үйлдвэр шугам сүлжээний цехийн Дулаан хангамжийн инженер Т.С- нь 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр тус цехийн тоноглол болох халуун усны бойлер доторх 100 кг гуулийг холбогдох удирдлагын зөвшөөрөлгүй, өөрөө дур мэдэн өөрийн цехийн гагнуурчин Ж.Төгсбаатараар таслуулж, Төмөр бэлтгэх цехийн зүсэгч ажилтай Б.Нямжавын нэр дээр хоёрдогч түүхий эд авах цэгт тушааж, 142.200 төгрөгийн баримтанд өөрөө гарын үсэг зурж авч хувьдаа завшсан болох нь өөрийнх нь бичсэн тодорхойлолтууд /хх-ийн 61, 62/, Үйлдвэр шугам цехийн дарга Д.Эрдэнэчулуун, тус цехийн технологийн мастер Г.Сүхбаатар, тус цехийн ажилтан Н.Баяраа, Х.Наранчимэг, гагнуурчин Ж.Төгсбаатар нарын тодорхойлолтууд /хх-ийн 54-62/, хоёрдогч түүхий эдийн мөнгө олгох  баримт/хх-ийн 45/, зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Т.С-ын энэхүү үйлдэл нь түүний ажил олгогчтой 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан 2679 дугаартай Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.5.7-д”... компаний эд хөрөнгийг хулгайлсан,....хулгайлах нөхцөл бололцоо бүрдүүлсэн,...удирдах албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр дур мэдэн ажлын байрнаас авч гарсан,... “ гэж заасныг/хх-ийн 36-40/, тус компаний ерөнхий захирлын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/57 дугаар тушаалаар баталсан “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 8 дугаар зүйлийн 8.4.5-д “ компанийн эд хөрөнгийг хулгайлсан,... хулгайлах нөхцөл бололцоо бүрдүүлсэн, ... удирдах албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр дур мэдэн ажлын байрнаас авч гарсан,...” гэж заасныг, тус компаний ерөнхий захирлын 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн А/26 тоот тушаалаар баталсан “Ёс зүйн дүрэм”-ийн 8 дугаар зүйлийн 8.1.7-д” компаний байранд бусдын эд хөрөнгө, өмч, эзэмшлийн зүйлийг хулгайлсан,...” гэж заасныг тус тус ноцтой зөрчсөн байна.

Тус компаний ерөнхий захирлын 2019 оны 07 дугаар сарын 09-ний 624 дугаартай “Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн  40.1.4, Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.5.7, “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 8 дугаар зүйлийн 8.4.5, Компаний “Ёс зүйн дүрэм”-ийн 8 дугаар зүйлийн 8.1.7 дахь заалтуудыг тус тус үндэслэж гарсан байх бөгөөд нэхэмжлэгч Т.С-ын гаргасан энэхүү зөрчил нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэж заасантай  болон бусад хөдөлмөрийн гэрээ, холбогдох дүрэм, журмуудтай нийцэж байна гэж дүгнэж байна.

Түүнчлэн нэхэмжлэгч Т.С- 2018 оны 09 дүгээр сард ийм төрлийн зөрчил гаргаж байсан болох нь хэргийн 63-68 дугаар талд авагдсан баримтуудаар тогтоогдсон бөгөөд нэхэмжлэгч өөрөө энэ талаар үгүйсгэсэн нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй.

Анхан шатны шүүх хэргийн болсон үйл баримтад хуулийн үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна. Тухайлбал:

Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-д “ажилтан гэмт хэрэг үйлдсэний улмаас уг ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй ял оногдуулсан шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон” нь хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох нөхцөлд тооцогддог.

Харин хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан буюу хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчлийг ажилтан гаргасан нь хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхийг ажил олгогчид олгож байгаа явдал юм.

Ажилтан Т.С- дээрх зөрчлийг гаргасан үйл баримт тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй.

Харин энэ зөрчилд нь сахилгын шийтгэл оногдуулж, сахилгын арга хэмжээ авах тохиолдолд ажил олгогч заавал уг үйлдлийг цагдаагийн байгууллагаар шалгуулж тогтоосон байх шаардлагагүй.

Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.4.5-д “Компанийн эд хөрөнгийг хулгайлсан, хулгайлах нөхцөл бололцоог бүрдүүлсэн, үгсэн тохиролцсон, завшсан, сольж өөртөө авсан, удирдах албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр дур мэдэн ажлын байрнаас авсан, авч гарсан...”  үйлдэл нь ажлаас халах арга хэмжээ байхаар зааж,  энэ талаар ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээндээ тохиролцсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болно.

Энэ талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан агуулгатай нийцэхгүй байна.

Иймд хариуцагч байгууллагын компани ерөнхий захирлын 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 624 тоот тушаал нь Хөдөлмөрийн гэрээ болон компани хөдөлмөрийн дотоод журмын тодорхой заалтыг удирдлага болгон гарсан бөгөөд шүүх хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэсэн давж заалдсан гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 889 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Т.С-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 143.624 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж хариуцагч байгууллагад олгосугай.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.           

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

                             ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    О.НАРАНГЭРЭЛ

                                                                ШҮҮГЧИД                                     С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                                     Л.АМАРСАНАА